Цор ганц Бурхан Өөрөө IX
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III) (I хэсэг)
Энэ хугацаанд бид Бурханыг мэдэхтэй холбоотой олон сэдвийг ярьсан бөгөөд саяхан бид энэ талаар маш чухал зүйл ярьсан. Сэдэв нь юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Миний ярьсан зүйлс болон сэдэв хүн бүхэнд тодорхой сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байна. Өнгөрсөн удаа бид, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талын тухай болон Бурхан хүмүүсийн амьдралд шаардлагатай бүх төрлийн хоол тэжээлийг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьдрах орчинг бэлтгэх явдал биш, мөн тэдний өдөр тутмын хоол тэжээлийг ч бэлтгэх явдал биш, харин хүмүүсийн оршин тогтнол болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажилтай холбоотой янз бүрийн талыг гүйцэлдүүлэх явдал билээ. Эдгээр нь бүгд Бурханы үйлс юм. Бурханы эдгээр үйлдэл нь зөвхөн хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг болон өдөр тутмын хоол тэжээлийг бэлтгэх ажлаар хязгаарлагддаггүй—үүнээс хавьгүй илүү өргөн цар хүрээг хамардаг. Энэ хоёр төрлийн ажлаас гадна Тэр бас хүний амьдралд шаардлагатай, амьдрах олон орчин, нөхцөл байдлыг бэлтгэдэг. Энэ бол өнөөдөр бидний ярих гэж буй сэдэв юм. Энэ нь ч бас Бурханы үйлстэй холбоотой; эс бөгөөс үүнийг энд ярих нь ямар ч утгагүй байх байлаа. Хэрвээ хүмүүс Бурханы тухай мэдэхийг хүсдэг боловч “Бурхан” гэх үгийн талаар, эсвэл Бурханд юу байгаа болон Тэр юу болохын бүх талын тухайд зөвхөн үгчилсэн ойлголттой байдаг бол тэр нь жинхэнэ ойлголт биш юм. Тэгвэл Бурханы тухай мэдлэгийн зам юу вэ? Энэ нь Түүний үйлдлээр дамжуулан Түүнийг мэдэх, Түүний бүх талыг мэдэх явдал юм. Тиймээс бид дараа нь бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы үйлсийн талаар нөхөрлөх ёстой.
Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйл ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр ирсэн. Түүний хараа, Түүний захиралт дор хүмүүсийн оршин тогтнолтой зэрэгцэн бүх зүйл тогтмол хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл ганц ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх зүйл үржин өсөж чаддаг бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж бүх зүйл амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиралт дор бүх зүйл дэг журамтай байдлаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрлөө олдог. Хавар болоход шиврээ бороо хаврын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо газрын хөрсийг түрэн гарч ирээд нахиалж эхэлдэг, харин модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Энэ бол бүх зүйлийн өсөн үржиж буй дүр зураг юм. Мөн бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйл зуны туршид халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг эдэлдэг. Тэд хурдан ургаж томордог; мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх зүйл зуны туршид маш завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, төрөл бүрийн амьтад ургац хураалтын улирал ирснийг мэдэрч эхэлдэг. Бүх бүтээл үр жимсээ өгч, хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд янз бүрийн энэ жимсийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх зүйл аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд завсарлага авдаг. Хавраас эхлэн зун, намар, өвөл гэсэн эдгээр шилжилт болон өөрчлөлт нь Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйл болон хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг бүрдүүлэн өгч, ялгаатай температур болон улиралтай амьдрах орчныг бэлтгэсэн. Амьд орших эдгээр дэг журамтай орчинд хүмүүс мөн амьд оршиж, дэг журамтай байдлаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, хэн ч, юу ч үүнийг нурааж чадахгүй. Тоо томшгүй олон өөрчлөлт гарч—далай тэнгис тал газар болж, харин тал газар далай тэнгис болсон ч—энэ хуулиуд оршсоор байгаа. Бурхан оршдог учраас тэд оршдог бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж оршдог. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу урагшилдаг. Эдгээр хууль нь хүмүүсийг үеэс үед өсгөн хүмүүжүүлсэн ба хүмүүс үеэс үед эдгээр хуулийн дагуу амьд үлдсэн. Энэхүү дэг журамтай амьдрах орчныг болон үеэс үед Бурханы бүтээсэн олон зүйлийг бүгдийг нь хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүс ийм хуулиуд угаасаа л байдаг зүйл гэж бодож, эдгээрийг үл тоомсорлодог ч, мөн Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж байгааг мэдэрч чаддаггүй хэдий ч Бурхан эдгээр хуулийг захирдаг бөгөөд ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэ хувиршгүй ажил дахь Түүний зорилго нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршиж болох юм.
Бурхан бүх хүн төрөлхтнийг өсгөхийн тулд бүх зүйлд хил хязгаар тогтоодог
Өнөөдөр Би, бүх зүйлд Бурханы авчирсан эдгээр төрлийн хууль бүх хүн төрөлхтнийг яаж өсгөдөг тухай сэдвээр ярих гэж байна. Энэ бол маш том сэдэв, иймээс бид үүнийг хэд хэдэн хэсэг болгон хуваагаад нэг нэгээр нь ярина, ингэвэл та бүхэнд үүнийг тодорхой дүрслэн харуулж болно. Ийм маягаар, та нарын хувьд ухаарахад илүү амархан байх ба та нар үүнийг аажмаар ойлгож чадна.
Нэгдүгээрт, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн усны эх байдаг. Тэдгээр нь өөр өөр газарзүйн тогтоц биш гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газарзүйн тогтцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ юм бүхнийг маш тодорхой хуваасан. Уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Тэр бас тал газрын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон юм. Бүх зүйлийг бүтээхдээ Тэр элсэн цөлийн хил хязгаар, толгодын хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг ч бас тодорхойлсон—энэ бүгдийг Тэр тодорхойлсон юм. Тэр гол мөрөн, нуурыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон—тэдгээр нь өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Энэ “хил хязгаар” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бурхан бүх зүйлд зориулсан хууль тогтоосноор хэрхэн бүх зүйлийг захирдаг тухай бид дөнгөж сая ярилцлаа. Өөрөөр хэлбэл, уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт, эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлэх юм уу багасна гэж байхгүй. Энэ нь тогтсон байдаг: Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы захиралт юм. Тал газрын тухайд цар хүрээ нь ямар байх, юутай хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй—ийм юм болохгүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд бол бид энд элсэн цөл юм уу өөр бусад газарзүйн тогтоц, эсвэл газарзүйн байршлын чиг үүргийг ярихгүй, харин хил хязгаарыг нь л ярина. Бурханы захиралт дор элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. Гадаргын талбай хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгал бүгд дэг журамтай, зогсолтгүй урсдаг боловч тэд хэзээ ч цар хүрээнээсээ гарах юм уу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар урсаж, урсах ёстой чиглэл рүүгээ урсдаг. Тиймээс Бурханы захиралтын хуулийн дор ямар ч гол, нуур дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо хатаж ширгэдэггүй, эсвэл урсгалын чиглэл, хэмжээгээ дур зоргоороо өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы атганд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтний дунд Бурханы бүтээсэн бүх зүйл өөрсдийн гэсэн тогтсон байршил, талбай, хил хязгаартай байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон бөгөөд эдгээрийг дур зоргоороо өөрчилж, шинэчилж, хувиргаж болохгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь, тэдний анхны хэлбэр дэлхийн цаг агаар, температур, эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал, уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн түвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон бөгөөд үүний өндөр юм уу хэмжээг дур зоргоороо өөрчилдөггүй. Тал газрын хувьд гэвэл, хүн төрөлхтний дийлэнх нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй гадаргын талбай, эсвэл оршин тогтнолын үнэ цэнд нөлөөлөхгүй. Бурханы бүтээсэн төрөл бүрийн газрын тогтоц болон газарзүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, цөлийн бүрэлдэхүүн хэсэг, газар дор байгаа эрдэс баялгууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад дур зоргоороо өөрчлөгдөхгүй вэ? Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Бурханы бүтээсэн энэ өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Тэрээр, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулс дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиолдож, газар шороонд томоохон шилжилт гардаг ч Бурхан аливаа газарзүйн тогтцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. Тэгвэл газар дэлхий дээр оршдог янз бүрийн энэ бүх газарзүйн тогтцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр янз бүрийн газарзүйн орчинд амьдардаг амьд зүйлс бүгд тогтвортой орчинтой болох бөгөөд тэд тухайн тогтвортой орчинд үргэлжлүүлэн амьдарч, өсөн үржиж чадна. Энэ бүх зүйл—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—бүхэн нь хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин л хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин л хүмүүст үеэс үед амар тайвнаар үргэлжлэн амьдрах боломжийг өгдөг.
Миний дөнгөж сая ярьсан зүйл бол жаахан том сэдэв, иймээс амьдралаас чинь бага зэрэг хол хөндий санагдаж магадгүй боловч та нар ойлгож чадна гэж Би итгэж байна, тийм үү? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг захирах Бурханы хууль бол чухал—маш чухал шүү! Бүх зүйл эдгээр хуулийн хүрээнд өсдөгийн урьдчилсан нөхцөл юу вэ? Энэ нь Бурханы захиралтаас болдог. Бурханы захиралтаас болж бүх зүйл Түүний захиралтын хүрээнд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, уулс ой модыг тэжээдэг, харин эргээд ой мод нь үүн дотор амьдардаг янз бүрийн шувууд болон араатан амьтдыг тэжээж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүс ургац тариалахад зориулсан, мөн шувууд болон зэрлэг амьтдад зориулан бэлдсэн газар. Энэ нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг тэгш газар дээр амьдрах боломжоор хангаж, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн бэлчээрийн тал, асар их хэмжээний хээр тал багтана. Хээр тал бол дэлхийн ургамлын бүрхэвч юм. Тэдгээр нь хөрсийг хамгаалж, хээр талд амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл ч бас өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүс амьдрахад зориулсан газар биш; үүний үүрэг нь чийгтэй агаарыг хуурай болгох юм. Гол, нуурын урсгал нь хүмүүсийн ундны усанд тохиромжтой байдаг. Урсаж байгаа газар бүрд нь хүмүүс уух устай байж, бүх зүйлийн усны хэрэгцээ таатайяа хангагдана. Энэ бол янз бүрийн газарзүйн тогтцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм.
Бурханы тогтоосон эдгээр хил хязгаараас болж төрөл бүрийн газарзүйн тогтоц нь амьдрах өөр өөр орчныг бий болгосон, амьдрах эдгээр орчин нь төрөл зүйлийн шувууд, араатан амьтдад таарч тохирсон байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд зүйлийн амьдрах өөр өөр орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бидний дараа нь ярих гэж буй хоёр дахь зүйл энэ юм. Юун түрүүнд, жигүүртэн шувууд, араатан амьтад, шавж хорхойнууд хаана амьдардаг вэ? Тэд ой мод болон төгөлд амьдардаг уу? Энэ нь тэдний төрөлх нутаг. Иймээс, газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан бас төрөл зүйлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр бас хууль тогтоосон. Газарзүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газарзүйн орчны оршин тогтнолоос болж өөр өөр төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин нь ялгаатай байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавжууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. Эх газар нь уул, тал газар, толгодууд гэх мэт янз бүрийн газруудыг агуулдаг. Тиймээс жигүүртэн шувууд болон араатан амьтад өөрийн гэсэн тогтсон төрөлх нутагтай болмогцоо хаа сайгүй хэсэн тэнүүчлэхгүй. Тэдний төрөлх нутаг бол ой мод ба уулс. Хэрэв нэг өдөр тэдний төрөлх нутаг сүйдвэл дэг журам нь эмх замбараагүй болно. Энэхүү дэг журам эмх замбараагүй болмогц үр дагавар нь юу байх вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? (Хүн төрөлхтөн.) Энэ бол хүн төрөлхтөн. Бурханы тогтоосон энэ хууль, хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдэл олж харсан уу? Тухайлбал, заан санаандгүй элсэн цөлд зүгээр л хэсүүчилж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл тохиолдсон бол үнэхээр хачин үзэгдэл байх байлаа. Учир нь заан ой модонд амьдардаг бөгөөд энэ нь Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчин юм. Тэдэнд өөрсдийн гэсэн амьдрах орчин, өөрсдийн гэсэн тогтсон гэр байхад яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан, эсвэл бар далайн эрэгт хэсүүчлэн явахыг харсан хүн байна уу? Байхгүй, тийм үү? Арслан, барын гэр нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, аварга загас элсэн цөлд дэмий сэлгүүцэхийг харсан хүн байна уу? Хэн ч хараагүй, тийм биз? Халим, аварга загас далай тэнгисийг гэрээ болгодог. Хүний амьдрах орчны тухайд гэвэл хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадаа болон дотор тогос юм уу бусад жигүүртэн шувуудаар байнга хүрээлүүлж байдаг хүмүүс байдаг уу? Бүргэд, эсвэл зэрлэг галуу сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? (Үгүй.) Эдгээр нь бүгд жигтэй үзэгдэл байх байсан юм. Сонсоход тун жигтэй сонин үзэгдэл шиг санагдах зүйлсийг ярьж байгаагийн минь шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл хамраараа амьсгалж чадах эсэхээс үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьдралын хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан төрөлх нутгийг, амьдрах орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, өөрсдийн гэсэн хоол хүнс, өөрсдийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьдрахад тохиромжтой өөрсдийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Тийм маягаар, тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй, эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирдан, хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлийн дунд орших амьтан бүр нь өөрсдийн гэсэн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчиндоо суурин байдаг. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдардаг бөгөөд хүн төрөлхтөн бүх зүйлтэй хамт харилцан хамааралтайгаар зэрэгцэн оршдог.
Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдэнд хил хязгаар тогтоосон; тэдний дунд Тэрээр бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх төрлийн амьтай зүйлийг тэжээж байх зуураа Тэр бас хүмүүст зориулан амьдрах өөр өөр арга замыг бэлдсэн, иймээс л хүмүүст амьд орших цор ганц арга зам байдаггүй, мөн амьд орших цор ганц төрлийн орчин байдаггүй гэдгийг чи харж болно. Бид өмнө нь, Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнс болон усны нөөцийг бэлддэг тухай ярьсан, энэ нь хүн төрөлхтний махан биеийн амь үргэлжлэн орших боломжийг олгодог шийдвэрлэх чухал зүйл юм. Гэхдээ, энэ хүн төрөлхтний дундаас бүх хүн үр тариагаар амь зуудаг юм биш. Хүмүүс газарзүйн орчин болон газарзүйн тогтцын ялгаанаас хамааран өөр өөр амьдрах арга барилтай байдаг. Бурхан энэ бүх амьдрах аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ бүх хүн газар тариалан эрхлээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маяг байдаг вэ? Өөр өөр хоол хүнсний эх үүсвэрийн тухайд гэвэл, өөр ямар хүмүүс байдаг вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий.
Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг. Хүн бүр энэ тухай мэддэг, тийм үү? Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ойн шувууд, араатан амьтдыг иддэг. “Ангийн” мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй; тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын хоол тэжээл гэж боддог. Жишээ нь, тэд буга агналаа. Тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг ба тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, сэтгэл нь хангалуун болдог. Анчин ч бас хийсэн ангаа харахдаа санаа амарч, сэтгэл хангалуун болдог, учир нь тэр дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болдог. Дараагийн хоолондоо идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болдог. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ан хийж амь зуудаг хүмүүсийн ихэнх нь уулын ой модонд амьдардаг. Тэд газар тариалан эрхэлдэггүй. Тэнд тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол ердийн хүмүүсийнхээс өөр амьдралын эхний хэв маяг юм.
Хоёр дахь төрөл нь мал маллах хэв маяг. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийдэг вэ? Хэрвээ энд Монгол угсаатан хүн байгаа бол өөрсдийн нүүдэлчин хэв маягийн талаар бага зэрэг ярьж болно шүү. (Ихэвчлэн бид амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, тариа ногоо тарьдаггүй. Өвлийн улиралд бид малаа нядалж, иддэг. Бидний хоол хүнс үндсэндээ үхэр, хонины махаас бүрддэг, бид сүүтэй цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч сайн хооллодог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар дутдаггүй.) Монголчууд гол төлөв үхэр, хонины мах идэж, хонь болон үнээний сүү уудаг бөгөөд бух, морь унаж, малаа хариулан, нүүрэнд нь нар тусаж, үсээ салхинд намируулан хээр талаар явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын дарамт байхгүй. Бүхэл өдөржингөө өргөн уудам хөх тэнгэр, ногоон талыг л хардаг. Амь зуухын тулд мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүлэг ногоон тал дээр амьдарч, нүүдэлчин хэв маягаа үеэс үед үргэлжлүүлж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн ганцаардмал байж болох ч энэ нь бас маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!
Гурав дахь төрөл нь загасчлах хэв маяг. Далай тэнгисийн ойролцоо юм уу жижиг арал дээр амьдардаг цөөн тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгддэг. Энэ хүмүүс амь зуухын тулд загасчилдаг. Амин зуулгынхаа төлөө загасчилдаг хүмүүсийн хоол хүнсний эх үүсвэр юу вэ? Энэ нь бүх төрлийн загас, далайн хоол, далайн бүтээгдэхүүн, тийм биз? Хонконг загас агнуурын жижигхэн тосгон төдий байх үед тэнд амьдардаг хүмүүс амин зуулгынхаа төлөө загасчилдаг байсан. Тэд газар тариалан эрхлээгүй—өдөр бүр загасчлахаар явдаг байсан. Тэдний гол хоол хүнс нь янз бүрийн загас, далайн бүтээгдэхүүн байлаа. Тэд заримдаа эдгээр зүйлийг будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр сольж арилжаалдаг байв. Энэ бол усны ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг юм. Усны ойр амьдардаг хүмүүс өөрсдийн хоол хүнсний төлөө үүнд түшиглэдэг бөгөөд загасчлах нь тэдний амин зуулга билээ. Энэ бол тэдний амин зуулгын, мөн түүнчлэн хоол хүнсний эх сурвалж юм.
Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүсээс гадна үндсэн гурван төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдлаа. Мал аж ахуй, загасчлах болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Тэд хэдэн үеэрээ тариа буудай ургуулж амь зуудаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан бай, тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.
Хүний энэ өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэдэнд өөр өөр амьдрах орчны баталгаа байх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ ан хийж амьдардаг хүмүүс уулын ой мод, жигүүртэн шувууд, араатан амьтдаа алдах юм бол амин зуулгынх нь эх сурвалж байхгүй болно. Тэгээд энэ угсаатан, ийм төрлийн хүмүүсийн явах зүг чиг тодорхойгүй болж, тэд бүр устан үгүй болж ч магад юм. Амин зуулгынхаа төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс юунд найддаг вэ? Тэдний үнэхээр найддаг зүйл нь мал биш, харин мал сүргийн амьдрах орчин буюу бэлчээрийн тал газар юм. Хэрэв бэлчээр байгаагүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх байсан бэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол тийм хүмүүс хаашаа явах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, ирээдүй нь үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загас оршин тогтнох боломжгүй болно. Амин зуулгынхаа төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрвээ тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн орших боломжгүй болдог бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдаж, юм тарьж ургуулж чадахгүй болж, янз бүрийн ургамлаас хоол хүнсээ авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхнэ биз дээ? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тийм төрлийн хүмүүс устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг өсгөж, газарзүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг өсгөн үржүүлэх ганц зорилготой.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?