Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хангах ёстой таван нөхцөл (I хэсэг)

Хүмүүсийн завхарсан зан чанарт нэг нийтлэг асуудал байдаг, энэ нь хүн болгоны хүн чанарт оршдог нийтлэг асуудал бөгөөд хамгийн ноцтой асуудал юм. Энэхүү нийтлэг асуудал нь хүмүүсийн хүн чанарын хамгийн сул дорой, үхлийн аюултай хэсэг бөгөөд уг чанар-мөн чанарт байдаг, ухан гаргаж, өөрчлөхөд хамгийн хэцүү зүйл юм. Энэ ямар асуудал вэ? Хүмүүс гоц гойд, супер хүн, төгс хүмүүс байхыг үргэлж хүсдэг. Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйл. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч болж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд чадварлаг болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг нэвт харж, бүхнийг хийж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор завхарсан зан чанар, хөнөөлт сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэд хэчнээн шалихгүй байх нь хамаагүй, олны танил, гоц гойд хүний дүр эсгэж, багахан алдартан болж, ганц ч дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй гэж хүмүүст бодогдохыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд алдартай, хүчирхэг, эсвэл агуу хүн болж, сүр хүчтэй, бүхнийг хийж чаддаг, хийж чадахгүй юмгүй мэт харагдахыг хүсдэг. Тэд бусдаас тусламж хүсвэл чадваргүй, сул дорой, дорд харагдаж, хүмүүст басамжлуулна гэж боддог. Иймээс үргэлж дүр эсгэхийг хүсдэг. Зарим хүнээс ямар нэг зүйл хийхийг хүсэхэд яаж хийхийг үнэндээ мэдэхгүй хэр нь мэднэ гэж хэлдэг. Дараа нь тэд нууцаар эрж хайж, яаж хийдгийг нь сурахаар оролддог ч хэдэн өдрийн турш судалсныхаа дараа ч яаж хийхийг нь ойлгохгүй хэвээр байдаг. Яажшуу хийж байгааг нь тэднээс асуувал “Дөхөж байгаа, дөхөж байгаа!” гэдэг. Гэвч зүрх сэтгэлдээ бол “Болоогүй байгаа шүү дээ, би юу ч мэдэхгүй, яахаа мэдэхгүй байна! Би нууцаа дэлгэж болохгүй, үргэлжлүүлэн дүр эсгэх ёстой, хүмүүст дутагдал, мэдлэггүй байдлаа харуулж болохгүй, тэдэнд дорд үзэгдэж болохгүй” гэж боддог. Энэ ямар асуудал вэ? Энэ бол ямар ч үнээр хамаагүй нэр нүүрээ хамгаалахаар хичээх амьдын там юм. Энэ ямар зан чанар вэ? Ийм хүмүүсийн биеэ тоосон зан нь дэндсэн, тэд хамаг эрүүл ухаанаа алдсан. Тэд өрөөл бусадтай адилхан байхыг хүсдэггүй, жирийн, хэвийн хүн байхыг хүсдэггүй, харин супер хүн, гоц гойд, авьяас чадвартай хүн байхыг хүсдэг. Энэ бол асар том асуудал юм! Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлын тухайд тэд бүгдийг нь далдалж, бусад хүнд харуулдаггүй бөгөөд дүр эсгэсээр байх болно. Бүх зүйлд харалган хэр нь зүрх сэтгэлдээ ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг. Тэднээс тайлбарлаач гэж хүсвэл тайлбарлаж чадахгүй. Өөр хэн нэгнийг тайлбарласны дараа тэд яг адилхан юм хэлэх гэж байсан ч цаг тухайд нь хэлж чадсангүй гэж мэлздэг. Тэд хуурамч дүр эсгэж, сайн болж харагдахын тулд чадах бүхнээ хийдэг. Та нар юу гэх вэ, ийм хүмүүс хоосон мөрөөдөлд автан амьдардаг бус уу? Тэд мөрөөдөж байгаа бус уу? Тэд хэн гэдгээ ч мэддэггүй, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахаа ч мэддэггүй. Тэд ганц ч удаа бодитой хүн шиг аашилж байгаагүй юм. Хэрвээ чи юмыг хэрсүү байдлаар хийх биш, харин хоосон мөрөөдөлд автаж, аргацааж өдөр хоногийг өнгөрөөдөг, төсөөллөөрөө амьдардаг бол энэ нь асуудал юм. Чиний сонгосон амьдралын зам буруу байна. Хэрвээ чи ингэх юм бол Бурханд яаж ч итгэлээ гэсэн үнэнийг ойлгохгүй, үнэнийг олж авч ч чадахгүй. Үнэнийг хэлэхэд чи үнэнийг олж авч чадахгүй, учир нь эхлэх цэг чинь буруу байдаг. Чи газар дээр хэрхэн алхах, алхам алхмаар хэрхэн тууштай алхахыг сурах ёстой. Хэрэв алхаж чаддаг бол алх; гүйж сурах гэж бүү оролд. Нэг удаад нэг алхаж чаддаг бол хоёр алхах гэж бүү хичээ. Чи газарт хөлөө бат тавин биеэ авч явах ёстой. Супер хүн, агуу, сүрлэг байх гэж бүү хичээ. Сатанлаг зан чанартаа захирагддаг хүмүүс дотроо зарим нэг санаархал, хүсэл өвөрлөж, үүнийгээ зүрх сэтгэлдээ нуудаг. Тэд газар дээр хөлөөрөө амьдрахыг хүсдэггүй, харин ч агаарт дүүлж, үүл, манан дунд амьдрахыг үргэлж хүсдэг. Тэд мөрөөдөж байгаа бус уу? Хүмүүс агаарт амьдардаг уу? Энэ бол хүмүүсийн амьдрах газар биш, Сатаны эзэмшил. Бурхан хүнийг газрын тоос шорооноос бүтээсэн; Бурхан хүнийг газарт амьдруулж, хэвийн байдлаар, дүрэм журамтай амьдруулж, хэрхэн биеэ авч явах тухай нийтлэг мэдлэгийг сургаж, хэрхэн үйлдэж, хэрхэн амьдарч, хэрхэн Бурханыг шүтэн мөргөхийг сургасан. Бурхан хүмүүст даль жигүүр өгөөгүй, хүмүүсийг агаарт амьдруулдаггүй. Агаарт сэлгүүцэгчид нь хүмүүс биш, Сатан, бүх төрлийн ёрын муу сүнс билээ. Хүмүүс үргэлж ийм санаархалтай байж, супер хүн болж, ямар нэгэн өөр зүйл болж өөрчлөгдөхийг үргэлж хүсдэг бол гай дуудаж байгаа хэрэг. Тэр чигтээ хэнээрхэлд автахад маш амархан! Юуны түрүүнд энэ бодол, санаа чинь буруу. Энэ нь Сатанаас ирдэг, бодит байдлаас бүрэн давсан, Бурханы шаардлагад огт нийцдэггүй, Бурханы үгээс бүрэн давсан. Тэгэхээр энэ ямар бодол вэ? Бүдүүлэг биш, онцгой, хосгүй, харьцуулшгүй чамин тансаг байж, тусгаар тугаа намируулж, алдартай, агуу хүн болж, хүмүүсийн зүрх сэтгэлд шүтээн нь болохыг үргэлж хүсэх—хүний эрэлхийлэх учиртай зорилго энэ мөн үү? Яавч биш. Бурханы бүх үгэн дотор супер хүн, хүчтэн, алдартан, агуу хүн болохоор эрэлхийл гэж хүмүүст хэлдэг нэг ч үг байхгүй. Хүмүүсийн төсөөлдөг ийм зүйлсийн аль нь ч бодитой биш, аль нь ч оршин байдаггүй. Ийм зүйлээр хөөцөлдөх нь өөрийнхөө булшийг ухаж байгаа хэрэг. Ийм зүйлээр хөөцөлдөх тусам улам хурдан үхнэ. Энэ бол сүйрэлд хүрэх зам юм.

Бурхан маш олон үг хэлсэн болохоор хүмүүсийн зан авирт тавьдаг Бурханы шаардлагыг та нар мэдэх үү? (Хүмүүс ухамсартайгаар биеэ авч яваасай гэж Бурхан хүсдэг.) (Тэднийг нягт нямбай, анхаарал татахгүйгээр, ул суурьтайгаар биеэ авч явж, үйлдээсэй гэж Бурхан хүсдэг.) Хэдийгээр энэ хэдэн үг нь энгийн боловч ихэнх хүн хүрч чадахгүй; үнэнч шударга хүмүүс л чадна. Үнэндээ та нар яаж ч илэрхийлсэн бай, товчхондоо Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг. Үнэнч шударга хүмүүс л ухамсартайгаар биеэ авч явж, ул суурьтай үйлдэж, анхаарал татахгүй, нягт нямбай байж чаддаг учраас үнэнч шударга хүн байх нь зөв бөгөөд Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай. Бурхан ов мэхтэй хүмүүсийг жигшдэг. Ухамсартайгаар биеэ авч явдаггүй, үйлдэлдээ ул суурьтай байдаггүй хүмүүс ов мэхтэй байдаг. Ингэж хэлбэл ойлгож байна уу? Тэгэхээр Надад дахиад хэлээч, Бурхан үнэнч шударга хүмүүс байхыг шаардахаас гадна өөр ямар шаардлага хүмүүст тавьдаг вэ? (Тэд даруу байх хэрэгтэй.) Та нар “даруу” гэж хэлж байгаа ч хүмүүсийг тодорхойлоход ийм үг ашиглах нь үндэслэлтэй юу? (Үндэслэлтэй биш.) Яагаад үндэслэлтэй биш вэ? Сатаны завхруулсан хүн төрөлхтөнд анх байр суурь байгаагүй; тэд анх өтнөөс ч доор байсан юм чинь үүнээс даруу байж яаж чадах юм бэ? Тэд өөрсдийгөө улам доошлуулбал юу болох вэ? Диавол, араатан болох бус уу? Хүнийг Бурхан бүтээсэн, Бурханы бүтээсэн бүх хүнд хүний зөн совин байдаг. Өөрт нь байх учиртай зүйлд хүмүүс бүгд хүрч чаддаг бөгөөд тэр нь бүгд хэвийн зан авир, илэрхийллийнх нь нэг хэсэг юм. Эхлээд хүмүүст байдаг зарим нэг сэтгэл хөдлөл болох аз жаргал, уур уцаар, уй гашуу, баяр хөөрийн талаар ярилцацгаая. Хүн уйтай, гунигтай байх үед хамгийн түгээмэл илрэл нь уйлах явдал. Хэвийн хүн чанар аяндаа илэрч байгаа нь энэ. Уйтай, шаналантай байх үедээ чи уйлж, нулимс урсгаж болно. Бүү дүр эсгэ. Зарим хүн: “Би уйлдаггүй, би бол хүчтэй хүн, эрчүүд амархан уйлдаггүй юм!” гэж хэлдэг. Зарим нь: “Хэдийгээр эмэгтэй хүн боловч би шийдэмгий хүн. Би эр хүн шиг хүчтэй байх ёстой. Би сул дорой эмэгтэй биш, баатар болох болно” гэж хэлдэг. Ингэж бодох нь зөв үү? Энэ ямар төрлийн хүн чанар вэ? Энэ бол дүр эсгэж байгаа хэрэг; энэ нь үнэн биш. Дүр эсгэх нь хэвийн хүн чанарын илрэл биш. Харин энэ нь бусдад гаргадаг хуурамч дүр, хэвийн хүн чанарыг бүрэн гажуудуулж байгаа хэрэг. Тиймээс хүмүүс ямар нэг зүйлд шаналж, сэтгэл түгших үед, санаа алдаж, царай зүс нь харьцангуй нухацтай байх үед, юм идмээргүй байх үед энэ бүхэн нь хэвийн хүн чанарын илрэл бөгөөд үүнийг хэн ч далдалж чадахгүй. Хүн ямар нэгэн сайн зүйлтэй тулгарах үедээ инээмсэглэдэг нь бас л хэвийн илрэл юм. Баярласан үедээ чангаар инээж зүрхэлдэггүй зарим хүн бий. Тэд инээмсэглэлээ нуухын тулд үргэлж амаа дарж, хүмүүсийн дооглохоос үргэлж айдаг. Ингэх нь хэвийн үү? (Хэвийн биш.) Энэ ч бас дүр эсгэж байгаа хэрэг. Эмэгтэйчүүд олон нийтийн дунд, олон хүний өмнө инээж болохгүй, ялангуяа шүдээ харуулж болохгүй, эс тэгвэл хүмүүс тэднийг дорд үзэж, зэвүүцэх учраас биеэ барих ёстой, хөнгөн хийсвэр байж болохгүй гэж тэд боддог. Энэ бол Хятадын уламжлалт соёл хүмүүжлийн үр дүн юм. Аз жаргал, уур уцаар, уй гашуу, баяр хөөр нь хэвийн бус хүний хэвийн хүн чанарын илрэл, эсвэл хэрэгцээг бусад хүн олж харж чаддаггүй. Ийм хүн хэвийн хүн мөн үү? (Хэвийн биш.) Түүнийг захирдаг ямар нэг зүйл бодол санаанд байдаг бус уу? Сатан хүмүүсийг дэндүү гүнзгий завхруулсан. Ийм л байдаг. Тэд хүмүүс гэхээсээ илүү хорон санаатантай адилхан. Диаволын уг чанарт захирагдсан хүмүүсийн харагдах байдал энэ юм. Тэд туйлын хуурамч, хэтэрхий их дүр эсгэдэг. Бурханд хэдэн жил итгэсэн хүмүүс яагаад бараг огт өөрчлөгдөөгүй байдаг вэ? Нэг талаар, хэвийн хүн болох зам, зарчим, зүг чиг, зорилгын талаарх зөв мэдлэг, тодорхой үзэл бодол хүмүүст байдаггүй, үнэнийг эрэлхийлэх замын талаарх тодорхой үзэл бодол ч байдаггүй. Нөгөө талаар, иймэрхүү хүмүүс мэдлэггүй байдаг. Тэд дөч, тавь насалтлаа амьдарсан ч хэрхэн үнэнч шударга хүн болох, эсвэл хэвийн хүн чанарыг амьдран харуулахын тулд ямар шаардлагыг биелүүлэх ёстой талаар юу ч мэддэггүй. Учир нь уламжлалт соёл хүмүүсийн зүрх сэтгэлд хэтэрхий гүн үндэслэсэн бөгөөд хүмүүс өөрсдийнхөө төсөөлсөн шиг ариун, агуу хүний дүр эсгэхийг үргэлж хүсэж, энэ нь аливаа зүйлийг өрөөсгөл, хөгийн, хачин байдлаар ойлгоход хүргэдэг. Та нарын дунд ийм хүмүүс байна уу? Зарим хүн зүрх сэтгэлээ бусдад хэзээ ч нээж байгаагүй, сэтгэлийн гүн дэх бодлынхоо талаар яаж ярихаа ч мэддэггүй. Тэдэнд ямар ч бэрхшээл байхгүй мэт, хэзээ ч сөрөг, сул дорой байгаагүй мэт, амийн оролтод нь хэзээ ч, ямар ч бэрхшээл тулгарч байгаагүй юм шиг л байдаг. Тэд юу ч эрж хайх хэрэггүй, бусадтай нөхөрлөх ч хэрэггүй, өөр хэн нэгний нөхөрлөл, хангалт, тусламж, дэмжлэг ч хэрэггүй. Тэд бүхнийг өөрөө ойлгож, юуг ч шийдвэрлэж чаддаг юм шиг л байдаг. Хэн нэгэн тэднээс урьд нь сөрөг болж байсан эсэхийг нь асуухад тэд: “Би хааяа сөрөг болдог ч Бурханд залбирч, шийдвэр гаргаж, тангараг тавиад л зүгээр болчихдог” гэж хэлдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Гаднаасаа иймэрхүү хүн олон биш харагдаж болох ч бодит байдал дээр ийм байдалтай олон хүн байдаг. Ийм хүн Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг одоо болтол мэддэггүй. Бурханд итгэнэ гэдэг нь зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрч, сайн хүн байх гэсэн үг бөгөөд хүний хүсэл, тачаалаас ангижирч, цэвэр ариун зүрх сэтгэлтэй, шунал хүсэл багатай болох тухай Буддын шашинтнуудын ярьдаг шиг нэг л өдөр тэд “үхэшгүй мөнх болж, Замыг олж авч”, тэнгэрийн хаанчлалд орно гэж боддог. Тэд энэ чиглэлд мэрийн ажиллаж, хичээл зүтгэл гаргадаг ч ингэх нь Бурханд итгэж байгаа хэрэг мөн үү? Бурханд итгэх гэж юу болохыг тэд одоо ч мэддэггүй, бас юуг эрэлхийлэх учиртай, ямар хүн болох учиртайгаа ч мэддэггүй. Тэд үнэний талаар хэчнээн олон номлол сонслоо ч эрэлхийлдэг зорилго нь өөрчлөгддөггүй, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол нь ч өөрчлөгддөггүй. Энэ нь тун ярвигтай! Бурханд итгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй бол чиний Бурхан хэн болохыг чи мэдэж чадна гэж үү? Бурханд итгэх нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй бол чи үнэнийг эрэлхийлж чадна гэж үү? Бурханд итгэх тухай үзэгдлийн талаар ямар ч мэдлэггүй хүн үнэнийг хайрлаж чадна гэж үү? Бурханд итгэх тухай үзэгдлийг ойлгодоггүй хүмүүс бол үнэнийг ойлгож чаддаггүй хүмүүс юм. Ийм хүнээс үнэнийг хайрладаг эсэхийг нь асуугаад нэмэргүй; Бурханд итгэх, эсвэл үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг тэд ойлгодоггүй. Ийм зүйлийг тэд ойлгодоггүй. Тэд гурав эсвэл таван жил, арав эсвэл найман жил Бурханд итгэсэн эсэх нь хамаагүй, хэн нь ч үнэнийг ойлгодоггүй. Бурханд итгэх нь сайн хүн байж, сайн зүйл хийж, сайхан сэтгэлтэй, өгөөмөр байх явдал гэдгийг л мэддэг бөгөөд энэ бол алдар нэртэй амьдрах арга зам гэж боддог. Ийм үзэл бодол хэтэрхий өнгөц, хоцрогдсон бус уу? Энэ нь Бурханд итгэх тухай үнэнтэй нийцдэггүй, үүнтэй ямар ч холбоогүй. Бурханд олон жил итгэсэн хэр нь Бурханд итгэх итгэлийн асуудалд шүтлэггүй хүмүүс, Буддистууд, Даосизмын үзэлтнүүдийн үзэл бодол, сэтгэлгээ, арга барилаар ханддаг, Бурханд итгэх замаар алхахдаа уламжлалт үзэл, төсөөлөлд найддаг, өөрсдийнх нь ойлголт цэвэр гэж андуурдаг, ийм маягаар Бурханд итгэх нь үнэнийг эрэлхийлэх цорын ганц зам гэж боддог хүн өөрийгөө хуурч байгаа бус уу?

Хятад хүмүүс Даосизм, Буддын шашны уламжлалт соёлтой. Энэхүү агуу уламжлалт нийгмийн орчинд бодол санаагаа эдгээр зүйлээс ангижруулах нь хятад хүмүүст маш хэцүү байдаг учраас хятадууд Бурханд итгэх итгэлийн талаар ярих үед хамгийн түрүүнд санаанд нь ордог зүйл бол цагаан хоолтон байх, Буддад залбирах, амь таслахгүй байх, өргөл барьц өгч, сайн үйл хийх, бусдад туслах, бусад руу дайрч давшилж, орилж хашхирахгүй байх, хүн алж, галдан шатаахгүй байх, сайн хүн байх гэх мэт Буддын шашин, Даосизмын үзэл бодол юм. Тэгэхээр ийм зүйлээс ангижирч, Бурханд итгэх итгэлийн жинхэнэ утгыг ойлгодог болоход хүнд хэр их хугацаа шаардлагатай вэ? Эдгээр буруу бодол, үзлийг бүрэн өөрчилж, бүрэн арилгахын тулд хүн аль үнэнийг ойлгохоор эрэлхийлэх хэрэгтэй вэ? Хүн Бурханы шаардлагыг үнэхээр ойлгож, үнэний зарчмын дагуу Бурханд итгэж байж л Бурханд итгэх зөв замд орж чадна; тэр үеэс л Бурханд итгэх итгэлийн амьдрал нь албан ёсоор эхэлдэг. Хүний зүрх сэтгэлд феодалын мухар сүсэг, эсвэл уламжлалт шашны үзэл, төсөөлөл, дүрэм журам байсаар байгаа бол зүрх сэтгэлдээ хадгалдаг тэр зүйлс нь Бурханы хамгийн их жигшиж, үзэн яддаг яг тэр зүйлс юм. Тэд үнэнийг эрж хайж, эдгээр зүйлийг ялган таньж, дараа нь бүрэн орхих ёстой. Тийм хүмүүс л үнэнийг хайрладаг, тэд л Ариун Сүнсний ажлыг хүлээж авч чадна. Энэ нь гарцаагүй. Бурханд итгэхдээ Бурханы үгийн үнэнд тулгуурладаггүй бол Бурханы ерөөлийг хэзээ ч хүртэж чадахгүй. Хүн Бурханд итгэх зөв замд ормогц, тэр босгыг давмагц дотоод байдалд нь өөрчлөлт гардаг. Юуны өмнө бодол санаа, үзэл бодол нь хий хоосон биш, бодитой болдог. Байдал, бодол, санаа нь хоосон биш, харин үнэнтэй нийцэж, Бурханы үгтэй бүрэн нийцдэг. Эрэлхийлдэг зорилго, чиглэл нь хоосон сургаалын биш, бас хүршгүй, харагддаггүй ч биш, харин ч эерэг, Бурханы шаардлагад нийцсэн, Бурханы сайшаадаг зүйл байдаг. Тэдний бүхий л байдал, бодол, санаа нь бүгд бодитой, жинхэнэ байдаг. Чи одоо Бурханд итгэдэг юм чинь бодол чинь хаана байна вэ? Зөв зүг чиглэлгүйгээр агаарт хөвсөн хэвээр байгаа бол, бодит байдалтай зохицохгүй олон бодол, хүний элдэв янзын санаа, үзэл, төсөөлөл бүхий олон хий дэмий, хоосон сургаалын бодол байсаар байгаа бол чи хоосон төсөөллөөрөө агаарт амьдарсаар, газар бууж ирээгүй байна. Ингэх нь маш аюултай, учир нь чиний юу бодох, юу хийх, зүрх сэтгэлдээ эрэлхийлэх зорилго чинь Бурханд итгэх итгэлийн талаарх үнэнтэй, эсвэл Бурханы шаардлагатай ямар ч хамаагүй, өчүүхэн төдий ч холбоогүй. Тэгвэл чи юунд үндэслэн үйлддэг вэ? Хүний нэгтгэн дүгнэсэн туршлага, ертөнцийн гүн ухаан, мөн түүнчлэн нийгэм, гэр бүл, бүх төрлийн орчноос сурсан зүйл, толгойдоо төсөөлж, нэгтгэн дүгнэсэн зүйлдээ үндэслэн үйлддэг. Жишээ нь чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед чи тэгж хийх ёстой гэж бодсоноороо үйлддэг бөгөөд тэр нь үнэнд нийцдэг, бодож байгаа зүйл чинь зөв бөгөөд эерэг зүйл бол үнэн гэж боддог. Нэг л өдөр хана мөргөх юм уу харьцалт туулах үедээ чи үйлдэл, бодол, санаа чинь бүгд үндсэндээ үнэн-зарчимд нийцдэггүй хүний төсөөлөл, үзэл болохыг ухаарна. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн зөв замд албан ёсоор орохоосоо өмнө хүний хийдэг олон зүйл үнэн-зарчимтай ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь хүмүүсийн оюун санаа, төсөөллөөс, дур сонирхол, урам зориг, хүсэл зоригоос, сайн хүсэл, итгэл найдвараас, эсвэл бүр тэдний хүслээс гардаг. Энэ бүх зүйл бол хүмүүсийн үйлдлийн эхлэх цэг, эх сурвалж юм.

Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хүн ямар байдалтай байх ёстой тухайд нэг стандарт байдаг, өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийг туулж байхдаа хэвийн байдалтай байх ёстой. Зарим хүн хэдийнээ ийм байдалтай амьдардаг байхад зарим нь үүнд хараахан ороогүй, эсвэл хааяа тийм байдалтай байдаг ч хэсэг хугацааны дараа хуучин байдалдаа эргээд ордог. Энэ ямар байдал вэ? Хүн хэсэг хугацаанд урам зориг, дур сонирхол, үзэл, төсөөлөлдөө найдаж явсныхаа дараа ийм маягаар итгэх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй санагдаж, ингээд үнэнийг олж авч чадахгүй, ийм маягаар итгэх нь хоосон, бодит бус гэдгийг гэнэтхэн ухаардаг. Мөн үргэлж бүтээгдсэн зүйл байснаа, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, бүтээгдсэн зүйлийн үүргийг бүх зүрх сэтгэл, чадлаараа чин сэтгэлээсээ гүйцэтгэх учиртайгаа ухаардаг. Тэгээд аливааг ул суурьтайгаар хийж эхэлдэг бөгөөд үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг. Аливааг хийж байхдаа тэрээр тунгаан бодож, хэрхэн үнэний дагуу үйлдэж, хэрхэн Бурханы хүслийг хангаж, хэрхэн Бурханд хүлээн зөвшөөрөгдөхийг эрж хайж эхэлдэг. Тэд үзэл, төсөөлөл, дур сонирхолдоо үндэслэн үйлддэггүй. Энэ үед л хүмүүс Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы хайрыг хариулах хүсэлтэй болдог. Энэ үед тэд үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханы шаардлагыг хангаж эхэлдэг. Ийм хүсэлтэй байх үедээ, зүрх сэтгэлдээ хэвийн байдалтай байх үедээ, нэг талаар чи зүй ёсны байрандаа зогсож, жинхэнэ бүтээгдсэн зүйл болдог. Нөгөө талаар, хамгийн гол нь чи зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг өөрийн Эзэн, өөрийн Бурхан гэж үнэхээр хүлээн авч, Бурханы үгийг бүгдийг нь хүлээн авч, тэдгээр нь үнэн болохыг харсан. Мөн чи Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж чаддаг болж, Бурханы үгийг амь бодит байдлаа болгодог бөгөөд энэ нь чамд үнэн болон амийг олж авах боломж олгодог. Чамд ийм хүсэл, эрмэлзэл байхын зэрэгцээ Бурханы үг болон чамд тавьдаг Бурханы шаардлагыг хүлээж авах хэрэгцээ байгаа үед, мөн чи Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хүслийг биелүүлэхийг хүсдэг болох үед амийн байдал чинь өөрчлөгдөж эхэлнэ. Энэ үеэс эхлээд чи Бурханд итгэх итгэлийн зөв замаар алхах болно.

Миний сая нөхөрлөсөн энэ үгийг нэгтгэн дүгнэхэд нэлээд энгийн; өөрөөр хэлбэл, хүн бүтээгдсэн зүйл гэдгээ ухаарч эхэлмэгц Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд жинхэнэ бүтээгдсэн зүйл болох найдвар түүнд төрнө. Үүний зэрэгцээ тийм хүмүүс Бурханыг өөрсдийнхөө Эзэн, Бурхан хэмээн хүлээн авч, Бурханы бүх шаардлага болон захиралтыг дуулгавартай дагахыг хүснэ. Тиймээс тэд дураараа аашлахаа больж, хийдэг бүхэндээ Бурханы санаа зорилго, үнэн-зарчмыг эрж хайна. Тэд зүгээр л хүссэн бүхнээ хийхээ больж, өөрийн төлөвлөгөөний дагуу аливааг хийхээ болино. Тэгээд хувийн үзэл санаандаа найдан үйлдэхийн оронд Бурханыг байнга бодолдоо тээж эхэлдэг бөгөөд субьектив хүсэл нь Бурханыг бүх талаар сэтгэл хангалуун болгож, үйлдлээрээ үнэнд нийцэж, Бурханы шаардлагыг хангах явдал байх болно. Ийм байдалд байгаа хүмүүс үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд ороход суралцаж эхэлсэн нь эргэлзээгүй. Хэрэв чи ийм байдалд байгаа бөгөөд ийм хүсэлтэй бол хар аяндаа л Бурханы хүслийг эрж хайхад суралцаж эхлэн, Бурханы нэрийг хэрхэн гутаахгүй байх, Бурханыг хэрхэн өргөмжлөх, Бурханаас хэрхэн эмээх, Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгохыг эрж хайж эхэлнэ; өөрийнхөө аминч хүслийг хангах юм уу өөр хэн нэгнийг сэтгэл хангалуун байлгахын оронд Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар оролдоно. Хүн ийм байдалд орох үедээ Бурханы өмнө амьдардаг болж, завхарсан зан чанартаа захирагдахаа больдог. Ийм байдалд орох үед субьектив хүслээр боддог зүйлс чинь эерэг байдаг. Хааяа завхарсан зан чанар харуулсан ч гэсэн тэрийгээ мэдэж, тэрийг шийдвэрлэхээр өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайж чаддаг болно. Тиймээс завхарсан зан чанар чамд байгаа ч гэсэн завхарсан зан чанар чинь чиний бүх зүйлийг удирдаж, чамайг захирч чадахаа болино. Энэ үед Бурханы үгийн үнэн чиний дотор ноёрхох бус уу? Чи Бурханы үгэн дотор амьдарч байгаа бус уу? Зүрх сэтгэлд чинь үнэн ноёрхохыг та нар бүгдээрээ зөвшөөрч чадах уу? Энэ нь үнэнийг эрэлхийлэх хүсэл байгаа эсэхээс хамаардаг. Хүн олон үнэнийг тодорхой ойлгодог бол зүрх сэтгэлд нь аяндаа үнэн ноёрхоно. Үнэнийг нэг их ойлгодоггүй, эсвэл Сатаны хор хэтэрхий их байгаа бол зүрх сэтгэлд нь үнэн ноёрхож чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг ч аливаа зүйл тохиолдоход өөрийн эрхгүй өөрийгөө гайхуулж, нэр төр, ашиг хонжоо, байр сууриар хөөцөлдөж, хязгаарлалт, хяналт байхгүй, завхарсан зан чанараа дураар нь ил гаргадаг олон хүн бий. Энэ ямар байдал вэ? Энэ бол хүн хэтэрхий бага үнэнийг ойлгодог, биеийн хэмжээ нь хэтэрхий жижиг, махан бие, Сатаны нөлөөг давж гарч чаддаггүй байх үе юм. Ийм хүнд зүрх сэтгэлдээ үнэн ноёрхохыг зөвшөөрөх маш хэцүү байдаг. Тиймээс үнэнийг эрэлхийлэх нь энгийн зүйл биш, ядаж хэдэн жилийн туршлагагүйгээр завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэхэд маш хэцүү. Жишээ нь зарим хүн маш ов мэхтэй, сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч хэлдэггүй, ганц ч үнэн үг хэлж чаддаггүй. Тэд юу ч ярилцаж, хэдэн ч үг хэлсэн тодорхой ярьдаггүй, үргэлж дороо эргэлдэж, өөрийгөө хянаж чаддаггүй. Хүмүүс завхарсан зан чанарынхаа өмнө, жигшүүртэй, сатанлаг уг чанар-мөн чанарынхаа өмнө маш шалихгүй, сул дорой, хүчин мөхөс, бүхэлдээ арчаагүй болохоо харуулдаг учраас байнга нүгэл үйлдэж, алдаа гаргаж, идэвхгүй байдаг. Энд юу болоод байна вэ? (Тэд Бурханд итгэх зөв замаар алхаагүй.) Тэд Бурханд итгэх зөв замаар алхаагүй бөгөөд тэр нь юуг илтгэдэг вэ? (Тэд бүтээгдсэн зүйл гэдгээ хараахан ойлгоогүй, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахыг хүсдэггүй.) Үнэнийг эрэлхийлээгүйгээс гарах үр дагавар нь энэ юм. Та нар ийм нөхцөл байдалд байгаа учраас үнэн-бодит байдалд хараахан орж эхлээгүй гэж хэлж болох уу? (Болно.) Үнэн-бодит байдалд ороогүй хүнийг үнэнийг олж авсанд тооцох уу? (Тооцохгүй.) Үнэнийг олж аваагүй хүний зүрх сэтгэлд нь үнэн байдаг уу? (Байдаггүй.) Үнэн байхгүй бол хүмүүс завхарсан зан чанартаа суурилж үйлддэг бус уу? Тиймээс үүргээ гүйцэтгэж байхдаа зарим нэг эерэг зүйл хийхийн тулд хүнд юу байх ёстой вэ? Тэд үнэнийг ойлгох ёстой бус уу? Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, харин ч яаж өөрийн хүслээр үйлдэхийг л мэддэг бол тэр ямар чанар вэ? Энэ нь үйлчлэл үзүүлж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурхан Өөртөө үйлчлэл үзүүлэхээр шүтлэггүй хүн хөлсөлж авахтай адил. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлж, үнэн-бодит байдалд ордоггүй бол үйлчлэл үзүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрийнх нь аврахыг хүсдэг хүмүүс авралд хүрэхийн тулд Өөрийнх нь үгийн дагуу хэрэгжүүлэхгүй, Өөрт нь зүгээр нэг үйлчлэл үзүүлэхийг харахыг хүсдэг гэж та нар бодож байна уу? (Бурхан хүсдэггүй.) Тэр яагаад хүсдэггүй вэ? (Бурхан хүнийг олж авахын тулд бүтээсэн.) Тэр зөв, Бурхан хүнийг Өөрийн илрэл болгож, түүнээс илүүтэйгээр хүнийг олж авахын тулд бүтээсэн. Хүмүүс Өөрт нь зөвхөн үйлчлэл үзүүлэхэд Бурхан яагаад сэтгэл дундуур байдаг вэ? (Яагаад гэвэл хүмүүсийн үйлдэл нь Бурханы хүсдэг зүйл биш.) Тэгэхээр Бурхан юу хүсдэг вэ? (Бурхан хүмүүсийн чин сэтгэлийг хүсдэг.) Бурханд үйлчлэл үзүүлэх нь өөрөө чин сэтгэл биш гэж үү? Чиний үзүүлдэг үйлчилгээ жинхэнэ, чин сэтгэлийнх эсэхээс үл хамааран, чи үнэнийг эрэлхийлдэггүй бол бүх насаараа үйлчлэл үзүүлээ ч гэсэн үнэнийг олж авахгүй. Чи үнэнийг олж авахгүй бол Бурханыг олж авдаггүй, Бурхан чамайг олж авдаггүй учраас чиний үзүүлдэг үйлчлэл үнэ цэн, утга учиргүй гэсэн үг. Хэдэн жил үйлчлэл үзүүлэх чинь хамаагүй, үнэнийг эрэлхийлдэггүй бол Бурхан чамайг олж авахгүй, энэ нь чи Бурханыг эсэргүүцсээр байгаа гэсэн үг юм. Хэн ингэхэд хүргэдэг вэ? Өөрсдөө хамтран ажиллахаар чармайдаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс ингэхэд хүргэдэг. Энэ нь дангаараа суурь шалтгаан болдог. Юмны бодитой талаас нь харвал Бурханы хүнийг олж авахгүй байхыг яаж тайлбарлаж болох вэ? Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үргэлж өөрийн гэсэн санаа зорилготой байдаг бөгөөд зүрх сэтгэлээ Бурханд өргөдөггүй учраас зүрх сэтгэл нь Бурхан руу эргэдэггүй, бас Бурханы төлөө ч байдаггүй. Тэд үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хичээх нь байтугай Бурханы хүслийг бодолцон үздэггүй. Хамгийн энгийн тайлбар нь энэ хүн Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй учраас түүнд ямар ч найдвар байхгүй. Хүмүүс Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг эсэхийг харах гэж Бурхан хүмүүсийг шинждэг. Бурхан тэдний чин сэтгэлийг хүсдэг. Чин сэтгэлээсээ байна гэж юу гэсэн үг вэ? (Бурхан руу хандсан зүрх сэтгэлтэй, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байх.) Тэр зөв. Хүнд Бурхан руу хандсан, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэл байхгүй бол түүнийг сайн хүн гэж хэлж болох уу? Ийм хүн Бурханд таалагдах уу? Бурхантай нэгэн сэтгэлтэй биш хүн үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Та нар Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй юу? Бүх зүйл дээр Бурханы талд зогсож чадах уу? Зүрх сэтгэл чинь Бурхан руу ханддаг уу? Та нарт чин сэтгэл огт байхгүй гэж хэлэх нь шударга бус боловч та нар Сатаныг үнэхээр үзэн яддаг, Сатаныг хаяж, Бурхан руу бүрэн эргэж чадна гэж хэлбэл бас ташаа болно. Үүний тулд та нар Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй, үнэнийг эрэлхийлж, илүү их үнэнийг ойлгодог болох шаардлагатай. Бурхан хүмүүсийг ямар зүрх сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг вэ? Юуны өмнө энэхүү зүрх сэтгэл нь үнэнч шударга байх ёстой, үүргээ ухамсартайгаар, ул суурьтайгаар гүйцэтгэж чаддаг, чуулганы ажлыг хамгаалж чаддаг, “агуу санаархал”, “сүржин зорилго”-той байхаа болих ёстой. Бурханыг дагаж, шүтэн мөргөхдөө алхам бүр нь мөр үлдээж, бүтээгдсэн зүйл шиг биеэ авч явж, онцгой, агуу хүн болохоор эрэлхийлэхээ больж, онцгой чадвартай хүн болохоор эрэлхийлэхээ бүр ч больж, харь гарагийн бүтээлийг шүтдэггүй. Түүнчлэн энэхүү зүрх сэтгэл нь үнэнийг хайрлах ёстой. Үнэнийг хайрлана гэдэг гол нь юу гэсэн үг вэ? Эерэг зүйлийг хайрлаж, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, Түүнийг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж, Түүнийг гэрчилж чаддаг байх гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг үнэнийг ойлгосныхоо дараа л үүнийг хийж чадна. Иймэрхүү зүрх сэтгэлтэй хүн бол хэвийн хүн чанартай хүн билээ. Хэвийн хүн чанартай хүн ядаж л мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой. Хүнд мөс чанар, эрүүл ухаан байгаа эсэхийг нь яаж хэлэх вэ? Хэл яриа, үйлдэл чинь үндсэндээ мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцэж байвал хүний өнцгөөс бол тэр сайн хүн, боломжийн стандартад нийцсэн хүн юм. Тэд мөн үнэнийг ойлгож, үнэн-зарчмын дагуу үйлдэж чаддаг бол Бурханы шаардлагыг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы шаардлага нь мөс чанар, эрүүл ухааны стандартаас өндөр юм. Зарим хүн: “Хүнийг Бурхан бүтээсэн. Бурхан бидэнд амийн амьсгаа өгсөн, Бурхан биднийг хангаж, тэжээн тэтгэж, нас биед хүргэдэг. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс өөрсдийнхөө төлөө эсвэл Сатаны төлөө амьдарч болохгүй, Бурханы төлөө амьдарч, үүргээ гүйцэтгэх учиртай” гэдэг. Энэ үнэн боловч энэ бол ерөнхий цар хүрээ, бүдүүн тойм зураг төдий юм. Бодит байдалд хэрхэн Бурханы төлөө амьдрах нарийн ширийний тухайд мөс чанар, эрүүл ухаан үүнд шаардлагатай. Тэгэхээр хүн хэрхэн Бурханы төлөө амьдардаг вэ? (Бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх учиртай үүргийг сайн гүйцэтгэх.) Зөв. Яг одоо та нар хүний үүргийг л биелүүлдэг боловч бодит байдал дээр хэний төлөө биелүүлж байна вэ? (Бурханы төлөө.) Бурханы төлөө, Түүнтэй хамтран ажиллаж байгаа! Та нарт өгсөн Бурханы даалгавар бол та нарын үүрэг билээ. Үүнийг Бурхан заяаж, урьдчилан тогтоож, зохицуулсан, өөрөөр хэлбэл, Бурхан энэ даалгаврыг чамд өгч, чамайг үүнийг биелүүл гэж хүсдэг. Тиймээс чи үүнийг гүйцэлдүүлж, сайн хийхийн тулд мөс чанартаа найдаж яаж болох юм бэ? (Бид бүх хүчин чармайлтаа гаргах ёстой.) Та нар бүх хүчин чармайлтаа гаргах ёстой бөгөөд энэ нь мөс чанартаа найдаж байгаагийн илрэл юм. Түүнчлэн, чи бүх зүрх сэтгэлээ зориулж, хариуцлагаа биелүүлэх ёстой, үүнд хааш яаш хандаж болохгүй. Бурханд биднийг гэх хүлээлт, уйгагүй хүчин чармайлтын төлөөс бий. Биднийг энэ хариуцлагыг биелүүлж, энэ үүргийг гүйцэтгэ гэж Бурхан урьдчилан тогтоосон болохоор бид Түүний урмыг хугалж, гонсойлгож, гунигт автуулж болохгүй. Бид үүргээ сайн гүйцэтгэж, Бурханд төгс, шаардлага хангасан хариулт өгөх ёстой. Бид хийж чадахгүй зүйлдээ Бурханд найдаж, мэргэжлийнхээ талаар илүү их зүйл сурч мэдэж, үнэн-зарчмын дагуу илүү ихийг эрж хайдаг. Бурхан бидэнд амь өгдөг учраас бид үүргээ сайн гүйцэтгэх учиртай, амьдарч буй өдөр бүрийнхээ төлөө тухайн өдрийнхөө үүргийг гүйцэтгэх учиртай. Бид Бурханы бидэнд даалгасан зүйлийг үндсэн даалгавраа болгож, үүргээ сайн гүйцэлдүүлэхийн тулд үүргээ амьдралынхаа номер нэг зүйл болгох ёстой. Хэдийгээр бид төгс болохоор эрэлхийлдэггүй ч гэсэн үнэний төлөө хүчин чармайлт гаргаж, Бурханы үг, үнэн-зарчимд суурилан үйлдэж, тэгснээр Бурханыг сэтгэл хангалуун болгож, Сатаныг шившиглэж, харамсах зүйлгүй болж чадна. Бурханд итгэгчид үүрэгтээ ийм хандлагатай байх учиртай. Чи дөч, тавь хүртлээ, эсвэл бүр дал, ная хүртлээ амьдарсан бол залуу, юм мэдэхгүй байхдаа хийсэн зүйлээ эргэж хараад чамд маш залуухан байсан ч гэсэн бүх зүйлийг хамаг зүрх сэтгэл, чадлаараа хийсэн болохоо олж харна; чи үргэлж мөс чанартаа тулгуурлаж үйлддэг байсан, Бурханы урмыг хугалаагүй, Түүнийг гонсойлгож, гунигтай болгоогүй, зүрх сэтгэлдээ Бурханы шинжилт, шалгалтыг хүлээн авсан. Энэ бүхэн дуусаж, хийж дууссан шалгалтаа Бурханд өгөх үед чинь Бурхан: “Хэдийгээр чи сайн ажиллаагүй, үр дүн чинь дунд зэрэг байсан ч гэсэн чи бүхий л чадлаа шавхаж, үүргээ огоороогүй” гэж хэлнэ. Ингэх нь мөс чанартаа тулгуурлаж үйлдэж байгаа хэрэг бус уу? Тэгэхээр хүмүүс байнга завхрал харуулж, хувийн сонголт, дур хүсэл, эрхэмлэдэг зүйлтэй байж, мөс чанарын стандартаа бүрэн зөрчиж, хэвийн хүн чанараа алдах хэмжээнд хүрсэн бол яах хэрэгтэй вэ? Бурханд залбирч, өөрийгөө хаях ёстой, иймэрхүү зүйл өөрийг чинь хязгаарлаж, мөс чанар, эрүүл ухааныг чинь захирахыг зөвшөөрч болохгүй. Мөс чанар чинь үйлдэл, амьжиргаа, амийг чинь удирдаж чаддаг болбол махан биеийн аминч дур хүслээ даван туулахад чамд амархан болж, үнэний энэ талыг олж авч чаддаг болно. Энэ бол чамд байх ёстой наад захын зүйл. Хүн ямархуу зүрх сэтгэлтэй байгаасай гэж Бурхан хүсдэг тухайд дөнгөж сая Би хэдэн талыг нь ярьсан бэ? (Гурван тал: үнэнч шударга зүрх сэтгэл, үнэнийг хайрладаг зүрх сэтгэл, мөс чанар, эрүүл ухаантай байх.) Үнэнч шударга зүрх сэтгэл, үнэнийг хайрладаг зүрх сэтгэл дотор зарим нэг илүү нарийн ширийн зүйл байгаа, та нар дараа үүнийг эргэцүүлж, дүгнэх хэрэгтэй. Хүнд байх ёстой наад захын зүйл бол хэвийн хүн чанартай хүнд байх учиртай мөс чанар, эрүүл ухаан юм. Хүнд мөс чанар, эрүүл ухаан байхгүй бол хэвийн хүн чанараа алдаж, юуг ч сайн хийж чадахгүй, юу ч хийж бүтээж чадахгүй, эцэст нь бүрэн бүтэлгүйтнэ. Гэхдээ тэдэнд зөвхөн мөс чанар, эрүүл ухаан байдаг бол, мөс чанартаа суурилж амьдардаг, ямар ч муу зүйл хийдэггүй бол энэ нь Бурханд итгэх зөв замд орохтой дүйцэх үү? Ганцхан мөс чанар, эрүүл ухаандаа суурилж амьдарснаар Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Гарцаагүй чадахгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих