Үнэнийг хүлээн авснаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой (II хэсэг)
Хүмүүс үнэнийг олж авах үйл явц нь ямар ч үед бүх төрлийн дайсны эсрэг тулалдахад бэлэн эрэлхэг дайчин дайны талбарт хөл тавьж буйтай адил юм. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дайснууд бол Сатаны янз бүрийн завхарсан зан чанар юм. Энэ хүмүүс завхарсан махан биетэйгээ тэмцэж байна; үндсэндээ тэд Сатантай тулалдаж байна. Сатантай тулалдахад ямар зэвсэг хэрэглэдэг вэ? Мэдээжийн хэрэг, тэр зэвсэг бол үнэн, Бурханы үгийг дагах юм. Сатаныг ялахын тулд хүн эхлээд үнэний ямар талыг хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханд, Түүний үгэнд, үнэнд захирагдах. Энэ бол Сатантай тулалдахдаа хүний хамгийн түрүүнд авах ёстой сургамж юм. Хэрэв чи өөрт тохиолдсон зүйлсийг Бурханаас хүлээн авч чадахгүй бол Бурханы өмнө захирагдаж чадахгүй, цаашлаад Бурханы өмнө залбирах юм уу үнэнийг эрж хайхын тулд өөрийгөө тайван байлгаж чадахгүй. Хэрэв Бурханд залбирч, үнэнийг эрж хайж чадахгүй бол чи үнэнийг, эсвэл Бурхан яагаад чамайг ийм нөхцөл байдалд, тэдгээр хүн, үйл явдал, зүйлтэй хамт оруулсныг ойлгохгүй байх болно—чи төөрөгдөлд автана. Хэрэв чи үнэнийг эрж хайж чадахгүй бол завхарсан зан чанараа даван туулж чадахгүй. Зөвхөн завхарсан зан чанар, завхарсан махан биеэ ялж байж л чи Сатан болон сүнсний ертөнцийн диаволуудыг шившиглэж чадна. Сатантай тулалдах нь үнэнийг эрж хайхаас ихээхэн шалтгаалдаг; хэрэв чи үнэнийг ойлгодоггүй бол дотор чинь үүссэн аливаа асуудал, үзэл чамайг сул дорой, сөрөг болгох боломжтой. Хэрэв завхарсан зан чанарын илчлэл чинь хэзээ ч шийдвэрлэгдээгүй бол чи унаж, бүтэлгүйтэх магадлалтай бөгөөд дахин босоход хэцүү байх болно. Зарим нь уруу таталттай тулгарахдаа бүдэрч, зарим нь шаналгаатай өвчинтэй тулгарахдаа сөрөг болж, зарим нь шалгалттай тулгарахдаа нүүрээрээ унадаг. Эдгээр нь хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, өөрийн харуулдаг завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүйн үр дагавар юм. Та нар юу гэж бодож байна: Сатанлаг зан чанар хүмүүст маш их асуудал учруулдаг уу? (Тийм.) Хэр их асуудал? (Тэд хүмүүсийг Бурханы өмнө ирэхэд саад болж, тэднийг Бурханд захирагдах чадваргүй болгодог.) Хэрэв хүмүүс Бурханд захирагдаж чадахгүй бол тэд юугаар амьдрах вэ? (Тэд сатанлаг, завхарсан зан чанараар амьдрах болно.) Хүмүүс сатанлаг, завхарсан зан чанараар амьдрахдаа ихэнхдээ үзэл харуулж, түргэн зантай болдог. Жишээлбэл, хэрэв чи ямар нэг буруу зүйл хийж улмаар нэг ах юм уу эгч чамайг илчилж, засвал чи хэрхэн Бурханд захирагдаж, үнэнийг эрж хайх ёстой вэ? Энд суралцах зүйл байна. Магадгүй чи энэ талаар тунгаан бодож эхлэн, “Тэр хүн намайг ихэвчлэн дорд үздэг бөгөөд энэ удаад тэд миний эсрэг ашиглах ямар нэг зүйлийг олжээ. Тэд намайг онилж байгаа болохоор би аятайхан тоглохгүй. Надаар оролдох дэмий дээ!” гэж бодно. Энэ түргэн зан биш гэж үү? (Түргэн зан.) Түргэн зан гэж юу вэ? (Ашиг сонирхол нь хөндөгдөж эсвэл алдар нэр, ашиг хонжоо, байр суурь нь хохирсон үед хүний сатанлаг зан чанар нь гарч ирж, тэд ямар нэг бодлогогүй зүйл хэлэх юм уу, хийдэг. Энэ бол түргэн зан гэж юу гэсэн үг болох талаар миний ойлголт юм.) Энэ ойлголт үндсэндээ зөв юм. Хэн үүн дээр нэмж чадах вэ? (Хүнд ямар нэгэн зүйл тохиолдоход тэд үнэнийг эрж хайдаггүй, оронд нь өөрийнхөө дотор төрөлхийн байдаг зүйлсийг суллах нь түргэн зан юм.) Түүний ашигласан “төрөлхийн” гэдэг үг маш тохиромжтой. Сатан хүмүүсийг завхруулсны дараа тэдний хамгийн төрөлхийн, хамгийн анхдагч зан чанар нь үндсээрээ илчлэгдэхийг түргэн зан гэж нэрлэдэг. Энэ бол бодол, сэтгэхүйн боловсруулалт, тунгаан бодох, цэгцлэлтийг дамждаггүй, зүгээр л гарч ирдэг зүйл юм. Энэ бол түргэн зан. Завхарсан зан чанарт автан амьдардаг хүмүүс түргэн зан гаргадаг. Тэгвэл яагаад хүний уг чанараас аяндаа урган гарч ирдэг зүйл үнэнтэй нийцэхгүй байна вэ? Хүмүүс яагаад түргэн зан харуулдаг вэ? Шалтгаан нь юу вэ? Энэ нь хүний сатанлаг уг чанараас үүдэлтэй. Хүний төрөлхийн зан чанар нь түргэн зантай холбоотой байдаг. Хүний ашиг сонирхол, бардамнал, бахархал хохирох тохиолдолд, хэрэв үнэнийг ойлгодоггүй эсвэл үнэн-бодит байдалгүй бол тэд завхарсан зан чанараараа тэр хохиролд хандана, тэд бодлогогүй болж, хуумгай үйлдэл хийх болно. Тэдний үзүүлж, харуулж байгаа зүйл бол түргэн зан юм. Түргэн зан нь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү? Энэ нь мэдээж сөрөг зүйл. Хүний хувьд түргэн зантай амьдарна гэдэг сайн зүйл биш; энэ нь сүйрлийг авчрах магадлалтай. Хэрэв аливаа зүйл тохиолдох үед хэн нэгний түргэн зан, завхрал илчлэгдэх юм бол тэр хүн үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн мөн үү? Мэдээж, ийм хүн Бурханд дуулгавартай байдаггүй нь тодорхой. Бурханы хүмүүст зориулан зохицуулдаг янз бүрийн хүн, үйл явдал, зүйл, орчны хувьд, хэрэв хэн нэгэн хүн тэднийг Бурханаас хүлээн авч чадахгүй, оронд нь тэдэнтэй тэмцэж, хүний аргаар шийдвэрлэвэл эцэст нь юу болох вэ? (Бурхан тэр хүнийг голно.) Бурхан тэр хүнийг жигшинэ, тэгвэл энэ нь хүмүүсийг босгон байгуулах уу? (Үгүй ээ, тэгэхгүй.) Тэд зөвхөн өөрсдийнхөө амийн хувьд хохирол амсаад зогсохгүй бусдыг огт босгон байгуулахгүй. Үүнээс илүүтэйгээр тэд Бурханыг шившиглэж, Бурханд гологдоно. Ийм хүн гэрчлэлгүй болж, хаана ч явсан нүд үзүүрлэгддэг. Хэрэв чи Бурханы гэрийн гишүүн боловч үргэлж түргэн зангаар үйлдэл хийдэг бол, үргэлж өөрийн төрөлх чанарыг илчилдэг бол, үргэлж завхарсан зан чанараа харуулдаг бол, аливааг хүний аргаар, завхарсан, сатанлаг зан чанараар хийдэг бол, эцсийн үр дагавар нь чи мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх болно—мөн хэрвээ гэмшихгүй хэвээр үлдэж, үнэний эрэл хайгуулын замд хөл тавьж чадахгүй бол чи илчлэгдэж, таягдан хаягдах ёстой. Сатанлаг зан чанарт найдаж амьдрах, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхгүй байх нь ноцтой асуудал биш үү? Энэхүү асуудлын нэг тал нь хүн өөрийнхөө амийн хувьд өсдөггүй, өөрчлөгддөггүй; түүнээс гадна хүн бусдад сөргөөр нөлөөлнө. Тэд чуулганд ямар ч сайн зорилгод үйлчлэхгүй бөгөөд эцэстээ чуулган болон Бурханы сонгосон хүмүүст асар их асуудал удаж хоолны ширээн дээгүүр нааш цааш нисдэг өмхий ялаа шиг жигшил, зэвүүцлийг төрүүлэх болно. Та нар ийм хүн болохыг хүсэж байна уу? (Үгүй.) Тэгвэл чи Бурханыг баярлуулж, бусдыг босгон байгуулахын тулд хэрхэн үйлдэх ёстой вэ? Чи ямар завхарсан зан чанар харуулснаасаа үл хамааран эхлээд өөрийгөө тайвшруулж, Бурханы өмнө хурдан залбирч, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Чи хэрхэвч өөрийн хүсэл зориг, түргэн занг дагаснаараа завхрал харуулсаар байж болохгүй. Амьдралын чинь өдөр бүрийн минут тутмын секунд бүр, чи юу ч хийж, юу ч бодож байсан, Бурхан чамайг шинжиж, ажиглаж байдаг. Бурхан юу ажиглаж байна вэ? (Бурханы өөрт нь зориулан зохицуулсан хүмүүс, үйл явдал эсвэл зүйлстэй тулгарах үедээ хүн юу бодож, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг.) Энэ нь зөв бөгөөд эдгээр зүйлийг ажиглах Бурханы зорилго юу вэ? (Тухайн хүн Бурханаас эмээдэг, муугаас зайлсхийдэг хүн мөн эсэхийг мэдэхийн тулд.) Энэ бол шалтгааны нэг хэсэг юм. Гол шалтгаан нь юу вэ? Үүнийг сайтар тунгаан бод. (Тэдэнд үнэнийг эрэлхийлж, Бурханд захирагдах зүрх сэтгэл байгаа эсэхийг мэдэхийн тулд юм.) Бурханаас эмээх, муугаас зайлах, эсвэл үнэнийг эрж хайх, Бурханд дуулгавартай зүрх сэтгэлтэй байхын аль нь ч бай, эдгээр зүйл бүгд хүн ямар замаар явахыг сонгосон бэ гэсэн асуултыг хөнддөг. Бурхан яагаад хүмүүсийг байнга шинжиж байдаг вэ? Энэ нь чамайг ямар төрлийн замаар явж байгаа, амьдралын чинь зорилго, чиглэл юу вэ, чи үнэнийг эрэлхийлэх замыг сонгосон эсэх, эсвэл хоёр нүүртэй фарисайчуудын замыг сонгосон эсэхийг харах явдал юм. Эдгээр замын яг алинаар нь явж байгааг чинь харах зорилготой. Хэрэв чи зөв замыг сонгосон бол Бурхан чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, хангаж, дэмжих болно. Хэрэв чи буруу замыг сонгосон бол энэ нь чамайг Бурханаас бүрмөсөн нүүр буруулсныг харуулж байгаа тул Бурхан мэдээж чамайг орхих болно.
Үргэлж бичиг үсэг, хоосон сургаал номлож, хийдэг бүхэндээ үнэн-зарчмыг зөрчиж, бүр Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироох зүйл хийдэг хүмүүс байдаг ч яагаад тэднийг сахилгажуулж, зэмлэдэггүй вэ? Зарим хүн энэ асуудлыг ойлгож чаддаггүй. Би та нарт хэлье, Бурхан ийм хүмүүсийг аль хэдийнээ хаясан. Хүн хэчнээн жил итгэгч байсан нь хамаагүй Бурхан энэ хүнийг орхихоор шийдсэн бол тэр нь маш ноцтой хэрэг юм! Хүмүүс явна гэж Бурханы найддаг замтай холбоотой Бурханы хүсэл, эрмэлзэл юу вэ? Бурхан хүмүүсийг тодорхой нөхцөл байдалд оруулахдаа тэднийг захирагдана гэж найддаг уу, эсвэл тэрсэлнэ гэж найддаг уу? Тэд үнэнийг эрж хайж, олж авна гэж Бурхан найддаг уу, эсвэл үнэнийг үл тоомсорлож, зогсонги байдалд орно гэж найддаг уу? Үүнд Бурхан ямар хандлагатай байдаг вэ? Бурхан хүмүүсээс юу хүлээдэг вэ? Хүмүүс сөрөг болж, назгайрч, үл тоомсорлохгүйгээр Өөрийнх нь ажилд захирагдаж, идэвхтэй хамтран ажиллаж чадна гэж Бурхан найддаг. Зарим хүн үүрэгтээ үлбэгэр байдаг: Тэдэнд ямар нэгэн үүрэг даалгавар өгөхөд үүнийг өөрийн үзэмжээр хийх боловч үнэнийг юм уу Бурханы хүслийг эрж хайдаггүй. Тэд ийм хандлагад ямар ч буруу зүйл байхгүй гэж боддог—ямар ч захиргааны зарлигийг зөрчөөгүй, Бурханы зан чанарт халдаагүй, чуулганы ажилд саад хийх юм уу үймүүлээгүй, мөн үүргээ гүйцэтгэсээр байгаа тул яллагдахгүй гэж хүмүүс боддог. Ийм хандлагын талаар юу гэж бодож байна? (Энэ бол сайн зүйл биш. Энэ нь Бурханы жигшдэг сөрөг, идэвхгүй, үлбэгэр хандлага юм.) Үлбэгэр хандлага гэж юу вэ? Бурхан яагаад үүнийг жигшдэг вэ? Энэ төрлийн хандлагын мөн чанар юу вэ? (Би энэ талаарх туршлагаасаа бага зэрэг хуваалцаж чадна. Би саяхан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн хүслийг дагаж, зарчмыг зөрчсөн. Засалт туулсныхаа дараа би өөрийгөө эргэцүүлээгүй, Бурханыг буруу ойлгож, Түүнээс сэрэмжилсэн. Миний зүрх сэтгэл Бурханд хаалттай байсан, би Бурханд ойртохыг хүсээгүй, мөн Түүнд залбираагүй. Миний хандлага үлбэгэр байсан нь намайг тэр үед сөрөг, идэвхгүй, гаслантай болгосон. Учир нь зүрх сэтгэл минь Бурханд хаалттай болмогц миний амьдралын хамгийн чухал багана нурах шиг болж, би гаслантай болж үлдсэн. Гаднаа би ямар нэгэн илт тэрслүү зан авир гаргахгүйгээр үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагдаж байсан ч Ариун Сүнснээс гэгээрэл хүлээн аваагүй, Бурхантай идэвхтэй хамтран ажиллах сэтгэлгээ надад байгаагүй. Ийм үлбэгэр, сөрөг, урам зориггүй хандлагатай байх нь өөрийгөө аажмаар хөнөөхтэй адил байв. Бурханаас нүүр буруулдаг хүмүүс үндэс нь үхсэн модтой адил. Амийн хангалт нь тасарсан тул мөчир, навчис нь аажмаар хатаж, уг мод бүхэлдээ үхдэг.) Маш сайн тайлбарлалаа. Магадгүй ихэнх хүн ийм байдалд байгаа: Тэд асуудал үүсгэхгүй, муу зүйл хийхгүй, аливааг үймүүлэхгүйгээр өөрсдөөс нь шаардсан болгоныг хийдэг—тэд зүгээр л үлбэгэр байдаг. Бурхан яагаад ийм хандлагыг голдог вэ? Ийм хандлагын харуулж буй мөн чанар юу вэ? Энэ бол сөрөг, эсэргүүцсэн, үнэнийг голдог мөн чанар юм. Та нар Бурхан эхлээд хүмүүсээс татгалздаг гэж хэлэх үү, эсвэл хүмүүс эхлээд Бурханаас татгалздаг гэж хэлэх үү? (Хүмүүс эхлээд татгалздаг.) Хэрвээ чи эхлээд Бурханаас татгалзвал зүрх сэтгэл чинь Бурханд хаалттай болдог, энэ бол ноцтой асуудал юм. “Хаалттай” гэдэг нь үүнийг илэрхийлэх нэг арга зам юм. Үнэндээ юу болж байна вэ гэвэл хүмүүс зүрх сэтгэлээ битүүмжилж, Бурханыг оруулахгүй байгаа нь “Би Таныг цаашид хүсэхгүй байна. Би Тантай бүх холбоогоо тасалж, бидний хоорондох бүх харилцааг зогсоож байна” гэсэн утгатай. Бүтээгдсэн зүйл нь Бүтээгчдээ ийм хандлага гаргавал Бурхан үүнийг хэрхэн зохицуулдаг вэ? Бурханы хандлага юу вэ? Хүмүүс ийм байдалтай байгааг хараад Бурхан баяр баясгалан, жигшил, эсвэл уйтгар гунигийг мэдэрдэг үү? Нэгдүгээрт, Тэрээр уйтгар гунигийг мэдэрдэг. Хүмүүс хэтэрхий хөшүүн болж, үнэнийг хүлээн авахыг огт хүсэхгүй байгааг хараад Бурханы урам хугарч, дараа нь тэднийг жигшдэг. Хүний зүрх сэтгэл Бурханаас битүүмжлэгдсэн үед Бурхан үүнд хэрхэн хандах вэ? (Бурхан хүнд Өөрийнх нь хүслийг ойлгож, зүрх сэтгэлээ Өөрт нь нээх боломжийг олгох зарим нөхцөл байдлыг зохион байгуулна.) Тийм ээ, энэ бол Бурханы идэвхтэй арга замын нэг бөгөөд Тэрээр заримдаа иймэрхүү зүйл хийдэг ч заримдаа хийдэггүй. Заримдаа Бурхан нүүрээ буруулж, түр харзнаж, Өөрт нь зүрх сэтгэлээ нээхийг чинь хүлээнэ. Чи Түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, үнэнийг хүлээн авч чадвал Тэрээр чамайг үргэлжлүүлэн өршөөж, гэгээрүүлнэ. Гэсэн хэдий ч ерөнхийдөө, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханаас бүрэн битүүмжилсэн хандлагатай байж, Түүнтэй хэвийн харилцаатай байхаас татгалзаж, Түүнтэй холбоотой байхаас татгалздаг бол чамайг захирдаг Бурханы дээд эрх, Бурханы удирдамжийг голж байна. Энэ нь Түүнийг өөрийн Бурхан гэхээс татгалзаж, Түүнийг өөрийнхөө Эзэн байлгахыг хүсэхгүй байгаатай адилхан. Хэрвээ чи Түүнийг өөрийн Бурхан, Эзэн гэхээс татгалзвал Тэр чам дээр ажилласаар байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл Тэр чамайг хаяж л чадна. Чи юу болсныг ойлгож, арга замынхаа алдааг ухаарч, гэмшиж мэддэг болсны дараа л Бурхан чамд дээр дахин ажиллаж эхлэх боломжтой. Тэгэхээр энэ мэт үлбэгэр хандлагатай тулгарах үедээ Бурхан лавтайяа ажиллахгүй, ийм хүмүүсийг хойш тавина. Та нарт ийм туршлага байна уу? Ийм нөхцөл байдал амар тайван, баяр баясгалантай юу, эсвэл тэвчихийн аргагүй, зовлонтой юу? (Тэвчихийн аргагүй, зовлонтой.) Хэр зовлонтой вэ? (Энэ нь яг л алхаж буй цогцостой адил. Энэ бол адгуус амьтных шиг бодолгүй, сүнсгүй оршин тогтнол юм.) Хүний зүрх сэтгэлд Бурхан байхгүй бол зүрх сэтгэл нь хоосон байна; энэ нь сүнсгүй байгаатай адилхан. Энэ нь тэд сүнсгүй үхдэл болсон гэсэн үг биш үү? Ямар аймшигтай вэ! Хүн хаана ч, хэзээ ч Бурханаас урваж чадна. Бага зэрэг хайхрамжгүй байхад л тэд зүрх сэтгэлдээ Бурханыг үгүйсгэж чаддаг, үүний дараа тэдний нөхцөл байдал даруй өөрчлөгддөг: Тэдний сүнсний байдал тэр дороо буурч, тэд Бурханы байгааг мэдрэхээ больж, Бурханд найдах байдал болон Бурхантай харилцах харилцаа нь тэр чигтээ алга болдог, яг л цохилохоо больсон зүрх шиг. Энэ нь аюултай нөхцөл байдал юм. Ийм байдалд юу хийж болох вэ? Чи зөв хандлагатай байж, Бурханд цаг алдалгүй залбирч, гэмших хэрэгтэй. Хүн үргэлж сөрөг, эсэргүү байдалд буюу Бурханд бүрэн хаягдсан, Бурханд хүрч чадахгүй байдалд амьдрах нь аюултай! Энэ аюул ямар хүсээгүй үр дагаварт хүргэж болохыг та нар ухаарсан уу? Энэ нь зөвхөн хүний амсаж болох хохирлын асуудал биш—өөр ямар үр дагавар гарч болох вэ? (Тэд муу ёрын сүнсэнд эзэмдүүлж магадгүй.) Энэ бол нэг үр дагавар. Өөр олон боломж бий. (Тэд ноцтой ёрын мууг үйлдэж, Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдаж магадгүй.) Энэ ч бас боломжтой. Өөр байна уу? (Бурхантай харилцах харилцаа нь улам бүр холдож магадгүй.) Тэгэхээр ийм нөхцөл байдал үргэлжилбэл уг хүн эцэстээ Бурханд итгэхээ болих талаар бодож үзнэ гэж та нар бодож байна уу? (Тийм.) Энэ аймшигтай биш гэж үү? (Аймшигтай.) Хэрвээ хүн итгэл үнэмшлээ орхих гэсэн ийм муу хүсэлтэй байвал энэ нь хамгийн аймшигтай зүйл юм, учир нь тэд зүрх сэтгэлдээ Бурханаас аль хэдийн урвасан ба Бурхан ийм хүнийг аврахгүй.
Итгэгчийн хувиар хүн Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой; энэ маш чухал. Бурхантай харилцах харилцаа нь хэвийн байвал хүн сайн байдалд байх болно; хүний байдал муу байвал Бурхантай харилцах харилцаа нь хэвийн биш байна. Хүн сайн эсвэл муу байдалтай байгаа эсэхээс шалтгаалж зүрх сэтгэл нь хоёр шал өөр нөхцөл байдалд байх болно. Хүн сайн байдалтай байх үедээ зүрх сэтгэлдээ тодорхой хүчийг буюу хэзээ ч гэрлэхгүй байх, хэчнээн зовж шаналж байсан ч Бурханыг эцсээ хүртэл дагах, эцсээ хүртэл, үхэх хүртлээ Бурханд үнэнч байхад хөтлөх хүчийг мэдрэх болно. Ийм шийдэмгий байдал яаж бий болдог вэ? (Энэ нь хүмүүст байдаг нэг төрлийн урам зоригоос бий болдог.) Бурхан энэ урам зоригийг хүлээн зөвшөөрдөг үү? Иймэрхүү шийдэмгий байдал нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Бурхан эерэг зүйлсийг хүлээн зөвшөөрдөг үү? (Тийм.) Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинждэг. Зүрх сэтгэлийнхээ гүнд хүмүүс юу бодож байгааг, тэдний байдал ямархуу байгааг Тэр шинждэг. Тиймээс чамайг зүрх сэтгэлдээ иймэрхүү хүсэл, шийдэмгий байдал илэрхийлэх үед Бурхан үүнийг ч бас шинждэг. Энэ шийдэмгий байдал хаанаас үүдэлтэй вэ? Энэ нь хүний төрөлх чанар, түргэн зангаас үүдэлтэй юу? (Үгүй ээ, энэ нь Ариун Сүнсний ажлаар хүмүүст шингэсэн байдаг.) Зүйтэй. Хүмүүс зөв байдалд амьдрах үед Ариун Сүнс тэдэнд ийм хүчийг өгдөг бөгөөд энэ нь тэдэнд тийм шийдвэртэй байх боломжийг олгодог. Энэ бол эерэг зүйл бөгөөд хамтран ажиллаж, золиос гаргасных нь төлөө Ариун Сүнс үүнийг хүмүүст өгдөг юм. Хүмүүс өөрсдөө ер нь ийм төрлийн итгэл үнэмшилтэй байсан уу? Мэдээж үгүй, тийм биз дээ? Хүмүүс хамтран ажиллах багахан л шийдвэртэй байхад Ариун Сүнс тэдэнд ийм хүчирхэг урам зориг өгдөг! Эндээс чи одоо юу харж байна вэ? (Хүмүүс Бурхантай хамт байх ёстой. Бурхангүй бол зөвхөн үхэл бий.) “Хүмүүс Бурхантай хамт байх ёстой” гэдэг нь үнэн. Энэ бол туршлагаас олж авсан мэдлэг юм. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд нээвэл, хэрвээ чамд жаахан ч гэсэн шийдэмгий зан байгаа бол, Бурханд залбирахдаа зүрх сэтгэлээ илчилж чаддаг бол Тэр чамд энэ хүчийг өгнө. Энэ хүч бүхий л амьдралд чинь хүрэлцэх бөгөөд ийм гүн гүнзгий шийдвэртэй байж, “Би бүх амьдралаа Бурханд өргөн барьж байна, би хамаг амьдралаа Түүний төлөө өөрийгөө зарлагадахад зарцуулж, Түүний төлөө амьдарна!” гэж хэлэх боломжийг чамд олгоно. Энэ бол баримт; хүмүүс ингэж боддог, ингэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч хэрвээ хэн нэгэн өөрийн оюун ухаан, бодол, хэв чанар, авьяасад тулгуурлан Бурханыг дагаад үүргээ гүйцэтгэвэл хэр их хүч чадалтай байх вэ? Хэрвээ чамд үнэнийг эрэлхийлэх хүсэл байхгүй бол ямар ч шаргуу хөдөлмөр үр дүнд хүрэхгүй. Ийм дотоод хүч чадалд хүн хүрч чадахгүй; үүнийг Бурхан өгдөг. Хүмүүс энэ хүч чадлыг яаж алддаг вэ? Энэ юунаас болдог вэ? Бурхан зүрх сэтгэлд нь байхгүй бол энэ хүч алга болдог. Хүмүүст ийм хүч байгаа бол энэ нь Ариун Сүнсний ажил, Бурханаас хүмүүст өгөгдсөн хүч юм—энэ бүгдийг Бурхан хийж байгаа. Хэрэв зүрх сэтгэл чинь Бурханаас битүүмжлэгдсэн бол, хэрэв чи Бурханд “үгүй” гэж хэлээд, чиний амьдралыг захирах Бурханы дээд эрх, зохион байгуулалт, түүнчлэн эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, зүйлээс бүгдээс нь татгалзвал чамд үнэнийг эрэлхийлэх зүрх сэтгэл ч байхгүй байх болно. Хүмүүс Бурханыг алдана гэдэг үнэхээр аймшигтай; энэ бол баримт. Бурханыг алдсан хүн юу ч биш. Хэрвээ хүн зүрх сэтгэлээ Бурханаас битүүмжилбэл Бурханд итгэх талаар ч эргэлзэж магадгүй бөгөөд үүнийгээ хэзээ ч, хаана ч харуулж чадна. Үүний хамгийн аймшигтай нь тэдний эдгээр бодол улам хүчтэй болж, бүр өөрсдийн орхиж, зарлагадсан бүхэндээ харамсах, нэгэн цагт байсан шийдэмгий зан, туулсан зовлондоо харамсах хэмжээнд хүрнэ. Тэдний нөхцөл байдал өмнөхөөсөө тэс өөр болж, тэд огт өөр хүн шиг байх болно. Яаж ийм юм болдог вэ? Хэрвээ хүн Бурханы өөрт нь зориулж зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйл, хүрээлэн буй орчинд захирагдаж чадвал амар тайван, баяр хөөртэй амьдарч чадна. Хэрэв тэд Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлээс зугтахыг үргэлж хичээж, Бурханы захирдаг хүрээлэн буй орчинд дуулгавартай байхыг хүсэхгүй байвал үүнээс ямар нөхцөл байдал үүдэн гарах вэ? (Зовлон ба харанхуй.) Тэд түнэр харанхуй, гаслан зовлон, сандрал, байнгын түгшүүр, уйтгар гунигийг мэдэрнэ. Энэ нь эрс ялгаа биш гэж үү? (Мөн.) Хүмүүс сайн сайхан байдалтай амьдрах нь яг л Бурханы яг өмнө тэнгэрт амьдрахтай адил юм. Муу байдалтай байх үед тэдний байдал улам бүр харанхуйлж, тэд Бурханд хүрч чадахгүй хэвээр үлддэг. Харанхуй байдалд амьдрах нь тамд амьдрахаас өөрцгүй. Та нар хэзээ нэгэн цагт тамын зовлонг мэдэрч байсан уу? Тамын зовлон тааламжтай юу, эсвэл тэвчихийн аргагүй юу? (Тэвчихийн аргагүй.) Үүнийг нэг өгүүлбэрээр хэрхэн дүрсэлж болох вэ? (Үхлээс ч дор.) Тийм ээ, үхлээс ч дор. Үхэх нь амьдрахаас хамаагүй илүү тааламжтай байх болно, ингэж амьдрах нь маш тарчлаантай. Маш сайхан хэллээ; энэ нь ийм л байдаг.
Хүмүүст тулгардаг бүх бэрхшээл, тэдний бүх сөрөг, сул тал завхарсан зан чанартай нь шууд холбоотой. Завхарсан зан чанарыг нь шийдвэрлэж чадвал тэдний Бурханд итгэх итгэл дэх бүх бэрхшээл бараг шийдвэрлэгдэнэ гэж хэлж болно: Үнэнийг эрж хайхад нь тэднийг юу ч хойш татахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд нь ямар ч бэрхшээл тулгарахгүй, мөн Бурханыг дуулгавартай дагахад нь юу ч саад болохгүй. Тиймээс хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэх нь нэн чухал. Бурхан хүмүүсээс үнэнийг эрэлхийлж, үнэнч шударга байхыг шаарддаг нь завхарсан зан чанарыг шийдвэрлэх, зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой юм. Үнэнийг эрж хайхын зорилго нь завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэх явдал бөгөөд үнэнийг эрэлхийлэх нь зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн төлөө байдаг. Тэгвэл хүн яаж үнэнийг эрж хайдаг вэ? Хүн яаж үнэнийг олж авч болох вэ? Хэсэг хугацааны өмнө Би юу гэж хэлсэн бэ? (Бурхан бүхнийг захирдаг гэдэгт итгэж, Бурханы бүрдүүлсэн орчинд захирагд.) Тийм ээ, итгэ, захирагд, Бурханы бүтээсэн орчинд сургамж авахыг хичээ, үнэнийг эрж хай, үүргээ гүйцэтгэ. Хэрвээ чи Бурханы бүтээсэн орчноос сургамж авч чадвал дуулгавартай дагахад амар байх биш үү? (Тийм ээ.) Чи үнэнийг эрж хайж, сургамж авах үедээ завхарсан зан чанар харуулахаас зайлсхийж, түргэн зангаа ил гаргахаас сэргийлэх нь үнэн биш гэж үү? Энэ үйл явцын үеэр чи Бурханы чамд зориулан зохицуулсан хүмүүс, үйл явдал, зүйлстэй харьцахдаа хүний арга барил, хүний сэтгэлгээг ашиглахаас зайлсхийх биш үү? Ийм маягаар чи хэвийн байдалтай байх биш үү? Чи хэвийн байдалтай байх үедээ байнга Бурханы өмнө амьдарч чадахгүй гэж үү? Тэгвэл чи аюулгүй байх болно. Хэрвээ чи үргэлж Бурханы өмнө ирж, байнга Түүний өмнө амьдарч, чамд зориулан Бурханы бүрдүүлсэн орчинд Бурханы хүслийг байнга эрж хайж, Бурханы зохицуулсан бүх хүн, үйл явдал, зүйлд захирагдаж чадвал үргэлж Бурханы мэлмий дор, Бурханы анхаарал халамж дор амьдрах биш үү? (Тэгнэ.) Хувь заяаг чинь Бурхан захирч, хамгаалж, хариуцаж байх үед, өдөр бүр Бурханы хамгаалалтыг эдлэх үедээ чи хамгийн аз жаргалтай хүн байх биш үү? (Тийм ээ.) Энэ сэдвийн талаарх бидний нөхөрлөл ингээд дууслаа. Цаашид та нар энэ талаар хамтдаа нөхөрлөж, энэ талаарх ойлголтоо нэгтгэн дүгнэж, хуваалцаж болно. Хэрхэн Иовын адил аз жаргалтай амьдарч, Бурханы сайшаалыг хүртэхийг олж мэд, ингэснээр Бурхан чамайг зүрх сэтгэлдээ байлгаж, чамайг Өөрийнхөө хайртай хүн гэж хэлнэ; мөн Иов шиг Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралын зөв замд хэрхэн хөл тавихыг олж мэд.
2017 оны 1 дүгээр сарын 25
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?