Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 396
Сүнслэг амьдрал гэж ямархуу амьдрал вэ? Сүнслэг амьдрал гэдэг нь, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэсэн, Бурханы хайрыг анхаарч чаддаг амьдрал юм. Энэ нь Бурханы үгэн дотор амьдардаг, зүрх сэтгэлийг чинь өөр юу ч эзэмддэггүй, Бурханы өнөөгийн хүслийг ухаарч чаддаг, мөн үүргээ биелүүлэхийн тулд Ариун Сүнсний өнөөгийн гэрлээр замчлуулдаг амьдрал юм. Хүн, Бурхан хоёрын хоорондох ийм амьдрал нь сүнслэг амьдрал мөн. Хэрвээ чи өнөөдрийн гэрлийг дагаж чаддаггүй бол Бурхантай харилцах харилцаанд чинь зай гарч, тэр ч байтугай таслагдсан байж болох бөгөөд чамд хэвийн сүнслэг амьдрал байдаггүй. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы өнөөгийн үгийг хүлээн зөвшөөрсөн суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бөгөөд Бурханы үгэн дотроос хүслийг нь ухаарч, эдгээр үгэнд орж чаддаг бол Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн. Хэрвээ Ариун Сүнсний урсгалыг дагаж чадахгүй бол үнэнийг эрж хайдаггүй хүн гэдэг чинь эргэлзээгүй. Өөрсдийгөө сайжруулах хүсэлгүй хүмүүсийн дотор Ариун Сүнс ажиллах ямар ч боломжгүй бөгөөд үүний үрээр тийм хүмүүс хүч чадлаа дайчилж хэзээ ч чаддаггүй, үргэлж идэвхгүй байдаг. Өнөөдөр чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу? Ариун Сүнсний урсгалд байдаг уу? Чи идэвхгүй байдлаас гарсан уу? Бурханы үгэнд итгэдэг, Бурханы ажлыг сууриа болгож, Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байгаа. Хэрвээ чи, Бурханы үг маргаангүй үнэн, зөв гэж итгэдэг бол; Бурхан юу ч хэлсэн бай, үгэнд нь итгэдэг бол Бурханы ажилд орохоор эрэлхийлдэг хүн бөгөөд ийм маягаар чи Бурханы хүслийг биелүүлдэг.
Ариун Сүнсний урсгалд орохын тулд чи Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой бөгөөд эхлээд идэвхгүй байдлаасаа ангижрах ёстой. Зарим хүн үргэлж олонхыг дагадаг ба зүрх сэтгэл нь Бурханаас хэтэрхий хол хадуурсан байдаг; тийм хүмүүст өөрсдийгөө сайжруулах ямар ч хүсэл байдаггүй бөгөөд эрэлхийлдэг стандарт нь дэндүү доогуур байдаг. Бурханыг хайрлах, Бурханаар авхуулах эрэл хайгуул л Бурханы хүсэл юм. Бурханы хайрыг хариулахын тулд мөс чанараа л ашигладаг хүмүүс байдаг боловч энэ нь Бурханы хүсэлд нийцэж чадахгүй; чи өндөр стандартыг эрэлхийлэх тусам, энэ нь Бурханы хүсэлтэй төдий чинээ зохицолтой байх болно. Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Та нарыг Бурхан сонгож, Бурхан өргөсөн учраас, түүнчлэн та нарыг гэх Бурханы хайраас болж та нар жинхэнэ амьдралд хүрч, дээд зэргийн үнэ цэнэтэй амьдралаар хэрхэн амьдрах тухай мэдсэн. Энэ нь та нарын эрэл хайгуул сайнаас болоогүй, харин Бурханы нигүүлслээс болсон юм; та нарын сүнслэг нүдийг Бурхан нээж, зүрх сэтгэлийг чинь Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшаан өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс та нарыг гэгээрүүлээгүй бол та нар Бурханы хайр татам байдлыг харах чадваргүй байх байсан, мөн Бурханыг хайрлах ч боломжгүй байх байсан. Үндсэндээ Бурханы Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн учраас л тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн. Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед сүнс чинь хөдөлж, чи өөрийн эрхгүй Бурханыг хайрлаж, дотор чинь асар их хүч чадал байгааг, чиний хувьд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чамд ингэж санагддаг бол Бурханы Сүнс чамайг хөдөлгөж, зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Биднийг үнэхээр Та урьдчилан тогтоож, сонгосон. Таны алдар надад бахархал хайрлаж, Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгнө, өөрийн бүх амьдрал, насан туршийн бүхий л эрч хүчийг Танд зориулна” гэж хэлнэ. Ингэж залбирах үед зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүсийн сэтгэлийг Бурханы Сүнс үргэлж хөдөлгөдөг бол тэд ялангуяа залбиралдаа өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр Таны төлөө амьдрах боломж олгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи, зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй гэдгээ, Бурханыг олж авах ёстойгоо, амьд ахуйдаа Бурханыг олж авалгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч байх ба энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэл чинь хязгааргүй их хүч чадалтай байж, Бурхан бол маш хайр татам, Түүнийг хайрлууштай гэдгийг чи мэдэрнэ. Энэ үед Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн байдаг. Бурхан үргэлж сэтгэлийг нь хөдөлгөдөг хүмүүсийн амь нь өөрчлөгддөг, тэд шийдвэрээ гаргаж чаддаг, Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, зүрх сэтгэл дэх Бурханыг гэх хайр нь илүү хүчтэй байж, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй, мөн насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?