Цор ганц Бурхан Өөрөө III
Бурханы эрх мэдэл (II) (VII хэсэг)
Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй
Миний дөнгөж сая хэлсэн бүхнийг сонссоны дараа хувь заяаны талаарх та нарын бодол санаа өөрчлөгдсөн үү? Хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэний талаар та нар хэрхэн ойлгож байна вэ? Үүнийг энгийнээр хэлбэл, Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх болон Түүний зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэлдэх нь хамаагүй, хүн хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ тэр Бүтээгчийн өөрт нь зориулан төлөвлөсөн хувь заяаны тойрог замд буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдэл хорвоо ертөнцийг хянаж, захирдаг барил юм. Энэ даван туулшгүй байдал, энэхүү хянаж захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, үхсэнийхээ дараа ямар ч саадгүйгээр дахин дахин өөр биед шилжих боломжийг хүмүүст олгож, дэлхий ертөнцийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Чи энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, эсвэл гүн гүнзгий ч бай ойлгодог; хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх чиний мэдлэг, туршлага болон Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Чи үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, чи Бурханы үгийг хэр их мэдэрсэн, Бурханы мөн чанар болон зан чанарыг хэр сайн мэддэг чинь Бурханы дээд эрх болон зохицуулалтын талаарх чиний ойлголтын гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурхан энэ эрх мэдлийг эзэмшдэг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогдох уу? Бурханы эрх мэдэл нь орчин нөхцөлийг үл харгалзан оршдог; бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй ба энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай болон газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирахгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх нь, мөн хүн үүнд захирагдаж чадах эсэх нь хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, энэ нь хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэнд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг удирдаж л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэхгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс шалтгаалахгүй бөгөөд хүний шилэлт, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Хэрвээ тэнгэр, газар үгүй болох байсан бол Түүний эрх мэдэл хэзээ ч алга болохгүй байх байсан, учир нь Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд Тэр цор ганц эрх мэдлийг эзэмшдэг, мөн Түүний эрх мэдэл нь хүмүүс, үйл явдал, эсвэл зүйлсээр, орон зай, эсвэл газар зүйн байршлаар хязгаарлагдаж, хашигддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг хэзээний л хэвээр үргэлжлүүлдэг; үргэлж хийж байсныхаа адилаар Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, бүх зүйлийг хангаж, бүх зүйлийг зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс эхлээд энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн юм!
Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт
Одоо хүн, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ямар хандлагатайгаар мэдэж, авч үзвэл зохих вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон Түүний дээд эрхийг хэрхэн ойлгож мэдвэл зохих вэ? Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлтгэсэн хүмүүс, үйл явдал болон зүйлсээр дамжуулан ажиглан ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгоно, хүн юу биелүүлэх ёстойг болон тэдний мөрдөх ёстой замыг ойлгоно, Бурхан хүмүүсээс ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг нь ойлгоно гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдгийг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэжээн тэтгэдгийг, Тэр үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг ба хэрвээ өөрийнхөө бүх зүйлийг Бурханаар зохицуулж, захируулахаар шийдвэл чи хүлээж сурвал зохино, эрж хайж сурвал зохино, захирагдаж сурвал зохино. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсэж байгаа хүн бүхний баримтлах ёстой хандлага буюу Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүн бүхний эзэмших ёстой үндсэн чанар юм. Ийм хандлага баримталж, ийм чанарыг эзэмшихийн тулд та нар илүү шаргуу ажиллах ёстой; зөвхөн тэгснээр л та нар жинхэнэ бодит байдалд орж чадна.
Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм
Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; яагаад гэвэл эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримтлавал зохих хандлагад, тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүчийг зарцуулдаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий чи Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс амьдралдаа хэр хол явсан чинь хамаагүй, одоо хэдэн настай байх чинь хамаагүй, аяны чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй ээ гэдгийг Би чамд хэлье! Хэрвээ та нарын зарим нь Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний ганцхан Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны ганцхан Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах нь боломжгүй, мөн үүнийг даван гарах боломж ч хүнд байхгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс зөвхөн Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр алдар, эд баялгийг олох гэж оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна шүү гэдгийг Би чамд хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, чиний хичээл чармайлт талаар өнгөрснийг олж мэдэх болно. Чиний эрмэлзэл, хувь заяаны эсрэг тэмцэлдэх хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн чи Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, үнэлэнгээ Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхлэх болно. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын уршгаар чи үнэхээр үнэ цэнэгүй байх ба чи Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ ойлгодог хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн харьяат болох болно. Зөвхөн ийм хүмүүс л үнэхээр аврагдах болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдчихсэн учраас, тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг үнэлж, түүнийг дагах тэдний байдал бодитой, нарийн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголтгүйгээр, ямар ч хувийн хүсэлгүйгээр бүх зүйл дэх Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, сэтгэлдээ үхлийн айдаст автахгүй байж чадна. Зөвхөн ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн хажууд буцан очиж чадна.
2013 оны 12 дугаар сарын 17
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?