Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 16-р бүлэг
Хүний үзэл бодлоор бол Бурхан маш агуу, маш элбэг дэлбэг, тун гайхалтай, үнэхээр хэмжээлшгүй; хүмүүсийн нүдээр бол Бурханы үг өндөрт өргөгдөж, дэлхий ертөнцийн агуу шилдэг бүтээл мэт харагддаг. Гэвч хүмүүс хэтэрхий олон алдаа дутагдалтай, оюун санаа нь дэндүү энгийн, түүнчлэн хүлээн зөвшөөрөх чадвар нь хэтэрхий ядмаг учраас Бурхан Өөрийнхөө үгийг хэчнээн тодорхой хэлэхээс үл хамааран тэд сэтгэцийн өвчтэй мэт хөдөлгөөнгүй суусаар үлддэг. Өлсөх үедээ тэд юм идэх ёстой гэдгээ ойлгодоггүй, цангах үедээ юм уух ёстойгоо ойлгодоггүй; зүгээр л хашхирч, орилсоор байдаг ба сэтгэлийнх нь гүнд үгээр дүрслэхийн аргагүй зовлон бэрхшээл байгаа ч энэ тухай ярьж чадахгүй байгаа мэт байдаг. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үед, хүн хэвийн хүн чанараар амьдарч, зөн совингийнхоо дагуу Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх нь Түүний санаа зорилго байлаа. Гэхдээ хамгийн анх хүн Сатаны уруу таталтад автсан учраас өнөөдөр өөрийгөө чөлөөлөх чадваргүй хэвээр байдаг бөгөөд хэдэн мянган жилийн туршид Сатаны хэрэгжүүлсэн зальжин арга мэхийг ялган таньж чаддаггүй. Үүний зэрэгцээ хүнд Бурханы үгийг бүрэн мэдэх эрхтэн дутмаг байдаг—энэ бүхэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн юм. Өнөөдрийн байдлаар хүмүүс Сатаны уруу таталтын аюул дор амьдарсаар байгаа тул Бурханы үгийг зөвөөр ойлгох чадваргүй хэвээр байдаг. Хэвийн хүмүүсийн зан чанарт шударга бус, зальжин байдал байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг бөгөөд ганцаараа ажилладаггүй, амьдрал нь дундаж ч биш, доройтсон ч биш байдаг. Иймээс Бурхан бүгдийн дунд өргөмжлөгддөг; Түүний үг хүмүүсийн дунд тархаж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрч, Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс тэнгэрэлчүүдтэй адил: цэвэр, цоглог, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг. Одоо үе бол харанхуй шөнө—бүгд тэмтчин явж, эрж хайж байгаа, хав харанхуй шөнө тэднийг үхтэл нь айлгаж, тэд өөрийн эрхгүй дагжин чичирдэг; сайтар сонсвол баруун хойд зүгийн салхины улих чимээг хүний гашуудлын цурхиралт дагалдах мэт ажээ. Хүмүүс хувь заяаныхаа төлөө гуниглан уйлна. Тэд Бурханы үгийг уншдаг ч яагаад ойлгож чаддаггүй юм бэ? Тэдний амьдрал мухардлын ирмэг дээр байгаа мэт, тэднийг үхэл нөмрөх гэж буй мэт, тэдний сүүлчийн өдөр нүднийх нь өмнө байгаа мэт байдаг. Тийм өрөвдөлтэй нөхцөл байдал нь, эмзэг дорой тэнгэрэлчүүд Бурханыг дуудан хашхирч, ахин дахин шаналан уйлж зовлон бэрхшээлийнхээ талаар ярьдаг яг тэр мөч юм. Энэ шалтгааны улмаас Бурханы хөвгүүд, ардын дунд ажилладаг тэнгэрэлчүүд дахин хэзээ ч хүмүүс дээр бууж ирэхгүй; энэ нь, махан биед байх зуураа Сатаны ов мэхэнд автаж, өөрсдийгөө чөлөөлөх чадваргүй болохоос нь сэргийлэхийн төлөө байдаг тул тэд хүнд үл үзэгдэх сүнсний ертөнцөд л ажилладаг. Тиймээс, “Би хүмүүсийн зүрх сэтгэл дэх сэнтийд залрах үе бол Миний хөвгүүд, ардууд газар дэлхийг захирах мөч байх болно” хэмээн хэлэх үедээ Бурхан, газар дээрх тэнгэрэлчүүд тэнгэр дэх Бурханд үйлчилсний ерөөлийг эдлэх үеийг хэлж байгаа юм. Хүн тэнгэрэлчийн сүнсний илэрхийлэл учраас хүний хувьд газар дээр байх нь тэнгэрт байхтай адил; хүн газар дээрх Бурханд үйлчлэх нь тэнгэрэлчүүд тэнгэр дэх Бурханд шууд үйлчлэхтэй адил—тийнхүү газар дээр байх хугацаандаа хүн гуравдагч тэнгэрийн ерөөлийг эдэлдэг гэж Бурхан хэлсэн байдаг. Эдгээр үг нь үнэндээ ийм утгатай юм.
Бурханы үгэнд маш их утга нуугдаж байдаг. “Цаг нь ирэхэд хүмүүс Намайг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж, бодолдоо Намайг дурсан санана.” Энэ үг нь хүний сүнсэнд чиглэдэг. Эмзэг байдлаасаа болоод тэнгэрэлчүүд бүх зүйл дээр Бурханд үргэлж найддаг ба үргэлж Бурханд татагдаж, Бурханыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Гэвч Сатаны үймээн самуунаас болоод тэд өөрсдийгөө захирч, хянаж чаддаггүй; Бурханыг хайрлахыг хүсдэг боловч бүх зүрх сэтгэлээрээ Түүнийг хайрлаж чаддаггүй тул тэд зовж шаналдаг. Бурханы ажил тодорхой хэмжээнд хүрэх үед л эдгээр хөөрхийлөлтэй тэнгэрэлчийн Бурханыг үнэхээр хайрлах хүсэл биелж чадна, ийм учраас Бурхан тэр үгийг хэлсэн юм. Тэнгэрэлчүүдийн уг чанар нь Бурханыг хайрлаж, нандигнаж, дуулгавартай дагах явдал, гэсэн ч тэд үүнийг газар дээр биелүүлж чадахгүй байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэвчихээс өөр аргагүй байжээ. Та нар өнөөдрийн дэлхий ертөнцийг харж болно: Бүх хүний зүрх сэтгэлд нэг Бурхан байдаг ч өөрсдийнх нь зүрх сэтгэлд байдаг Бурхан жинхэнэ үү, эсвэл хуурамч уу гэдгийг хүмүүс ялган таньж чаддаггүй бөгөөд хэдий тэд өөрсдийн энэ Бурханыг хайрладаг ч Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй, энэ нь тэд өөрсдийгөө огт хянаж чаддаггүй гэсэн үг юм. Бурханы илчилсэн, хүний муухай төрх бол сүнсний ертөнц дэх Сатаны жинхэнэ нүүр царай юм. Хүн анхнаасаа гэмгүй, нүгэлгүй байсан, тиймээс хүний бүх завхарсан, муухай байдал нь сүнсний ертөнц дэх Сатаны үйлдэл бөгөөд сүнсний ертөнцийн хөгжлийн үнэн зөв бичлэг билээ. “Өнөөдөр хүмүүс чадвартай болсон ба Миний өмнүүр маадайн алхаж, Надтай огтхон ч эрээ цээргүй инээж, марзганан Надтай ижил зиндааных мэт харилцаж болно гэж итгэдэг. Хүн Намайг бас л мэддэггүй, бид мөн чанартаа адилхан, бид хоёулаа мах, цуснаас бүтсэн, хоёулаа хүний ертөнцөд оршдог гэж бас л боддог.” Энэ нь хүний зүрх сэтгэлд Сатаны хийсэн зүйл юм. Сатан Бурханыг эсэргүүцэхийн тулд хүний үзэл болон энгийн нүдийг ашигладаг атал хүнийг эндхийн аюул гамшгаас зайлуулахын тулд Бурхан эдгээр үйл явдлыг хоёрдмол утгагүйгээр хүнд хэлдэг. Бүх хүний аюулт сул тал гэвэл тэд зөвхөн “мах, цуснаас бүрдсэн биеийг хардаг боловч Бурханы Сүнсийг хардаггүй.” Энэ бол Сатан хүнийг аргадаа оруулдаг үндсэн нэг тал юм. Махан бие дэх Сүнсийг л Бурхан гэж нэрлэж болно хэмээн бүх хүн боддог. Сүнс махбод болж, өөрсдийнх нь нүдний өмнө бодитоор гарч ирсэн гэж өнөөдөр хэн ч боддоггүй; хүмүүс Бурханыг “хувцас ба махбод” гэсэн хоёр хэсэг гэж хардаг ба хэн ч Бурханыг махбод болсон Сүнс гэж хардаггүй, хэн ч махбодын мөн чанарыг Бурханы зан чанар гэж үздэггүй. Хүмүүсийн төсөөллөөр Бурхан тун хэвийн байдаг боловч энэхүү хэвийн байдалд Бурханы гүн гүнзгий ач холбогдлын нэг тал нуугддаг гэдгийг тэд мэддэггүй гэж үү?
Бурхан бүхий л дэлхий ертөнцийг бүрхэж эхлэх үед хав харанхуй болсон бөгөөд хүмүүсийг унтаж байхад энэ боломжийг ашиглаад Бурхан хүмүүсийн дунд бууж, газар дэлхийн бүх өнцөг булан руу Сүнсийг албан ёсоор илгээж эхлэн, хүн төрөлхтнийг аврах ажлыг эхлүүлсэн юм. Бурхан махбодын дүртэй болж эхэлсэн ба газар дээр биечлэн ажилласан гэж хэлж болно. Дараа нь Сүнсний ажил эхэлж, газар дээрх бүх ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Хоёр мянган жилийн турш Бурханы Сүнс үргэлж орчлон ертөнц даяар ажилласан. Хүмүүс үүнийг мэдээгүй, бас мэдрээгүй боловч эцсийн өдрүүдэд энэхүү эрин үе удахгүй төгсөх гэж байх үед Бурхан биечлэн ажиллахаар газар дээр бууж ирсэн юм. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн бөгөөд махбодод амьдарч байгаа Бурханы дүрийг өөрийн биеэр харж чаддаг хүмүүсийн ерөөл билээ. “Оёоргүй гүний гадаргуу бүхэлдээ булингартсан байхад хүмүүсийн дунд Би дэлхий ертөнцийн гашуун зовлонг амсаж эхэлсэн. Миний Сүнс дэлхий даяар аялж, бүх хүний зүрх сэтгэлийг шинждэг, гэхдээ Би бас Өөрийн махбод болсон биеэр хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг.” Энэ нь тэнгэр дэх Бурхан болон газар дахь Бурханы хоорондох эв зохицолтой хамтын ажиллагаа юм. Эцсийн эцэст, газар дахь Бурхан бол тэнгэр дэх Бурхан, тэнгэр газар болон тэдгээрийн дундах бүх зүйлийг газар дээрх Бурхан бүтээсэн, хүнийг газар дээрх Бурхан хянадаг, газар дээрх Бурхан тэнгэр дэх ажлыг газар дээр хийдэг, мөн тэнгэр дэх Бурхан махбодоор илэрсэн гэж хүмүүс оюун бодолдоо бодно. Энэ бол газар дээрх Бурханы ажлын эцсийн зорилго тул энэхүү үе шат нь махбодтой үеийн ажлын хамгийн өндөр стандарт юм; үүнийг бурханлаг чанараар гүйцэтгэж, бүх хүнийг үнэн сэтгэлээсээ үнэмшихэд хүргэдэг. Хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханыг эрж хайх тусам, газар дээрх Бурхан бол бодитой биш гэж төдий чинээ их санагддаг. Тиймээс хүмүүс Бурханыг хоосон үг, сургаал дундаас эрж хайдаг гэж Бурхан хэлдэг. Хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханыг хэдий чинээ их мэднэ, эдгээр үг болон хоосон сургаалыг ярихдаа төдий чинээ сурамгай болж, төдий чинээ их биширмээр болдог; хүмүүс үг болон хоосон сургаалыг ярих тусмаа Бурханаас улам холдож, хүний мөн чанарыг төдий чинээ мэдэх чадваргүй болж, Бурханд улам дуулгаваргүй болж, Бурханы шаардлагаас улам холдон оддог. Хүнд тавих Бурханы шаардлага нь хүмүүсийн төсөөлдөг шиг ер бусын биш атал хэн ч, хэзээ ч Бурханы хүслийг үнэхээр ойлгож байгаагүй, тиймээс Бурхан “хүмүүс хязгааргүй тэнгэр, давлагаалах далай тэнгис, дөлгөөн нуур, аль эсвэл хоосон бичиг үсэг, номлол дундаас л эрж хайдаг” хэмээн хэлсэн байдаг. Бурхан хүнд шаардлага тавих тусам, Бурхан бол хүрэхийн аргагүй гэдгийг хүмүүс улам мэдэрч, Бурхан агуу гэдэгт улам их итгэдэг. Тиймээс тэдний ухамсарласнаар бол Бурханы амнаас гарсан бүх үг хүний хувьд хүршгүй байдаг тул Бурхан биечлэн ажиллахаас өөр аргагүй болдог; харин хүнд Бурхантай хамтран ажиллах өчүүхэн төдий ч дур хүсэл байдаггүй ба зүгээр л толгой бөхийн, нүглээ улайж, даруухан, дуулгавартай байхаар хичээн зүтгэдэг. Тийм болохоор хүмүүс өөрийн мэдэлгүй шинэ шашин руу, шашны сүмүүдэд байдгаас ч илүү туйлширсан шашны зан үйл рүү ордог. Энэ нь, сөрөг байдлаас эерэг байдал руу өөрчлөгдсөнөөр хэвийн нөхцөл байдалд эргэн очихыг хүмүүсээс шаарддаг; эс бөгөөс хүн улам илүү гүн урхидуулна.
Бурхан маш олон айлдвартаа уул, усыг дүрслэхэд яагаад анхаардаг вэ? Эдгээр үгэнд бэлгэдлийн утга учир байдаг уу? Бурхан хүнд махбод дахь үйл хэргээ харуулаад зогсохгүй, бас огторгуй дахь Түүний хүч чадлыг ойлгох боломж олгодог. Ийм маягаар, энэ бол махбод дахь Бурхан гэдэгт эргэлзэлгүй итгэхийн зэрэгцээ хүмүүс бас бодитой Бурханы үйл хэргийг мэдэж авдаг, тиймээс газар дээрх Бурханыг тэнгэр лүү илгээж, тэнгэр дэх Бурханыг газар луу доош авчирдаг, үүний дараа л хүмүүс Бурханыг юу болохыг бүгдийг нь харж, Бурханы бүхнийг чадагч байдлын талаар илүү их мэдлэгтэй болж чаддаг. Бурхан хүн төрөлхтнийг махбодоор байлдан дагуулж, бүхий л орчлон ертөнц даяар болон үүн дээгүүр аялахын тулд махбодыг даван гарч чаддаг байх тусам хүмүүс бодитой Бурханыг харсныхаа үндсэн дээр Бурханы үйл хэргийг төдий чинээ харж чаддаг ба тийнхүү бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы ажлын үнэн зөв байдлыг, энэ нь худлаа биш харин бодит гэдгийг мэддэг—иймээс тэд өнөөдрийн бодитой Бурхан нь хүний махан биетэй адил төрлийнх биш, харин Сүнсний биелэл гэдгийг мэдэж авдаг. Тиймээс Бурхан “Гэвч Миний уур хилэн бадрахад уулс тэр даруй хагаран хуваагдаж, газар тэр даруй доргин чичирч, ус нэн даруй ширгэж, хүнийг гай гамшиг даруй хүрээлдэг” гэж хэлдэг. Хүмүүс Бурханы үгийг унших үедээ Бурханы махан биетэй холбогддог тул сүнсний ертөнц дэх үг болон ажил махбод дахь Бурхан руу шууд заадаг ба энэ нь илүү сайн үр дүнд хүргэдэг. Бурханыг ярих үед энэ нь ихэнхдээ тэнгэрээс газар луу, дараа нь дахин нэгэнтээ газраас тэнгэр лүү байдаг ба бүх хүнийг Бурханы үгийн сэдэл, эх үүсвэрийг ухаарах чадваргүй болгож орхидог. “Намайг тэнгэрүүдийн дунд байхад Миний байгаагаас болж одод хэзээ ч сандарч байгаагүй. Харин тэд зүрх сэтгэлээ Миний төлөөх ажилдаа зориулдаг.” Энэ нь тэнгэрийн байдал юм. Бурханд үйлчилдэг бүх зарц нар Бурханы төлөө өөрсдийн ажлыг хийхийн хамтаар Бурхан гуравдагч тэнгэрт бүх зүйлийг дэс дараалалтайгаар зохицуулдаг. Бурханы хэлснээр, тэд Бурханд дуулгаваргүй зүйл хэзээ ч хийж байгаагүй тул сандардаггүй, харин зүрх сэтгэлээ ажилдаа зориулдаг; тэнд хэзээ ч эмх замбараагүй байдал байдаггүй, тиймээс бүх тэнгэрэлч Бурханы гэрэлд амьдардаг. Харин тэгэхэд дуулгаваргүй байдлынхаа улмаас, Бурханыг мэддэггүйнхээ улмаас газар дээрх хүмүүс бүгд харанхуйд амьдардаг бөгөөд Бурханыг хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ харанхуйд амьдардаг. Бурхан: “Тэнгэрүүд гэрэлтэй байх тусам доорх газар дэлхий төдий чинээ харанхуй байдаг” хэмээн хэлэх үедээ Бурханы өдөр бүх хүн төрөлхтөнд улам ойртож буйг хэлж байгаа юм. Тиймээс гуравдагч тэнгэр дэх Бурханы 6000 жилийн завгүй байдал удалгүй төгсөнө. Газар дээрх бүх зүйл эцсийн бүлэгт орсон ба удалгүй нэг бүрчлэн Бурханы гараас таслагдана. Хүмүүс эцсийн өдрүүдийн цаг үе рүү цаашлан явах тусмаа хүний ертөнцийн завхралыг улам их амсаж чаддаг; эцсийн өдрүүдийн цаг үе рүү цаашлан явах тусмаа өөрсдийн махан биеийг улам их өөгшүүлдэг. Дэлхий ертөнцийн хөөрхийлөлтэй байдлыг өөрчлөхийг хүсдэг хүн бүр ч олон байдаг мөртөө Бурханы үйл хэргээс болоод шүүрс алдан итгэл найдвараа гээдэг. Тиймээс хүмүүс хаврын урин дулааныг мэдрэх үед Бурхан нүдийг нь халхалдаг тул тэд долгилох давлагаан дээр хөвж, нэг нь ч алс холын аврах завинд хүрч чаддаггүй. Хүмүүс төрөлхийн сул дорой учраас аливааг өөрчилж чадах хэн ч байхгүй гэж Бурхан хэлдэг. Хүмүүс итгэл найдвараа алдах үед Бурхан бүхий л орчлон ертөнцөд хандан ярьж эхэлдэг. Тэрээр бүх хүн төрөлхтнийг аварч эхэлдэг бөгөөд үүний дараа л хүмүүс, юмс өөрчлөгдмөгц бий болдог шинэ амьдралыг эдэлж чаддаг. Өнөөдрийн хүмүүс өөрсдийгөө хуурах үе шатанд байгаа. Тэдний өмнөх зам маш зэлүүд, бүдэг, ирээдүй нь “хэмжээлшгүй”, “зах хязгааргүй” байдаг учраас энэ эрин үеийн хүмүүс тэмцэх хүсэлгүй байдаг бөгөөд өдөр хоногийг Ханхао шувууa шиг өнгөрүүлдэг. Амьдралыг, хүний амьдралын тухай мэдлэгийг нухацтай эрэлхийлсэн хэн ч хэзээ ч байгаагүй; харин ч тэд дэлхий ертөнцийн хөөрхийлөлтэй байдлыг өөрчлөхийн тулд тэнгэр дэх Аврагч гэнэтхэн бууж ирэх өдрийг хүлээдэг ба үүний дараа л тэд үнэн сэтгэлээсээ амьдрахаар оролдоно. Энэ нь бүх хүн төрөлхтний жинхэнэ байр байдал, бүх хүний сэтгэхүй билээ.
Өнөөдөр Бурхан, хүний одоогийн сэтгэхүйг харгалзан үзээд ирээдүйн шинэ амьдралыг нь зөгнөдөг. Энэ нь Бурханы ярьдаг сүүмэлзэх гэрэл юм. Бурханы зөгнөдөг зүйл бол эцэст нь Бурханы биелүүлэх зүйл бөгөөд энэ нь Сатаныг ялсан Бурханы ялалтын үр жимс билээ. “Би бүх хүний дээгүүр явж, хаа сайгүй харж байна. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн урьдынх шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийн дээр налан…” Энэ бол Бурханы өнөөгийн ажлын үр дүн юм. Бурханы сонгосон бүх хүн анхдагч байдалдаа буцан очдог бөгөөд үүнээс үүдэн, маш олон жилийн турш зовсон тэнгэрэлчүүд чөлөөлөгддөг, яг л Бурханы хэлсэнчлэн “хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг.” Тэнгэрэлчүүд газар дээр ажиллаж, газар дээр Бурханд үйлчилж, Бурханы алдар дэлхий даяар тархдаг учраас тэнгэрийг газар луу авчирч, газрыг тэнгэр лүү өргөдөг. Тиймээс хүн бол тэнгэр, газрыг холбодог холбоос юм; цаашид тэнгэр, газар тусдаа, салангид байхаа болиод, харин нэг болж холбогддог. Дэлхий ертөнц даяар Бурхан, хүн хоёр л оршин байдаг. Ямар ч тоос шороо, хир буртаг үгүй бөгөөд бүх зүйл шинэчлэгдэн, яг л бяцхан хурга тэнгэрийн доорх ногоон зүлгэн дээр хэвтэж, Бурханы бүх нигүүлслийг эдэлж буйтай адил байдаг. Ногоон өнгө хүрэлцэн ирснээс үүдэн амийн амьсгал гялалздаг, учир нь Бурхан үүрд мөнх хүнтэй хамт амьдрахаар дэлхий ертөнцөд ирдэг, яг л Бурханы хэлсэнчлэн “Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч чадна.” Энэ бол Сатаны ялагдлын бэлгэ тэмдэг, Бурханы амралтын өдөр бөгөөд энэ өдрийг бүх хүн шагшин магтаж, тунхаглаж, тэмдэглэнэ. Бурхан сэнтий дээрээ амрах үе нь бас Бурхан газар дээрх ажлаа дуусгах үе бөгөөд Бурханы бүх нууцыг хүнд харуулах яг тэр мөч юм; Бурхан, хүн хоёр үүрд эв найртай байж, хэзээ ч хагацахгүй—энэ бол хаанчлалын үзэсгэлэнтэй сайхан дүр зураг билээ!
Нууцуудын дотор нууц нуугдаж байдаг; Бурханы үг үнэхээр гүн гүнзгий агаад ойлгохын аргагүй!
Тайлбар:
a. Ханхао шувууны түүх нь шоргоолж, царцаа хоёрын тухай Эзопын ёгт үлгэртэй тун адилхан. Ханхао шувуу өөрийн хөрш, алаг шаазгайн олон удаагийн анхааруулгыг үл харгалзан—цаг агаар дулаахан байх зуур үүрээ барихын оронд унтахыг илүүд үздэг. Өвөл болоход уг шувуу хөлдөж үхдэг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?