Чи хэнд үнэнч вэ?
Яг одоо та нарын туулан амьдарч буй өдөр хоног бүр тун чухал бөгөөд энэ нь хүрэх газар, хувь заяанд чинь дээд зэргийн ач холбогдолтой, иймээс та нар өнөөдөр өөрсдөдөө байгаа бүхнийг нандигнаж, өнгөрч буй хором бүрийг эрхэмлэх ёстой. Та нар энэ амьдралдаа дэмий амьдрахгүйн тулд өөртөө хамгийн их ашиг тус хүртээхэд аль болох их цаг гаргах ёстой. Намайг яагаад ийм үг хэлж байгаа талаар та нарт хачирхалтай санагдаж байж магад. Шулуухан хэлэхэд, та нарын хэний ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй, учир нь одоогийн байдал чинь Миний найдаж байсан зүйл биш. Тиймээс Би ингэж хэлж болно: Та нар дор бүрнээ аюулын ирмэг дээр байгаа ба тусламж гуйсан урьдын хашхираан, үнэнийг эрэлхийлж, гэрлийг эрж хайх хуучны хүсэл эрмэлзэл чинь төгсгөлдөө ойртож байна. Энэ бол эцэстээ та нарын барьж буй хариу бөгөөд Миний хэзээ ч хүлээж байгаагүй зүйл юм. Би баримтын эсрэг ярихыг хүсэхгүй, учир нь та нар Намайг ихэд гонсойлгосон. Та нар үүнийг зүгээр орхихыг хүсдэггүй, бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй байж магадгүй, гэсэн ч Би та нараас үүнийг нухацтай асуух ёстой: Энэ бүх жилд та нарын зүрх сэтгэл яг юугаар дүүрсэн байсан бэ? Хэнд үнэнч юм бэ? Эдгээр асуулт санамсаргүй гарсан гэж битгий хэл, мөн яагаад ийм зүйл асуусныг минь Надаас бүү асуу. Үүнийг мэдэж ав: Би та нарыг дэндүү сайн мэддэг, та нарыг дэндүү их халамжилдаг, мөн та нарын хийж байгаа бүхэнд зүрх сэтгэлээ хэтэрхий их зориулсан учраас та нараас зогсолтгүй асууж, гашуун зовлон бэрхшээл үүрсэн. Гэсэн ч та нар Надад хайхрамжгүй байдал, тэвчишгүй арга мөхөс байдлаас өөр юугаар ч хариу барьдаггүй. Та нар Надад хааш яаш хандсаар ирсэн; Би энэ талаар юу ч мэдэхгүй байх боломжтой гэж үү? Хэрвээ ингэж боддог бол та нар Надад үнэхээр сайхан сэтгэлээр ханддаггүй гэдэг баримтыг улам нотолж байна. Иймээс, та нар өөрийгөө хуурч байна гэж Би хэлдэг. Та нар бүгдээрээ яг юу хийж байгаагаа ч мэддэггүй маш ухаантай—тэгвэл Надад тайлан өгөхдөө та нар юу ашиглах вэ?
Миний санааг хамгийн их зовоодог асуулт бол та нарын зүрх сэтгэл яг хэнд үнэнч вэ гэдэг юм. Та нар дор бүрнээ бодлоо цэгцлэх гэж хичээж, хэнд үнэнч болохоо, хэний төлөө амьдардгаа өөрсдөөсөө асууна гэдэгт Би бас найддаг. Та нар иймэрхүү асуултыг хэзээ ч анхааралтай бодолцож үзээгүй байх, тэгэхээр Би та нарт хариултыг нь илчилбэл ямар вэ?
Ой ухаантай хэн боловч энэ баримтыг хүлээн зөвшөөрнө: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг ба өөртөө үнэнч байдаг. Та нарын хариулт бүхэлдээ зөв гэж Би бодохгүй байна, учир нь та нар тус тусын амьдралдаа оршиж, дор бүрнээ өөрийн зовлонтой тэмцэлдэж байгаа. Ийм болохоор та нар хайртай хүмүүстээ, мөн таалагддаг зүйлсдээ үнэнч; өөрсдөдөө бүрэн дүүрэн үнэнч биш. Та нар дор бүрнээ эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал, эд юмсын нөлөөнд автдаг учраас өөрсдөдөө үнэхээр үнэнч биш байдаг. Өөрсдөдөө үнэнч байгааг чинь сайшаах гэж биш, харин ямар нэг зүйлд үнэнч байдгийг чинь илчлэх гэж Би эдгээр үгийг хэлдэг, учир нь маш олон жилийн турш Би та нарын хэнээс ч, хэзээ ч үнэнч байдлыг хүлээж аваагүй. Та нар Намайг энэ олон жил дагасан атлаа үнэнч байдлынхаа өчүүхэн төдийг ч Надад өгөөгүй. Харин ч хайртай хүмүүс болон таалагддаг зүйлсээ тойрон эргэлдэж, бүр цаг үргэлж, хаашаа ч явсан тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойр байлгадаг ба хэзээ ч хаяж орхиогүй. Та нар хайрладаг ямар нэг зүйлээ хүсэмжилж, тэмүүлэх тоолонд энэ нь Намайг дагаж байхад, эсвэл бүр Миний үгийг сонсож байхад чинь хүртэл тохиолддог. Тиймээс та нараас Миний шаарддаг үнэнч байдлыг та нар харин өөрсдийн “тэжээвэр амьтдад” үнэнч байж, тэднийг нандигнахад ашигладаг гэж Би хэлнэ. Хэдийгээр та нар Миний төлөө ганц, хоёр юм золиосолж байсан ч энэ нь та нарын бүх юмыг төлөөлдөггүй, Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг чинь харуулдаггүй. Та нар дурладаг ажил үйлдээ өөрсдийгөө татан оролцуулдаг: Зарим хүн хөвгүүд, охиддоо, бусад нь нөхөр, эхнэр, эд баялаг, ажил, дарга нар, байр суурь, эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Үнэнч байдаг зүйлээсээ та нар хэзээ ч залхаж, дургүйцдэггүй; харин ч эдгээр зүйлийг илүү их хэмжээгээр, илүү сайн чанартайг нь эзэмшихээр улам бүр тэмүүлдэг ба хэзээ ч орхидоггүй. Намайг болон Миний үгийг та нар үргэлж дуртай зүйлсийнхээ хойгуур түлхдэг. Тэгээд тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр арга та нарт байдаггүй. Хараахан олж мэдээгүй байгаа зүйлсдээ үнэнч байх гэж энэ сүүлчийн байрыг үлдээдэг хүмүүс ч бий. Тэдний зүрх сэтгэлд Миний өчүүхэн ч ул мөр хэзээ ч байгаагүй. Намайг та нараас хатуу чанд шаардаж, эсвэл хилсээр буруутгаж байна гэж та нар бодож байж магад—гэхдээ гэрийнхэнтэйгээ хамт цагийг жаргалтай өнгөрүүлж байхдаа та нар Надад нэг ч удаа үнэнч байгаагүй гэдэг баримтыг ер нь бодолцож үзсэн үү? Иймэрхүү үед та нар үүнээс болж шаналдаггүй гэж үү? Зүрх сэтгэл чинь баяр хөөрөөр дүүрч, ажил хөдөлмөрийнхөө төлөө шагнал хүртэх үедээ өөрсдийгөө хангалттай үнэнээр зэвсэглээгүйдээ гутардаггүй гэж үү? Миний сайшаалыг хүртээгүйнхээ төлөө та нар хэзээ цурхиран уйлсан бэ? Та нар хөвгүүд, охидынхоо төлөө тархиа гашилгаж, сэтгэлээ асар их чилээдэг ч мөн л сэтгэл ханадаггүй; тэдний өмнөөс мэрийгээгүй, тэдний төлөө чадах бүхнээ хийгээгүй гэж бодсоор байдаг. Харин Надад та нар үргэлж тоомсоргүй, хааш яаш хандаж ирсэн; Би дурсамжид чинь л байдаг боловч зүрх сэтгэлд чинь удаан үлддэггүй. Та нарын төлөөх Миний чин сэтгэлийн хүчин чармайлтыг та нар ерөөсөө мэдэрдэггүй бөгөөд тэдгээрийг хэзээ ч ойлгож байгаагүй. Та нар ердөө товчхон эргэцүүлээд, энэ нь хангалттай гэж боддог. Ийм “үнэнч байдал” бол Миний эртнээс хүсэн мөрөөдсөн зүйл биш, харин эртнээс жигшсэн зүйл билээ. Гэхдээ Намайг юу ч гэж хэлсэн бай, та нар ганц хоёрхон зүйлийг л зөвшөөрсөөр байдаг; үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүй, учир нь та нар бүгд “өөртөө маш итгэлтэй” бөгөөд Миний хэлсэн үгээс алийг нь хүлээн зөвшөөрөхөө үргэлж шилж, сонгодог. Хэрвээ та нар өнөөдөр ийм хэвээр байх юм бол та нарын өөртөө итгэлтэй байдалтай харьцах зарим арга Надад бий, мөн үүнээс гадна Миний бүх үг үнэн бөгөөд тэдгээрийн аль нь ч баримтуудыг гуйвуулдаггүй гэдгийг Би та нараар хүлээн зөвшөөрүүлнэ.
Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцаха хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшруулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу? Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэдгээрээс залхах уу? Миний өдөр яг нүдний чинь өмнө ил болсон бөгөөд та нарт тулгардаг зүйл бол шинэ амьдрал, шинэ эхлэлийн цэг юм. Гэхдээ энэхүү эхлэлийн цэг нь урьдын шинэ ажлын эхлэл биш, харин хуучин ажлын төгсгөл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь төгсгөл үе билээ. Энэхүү эхлэлийн цэгийн юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгож чадна гэж Би бодож байна. Гэхдээ удалгүй нэг л өдөр та нар энэ эхлэлийн цэгийн жинхэнэ утга учрыг ойлгоно, тэгвэл бид хамтдаа энэхүү эхлэлийн цэгийг өнгөрөөж, ирж буй төгсгөлийг угтацгаая! Харин шударга бус болон шударга байдалтай тулгарах үедээ та нар үргэлж эхнийхийг сонгодог нь Миний санааг зовоосоор байгаа юм. Гэхдээ энэ нь бүгд та нарын урьдын явдал. Би ч гэсэн та нарын өнгөрсөн бүхнийг мартана гэдэгтээ найдаж байна, гэвч мартахад тун хэцүү байдаг. Гэсэн ч Надад үүнийг хийх тун сайн арга бий: Өнгөрснийг ирээдүй орлож, урьдын сүүдэр чинь өнөөдрийн жинхэнэ төрхөөр чинь солигдон замхраг. Тиймээс Би дахин нэг удаа сонголт хийлгэн та нарт төвөг удах ёстой: Та нар яг хэнд үнэнч юм бэ?
Тайлбар:
а. Эрэг рүү буцах: “муу замаасаа буцах” гэсэн утгатай хятад хэлц үг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?