Бурханы ажил ба хүний ажил (II хэсэг)
Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм. Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай, үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, өөр янзын удирдлагатай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагалдагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хэрвээ хүн шаардлага хангасан удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байж болох ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлнө. Бурханы гүйцэтгэдэг ажил хүний махан биетэй нийцдэггүй. Энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь шашны тодорхойгүй өнгө аястай холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хүн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.
Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь туршлага доторх ухаарал, мэдлэг байдаг. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах эрхтэнтэй болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг эрхтэн байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй; зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх ёстой эрхтэн юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах эрхтэнээ алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ ч бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махбодоор юм уу Сүнсээр шууд илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билиг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага, эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр юм уу дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл, тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билиг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлэл олон дүрэм журамд баригддаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.
Олон жил ажилласны дараа хүн тэр хугацааныхаа ажлын туршлага, хуримтлагдсан мэргэн ухаан, дүрэм журмыг нэгтгэн дүгнэнэ. Удаан хугацааны турш ажилласан хүмүүс Ариун Сүнсний ажлын хөдөлгөөнийг хэрхэн мэдрэхээ мэддэг; Ариун Сүнс хэзээ ажиллаж байгаа, хэзээ ажиллахгүй байгааг мэддэг; ачаа үүрч байх үедээ хэрхэн нөхөрлөхөө мэддэг; Ариун Сүнсний ажлын хэвийн байдал болон хүмүүсийн амийн өсөлтийн хэвийн байдлыг мэддэг. Энэ бол олон жил ажилласан, Ариун Сүнсний ажлыг мэддэг хүн юм. Олон жил ажилласан хүмүүс эргэлзээгүйгээр, тайван ярьдаг; хэлэх юмгүй байхдаа ч гэсэн тайван дөлгөөн байдаг. Дотроо тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайн залбирсаар байж чаддаг. Тэд ажилдаа туршлагажсан байдаг. Удаан хугацаанд ажилласан, ихээхэн хичээл, туршлагатай хүмүүсийн дотор Ариун Сүнсний ажилд саад учруулах зүйл олон байдаг; энэ бол удаан хугацааны ажлынх нь дутагдалтай тал юм. Дөнгөж ажиллаж эхэлсэн хүн хүний сургамж, туршлагаар дутмаг, ялангуяа Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар мэдэх ч үгүй байдаг. Гэхдээ ажлын явцад тэрээр Ариун Сүнс хэрхэн ажилладгийг аажмаар мэдэрч сурдаг ба Ариун Сүнсний ажилтай байхын тулд юу хийх, бусдын яг сул талыг цохихын тулд юу хийх гэх мэт ажиллаж байгаа хүмүүсийн эзэмших шаардлагатай ердийн мэдлэгийг мэдэж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр ажиллах тухай тийм мэргэн ухаан, ерөнхий мэдлэгийг арван хуруу шигээ мэддэг болж, ажиллах үедээ тэдгээрийг хялбархан ашиглаж байгаа мэт санагддаг. Гэвч, Ариун Сүнс ажиллах байдлаа өөрчлөх үед тэр, хуучин ажлын мэдлэг болон хуучин ажлын дүрэмтэйгээ л зууралддаг бөгөөд ажлын шинэ хөдөлгөөний тухай тун бага мэддэг. Олон жилийн ажил, Ариун Сүнсний оролцоо болон удирдамжаар дүүрэн байсан нь түүнд ажиллах сургамж, туршлагыг улам их өгдөг. Ийм зүйлс нь түүнийг бардамнал бус, харин өөртөө итгэх итгэлээр дүүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байж, Ариун Сүнсний ажлаас олж авсан ерөнхий мэдлэгтээ ханамжтай байдаг. Ялангуяа, бусад хүмүүсийн олж аваагүй, ухаараагүй зүйлс нь түүнд өөртөө илүү их итгэх итгэлийг өгдөг; түүний доторх Ариун Сүнсний ажил хэзээ ч алга болохгүй, харин бусад нь ингэж онцгойлуулах эрхгүй юм шиг санагддаг. Олон жилийн турш ажилласан, ашиглалтын үнэ цэн ихтэй түүн шиг төрлийн хүмүүс л үүнийг эдлэхэд тохирно. Эдгээр зүйл Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авахад нь асар их саад болдог. Тэрээр шинэ ажил хүлээн авч чадах байсан ч гэсэн ганцхан шөнийн дотор хийж чадахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө хэд хэдэн нугачааг давах нь гарцаагүй. Түүний хуучин үзэлтэй харьцаж, хуучин зан чанарыг нь шүүсний дараа л энэ нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөж болно. Эдгээр алхмыг туулахгүйгээр тэр бууж өгч, хуучин үзэлтэй нь үл зохилдох шинэ сургаал болон ажлыг хялбархан хүлээн авахгүй. Энэ бол хүний доторх харьцахад хамгийн хэцүү зүйл бөгөөд үүнийг өөрчлөх нь амаргүй. Хэрвээ, ажилчин болохын хувьд тэр Ариун Сүнсний ажлыг ойлгох чадвартай, хөгжил хөдөлгөөнийг нь дүгнэх чадвартай, түүнчлэн ажлын туршлагадаа хязгаарлагдахгүй байж, хуучин ажлын үр дүнд шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаг бол ухаалаг агаад уг ажилд тэнцсэн ажилчин юм. Хүмүүс ихэвчлэн ийм байдаг: Тэд ажлын туршлагаа дүгнэж чадалгүй хэдэн жил ажилладаг, эсвэл ажлын туршлага, мэргэн ухаанаа нэгтгэн дүгнэсний дараа шинэ ажлыг хүлээн авахад нь саад тулгараад, хуучин болон шинэ ажлыг зөвөөр ойлгож, тэдгээрт зөв зүйтэй хандаж чаддаггүй. Хүмүүсийн учрыг олоход үнэхээр хэцүү! Та нарын ихэнх нь ийм байдаг. Олон жил Ариун Сүнсний ажлыг туулсан хүмүүсийн хувьд шинэ ажлыг хүлээн авахад хэцүү байдаг бөгөөд хойш тавьж чадахгүй үзлээр үргэлж дүүрэн байдаг байхад харин дөнгөж ажиллаж эхэлсэн хүмүүст ажлын тухай ерөнхий мэдлэг дутмаг байдаг ба хамгийн энгийн хэрэг явдлуудыг ч яаж шийдэхээ мэддэггүй. Хүмүүс та бүхэн үнэхээр хэцүү! Жаахан зиндаа дээгүүр болмогцоо биеэ тоож, ихэрхүү зан гаргаж, хэзээ төрснөө мартдаг. Тэд залуусыг үргэлж дорд үздэг, гэсэн атлаа өөрсдөө шинэ ажлыг хүлээн авч чаддаггүй, олон жилийн турш цуглуулж, хадгалсан хуучин үзлээсээ салж чаддаггүй. Мэдлэггүй тэр залуус Ариун Сүнсний шинэ ажлын багахныг хүлээн авах чадвартай, нэлээд урам зоригтой байдаг ч асуудал тулгарах үед үргэлж будилж, яахаа мэддэггүй. Тэд урам зоригтой байдаг ч мэдлэггүй. Тэд Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн мэдлэгтэй байхын дээр түүнийгээ амьдралдаа ашиглаж чаддаггүй; энэ нь зүгээр л тэр чигтээ хэрэггүй хоосон сургаал юм. Та нар шиг хүмүүс хэтэрхий олон байдаг; хэчнээн нь энэ ажилд тохирох бол? Хэд нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг дуулгавартай дагаж, Бурханы хүсэлтэй нийцэж чадах бол? Одоог хүртэл дагалдагч байсаар ирсэн та бүхэн маш дуулгавартай байсан мэт санагдаж байгаа ч үнэндээ та нар өөрсдийн үзлийг орхиогүй, одоог хүртэл Библиэс эрж хайж, тодорхойгүй байдалд итгэж, үзэлдээ хэрэн хэсүүчилдэг. Өнөөдрийн бодит ажлыг анхааралтай судалж, гүн рүү нь ордог хэн ч үгүй. Та нар хуучин үзлээрээ өнөөдрийн замыг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм итгэл үнэмшлээс та нар юу олж авч чадах юм бэ? Та нарын дотор илчлэн харуулаагүй маш олон үзэл нуугддаг гэж хэлж болох ба та нар тэдгээрийг нуун далдалж, амархан илчлэхгүйн тулд дээд зэргийн хичээл чармайлт гаргаж байгаа. Та нар шинэ ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаггүй, хуучин үзлээсээ салахаар төлөвлөдөггүй; та нарт хэтэрхий олон амьдралын гүн ухаан байдаг ба тэдгээр нь нэлээд их. Та нар хуучин үзлээ хаядаггүй, шинэ ажилтай дурамжхан харьцдаг. Та нарын зүрх сэтгэл хэтэрхий зусар бөгөөд шинэ ажлын алхмуудыг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар шиг ийм гологдлууд сайн мэдээ түгээх ажлыг хийж чадах уу? Үүнийг бүхий л орчлон ертөнц даяар түгээх ажлыг хийж чадна гэж үү? Та нарын энэ хэрэгжүүлэлт зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэхэд чинь саад учруулж байна. Хэрвээ та нар ийнхүү үргэлжлүүлбэл таягдан хаягдах болно.
Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Тэр юу болох юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Тэр юу болох бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлаас хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг таньж чадахгүй. Бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг хүн биш гэж л тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Тэрээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.
Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой. Хэрвээ Бурханы Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний ажил л байсан бол чи хүмүүсийн сургаал нь өндөр бөгөөд хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд хэв чанар сайтай, өндөр дээд мэдлэгтэй энэ хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи хүн чанар нь хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн, бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг нэг талаар биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, оюун дүгнэлт нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; ийм шинж чанар нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг боловч тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Сайн ажиллаж чаддаг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг боловч тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй; харин ч Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг нь мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, Түүнд захирагдвал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг хүндэлдэг. Харин Түүний талаарх үзлээ орхидоггүй, Түүнийг Бурхан гэж ер үздэггүй хүмүүст Бурханыг гэх хүндэтгэл байдаггүй, хэдийгээр тэд Бурханыг дагадаг ч байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүтээгдсэн бүх зүйл Бүтээгчийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж, Түүнд шүтэн мөргөж, ямар ч болзолгүйгээр Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр ингэж ажилладаг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхээр зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулсан хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй бол, мөн урьдын дуулгаваргүй байдал нь огтхон ч өөрчлөгддөггүй бол таягдан хаягдах нь гарцаагүй. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн бишрэх юм уу зайнаас хүндлэх явдал боловч Түүнийг өчүүхэн ч хайрладаггүй бол энэ нь Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрсэн үр дүн бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутдаг. Хэрвээ ийм их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг олж аваагүй бөгөөд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэггүй. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авч чаддаггүй, Бурханы сайшаалыг хүртэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг яаж ч туулж, шүүлтийг яаж ч туулсан бай, Бурханыг хүндэлж чаддаггүй. Тэд бол уг чанар нь өөрчлөгдөшгүй, туйлын хорон муу зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүн таягдан хаягдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүсийн адилаар шийтгүүлж, зөв шударга бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү зовох болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?