Цор ганц Бурхан Өөрөө III
Бурханы эрх мэдэл (II)(IV хэсэг)
Үр удам: Тав дахь онцгой үе
Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; энэ нь ч мөн Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлогддог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.
Хэрвээ хүн өөр хүний хүүхдийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрдөг бол хүн өөр нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхийн тулд дараагийн үеийг төрүүлж өсгөдөг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр туршлагыг хүнд өгдөг бөгөөд үүнээс хүн Бүтээгчийн чухамхүү дээд эрхийг, түүнчлэн хэн ч Бүтээгчийн урьдчилан тогтоосныг даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит байдлыг мэдэж авдаг.
1. Хүний үр сад ямар болохыг хэн ч хянах боломжгүй
Төрөлт, өсөлт, гэрлэлт нь бүгд олон янзын, өөр өөр хэмжээний таагүй байдалд хүргэдэг. Зарим хүмүүс гэрийнхэндээ, эсвэл тэдний гадаад үзэмжинд сэтгэл хангалуун бус байдаг; зарим нь эцэг эхээ голдог; зарим нь өссөн орчиндоо дургүй, эсвэл зөрөлдөх шалтгаан ихтэй байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд, эдгээр бүх урам хугалсан зүйлийн дундаас гэрлэлт нь хамгийн сэтгэл дундуур байдаг зүйл юм. Хүн өөрийн төрөлт, өсөлт, эсвэл гэрлэлтдээ хэчнээн сэтгэл дундуур байхыг үл харгалзан тэдгээрийг туулсан хүн бүрийн хувьд, хүн хаана, хэзээ төрөх, ямар харагдах, эцэг эх нь хэн байх болон хань ижил нь хэн байхыг сонгож чаддаггүй, харин зүгээр л Тэнгэрийн хүслийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ хүмүүсийн хувьд дараагийн үеэ өсгөх цаг ирэхэд амьдралынхаа эхний хагаст туулсан бүх таагүй байдлуудыг нь үр хүүхэд нь нөхөж хийх болно гэж найдан өөрсдийн амьдралын эхний хагасын биелэгдээгүй бүх хүслийг үр удам нь биелүүлнэ гэж горьддог. Иймээс хүмүүс хүүхдүүдийнхээ талаар зүсэн зүйлийн зөгнөлд автдаг: охид нь гайхам үзэсгэлэнт эмэгтэй болно, хөвгүүд нь золбоолог эр хүн болно; охид нь боловсон, авьяаслаг, хөвгүүд нь гялалзсан сурагч, шилдэг тамирчин болно; охид нь дөлгөөн, журамтай, ухаалаг, хөвгүүд нь ухаантай, чадварлаг, өр нимгэн байх болно. Охид нь ч бай, хөвгүүд нь ч бай ахмадаа хүндэлж, эцэг эхдээ санаа тавьж, бүх хүнээр хайрлуулж, магтуулж байх болно гэж тэд найддаг… Энэ үед амьдралын төлөөх найдвар шинээр ундарч, хүмүүсийн зүрх сэтгэлд шинэ хүсэл тэмүүлэл асдаг. Энэ амьдралд тэд хүчин мөхөс агаад найдлагагүй, бусдаас ялгаран гарах өөр боломж, өөр найдвар тэдэнд байхгүй, тэд өөрсдийн хувь заяагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэдгийг хүмүүс мэддэг. Иймээс тэд мөрөөдөлдөө хүрч, хүслээ биелүүлэхэд үр сад нь тэдэнд тусална; тэдний охид, хөвгүүд овгийнхоо нэрд алдар суу авчирч, том ажилтай, баян, эсвэл алдартай хүн болно гэж найдан өөрсдийнх нь бүх итгэл найдвар, биелэгдээгүй хүсэл, туйлын зорилгыг дараагийн үе нь гүйцээнэ гэж горьддог; товчхондоо, тэд хүүхдүүдийнх нь хувь тавилан өндөрт цойлж байгааг харахыг хүсдэг. Хүмүүсийн төлөвлөгөө, уран зөгнөл нь төгс байдаг; тэд хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийнх нь дүр төрх, ур чадвар гэх мэт нь тэдний шийдэх зүйл биш бөгөөд тэдний хүүхдүүдийн хувь заяа тэдний гарт огтхон ч байдаггүй гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Хүмүүс өөрсдийнхөө хувь заяаны эзэд биш атлаа тэд залуу үеийнхний хувь заяаг өөрчилнө гэж найддаг; тэд өөрсдийн хувь заяанаас зугтах хүчгүй боловч охид, хөвгүүдийнхээ хувь заяаг хянах гэж оролддог. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндөр үнэлж байгаа биш гэж үү? Энэ нь хүний мунхаглал, учир мэддэггүй байдал биш гэж үү? Хүмүүс үр садынхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй боловч эцсийн эцэст, хүн хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүд нь ямар байх нь тэдний төлөвлөж, хүссэнээр болохгүй. Зарим хүмүүс сохор зоосгүй ч олон хүүхэд төрүүлдэг; зарим хүмүүс чинээлэг боловч хүүхэдгүй байдаг. Зарим нь охинтой болохыг хүсдэг ч тэр хүсэл нь бүтдэггүй; зарим нь хүү хүсдэг ч хүүтэй болж чаддаггүй. Зарим хүмүүсийн хувьд хүүхдүүд бол ерөөл байдаг; өөр бусдын хувьд тэдгээр нь хараал юм. Зарим хосууд авхаалжтай сэргэлэн ч ухаан мөхөс хүүхдүүд төрүүлдэг; зарим эцэг эхчүүд хөдөлмөрч, шударга байдаг ч өсгөсөн хүүхдүүд нь залхуу хойрго байдаг. Зарим эцэг эхчүүд сайн, шударга боловч хүүхдүүд нь зальтай, хорон санаатай байдаг. Зарим эцэг эхчүүд оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл ч согогтой хүүхэд төрүүлэх нь бий. Зарим эцэг эхчүүд энгийн, бүтэл муутай байдаг ч агуу амжилтанд хүрсэн хүүхдүүдтэй байдаг. Зарим эцэг эх доод зиндааных байдаг ч хүүхдүүд нь алдар цуутай болж дэвждэг…
2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг
Ихэнх хүмүүс гуч орчим насандаа гэрлэдэг бөгөөд амьдралын энэ үедээ хүн хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байдаг. Гэхдээ хүмүүс үр хүүхэд өсгөн хүмүүжүүлж эхлэхдээ шинэ үеийнхэн өмнөх үеийнхний амьдрал болон бүх туршлагыг давтаж байгааг хардаг бөгөөд өөрсдийнх нь өнгөрсөн амьдрал тэдэнд тусгагдаж байгааг үзэж, залуу үеийн алхаж байгаа замыг яг л тэднийх шиг төлөвлөж ч, сонгож ч болдоггүй юм байна гэдгийг үр сад нь өсөж торних зуур ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарснаар тэд хүн бүхний хувь заяаг урьдчилан тогтоосон байдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог; үүнийг нэг их ухаарахгүйгээр тэд өөрсдийн хүслийг аажмаар цааш тавьдаг бөгөөд тэдний сэтгэлийн дэврүүн хүсэл бөхөж унтардаг… Энэ хугацаанд хүн ихэнхдээ амьдралынхаа чухал үеүдийг туулан өнгөрөөж, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагыг хүлээн авсан байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээж, ямар хэтийн төлөвтэй байх вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг Ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн өөрийнхөө Цасан Цагааныг хайсаар байх юм бэ? Дунд насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж итгэсээр байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэйчүүд залуу эрчүүдтэй адил тушаал дэвших гэж улайрдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй, эсвэл эмэгтэй байхаас үл хамааран энэ насны хүмүүс гэрлэлт, гэр бүл болон хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодитой хандлагатай байх талтай байдаг. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт үлдээгүй байдаг ба хувь заяаг сорих гэж огт зүтгэдэггүй. Хүний туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ “Хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүний хүүхдүүд өөрсдийн гэсэн хувь тавилантай байдаг; хүмүүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэсэн хандлагыг аяндаа бий болгодог. Үнэнийг ойлгоогүй ихэнх хүмүүс энэ дэлхийн бүхий л таагүй явдал, бүтэлгүйтэл болон зовлон зүдгүүрийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх өөрсдийн мэдлэг ухааныг “Тэр бол хувь заяа!” гэсэн хэдхэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хүмүүний хувь заяаны тухай энэ ертөнцийн хүмүүсийн дүгнэлт болон ухаарлыг товчоор илэрхийлдэг ч, хэдий энэ нь хүн төрөлхтний арчаагүй байдлыг илэрхийлдэг ба маш гярхай, нарийн зөв хэлжээ гэж болох боловч энэ нь Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй бөгөөд энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө орлож чадахгүй.
3. Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй
Маш олон жилийн турш Бурханы дагалдагч байсны дараа хувь заяаны талаарх та нарын мэдлэг болон эгэл хар хүмүүсийн мэдлэгийн хооронд үлэмж ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан товлосныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүмүүс “тэр бол хувь заяа” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч тэд Бурханы дээд эрхэнд өчүүхэн ч итгэдэггүй, хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулсан гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурханы дээд эрхэнд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайд давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа нь Бурханы дээд эрхэнд захирагддаг гэдгийг ухаардаггүй; тэд өөрсдийн санаачлагаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамжийн дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэх нь хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, таньж, мэддэг гэсэн үг биш; хувь заяанд итгэх нь ердөө энэ бодит байдлыг болон энэхүү гадаад үзэгдлийг ухаарах явдал бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэхээс, мөн Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг бүрэн захирдаг эх үүсвэр гэдгийг ухамсарлахаас, тэр ч бүү хэл, хүн төрөлхтний хувь заяа Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас ч өөр юм. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг—бүр гүнээ итгэдэг—байсан ч ингэснээрээ хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, таньж, дагаж, хүлээн зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямар атугай ч эмгэнэл, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, мэдэрдэг хүн идэвхгүй, эсвэл арчаагүй биш, идэвхтэй байвал зохино. Бүх зүйл урьдаас заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмшвэл зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа бөгөөд түүнд хүлцэнгүй хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.
4. Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна
Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр нүүр тулдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны бэлтгэсэн зүйлсийг орхин хаяхыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй; тэдэнд цаг үргэлж саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн амиа дэмий шалихгүй юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу, эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу? Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн баримтлах замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог. Зарим хүмүүс эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр таньж мэдсэн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүмүүсийн төлөв байдлаас авч үзвэл, хэдийгээр санаагаараа бол тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсдэггүй боловч, хэдийгээр тэд өвчин шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол тэд хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэнэ болон утга учрыг үнэхээр ухан ойлгож чаддаггүй; тэд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө мэдэх нь байтугай, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, үүнд захирагдаж ч чаддаггүй. Иймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяаг болон хүний бүх зүйлийг захирах дээд эрх байдаг гэсэн баримтыг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, хэрвээ тэд Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн үзэлд хөтлөгдөж, хүлэгдэхгүй байхад тэдэнд хэцүү болох ба хувь заяаны эсрэг болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хатуу тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд түүнчлэн үнэхээр чөлөөлөгдөж, чөлөөтэй болоход, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга байдаг, энэ нь: урьдны амьдрах янз маягаасаа хагацаж, амьдралын өмнөх зорилгодоо баяртай гэж хэлж, амьдралынхаа өмнөх хэв маяг, гүн ухаан, эрэл хайгуул, хүсэл, эрхэм эрмэлзлийг дүгнэж, задлан шинжлээд дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэнэ өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго болон тэдний амьдралын олон янзын арга замыг дахин дахин судалж, анхааралтай нарийвчлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээх үеийн Бүтээгчийн анхдагч зорилгод тохирдоггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүн төрөлхтний унадаг нүх, тэднийг там руу хөтөлдөг нүх юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжинд захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохыг хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүмүүс үүний зовлонг тэсвэрлэдэг ч зарим нь чаддаггүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгож, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр байдаг бөгөөд өөрсдийн хувь заяаг Бурханы гарт орхиж, Бурханы дээд эрхэнд захирагдаж тэвчдэггүй, цаашлаад тэд Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд дургүйцдэг. Тиймээс ямар чадвартайгаа өөрөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчлөхийг, эсвэл өөрийн чадлаар аз жаргалд хүрч, Бурханы эрх мэдлийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний уйтгар гуниг нь хүн аз жаргалтай амьдрал эрж хайдгаас биш, нэр алдар, эд баялаг хөөцөлдөж, эсвэл хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэлдсэнээс болдог биш, харин тэр Бүтээгчийн оршин тогтнолыг харсныхаа дараа ч, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэсэн бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч өөрийгөө бас л засаж чаддаггүй, хөлөө шавар шавхайнаас татан авч чаддаггүй, харин зүрх сэтгэлээ хатуу болгож, алдаагаа цөхрөлтгүй үргэлжлүүлдгээс болдог. Тэр харин ч шавхай дундуур явж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байгаад зөвхөн гэмтэж бэртэн цус алдаж хэвтэж байхдаа л сүүлдээ бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог хүмүүс бол цэцэн бөгөөд зугтахыг сонгодог хүмүүс бол муйхар гэж Би хэлнэ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?