Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 240
Өнөөдөр нэгэнт та нарыг энэ мөч хүртэл удирдсан учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн зорилгууд байгаа. Хэрвээ Би түүнийгээ та нарт өнөөдөр хэлэх юм бол, та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол болон хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах зам хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч, өмнөх эрин үеүдийн дараа өнөө үе нь ийм болох болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан бэ? Энэ нь үнэхээр чиний бодит хичээл чармайлтын үр дүн гэж үү? Энэ нь чиний цуцашгүй зүтгэлийн төлбөр гэж үү? Энэ нь чиний оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол, хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас тусгаарлаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүнийг өнөөдрийн ийм байдалд аваачсан зүйл нь түүний үзэл бодол, хүсэл гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлж чадалгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяаг хянадаг уу? Олон хүн үхэхийг хүсдэг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй байхыг хүсэж, үхлээс айдаг ч тэдэнд мэдэгдэлгүйгээр үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу доошлуулж байдаг; олон хүн тэнгэр лүү харж, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, Би тэднийг цохино гэдгээс, мөн Би тэднийг сөнөөнө гэдгээс үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү эсвэл мэддэггүй юу? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тийм биш гэж үү? Та нар Надаас болон Миний гэсгээлтийн аль алинаас айдаг, гэсэн ч та нар өндийн босож, Намайг илт эсэргүүцдэг ба Намайг шүүдэг. Энэ нь бодит байдал биш гэж үү? Хүн Намайг хэзээ ч мэддэггүй нь, хэзээ ч Миний царайг харж, эсвэл Миний дуу хоолойг сонсоогүйгээс болдог. Тиймээс, хэдийгээр Би хүний зүрх сэтгэл дотор байгаа ч, хэний зүрх сэтгэл дотор Би тодорхой бус, бүдэг бадаг байдаггүй вэ? Зүрх сэтгэл дотор нь Би бүрмөсөн тодорхой байдаг хүн байна уу? Миний ардууд Надад бүдэг бадаг, тодорхой бусаар харахыг Би хүсдэггүй, тиймээс Би энэ агуу ажлыг эхэлсэн юм.
Би хүмүүсийн дунд чимээгүй ирж, аажуухнаар явдаг. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт Намайг харсан уу? Нар шатаж буй дөлийнхөө улмаас Намайг харж чадна гэж үү? Сар гялалзсан тунгалаг байдлынхаа улмаас Намайг харж чадна гэж үү? Одны ордууд тэнгэр дэх байрлалынхаа улмаас Намайг харж чадах уу? Намайг ирэх үед хүн мэддэггүй ба бүх зүйл мэдэхгүй хэвээр байдаг, Намайг явах үед ч хүн мэдэхгүй хэвээр байна. Хэн Надад гэрчлэл хийж чадах юм бэ? Энэ нь газар дээрх хүмүүсийн магтаал байх уу? Зэрлэг талд цэцэглэж байгаа сараана цэцэг үү? Тэнгэрт нисэж буй шувууд уу? Ууланд архирч буй арслангууд уу? Хэн ч Намайг бүрэн гэрчилж чадахгүй! Миний хийх ажлыг хэн ч хийж чадахгүй! Тэд энэ ажлыг хийсэн ч гэсэн энэ нь ямар үр нөлөөтэй байх юм бэ? Өдөр болгон олон хүний үйлдэл бүрийг Би ажигладаг ба өдөр болгон олон хүний зүрх сэтгэл, оюун ухааныг хянадаг; хэзээ ч хэн ч Миний шүүлтээс зугтаж байгаагүй, хэзээ ч хэн ч Миний шүүлтийн бодит байдлаас салж чадахгүй. Би тэнгэрийн дээр зогсож, холын зайг хардаг: Хэмжээлшгүй олон хүн Надад цохиулсан, гэсэн ч мөн тоо томшгүй олон хүн Миний өршөөл, өгөөмөр сэтгэл дунд амьдардаг. Та нар ч гэсэн тийм нөхцөл байдал дор амьдардаггүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?