Цор ганц Бурхан Өөрөө VII
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I) (III хэсэг)
Би түүх ярих аргыг дахиад нэг удаа ашиглая, харин та нар чимээгүй сонсоод, Миний юу ярьж байгааг тунгаан бодоорой. Ярьж дуусчихаад, та нарын хэр зэрэг ойлгосныг чинь харахын тулд хэдэн асуулт асууна. Энэ түүхийн гол дүрүүд нь өндөр уул, жаахан горхи, хүчит салхи, аварга давлагаа юм.
Түүх 2. Өндөр уул, жаахан горхи, хүчит салхи ба аварга давлагаа
Нэгэн жаахан горхи байжээ. Тэрээр мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын энгэрт ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэв. Бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд, “Болно оо, болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү сул дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр даган урсахаас өөр сонголтгүй байлаа…
Дараа нь хүчит салхи уулын байгаа газарт элс шороо татуулсаар хүүгэн ирэв. Салхи уул уруу хүүгэж, “Намайг явуул!” гэсэнд уул, “Чи хаашаа явж байна вэ?” гэв. Салхи дахин үлээж, “Би уулын нөгөө талд гармаар байна” гэжээ. Уул хариуд нь, “Болно оо, болно. Намайг дундуур минь хувааж чадвал цааш яваарай!” гэв. Хүчит салхи ийшээ ч нэг үлээж, тийшээ ч нэг үлээж, хэчнээн ууртайгаар үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ бараад намжиж гэнэ. Харин уулын тэр талд зөөлөн намуун салхи үлээх болж, хүмүүс үүнд маш дуртай байлаа. Уул ингэж хүмүүст мэндчилж байлаа…
Далайн эрэгт далайн хаялга хадыг зөөлнөөр илбэн таалдаг байсан ажээ. Гэтэл нэгэн аварга давлагаа гарч ирээд уулын зүг шуугин хүрхэрлээ. “Замаас холд” хэмээн аварга давлагаа хашхирав. Уул түүнээс, “Чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуусанд, их давлагаа зогсолтгүй шуугиж, тасралтгүй түрэх зуураа, “Би нутаг дэвсгэрээ тэлж, гараа цааш сунгамаар байна” гэж хариулав. Уул хариуд нь, “Болно оо, болно. Хэрэв чи оройг минь давж чадвал чамд би зам тавьж өгнө” гэлээ. Их давлагаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давлагаалав. Хэчнээн их хичээсэн ч давлагаа уулын оргилд хүрч чадсангүй. Ингээд түүнд ирсэн газар луугаа буцахаас өөр сонголт үлдсэнгүй…
Хэдэн зууны турш, бяцхан горхи уулын бэлээр чимээгүй урсжээ. Бяцхан горхи уулын бий болгож өгсөн замыг даган явсаар гэртээ иржээ; тэр гол мөрөнд нийлж, далайд цутгав. Уул халамжилсан учраас бяцхан горхи хэзээ ч чиглэлээ алдсангүй. Бяцхан горхи, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.
Хэдэн зууны турш, хүчит салхи уул уруу хүүгэх зуршлаа өөрчилсөнгүй. Хүчит салхи урьдын л адил, ууланд “зочлох” бүрдээ элс шороо татуулсаар ирнэ. Ирэх тоолондоо уулыг сүрдүүлэвч голоор нь хувааж огт чадсангүй. Хүчит салхи, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.
Хэдэн зууны турш, аварга давлагаа амарч намжсангүй, нутаг дэвсгэрээ тэлэх алхаагаа ч зогсоосонгүй. Давлагаа байсхийгээд л уулын өөдөөс түрхэрч, байн байн шуугих боловч уул ямхын төдий ч хөдөлсөнгүй. Уул далайг харж хандав, ийм маягаар далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгджээ. Аварга давлагаа, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.
Энэ түүх маань дууслаа. Эхлээд, Миний ярьсан энэ түүхийн гол агуулга юу байсан талаар та нар Надад хэлж чадах уу? Эхлээд уул байсан, тэгээд өөр юу юу байсан бэ? (Бяцхан горхи, хүчит салхи, аварга давлагаа.) Бяцхан горхи ба өндөр уултай эхний хэсэгт юу болсон бэ? Яагаад бид өндөр уул, бяцхан горхины талаар ярьж байна вэ? (Уул горхийг хамгаалсан учраас горхи хэзээ ч чиглэлээ алдсангүй. Тэд бие биеэ түшсэн.) Уул горхийг хамгаалсан уу, эсвэл бяцхан горхинд саад болсон уу? (Хамгаалсан.) Саад болсон байж болох уу? Уул, горхи хоёр хамт байсан; уул горхийг хамгаалсан, бас саад болсон. Уул горхийг хамгаалсан болохоор тэр гол мөрөн рүү урсаж чадсан, гэхдээ бас хаа сайгүй урсаж, хүмүүст үер усны аюул учруулж болзошгүй газар луу урсгахгүйн тулд уул замыг нь хааж байсан. Уг хэсгийн гол санаа энэ мөн үү? (Мөн.) Уул горхийг хамгаалж, мөн хүмүүсийн орон гэрийг хамгаалсан хаалт болсон. Дараа нь бяцхан горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан; энэ нь бяцхан горхины оршин тогтнох хууль биш гэж үү? Горхи гол мөрөнд нийлж, дараа нь далайд цутгахдаа юуг түшиж байсан бэ? Уулыг түшсэн биш гэж үү? Тэрээр уулын хамгаалалт болон хаалтыг түшиглэсэн; энэ гол санаа нь мөн үү? (Мөн.) Энд усны хувьд уул хэр чухал болохыг чи харж байна уу? (Тийм ээ.) Энэ чухал уу? (Тийм.) Бурхан өндөр, нам уулсыг бүтээсэн нь зорилготой байдаг уу? Зорилго байгаа, тийм үү? Энэ бол түүхийн жаахан хэсэг бөгөөд бяцхан горхи, өндөр уулаас л гэхэд бид, Бурханы бүтээсэн энэ хоёр зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг харж чадаж байна. Бурхан энэ хоёр зүйлийг хэрхэн захирч байгаагаас нь бид Түүний мэргэн ухаан болон зорилгыг бас харж чаддаг. Тийм биш гэж үү?
Хоёр дахь хэсэгт юуны тухай ярьсан бэ? (Ширүүн салхи ба өндөр уул.) Салхи байх нь сайн зүйл мөн үү? (Мөн.) Гэхдээ дандаа биш, заримдаа салхи хэт ширүүсвэл гай гамшиг авчирдаг. Хэрэв чамайг хүчтэй салхин дунд байлгавал чамд ямар санагдах вэ? Хэр ширүүн гэдгээс хамаарна, тийм үү? Намуухан салхи, эсвэл 3–4-р түвшний бага зэргийн хүчтэй салхинд хүн тэсээд байж чадна, хамгийн ихдээ л нүдээ нээлттэй байлгахад хэцүү байна. Харин хуй салхи болохуйц хүчтэй салхилбал чи тэсэж чадах уу? Чи тэсэж чадахгүй. Тэгэхээр хүмүүсийн хувьд салхийг үргэлж сайн, эсвэл үргэлж муу гэж хэлэх нь бүр буруу, учир нь салхи хэр хүчтэйгээс энэ нь шалтгаалдаг. Тэгвэл уул энд ямар хэрэгтэй байсан бэ? Яг л салхины шүүлтүүр гэлтэй байсан биш гэж үү? Уул ширүүн салхийг юу болгож хувиргасан бэ? (Намуун салхи.) Хүмүүсийн амьдарч байгаа орчинд, дийлэнх хүмүүсийн хүрч, мэдэрч чаддаг салхи нь хүчтэй салхи байсан уу, эсвэл намуун салхи байсан уу? (Намуун салхи.) Энэ нь Бурхан уулсыг бүтээсний зорилго болон санаа бодлуудын нэг мөн үү биш үү? Хэрэв элс шороо татуулсан хүчтэй салхи дэгдэхэд түүнийг хааж, шүүх зүйл байхгүй орчинд амьдарвал хүмүүст ямар байх бол? Хаа сайгүй элс, шороо үлээгээд хүмүүс газар дээр амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн хийсэж явсан чулуунд цохиулж магадгүй, эсвэл зарим нь нүд рүүгээ шороо оруулаад юм харж чадахгүй болж болзошгүй. Хүмүүс агаарт хийсэж ч болно, эсвэл салхинд үлээгдэж зогсож ч чадахгүй. Барилга байшин нурж, бүх төрлийн гай гамшиг нүүрлэнэ. Хүчтэй салхинд үнэ цэнэ байгаа юу? (Байгаа.) Ямар үнэ цэнэ байгаа гэж? Намайг ширүүн салхийг муулангуут, үүнд ямар ч үнэ цэнэ байхгүй гэж хүмүүст санагдах байх, гэхдээ тийм гэж үү? Хүчтэй салхийг намуухан салхи болгох нь үнэ цэнтэй биш гэж үү? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Намуун зөөлөн салхи хэрэгтэй байдаг, тийм салхи тэднийг илбэхэд оюун ухаан нь сэргэж, сэтгэхүй нь хурцлагдаж, сэтгэл санаа нь засарч, сайжирдаг. Жишээ нь, та нар олон хүнтэй, бүгчим агаартай өрөөнд сууж байлаа гэж бодвол та нарт юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь бүгчим, тоосжилттой газарт хүмүүсийн бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, тархины ажиллагаа мууддаг. Харин агаар эргэлт хөдөлгөөнд орвол цэнгэг болж, хүмүүсийн байдал ч дээрддэг. Хэдий бяцхан горхи, хүчтэй салхи аюул авчирч болох байсан ч уул байгаа цагт тэднийг хүмүүст ашиг тустай зүйл болгон хувиргасан; тийм биш гэж үү?
Түүхийн маань гурав дахь хэсэгт юуны тухай ярьсан бэ? (Өндөр уул ба аварга давлагаа.) Өндөр уул ба аварга давлагаа. Энэ зураглалд уул далайн хажууд байна, бид уул, далайн хаялга, том давлагаануудыг харж болно. Энэ тохиолдолд аварга давлагааны хувьд уул юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Хамгаалахын зорилго нь далайн энэ хэсгийг байлгахын төлөө байсан, ингэснээр үүн доторх амьтад үржин олширсон. Хаалт болохын хувьд гэвэл, далайн ус—усны эх хэсэг—хальж урсан гамшиг тарьж, хүмүүсийн гэр орныг сүйтгэхээс хамгаалсан. Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох юм.
Энэ бол Миний ярьж байгаа уул ба бяцхан горхи, уул ба ширүүн салхи, уул ба аварга давлагааны хоорондын бие биеэсээ хамаарч, бие биеэ хязгаарлаж, бие биеэ түшиж байгаагийн ач холбогдол юм. Бурханы бүтээсэн энэ бүх зүйлд оршин тогтнолын зүй тогтол, хууль гэж бий. Энэ түүхэнд болсон үйл явдлаас та нар Бурханы ямар үйл хэргийг харсан бэ? Бурхан бүхнийг бүтээснийхээ дараа зөнд нь орхисон уу? Бурхан тэднийг зүй тогтолтой болгож, чиг үүргийг нь тогтоосныхоо дараа юу л болбол болог гээд зөнд нь хаясан уу? Ийм зүйл болсон гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан бэ? (Бурхан хянаж байдаг.) Бурхан ус, салхи, давлагааг хянаж, тэднийг эмх замбараагаа алдаж, хүмүүсийн гэр орныг сүйд хийж, хохирол учруулахыг Бурхан зөвшөөрдөггүй, тийм болохоор л хүмүүс энэ газар нутагт амьдарсаар, өсөж олширсоор байна. Ѳөрөөр хэлбэл, Бурхан бүхнийг бүтээхдээ тэдний оршин тогтнолын зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан эдгээр зүйлийг бүтээхдээ хүнд өгөх ашиг тусыг нь бодсон бөгөөд Тэр бас тэдгээрийг хянаж байдаг, ингэснээр энэ нь хүн төрөлхтөнд түвэг, гамшиг учруулахгүй юм. Хэрвээ Бурхан тэдгээрийг удирдаггүй байсан бол ус хаа сайгүй урсах байсан биш үү? Хаа сайгүй шуурга болох байсан биш үү? Тэдэнд зүй тогтол байх уу? Хэрэв Бурхан тэднийг удирдаагүй бол ямар ч зүй тогтол гэж байхгүй бөгөөд хаа сайгүй шуурга салхи хүүгэж, үер ус нэрвэх байсан. Хэрэв аварга давлагаа уулын оройгоос өндөр байдаг бол далайн тэр хэсэг яаж орших юм бэ? Уг далай оршиж чадахгүй. Уул нь давлагаанаас өндөр байдаггүй сэн бол далайн тэр хэсэг орших боломжгүй бөгөөд уул ч оршин байгаагийн утга учир, ач холбогдлоо алдах байсан.
Энэ хоёр түүхээс та нар Бурханы мэргэн ухааныг харж байна уу? (Тийм.) Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд Тэр бүхнийг захирдаг; Тэр бүхнийг хангаж, мѳн бүхний дундаас тэдний үг, үйлдэл бүрийг харж байдаг. Тэр бас хүн төрөлхтний оршин тогтнолын талбар бүрийг харж байдаг. Иймээс Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд юм бүрийн чиг үүрэг, шинж чанар, түүний оршин тогтнох зүй тогтол, ач холбогдол болон оршин байгаагийн үнэ цэнийг гарын арван хуруу шигээ тов тодорхой мэддэг. Бурханы бүтээсэн бүх зүйлийн зүй тогтлыг Бурхан судлах хэрэгтэй байсан гэж та нар бодож байна уу? Энэ тухай судалж, ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, эсвэл шинжлэх ухааныг сурах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтний дотор Бурханы адил бүх зүйлийг ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй. Тийм үү? Бүх зүйл хэрхэн амьдарч, өсдөгийг үнэхээр ойлгодог одон оронч, биологич байдаг уу? Юм бүхний оршин тогтнолын үнэ цэнийг тэд үнэхээр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад тэр вэ? Бүх зүйл Бурханаар бүтээгдсэн болохоор хүн хэчнээн их, хэчнээн гүнзгий сурч мэдэрсэн ч, хэчнээн жил чармайсан ч, Бурхан бүх зүйлийг бүтээсний нууцыг хийгээд зорилгыг хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Энэ зөв үү? (Тийм.) Энэ хүртэл хэлэлцсэн болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн үгний утгыг та нар бага ч атугай ойлгож чадав уу? (Тийм.) Намайг энэ сэдвийг ярихад олон хүн шууд л, Бурхан бол үнэн, Түүний үг биднийг хангадаг гэж бодно гэдгийг Би мэдсэн. Тэд ердөө энэ түвшинд л үүний тухай бодно. Бурхан хүний амьдралыг хангаж, өдөр тутмын хоол унд, хэрэгцээг хангах нь хүнийг хангаж байгаад тооцогдохгүй хэмээн боддог хүмүүс ч байгаа. Ингэж боддог хүмүүс байна уу үгүй юу? Бурхан хүн төрөлхтнийг хэвийн оршин тогтнуулж, амьдруулахын тулд бүх зүйлийг бүтээсэн юм. Бурханы санаа зорилго тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг хэвээр хадгалж, хүн төрөлхтний оршин тогтнолд хэрэгтэй бүхнийг хангадаг. Цаашлаад Тэр бүх зүйлийг удирдаж, ноёрхдог. Энэ бүхэн нь хэвийн амьдарч, хэвийн өсөж хөгжих боломжийг хүн төрөлхтөнд олгодог; энэ бол Бурхан бүхнийг болоод хүн төрөлхтнийг хангадаг арга барил юм. Эднийг хүмүүс танин мэдэж, ойлгох хэрэгтэй биш гэж үү? Магадгүй зарим хүн, “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай бидний мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлэх байх. Энэ үг зөв үү? (Үгүй.) Юу нь буруу гэж? Бурханы хэлсэн зүйлийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л хүлээн зөвшөөрвөл Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болох уу? Хэрвээ та нар Бурханы зан чанарын жаахан хэсгийг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг л мэддэг бол Бурханы тухай ойлголттой болоход тэр нь хангалттай, тийм үү? (Үгүй.) Бурханы үйлдэл бүхнийг бүтээхээс эхэлдэг ба өнөөг хүртэл Түүний үйлдлүүд цаг үргэлжид, хором бүрд үргэлжилсээр байна. Хэрвээ хүмүүс, Бурхан хэсэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажиллаж байгаа учраас л Бурхан оршдог гэж итгэж, бусад зүйлс нь Бурхантай, Бурханы эрх мэдэлтэй, ялгамж чанар болон үйлдэлтэй хамаагүй гэж итгэдэг бол үүнийг Бурханыг үнэхээр мэдсэн гэж хэлж болох уу? Бурханыг мэддэг гэгч ийм хүн Бурханыг зөвхөн бүлэг хүмүүс дээр өрөөсгөлөөр хязгаарласан байдаг. Энэ нь Бурханы тухай жинхэнэ мэдлэг мөн үү? Бурханы талаар ийм мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан бүхнийг ноёрхдог гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнд анхаарал хандуулдаггүй ба тэд дотроо, “Бурхан бүхнийг ноёрхдогийг би харахгүй байна, энэ нь надаас хэтэрхий хол зүйл бөгөөд би үүнийг ойлгомооргүй байна. Бурхан юу хүссэнээ хийдэг, энэ нь надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд анхаарна, тэгээд би төгс болгуулж, Бурханаар аврагдана. Би зөвхөн эдэнд л анхаарал хандуулна, харин өөр зүйл ойлгохоор оролдохгүй, бас бодож үзэхгүй. Бурхан бүхнийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон бай, бүхнийг болон хүн төрөлхтнийг хангахдаа юу ч хийдэг бай, надад хамаагүй” гэж боддог. Энэ ямар гээчийн яриа вэ? Энэ нь туйлын тэрслүү биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө тийм гэж хэлэхгүй ч, олон хүн ингэж боддогийг Би мэднэ. Дүрэм журмыг ягштал баримталдаг ийм төрлийн хүн аливаа юмыг харахдаа өөрсдийн сүнслэг үзэл бодол гэгч зүйлээ ашигладаг байх. Тэд Бурханыг Библиэр хязгаарлаж, Өөрийнх нь хэлсэн үгээр Бурханыг хязгаарлаж, ердөө бичвэрийн онолоор Бурханыг хязгаарлахыг хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй, мөн Бурхан өөр зүйл хийхэд илүү их анхаарал хандуулахыг хүсдэггүй. Эдгээр хүмүүсийн бодол нь хүүхдэрхүү бөгөөд тун шашинлаг. ийм үзэл бодол баримталбал Бурханыг мэдэж чадах уу? Тэд Бурханыг мэдэхэд тун хэцүү. Өнөөдөр Би энэ хоёр түүхийг ярьж, энэ хоёр талыг хэлэлцлээ. Та нар дөнгөж сонсох үед, дөнгөж мэдэх үед энэ түүхүүд гүнзгий утгатай юм шиг, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, ухаарч ойлгоход хэцүү ч юм шиг санагдаж болох юм. Тэдгээрийг Бурханы үйлдэлтэй болон Бурхантай Өөртэй нь холбоход хэцүү байж магад. Гэхдээ бүх зүйл болон бүх хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүхнийг болон Бурханы бүх үйлдлийг хүн нэг бүр, Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн бүхэн тодорхой, үнэн зөв мэдэх ёстой. Эдгээр мэдлэг чамд Бурхан үнэхээр оршин байгаа гэсэн баталгааг, мөн итгэлийг өгнө. Энэ нь бас чамд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, Бурхан бүхнийг хэрхэн хангадаг тухай үнэн зөв мэдлэгийг өгнө. Энэ нь чамд Бурхан оршин байдаг нь үнэн, энэ нь зохиомол зүйл биш, үлгэр домог биш, тодорхойгүй зүйл биш, мөн ямар нэгэн сургаал ч биш, цаашлаад энэ нь ердөө нэг сүнслэг хоол тэжээл биш, харин үнэхээр оршин байдгийг тодорхой ойлгуулах болно. Цаашлаад Бурхан үргэлж ийм маягаар бүхнийг болон хүн төрөлхтнийг хангаж байдаг; Тэр Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө хэмнэлээр үүнийг хийдэг гэснийг мэдэх боломжийг хүнд олгодог. Тэгэхээр, Бурхан бүхнийг бүтээгээд тэдэнд зүй тогтлыг өгсөн болохоор Түүний тушаалаар тэд тус бүрдээ өөрсдийн ажлыг хийж, хариуцлагаа биелүүлж, өөрсдөдөө ноогдсон үүргийг биелүүлж, хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин амьдардаг орон зай, хүрээлэн буй орчны төлөө өөрсдийн чиг үүргээ биелүүлж байна гэж хэлж болох юм. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол хүмүүс Бурханд итгэж, Түүнийг дагах боломжгүй байх байсан бөгөөд энэ нь ердөө л хий дэмий яриа болох байсан, тийм биш гэж үү?
Дөнгөж сая ярьсан энэ түүх—Өндөр уул ба жижиг горхийг дахиад авч үзье. Уул ямар хэрэгтэй вэ? Ууланд мөн маш олон зүйл өсөн үрждэг, тэгэхээр уулын оршин тогтнол өөрөө үнэ цэнтэй. Тэгээд ч зогсохгүй, уул нь жижиг горхийг хааж, хүссэн газар луугаа урсахыг нь зогсоож, хүмүүст гай гамшиг учруулахгүй болгосон. Тийм биш гэж үү? Уул өөрийнхөө арга замаар оршин тогтнож, дээр нь байгаа бүх зүйл—мод, өвс, төрөл бүрийн ургамал, амьтныг тэжээж тэтгэдэг, тэгэнгээ бас жижиг горхины урсгалыг чиглүүлсэн; уул горхины усыг цуглуулаад, бэлээрээ урсгаж, гол мөрөнд нийлүүлэн, эцэст нь далайд цутгуулсан. Энд харагдаж байгаа зүй тогтлыг байгаль бий болгоогүй, харин бүтээлийн цаг үед Бурхан онцгойлон зохицуулсан юм. Өндөр уул ба ширүүн салхины тухайд, ууланд ч гэсэн салхи хэрэгтэй. Өөрийнхөө дээр амьдардаг амьд бүхнийг илбэн таалахын тулд ууланд салхи хэрэгтэй, үүний зэрэгцээ салхийг хаа хамаагүй шууруулж, хамаг юмыг бусниулахаас сэргийлэхийн тулд уул салхийг хязгаарладаг. Нэг талаараа энэ зүй тогтол бол их уулын үүрэг юм, гэхдээ уулын үүрэг болсон энэ зүй тогтол өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг Бурхан бий болгосон юм. Өндөр уул өөрийн үүрэгтэй байдаг шиг ширүүн салхи ч бас өөрийн үүрэгтэй. Тэгвэл, өндөр уул ба аварга давлагааны тухайд, тэнд уул байгаагүй бол ус өөрөө чиглэлээ олоод урсчих байсан уу? (Үгүй.) Ус хамгийг хаман одож, гамшиг тарих байсан. Уул нь уул гэдгээрээ өөрийн үнэ цэнтэй, далай нь далай гэдгээрээ өөрийн үнэ цэнтэй. Ийм маягаар, хамтдаа хэвийн байдлаар оршин тогтнож, бие биедээ саад болдоггүй ийм нөхцөл байдалд тэд бас бие биеэ хязгаарладаг; өндөр уул далайг хязгаарласнаар далай эс үерлэж, хүмүүсийн орон гэр хамгаалагддаг, тэгээд бас далай өөрийн доторх амьтдыг тэжээн тэтгэх боломжтой болно. Энэ гоо үзэмж өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг бас л Бурхан бүтээсэн. Эндээс харвал, Бурхан бүхнийг бүтээхдээ, уул хаана байхыг, горхи хаагуур урсахыг, ширүүн салхи хаанаас гарч хаагуур үлээхийг, аварга давлагаа хэр өндөр байхыг урьдаас тогтоожээ. Бурханы санаа зорилго энэ бүх зүйлд шингэсэн бөгөөд тэдгээр нь Түүний үйл хэрэг билээ. Тэгэхээр, одоо та нар Бурханы үйл хэрэг бүх зүйлд байдгийг харж чадав уу? (Чадлаа.)
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?