Цор ганц Бурхан Өөрөө VI
Бурханы ариун байдал (III) (I хэсэг)
Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн сэдэв Бурханы ариун байдал байсан. Бурханы ариун байдал нь Бурханы Өөрийн аль талтай хамаатай вэ? Энэ нь Бурханы мөн чанартай хамаатай юу? (Тийм.) Тэгвэл нөхөрлөлөөрөө бидний ярьсан Бурханы мөн чанарын гол тал юу вэ? Бурханы ариун байдал уу? Бурханы ариун байдал бол Бурханы цор ганц мөн чанар юм. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөлийн гол агуулга юу байсан бэ? (Сатаны ёрын мууг ялгаж таних. Өөрөөр хэлбэл, Сатан мэдлэг, шинжлэх ухаан, уламжлалт соёл, мухар сүсэг, нийгмийн хандлага ашиглан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг тухай.) Энэ нь өнгөрсөн удаа бидний хэлэлцсэн гол сэдэв байсан. Сатан хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн хандлагыг ашигладаг; энэ тав нь хүнийг завхруулдаг Сатаны арга зам юм. Сатан хүнийг завхруулахдаа эдгээрээс алийг нь хамгийн их хэрэглэдэг гэж та нар бодож байна вэ? Хүнийг хамгийн гүн завхруулахад алийг нь ашигладаг вэ? (Уламжлалт соёл. Яагаад гэвэл, Күнз, Мэнзийн сургаал гэх мэт сатанлаг гүн ухаан бидний оюун санаанд гүн шингэсэн.) Тэгвэл, хариулт нь “уламжлалт соёл” гэж зарим ах эгч бодож байна. Өөр хариулттай хүн байна уу? (Мэдлэг. Мэдлэг нь хэзээ ч биднийг Бурханд шүтэн мөргүүлэхгүй. Энэ нь Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы захиралтыг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, бага залуугаасаа суралцаж эхэл, зөвхөн суралцаж, мэдлэгтэй болсноор л гэрэл гэгээтэй ирээдүйтэй, аз жаргалтай хувь заяатай байна гэж Сатан бидэнд хэлдэг.) Сатан ирээдүй, хувь заяаг чинь хянахын тулд мэдлэгийг ашигладаг, дараа нь чамайг эрхэндээ оруулдаг; Сатан хүнийг ингэж хамгийн гүн завхруулдаг гэж чи боддог. Тэгвэл та нарын ихэнх нь Сатан мэдлэгийг ашиглан хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж бодож байна. Өөр хариулттай хүн байна уу? Жишээ нь, шинжлэх ухаан, эсвэл нийгмийн хандлагын тухайд ямар вэ? Эдгээрийг хариулт нь гэж үзэж байгаа хүн байна уу? (Байна.) Өнөөдөр Би хүнийг завхруулдаг Сатаны таван арга замын тухай дахин нөхөрлөнө, тэгээд дуусмагцаа Сатан хүнийг хамгийн гүнзгий завхруулахдаа эдгээр зүйлийн яг алийг нь ашигладгийг харахын тулд та нараас дахиад хэдэн асуулт асууна.
Хүнийг завхруулдаг Сатаны таван арга замаас бидний дурдсан эхнийх нь мэдлэг, иймээс нөхөрлөлийнхөө эхний сэдэв болгон мэдлэгийг авч үзэцгээе. Сатан мэдлэгийг өгөөш болгон ашигладаг. Анхааралтай сонс: Мэдлэг бол зүгээр л нэг төрлийн өгөөш юм. Хүмүүс мэрийн сурч, өдөр өдрөөр өөрсдийгөө сайжруулж, мэдлэгийг зэр зэвсэг болгон өөрсдийгөө зэвсэглэж, дараа нь шинжлэх ухааны үүдийг нээхийн тулд мэдлэгээ ашиглахад сэтгэл татагддаг; өөрөөр хэлбэл, чи мэдлэгтэй болох тусмаа, улам ихийг ойлгоно. Сатан энэ бүхнийг хүмүүст хэлдэг; мэдлэгт суралцангаа өндөр дээд туйлын зорилготой бай гэж хүмүүст хэлж, амбицтай, хүсэл эрмэлзэлтэй бол гэж зааварчилдаг. Сатан хүмүүст мэдэгдэлгүйгээр иймэрхүү олон санааг дамжуулдаг ба эдгээр зүйл нь зөв, эсвэл ач тустай гэж хүмүүст санагдуулдаг. Хүмүүс өөрийн мэдэлгүй энэ замд орж, өөрийн мэдэлгүй туйлын зорилго, амбицдаа хөтлөгддөг. Хүмүүс алхам алхмаар, өөрийн мэдэлгүйгээр агуу, алдартай хүмүүсийн үзэл санааг Сатаны өгсөн мэдлэгээс суралцдаг. Тэд бас, баатрууд гэж тооцогддог хүмүүсийн үйл хэргээс олон зүйл суралцдаг. Сатан энэ баатруудын үйл хэргээр хүнд юу ухуулж байна вэ? Сатан хүнд юу суулгахыг хүсдэг вэ? Хүн эх оронч байж, үндсэрхэг үзэлтэй байж, баатарлаг зоригтой байх ёстой. Хүн түүхэн үйл явдлуудаас, эсвэл баатарлаг хүмүүсийн намтраас юу суралцдаг вэ? Шударга журамтай байх, анд найз, ахан дүүсийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байх. Сатаны энэхүү мэдлэг дотроос хүн огтхон ч эерэг бус олон зүйлийг өөрийн эрхгүй суралцдаг. Нэг л мэдэхэд, Сатаны бэлтгэсэн үр хүмүүсийн төлөвшөөгүй оюун ухаанд суудаг. Эдгээр үр нь, тэдэнд агуу хүн байх учиртай, алдартай байх учиртай, баатар, эх оронч, гэр бүлээ хайрладаг хүн, найзынхаа төлөө юуг ч хийдэг хүн, шударга журамтай хүн байх учиртай гэж санагдуулдаг. Сатанд уруу татагдаад тэд өөрсдөд нь зориулан Сатаны бэлдсэн замаар өөрийн мэдэлгүй алхдаг. Энэ замаар алхангаа тэд Сатаны амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Огтхон ч мэдэлгүйгээр тэд амьдардаг дүрэм журмаа бий болгодог боловч эдгээр нь тэдэнд албан хүчээр суулгасан Сатаны дүрэм журмаас цаашгүй юм. Суралцах үйл явцын үеэр, өөрсдийн гэсэн зорилго тавьж, амьдралын зорилго, амьдрах дүрэм журам, амьдралын чиглэлээ тодорхойлоход Сатан тэднийг хүргэдэг, тэгэх зуураа Сатаны зүйлсийг тэдэнд суулгаж, түүх, намтар болон боломжтой бүх аргыг ашиглан өгөөш үмхэх хүртэл нь бага багаар хүмүүсийг уруу татдаг. Ийм маягаар, суралцах явцдаа зарим нь уран зохиолд, зарим нь эдийн засагт, зарим нь одон орон, эсвэл газарзүйд дуртай болдог. Бас зарим нь улс төрд дуртай болж, зарим нь физик, зарим нь химид дуртай болдог ба теологид дуртай зарим хүн ч мөн л байдаг. Эдгээр нь бүгд мэдлэг гэх бүхэл зүйлийн хэсгүүд юм. Зүрх сэтгэлдээ та нар дор бүрнээ эдгээр зүйл үнэндээ юу болохыг мэддэг; та нар дор бүрнээ урьд нь тэдгээртэй харьцаж байсан. Мэдлэгийн эдгээр салбарын аль нэгнийх нь талаар та нар дор бүрнээ эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэн ярих чадвартай. Иймээс энэ мэдлэг хүмүүсийн оюун ухаанд хэр гүн орсон нь тодорхой юм; энэхүү мэдлэгийн хүний оюун ухаанд эзэлдэг байр суурь болон хүнд хэр гүн үр нөлөө үзүүлдгийг харахад амархан. Хүн мэдлэгийн нэг талд сэтгэл татагдмагцаа, үүнд гүнээ дурлах үедээ өөрийн мэдэлгүй туйлын зорилготой болдог: Зарим хүн уран бүтээлч байхыг хүсдэг, зарим нь зохиолч байхыг хүсдэг, зарим нь улс төрийг ажил мэргэжлээ болгохыг хүсдэг бөгөөд зарим нь эдийн засагт оролцож, бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгтэл баатар болохыг, агуу, алдартай байхыг хүсдэг бүлэг хүмүүс бий. Хүн ямар хүн байхыг хүсдэгээс үл хамааран, тэдний зорилго бол мэдлэгт суралцах арга замаар дамжуулан зорилгодоо хүрч, хүсэл болон амбицаа биелүүлэх явдал юм. Энэ хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй—тэд мөрөөдлөө биелүүлж, энэ амьдралаа дэмий үрэхгүй байхыг хүсдэг ч бай, эсвэл тодорхой ажил мэргэжилтэй болохыг хүсдэг ч бай—тэд өндөр дээд туйлын зорилго, амбиц өвөрлөдөг боловч мөн чанартаа энэ бүхэн нь юуны төлөө байдаг вэ? Та нар энэ асуултыг өмнө нь ер нь бодож үзэж байсан уу? Сатан яагаад ийм маягаар үйлддэг вэ? Эдгээр зүйлийг хүнд суулгах Сатаны зорилго юу вэ? Та нарын зүрх сэтгэл энэ асуултын талаар тодорхой мэдэж байх ёстой.
Сатан хүнийг завхруулахын тулд мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай одоо ярилцацгаая. Одоог хүртэл хэлэлцсэн зүйлээсээ та нар Сатаны өөдгүй муу сэдлийг ойлгож эхлэв үү? (Тийм ээ, бага зэрэг ойлголоо.) Хүнийг завхруулахын тулд Сатан яагаад мэдлэг ашигладаг вэ? Мэдлэг ашиглаад хүнд юу хийхийг тэр хүсдэг вэ? Хүнийг ямар зам руу хөтлөхийг хүсдэг вэ? (Бурханыг эсэргүүцэх зам руу.) Тийм ээ, Бурханыг эсэргүүцэх гэдэг бол гарцаагүй мөн. Энэ бол мэдлэг олж авч байгаа хүмүүсийн үр дагавар—тэд Бурханыг эсэргүүцэж эхэлдэг гэдгийг чи харж болно. Тэгвэл Сатаны өөдгүй муу сэдэл юу вэ? Энэ талаар тодорхой мэдэхгүй байгаа биз дээ? Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүйгээр амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь “алдар нэр”, “ашиг хонжоотой” салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд, эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлээ сурахаас цаашгүй. Тэгээд идэх хоолтой байхын тулд, ирээдүйнхээ төлөө, эсвэл үндсэн хэрэгцээгээ хангахын тулд л мэдлэгт суралцдаг гэж зарим хүн хэлнэ. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдвэрлэхийн тулд арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Үгүй, ийм хүн нэг ч байхгүй. Тэгвэл энэ бүх жилүүдэд хүн юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжооны төлөө. Алдар нэр, ашиг хонжоо түүнийг зайдуу хүлээж, дуудаж байдаг бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан алдар нэр, ашиг хонжоонд хүрэх замыг дагаж чадна гэж хүн итгэдэг. Тийм хүн ирээдүйн замынхаа төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийнхээ төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны суулгасан, Сатаны заасан амьдралын дүрэм журам биш гэж үү? Энэ нь хүнд Сатаны суулгасан амьдралын “өндөр дээд туйлын зорилго” биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс жудаг, баатарлаг хүмүүсийн зориг зүрхийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз—энэ нь эдгээр туйлын зорилгыг суулгадаг Сатаны арга зам биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Эдгээр үзэл санаа нэгээс нөгөө үед нөлөөлдөг бөгөөд үе үеийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн зөвшөөрч, эдгээр үзэл санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй эрэлхийлдэг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэг ашигладаг Сатаны арга зам, суваг юм. Тэгвэл Сатан хүмүүсийг энэ зам руу хөтөлсний дараа тэдний хувьд Бурханд шүтэн мөргөх боломжтой хэвээр байдаг уу? Хүнд Сатаны суулгасан мэдлэг, бодол санаа нь Бурханд шүтэн мөргөх явдлын өчүүхнийг ч болов агуулдаг уу? Тэдгээр нь үнэнд хамаардаг ямар нэг зүйлийг багтаадаг уу? Тэдгээр нь Бурханаас эмээж, муугаас зайлах ямар нэгэн зүйлийг агуулдаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Та нар бага зэрэг итгэлгүй байгаа юм шиг байна, гэхдээ хамаагүй. “Алдар нэр”, “ашиг хонжоо” бол хүмүүсийг ёрын муу зам руу уруу татахдаа Сатаны ашигладаг хоёр түлхүүр үг гэдгийг чи ухаарсан л бол тэр чинь хангалттай.
Одоог хүртэл хэлэлцсэн зүйлээ дахиад товчхон дүгнэцгээе: Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?