Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

VIII хэсэг

13. Есүс дахин амилсныхаа дараа талх идэж, Бичвэрийг тайлбарласан нь

(Лук 24:30–32) Энэ үе өнгөрөхөд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв. Тэдний нүд нь гэрэлтэж, Түүнийг танихад, Тэрээр нүднийх нь өмнө алга болжээ. Мөн тэд нэг нэгэндээ, “Биднийг ярилцаж байхад Тэр бидэнд Ариун Библийг нээн үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.

14. Шавь нар нь Есүст хайрсан загас өгсөн нь

(Лук 24:36–43) Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, “Та бүхэн яагаад шаналав? Яагаад түмэн бодол та нарын зүрх сэтгэлд эргэлдэв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм: Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна” гэв. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр: “та нарт ямар нэг идэх юм байна уу?” гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

Одоо бид дээрх бичвэрийн эшлэлийг авч үзэцгээе. Эхний эшлэл нь Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх идэж, бичвэрийг тайлбарлаж байсан тухай өгүүлсэн бол хоёр дахь эшлэл нь Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлсэн. Энэ хоёр эшлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар төрлийн тусламж үзүүлэх вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр эшлэлээс та нар ямар төрлийн дүр зургийг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдахыг та нар төсөөлж чадах уу? Эсвэл хэрвээ Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас болон талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах вэ? Хэрэв чи өөрийгөө Эзэнтэй маш ойр дотно байгааг, мөн Тэр чамтай тун ойр дотно байгааг мэдэрсэн бол, энэхүү мэдрэмж зөв. Энэ бол Өөрийн амиллын дараа олон хүмүүсийн өмнө талх болон загас идсэнээр Эзэн Есүсийн олж авахыг хүссэн яг тэр үр жимс юм. Хэрвээ Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, хэрвээ тэд Түүнийг мах, ястай гэж мэдрэлгүйгээр зөвхөн Тэр бол хүрэхийн аргагүй Сүнс л гэж мэдэрсэн бол тэдэнд ямар санагдах вэ? Тэдний урам хугарахгүй гэж үү? Хүмүүсийн урам хугарах үед тэдэнд хаягдсан мэт санагдахгүй гэж үү? Тэдэнд Эзэн Есүс Христээс хол байгаа мэт санагдахгүй гэж үү? Энэ зай нь хүмүүс болон Бурханы хоорондын харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс мэдээж айж, Түүнд ойртож ч зүрхлэхгүй ба дараа нь Түүнийг хүндэтгэсэн зайд байлгах хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах ойр дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслахад хүргэх бөгөөд энэ нь мөн Эзэн Есүс Христийг бие махбодтой байх үед бий болсон, Тэр болон хүмүүсийн хооронд ямар ч зай байхгүй байсан ойр дотно харилцааг үгүй болоход хүргэх байсан. Сүнслэг биед хандах хүмүүсийн мэдрэмж нь зөвхөн айдас, зайлсхийлт болон дуугүй харц л байдаг. Тэд Түүнийг дагаж, итгэж эсвэл Түүнд найдах нь бүү хэл, Түүнтэй ойртож эсвэл ярилцаж ч зүрхэлдэггүй. Түүнд хандах хүмүүсийн ийм мэдрэмжийг Бурхан харах дургүй. Тэрээр хүмүүс Түүнээс зайлсхийж эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг харахыг хүсээгүй; Тэр зөвхөн хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байхыг л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан ч танихгүй байж, чамд дөхөж ирэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, хэрвээ тэдний төлөө хийсэн юм бүхнийг чинь тэд ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Энэ нь шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурханд яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст Өөрийн мах цуснаас бүрдсэн биеэрээ үзэгдэж, тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтнийг ч бас Түүнийг тэгж хараасай гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Одоо та нар Эзэн Есүс талх идэнгээ бичвэрийг тайлбарлаж байгаа болон шавь нар нь Түүнийг дахин амилсны дараа Түүнд хайрсан загас өгсөн тухай хоёр эшлэлийг Би сонгон авсны цаад санааг ойлгож байна уу?

Эзэн Есүсийн дахин амилснаасаа хойш хийсэн болон хэлсэн олон тооны зүйл нь гүн утгатай байсан бөгөөд сайхан санаагаар хийгдсэн гэж хэлж болох юм. Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд зориулсан сайхан санаа болон хайраар дүүрэн байсан ба махан биетэй байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй тогтоосон ойр дотно харилцаандаа тавих Түүний нягт нямбай анхаарал халамж, талархлаар дүүрэн байсан. Үүнээс ч илүүгээр тэдгээр нь бие махбодтой байх хугацаандаа Өөрийн дагалдагчидтай хамт хооллож, амьдарч байсан үеийн дурсамж, итгэл найдвараар дүүрэн байсан юм. Иймээс Бурхан хүмүүст, Бурхан болон хүмүүс хоорондоо хол хөндий мэт санагдаасай гэж хүсээгүй ба мөн хүн төрөлхтнийг Бурханаас холдоосой гэж хүсээгүй юм. Үүнээс ч илүүгээр, Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хүмүүстэй ойр дотно байсан Эзэн биш болсон гэж, Тэр сүнслэг ертөнц рүү буцан очиж, хэзээ ч харж, хүрч чадахгүй Эцэг дээрээ буцаж очсон учраас хүмүүстэй хамт байхаа больсон гэж хүн төрөлхтөнд санагдаасай гэж Тэр хүсээгүй. Тэр болон хүн төрөлхтний хооронд байр суурийн ялгаа байсан мэт хүмүүст санагдахыг Тэр хүсээгүй. Өөрийг нь дагахыг хүсэж байгаа боловч хүндэтгэсэн зайд барьж байгаа хүмүүсийг харахдаа Бурханы зүрх сэтгэл өвддөг, учир нь энэ бол тэдний зүрх сэтгэл Түүнээс маш хол байгаа гэсэн үг ба тэдний зүрх сэтгэлийг татах нь Түүний хувьд маш хэцүү байх болно гэсэн үг юм. Иймээс хэрвээ Тэр тэдний харж, эсвэл хүрч чадахгүй сүнслэг биетэйгээр хүмүүст үзэгдсэн бол энэ нь хүнийг Бурханаас дахин нэгэнтээ холдуулах байсан ба энэ нь, дахин амилсны дараах Христ нь өндөр дээд агаад хүмүүсээс өөр болж, хүмүүс нүгэлтэй, бохир заваан, хэзээ ч Бурхантай ойртож чадахгүй учраас цаашид хүнтэй хамт нэг ширээнд сууж, хооллохгүй нэгэн болсон хэмээн хүн төрөлхтөн андууран бодоход хүргэх байсан. Библид бичигдсэнээр, хүн төрөлхтний энэ буруу ойлголтыг арилгахын тулд Эзэн Есүс махан биетэй байхдаа байнга хийдэг байсан олон зүйлийг хийсэн, “Тэр талх авч түүнийг адислаад тэдэнд хуваан өгөв.” Түүнчлэн Тэр урьдынхтайгаа адилаар бичвэрийг тэдэнд тайлбарлаж өгсөн. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Түүнийг харсан хүн бүрд Эзэн өөрчлөгдөөгүй, Тэр бол урьдын Эзэн Есүс хэвээрээ гэдгийг мэдрүүлсэн. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийг туулсан боловч Тэр дахин амилсан ба хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр хүмүүсийн дунд байхаар эргэн ирсэн ба Түүний бүх зүйл өөрчлөгдөөгүй. Хүмүүсийн өмнө зогсож байсан хүний Хүү Эзэн Есүс хэвээрээ байсан. Түүний биеэ авч явах байдал болон хүмүүстэй ярих яриа нь тун танил санагдаж байсан. Тэр өгөөмөр сэтгэл, нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан—Тэр бусдыг Өөр шигээ хайрладаг, хүн төрөлхтнийг дал дахин долоон удаа өршөөж чадах Эзэн Есүс хэвээрээ байсан. Урьдын адилаар Тэр хүмүүстэй хамт хооллож, бичвэрийг тэдэнтэй хамт хэлэлцэж, бүр илүү чухал нь яг өмнөхтэйгөө адилаар Тэр мах, цуснаас бүтсэн байсан ба харагдаж, баригдаж байсан. Ийм байдлаар хүний Хүү хүмүүст, ойр дотно байдлыг мэдэрч, санаа амар байж, алдсан зүйлээ буцаан олж авахын баяр баяслыг мэдрэх боломж олгосон ба мөн тэдний хувьд хүн төрөлхтний нүглийг уучилж чадах хүний Хүүд зоригтойгоор итгэлтэйгээр найдаж, хүндэлж эхлэхэд амар байсан. Тэд мөн тээнэгэлзэх зүйлгүйгээр Эзэн Есүсийн нэрийн дор залбирч, Түүний нигүүлсэл, Түүний ерөөлийг олж авахаар, Түүнээс амар амгалан болон баяр баясгаланг олж авч, Түүнээс халамж, хамгаалалтыг авахын тулд залбирч эхэлсэн ба Эзэн Есүсийн нэрийн дор өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж эхэлсэн.

Эзэн Есүс махан биетэйгээр ажиллаж байх үед Түүний дагалдагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн баталгаажуулж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний дагалдагчдын хандлага нь хүлээлтийн хэлбэртэй байсан; Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийгдэх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд хүмүүс зүрх сэтгэл дэх эргэлзээгээ Эзэн Есүсийн бие махбодтой байх үедээ хэлсэн зүйлсийг үгүйсгэх үгүйсгэл болгон аль хэдийн өөрчилж эхэлсэн. Түүнийг булшнаас гарч, хүмүүст нэг нэгээр нь үзэгдэх үед Түүнийг өөрийн нүдээр харж, Түүний амиллын мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь аажмаар үгүйсгэлээс тээнэгэлзэл рүү шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг Өөрийн хажуу талд хүргэх үед, Эзэн Есүс дахин амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идэж, үүний дараа тэдний өмнө хайрсан загас идэх үед, зөвхөн тэр үед л тэд Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж та нар хэлж болно: тэдний өмнө зогсож байсан хүний Хүү нь эрт дээр үеэс хойш оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд Тэр аль хэдийн урт удаан хугацаанд хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан… Тэр үед хүмүүс Түүний оршихуй маш жинхэнэ, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн; тэд мөн маш их баяр баясгалантай, аз жаргалтай байсан ба үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр дүүрсэн. Түүний дахин илрэлт нь хүмүүст, Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, Түүний хүсэл эрмэлзлийг болон Түүний хүн төрөлхтөнд татагдах байдлыг мэдрэх боломж олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь, Эзэн Есүсийг харсан хүмүүст нэг насны амьдрал нь урсаад өнгөрсөн мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл нь тайвшралыг олсон. Тэд цаашид эргэлзээгүй эсвэл урам нь хугараагүй, учир нь тэдэнд шинэ найдлага байгаа мэт, итгэж найдах ямар нэг зүйл байгаа мэт санагдсан юм. Тэдний өмнө зогсож буй хүний Хүү үүрд мөнхөд тэдний ард байх ба Тэр үргэлжид тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болох юм.

Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч Түүний зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар хэлбэрээр оршин байх нь хамаагүй Тэр хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, хэдийд ч, хаана ч тэдэнтэй хамт байна гэдгээ Өөрийн илрэлтээрээ дамжуулан хүмүүст хэлсэн. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгож, тэдэнд хэзээ ч дахин арчаагүй мэт санагдуулахгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий ертөнц дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байгаа; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагалдагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа болих ба Түүнийг өөрсдийн нүглийн төлөөх тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдээр бол Өөрийнхөө амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн ажлын эдгээр хэсэг нь маш бага зүйлс байсан боловч Миний харж байгаагаар хийсэн зүйл нэг бүр нь маш утга учиртай, маш их үнэ цэнэтэй байсан бөгөөд тэдгээр нь маш чухал агаад ноцтой байсан.

Хэдийгээр Эзэн Есүсийн махан биед ажилласан үе нь бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан боловч мах цустай сүнслэг биеэрээ илэрснээрээ дамжуулан Тэр бие махбодтойгоор хүн төрөлхтнийг аврах тухайн үеийн Өөрийн ажлыг бүрэн дүүрэн, төгс хийж гүйцэтгэсэн юм. Тэр махан биетэй болсноор Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд Өөрийн махан биеийн хэлбэрээр хүн төрөлхтөнд үзэгдсэнээр Өөрийн үйлчлэлийг төгсгөсөн билээ. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг зарласан, Тэр Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар дамжуулан Нигүүлслийн эрин үеийг эхэлсэн. Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар дамжуулан Тэр Нигүүлслийн эрин үе дэх ажлыг хэрэгжүүлсэн ба Өөрийн бүх дагалдагчдаа Нигүүлслийн эрин үед хүчирхэгжүүлж, удирдсан. Бурханы ажлын тухайд, Тэр эхэлсэн зүйлээ үнэхээр дуусгадаг гэж хэлж болно. Төлөвлөгөө, алхмууд байдаг ба энэ нь Бурханы мэргэн ухаан, Түүний бүхнийг чадагч байдал, Түүний гайхалтай үйл хэргээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Бурханы хайр болон өршөөлөөр дүүрэн байдаг билээ. Мэдээж Бурханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх Түүний анхаарал халамж юм; үүнд Түүний хэзээ ч хойш тавьж чаддаггүй санаа тавих мэдрэмж нь нэвчсэн байдаг. Библийн эдгээр ишлэлүүдэд, Өөрийн амиллынхаа дараа Эзэн Есүсийн хийсэн юм бүхэнд илчлэгдсэн зүйл нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хувиршгүй найдвар, санаа тавилт байсан ба түүнчлэн Бурханы нягт нямбай халамж болон хүмүүсийг энхрийлэн хайрлах байдал байсан юм. Одоог болтол эдгээрийн нэг нь ч өөрчлөгдөөгүй—та нар үүнийг харсан уу? Үүнийг харах үед та нарын зүрх сэтгэл зүгээр л өөрийн мэдэлгүй Бурханд ойр болоогүй гэж үү? Хэрвээ та нар тэр үед амьдарч байгаад, Эзэн Есүс Өөрийнхөө амиллын дараа, харж болох бодитой хэлбэрээр та нарт үзэгдэж, хэрвээ та нарын өмнө сууж, талх загас идэн, та нарт бичвэрийг тайлбарлаж, та нартай ярилцсан бол та нарт ямар санагдах вэ? Та нарт жаргалтай санагдах уу? Буруутай мэт санагдах уу? Бурханы тухай өмнөх буруу ойлголт, Түүнээс зайлсхийх байдал, Бурхантай зөрчилдөх, Түүнд эргэлзэх байдал зэрэг нь—зүгээр л алга болохгүй гэж үү? Бурхан болон хүний хоорондын харилцаа илүү зүй зохистой болохгүй гэж үү?

Библийн эдгээр хязгаарлагдмал бүлгүүдийн тайлбараар дамжуулан та нар Бурханы зан чанар дахь ямар нэгэн өө сэвийг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы хайраас ямар нэгэн хуурамч байдлыг олж илрүүлсэн үү? Та нар Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухаанаас ямар нэгэн заль мэх, хорон мууг олж илрүүлсэн үү? Мэдээж үгүй! Одоо та нар Бурхан бол ариун гэж итгэлтэйгээр хэлж чадах уу? Бурханы сэтгэл хөдлөл нь бүхэлдээ Түүний мөн чанар болон зан чанарын илрэл гэж та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? Та нар эдгээр үгийг уншсаны дараа үүнээс ойлгосон зүйлс чинь та нарт тусалж, зан чанараа өөрчлөх болон Бурханаас эмээх эрэл хайгуулд чинь үр ашгаа өгөх болно гэж Би найдаж байна. Түүнчлэн эдгээр үг нь та нарт өдөр бүр өсөн нэмэгдэх үр ашиг өгч, үүнчлэн энэ эрэл хайгуулын явцад та нарыг Бурханд улам илүү ойртуулж, та нарыг Бурханы шаарддаг стандартад улам илүү ойртуулна, ингэснээр та нар үнэнийг эрж хайхаас уйдахаа болих бөгөөд зан чанараа өөрчлөх болон үнэний төлөөх эрэл хайгуул нь та нарт түвэгтэй эсвэл илүүц мэт санагдахаа болино гэж Би найдаж байна. Харин ч энэ нь, гэрлийг хүсэн мөрөөдөж, шударга ёсыг хүсэн мөрөөдөхөд болон үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар зорьж, Бурханаар авахуулах хүн болж, жинхэнэ хүн болохоор эрмэлзэхэд та нарыг зоригжуулдаг Бурханы жинхэнэ зан чанар болон Бурханы ариун мөн чанарын илэрхийлэл юм.

Өнөөдөр бид Нигүүлслийн эрин үед анх удаа бие махбодтой болох үедээ Бурханы хийсэн зарим зүйлсийн талаар ярилцлаа. Эдгээр зүйлээс бид Түүний махан биед байхдаа илэрхийлж, илчилсэн зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын бүх талыг харлаа. Түүнд юу байгаа болон Тэр юу болохын эдгээр бүх талууд нь маш хүмүүнлэг харагддаг боловч үнэндээ бол Түүний илчилж, илэрхийлсэн бүхний мөн чанар нь Түүний хувийн зан чанараас салшгүй юм. Хүн чанар дахь Өөрийн зан чанарыг илэрхийлж буй бие махбодтой болсон Бурханы бүх арга, бүх тал нь Түүний хувийн мөн чанартай салшгүй холбогдсон байдаг. Иймээс Бурхан бие махбодтой байдлаар хүн төрөлхтөн дээр ирсэн нь маш чухал бөгөөд махан биетэйгээр Түүний хийсэн ажил ч бас маш чухал юм. Түүний илчилсэн зан чанар болон Түүний илэрхийлсэн хүсэл нь махан биетэйгээр амьдарч байгаа хүн бүхэнд болон ялзрал дунд амьдарч байгаа хүн бүхэнд бүр ч илүү чухал юм. Энэ нь та нарын ойлгож чадах зүйл байна уу? Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгосныхоо дараа та нар Бурханд яаж хандах ёстой талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэн үү? Энэ асуултын хариуд Би дүгнэлт болгон та бүхэнд гурван сануулгыг өгч байна: Нэгдүгээрт, Бурханыг бүү шалга. Чи Бурханы тухай хэчнээн их ойлгож байгаа нь хамаагүй, Түүний зан чанарын талаар хэр их мэдэж байгаа нь хамаагүй Түүнийг шалгаж огтхон ч болохгүй. Хоёрдугаарт, Бурхантай байр суурь бүү булаацалд. Бурхан чамд ямар байр суурь өгсөн нь эсвэл Тэр чамд ямар ажил даалгасан нь хамаагүй, Тэр чамаар ямар үүрэг гүйцэтгүүлэхээр өргөх нь хамаагүй, чи Бурханы төлөө хэчнээн ихийг зарцуулж, золиослосон нь хамаагүй Түүнтэй байр суурь огтхон ч бүү булаацалд. Гуравдугаарт, Бурхантай битгий тэмцэлд. Бурханы чамд хийсэн зүйлийг, чиний төлөө Түүний зохицуулсан зүйлийг, Түүний чамд авчирсан зүйлийг чи ойлгож эсвэл дуулгавартай дагаж байгаа эсэх нь хамаагүй Бурхантай огтхон ч бүү тэмцэлд. Хэрвээ чи энэ гурван сануулгыг биелүүлж чадах юм бол харьцангуй аюулгүй байх бөгөөд Бурханыг тийм ч амархан уурлуулахгүй. Өнөөдрийн хуваалцах зүйл ингээд дууслаа!

2013 оны 11 дүгээр сарын 23

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих