Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой (II хэсэг)
Хамгийн агуу мэргэн ухаан юу болохыг та нар мэдэх үү? Та нар одоогийн биеийн хэмжээндээ үндэслэн итгэлдээ юуг анхаарах ёстойгоо, мөн эрэлхийлж, хэрэгжүүлэхэд хамгийн агуу мэргэн ухаан юу болохыг мэдэх үү? Зарим хүн гаднаасаа тийм ч ур чадвартай биш юм шиг харагдаж, үргэлж чимээгүй, даруухан байдаг. Тэд нэг их ярьдаггүй ч зүрх сэтгэлд нь бусдад байдаггүй агуу их мэргэн ухаан байдаг. Ихэнх хүн үүнийг харж чаддаггүй, чадсан ч үүнийг мэргэн ухаан гэж үзэхгүй. Тэд үүнийг шаардлагагүй, үнэ цэнгүй гэж бодох болно. Тэдний энэ хамгийн агуу мэргэн ухаан юу болохыг та нар бодож үзэж чадах уу? (Бурханы өмнө үргэлж тайван байж, үргэлж Бурханд залбирч, үргэлж Бурханд ойртдог зүрх сэтгэлтэй байх.) Зөв хариултад бага зэрэг ойртлоо. Бурханд ойртохын зорилго юу вэ? (Бурханы хүслийг эрж хайх.) Бурханы хүслийг эрж хайхын зорилго юу вэ? Түүнд найдах явдал уу? (Тийм.) Зорилго нь Бурханд найдахын төлөө юм. Хэрэв бүх зүйл дээр Бурханд найдвал Бурхан чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, замчлах болно. Чи харанхуйд сохор хүн шиг тэмтчих шаардлагагүй, зүгээр л Бурханы үгийн дагуу үйлдэж чадна. Энэ нь хамаагүй хялбар биш гэж үү? Чи дахиж тэмтэрч явах шаардлагагүй, зүгээр л Бурханы зааж өгснөөр хийж болно. Энэ нь хялбар, хурдан бөгөөд тойруу замаар явж өөрийгөө ядраах шаардлагагүй. Бурхан Өөрийн үгийг маш тодорхой хэлсэн тул чи яаж үйлдэхээ шийдэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ мэргэн ухаан биш гэж үү? Та нар одоо ойлгож байна уу? Би та нарт хэлье: Хамгийн агуу мэргэн ухаан бол бүх зүйл дээр Бурханд хандаж, Бурханд найдах явдал юм. Үүнийг эгэл жирийн хүмүүс ухаардаггүй. Илүү олон цуглаанд оролцож, илүү олон номлол сонсож, ах эгч нартайгаа илүү их нөхөрлөж, илүү ихийг орхиж, илүү их зовж, илүү их төлөөс төлбөл Бурханы сайшаал, авралыг хүртэнэ гэж хүмүүс бүгд боддог. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хамгийн агуу мэргэн ухаан гэж тэд боддог ч Бурханд хандаж, Бурханд найдах гэсэн хамгийн том асуудлыг үл ойшоодог. Тэд хүний ялихгүй ухаалаг байдлыг мэргэн ухаан гэж үзээд, өөрсдийнхөө үйлдлийн хүрэх ёстой эцсийн үр нөлөөг үл тоодог. Энэ нь алдаа юм. Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг гүйцэтгэсэн ч бай, тэдгээр үүргийг гүйцэтгэж байхдаа хэчнээн их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Түүнд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Би яагаад үүнийг хамгийн агуу мэргэн ухаан гэдэг вэ? Хүн зарим үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найддаггүй бол болно гэж үү? Зарим хүн Бурханд олон жил итгэсэн, хэд хэдэн шалгалт туулсан, тодорхой бодит туршлагатай, зарим үнэнийг ойлгодог, үнэний талаар багагүй бодит мэдлэгтэй байдаг ч Бурханд хэрхэн найдахаа мэддэггүй, хэрхэн Бурханд хандаж, найдахаа ч ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй. “Би олон үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдалтай. Аливааг зүгээр л зарчимч байдлаар хийхэд болно. Би Бурханд үнэнч, бас Бурханд яаж ойр дотно болохыг мэднэ. Надад ямар нэг зүйл тохиолдох үед үнэнийг хэрэгжүүлдэг бол хангалттай биш үү? Бурханд залбирч, Бурханд хандах ямар ч шаардлагагүй” гэж зарим хүн хэлдэг. Үнэнийг хэрэгжүүлэх нь зөв, гэвч хүмүүс ямар үнэн, ямар үнэн-зарчим хамаатай байгааг мэдэхгүй байх тохиолдол, нөхцөл байдал олон байдаг. Бодит туршлагатай бүх хүн үүнийг мэднэ. Жишээлбэл, чи зарим асуудалтай тулгарах үедээ уг асуудал ямар үнэнтэй хамаатайг юм уу тухайн асуудалтай холбоотой үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, эсвэл хэрхэн ашиглах ёстойг мэдэхгүй байж магадгүй. Ийм үед чи яах ёстой вэ? Чи хэчнээн их бодит туршлагатай ч бай, бүх нөхцөл байдалд үнэн-зарчмыг ойлгож чадахгүй. Бурханд хэчнээн олон жил итгэж, хэдий олон зүйл туулж, хэр их засалт, сахилгажуулалт туулсан ч гэсэн, хэдий үнэнийг ойлгодог ч гэсэн, чи өөрийгөө үнэн гэж хэлж зүрхлэх үү? Өөрийгөө үнэний эх сурвалж гэж хэлж зүрхлэх үү? “Үг нь махбодоор илэрсэн гэх номын тэдгээр алдартай айлдвар болон хэсгийг би цээжээр мэднэ; Би Бурханд найдаж, Бурханд хандах шаардлагагүй. Цаг нь ирэхэд Бурханы тэдгээр үгэнд найдахад л болно” гэж зарим хүн хэлдэг. Чиний цээжилсэн үг үхширмэл, харин тулгардаг орчин, байгаа байдал чинь хөдөлгөөнтэй байдаг. Чи бичиг үсэг, хоосон сургаал чалчиж чаддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход юу ч хийж чаддаггүй нь үнэнийг ойлгодоггүй гэдгийг чинь нотолдог. Чи бичиг үсэг, хоосон сургаалыг цээжээр уншихдаа хэчнээн сайн байх нь хамаагүй, энэ нь үнэнийг ойлгодог гэсэн үг биш, үнэнийг хэрэгжүүлж чаддаг гэсэн үг бүр ч биш. Иймд эндээс сурах маш чухал нэг хичээл бий. Энэ хичээл нь юу вэ? Энэ бол, хүмүүс бүх зүйл дээр Бурханд хандах хэрэгтэй бөгөөд ингэснээр л тэд Бурханд найддаг болж чадна. Бурханд найдсанаар л тэд дагах замтай, Ариун Сүнсний ажилтай болно. Эс тэгвэл чи ямар нэг зүйлийг зөв зүйтэй, үнэнийг зөрчихгүйгээр хийж чадах ч Бурханд найддаггүй бол үйлдэл чинь ердөө л хүний сайн үйл бөгөөд Бурханыг хангалуун болгож чадахгүй. Хүмүүс үнэний талаар маш өнгөцхөн ойлголттой байдаг тул янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ нэг л үнэнийг хэрэглэснээр дүрэм журмыг дагаж, бичиг үсэг, хоосон сургаалтай гөжүүдлэн зууралдах магадлалтай байдаг. Тэд олон асуудлыг ерөнхийдөө үнэн-зарчимд нийцэлтэйгээр гүйцэтгэж болох ч Бурханы удирдамжийг үүнээс харах боломжгүй, Ариун Сүнсний ажлыг ч харах боломжгүй. Энд нэг ноцтой асуудал байгаа нь хүмүүс өөрсдийн ойлгосон туршлага, дүрэм журам, хүний тодорхой нэг төсөөлөл дээр тулгуурлаж олон зүйлийг хийдэг явдал юм. Бурханд чин сэтгэлээсээ залбирч, хийж буй бүхэндээ Бурханыг үнэхээр харж, Бурханд найддаг болоход хэцүү байдаг. Хүн Бурханы хүслийг ойлгодог байсан ч гэсэн Бурханаар замчлуулж, үнэн-зарчмын дагуу үйлдэх үр нөлөөнд хүрэхэд хэцүү байдаг. Энэ шалтгааны улмаас бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм гэж Би хэлдэг.
Бүх зүйл дээр Бурханд хандаж, Бурханд найдахыг хүмүүс хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Зарим хүн: “Би залуу байна, биеийн хэмжээ минь жижиг байна, Бурханд итгээд удаагүй. Ямар нэг зүйл тохиолдоход яаж Бурханд хандаж, Бурханд найдахыг хэрэгжүүлэхийг мэдэхгүй байна” гэж хэлдэг. Энэ асуудал мөн үү? Бурханд итгэхэд олон бэрхшээл байдаг бөгөөд олон гай зовлон, шалгалт, шаналлыг туулах хэрэгтэй. Хүнд хэцүү үеийг туулахын тулд Бурханд хандаж, Бурханд найдахыг энэ бүх зүйл шаарддаг. Хэрвээ чи Бурханд хандаж, Бурханд найдахыг хэрэгжүүлж чадахгүй бол бэрхшээлийг туулж чадахгүй, Бурханыг дагаж чадахгүй. Бурханд хандаж, Бурханд найдах нь дэмий хоосон сургаал биш, Бурханд итгэх тарни ч биш. Харин ч гол үнэн буюу Бурханд итгэж, Бурханыг дагахын тулд эзэмших ёстой үнэн юм. Зарим хүн: “Бурханд хандаж, Бурханд найдах нь томоохон үйл явдал тохиолдоход л хамаатай. Жишээлбэл, чи гай зовлон, шалгалт, баривчилгаа, хавчлагатай тулгарах үедээ, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлтэй тулгарах үедээ, харьцалт туулах үедээ л Бурханд хандаж, Бурханд найдах хэрэгтэй. Хувийн амьдралын ялихгүй асуудлууд дээр Бурханд хандаж, Бурханд найдах шаардлагагүй, учир нь Бурхан тэдгээрийг тоодоггүй” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Мэдээж зөв биш. Энд гажуудал байна. Томоохон асуудал дээр Бурханд хандах зайлшгүй хэрэгтэй боловч амьдралын аар саар зүйлс, жижиг асуудлуудыг чи зарчимгүйгээр зохицуулж чадах уу? Хувцаслах, хооллох зэрэг асуудал дээр чи зарчимгүйгээр үйлдэж чадах уу? Мэдээж чадахгүй. Хүмүүс болон хэрэг явдалтай харьцах тухайд ямар вэ? Мэдээж чадахгүй. Өдөр тутмын амьдрал болон аар саар асуудлууд дээр ч гэсэн чи ядаж л хүний төрхийг амьдран харуулж чадах зарчимтай байх ёстой. Зарчимтай холбоотой асуудлууд бол үнэнтэй хамаатай асуудлууд юм. Хүмүүс тэрийг өөрсдөө шийдвэрлэж чадах уу? Мэдээж үгүй. Иймээс чи Бурханд хандаж, Бурханд найдах ёстой. Бурханы гэгээрлийг хүртэж, үнэнийг ойлгох үед л эдгээр аар саар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бурханд ханддаггүй, Бурханд найддаггүй бол зарчимтай холбоотой эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна гэж та нар бодож байна уу? Шийдвэрлэхэд мэдээж амаргүй. Хүмүүс тодорхой харж чаддаггүй, үнэнийг эрж хайх шаардлагатай байдаг бүх зүйл дээрээ Бурханд хандаж, Бурханд найдах ёстой гэж хэлж болно. Хэр том, жижиг байх нь хамаагүй, үнэнээр шийдвэрлэх хэрэгтэй ямар ч асуудал дээр Бурханд хандаж, Бурханд найдах шаардлагатай. Энэ бол зайлшгүй зүйл юм. Хүмүүс үнэнийг ойлгодог, асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чаддаг байлаа ч эдгээр ойлголт, шийдэл нь хязгаарлагдмал, өнгөцхөн байдаг. Хэрвээ хүмүүс Бурханд хандаж, Бурханд найдахгүй бол оролт нь хэзээ ч гүн гүнзгий байж чадахгүй. Жишээлбэл, хэрвээ чи өнөөдөр өвчтэй байгаад, энэ нь үүргийн чинь гүйцэтгэлд нөлөөлбөл энэ асуудлын талаар залбирч, “Бурхан минь, өнөөдөр бие минь сайнгүй, юм идэж чадахгүй байгаа нь үүргийн минь гүйцэтгэлд нөлөөлж байна. Би өөрийгөө шинжлэх ёстой. Өвчтэй байгаагийн минь жинхэнэ шалтгаан юу юм бэ? Үүргээ үнэнчээр гүйцэтгээгүйн минь төлөө Бурхан намайг сахилгажуулж байгаа юм уу? Бурхан минь, намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Танаас гуйя” гэж хэлэх хэрэгтэй. Чи ингэж хашхирах ёстой. Энэ нь Бурханд хандаж буй хэрэг. Гэхдээ чи Бурханд хандах үедээ зүгээр л нэг ёсорхож, дүрэм журмыг мөрдөж болохгүй. Хэрвээ чи асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй бол аливааг саатуулна. Бурханд залбирч, Бурханд хандсаныхаа дараа чи гүйцэтгэх ёстой үүргээ хойш тавилгүйгээр зохих ёсоор амьдрах ёстой. Хэрвээ чи өвчин тусвал эмчид үзүүлэх ёстой, энэ нь зүй ёсны зүйл. Үүний зэрэгцээ чи залбирч, өөрийгөө эргэцүүлж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь л бүхэлдээ зүй ёсны юм. Хүмүүс тодорхой зүйлсийг яаж зөв зохистой хийхээ мэддэг бол тэгж хийх ёстой. Хүмүүс ингэж хамтран ажиллах ёстой. Гэхдээ эдгээр асуудал дээр хүссэн үр дүн, зорилгодоо бүрэн хүрч чадах эсэх нь Бурханд хандаж, Бурханд найдахаас шалтгаална. Хүмүүс тодорхой харж чаддаггүй, өөрсдөө сайн зохицуулж чаддаггүй асуудлууд дээрээ бүр ч их Бурханд хандаж, тэдгээрийг шийдвэрлэх үнэнийг эрж хайх ёстой. Үүнийг хийх чадвар бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой зүйл юм. Бурханд хандахдаа сурах ёстой олон хичээл бий. Бурханд хандах явцдаа чи Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж магадгүй бөгөөд замтай болно, эсвэл Бурханы үг чам дээр ирвэл чи яаж хамтран ажиллахаа мэдэж, эсвэл магадгүй Бурхан чамд сургамж өгөх зарим нөхцөл байдлыг зохицуулна, үүнд Бурханы сайн санаа зорилго агуулагддаг. Бурханд хандах явцдаа чи Бурханы удирдамж, удирдлагыг харна, эдгээр нь олон сургамж авч, Бурханыг илүү сайн ойлгоход чинь тусална. Энэ бол Бурханд хандсанаар гарах үр дүн юм. Тиймээс Бурханд хандах нь Бурханыг дагадаг хүмүүсийн үргэлж сурах ёстой хичээл бөгөөд насан туршдаа туулаад ч дуусахгүй зүйл юм. Хэтэрхий бага туршлагатай, Бурханы үйлдлийг харж чадахгүй олон хүн байдаг, иймээс тэд “Миний өөрөө хийж чадах олон жижиг зүйл бий, тэрэн дээр би Бурханд хандах шаардлагагүй” гэж боддог. Энэ бол буруу юм. Зарим жижиг зүйл том зүйл рүү хөтөлдөг бөгөөд зарим жижиг зүйлд Бурханы хүсэл нуугдаж байдаг. Олон хүн жижиг зүйлийг үл тоодог, үүний үр дүнд тэд багахан асуудлаас болоод томоохон ухралттай тулгардаг. Үнэхээр Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүмүүс том, жижиг асуудлын алинд ч Бурханд хандаж, Бурханд залбирч, бүхнийг Бурханд даатгаад, дараа нь Бурхан өөрсдийг нь яаж удирдаж, залж чиглүүлэхийг хардаг. Чи ийм туршлагатай болох л юм бол бүх зүйл дээр Бурханд хандаж чаддаг болох ба ингэж туршлагажих тусмаа бүх зүйл дээр Бурханд хандах нь маш бодитой юм гэдгийг улам мэдэрнэ. Ямар нэг асуудал дээр Бурханд хандах үед чинь Бурхан чамд мэдрэмж, тодорхой утга учир, эсвэл бүр тодорхой зааварчилгаа өгөхгүй байх боломжтой, гэхдээ Бурхан энэ асуудалтай яг таг холбоотой нэг санааг чамд ойлгуулна, энэ нь Бурхан өөр арга барил ашиглан чамайг залж чиглүүлж, чамд зам өгч буй хэрэг юм. Хэрвээ чи үүнийг мэдэрч, ойлгож чадвал ашиг тус хүртэнэ. Чи тухайн үедээ юу ч ойлгоогүй байж болох ч үргэлжлүүлэн залбирч, Бурханд хандах ёстой. Үүнд ямар ч буруу юм байхгүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чи гэгээрнэ. Ингэж хэрэгжүүлэх нь дүрэм журмыг мөрдөнө гэсэн үг биш. Харин энэ нь сүнсний хэрэгцээг хангах явдал бөгөөд хүмүүс ингэж хэрэгжүүлэх ёстой. Чи Бурханд залбирч, Бурханд хандах болгондоо гэгээрэл, удирдамж хүлээн авахгүй байж болох ч хүмүүс ингэж хэрэгжүүлэх ёстой бөгөөд үнэнийг ойлгохыг хүсвэл тэд ингэж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол амь болон сүнсний хэвийн байдал, зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж чадна, ингэснээр тэдний зүрх сэтгэл Бурханд ойр байна. Тиймээс Бурханд хандах нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурхантай харилцах хэвийн харилцаа юм гэж хэлж болно. Чи Бурханы гэгээрэл, удирдамжийг хүлээн авч чадах эсэхээс үл хамааран бүх зүйл дээр Бурханд залбирч, Бурханд хандах ёстой. Энэ нь ч бас Бурханы өмнө амьдрах зайлшгүй арга зам юм. Хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагах үедээ үргэлж Бурханд хандах сэтгэлгээтэй байх ёстой. Энэ бол хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой сэтгэлгээ юм. Заримдаа Бурханд хандана гэдэг нь тусгай үг ашиглан Бурханаас ямар нэг зүйл хийхийг гуйх юм уу Түүнээс тусгай удирдамж, хамгаалалт хүсэхийг хэлдэггүй. Харин ч хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудаж чаддаг байхыг хэлдэг. Тэгвэл хүмүүсийг дуудах үед Бурхан юу хийж байдаг вэ? Хүний зүрх сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь, би үүнийг өөрөө хийж чадахгүй, яаж хийхээ мэдэхгүй, тэгээд надад сул дорой, сөрөг санагдаж байна…” гэсэн бодол төрөх үед Бурхан энэ талаар мэддэггүй гэж үү? Хүмүүст ийм бодол төрөх үед зүрх сэтгэл нь чин үнэнч байдаг уу? Тэд Бурханыг ийм маягаар чин сэтгэлээсээ дуудах үед Бурхан туслахаар зөвшөөрдөг үү? Тэд ганц ч үг ган хийгээгүй байж болох ч чин сэтгэлээ харуулдаг тул Бурхан туслахаар зөвшөөрдөг. Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, түшиж тулах хүнгүй болж, тун арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан сонсох үедээ бэрхшээлийг чинь хардаг ба чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж, чамд тусална. Хүний зүрх сэтгэл хэдийд хамгийн чин үнэнч байдаг вэ? Гарах гарцгүй үед Бурханд хандахдаа хүн чин сэтгэлээсээ байдаг. Бурханд хандах үедээ байлгах хамгийн чухал зүйл бол чин үнэнч зүрх сэтгэл юм. Чамд Бурхан үнэхээр хэрэгтэй байдалд чи байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн зүрх сэтгэл ядаж л хуумгай бус, чин үнэнч байх ёстой; тэд зүрх сэтгэлээ биш, зөвхөн амаа хөдөлгөх ёсгүй. Хэрвээ чи Бурхантай ярилцахдаа аргацаадаг ч зүрх сэтгэл чинь хөдөлдөггүй, хэлж байгаа чинь “Би өөрийн гэсэн төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан, Бурхан минь би Танд зүгээр л мэдэгдэж байна. Таныг зөвшөөрсөн ч, үгүй ч би төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Би зүгээр л хэлбэрдэж байна” гэсэн утгатай бол асуудал гарлаа гэсэн үг. Чи Бурханыг мэхэлж, Бурханаар тоглож байна, энэ ч бас Бурханыг үл хүндэлдгийн илэрхийлэл юм. Үүний дараа Бурхан чамд яаж хандах вэ? Бурхан чамайг үл тоож, хойш тавина, тэгээд чи бүрмөсөн шившиглэгдэнэ. Хэрвээ чи Бурханыг идэвхтэйгээр эрж хайдаггүй, үнэнд хичээл чармайлт гаргадаггүй бол таягдан хаягдана.
Бурханд итгэдэг ихэнх хүн ийм байдалд байдаг. Ихэнх тохиолдолд тэд бодолгүй, ухамсаргүй нөхцөлд амьдардаг бөгөөд ер бусын зүйл тохиолдоогүй, хүнд хэцүү байдалд ороогүй үедээ тэд Бурханд залбирах юм уу Бурханд найдахаа мэддэггүй; тэд байнгын асуудлуудтай тулгараад үнэнийг эрж хайдаггүй, харин өөрсдийнхөө мэдлэг, хоосон сургаал, дур хүслээр амьдардаг. Тэд Бурханд найдах нь зөв зүйл гэдгийг сайн мэдэж байдаг ч ихэнхдээ өөрсдөдөө болон өөрсдийнхөө эргэн тойрон дахь таатай нөхцөл, орчин, өөрсдөд нь ашигтай хүмүүс, үйл явдал, зүйлсэд найддаг. Хүмүүс үүндээ хамгийн сайн. Бурханд найдаж, Бурханд хандахдаа хамгийн муу, учир нь тэд Бурханд хандах нь дэндүү яршигтай, Бурханд хэчнээн залбирсан ч ямар ч гэгээрэл, гэрэлтүүлэг, шууд хариулт хүлээж авахгүй гэж боддог; тиймээс тэд өөрсдөдөө яршиг удахгүй байж, асуудлыг засах хүнийг хайж олъё гэж боддог. Иймээс тэд сургамжийнхаа энэ тал дээр хамгийн тааруу гүйцэтгэлтэй, оролт нь хамгийн өнгөц байдаг. Хэрвээ чи Бурханд хандаж, Бурханд найдаж сурахгүй бол Бурхан чам дээр ажиллаж, чамайг замчилж, гэгээрүүлж байгааг хэзээ ч харахгүй. Эдгээр зүйлийг харж чадахгүй бол “Бурхан оршдог эсэх, хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг эсэх” гэх мэт асуултууд чиний зүрх сэтгэлийн гүнд цэг юм уу анхаарлын тэмдгээр бус, асуултын тэмдгээр төгсөнө. “Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг үү?”, “Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг үү?” Хэрэв ийм бодолтой байгаа бол та нар асуудалд орсон байна. Ямар шалтгаанаар чи эдгээрийг асуулт болгодог юм бэ? Хэрэв чи Бурханд үнэхээр найдаж, Бурханд ханддаггүй бол Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй. Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй бол өнөөх асуултын тэмдгүүд үүрд тэндээ байж, Бурханы хийдэг бүхнийг дагалдах бөгөөд ямар ч цэг байхгүй байх болно. Та нар завтай үедээ өөрөөсөө “‘Бурхан бол бүх зүйлийг Захирагч гэдэгт би итгэдэг’—үүний ард асуултын тэмдэг, цэг, анхаарлын тэмдгийн аль нь байх вэ?” гэж асуу. Үүнийг тунгаан бодох үед яг ямар байдалд байгаагаа чи хэсэг хугацаанд хэлж чадахгүй. Бага зэрэг туршлага хуримтлуулсны дараа чи бүх зүйлийг тодорхой харж, “Бурхан бол үнэхээр бүх зүйлийг Захирагч!!!” гэж итгэлтэйгээр хэлж чадна. Үүний дараа гурван анхаарлын тэмдэг тавигдах бөгөөд чи ямар ч эргэлзээгүйгээр Бурханы дээд эрхийн талаар үнэхээр мэддэг учраас ийм байх болно. Та нар эдгээр байдлын алинд нь байна вэ? Та нар одоогийн байдал, биеийн хэмжээгээ харахад ихэвчлэн асуултын тэмдэг байх нь тодорхой бөгөөд нэлээд олон нь тийм байдаг. Энэ нь та нар ямар ч үнэний ойлголтгүй бөгөөд зүрх сэтгэлд чинь эргэлзээ байсаар байна гэсэн үг. Бурханы талаар маш их эргэлзэх үед хүмүүс хэдийн аюулын ирмэг дээр байгаа юм. Тэд ямар ч үед унаж, Бурханаас урвах боломжтой. Тэгээд би яагаад хүмүүсийг биеийн хэмжээ жижигтэй гэж хэлдэг вэ? Хүний биеийн хэмжээг юун дээр үндэслэн тодорхойлдог вэ? Энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл болон жинхэнэ мэдлэг чинь хэр их вэ гэдгээр тодорхойлогддог. Та нарт хэр их байгаа вэ? Та нар эдгээр зүйлийг өмнө нь шалгаж үзэж байсан уу? Эцэг эхээрээ дамжуулан Бурханд итгэсэн олон залуус бий. Тэд эцэг эхээсээ Бурханд итгэх итгэлийн талаарх зарим хоосон сургаалыг суралцсан бөгөөд Бурханд итгэх нь сайн зүйл, эерэг зүйл гэж боддог ч Бурханд итгэгчдийн ойлгох ёстой үнэнүүдийг үнэхээр ойлгож, туулж, батлаагүй байгаа. Тиймээс тэд маш олон асуултын тэмдэг, үзэлтэй байдаг. Тэдний амнаас гарч буй ихэнх үг нь баталгаа, анхааруулга биш, харин асуулт юм. Учир нь тэд хэтэрхий олон дутагдалтай бөгөөд юмыг нэвт харж чаддаггүй, бат зогсож чадах эсэхийг нь хэлэхэд хэцүү байдаг. Та нар 20, 30 насандаа олон асуултын тэмдэгтэй байх нь хэвийн үзэгдэл боловч тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсний дараа эдгээр асуултын тэмдгийн хэдээс нь салж чадах вэ? Та нар эдгээр асуултын тэмдгийг анхаарлын тэмдэг болгон өөрчилж чадах уу? Энэ нь та нарын туршлагаас хамаарна. Энэ чухал уу, үгүй юу? (Чухал.) Маш чухал! Хамгийн агуу мэргэн ухааныг би дөнгөж сая юу гэж хэлсэн бэ? (бүх зүйлд Бурханд хандаж, Бурханд найдах.) Үүнийг сонсоод зарим хүн “Энэ хариулт хэтэрхий энгийн бөгөөд хэтэрхий нийтлэг байна. Энэ бол үеэ өнгөрөөсөн үг, одоо цагт хэн ч ингэж хэлэхгүй” гэж хэлдэг. Бурханд хандах нь хэрэгжүүлэлтийн мэдээжийн арга мэт сонсогдож болох ч энэ нь Бурханы дагалдагч бүр амьдралынхаа туршид суралцаж, орох ёстой сургамж юм. Иов 70 настайдаа Бурханд хандсан уу? (Тийм.) Тэгээд тэр Бурханд хэрхэн хандсан бэ? Бурханд хандсаны тодорхой илрэлүүд нь юу байсан бэ? Эд хөрөнгө, хүүхдүүдийг нь түүнээс авахад тэр Бурханд хэрхэн хандсан бэ? Тэр зүрх сэтгэлдээ залбирч, зарим зүйлийг гаднаа хийсэн бөгөөд энэ талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? (“Тэгээд Иов ... нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв” (Иов 1:20).) Тэр газар унаад мөргөв. Энэ бол Бурханд хандаж буйн илрэл! Үнэхээр сүсэг бишрэлтэй байсан. Энэ та нарын хийж чадах зүйл мөн үү? (Бид арай хийж чадахгүй.) Тэгвэл та нар үүнийг хийх хүсэлтэй байна уу? (Тийм.) Хэрэв хүн Иовын түвшинд хүрч, Бурханаас эмээж, муугаас зайлж, гэм зэмгүй хүн болж чадвал тэд төгс юм! Гэхдээ та нар үүргээ гүйцэтгэж байхдаа зовлон зүдгүүрийг даван туулах хүсэлтэй байх ёстой. Та нар үнэн рүү тэмүүлсээр байх ёстой. Үнэнийг ойлгож, зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадвал та нар Бурханы шаардлагыг биелүүлсэн байх болно. Та нар үүнийг л санаж байх ёстой.
2015 оны 1 дүгээр сарын 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?