Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
III хэсэг
Анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсан. Бурханы бүх амьд зүйлс ба юмсын дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий, тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, чөлөөт хүсэлтэй. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшсэн, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай бөгөөд Өөртэй нь хамт алхаж чадах түншээ болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд хүртээдэг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, түүнийг нь ариусгаж, бэлдэхийг Бурханд зөвшөөрөхийг, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болгохыг, Бурханыг хүндэлж, муугаас зайлдаг болгохыг хүлээсээр ирсэн. Бурхан хэзээд энэхүү үр дүнг тэсгэлгүй хүсэн хүлээж байв. Библийн тэмдэглэлүүд дотор тийм хүмүүс байдаг уу? Бурханд зүрх сэтгэлээ өгөх чадвартай ямар нэгэн хүн Библид байдаг уу? Энэ эрин үеэс өмнө тохиолдсон урьдын жишээ бий юу? Өнөөдөр Библийн тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэн уншиж, Иов хэмээх энэ хүний хийсэн зүйл нь өнөөдрийн бидний ярьж байгаа “Бурханд зүрх сэтгэлээ өгөх” тухай сэдэвтэй ямар нэгэн холбоотой эсэхийг харцгаая. Иов Бурханд таалагдаж, Бурханд хайрлагдаж байсан эсэхийг харцгаая.
Иовын талаарх та нарын сэтгэгдэл юу вэ? Зарим хүн эх судраас иш татаж, Иов бол “Бурханаас эмээж, мууг цээрлэсэн” гэж хэлдэг. “Бурханаас эмээж, мууг цээрлэсэн”: Библид Иовын тухай тэмдэглэсэн анхны үнэлгээ ийм юм. Хэрвээ та нар өөрийн үгийг ашигласан бол Иовыг хэрхэн дүгнэх байсан бэ? Зарим хүмүүс Иов бол сайн бөгөөд ухаалаг хүн байсан гэж хэлдэг; зарим нь тэр Бурханд жинхэнэ итгэлтэй байсан гэж хэлдэг; зарим нь Иов зөвт шударга бөгөөд хүнлэг хүн байсан гэж хэлдэг. Та нар Иовын итгэлийг харсан, өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлдээ та нар үүнд чухал ач холбогдол өгч, Иовын итгэлд атаархдаг. Тэгвэл өнөөдөр Иов Бурханд ингэж таалагдах юу эзэмшдэг байсныг харцгаая. Дараа нь доорх бичээсүүдийг уншицгаая.
С. Иов
1. Иовын талаарх Бурханы үнэлгээг Библид тэмдэглэсэн нь
(Иов 1:1) Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.
(Иов 1:5) Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.
(Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
Эдгээр эшлэлээс та нар ямар гол зүйлийг харж байна вэ? Библийн эдгээр гурван товчхон эшлэл бүгд Иовд хамаатай. Хэдий богино боловч тэдгээр нь тэр ямар хүн байсныг тодорхой өгүүлдэг. Иовын өдөр тутмын зан төлөв болон биеэ авч явах байдлын тухай дүрслэлээр дамжуулан Иовын талаарх Бурханы үнэлгээ оргүй биш, харин ч үндэслэл сайтай байсан гэдгийг тэдгээр нь хүн бүхэнд хэлдэг. Тэдгээр нь Иовын талаарх хүний үнэлгээ (Иов 1:1) ч тэр, эсвэл түүний талаарх Бурханы үнэлгээ (Иов 1:8) ч тэр, аль аль нь Бурхан болон хүний өмнө гүйцэтгэсэн Иовын үйл хэргийн үр дүн (Иов 1:5) юм гэдгийг бидэнд хэлдэг.
Эхлээд бүгдээрээ нэг дэх эшлэлийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, мууг цээрлэдэг нэгэн байв.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээдэг, бузар мууг цээрлэдэг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: “Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” (Иов 1:8). Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын биеэ авч явах байдал болон зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөв болон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн зан араншин болон учир шалтгаанаа Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан.
Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлүүд
Дараа нь, Иовын өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны гойд илрэлүүдийг харцгаая. Үүний өмнөх болон дараах эшлэл дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлийн нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд хийх ёстойгоо хийсэн төдийгүй бас хөвгүүдийнхээ өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байлаа. Найрлаж байхдаа тэд дандаа “нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан” байх гэж тэр айдаг байсан. Мөн энэ айдас нь Иовт хэрхэн илэрч байсан бэ? Эх бичигт дараах тэмдэглэл байдаг: “Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв.” Түүний Бурханаас эмээх айдас зан төрхөд нь гадагш илрэхийн оронд харин түүний зүрх сэтгэлийн дотроос гарч байсан гэдгийг Иовын зан төлөв бидэнд харуулдаг бөгөөд Бурханаас эмээх түүний айдсыг цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болно, учир нь тэр өөрөө муугаас зайлаад зогсоогүй, мөн өөрийн хөвгүүдийн өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас гүнээ айгаад зогсохгүй хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзах вий гэж санаа нь зовдог байсан. Үүнээс Бурханаас эмээх Иовын үнэн шалгалтыг давж гарсан гэдгийг харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэх аргагүй зүйл юм. Тэр тэгж хааяа хийдэг байсан уу, эсвэл байнга хийдэг байсан уу? Бичвэрийн сүүлийн өгүүлбэрт “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” гэсэн юм. Эдгээр үгийн утга нь Иов хөвгүүдээ хааяа нэг, эсвэл өөрт нь тааламжтай санагдсан үед л эргэж тойрдоггүй байсан, мөн тэр Бурханд залбирлаар дамжуулж нүглээ наманчлаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд “тасралтгүй” гэж байгаа нь тэр ингэж ганц хоёр өдөр, эсвэл түр зуур хийсэн гэсэн үг биш. Энэ нь Бурханаас эмээх Иовын айдсын илэрхийлэл түр зуурынх байгаагүй бөгөөд зөвхөн мэдлэг эсвэл, хэлсэн үгээр хязгаарлаагүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний зан аашийг удирдаж байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд түүний оршин тогтнолын үндэс байсан. Тэр тасралтгүй ингэж хийсэн гэдэг нь зүрх сэтгэлдээ тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсан гэдгийг харуулдаг. Бурханаас эмээх ба муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хэр их жин дарж байсныг энэ нь илэрхийлдэг. Тэр тэгж тасралтгүй хийсэн, учир нь зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан—тэр муу юм хийчихлээ, Бурханы эсрэг нүгэл үйлдчихлээ тэр Бурханы замаас хазайчихлаа, тэгээд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй боллоо гэж айж байсан юм. Үүний зэрэгцээ тэр мөн охид, хөвгүүд нь Бурханыг гомдоох зүйл хийхээс айж, тэдэнд санаа нь зовдог байсан. Тиймээс энэ нь Иовын өдөр тутмын амьдралын ердийн араншин байсан. Яг энэ ердийн араншин нь Иовын Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран харуулсан гэдгийг нотолдог. “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв”: Эдгээр үг нь бидэнд Бурханы өмнө Иовын хийдэг өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр тийнхүү тасралтгүй үйлдэхэд түүний зан төрх болон зүрх сэтгэл Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний зан төрх болон зүрх сэтгэл Бурханы таалалд байнга нийцдэг байсан уу? Тэгвэл ямар байдалд, мөн ямар орчинд Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн бэ? Бурхан Иовд олон дахин харагддаг байсан учраас тэр тийнхүү тасралтгүй үйлдсэн гэж зарим хүмүүс хэлдэг; муугаас зайлах байсан учраас тийнхүү тасралтгүй үйлдсэн гэж зарим нь хэлдэг; түүний эд хөрөнгө хялбар ирээгүй гэж бодсон ба үүнийг түүнд Бурхан хайрласан гэж мэддэг байсан болохоор Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Түүнийг гомдоосны уршгаар эд хөрөнгөө алдана гэж маш их айсан байх гэж зарим хүмүүс хэлдэг. Эдгээр үгийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь Бурханы бодлоор бол, Иовын тухайд Бурханы хүлээн зөвшөөрч, хамгийн их хайрласан зүйл нь зөвхөн тэр тийнхүү тасралтгүй үйлдсэн учраас биш байсан; харин үүнээс ч илүүгээр, Сатаны гарт өгөгдөж, уруу татагдаж байх үедээ Бурхан, хүн болон Сатаны өмнө түүний биеэ авч явсан байдал байсан юм. Доорх хэсэгт Иовын талаарх Бурханы үнэлгээний үнэнийг бидэнд харуулах нотлох баримт, хамгийн үнэмшилтэй нотлох баримтыг үзүүлжээ. Дараа нь Библиэс дараах ишлэлүүдийг уншицгаая.
2. Сатан Иовыг анх удаа уруу татсан нь (малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)
a. Бурханы хэлсэн үгс
(Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
(Иов 1:12) Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.
b. Сатаны хариу
(Иов 1:9–11) Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.
Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрснөөр Иовын итгэл төгс болно
Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёрын хоорондоо сольсон эдгээр үгээс өмнө Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдчихсэн байсан. Нэг талаараа энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг ичихэд хүргэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэхийг нь, Бурханаас эмээхийг төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэсэн. Бурханы асуултанд дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын Бурханд итгэж, Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа өдөж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иов Бурханаас татгалзаж, Сатан түүнийг Бурханы гараас түүнийг булааж авахыг зөвшөөрч магадгүй гэж Сатан Иовыг баллах боломжуудыг яаралтай хайж байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд Иов бол хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Түүний зэрэгцээ Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9–11-т ийн бичжээ: Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв. Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан Сатаныг Өөртэйгээ санал нэгтэй болгож, Сатаныг үнэн нүүр царайгаа илчилж, Иовыг дайрч, уруу татахад хүргэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар Тэр Сатаныг Иов руу дайрахад хүргэсэн, Иов зөв, шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан болохоор Сатан үзэн ядаж, уурладаг байв. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар Бурхан Сатаныг ичгүүртэй байдалд оруулах байсан ба Сатан бүрмөсөн доромжлуулж, ялагдах байсан юм. Түүний дараа Сатан, Иовын төгс, чигч зан, Бурханаас эмээдэг, эсвэл муугаас зайлдагт нь дахиж эргэлзэхгүй, эсвэл буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы сорилт болон Сатаны өдлөг нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы сорилт болон Сатаны өдлөгийг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан яагаад Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд: “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Түүний Сатанд тогтоосон хязгаар байсан: Тэр Иовыг хорлож хөнөөхгүй байхыг Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Түүний өмнө гаргадаг Иовын төгс байдал, шударга занд эргэлзэхийн аргагүй, тэр шалгалтыг давж чадна гэдэгт Тэр итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах зөвшөөрөлтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байсан. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан өөрийн хүссэн ямар ч аргаар Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойнх нэг үсийг ч хүртэл гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэсэлгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы түүнд өгсөн бүх эд хөрөнгийг алдсан… Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.
Хэдийгээр Библи бидэнд Иовын сорилтын эх сурвалжийг хэлж өгсөн ч, эдгээр сорилтод өртсөн Иов юу болоод байгааг өөрөө мэдэж байсан уу? Иов бол ердийн нэг мөнх бус хүн байсан; мэдээж тэр түүний араар юу болж буй талаар огт мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээдэг нь, түүний төгс байдал болон шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр сүнсний ертөнцөд юу болсныг ч, мөн эдгээр шалгалтын ард Бурханы ямар санаа байсныг ч мэдээгүй. Гэхдээ тэр түүнд юу тохиолдсон ч хамаагүй төгс байдал, шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөрдөх ёстой гэдгээ мэдэж байсан. Эдгээр асуудалд хандсан Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харжээ. Тэгээд Бурхан юу харсан бэ? Тэр Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ эхлээд шалгагдаж байсан цагийн туршид ч Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдэж, Бурханы өмнө дэлгээтэй байсан бөгөөд Иов өөрийн төгс байдал, шударга зангаа орхиогүй, мөн тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй буюу эргэж буцаагүй—үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй. Дараа нь, Иов ямар сорилтыг туулсан болон тэр эдгээр шалгалтанд хэрхэн хандсан тухай бид үзэх болно. Библийг уншицгаая.
c. Иовын хариу үйлдэл
(Иов 1:20–21) Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв.
Иов эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас үүдсэн
Бурхан Сатанд “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтанд өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг хулгайлж, зарц нарыг нь алсан; дараа нь түүний хонь болон зарц нарыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, зарц нарыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон түүний хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулсан. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, эсвэл мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, эсвэл үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй, залхаан цээрлүүлэлт, эсвэл шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урах” гэдэг нь тэр хувцасгүй, юу ч үгүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хуссан” гэдэг нь тэр дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы бүтээсэн ямар ч юм гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд тэрээр Бурхан түүнд юм өгсөнд төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч талархаж чадаж байсан. Үүнээс ч илүүтэйгээр, тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг буцаан өгөх чадвартай байлаа.
Иовын Бурханаас эмээдэг ба дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, чигч зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргил нь юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас тэр Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо тэр Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний махбодыг авах байлаа ч гэсэн тэр ямар ч гомдолгүйгээр тэгэхийг нь Түүнд баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан төлөв бол бүхэлдээ түүний төгс, шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй ба энэ үндсэн дээр тэр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийнхээ зарчмыг түүнд өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу стандартад оруулсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм. Иов нь үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба тэр Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр бат зогсож, гэрчлэл хийж чадсан бөгөөд зөвхөн тэдгээрийн ачаар л тэр Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм. Эхний уруу таталтын үед Иовын зан төлөв маш цэгц шулуун байсан хэдий боловч насан туршаа хичээж чармайгаад ч тийм цэгц шулуун зантай болох найдвар хойчийн үр удамд байсан ч үгүй, дээр дүрсэлсэн Иовын зан төлвийг тэд заавал эзэмшсэн хүн ч байгаагүй. Өнөөдөр Иовын цэгц шулуун зан төлөвтэй тулгараад Бурханд итгэдэг, эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “үхэн үхтэлээ туйлын дуулгавартай, үнэнч байна” гэсэн хашхираан, шийдмэг байдалтай үүнийг харьцуулан үзээд та нар ихэд ичиж байна уу, эсвэл үгүй юу?
Иов болон түүний гэр бүлийн амссан бүхнийг Библиэс уншихад чамд ямар байдаг вэ? Чи гүн бодолд дарагддаг уу? Чи гайхшаа бардаг уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрсэлсэн Иовын шалгалтуудыг уншихад л хангалттай аймаар бөгөөд тэдгээр нь бодит байдал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Тэгвэл Иовд тохиолдсон болгон “дасгал сургууль” байгаагүй, харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “тулалдаан” байсан байгаа биз дээ. Харин тэр хэний гараар энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээрийг мэдээж Сатан үйлдсэн, тэдгээрийг Сатан биечлэн хийсэн—гэхдээ тэдгээрийг хийх эрхийг Бурхан олгосон. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан түүнд зүгээр л нэг болзол тавьсны дараа Иовд сорилт ирсэн. Иовд сорилт ирэх үед Сатаны хорон муу болон бузар явдал, түүний хорон санаа, хүнийг жигшин зэвүүцдэг нь, Бурханыг дайсагнадгийг нь хүмүүс мэдэрсэн. Энэхүү сорилт хэчнээн хэрцгий байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Хүнийг хүчирхийлдэг Сатаны хорлонтой уг чанар болон түүний муухай нүүр царай нь энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд улайрсан, хайр найргүй хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд түүний харгислалын арга барил болон түвшний аль аль нь төсөөлөхийн аргагүй, өнөөгийн хүмүүсийн хувьд огт тэсвэрлэшгүй юм. Сатан Иовыг сорьсон бөгөөд Иов энэхүү сорилтын үеэр өөрийн гэрчлэлд бат зогссон гэж хэлэхийн оронд өөрт нь зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс, шударга занг хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг замыг хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь дээр юм. Энэ тэмцэлд Иов үй олон хонь, үхрээ алдсан, тэр бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд тэр хөвгүүд, охидоо алдсан—гэхдээ л тэр төгс, шударга зангаа, эсвэл Бурханаас эмээдгээ болиогүй. Өөрөөр хэлбэл, Сатантай хийсэн энэ тэмцэлд тэр өөрийн төгс байдал, шударга зан болон Бурханаас эмээх байдлаа алдсанаас өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээс салсан нь дээр гэж үзсэн. Тэрээр хүн байхын утга учрын үндсийг хадгалахыг илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцын товч өгүүлдэг ба түүнчлэн Иовын зан төлөв, хандлагыг тэмдэглэсэн. Эдгээр товч, тодорхой тэмдэглэл нь Иов энэ сорилттой нүүр тулахдаа бараг тайван байсан гэдэг санаа төрүүлдэг, гэхдээ Сатаны хорлонтой уг чанарыг дээрээс нь нэмээд яг юу болсныг дахин сэргээж үзэх юм бол, тэр зүйлс эдгээр өгүүлбэрт дүрсэлсэн шиг тийм ч энгийн, хялбар биш байх байсан. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Хүн төрөлхтөнд болон Бурханы сайшаасан бүх хүмүүст ханддаг Сатаны сүйрэл, үзэн ядалтын түвшин ийм байдаг ажээ. Хэрвээ Бурхан Иовыг бүү гэмтээ гэж Сатанаас гуйгаагүй байсан бол Сатан ямар ч гэмшилгүйгээр түүнийг эргэлзээгүй хөнөөх байсан. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөөсэй гэдэггүй, мөн Бурханы нүдэнд зөв шударга хүмүүсийг болон төгс, шударга хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хэвээр байгаасай гэж ч хүсдэггүй. Яагаад гэвэл, хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашигласан. Тэгэхээр Иов сэтгэл санаанаас махбод руу, гаднаас дотогш хүртэл асар их зовлон шаналал амссан байгаа биз дээ. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид ойлгож чадахгүй ба Библийн тэмдэглэлүүдээс тэр үед зовлон шаналалд өртөж байх үеийн Иовын сэтгэлийн хөдөлгөөнийг хальтхан л олж харж чадна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?