Бурханд чин сэтгэлээ өгснөөр л үнэнийг олж авч чадна (I хэсэг)

Та нар өнөөдөр ямар шалгалтуудыг даван туулж чадах вэ? Өөрийгөө суурьтай гэж хэлж зүрхлэх үү, сорилттой тулгарвал бат зогсож чадах уу? Жишээ нь, Сатанд мөрдөгдөж, хавчигдах сорилт юм уу байр суурь, нэр хүнд, гэрлэлт, эд баялгийн сорилтыг чи даван туулж чадах уу? (Бид заримыг нь их бага хэмжээгээр даван туулж чадна.) Хэдэн зэрэглэлийн сорилт байдаг вэ? Чи аль зэрэглэлийг нь давж чадах вэ? Жишээ нь, хэн нэгэн Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдсаныг сонсохдоо чи айхгүй байж магадгүй, бусдыг баривчилж, тамлан зовоож байгааг хараад айхгүй байж магадгүй, гэвч өөрөө баривчлагдах үедээ, ийм нөхцөл байдалд орох үедээ бат зогсож чадах уу? Энэ бол том сорилт, тийм биш гэж үү? Жишээ нь, Бурханд итгэх итгэлдээ чин сэтгэлээсээ ханддаг, үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүл, карьераа орхиж, маш их зовлон зүдүүрийг туулсан, хүн чанар нэлээд сайтай хэн нэгнийг чи таньдаг гэе. Бурханд итгэх итгэлийнхээ төлөө тэр гэнэт баривчлагдаж, шоронд хоригдож, дараа нь зодуулж үхсэн гэж чи сонслоо. Энэ чиний сорилт мөн үү? Хэрэв чамд ийм зүйл тохиолдвол ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Үүнийг хэрхэн туулах вэ? Чи үнэнийг хайх уу? Үнэнийг хэрхэн хайх вэ? Ийм сорилтын үеэр чи хэрхэн бат зогсож, Бурханы хүслийг ойлгож, үүнээс үнэнийг олж авах вэ? Чи ийм зүйлийг бодож үзсэн үү? Ийм сорилтыг давахад хялбар уу? Тэдгээр нь ер бусын зүйл мөн үү? Онцгой бөгөөд хүний үзэл, төсөөлөлтэй зөрчилддөг зүйлсийг хэрхэн туулах ёстой вэ? Хэрэв чамд зам байхгүй бол гомдол гаргах магадлалтай юу? Чи Бурханы үгээс үнэнийг эрж хайж, асуудлын мөн чанарыг олж харж чадах уу? Хэрэгжүүлэлтийн зөв зарчмуудыг тодорхойлохын тулд үнэнийг ашиглаж чадах уу? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ийм байх ёстой биш гэж үү? Чи Бурханы ажлыг яаж мэдэх вэ? Бурханы шүүлт, ариусгалт, аврал, төгс болголтын үр жимсийг олж авахын тулд чи үүнийг хэрхэн туулах ёстой вэ? Хүмүүсийн Бурханы талаарх тоо томшгүй олон үзэл, гомдлыг шийдвэрлэхийн тулд ямар үнэнийг ойлгох ёстой вэ? Янз бүрийн шалгалтын дунд чамайг бат зогсоох хамгийн хэрэгтэй ямар үнэнүүдээр чи өөрийгөө зэвсэглэх ёстой вэ? Биеийн хэмжээ чинь яг одоо хэр том байгаа вэ? Чи ямар түвшний сорилтыг даван туулж чадах вэ? Чамд ямар нэг санаа бодол байна уу? Хэрэв байхгүй бол эргэлзээтэй байна. Та нар түрүүхэн “заримыг нь давж чадна” гэж хэлсэн. Энэ бол будилуу үг. Ямар биеийн хэмжээтэй, ямар үнэнээр өөрийгөө зэвсэглэсэн, ямар сорилтыг даван туулж чадах, ямар шалгалтыг хүлээн авч чадах, ямар шалгалтын үеэр ямар үнэнийг, Бурханы ажлын талаарх ямар мэдлэгийг эзэмшиж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ямар замыг сонгох ёстой вэ гэдгээ та нар тодорхой мэдэж байх ёстой—энэ бүгдийн талаар сайн мэддэг байх ёстой. Үзэл, төсөөлөлд чинь тохирохгүй зүйлтэй тулгарвал чи түүнийг хэрхэн туулах вэ? Ийм тохиолдолд чи зөвхөн өөрийнхөө үзлийг шийдвэрлээд зогсохгүй Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч, төвөггүй даван гарахын тулд үнэнээр—үнэний ямар талуудаар—өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ—энэ эрж хайх ёстой зүйл чинь биш гэж үү? Та нар ихэвчлэн ямар төрлийн сорилт туулдаг вэ? (Байр суурь, нэр хүнд, ашиг орлого, мөнгө, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа.) Эдгээр нь үндсэндээ нийтлэг байдаг. Өнөөдрийн ийм биеийн хэмжээгээрээ та нар ямар сорилтын үеэр биеэ барьж, бат зогсож чадах вэ? Эдгээр сорилтыг даван туулах жинхэнэ биеийн хэмжээ та нарт байгаа юу? Та нар үүргээ сайн гүйцэтгэж, үнэнийг зөрчих, саад болох, үймүүлэх, эсэргүү, тэрслүү, Бурханыг бухимдуулах ямар ч зүйл хийхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? (Үгүй.) Тэгэхээр чи үүргээ сайн гүйцэтгэхийн тулд юу хийх ёстой вэ? Нэгд, чи бүх зүйлд өөрийгөө шалгаж, үйлдэл чинь үнэн-зарчимд нийцэж байгаа эсэх, үйлдэл чинь хайнга эсэх, тэрслэгч юм уу эсэргүүцэгч хэсгүүд байгаа эсэхийг шалгах ёстой. Хэрэв байгаа бол тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Түүнчлэн өөрийнхөө талаар мэдэхгүй зүйлс байвал шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайх ёстой. Чамтай харьцаж, чамайг зассан бол хүлээж аваад захирагдах ёстой. Хүмүүс бодит байдалтай нийцүүлэн ярьж байгаа л бол чи үндэслэл гаргаж, тэдэнтэй маргаж болохгүй; тэгж байж л чи өөрийгөө таньж мэдэж, чин сэтгэлээсээ гэмшиж чадна. Хүмүүс аливаа зүйлийн энэ хоёр талын шаардлагыг биелүүлж, жинхэнэ оролттой байх ёстой. Ингэснээр тэд үнэний талаар ойлголттой болж, бодит байдалд орж, үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэж чадна.

Зарим хүн: “Ихэнхдээ надад ямар нэг зүйл тохиолдоход би үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй, хайсан ч хариулт олдоггүй. Би залбирч, хайж, хүлээсэн ч үр дүнд хүрсэнгүй. Би юу хийхээ мэдэхгүй байна. Би үүнийг шийдэх Бурханы үгийг олмоор байна, гэхдээ Бурханы үг маш олон болохоор аль хэсгийг нь уншиж, энэ асуудлыг шийдэж чадахыг мэдэхгүй байна” гэж хэлдэг. Тэд тэгвэл яах ёстой вэ? Үүнд наад захын стандарт байдаг: Чамд ямар нэг зүйл тохиолдож, юу хийхээ мэдэхгүй байгаа үед чиний хийх ёстой хамгийн чухал зүйл бол мөс чанараа дагах явдал; Энэ бол амьдралын шугам, бүхнээс түрүүнд баримтлах ёстой улаан шугам, бас хэрэгжүүлэлтийн зарчим юм. Тэгэхээр мөс чанар нь хүн бүрийн хувьд хэр их захирах байр суурьтай байдаг вэ? Хүн үнэнийг ойлгохгүй бол мөс чанар нь ямар том үүргийг гүйцэтгэж чадах нь түүний хүн чанар ямар гэдгээс шалтгаалж байдаг. Хэрэв энэ хүн үнэнийг ойлгодоггүй, мөс чанарынхаа дагуу үйлддэггүй бол, мөн чи түүний үйлдлээс Бурханы санаа зорилгод санаа тавьдаг болохыг нь ч, Бурханаас эмээдэг сэтгэлтэйг нь ч харуулах ямар нэг талыг олж харахгүй байгаа бол энэ хүнийг мөс чанар, хүн чанартайд тооцож болох уу? (Болохгүй.) Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ төрлийн хүнийг чухамдаа хүн чанаргүй нэгэн гэж тодорхойлдог. Тэрээр аливааг хийхдээ эрүүл ухааныг ч үндэс болгодоггүй, мөс чанарыг ч дагадаггүй, хүний биеэ авч явах улаан шугамыг давдаг. Зарим хүн олон үнэнийг ойлгодоггүй. Хийж байгаа зүйлийнхээ зарчмыг ойлгодоггүй, асуудалтай тулгарах үедээ юу хийвэл зөв болохыг мэддэггүй. Энэ нөхцөл байдалд тэд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Хамгийн наад захын стандарт бол мөс чанарынхаа дагуу үйлдэх явдал юм—энэ бол улаан шугам. Чи мөс чанарын дагуу хэрхэн үйлдэх ёстой вэ? Чин сэтгэлээсээ үйлдэж, Бурханы сайхан сэтгэл, Бурханы өгсөн энэ амь, Бурханы өгсөн аврагдах энэ боломжийг хүртэхэд зохистой байх ёстой. Энэ нь мөс чанарын үр нөлөө мөн үү? Энэхүү хамгийн наад захын стандартад хүрмэгцээ чи хамгаалалтыг олж авсан байх бөгөөд ноцтой алдаа гаргахгүй. Тэр үед чи Бурханд дуулгаваргүй хандах юм уу үүрэг хариуцлагаасаа бултах зүйлийг амархан хийхгүй, хуумгай байдлаар үйлдэл хийх магадлалтай байхаа болино. Байр суурь, алдар нэр, ашиг хонжоо, ирээдүйнхээ төлөө явуулга хийх гээд байдгаа ч болино. Энэ бол мөс чанарын гүйцэтгэх үүрэг. Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илрэлийг харуулдаг вэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэл харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, жигшүүртэй байдаг.) Аминч, жигшүүртэй хүмүүсийн үйлдэл хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий ханддаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд үүргээ гүйцэтгэх, эсвэл Бурханы төлөө гэрчлэл хийх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй. Юм хийх болгондоо тэд юуны талаар боддог вэ? Тэд: “Би үүнийг хийвэл Бурхан мэдэх болов уу? Бусад хүнд харагдах уу? Энэ бүх хүчин чармайлтыг гаргаж, шаргуу ажиллаж байгааг минь бусад хүн харахгүй, Бурхан ч бас харахгүй бол ийм хүчин чармайлт гаргаж, ингэж зовж зүдрэх хэрэг надад байхгүй” гэж эхлээд боддог. Ингэх нь туйлын аминч биш үү? Энэ нь бас жигшүүртэй санаа зорилго юм. Тэднийг ингэж бодож, үйлдэх үед мөс чанар нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг үү? Мөс чанар нь буруушаалтыг мэдэрдэг үү? Үгүй, тэдний мөс чанар огт тус болдоггүй, буруушаалтыг мэдэрдэггүй. Гүйцэтгэж байгаа үүргээсээ үл хамааран ямар ч хариуцлага хүлээдэггүй зарим хүн бий. Тэд олж илрүүлсэн асуудлаа дээд тушаалтандаа даруйхан мэдээлдэггүй. Хүмүүс саад болж, үймүүлж байгааг хараад нүдээ анин өнгөрүүлдэг. Хорон муу хүмүүс мууг үйлдэж байгааг хараад болиулах гэж оролддоггүй. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, өөрсдийн үүрэг, хариуцлагыг ч бодолцон үздэггүй. Ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ ямар ч бодит ажил хийдэггүй; тэд тав тухад шунадаг бялдууч хүмүүс бөгөөд өөрсдийн нэрэлхүү зан, нэр нүүр, байр суурь, ашиг сонирхлын төлөө л ярьж, үйлддэг, өөрсдөд нь ашигтай зүйлд цаг зав, хүчин чармайлтаа зориулахад бэлэн байдаг. Ийм хүний үйлдэл, санаа зорилго бүгдэд тодорхой байдаг: Нүүрээ харуулах, эсвэл жаахан ерөөл эдлэх боломж гарах болгонд тэд гарч ирдэг. Харин нүүрээ харуулах боломж байхгүй, эсвэл зовж шаналах үе ирмэгц яст мэлхий хуяг дотроо толгойгоо нууж байгаа юм шиг алга болдог. Ийм хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? (Үгүй.) Ийнхүү авирладаг мөс чанар, эрүүл ухаангүй хүн өөрийгөө зэмлэдэг үү? Ийм хүмүүс өөрийгөө огт зэмлэдэггүй; ийм төрлийн хүний мөс чанар ямар ч хэрэггүй байдаг. Тэд мөс чанарынхаа зэмлэхийг хэзээ ч мэдэрч байгаагүй тул Ариун Сүнсний зэмлэл юм уу сахилгажуулалтыг мэдэрч чадах уу? Үгүй, чадахгүй.

Ариун Сүнсний ажил нь зарчимтай бөгөөд урьдчилсан нөхцөлтэй. Ариун Сүнс ажлаа ихэвчлэн ямар төрлийн хүн дээр хийдэг вэ? Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын тулд хүн ямар урьдчилсан нөхцөлүүдийг биелүүлэх ёстой вэ? Бурханд итгэдэг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын тулд эзэмших ёстой хамгийн бага зүйлийг ойлгох ёстой. Наад зах нь тэд мөс чанар, үнэнч шударга сэтгэлтэй байх ёстой бөгөөд мөс чанар нь шударга байдлын элементтэй байх ёстой. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга байж, Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой. Бурханы шинжилтийг хүлээн авч зүрхлэхгүй байгаа хүмүүс үнэнч шударга хүмүүс биш бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй. Бурхан хүмүүсийн дотоод сэтгэлийг шинждэг, Тэр бүгдийг хардаг, хүн гаднах байдлыг хардаг бол Бурхан зүрх сэтгэлийг хардаг гэж хүмүүс үргэлж хэлдэг мөртөө яагаад Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаггүй юм бэ? Тэд яагаад Бурханы үгийг сонсож, Бурханд захирагдаж чаддаггүй юм бэ? Тайлбар нь гэвэл, хүмүүс зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгодог болохоос үнэнийг хайрладаггүй. Яагаад зарим хүн Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авч чаддаггүй, ямар ч баяр баясгалан, амар амгалангүйгээр үргэлж сөрөг, сэтгэлээр унасан байдалтай байдаг вэ? Хэрэв чи тэдний байдлыг сайтар нягталж үзвэл тэд ерөнхийдөө мөс чанараа ухамсарладаггүй, үнэнч шударга зүрх сэтгэлгүй, хэв чанар муутай, үнэнд хүчин чармайлт гаргадаггүй учраас тэдний байдал хэвийн байх нь маш ховор байдаг. Үнэнийг хайрладаг хүмүүс өөр. Тэд үргэлж үнэний төлөө хүчин чармайлт гаргадаг, үнэний хэсгүүдийг ойлгох тусам тэдний байдал сайжирдаг бөгөөд үнэний хэсгүүдийг ойлгох тусам зарим бодит асуудлыг шийдвэрлэж чаддаг учраас тэдний байдал байнга сайжирч, улам хэвийн болдог. Тэдэнд юу ч тохиолдсон тэд сөрөг байх нь ховор бөгөөд Бурханы оршихуйд амьдарч чаддаг. Ямар ч үед тэд үргэлж ололт, мэдлэгтэй байж, үүргээ гүйцэтгэхдээ үргэлж амжилттай байдаг. Тэд сайн мэдээ түгээхдээ хүмүүсийг олж авч чаддаг бөгөөд ямар ч үүргийг зарчмын дагуу хийдэг. Эдгээр ололт хаанаас ирдэг вэ? Эдгээр нь Бурханы үгийг байнга уншиж, гэгээрэл, гэрэлтүүлэг, үнэний талаарх ойлголтыг олж авснаар хүрсэн үр дүн, Ариун Сүнсний ажлаар дамжуулан хүрсэн үр дүн юм. Чи үнэнч шударга зүрх сэтгэлтэй, хүн чанарт байх учиртай мөс чанар, эрүүл ухаантай байх үед л Ариун Сүнс чам дээр ажлаа хийж чадна. Та бүхэн Ариун Сүнсний ажлын дүрмийг мэдэх үү? Ариун Сүнс ямар хүн дээр ажлаа хийдэг вэ? Ариун Сүнс ихэвчлэн зүрх сэтгэлдээ үнэнч шударга хүмүүс дээр ажлаа хийдэг. Тэр бэрхшээлтэй тулгарч, үнэнийг эрж хайдаг хүмүүс дээр ажилладаг. Бурхан ямар ч хүн чанаргүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүсийг үл тоомсорлодог. Хэрэв хэн нэгэн нь үнэнч шударга боловч зүрх сэтгэл нь Бурханаас түр зуур холдож, илүү сайн байхыг хүсэхгүй, сөрөг байдалд гацаж, энэ бүхнийг шийдвэрлэхээр залбирахгүй, үнэнийг эрэлхийлэхгүй, хамтран ажиллах хүсэлгүй байвал—энэ түр зуурын харанхуй, түр зуурын доройтсон байдалд Ариун Сүнс ажлаа хийдэггүй. Үндсэндээ хүн чанарын ухамсаргүй хүний төлөө Ариун Сүнс ажиллана гэж үү? Мэдээж, Ариун Сүнс ажиллахгүй. Мөс чанаргүй, эрүүл ухаангүй, үнэнийг огт хайрладаггүй ийм хүнийг Бурхан яах вэ? Бурхан түүнийг үл тоомсорлоно. Энэ хүмүүст ямар нэг итгэл найдвар байгаа юу? Итгэл найдварын ганц утас бий. Тэдний хувьд цорын ганц гарц бол үнэхээр гэмшиж, үнэнч шударга хүн болох явдал бөгөөд тэр үед л тэд Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна. Хүн яаж үнэнч шударга хүн болох вэ? Юуны өмнө чи зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой бөгөөд үнэнийг ойлгох үед үүнийг хэрэгжүүлж, Бурханы зохицуулалтад захирагдаж чадна, энэ бүгд нь зүрх сэтгэлээ Бурханд өгөхтэй адил юм. Тэгж байж л чи Бурханд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Та нар эхлээд махан биеэ орхиж, нэрэлхүү зан, бахархлаа орхиж, өөрийн ашиг сонирхлыг орхиж, бие болон оюун санаагаа үүрэгтээ зориулж, дуулгавартай зүрх сэтгэлээр үүргээ гүйцэтгэж, зүрх сэтгэлдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа л бол яаж зовох нь хамаагүй гэж итгэх ёстой. Хэрэв бэрхшээлтэй тулгараад, Бурханд залбирч, үнэнийг эрж хайж байгаа бол Бурхан чамайг хэрхэн удирдан чиглүүлж байгааг, зүрх сэтгэлд чинь амар амгалан, баяр баясгалан байгаа эсэх, ийм нотолгоо чамд байгаа эсэхийг хараарай. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авахыг хүсвэл эхлээд чин сэтгэлээсээ гэмшиж, өөрийгөө Бурханд хүлээлгэн өгч, Түүний оршихуйд зүрх сэтгэлээ нээж, нэр төр, ашиг хонжоо, байр суурь гэх мэт маш ихээр нандигнадаг хог хаягдлаа орхих ёстой. Хэрэв чи эдгээр зүйлийн араас хөөцөлдсөөр байгаа хэр нь Бурханаас агуу ерөөлийг хүсэж байгаа бол Тэр чамайг тоох уу? Ариун Сүнсний ажилд урьдчилсан нөхцөл бий. Бурхан бол хартай Бурхан, ариун Бурхан юм. Хэрэв хүмүүс үргэлж нэр хүнд, ашиг хонжоо, байр суурийн араас хөөцөлдөж, эхнээсээ эцсээ хүртэл эдгээр зүйлээс татгалзаж чадахгүй, зүрх сэтгэл нь Бурханд хаалттай, Түүнд нээлттэй байж зүрхлэхгүй, Түүний ажил, удирдамжаас үргэлж татгалзаж байвал Тэр юу ч хийхгүй. Бурхан хүн бүр дээр Өөрийн ажлыг хийж, та нараас энийг, тэрийг хий гэж албадах шаардлага байхгүй. Ёрын муу сүнснүүд л хүмүүст энэ, тэрийг хийхийг албадаж, бүр хүмүүсийг хянахын тулд тэднийг хүчээр эзэмддэг. Ариун Сүнсний ажил маш зөөлөн бөгөөд Тэр сэтгэлийг чинь хөдөлгөхөд тэрийг чи мэдрэх ч үгүй. Чи санаандгүй ойлгож, сэргэсэн юм шиг л бодно. Ариун Сүнс хүмүүсийг ингэж хөдөлгөдөг. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Ариун Сүнсний ажлыг хүлээн авахыг хүсвэл чин сэтгэлээсээ гэмшиж, чин сэтгэлээсээ хамтран ажиллах ёстой.

Зүрх сэтгэлээ хэрхэн Бурханд өгөх вэ? Чамд ямар нэгэн зүйл тохиолдоход чи өөртөө найдахгүй гэдгээ Бурханд тунхаглах ёстой. Бурханд зүрх сэтгэлээ өгнө гэдэг нь Бурханд гэрийнхээ Эзэн байхыг зөвшөөрнө гэсэн үг. Түүнчлэн нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, нэр нүүр зэрэг үнэнийг хэрэгжүүлэхэд чинь саад болж буй зүйлсээс татгалзаж, өөрийгөө удирдан чиглүүлэхийг Бурханд зөвшөөрч, зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, зүрх сэтгэлээ Бурханд захируулж, Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой. Нэгэнт чи махан биеийн таашаал авдаг зүйлсээсээ татгалзаж чадаад, Бурхан чамайг ачаа үүрэхээ больж, харин Түүний өмнө дуулгавартай зүрх сэтгэлээр ирж, Түүний үгийг сонсож, Түүний зохицуулалт, зохион байгуулалтад захирагдахад бэлэн, Түүнд үйлдэхийг зөвшөөрч, Түүгээр удирдуулж байгааг харсан бол—Бурхан чамайг чин сэтгэлээсээ байгааг харсан бол тэр үед Ариун Сүнс ажлаа хийх болно. Нэгд, чи үнэхээр гэмшиж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, Түүний хүслийн талаар бодож, үнэний төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Чи сөрөг юм уу залхуу байж болохгүй, дур зоргоороо байж бүр болохгүй. Хэрэв чи үргэлж удирдаж, гэрийнхээ эзэн байж, өөрийнхөө дур сонирхлоор үйлдэхийг хүсэж байвал энэ ямар хандлага вэ? Энэ ямар байдал вэ? Энэ бол тэрслэл, эсэргүүцэл юм. Бурхан чамайг аврах ёстой, чамгүйгээр байж чадахгүй гэж чи бодож байна уу? Ийм байна уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил яагаад харь үндэстнүүдэд хандсан бэ? Тэр яагаад үүнийг Израильд хийдэггүй юм бэ? Тэр яагаад үүнийг шашны ертөнцөд хийдэггүй юм бэ? Тэд хэтэрхий тэрслүү бөгөөд Бурханыг эсэргүүцдэг учраас Тэр энэ ажлыг харь үндэстнүүдэд чиглүүлсэн. Бурхан энэ асуудлыг хэрхэн авч үздэг вэ? Бурхан үнэнийг хүлээн авдаг хүмүүсийг авардаг. Тэд шашин дотроос элссэн байна уу, эсвэл энэ ажлыг хүлээн авдаг шашингүй хүмүүс байна уу хамаагүй—Бурхан үнэнийг хүлээн авдаг хүмүүст нигүүлсэнгүй хандаж, авардаг. Та нар бүгд эдгээр асуудлыг ойлгов уу? Бурханы хийдэг бүх зүйл хамгийн утга учиртай бөгөөд Бурханы зан чанар, мэргэн ухаантай байдаг. Мэдээжийн хэрэг хүмүүст Бурханы хүслийг ойлгох, эсвэл Бурханы зохицуулалтад захирагдах үедээ онгирох юм юу ч үгүй. Өөрийгөө ухаантай, үнэнийг хайрладаг, бусад хүмүүсээс хамаагүй хүчтэй гэж бүү бод. Нэг зүйлд ухаантай байна гэдэг нь өөр зүйлд заавал ухаантай байна гэсэн үг биш, тиймээс чи байнга залбирч, бүх зүйлд үнэнийг эрж хайх ёстой. Чи Бурханаас эмээдэг сэтгэлтэй юу, үгүй юу гэдгээ, үйлдэл чинь үнэнд нийцэлтэй байна уу, үгүй юу, Бурханы хүслийг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харахын тулд бүх үйлдлээ шалгах ёстой.

Хүн чанар чинь стандартад нийцсэн байна уу, хэвийн мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцсэн байна уу гэдгээс үл хамааран Бурхан зөвхөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүст л сэтгэл хангалуун байдаг. Үнэн болон амийн оролтыг эрэлхийлэх нь эцэс төгсгөлгүй юм. Хэрэв хүн зөвхөн мөс чанартай, мөс чанарынхаа дагуу үйлддэг бол энэ зарчим үнэний стандартад нийцэхгүй. Тэд мөн үнэний төлөө хүчин чармайлт гаргаж, Бурханы шаардлагын дагуу биеэ авч явж, Түүний шаардлагын дагуу үүргээ сайн гүйцэтгэхэд төлөөс төлөх ёстой. Ийм маягаар эрэлхийлснээр тэд амийн оролтод хүрч, үнэнийг ойлгож, олж авч, Бурханы хүслийг хангаж чадна. Тодорхой хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс байдаг, тэгээд тэд: “Өөрийнхөө мөс чанарын дагуу үүргээ гүйцэтгэх нь Бурханаар үнэлүүлэх болно” гэж боддог. Энэ зөв үү? Мөс чанарын стандарт үнэнийг орлож чадах уу? Мөс чанарынхаа дагуу үйлдсэнээр Бурханд захирагдаж чадах уу? Чи Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Чи Сатаныг жигшиж, хаяж чадах уу? Чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах уу? Чи Сатаныг ичээж чадах уу? Мөс чанарынхаа дагуу үйлдэх нь жинхэнэ гэрчлэл мөн үү? Эдгээрийн аль нь ч боломжгүй. Мөс чанарын стандарт юунаас бүрддэг вэ? Мөс чанар бол хэн нэгний зүрх сэтгэл дэх мэдрэмж, зүрх сэтгэлийн шүүлт бөгөөд энэ нь хэвийн хүн чанарын дур сонирхлыг илэрхийлдэг. Ихэнхдээ хуулийн олон зүйл заалт, ёс суртахууны үзэл нь мөс чанарын мэдрэмж дээр суурилдаг, тиймээс мөс чанарын мэдрэмж нь хуулийн зүйл заалт, ёс суртахууны үзлийг стандарт болгон хялбархан ашигладаг. Тэгэхээр мөс чанарын мэдрэмж үнэний стандартаас хол дутаж, цаашилбал сэтгэл санааны хязгаарлалтад өртөх юм уу эсвэл сайхан сонсогдох үгэнд хууртагдаж, төөрөлдсөнөөр олон алдаа гаргадаг. Хэрэв хүмүүс үнэнийг ойлгохгүй бол диаволын ов мэхэнд өртөж, Сатанд өөрсдийг нь ашиглахыг зөвшөөрдөг. Тиймээс мөс чанарынхаа дагуу үйлдэх нь Бурханы шаардлагын хаана ч хүрдэггүй. Чи мөн үнэний төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Үнэнийг ойлгож, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж байж л Бурханы шаардлагыг биелүүлж чадна. Үнэний стандарт нь мөс чанарын стандартаас хамаагүй давж гардаг. Хэрэв чи зүгээр л мөс чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэвэл Бурханы магтаалыг хүлээн авч чадах уу? Чадахгүй. Мөс чанар үнэнийг орлож чадахгүй, Бурханы шаардлагыг орлож бүр ч чадахгүй учраас чи мөс чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэснээр сэтгэл хангалуун байж болохгүй. Энэ нь Бурханы магтаалыг хүртэж чадахгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих