Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай (II хэсэг)
Хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа бусадтай хамтран ажиллахад асуудалтай тулгарвал тэрийгээ шийдвэрлэж сурах шаардлагатай. Тэрийг шийдвэрлэх ямар зарчим байдаг вэ? Ямар үр дүнд хүрэх ёстой вэ? Бүх хүнтэй эв найртай ажиллаж сур, сэтгэл хөдлөл, түргэн зангаар биш үнэн, Бурханы үг, зарчмаар бусадтай харилц. Ингэвэл чуулганд үнэн ноёрхох бус уу? Үнэн ноёрхож байгаа цагт аливааг шударга, үндэслэлтэйгээр шийдвэрлэх бус уу? Эв найртай хамтын ажиллагаа нь бүх хүнд үр ашигтай гэж та нар бодохгүй байна уу? (Тийм ээ, үр ашигтай.) Юмыг ингэж хийх нь та нарт маш үр ашигтай. Юуны өмнө, үүргээ гүйцэтгэхэд чинь энэ нь та нарыг эергээр босгон байгуулдаг, мөн үнэ цэнтэй байдаг. Дээрээс нь та нарыг алдаа гаргаж, үймүүлж, саад хийн, антихристийн замаар явахаас сэргийлдэг. Та нар антихристүүдийн замаар алхахаас айж байна уу? (Тийм.) Айдас дангаараа нэмэртэй юу? Үгүй, айдас ганцаараа асуудлыг шийдэж чадахгүй. Антихристүүдийн замаар алхахаас айх нь хэвийн зүйл. Энэ нь тухайн хүн үнэнийг хайрладаг, үнэнд шимтэхэд, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн гэдгийг харуулдаг. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ айж байгаа бол үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг олох учиртай. Ингэхдээ бусадтай эв найртай хамтран ажиллаж сурахаас эхлэх ёстой. Асуудал байгаа бол нөхөрлөж, ярилцаад шийдвэрлэ, ингэснээр хүн бүр зарчмыг, түүнчлэн шийдэлтэй холбоотой тодорхой санаа, төлөвлөгөөг мэдэж авна. Энэ нь чамайг ганцаараа шийдвэр гаргахаас сэргийлэх биш үү? Үүнээс гадна хэрвээ чи Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй бол аяндаа Бурханы шинжилтийг хүлээн авч чадах боловч Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг бас хүлээн авч сурах ёстой, энэ нь чамаас хүлээцтэй байж, хүлээн авахыг шаардана. Хэрвээ хэн нэгэн чамайг хянаж, ажлыг чинь шинжилж, мэдээгүй байхад чинь чамайг шалгаж байгааг мэдээд чи цухалдаж, энэ хүнийг дайсан мэт үзэж, зэвүүцэж, тэр ч бүү хэл түүн рүү дайрч давшилж, түүнд урвагч мэт хандаж, алга болоосой гэж хүсэн хүлээвэл энэ нь асуудал юм. Энэ нь туйлын олиггүй хэрэг биш үү? Диаволын хаан энэ хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Энэ нь хүмүүст шударгаар хандаж байгаа хэрэг мөн үү? Хэрвээ чи зөв замаар алхаж, зөв үйлддэг бол хүмүүс чамайг шалгахаас айгаад байх юу байна? Хэрвээ чи айдаг бол зүрх сэтгэлд чинь ямар нэг зүйл нуугдаж байгааг энэ нь харуулдаг. Чи асуудалтай гэдгээ зүрх сэтгэлдээ мэдэж байгаа бол Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Энэ нь ухаалаг хэрэг. Чи асуудалтай гэдгээ мэдэж байгаа ч чамайг хянаж, ажлыг чинь шалгаж, асуудлыг чинь судлахыг хэнд ч зөвшөөрдөггүй бол дэндүү эрүүл ухаангүй байж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд энэ тохиолдолд чиний асуудал бүр ч ноцтой. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс мууг үйлдэгч юм уу үл итгэгч гэдгийг чинь таних юм бол үр дагавар нь бүр ч төвөгтэй байх болно. Тиймээс бусдын хяналт, шинжилгээ, шалгалтыг хүлээн авч чаддаг хүмүүс хамгийн эрүүл ухаантай бөгөөд хүлээцтэй, хэвийн хүн чанартай байдаг. Чи буруу зүйл хийж байгаагаа, эсвэл завхарсан зан чанар харуулж байгаагаа олж мэдэх үедээ хүмүүст сэтгэлээ нээж, ярилцаж чаддаг бол энэ нь эргэн тойрны чинь хүмүүст чамайг ажиглаж байхад туслах болно. Хяналтыг хүлээн авах зайлшгүй шаардлагатай боловч гол зүйл нь Бурханд залбирч, Түүнд найдаж, өөрийгөө байнга эргэцүүлэх явдал юм. Ялангуяа буруу замаар явах юм уу буруу зүйл хийсэн үед чинь, ямар нэг зүйлийг өөрийнхөөрөө хийх юм уу шийдэх гэхэд чинь ойр тойрны чинь хэн нэгэн үүнийг цухуйлгаж, чамд сануулах юм бол чи тэрийг хүлээн авч, өөрийгөө яаравчлан эргэцүүлж, алдаагаа хүлээж, засаж залруулах хэрэгтэй. Ингэвэл антихристүүдийн замд хөл тавихаас сэргийлж чадна. Ийм маягаар чамд тусалж, сануулдаг хэн нэгэн байгаа бол чи өөрийн мэдэлгүй хамгаалагдаж байгаа биш гэж үү? Тэгж байгаа—тэр бол чиний хамгаалалт юм. Тиймээс чи ах эгч нар, эсвэл эргэн тойрныхоо хүмүүсээс болгоомжлох ёсгүй. Үргэлж дүр эсгэж, өөрийгөө нуун далдалж, өөрийгөө бусдад ойлгуулахгүй, хэн болохоо харуулахгүй байж болохгүй. Зүрх сэтгэл чинь бусдаас үргэлж сэрэмжилдэг бол энэ нь үнэнийг эрж хайхад чинь нөлөөлнө, мөн Ариун Сүнсний ажил болон төгс болгуулах олон боломжоо амархан алдана. Хэрвээ чи үргэлж бусдаас болгоомжилдог бол зүрх сэтгэлд чинь нууцууд бий болох бөгөөд бусадтай хамтран ажиллаж чадахгүй. Буруу зүйл хийж, буруу замаар явахад чамд амархан байх ба алдаа гаргах үедээ чи цочирдоно. Тэр үед чи юу бодох вэ? “Мэдсэн бол би эхнээс нь үүргээ гүйцэтгэхдээ ах эгч нартайгаа хамтран ажиллах байсан бөгөөд ямар ч асуудал гарахгүй байсан нь лавтай. Гэвч бусад хүн намайг нэвт шувт харахаас үргэлж айдаг байсан учраас би бусдаас байнга болгоомжилж байсан. Гэтэл эцэст нь өөр хэн ч алдаа гаргаагүй, би л анхны алдааг гаргалаа. Ямар ичгүүртэй, мунхаг хэрэг вэ!” Чи үнэнийг эрж хайхад анхаарч, бэрхшээл тулгарсан үед ах эгч нартайгаа нөхөрлөхдөө сэтгэлээ уудалж чаддаг бол ах эгч нар чинь чамд тусалж, хэрэгжүүлэлтийн зөв зам, хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгуулж чадна. Энэ нь үүргээ гүйцэтгэхдээ буруу замаар явахаас чамайг хамгаалах учраас чи бүтэлгүйтэж, унахгүй, эсвэл Бурхан чамайг жигшиж, голж, таягдан хаяхгүй. Харин ч чи хамгаалуулж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы сайшаалыг хүртэнэ. Хүмүүс эв найртай хамтран ажилласнаар олж авах үр ашиг хэчнээн их гээч!
“Эв эетэй хамтын ажиллагаа” гэх үгийг шууд утгаар нь ойлгоход амархан боловч хэрэгжүүлэхэд хэцүү. Эдгээр үгийн бодит талыг амьдран харуулах тийм ч амархан биш. Яагаад амаргүй байдаг вэ? (Хүмүүс завхарсан зан чанартай байдаг.) Тийм ээ. Хүн биеэ тоосон, ёрын муу, гөжүүд гэх мэт завхарсан зан чанартай бөгөөд эдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болдог. Чи бусадтай хамтран ажиллах үедээ бүх төрлийн завхарсан зан чанарыг харуулдаг. Жишээлбэл, чи “Та намайг тэр хүнтэй хамтран ажиллуулах гэлээ, гэхдээ тэр хүн тохирох уу? Хэв чанаргүй хүнтэй хамтран ажиллавал хүмүүс намайг дорд үзэх биш үү?” гэж боддог. Заримдаа бүр “Тэр хүн ёстой мулгуу, миний хэлснийг ойлгодоггүй!” гэх юм уу “Миний хэлэх үг бодолтой, ухааралтай. Би түүнд хэлээд, тэр сурчихвал би өөрөө онцгойрно гэж үү? Миний санал хамгийн шилдэг нь. Би зүгээр л саналаа хэлж, тэр сурч аваад хийчихвэл миний хувь нэмэр гэдгийг хэн мэдэх юм бэ?” гэж бодож ч болзошгүй. Ийм бодол, санал—ийм диаволын үг—түгээмэл сонсогдож, харагддаг. Хэрвээ чи ийм бодол, саналтай бол бусадтай хамтран ажиллахыг хүсэх үү? Эв эетэй хамтын ажиллагаанд хүрч чадах уу? Ингэх амаргүй; үүнд тодорхой хэмжээний сорилт бий! “Эв эетэй хамтын ажиллагаа” гэдэг үгийг хэлэхэд амархан, зүгээр л амаа нээхэд энэ үг шууд гарна. Харин үүнийг хэрэгжүүлэх цаг болоход чиний доторх саад тотгор томорно. Энийг ч нэг, тэрийг ч нэг бодно. Заримдаа сайхан ааштай байхдаа чи бусадтай бага зэрэг нөхөрлөж чаддаг ч байж магадгүй; гэхдээ ааш муутай, завхарсан зан чанар саад болж байвал чи үүнийг хэрэгжүүлж огт чадахгүй. Удирдагчдын хувиар зарим хүн хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Тэд үргэлж бусдыг дорд үзэж, байнга бусдыг голж шилдэг бөгөөд бусдын дутагдлыг хармагцаа тэр хүмүүсийг шүүж, дайрч давшилдаг. Тийм удирдагчид муудсан алим болж, халагддаг. Тэд “эв эетэй хамтын ажиллагаа” гэдэг үг ямар утгатайг ойлгодоггүй гэж үү? Үнэндээ тэд үүнийг нэлээд сайн ойлгодог ч зүгээр л хэрэгжүүлж ер чаддаггүй юм. Тэд яагаад хэрэгжүүлж чаддаггүй вэ? Байр суурийг хэтэрхий их нандигнадаг, зан чанар нь дэндүү биеэ тоосон байдаг учраас. Тэд онгирохыг хүсдэг бөгөөд байр сууринд хүрмэгцээ байр суурь нь өөр хүний гарт ороод, өөрсдийг нь жинхэнэ эрх мэдэлгүй үлдээх вий гэж айсандаа байр сууриа орхихгүй. Тэд бусдад хаягдах, өндрөөр үнэлэгдэхгүй байхаас айдаг, үг нь эрх мэдэл, хүч чадалгүй байх вий гэж айдаг. Тэдний айдаг зүйл энэ. Тэдний биеэ тоосон зан ямар хэмжээнд очдог вэ? Тэд эрүүл ухаанаа алдаж, дур зоргоороо, хөнгөн хуумгай үйлдэл хийдэг. Үр дүнд нь юу болдог вэ? Тэд үүргээ тааруухан гүйцэтгээд зогсохгүй үйлдэл нь үймээн самуун, саад тотгор учруулж, байр суурь нь өөрчлөгдөж, халагддаг. Ийм зан чанартай ийм хүн хаана үүрэг гүйцэтгэхэд тохирохыг Надад хэл дээ? Тэд хаана ч томилогдсон бай, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй л болов уу. Тэд бусадтай хамтран ажиллаж чадахгүй—тэгвэл тэд үүргээ ганцаараа сайн гүйцэтгэж чадна гэсэн үг үү? Мэдээж үгүй. Хэрвээ тэд үүргээ ганцаараа гүйцэтгэвэл бүр ч цадиггүй болж, улам дур зоргоороо, хөнгөн хуумгай үйлдэл хийх боломжтой. Үүргээ сайн гүйцэтгэж чадах эсэх чинь авьяас билиг, агуу хэв чанар, хүн чанар, хүчин чадал, ур чадвараас чинь шалтгаалахгүй; чи үнэнийг хүлээн авдаг хүн мөн эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхээс чинь хамаарна. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлж, бусдад шударгаар хандаж чадвал бусадтай эв найртай хамтран ажиллаж чадна. Хүн үүргээ сайн биелүүлж, бусадтай эв найртай хамтран ажиллаж чадах эсэхийн гол түлхүүр нь үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадах эсэхээс хамаардаг. Хүмүүсийн хэв чанар, авьяас, чадвар, нас зэрэг нь гол зүйл биш, бүгд хоёрдогч зүйл бөгөөд хүн үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх нь хамгийн чухал юм. Номлол сонссоныхоо дараа, үнэнийг хайрлаж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс энэ нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэд бодит амьдрал дээр хүмүүс, үйл явдал, эд зүйлстэй тулгарах үедээ эдгээр үнэнийг хэрэгжүүлнэ. Тэд үнэнийг хэрэгжүүлж, энэ нь өөрсдийнх нь бодит байдал, амийнх нь нэг хэсэг болно. Энэ нь тэдний биеэ авч явах, аливааг хийх шалгуур, зарчим болно; тэдний амьдран харуулдаг, илэрхийлдэг зүйл болно. Үнэнийг хайрладаггүй хүмүүс ч бас номлол сонсоод зөв гэдгийг нь хүлээн зөвшөөрөх бөгөөд өөрсдийгөө бүгдийг нь ойлгосон гэж бодно. Тэд уг номлолыг зүрх сэтгэлдээ тэмдэглэж авдаг ч ямар нэг зүйлийг хийхдээ бодолцож үздэг зарчим, шалгуур нь юу вэ? Тэд аливааг үргэлж өөрийнхөө ашиг сонирхлын дагуу бодолцон үздэг; тэд үнэнийг ашиглан аливааг бодолцон үздэггүй. Үнэнийг хэрэгжүүлэх нь өөрсдийг нь хохироох вий гэж айж, бусдад шүүмжлүүлж, дорд үзэгдэж—нэр нүүрээ алдахаас айдаг. Тэд энэ, тэрийг бодолцон үзээд, эцэст нь “Би зүгээр л байр суурь, нэр хүнд, ашиг сонирхлоо хамгаалъя, энэ нь гол зүйл. Эдгээрийг хангагдах үед би сэтгэл хангалуун байна. Эдгээр зүйл хангагдаагүй бол би үнэнийг хэрэгжүүлэхдээ баярлахгүй, надад таатай ч санагдахгүй” гэж боддог. Энэ нь үнэнийг хайрладаг хүн мөн үү? Яавч биш. Зарим хүн номлол сонсохдоо маш нухацтай хандаж, бүр тэмдэглэл хөтөлдөг. Тэд түлхүүр үг, чухал үг, хэллэг сонсох болгондоо дэвтэр дээр тэмдэглэж авдаг ч дараа нь ашиглах юм уу хэрэглэдэггүй. Хэчнээн их цаг хугацаа өнгөрсөн ч бодитой өөрчлөлт харагддаггүй. Үнэнийг хайрладаг хүн энэ мөн юм шиг байна уу? Үнэнийг хайрлаж, ойлгодог хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол үнэнийг ойлгодог боловч хайрладаггүй хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй. Үнэнийг хайрладаг эсэхийг хамгийн их илтгэдэг зүйл бол үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх юм. Үнэнийг хайрладаггүй хүн зөв бурууг хэлж чадна гэж та нар бодож байна уу? (Чадахгүй.) Үнэндээ тэд чадна. Жишээ нь тэд өмнө нь хэн нэгэнд энэрэнгүй хандаж байсан ч тэр хүн нь өөрсдийнх нь ашиг сонирхолд халдвал, тэд “Тэр мөс муутай хүн юм. Би түүнд өмнө нь тусалж байсан, одоо тэр надад ингэж хандаж байна!” гэж хэлнэ. Тэгэхээр, тэд мөс чанарын талаар ярьдаг ч хүний мөс чанар, эсвэл зөв бурууг хэмжихдээ тэд ямар стандарт ашигладаг вэ? Өөрт нь ашигтай хэн ч бай, өөрт нь ашигтай ямарваа үг, үйл хэрэг гээд иймэрхүү зүйл эерэг байдаг бол өөрт нь ашиггүй ямарваа зүйл сөрөг байдаг. Тэдний харах өнцөг ийм аминч. Тийм хүн үнэнийг олж авч чадна гэж та нар бодож байна уу? (Үгүй, чадахгүй.) Яагаад чадахгүй вэ? (Тэдний үйлдэл зарчимгүй, тэд үнэний дагуу хэрэгжүүлдэггүй учраас үнэнийг олж авч чадахгүй. Харин ч тэд өөртөө ашигтай байдлаар үйлдэж, бүхий л талаар өөрсдийнхөө төлөө явуулга хийж байдаг.) Яг зөв. Тэд үнэнийг олж авч чаддаггүй. Үнэнийг ямар төрлийн хүнд зориулж бэлддэг вэ? Үнэнийг хайрладаг, үнэний төлөө бүхнийг хаяж чаддаг хүмүүст зориулж бэлддэг. Энэ бол үнэнийг олж авч чаддаг, үнэн өөрт нь бүр мөсөн харьяалагддаг, үнэнийг өөрт нь өгсөн хүмүүс юм. Энэ бол ямар ч үнээр хамаагүй, хувийн ашиг сонирхол, эсвэл хамгийн ихээр хайрладаг зүйлээ золиослон, бүгдийг нь өргөн барихаар байсан ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулж чадна гэсэн үг юм. Ийм маягаар үнэнийг олж авч чадна.
Хүмүүсийн хамгийн ихээр нандигнадаг зүйл нь юу гэж та нар бодож байна вэ? Хүний амь мөн үү? (Мөн.) Үнэндээ тийм биш. Бурханы төлөө амиа өгөхийг чамаас хүслээ гэж бодъё. Чи амиа өгч чадах уу? Өөрийгөө Бурханд өргөн барьж, даруй үх гэж чамаас хүслээ гэж бодъё, чи тэгж чадах уу? Тэгж чадах зарим хүн бий. Зарим хүн үнэхээр Бурханд өөрийгөө өргөн барьж, хэдийд ч, хаана ч Бурханд амиа өгөхөд бэлэн байдаг учраас хүмүүст хамгийн чухал зүйл нь амь биш. Харин хувийн ашиг сонирхол, нэр хүнд, байр суурь нь эрсдэлд орох үед, ялангуяа ирээдүй, хувь заяанд нь хамаатай үед тэд үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ хаяж чадах уу? Энэ бол хийхэд хамгийн хэцүү зүйл. Ийм нөхцөл байдалд хүний хувьд хамгийн чухал зүйл юу вэ? (Түүний ашиг сонирхол, ирээдүй, хувь заяа.) Зөв. Хүмүүс амиа биш, ашиг сонирхол, байр суурь, ирээдүй, хувь заяагаа хамгийн их үнэлж, нандигнадаг. Бурханы төлөө амиа өгч чаддаг хүн заавал үнэнийг хайрладаг, үнэнийг хэрэгжүүлдэг хүн байх албагүй. Бурханы төлөө амиа өгч чаддаг байх нь ердөө л уриа байж болно. Чи амиа Бурханд өргөн барьж чадна гэж хэлдэг ч байр суурийн ашиг тусыг орхиж чаддаг уу? Бахархлаа орхих уу? Алийг нь золиослоход амархан бэ? (Амиа золиослоход амархан.) Тийм ээ. Зарим хүн сонголт хийх болох үед амиа золиосолж чадах ч байр суурийн ашиг тусыг орхиж, буруу замаасаа татгалзаж чаддаггүй. Чи хоёр замаас сонгох ёстой байлаа гэж бодъё. Нэг нь үнэнч хүн байж, үнэнийг хэлж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, зүрх сэтгэлээ бусадтай хуваалцаж, буруугаа хүлээж, бодит үнэнийг байгаагаар нь хэлж, завхарсан булай муухайгаа бусдад харуулж, өөрийгөө шившиг болгох зам. Нөгөө нь Бурханы төлөө амиа золиос болгон өгч, үхэхдээ тэнгэрийн хаанчлалд орох зам. Чи алийг нь сонгодог вэ? Зарим хүн “Би Бурханы төлөө амиа өгөхийг сонгоно. Би Бурханы төлөө үхэхийг хүсдэг. Үхсэнийхээ дараа би шагнал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орно” гэж хэлж магад. Бурханы төлөө амиа өгөхийг шийдэмгий хүмүүс ганцхан удаа идэвхтэйхэн хүчлээд гүйцэлдүүлж чадна. Гэхдээ ингэж хүчлээд үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байхыг хэрэгжүүлж чадах уу? Хоёронтоо хүчлээд ч чадахгүй. Ямар нэгэн зүйл хийх үед хүсэл байвал ганцхан хүчлээд сайн хийж болно. Гэхдээ ганцхан удаа худал хэлэхгүйгээр үнэнийг хэллээ гээд бүр мөсөн үнэнч хүн болчихгүй. Үнэнч хүн байхын тулд зан чанараа өөрчлөх шаардлагатай бөгөөд ингэхийн тулд арав, хорин жилийн туршлага шаардагдана. Үнэнч хүн байх энгийн стандартад нийцэж чаддаг болохоосоо өмнө худал хэлж, хуурч мэхэлдэг ов мэхтэй зан чанараа хаях ёстой. Хүн болгонд ингэх нь хэцүү биш гэж үү? Энэ бол асар том сорилт. Бурхан одоо бүлэг хүнийг төгс болгож, олж авахыг хүсдэг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг бүх хүн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авах ёстой бөгөөд энэ нь тэдний ов мэхтэй зан чанарыг шийдвэрлэж, тэднийг үнэнч, Бурханд захирагддаг хүмүүс болгох зорилготой юм. Энэ бол ганцхан зүтгээд хүрч чадах зүйл биш. Үүний тулд жинхэнэ итгэл шаардлагатай бөгөөд ингэж чаддаг болохоосоо өмнө олон шалгалт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Бурхан одоо чамаас үнэнч хүн байж, үнэнийг, баримт шаардсан, ирээдүй, хувь заяатайгаа холбоотой зүйл хэлэхийг хүссэн бөгөөд энэ нь чамд таагүй үр дагавар авчирч, бусад хүн өөрийг чинь өндрөөр үнэлэхээ больж, нэр хүнд чинь сүйрсэн юм шиг санагдаж буй ийм нөхцөл байдалд чи илэн далангүй байж, үнэнийг хэлж чадах уу? Чи үнэнч хэвээр байж чадах уу? Энэ бол хийхэд хамгийн хэцүү зүйл, амиа өгөхөөс хавьгүй хэцүү. Чи “Надаар үнэнийг хэлүүлнэ гэж байхгүй шүү. Үнэнийг хэлснээс Бурханы төлөө үхсэн минь дээр. Үнэнч хүн байхыг би огт хүсэхгүй байна. Бүх хүнд дорд үзэгдэж, өөрийгөө жирийн хүн гэж бодуулснаас үхсэн минь дээр” гэж хэлж магад. Хүмүүс юуг хамгийн их нандигнадаг болохыг энэ нь харуулж байна вэ? Хүмүүсийн хамгийн их нандигнадаг зүйл нь тэдний байр суурь, нэр хүнд гээд сатанлаг зан чанарт нь захирагддаг зүйлс юм. Амь чухал биш. Нөхцөл байдал шаардвал тэд амиа өгөх хүч гаргах боловч байр суурь, нэр хүндээ орхих амаргүй. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд амиа өгөх нь хамгийн чухал зүйл биш. Үнэнийг хүлээн авч, зүрх сэтгэлдээ байгаа бүхнийг хэлж, бүх хүнд сэтгэлээ уудалж, өөрийгөө илчилдэг үнэхээр үнэнч хүмүүс байхыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Үүнийг хийхэд амархан уу? (Үгүй, амархан биш.) Үнэн хэрэгтээ Бурхан чамаас амиа өгөхийг шаарддаггүй. Амийг чинь Бурхан чамд өгсөн бус уу? Амь чинь Бурханд ямар хэрэгтэй юм бэ? Бурхан амийг чинь хүсдэггүй. Тэр чамайг үнэнчээр ярьж, өөрийнхөө хэн болох, зүрх сэтгэлдээ юу боддогоо хэлээсэй гэж хүсдэг. Ийм зүйлийг чи хэлж чаддаг уу? Энд даалгавар хэцүү болдог бөгөөд чи “Намайг шаргуу ажилла гэвэл тэгэх хүч тэнхээ надад байна. Намайг бүх өмч хөрөнгөө золиосол гэвэл би тэгж чадна. Би эцэг эх, үр хүүхэд, гэрлэлт, ажил мэргэжлээ амархан орхиж чадна. Гэхдээ зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ хэлж, үнэнчээр ярина гэдэг миний хийж чадахгүй ганц зүйл” гэж хэлж магад. Ингэж чадахгүй байх шалтгаан юу вэ? Учир нь үүнийг хиймэгц чамайг мэддэг, чамайг таньдаг хэн ч чамайг өөрөөр харна. Тэд чамайг хүндлэхээ болино. Чи нэр нүүрээ алдаж, туйлын гутамшигтай байдалд орж, ёс жудаг, эрхэм чанар чинь үгүй болно. Бусдын зүрх сэтгэлд байдаг ихэмсэг байр суурь, нэр төр чинь үгүй болно. Тийм ч учраас ийм нөхцөл байдалд юу ч болж байсан чи үнэнийг хэлэхгүй. Хүмүүс үүнтэй тулгарах үед зүрх сэтгэлд нь тулаан болж, тэр тулаан дуусахад зарим нь эцэстээ бэрхшээлээ давж гардаг бол зарим нь тэгдэггүй, завхарсан сатанлаг зан чанар, байр суурь, бахархал, нэр хүнд гэх зүйлдээ захирагдсан хэвээр үлддэг. Энэ бол бэрхшээл, тийм үү? Үнэнчээр ярьж, үнэнийг хэлэх төдий нь агуу үйл хэрэг биш хэр нь маш олон эрэлхэг баатар, Бурханы төлөө амиа зориулж, зарлагадна гэж тангарагласан маш олон хүн, Бурханд сүржин зүйлс хэлсэн маш олон хүн тэгж чаддаггүй. Үүгээр Би юу хэлэх гээд байна вэ? Хүмүүсээс үүргээ сайн биелүүлэхийг шаардахдаа Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг дуусгах юм уу ямар нэг агуу үйл хэргийг гүйцэлдүүлэх, эсвэл ямар нэг том ажил хийхийг хүсдэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх, эсвэл ямар нэг гайхамшиг үзүүлэх нь Бурханд хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, сонссоноо сэтгэлдээ сайн сана, дараа нь хэрэгжүүлэх цаг нь болоход Бурханы үгийн дагуу хэрэгжүүл. Бурханы үгийг амь, бодит байдал, амьдран харуулдаг зүйлээ болго. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно. Чи үргэлж агуу байдал, эрхэм дээд, байр суурь хайдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, чамаас холдоно. Агуу байдал, эрхэм дээд, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн болохоос зайлсхий; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханаар яаж хайрлуулах вэ? Дуулгавартайгаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, ул суурьтайгаар Бурханы үгийн дагуу үйлдэж, үүргээ сайн гүйцэтгэж, үнэнч шударга хүн байж, хүний төрхийг амьдран харуулна. Ингэх нь хангалттай, Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс амбицтай байж, хоосон мөрөөдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, эсвэл бусдаас ялгарах гэж эрж хайх ёсгүй. Тэр ч байтугай, агуу хүн юм уу супер хүн, бусдаас илүү давуу байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр оролдох ёсгүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрэв хүн гэмшихгүйгээр алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлдэг бол тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий. Өнөөдөр хэрэв та нар даруйхан гэмшвэл цаг бас байна; харин Бурхан ажлаа дуусгаж, гамшиг улам бүр нэмэгдэх өдөр ирэхэд, та нарт боломж олдохгүй. Тэр цаг ирэхэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлддөг ч, зөрүүдлэн гэмшихээс татгалздаг хүмүүс таягдан хаягдана. Бурханы ажил ямар төрлийн хүмүүсийг авардаг, Бурханы авралын утга учир юу болохыг та нар бүгдээрээ мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсээс Өөрийнх нь өмнө ирж, Өөрийнх нь үгийг сонсож, үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяж, Бурханы хэлж, тушааснаар хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ нь өөрийнхөө үзэл, төсөөлөл, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, хүний “аз жаргалыг” эрэлхийлэхийн оронд Бурханы үгийн дагуу амьдарна гэсэн үг юм. Бурханы үгийг сонсдоггүй, үнэнийг хүлээн авдаггүй мөртлөө Сатаны гүн ухаан, зан чанарын дагуу гэмшихгүйгээр амьдардаг хэн боловч Бурханаар авруулдаг төрлийн хүн биш юм. Бурхан чамайг сонгосон учраас л чи Бурханыг дагадаг. Тэгвэл Бурхан чамайг сонгосны утга учир юу вэ? Чамайг Бурханд итгэдэг, Бурханыг үнэхээр дагадаг, Бурханы төлөө бүхнийг орхиж чаддаг, Бурханы замыг дагаж чаддаг, сатанлаг зан чанараасаа ангижирсан, Сатаныг дагахаа больсон эсвэл Сатаны эрхшээл дор амьдрахаа больсон нэгэн болгон хувиргахын тулд. Хэрвээ чи Бурханыг дагаж, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэдэг ч бүх талаар үнэнийг зөрчдөг, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, туулдаггүй, тэр ч бүү хэл Бурхантай тэрсэлдэх магадлалтай бол Бурхан чамайг хүлээж авах уу? Яавч үгүй. Үүгээр Би юу хэлж байна вэ? Үүргээ гүйцэтгэх нь үнэндээ хэцүү биш, чин сэтгэлээ зориулж, боломжийн стандартаар гүйцэтгэх ч бас хэцүү биш. Чи амиа золиослох хэрэггүй, эсвэл ямар нэг онцгой юм уу хэцүү зүйл хийх хэрэггүй, өөрийн санааг нэмж, өөрийн ажиллагааг явуулалгүйгээр Бурханы үг болон зааврыг чин сэтгэлээсээ, тууштай дагаж, үнэнийг эрэлхийлэх замаар явах ёстой. Хэрвээ хүмүүс үүнийг хийж чадвал үндсэндээ хүн шиг харагдана. Тэд жинхэнээсээ Бурханыг дуулгавартай дагаж, үнэнч шударга хүн болбол жинхэнэ хүний төрхтэй болно.
2019 оны 6 сарын 25
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?