Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай (I хэсэг)
Үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд эв найртай хамтран ажиллах шаардлагатай. Бүх хүн завхарсан зан чанартай, хэнд нь ч үнэн байдаггүй учраас эв найртай хамтран ажиллаж байж л үүргээ зохих ёсоор биелүүлж чадна. Эв найртай хамтын ажиллагаа нь хүмүүсийн амийн оролтод ач тустай төдийгүй үүргээ сайн биелүүлэхэд болон чуулганы ажилд ашиг тустай. Эв найртай хамтран ажилладаг хүмүүс харьцангуй хүн чанар сайтай, үнэнч шударга хүмүүс байдаг, харин хүн чанар сайнгүй, хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, эсвэл хэтэрхий шударга бус, зальжин бол бусадтай яагаад ч эв найртай хамтран ажилладаггүй. Зарим хүн үнэнч шударгаар ажилладаггүй, үүргээ гүйцэтгэхдээ мэрийдэггүй, үргэлж муу үйл үйлддэг. Ийм хүмүүс бусадтай хамтран ажиллаж чаддаггүй, хэнтэй ч эв эетэй байж, зохицож чаддаггүй. Иймэрхүү хүмүүс хүн чанаргүй бөгөөд араатан, диавол Сатанд харьяалагддаг. Хүн чанар сайтай, үгэнд орж дуулгавартай дагадаг бүх хүн үүргээ гүйцэтгэхдээ үр дүн гаргах нь лавтай бөгөөд бусадтай амархан хамтран ажилладаг. Үүргээ үнэнчээр гүйцэтгэдэггүй, үймээн тарьдаг, тэр ч байтугай үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүнийг үймүүлдэг хүмүүсийн тухайд, хэрвээ тэд олон удаагийн сургамжийн дараа засардаггүй, гэмших сэтгэл огт байдаггүй, үүргээ гүйцэтгэхдээ үргэлж саад учруулж, үймүүлдэг, олиггүй хүн чанартай бол чуулганы ажилд төвөг удаж, аюул учруулахаас сэргийлэхийн тулд тэднийг нэн даруй зайлуулах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын шийдвэрлэх ёстой асуудал юм.
Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандаж, ажлыг үргэлж дахин хийхэд хүргэдэг. Энэ нь ажлын үр дүнд ноцтой нөлөөлдөг. Хүн мэргэжлийн мэдлэг дулимаг, туршлагагүй байхаас гадна ийм асуудал гарах өөр шалтгаан бий юу? (Хүн харьцангуй биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрөө шийдвэр гаргадаг, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэдэггүй байх үед.) Мэргэжлийн мэдлэг, туршлагыг бага багаар сурч, хуримтлуулж болох ч хүний зан чанарт асуудал байвал үүнийг шийдвэрлэхэд амархан гэж та нар бодож байна уу? (Үгүй, амархан биш.) Тэгвэл үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ? (Хүн гэсгээлт, шүүлт туулж, засалт, харьцалт туулах ёстой.) Гэсгээлт, шүүлт, засалт, харьцалт туулах ёстой гэдэг нь зөв боловч үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л үүнд хүрч чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс засалт, харьцалтыг хүлээн авч чадах уу? Үгүй, чадахгүй. Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ нэг ажлаа үргэлж хоёр хийх ёстой болдог хамгийн том шалтгаан нь мэргэжлийн мэдлэг хомс, туршлага дутмаг байдал биш, харин өөрсдийгөө хэт зөвтгөж, биеэ тоодгоос, мөн эв найртай хамтран ажиллалгүй, ганцаараа шийдвэр гаргаж, үйлддэгээс эхтэй юм—үр дүнд нь тэд ажлаа бантан болгож, юунд ч хүрдэггүй тул хамаг хүчин чармайлт нь талаар болдог. Үүнээс хамгийн ноцтой асуудал нь хүмүүсийн завхарсан зан чанар. Хүмүүсийн завхарсан зан чанар хэтэрхий ноцтой байвал тэд сайн хүмүүс биш, хорон муу хүмүүс юм. Хорон муу хүмүүсийн зан чанар нь жирийн завхарсан зан чанараас хавьгүй илүү ноцтой. Хорон муу хүмүүс хорон муу үйл хийж, чуулганы ажилд саад болж, үймүүлдэг. Үүргээ гүйцэтгэх үедээ хорон муу хүмүүсийн ганц хийж чаддаг нь юмыг муу хийж, бантанг нь хутгах юм; тэдний үйлчлэл нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог. Зарим хүн хорон муу биш байдаг ч завхарсан зан чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэдэг, түүнчлэн үүргээ зүй зохистой гүйцэтгэх чадваргүй байдаг. Товчхондоо завхарсан зан чанар нь үүргээ зүй зохистой гүйцэтгэхэд нь хүмүүст туйлын их саад болдог. Хүмүүсийн завхарсан зан чанарын аль тал үүргийнх нь гүйцэтгэлийн үр дүнд хамгийн их нөлөөлдөг вэ? (Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал.) Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдлын гол илрэлүүд юу вэ? Ганцаараа шийдвэр гаргах, өөрийнхөөрөө явах, бусдын саналыг сонсохгүй, бусадтай зөвлөлдөхгүй, эв найртай хамтран ажиллахгүй байх, мөн аливаад эцсийн шийдвэрийг өөрөө гаргахыг үргэлж хичээх. Хэдийгээр хэдэн сайн ах эгч тодорхой нэг үүрэг гүйцэтгэх гээд хамтран ажиллаж, дор бүрнээ үүргээ биелүүлэх боловч зарим бүлгийн удирдагч, эсвэл зааварлагч үргэлж эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргахыг хүсдэг. Тэд юу ч хийлээ гэсэн бусадтай хэзээ ч эв найртай хамтран ажилладаггүй бөгөөд нөхөрлөл хийдэггүй, мөн бусадтай зөвшилцөлд хүрэлгүйгээр аливааг яаран хийдэг. Тэд хүн болгоныг зөвхөн өөрийнхөө үгэнд оруулдаг бөгөөд үүнд асуудал оршдог. Түүнчлэн бусад хүн асуудлыг олж харлаа ч эрх бүхий хүнийг болиулах санаачилга гаргахгүй байх нь эцэстээ хүмүүс үүрэгтээ үр дүнгүй болж, ажил тэр чигтээ замбараагүйтэж, холбогдох хүн болгон ажлаа дахиж хийж, ингэх явцдаа ядарч туйлдах нөхцөл байдлыг үүсгэдэг. Ийм ноцтой үр дүнд хүргэсний хариуцлагыг хэн хүлээх вэ? (Хариуцсан хүн нь.) Холбогдох бусад хүмүүс ч бас хариуцлага хүлээдэг үү? (Тийм.) Эрх бүхий хүн өөрөө шийдвэр гаргаж, аливааг өөрийнхөөрөө хийнэ гэж зүтгэсэн, харин бусад нь асуудлыг харсан ч түүнийг болиулахын тулд юу ч хийгээгүй, бүр ч ноцтой нь бүр даган дуурайсан; ингэснээрээ тэд хамсаатан болж байгаа бус уу? Хэрэв чи энэ хүнийг хязгаарлаж, саад хийж, илчлэхийн оронд түүнийг дагаж, арганд нь автах юм бол чуулганы ажлыг үймүүлэхийг Сатанд зөвшөөрч байгаа хэрэг бус уу? Энэ гарцаагүй та нарын асуудал. Та нар асуудал олж харсан хэр нь болиулахын тулд юу ч хийдэггүй, энэ талаар нөхөрлөдөггүй, хязгаарлах гэж оролддоггүй, түүнчлэн дээд хүмүүстээ үүнийг мэдээлдэггүй, харин ая тал засагчийн үүрэг гүйцэтгэдэг бол энэ нь үнэнч бус байгаагийн шинж мөн үү? Ая тал засагчид Бурханд үнэнч байдаг уу? Огтхон ч үгүй. Ийм хүн Бурханд үнэнч биш төдийгүй, Сатаны хамсаатан, үйлчлэгч, дагагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Тэд үүрэг, хариуцлагадаа үнэнч биш, харин Сатанд тун үнэнч байдаг. Үүнд асуудлын мөн чанар оршдог. Мэргэжлийн чадваргүй байдлын хувьд гэвэл үүргээ гүйцэтгэж байхдаа байнга суралцаж, туршлага хуримтлуулах боломжтой. Тиймэрхүү асуудлыг амархан шийдвэрлэж болно. Шийдвэрлэхэд хамгийн хэцүү зүйл бол хүний завхарсан зан чанар юм. Та нар үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэдэггүй, харин үргэлж ая тал засагчийн үүрэг гүйцэтгэж, зарчмыг зөрчиж байгаа хүмүүстэй харьцдаггүй, тэдэнд тусалдаггүй, бас тэднийг ил болгож, илчилдэггүй, харин үргэлж хулгаж, хариуцлага хүлээдэггүй бол үүргээ ингэж гүйцэтгэх нь гагцхүү чуулганы ажлыг эрсдэлд оруулж, саатуулна. Үүргээ гүйцэтгэхийг шалихгүй зүйл мэт үзэж, өчүүхэн ч хариуцлага хүлээхгүй байх нь ажлын үр дүнд нөлөөлөөд зогсохгүй бас чуулганы ажил ахин дахин саатахад хүргэдэг. Үүргээ ийм маягаар гүйцэтгэх нь аль болох багыг хийж, Бурханыг хуурч байгаа хэрэг биш үү? Бурханд үнэнч байдал үүнээс харагддаг уу? Үүргээ гүйцэтгэж байхдаа байнга аль болох багыг л хийхийг хичээж, хэзээ ч гэмшдэггүй бол таягдан хаягдах нь зайлшгүй.
Үүргээ гүйцэтгэж байхдаа тулгардаг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Асуудлыг шийдвэрлэж, зөвшилцөлд хүрэхийн тулд хүн бүр хамтдаа үнэнийг эрж хайх нь хамгийн сайн арга зам юм. Зарчмыг ойлгож байгаа цагт чи юу хийхээ мэднэ. Энэ бол асуудлыг шийдвэрлэх оновчтой арга зам билээ. Асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, харин зөвхөн хувийн үзэл, төсөөллөөрөө үйлддэг бол чи үүргээ гүйцэтгэхгүй байна. Хорвоо ертөнц, эсвэл Сатаны ертөнцөд ажиллах хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Бурханы гэрийг үнэн, Бурхан захирдаг. Ямар ч асуудал гарч ирсэн, тэрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Хэчнээн олон өөр санаа бодол байх, тэдгээр нь хэр их ялгаатай байхаас үл хамааран бүгдийг нь гарган тавьж, нөхөрлөх ёстой. Тэгээд зөвшилцөлд хүрсний дараа зарчмын дагуу арга хэмжээ авах ёстой. Ийм маягаар асуудлыг шийдвэрлэж чадахаас гадна бас үнэнийг хэрэгжүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадна. Асуудлыг шийдвэрлэх явцдаа бас эв найртай хамтын ажиллагаанд хүрч чадна. Үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бүгд үнэнийг хайрладаг бол үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагахад амархан; харин тэд биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг бол хүмүүс үнэний талаар нөхөрлөх үед ч үнэнийг хүлээж авахад тэдэнд амаргүй байдаг. Үнэнийг ойлгодоггүй хэр нь бусдыг өөрийнхөө үгэнд оруулахыг үргэлж хүсдэг хүмүүс бий. Ийм хүмүүс үүргээ гүйцэтгэж байгаа бусад хүнийг л үймүүлдэг. Асуудлын уг үндэс нь энэ бөгөөд үүргээ сайн гүйцэтгэж чаддаг болохоосоо өмнө үүнийг шийдвэрлэх ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ үргэлж биеэ тоож, дур зоргоороо байж, үргэлж өөрөө шийдвэр гаргаж, бүх зүйлийг хийхдээ болчимгүй, хүссэнээрээ авирлаад, бусад хүнтэй хамтран ажиллаж, аливааг ярилцдаггүй, үнэн-зарчмыг эрж хайдаггүй бол энэ нь үүрэгтээ хандах ямар төрлийн хандлага вэ? Ийм маягаар үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Ийм хүн засалт, харьцалтыг хэзээ ч хүлээж авдаггүй, үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд гэмшиж өөрчлөгдөхгүйгээр аливааг өөрийнхөөрөө, хөнгөн хуумгай, дур зоргоороо хийсээр байдаг бол энэ нь зүгээр ч нэг хандлагын асуудал биш, харин хүн чанар, ёс жудгийн асуудал юм. Энэ бол хүн чанаргүй хүн юм. Хүн чанаргүй хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Мэдээж чадахгүй. Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа бүр элдэв янзын цадиггүй үйлдэл хийж, чуулганы ажлыг үймүүлдэг бол ёрын муу хүн юм. Тийм хүмүүс үүргээ гүйцэтгэхэд тохирохгүй. Тэд үүргээ гүйцэтгэх нь үймээн, гарз хохирол гарахад л хүргэж, тус болохоосоо илүү ус болдог учраас үүргээ гүйцэтгэх эрхийг нь хасаж, чуулганаас зайлуулах ёстой. Тийм учраас үүргээ сайн гүйцэтгэх чадвар нь гагцхүү хүний хэв чанараас хамаардаггүй, харин үүрэгтээ хандах хандлага, ёс жудаг, хүн чанар нь сайн эсэх, үнэнийг хүлээж авч чаддаг эсэхээс үндсэндээ хамаардаг. Үндсэн асуудал нь энэ юм. Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаг эсэх, чадах бүхнээ хийж, үнэн сэтгэлээсээ үйлдэж байгаа эсэх, үүргээ гүйцэтгэхдээ нухацтай, хариуцлагатай ханддаг эсэх, чин сэтгэлээсээ, шаргуу ажилладаг эсэх гээд эдгээр зүйлийг Бурхан хардаг бөгөөд Бурхан хүн бүрийг шинждэг. Хүмүүсийн ихэнх нь хариуцлагагүй, хэн ч чин сэтгэлээсээ ханддаггүй бөгөөд юу хийвэл зөв болохыг зүрх сэтгэлдээ мэддэг хэр нь зарчмыг эрмэлздэггүй, нухацтай авч үздэггүй бол хүмүүс үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Иймэрхүү нөхцөл байдалд удирдагч, ажилчид хяналт тавьж, хянан шалгаж, удирдан чиглүүлж, эсвэл хариуцлагатай хүн олж бүлгийн удирдагч, хариуцсан хүн болгох ёстой. Ийм маягаар ихэнх хүнийг дайчлан идэвхжүүлж болох бөгөөд тэд үүргээ сайн гүйцэтгэх үед сайн үр дүнд хүрч чадна. Үндсэн асуудлыг нь шийдвэрлэвэл хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үр дүн гаргахад амархан тул үймүүлж, хохирол учруулдаг нэг хүн гарч ирвэл түүнийг шууд зайлуул. Зарим хүн бага зэрэг хэв чанартай ч үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй байж болно. Тэд техникийн ур чадвар, мэргэжлийн мэдлэгтэй байж болох ч үүнийгээ бусад хүнд зааж сургадаггүй. Удирдагч, ажилчид энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Удирдагч, ажилчид тэдэнтэй нөхөрлөж, ур чадвараа бусдад зааж сургахыг дэмжих ёстой, ингэснээр бусад хүн тэр ур чадварыг нь аль болох хурдан сурч, мэргэжлийн мэдлэг эзэмшинэ. Мэргэжлийн мэдлэг сайн эзэмшсэн хүний хувьд чи өөрийгөө дөвийлгөж, мэргэжил чадвараа гайхуулах ёсгүй; шинэ хүнд мэдлэг, ур чадвараа идэвх санаачилгатайгаар зааж сургах ёстой, тэгснээр бүх хүн хамтдаа үүргээ сайн гүйцэтгэж чадна. Чи мэргэжлийнхээ талаар хамгийн их мэдлэгтэй, ур чадварын хувьд тэргүүлдэг байж болох ч энэ бол Бурханы чамд өгсөн бэлэг бөгөөд чи үүнийг ашиглан үүргээ гүйцэтгэж, давуу талаа ашиглах ёстой. Чи хэчнээн ур чадвартай, авьяастай байх нь хамаагүй ажлыг ганцаараа хариуцаж хийж чадахгүй; хүн болгон мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг эзэмшиж чадвал үүргээ илүү үр дүнтэй гүйцэтгэнэ. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж үг бий. Хүн хэчнээн чадвартай байлаа гээд бусад бүх хүний тусламж байхгүй бол хангалтгүй. Тиймээс хэн ч биеэ тоож болохгүй, хэн ч дураараа авирлаж, шийдвэр гаргахыг хүсэж болохгүй. Хүмүүс махан биеийг хаяж, өөрийн санаа, үзэл бодлыг хойш тавьж, бусад бүх хүнтэй эв найртай ажиллах ёстой. Мэргэжлийн мэдлэгтэй хэн боловч бусдад хайраар туслах ёстой бөгөөд ингэснээр тэд ч бас тэрхүү мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Энэ нь үүрэг гүйцэтгэхэд ашиг тустай. Ур чадвартай байхыг үргэлж хоолны талон гэж харж, тэгж ханддаг, бусдад үүнийгээ зааж сургавал өөрөө өлсөж үхэхэд хүрнэ гэж айдаг бол энэ нь шүтлэггүй хүмүүсийн үзэл бодол юм. Энэ бол аминч, жигшүүртэй хэрэгжүүлэлт бөгөөд Бурханы гэрт үүнийг сайшаахгүй. Хэрвээ чи үнэнийг огт хүлээн авдаггүй, үйлчлэл үзүүлэхийг хэзээ ч хүсдэггүй бол гагцхүү таягдан хаягдана. Хэрвээ чи Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ажилд үнэнч байхыг хүсдэг бол хамаг мэдлэг, ур чадвараа өргөн барих ёстой, тэгснээр бусад хүн тэдгээрийг сурч, эзэмшиж, үүргээ илүү сайн гүйцэтгэнэ. Энэ нь Бурханы хүсэлд нийцдэг, ийм хүмүүс л хүн чанартай бөгөөд тэднийг Бурхан хайрлаж, ерөөдөг.
Хүн үүргээ сайн биелүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Хүн үүргээ бүх зүрх сэтгэл, бүх эрч хүчээрээ биелүүлдэг байх ёстой. Бүх зүрх сэтгэл, эрч хүчээ ашиглах гэдэг нь үүргээ биелүүлэхэд бүх бодлоо дайчлан, бусад зүйлд автахгүй байх, дараа нь өөрт байгаа эрч хүчээ ашиглаж, бүх хүч чадлаа шавхан, өөрийн хэв чанар, авьяас билэг, давуу тал, ойлгосон зүйлийг ажилдаа зориулна гэсэн үг юм. Чи ухамсарлаж, ойлгох чадвартай бөгөөд чамд сайхан санаа байгаа бол энэ талаар бусадтай ярилцах ёстой. Эв зохицолтой хамтран ажиллах гэдэг нь энэ юм. Ингэж чи үүргээ сайн биелүүлнэ, үүргийн гүйцэтгэл чинь хангалттай байна. Хэрвээ чи үргэлж бүхнийг өөрөө авч, агуу зүйлсийг ганцаараа хийж, анхаарлыг бусад дээр биш өөр дээрээ байлгахыг хүсдэг бол үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Чиний хийж байгаа зүйлийг дарангуйлал гэж нэрлэдэг юм; энэ нь жүжиглэж буй хэрэг. Энэ нь үүргийн гүйцэтгэл биш, сатанлаг зан авир. Хүн ямар ч давуу тал, авьяас билэг, онцгой чадвартай байсан, бүх ажлыг ганцаараа хариуцаж чадахгүй; тэд чуулганы ажлыг сайн хийе гэвэл эв найртай хамтран ажиллаж сурах ёстой. Тийм учраас, эв найртай хамтын ажиллагаа нь үүргээ гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн зарчим юм. Чи бүх зүрх сэтгэл, бүх эрч хүч, хамаг үнэнч байдлаа ашиглаж, хийж чадах бүхнээ өргөн барьж байгаа цагт үүргээ сайн гүйцэтгэж байна. Хэрвээ чамд бодол, санаа байгаа бол бусдад хэл; өөртөө бүү хадгал, бүү нуу—хэрвээ чамд санал байгаа бол тэрийгээ хэл; хэний санаа үнэнд нийцэлтэй байна, тэрийг хүлээн авч, дуулгавартай дага. Ингэж хий, тэгвэл эв найртай хамтын ажиллагаанд хүрнэ. Үүргээ үнэнчээр гүйцэтгэх гэдэг нь энэ юм. Үүргээ гүйцэтгэхдээ чи бүхнийг ганцаараа хариуцах ёсгүй, үхтлээ ажиллах ч ёсгүй, эсвэл “цэцэглэж буй ганц цэцэг” юм уу өөрөөр сэтгэгч байж болохгүй; харин ч бусадтай эв найртай хамтран ажиллаж, чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлж, бүх эрч хүчээ гаргаж сурах ёстой. Үүргээ биелүүлэх гэдэг нь энэ юм. Үүргээ биелүүлэх гэдэг нь үр дүнд хүрэхийн тулд өөрт байгаа хамаг хүч чадал, гэрлийг харуулах явдал. Тэгэх нь хангалттай. Үргэлж онгирч, үргэлж сүртэй сонсогдох үг хэлж, ганцаараа юм хийх гэж бүү хичээ. Чи бусадтай хэрхэн ажиллахыг сурч, бусдын зөвлөгөөг сонсох, давуу талыг нь олж илрүүлэхэд илүү их анхаарах ёстой. Ийм маягаар эв найртай хамтран ажиллахад амархан болдог. Хэрвээ чи үргэлж онгирч, өөрийнхөөрөө хийхийг хичээдэг бол эв найртай хамтран ажиллахгүй байна. Чи юу хийж байна вэ? Саад учруулж, бусдыг хорлож байна. Саад учруулж, бусдыг хорлох нь Сатаны дүрд тоглох явдал; энэ нь үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш. Хэрвээ чи үргэлж саад учруулж, бусдыг хорлох зүйл хийдэг бол хэчнээн их хичээл чармайлт гаргаж, анхаарал хандуулсан ч Бурхан санахгүй. Чи хүч чадал багатай байж болох ч бусадтай хамт ажиллаж чаддаг, тохиромжтой зөвлөгөөг хүлээн авч чаддаг, мөн зөв санаа зорилготой, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг бол зөв хүн юм. Заримдаа чи ганцхан өгүүлбэрээр л асуудлыг шийдвэрлэж, хүн бүрд ашиг тусаа өгч чадна; заримдаа үнэний ганцхан өгүүлбэрийг нөхөрлөсний чинь дараа хүн бүр хэрэгжүүлэлтийн замтай болж, эв найртай хамтран ажиллаж чаддаг болж, бүгд нэгэн зорилгын төлөө чармайж, адилхан үзэл бодол, санаатай байдаг учраас ажил тун үр дүнтэй байдаг. Хэдийгээр голлох үүрэг роль гүйцэтгэснийг чинь хэн ч санахгүй, тийм ч их хичээл чармайлт гаргасан мэт чамд санагдахгүй байж болох ч үнэнийг хэрэгжүүлдэг, зарчмын дагуу үйлддэг хүн гэдгийг чинь Бурхан харна. Ийм юм хийснийг чинь Бурхан санана. Үүнийг үүргээ үнэнчээр биелүүлэх гэж нэрлэдэг. Үүргээ гүйцэтгэхэд ямар ч бэрхшээл гарах нь хамаагүй, үнэндээ тэдгээрийг бүгдийг нь амархан шийдвэрлэж болно. Чи Бурхан руу хандсан зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайж чаддаг үнэнч шударга хүн мөн л бол шийдвэрлэж чадахгүй асуудал гэж үгүй. Чи үнэнийг ойлгодоггүй бол дуулгавартай дагаж сурах ёстой. Үнэнийг ойлгодог, эсвэл үнэний дагуу ярьдаг хүн байвал чи хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Нөхцөл байдлыг үймүүлж, дордуулдаг зүйл хийж яавч болохгүй, өөрийн дураар үйлдэж, шийдвэр гаргаж болохгүй. Ийм маягаар чи ёрын мууг үйлдэхгүй. Үүргээ биелүүлнэ гэдэг бол өөрөө чармайж, өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх тухай асуудал биш гэдгийг чи санах ёстой. Энэ бол чиний хувийн ажил биш, харин чуулганы ажил бөгөөд чи өөрт байгаа хүчин чадлаараа л хувь нэмэр оруулдаг. Бурханы удирдлагын ажилд хийдэг зүйл чинь хүний хамтын ажиллагааны багахан хэсэг төдий юм. Чинийх бол тодорхой буланд байгаа өчүүхэн үүрэг роль. Энэ бол чиний үүрэх хариуцлага. Зүрх сэтгэлдээ чи ийм эрүүл ухаантай байх ёстой. Иймээс хэдэн хүн үүргээ хамт гүйцэтгэж байх нь хамаагүй, эсвэл ямар бэрхшээлтэй тулгарах нь хамаагүй, хүн бүрийн юун түрүүнд хийх ёстой зүйл бол Бурханд залбирч, хамтдаа нөхөрлөж, үнэнийг эрж хайж, дараа нь хэрэгжүүлэлтийн зарчим юу болохыг тодорхойлох явдал юм. Үүргээ ийм маягаар гүйцэтгэх үедээ тэд хэрэгжүүлэх замтай болно. Зарим хүн үргэлж өөрийгөө гайхуулахыг хичээж байдаг бөгөөд ажил хариуцуулах үед үргэлж эцсийн шийдвэрийг өөрөө гаргахыг хүсдэг. Энэ ямар зан авир вэ? Энэ нь дураараа дургиж буй хэрэг. Тэд хийх зүйлээ бусдадаа мэдэгдэлгүйгээр ганцаараа төлөвлөдөг бөгөөд санаа бодлоо хэнтэй ч зөвлөлддөггүй; тэдгээрийнхээ тухай хэнд ч хэлдэггүй, дэлгэж ярьдаг ч үгүй, харин зүрх сэтгэлдээ хадгалж нуудаг. Үйлдэл хийх цаг болоход тэд гайхамшигтай ур чадвараараа бусдыг үргэлж гайхширалд оруулахыг, хүн болгонд том гэнэтийн бэлэг барихыг хүсдэг, тэгснээр бусад нь тэднийг өндрөөр үнэлэх болно. Энэ үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Тэд өөрсдийгөө гайхуулах гэж оролдож байна; байр суурь, нэр алдартай болох үедээ тэд өөрсдийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ. Ийм хүмүүс жолоогүй амбицтай байдаг бус уу? Чи яагаад хийж байгаа зүйлээ хэнд ч хэлдэггүй юм бэ? Энэ ажил зөвхөн чинийх биш болохоор яагаад чи хэнтэй ч хэлэлцэхгүйгээр үйлдэж, өөрөө бие даан шийдвэр гаргадаг юм бэ? Чи яагаад хэнд ч мэдэгдэхгүйн тулд нууцаар үйлдэж, хар хайрцаг дотор ажилладаг юм бэ? Яагаад чи хүмүүст зөвхөн өөрийгөө сонсгох гэж хичээдэг юм бэ? Энэ ажлыг чи хувийн ажил шигээ үздэг нь илэрхий байна. Чи бол дарга, бусад бүх хүн чиний ажилчин—тэд бүгд чиний төлөө ажилладаг. Чи байнга ийм сэтгэлгээтэй байвал энэ нь асуудал биш гэж үү? Ийм хүний харуулж байгаа зүйл жинхэнэ Сатаны зан чанар биш үү? Ийм хүмүүс үүрэг гүйцэтгэж байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдана.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?