Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 20-р бүлэг
Бурхан бүх хүн төрөлхтнийг бүтээсэн ба тэднийг удирдан чиглүүлсээр өнөөдрийг хүргэсэн. Тиймээс хүмүүсийн дунд тохиолдож байгаа бүхнийг Бурхан мэддэг: Тэр хүний ертөнцийн гашуун зовлонг мэддэг, хүний ертөнцийн сайн сайхныг ойлгодог, иймээс өдөр бүр Тэр бүх хүн төрөлхтний амьдралын нөхцөл байдлыг тодорхойлж, цаашлаад бүх хүн төрөлхтний сул тал болон завхралтай харьцдаг. Бүх хүн төрөлхтнийг ёроолгүй нүх рүү хаях нь, эсвэл хүн төрөлхтнийг бүхэлд нь аврах нь Бурханы хүсэл биш юм. Бурханы үйлдэлд үргэлж зарчим байдаг, гэвч Түүний хийдэг бүхний хуулийг хэн ч ухаарах чадваргүй байдаг. Хүмүүс Бурханы сүр жавхлан, уур хилэнг мэддэг болох үед Бурхан өнгө аясаа нэн даруй өршөөл, хайр болгон өөрчилдөг боловч хүмүүс Бурханы өршөөл, хайрыг мэдэж авах үед Тэр Өөрийн үгийг, амьд тахиа мэт идэхэд хэцүү болгож, өнгө аясаа дахин нэгэнтээ өөрчилдөг. Бурханы бүх үгэнд эхлэл нь хэзээ ч давтагдаж байгаагүй, мөн Түүний үгийн аль нь ч, хэзээ ч өчигдрийн айлдваруудын зарчмын дагуу хэлэгдэж байгаагүй; өнгө аяс нь ч адилхан биш, мөн агуулгад нь холбоотой зүйл юу ч байхгүй—энэ бүхэн нь хүмүүсийг улам илүү будилуулдаг. Энэ бол Бурханы мэргэн ухаан, Түүний зан чанарын илчлэл юм. Тэрээр хүмүүсийн үзлийг сарниулж, Сатаныг төөрөгдүүлж, Бурханы үйл хэргийг хордуулах боломжгүй болгохын төлөө Өөрийн ярианы өнгө болон хэв маягийг ашигладаг. Бурханы үйлдлийн гайхалтай байдал нь хүмүүсийн оюун ухаан Бурханы үгэнд алмайрч хоцроход хүргэдэг. Тэд гэрийнхээ үүдийг арай ядан олж чаддаг, хэзээ идэж, амрах ёстойгоо хүртэл мэддэггүй, тиймээс үнэхээр “Бурханы төлөө зарлагадахын тулд нойр, хоолоо умартдаг”. Гэхдээ энэ мөчид ч гэсэн Бурхан өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байдаггүй ба хүнээс үнэн зүрх сэтгэлээ харуулахыг шаардаж, үргэлж түүнд уурлаж байдаг. Эс бөгөөс Бурхан өчүүхэн төдий өршөөл үзүүлмэгц хүмүүс даруйхан “дуулгавартай дагаж”, цалгар назгай болдог. Энэ бол хүний дорд байдал; түүнийг аргадаж болохгүй, харин түүнийг хөдөлгөхийн тулд зодож занчиж, эсвэл чирэх ёстой. “Миний хардаг бүх хүнээс нэг нь ч Намайг хэзээ ч өөрийн ухамсраар, шууд эрж хайгаагүй. Тэд бүгд бусдын шахалтаар, олонхыг дагаж Миний өмнө ирдэг бөгөөд тэд өөрсдийн амьдралыг баялаг болгохын тулд төлөөс төлөх юм уу цаг хугацаа зарцуулах хүсэлгүй байдаг.” Газар дээр байгаа бүхний нөхцөл байдал ийм билээ. Тиймээс элч нар, эсвэл удирдагч нарын ажилгүйгээр бүх хүн хэдийнээ тарж бутрах байсан, иймд эрин үеүдийн туршид элч нар болон эш үзүүлэгчдээр дутагдаж байгаагүй билээ.
Эдгээр айлдварт Бурхан бүх хүн төрөлхтний амьдралын нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд онцгой анхаарал хандуулдаг. “Хүний амьдралд өчүүхэн төдий ч халуун дулаан байдал байдаггүй бөгөөд хүн чанарын ямар ч ул мөр, гэрэл гэгээ байдаггүй—гэсэн ч тэр үргэлж өөрийгөө өөгшүүлж, юунд ч хүрсэн юмгүй яаран тэвдэж, насан туршдаа ямар ч үнэ цэнгүй амьдардаг. Насан эцэслэх өдөр нь нүд ирмэхийн зуур ойртож, хүн гашуун үхлээр нас бардаг” гэх мэтийн үг нь бүгд ийм төрлийнх юм. Яагаад Бурхан хүн төрөлхтний амьдралыг өнөөдрийг хүртэл залж чиглүүлж, бас хүний ертөнц дэх амьдралын хоосон байдлыг илчилдэг юм бэ? Яагаад Тэр бүх хүний насан туршийн амьдралыг “яаран ирж, яаран оддог” хэмээн тодорхойлдог юм бэ? Энэ бүгд нь Бурханы төлөвлөгөө, энэ бүгдийг Бурхан урьдаас шийддэг, тийм болохоор нөгөө талаараа бурханлаг чанар дахь амьдралаас бусдыг нь Бурхан хэрхэн жигшдэгийг энэ нь тусгадаг гэж хэлж болно. Бурхан бүх хүн төрөлхтнийг бүтээсэн хэдий ч Тэр бүх хүн төрөлхтний амьдралыг үнэндээ хэзээ ч таашаагаагүй, иймээс Тэр ердөө л, хүн төрөлхтөнд Сатаны завхрал дор орших боломж олгодог юм. Хүн төрөлхтөн энэ үйл явцыг туулсны дараа Тэр хүн төрөлхтнийг үндсээр нь устгаж, эсвэл аварна, тэгснээр хүн газар дээр хий хоосон бус амьдралд хүрэх болно. Энэ бүгд нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм. Иймээс хэн ч гэм зэмгүй үхлээр баяртайгаар үхдэггүй байхад хүргэсэн хүсэл хүний ухамсарт үргэлж байдаг боловч энэ хүсэлд хүрдэг хүмүүс нь зөвхөн эцсийн өдрүүдийн хүмүүс билээ. Өнөөдөр хүмүүс эргэлт буцалтгүй хоосон байдал дунд амьдарсаар байдаг ба тэд тэрхүү үл үзэгдэх хүслийг хүлээсээр байдаг: “Би Өөрийн гараар нүүрээ далдалж, хүмүүсийг газар доор дарахад тэдний амьсгал даруй давчдаж, бараг л амьдрах боломжгүй болдог. Өөрсдийг нь устгана хэмээн Надаас тэд бүгд айж, бүгдээрээ Намайг дуудан хашхирдаг, учир нь тэд бүгд Миний алдарших өдрийг харахыг хүсдэг билээ.” Өнөөдрийн бүх хүний нөхцөл байдал ийм юм. Тэд бүгд “хүчилтөрөгчгүй” “хоосон орчинд” амьдардаг ба тэдний хувьд амьсгалахад хэцүү байдаг. Бурхан, бүх хүн төрөлхтний амьд гарах чадварыг дэмжихийн тулд хүний ухамсарт байгаа хүслийг ашигладаг; эс бөгөөс бүгдээрээ “лам болохын тулд гэрээ орхих” байсан, үүний үр дүнд хүн төрөлхтөн мөхөж, төгсгөлдөө очих байсан юм. Тиймээс хүнд Бурханы өгсөн амлалтын улмаас хүн өнөөдрийг хүртэл амьд үлдсэн. Энэ бол үнэн, гэхдээ хүн хэзээ ч энэ хуулийг нээж илрүүлээгүй, тиймээс тэр яагаад “үхэл өөр лүү нь хоёр дахь удаагаа ирэх вий гэдгээс ихэд айдгаа” мэддэггүй. Хүн байтлаа үргэлжлүүлэн амьдрах зориг зүрх хэнд ч байдаггүй, гэвч бас хэнд ч, хэзээ ч үхэх зориг зүрх байгаагүй, тиймээс Бурхан, хүмүүс “гашуун үхлээр нас бардаг” гэж хэлдэг. Хүмүүсийн дундах жинхэнэ нөхцөл байдал ийм юм. Магадгүй зарим хүн хэтийн ирээдүйдээ бүтэлгүйтэлтэй тулгарч, үхлийн тухай бодсон байх, гэхдээ эдгээр бодол нь хэзээ ч биеллээ олоогүй; магадгүй зарим нь гэр бүлийн зөрчилдөөнөөс болж үхлийн тухай боддог боловч хайртай хүмүүстээ санаа зовж, өөрсдийн хүсэлд хүрч чадалгүй үлддэг байх; мөн магадгүй зарим нь гэрлэлт нь бүтэлгүйтсэнээс болж үхлийн тухай бодсон боловч үүнийг хэрэгжүүлэхийг хүсээгүй байх. Тиймээс хүмүүс, зүрх сэтгэлдээ гомдолтойгоор, эсвэл үүрдийн харамсалтайгаар насан эцэслэдэг. Энэ бол бүх хүний өөр өөр байдал юм. Өргөн уудам хүний ертөнцийг харвал хүмүүс тасралтгүй урсгалаар ирж, буцдаг ба хэдий тэдэнд амьдрахаас илүү үхэхэд аз жаргалтай байх мэт санагддаг ч тэд хошуу нэмсээр байдаг бөгөөд хэн ч, хэзээ ч нас бараад буцан ирж, амьд хүмүүст үхлийн баяр хөөрийг хэрхэн эдлэхийг ярьж өгөн үлгэр дуурайл үзүүлээгүй. Хүмүүс бол зэвүүцмээр амьтад: Тэдэнд ямар ч ичгүүр, өөрсдийгөө хүндлэх хүндлэл байдаггүй бөгөөд үргэлж хэлсэн үгээсээ буцдаг. Өөрийнхөө төлөвлөгөөнд Бурхан, Өөрийнх нь амлалтыг эдлэх бүлэг хүмүүсийг урьдчилан тогтоосон ба тиймээс Бурхан, “Олон сүнс махан биед амьдарч, олон сүнс үхээд газар дээр дахин мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч, хэзээ ч хаанчлалын ерөөлийг өнөөдөр эдлэх боломж олдоогүй” гэж хэлдэг. Өнөөдөр хаанчлалын ерөөлийг эдэлдэг бүхэн нь Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээс хойш Түүгээр урьдчилан тогтоогдсон юм. Энэ сүнснүүдийг эцсийн өдрүүдэд махан биед амьдруулахаар Бурхан зохицуулсан ба эцэстээ Бурхан энэ бүлэг хүмүүсийг авч, тэднийг Синимд байлгахаар зохицуулах болно. Мөн чанартаа энэ хүмүүсийн сүнс нь тэнгэр элч нар учраас Бурхан “Миний ямар ч ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй гэж үү?” гэдэг. Үнэн хэрэгтээ, махан биед амьдарч байх үедээ хүмүүс сүнсний ертөнцийн хэрэг явдлын талаар тоохгүй хэвээр байдаг. Эдгээр энгийн үгээс Бурханы ааш занг харж болно: “хүн Над руу сэрэмжилсэн харц чулууддаг” хэмээх энэхүү энгийн үгс Бурханы нарийн ээдрээтэй сэтгэл зүйг илэрхийлдэг. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурханы зүрх сэтгэлд, уур хилэн болон шүүлтийг дагалдуулсан уй гашуу үргэлж байсаар ирсэн, учир нь “Хүн яг л уулын зэрлэг хүн шиг” хэмээн Бурханы хэлсэнчлэн газар дээрх хүмүүс Бурханы хүслийг анхаарах чадваргүй. Гэвч Бурхан бас “Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм” гэдэг. Энэ бол Бурханы хүслийн биелэлт бөгөөд үүнийг бас зайлшгүй чиг хандлага гэж тодорхойлж болно, энэ нь Бурханы ажлын биелэлтийг бэлгэддэг.
Хаанчлал бүхэлдээ газар дээр бууж ирэх үед бүх хүн анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авна. Тиймээс Бурхан, “Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино” гэж хэлдэг. Энэ нь, Бурхан бүрэн гүйцэд алдрыг олж авах өдөр нь хүн өөрийн амралтыг эдлэх өдөр юм гэдгийг харуулдаг; хүмүүс цаашид Сатаны үймээнээс болж яаран гүйлдэхгүй ба дэлхий ертөнц урагшлан ахихаа больж, хүмүүс амралтад амьдарна—учир нь огторгуй дахь тоо томшгүй одод шинэчлэгдэж, нар, сар, одод гэх мэт болон тэнгэр, газар дахь бүх уул, гол бүгд өөрчлөгддөг. Мөн хүн өөрчлөгдөж, Бурхан өөрчлөгдсөн учраас бүх зүйл ч бас өөрчлөгдөх болно. Энэ бол Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго бөгөөд эцэстээ биелэгдэх зүйл юм. Энэ бүх үгийг ярих Бурханы зорилго нь үндсэндээ хүнд Өөрийгөө мэдүүлэхийн төлөө билээ. Хүмүүс Бурханы захиргааны зарлигийг ойлгодоггүй. Бурханы хийдэг бүхэн Бурханаар Өөрөөр нь зохион байгуулагдаж, зохицуулагддаг ба Бурхан хэнийг ч хөндлөнгөөс оролцуулах хүсэлгүй байдаг; үүний оронд Тэрээр Бурхан бүхнийг зохицуулсан бөгөөд хүн биелүүлж чадашгүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог. Хэдийгээр хүн үүнийг харж чаддаг, эсвэл энэ нь төсөөлөхөд хэцүү санагддаг ч бүгдийг нь Бурхан ганцаараа хянадаг бөгөөд жаахан ч гэсэн хүний бодол холилдохыг Бурхан хүсдэггүй. Бурхан жаахан ч атугай оролцсон хэнийг ч өршөөхгүй нь дамжиггүй; Бурхан бол хүнд атаархдаг Бурхан бөгөөд энэ тал дээр Бурханы Сүнс нэн эмзэг байдаг юм шиг байна. Тиймээс хөндлөнгөөс оролцох санаатай хэн боловч өөрсдийг нь үнс нурам болгон хувиргах Бурханы бүхнийг залгигч галаар даруй хүрээлэгдэх болно. Бурхан, өөрсдийнхөө авьяас чадварыг хүссэнээрээ харуулахыг хүмүүст зөвшөөрдөггүй, учир нь авьяастай бүхэн амьгүй байдаг; эдгээр авьяас чадвар нь зөвхөн Бурханд үйлчлэх учиртай ба Сатанаас үүсэлтэй, тиймээс Бурхан ялангуяа үүнийг жигшиж, энэ талаар ямар ч буулт хийдэггүй. Гэвч амьгүй хүмүүс л ихэнхдээ Бурханы ажилд оролцож магадгүй байдаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр тэдний оролцоо нь мэдэгдэлгүй үлддэг, учир нь тэдний авьяас чадвар үүнийг далдалдаг. Эрин үеүдийн туршид авьяас чадвартай хүмүүс хэзээ ч бат зогсож байгаагүй, учир нь тэд амьгүй бөгөөд тиймээс эсэргүүцэх хүч дутагдаж байдаг. Тиймээс Бурхан, “Хэрвээ Би илэн далангүй ярихгүй бол хүн хэзээ ч сэхээрэхгүй бөгөөд өөрийн мэдэлгүйгээр Миний гэсгээлтэд унана—учир нь хүн махбод дахь Намайг мэддэггүй билээ” гэдэг. Мах цуснаас бүтсэн бүхэн Бурханаар замчлуулдаг, гэхдээ бас Сатаны хүлээсэнд амьдарч байдаг, иймээс шунал тачаал, дур хүсэл, эсвэл хүрээлэн буй орчны зохицуулалтаас болж хүмүүс хэзээ ч нэг нэгэнтэйгээ хэвийн харилцаатай байгаагүй юм. Тийм хэвийн бус харилцаа нь Бурханы хамгийн их жигшдэг зүйл бөгөөд тийм харилцаанаас болж “Би амийн эрч хүчээр дүүрэн амьд амьтдыг хүсэж байгаа болохоос биш, үхэл нэвчсэн цогцоснуудыг хүсээгүй. Нэгэнт Би хаанчлалын ширээний ард заларсан учраас Миний хяналт шалгалтыг хүлээж авахыг газар дээрх бүх хүнд тушаана” гэх мэтийн үг Бурханы амнаас гардаг. Бурхан бүхий л орчлон ертөнцийн дээр оршин байхдаа мах, цуснаас бүрдсэн хүмүүсийн үйлдэл нэг бүрийг өдөр бүр ажигладаг ба тэдгээрийн нэгийг нь ч, хэзээ ч орхигдуулаагүй. Эдгээр нь Бурханы үйл хэрэг билээ. Иймээс бүх хүн өөрсдийн бодол, санаа болон үйлдлийг шалган шинжлэхийг Би шавдуулдаг. Би чамаас Бурханы ичгүүрийн тэмдэг байхыг бус, харин Бурханы алдрын илрэл байж, өөрийн үйлдэл, үг болоод амьдралд Сатаны тохуурхлын бай болохгүй байхыг хүсдэг. Энэ бол бүх хүнд тавих Бурханы шаардлага билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?