Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
Та нар бүгд шалгалт, цэвэршүүлэлт дунд байдаг. Цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Цэвэршүүлэлт туулснаар хүмүүс Бурханд жинхэнэ магтаал өргөж чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дундаас өөрсдийгөө тун их дутуу дулимаг гэдгээ ойлгож чаддаг. Цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, махан биеэ төдий чинээ хаяж чаддаг; цэвэршүүлэлт нь хэдий чинээ их байна, Бурханыг хайрлах хүмүүсийн хайр төдий чинээ их байдаг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм. Яагаад хүмүүс цэвэршүүлэгдэх ёстой вэ? Ямар үр дүнд хүрэхээр зорьдог вэ? Хүнийг цэвэршүүлэх Бурханы ажлын ач холбогдол юу вэ? Чи үнэхээр Бурханыг эрж хайдаг бол тодорхой хэмжээнд Түүний цэвэршүүлэлтийг туулсныхаа дараа маш сайн, туйлын шаардлагатай гэдгийг нь мэдэрнэ. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд гэж Түүнийг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Түүнийг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг гэх хайрыг сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи зүрх сэтгэлээ Бурханд өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай улам ойр ойрхон ярих болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.
Хэрвээ хүмүүс Сатаны нөлөөнд орвол Бурханыг хайрлах тэдний хайр үгүй болж, урьдын үзэгдэл, хайр, шийдвэр нь алга болсон байдаг. Хүмүүс Бурханы төлөө зовох учиртай гэж боддог байсан боловч өнөөдөр ингэхийг ичгүүртэй гэж үзэн, ихээхэн гомдол гаргадаг. Энэ бол Сатаны ажил, хүн Сатаны эзэмшил дор орсны шинж юм. Ийм байдалтай тулгарвал чи залбирч, аль болох хурдан үүнийг засах ёстой—энэ нь чамайг Сатаны дайралтаас хамгаална. Гашуун цэвэршүүлэлтийн үеэр хүн Сатаны нөлөөнд хамгийн амархан ордог. Тэгвэл ийм цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи хүсэл зоригоо дайчилж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, үлдсэн цаг хугацаагаа Түүнд зориулах ёстой. Бурхан чамайг яаж ч цэвэршүүллээ гэсэн, чи Бурханы хүслийг хангахын тулд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой бөгөөд өөрөө Бурханыг эрж хайж, ярилцахаар эрэлхийлэх ёстой. Ийм үед чи хэдий чинээ идэвхгүй байна, төдий чинээ сөрөг болж, ухарч буцахад улам амархан болно. Чи чиг үүргээ биелүүлэх шаардлагатай үед тэрийгээ сайн биелүүлдэггүй хэдий ч чадах бүхнээ хийж, Бурханыг хайрлах хайраараа л хийдэг; бусад хүмүүс юу хэлэх нь хамаагүй, тэд чамайг сайн хийсэн, муу хийсэн гэх нь хамаагүй, Бурханы өмнөөс үйлдэж байгаа учраас санаа зорилго чинь зөв байдаг бөгөөд чи өөрийгөө зөвтгөдөггүй. Бусад хүн чамайг буруугаар ойлгох үед чи Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Бусад хүн намайг тэвчээсэй, надад сайн хандаасай гэж би гуйхгүй, намайг ойлгож, сайшаагаасай ч гэж гуйхгүй. Би зүрх сэтгэлээрээ Таныг хайрлаж чаддаг, сэтгэл минь амгалан , мөс чанар минь сэвгүй байгаасай л гэж гуйж байна. Бусад хүн намайг сайшааж, хүндлээсэй гэж би гуйхгүй; би зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгах л гэж чармайж, чадах бүхнээ хийж үүргээ гүйцэтгэдэг; хэдийгээр би мулгуу, тэнэг, муу хэв чанартай, сохор боловч Таныг хайр татам гэдгийг мэднэ, байгаа бүхнээ Танд зориулахад би бэлэн байна” хэмээн хэлж чадна. Чамайг ингэж залбирмагц Бурханыг гэсэн хайр чинь бий болж, зүрх сэтгэл чинь илүү уужирна. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэдэг энэ юм. Туршлагажихын хэрээр чи хоёронтоо бүтэлгүйтэвч, нэгэнтээ амжилт олно, эсвэл таван удаа бүтэлгүйтэвч, хоёр удаа амжилт олно, ийнхүү туршлагажихдаа чи бүтэлгүйтлийн дундаас л Бурханы хайр татам байдлыг олж харж, чамд юу дутагдаж байгааг илрүүлж чадна. Дараагийн удаа ийм нөхцөл байдалд орох үедээ чи өөртөө сэрэмжлүүлж, алхмаа хязгаарлаж, илүү ойр ойрхон залбирах ёстой. Ийм нөхцөл байдалд амжилт олох чадвараа чи аажмаар хөгжүүлнэ. Ингэвэл залбирал чинь үр дүнтэй болжээ. Энэ удаад амжилт олсноо хараад чи дотроо баярлаж, залбирах үедээ Бурханыг мэдрэн, Ариун Сүнс дэргэдээс чинь холдоогүй гэдгийг мэдэрч чадна—тэр үед л Бурхан чиний дотор хэрхэн ажилладгийг чи мэднэ. Ингэж хэрэгжүүлэх нь чамд туршлагажих замыг олж өгнө. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс чиний дотор байхгүй байх болно. Харин чи үнэнийг хэрэгжүүлбэл аливаа зүйлтэй тулгарахдаа дотроо шархлах боловч Ариун Сүнс дараа нь чамтай хамт байх бөгөөд залбирах үедээ Бурхан байгааг мэдэрч, Бурханы үгийг хэрэгжүүлэх тэнхээтэй байж, ах эгч нартайгаа ярилцах үед мөс чанарыг чинь шаналгах юу ч байхгүй, амар амгалан санагдаж, ийм маягаар чи хийсэн зүйлээ ил болгож чадна. Бусад хүн юу гэж хэлэх нь хамаагүй, чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадах бөгөөд бусдад хязгаарлагдалгүй, бүх зүйлийг даван гарна. Үүгээрээ чи Бурханы үгийн хэрэгжүүлэлт үр дүнтэй байсныг харуулна.
Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.
Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог. Өөрийг нь хайрлахыг хүнээс шаардахдаа Бурхан хүсэл тэмүүлэл юм уу хүслээ ашиглан Өөрийг нь хайрлахыг хүнээс шаарддаггүй; Түүнд үйлчлэхийн тулд үнэнийг ашиглаж, үнэнч байснаар л хүн Түүнийг үнэхээр хайрлаж чадна. Гэвч хүн завхрал дунд амьдардаг учир Бурханд үйлчлэхдээ үнэнч байж, үнэнийг ашиглах чадваргүй байдаг. Хүн нэг бол Бурханыг гэсэн хэтэрхий их оргилсон тэмүүлэлтэй, эсвэл хэтэрхий хүйтэн хөндий, хайхрамжгүй байдаг; нэг бол Бурханыг туйлаас хайрлаж, эсвэл туйлын их үзэн яддаг. Завхрал дунд амьдардаг хүмүүс үргэлж энэ хоёр туйлын хооронд, хүсэл зоригоороо амьдардаг ч өөрсдийнх нь зөв гэдэгт итгэдэг. Хэдийгээр Би үүнийг ахин дахин дурдсан ч хүмүүс үүнийг нухацтайгаар авч үзэж чаддаггүй, ач холбогдлыг нь бүрэн ойлгож чаддаггүй тул өөрийгөө хуурсан итгэл, дур зоргоороо Бурханыг хайрлах хайрын төөрөгдөл дунд амьдардаг. Түүхийн туршид хүн төрөлхтөн хөгжиж, эрин үе өнгөрөхийн хэрээр хүнд тавих Бурханы шаардлага улам өндөрсөж, Өөрт нь үнэмлэхүй хандахыг хүнээс улам бүр шаардах болсон. Гэсэн ч Бурханы талаарх хүний мэдлэг улам бүр тодорхойгүй, хийсвэр болж, Бурханыг хайрлах хайр нь үүнийг даган улам бүр цэвэр ариун бус болсон. Сатан хүнийг улам гүн гүнзгий завхруулсан тул хүний байдал болон хийдэг бүхэн нь Бурханы хүсэлтэй улам их зөрчилддөг. Улам их, улам агуу авралын ажил хийхийг энэ нь Бурханаас шаарддаг. Бурханд тавих хүний шаардлага улам хатуу чанд болж, Бурханыг хайрлах хайр нь улам багассаар байна. Хүмүүс дуулгаваргүйгээр, үнэнгүй, хүн чанаргүй амьдралаар амьдардаг; тэд Бурханыг өчүүхэн төдий ч хайрладаггүйгээр үл барам, дуулгаваргүй байдал, эсэргүүцлээр дүүрэн байдаг. Тэд өөрсдийгөө Бурханыг туйлаас хайрлаж, чадлынхаа хэрээр нийцтэй байдаг гэж боддог боловч Бурхан тэгж үздэггүй. Бурханыг гэх хүний хайр хэчнээн бохир болох нь Бурханд тун тодорхой байдаг бөгөөд зусардлаас нь болж хүний талаарх бодлоо хэзээ ч өөрчлөөгүй, үнэнч байдлаас нь үүдэн хүний сайн санааг хэзээ ч хариулаагүй. Хүнээс ялгаатай нь Бурхан ялгаж салгах чадвартай: Хэн Өөрийг нь үнэхээр хайрладаг, хайрладаггүйг Тэр мэддэг бөгөөд хүний түр зуурын хөөрлөөс болж зүрх сэтгэл нь дүрэлзэж, ухаанаа алдалгүй, харин мөн чанар болон зан авирынх нь дагуу хүнд ханддаг. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан бөгөөд Тэр Өөрийн гэсэн эрхэм чанар, мэдлэг ухаантай; хүн эцсийн эцэст хүн бөгөөд үнэнтэй зөрчилддөг хүний хайраас болж Бурханы толгой эргэхгүй. Харин эсрэгээрээ, Тэр хүний хийдэг бүхэнд зүй зохистой ханддаг.
Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?