Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 22-р бүлэг ба 23-р бүлэг
Өнөөдөр, бүгд Бурханы хүслийг ухаарч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг ч, өөрсдийн хийхэд бэлэн зүйлээ яагаад хэрэгжүүлэх чадваргүй байдгаа, зүрх сэтгэл нь яагаад үргэлж өөрсдөөс нь урваж, хүссэн зүйлдээ яагаад хүрч чаддаггүй вэ гэдгээ хэн ч мэддэггүй. Үүний улмаас тэд дахин нэгэнтээ хүнд цөхрөлд автдаг хэр нь бас айдастай байдаг. Эдгээр зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлийг тэд илэрхийлж чадалгүй, гансран шаналахдаа толгой гудайлган, өөрсдөөсөө ийнхүү зогсолтгүй асууж л чадна: “Бурхан намайг гэгээрүүлээгүй юм гэж үү? Бурхан намайг сэмхэн хаясан юм гэж үү? Магадгүй бусад бүх хүн зүгээр байх, Бурхан надаас бусад бүх хүнийг гэгээрүүлсэн байх. Бурханы үгийг уншихаараа би яагаад дандаа үймэрдэг юм бэ, яагаад хэзээ ч, юуг ч ухаарч чаддаггүй юм бэ?” Хүмүүсийн толгойд ийм бодол эргэлддэг боловч, хэн нь ч үүнийгээ илэрхийлж зүрхэлдэггүй; зүгээр л дотроо чармайн тэмцсээр байдаг. Үнэндээ, Бурханаас өөр хэн ч Өөрийнх нь үгийг ойлгож, Өөрийнх нь жинхэнэ хүслийг ухаарч чадахгүй. Гэсэн ч, Бурхан Өөрийнх нь хүслийг ухаарахыг хүмүүсээс үргэлж шаарддаг—энэ нь нугасыг хөндөл дээр гаргахаар хүчлэн оролдохтой адил бус уу? Бурхан хүний дутагдлыг мэдэхгүй гэж үү? Энэ бол Бурханы ажлын зангилаа бөгөөд хүмүүс үүнийг ойлгодоггүй тул Бурхан “Хүн гэрэл дунд амьдардаг боловч гэрлийн эрхэм нандиныг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанар, гэрлийн эх сурвалж, түүнчлэн гэрэл хэнд харьяалагддагийг мэддэггүй” гэж хэлдэг. Бурханы үгийн хүнд хэлж, хүнээс хүсдэг зүйлийн дагуу бол, хэн ч амьд үлдэхгүй, учир нь хүний махан биед Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөг юу ч байдаггүй. Иймээс Бурханы үгийг дуулгавартай дагаж, нандигнаж, Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, хүний байдлыг заасан Бурханы үгийг өөрсдийнхөө нөхцөл байдалд хэрэглэж, ингэснээр өөрсдийгөө мэдэж авч чаддаг байх нь хамгийн өндөр стандарт юм. Хаанчлал эцэстээ биеллээ олох үед, махан биед амьдардаг хүн, Бурханы хүслийг ухаарах чадваргүй хэвээр, Бурханы өөрийнх нь удирдамж шаардлагатай хэвээр байх болно—гэсэн ч хүмүүс зүгээр л Сатаны хөндлөнгийн оролцоогүй байж, хүний хэвийн амьдралтай байх болно; энэ бол Сатаныг ялах Бурханы зорилго, үүнийгээ Тэр гол нь Бурханы бүтээсэн хүний анхдагч мөн чанарыг сэргээхийн тулд хийдэг. Бурханы бодлоор, “махан бие” гэдэг нь дараах зүйлийг хэлдэг: Бурханы мөн чанарыг мэдэх чадваргүй байдал; сүнсний ертөнцийн хэрэг явдлыг харах чадваргүй байдал; түүнээс гадна, Сатанаар завхруулагддаг боловч Бурханы Сүнсээр удирдуулж чаддаг байх. Энэ бол Бурханы бүтээсэн махан биеийн мөн чанар билээ. Мэдээжийн хэрэг, энэ нь бас хүн төрөлхтний амьдралд дэг журам байхгүйн улмаас үүдэх эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн төлөө байдаг. Бурхан хэдий чинээ их ярьж, хэдий чинээ хурц тод ярих тусам хүмүүс төдий чинээ их ойлгодог. Хүмүүс өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж, өөрийн мэдэлгүй гэрэлд амьдардаг, тиймээс “Гэрлээс болж бүх хүн өсөж байгаагийн дээр харанхуйг орхисон.” Хаанчлалын үзэсгэлэнтэй сайхан дүр зураг бөгөөд үргэлж яригдаж ирсэн “гэрэлд амьдарч, үхлээс хагацах” гэдэг нь энэ юм. Газар дэлхий дээр Синим биеллээ олох үед, хаанчлал биеллээ олох үед газар дээр дайн гарахаа болино; өлсгөлөн, тахал, газар хөдлөлт дахин хэзээ ч гарахгүй; хүмүүс зэр зэвсэг үйлдвэрлэхээ болино; бүгд амар тайван, тогтвортой байдалд амьдарна; хүмүүс хоорондоо хэвийн харилцаатай болж, улс орнууд хоорондоо хэвийн харилцаатай болно. Гэсэн ч, одоо үеийг үүнтэй харьцуулшгүй. Тэнгэрийн доор бүгд эмх замбараагүй байх бөгөөд улс орон бүрд аажмаар төрийн эргэлт гарч эхэлж байна. Бурханы айлдварын үр дүнд хүмүүс аажмаар өөрчлөгдөж, улс орон бүр дотооддоо алгуурхнаар хуваагдаж байна. Вавилоны бат бэх суурь элсэн дээрх шилтгээн мэт ганхаж эхлэх бөгөөд Бурханы хүсэл өөрчлөгдөхөд дэлхий дээр анзаарагдалгүйгээр асар их өөрчлөлт гарч, бүх төрлийн тэмдэг хэзээд харагдаж, дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр ирснийг хүмүүст харуулдаг! Энэ бол Бурханы төлөвлөгөө; эдгээр нь Түүний ажилладаг алхмууд бөгөөд улс орон бүр гарцаагүй хэдэн хэсэг болон хуваагдана. Хуучны Содом хоёр дахь удаагаа газрын хөрснөөс арчигдана, тиймээс Бурхан “Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна!” гэж хэлдэг. Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч үүнийг бүрэн ойлгох чадваргүй; эцсийн эцэст хүмүүсийн мэддэг зүйл хязгаартай юм. Жишээлбэл, дотоод хэргийн сайд нар өнөөгийн нөхцөл байдал тогтворгүй агаад эмх замбараагүй байгаа гэдгийг мэдэж байж магадгүй ч, тэд тэдгээрийг шийдвэрлэх чадваргүй юм. Тэд толгойгоо өндөрт өргөж чадах, нар дахин нэгэнтээ зүүнээс мандаж, газар нутгийг гийгүүлэн, энэхүү золгүй нөхцөл байдлыг буцаан өөрчлөх өдөр ирнэ гэж зүрх сэтгэлдээ найдан, урсгал даган хөвж л чадна. Гэхдээ, нар хоёр дахь удаагаа мандахад энэ нь хуучин дэг журмыг сэргээхийн тулд биш, харин дахин сэргэлт, бүрэн дүүрэн өөрчлөлт болно гэдгийг тэд огт мэддэггүй. Бүхий л орчлон ертөнцөд зориулсан Бурханы төлөвлөгөө ийм билээ. Тэр шинэ дэлхийг авчирна, гэхдээ юун түрүүнд, Тэр эхлээд хүнийг шинэчлэх болно. Өнөөдөр, хамгийн амин чухал зүйл нь хүмүүст зүгээр нэг байр суурины ерөөлийг эдлүүлэх биш, харин тэднийг Бурханы үгэнд оруулах юм. Түүнчлэн, Бурханы хэлдэгчлэн, “Хаанчлалд Би бол Хаан—гэхдээ Надад Хаан шиг хандахын оронд хүн Надтай ‘тэнгэрээс бууж ирсэн Аврагч’ шиг харьцдаг. Үүний улмаас өөрт нь өглөг өгөхийг тэр Надаас хүсэн хүлээж, Намайг мэдэхээр эрж хайдаггүй.” Бүх хүний жинхэнэ нөхцөл байдал ийм билээ. Өнөөдөр, хүний ханаж цаддаггүй шуналыг бүрмөсөн арилгаж, тэгснээрээ юу ч гуйлгүйгээр Бурханыг мэдэх боломжийг хүмүүст олгох нь нэн чухал юм. Тиймээс Бурхан “Маш олон хүн Миний өмнө гуйлгачин шиг гуйж гувшсан; маш олон хүн Надад ‘хүүдийгээ’ нээж, амь зуух хоол өгөхийг гуйсан” хэмээн хэлж байгаад гайхах хэрэггүй. Иймэрхүү байдал нь хүмүүсийн шуналыг илтгэж, хүмүүс Бурханыг хайрладаггүй, харин Түүнд шаардлага тавьж, эсвэл хүсэн тэмүүлдэг зүйлсээ олж авахыг хичээдэг гэдгийг нь харуулдаг. Хүмүүс өлсгөлөн чонын уг чанартай, тэд бүгд овжин агаад шунахай болохоор Бурхан, тэдэнд дахин нэгэнтээ шаардлага тавьж, ховдог шунахай сэтгэлээ орхиж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлахыг хүчилдэг. Бодит байдал дээр өнөөг хүртэл хүмүүс бүх зүрх сэтгэлээ Бурханд хараахан өгөөгүй; хоёр туулай хөөж, Бурханыг бүрэн дүүрэн түшихгүйгээр, заримдаа өөрсдөдөө, заримдаа Түүнд найдаж байдаг. Бурханы ажил тодорхой хэмжээнд хүрэх үед бүх хүн жинхэнэ хайр, итгэл дунд амьдарч, Бурханы хүсэл биелэх болно; тиймээс Бурханы шаардлага өндөр биш билээ.
Тэнгэрэлчүүд тэнгэр, газрын хооронд яаравчлан, сүнсний ертөнцөд өдөр бүр эргэн очсоныхоо дараа хүний ертөнцөд буун ирж, Бурханы хөвгүүд, ардуудын дунд байнга явж байдаг. Энэ бол тэдний үүрэг учраас Бурханы хөвгүүд болон ардуудыг өдөр болгон хариулж, тэдний амь аажмаар өөрчлөгддөг. Бурхан Өөрийн хэлбэрийг өөрчлөх өдөр газар дээрх тэнгэрэлчүүдийн ажил албан ёсоор төгсөж, тэд тэнгэрийн ертөнцдөө эргэн очих болно. Өнөөдөр, Бурханы хөвгүүд, ардууд бүгд адилхан нөхцөл байдалд байгаа. Хором мөч өнгөрөхийн хэрээр бүх хүн өөрчлөгдөж, Бурханы хөвгүүд болон ардууд аажмаар төлөвшиж байгаа. Үүнтэй харьцуулахад, бүх тэрслэгч ч бас агуу улаан лууны өмнө өөрчлөгдөж байгаа: Хүмүүс агуу улаан луунд үнэнч байхаа больж, чөтгөрүүд зохицуулалтыг нь дагахаа больсон. Харин, “бүх зүйл зохистой гэж үзсэнээ хийж, дор бүрнээ өөрсдийнхөө замаар явдаг.” Тиймээс Бурханыг “Газар дээрх улс орнууд мөхөхгүй байж яахан чадах билээ? Газар дээрх улс орнууд нуран унахгүй байж яахан чадах билээ?” хэмээн хэлэх үед дээд тэнгэрүүд нэн даруй доош бууж ирдэг… Энэ нь муу ёрын мэдрэмж хүн төрөлхтний төгсгөлийг ёрлож буй мэт байдаг. Энд зөгнөгдсөн янз бүрийн муу ёрын тэмдэг нь агуу улаан лууны оронд болж буй яг тэр зүйл бөгөөд газар дээрх хэн ч зугтааж чадахгүй. Бурханы үгэн дэх зөгнөл нь ийм билээ. Өнөөдөр бүх хүнд цаг хугацаа богино байна гэсэн совин төрж, гай гамшиг өөрсөд дээр нь ирэх гэж байгааг мэдэрдэг юм шиг санагддаг ч гэсэн тэд зугтах аргагүй учраас бүгд итгэл найдваргүй байдаг. Бурхан “Би Өөрийн хаанчлалын ‘дотоод өрөөг’ өдрөөс өдөрт чимэглэж байхад хэн ч, хэзээ ч Миний ажлыг тасалдуулахаар ‘ажлын өрөө’ рүү минь гэнэт дайран орж байгаагүй” гэж хэлдэг. Үнэндээ, Бурханы үгийн утга учир нь, хүмүүс Бурханыг үгээс нь мэдэж болно гэдгийг зүгээр нэг хэлэхэд оршдоггүй. Бүхнээс илүү, Өөрийн ажлын дараагийн хэсэгт үйлчлэх бүх төрлийн өрнөлийг Бурхан орчлон ертөнц даяар өдөр бүр зохицуулдаг гэдгийг тэдгээр нь илтгэдэг. Тэр “хэн ч, хэзээ ч Миний ажлыг тасалдуулахаар ‘ажлын өрөө’ рүү минь гэнэт дайран орж байгаагүй” хэмээн хэлсний учир шалтгаан нь Бурхан, бурханлаг чанараар ажилладагт байгаа бөгөөд хүмүүс хэдий хүссэн ч гэсэн Түүний ажилд оролцож чадахгүй. Би ингэж асуумаар байна: Чи бүх орчлон ертөнц дээрх өрнөл болгоныг үнэхээр зохицуулж чадах уу? Чи газар дээрх хүмүүсийг өвөг дээдсээ үл тоомсорлодог болгож чадах уу? Чи орчлон ертөнц даяарх хүмүүсийн аяыг нь олж Бурханы хүсэлд үйлчлүүлж чадах уу? Чи Сатаныг үймээн самуун дэгдээхэд хүргэж чадах уу? Чи дэлхий ертөнц эзгүй, хоосон гэж хүмүүст санагдуулж чадах уу? Хүмүүс тийм зүйл хийж чадахгүй. Өмнө нь, Сатан “ур чадвараа” хараахан бүрэн гаргаагүй байхдаа Бурханы ажлын үе шат бүрд үргэлж хөндлөнгөөс оролцдог байв; энэ үе шатанд Сатан заль мэхгүй болсон учраас Бурхан, бүх хүн үүнийг мэдээсэй гэсэндээ Сатанд үнэн дүр төрхөө харуулах боломжийг олгодог. Энэ бол “Хэн ч, хэзээ ч Миний ажлыг тасалдуулаагүй” гэдэг үгийн үнэн юм.
Чуулганы хүмүүс өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр “хагалгааны ширээн” дээр задлан шинжлэх ажлыг туулдаг. Жишээлбэл, “албан тушаалаа алдах”, “ажлаас халагдах”, “айдас нь дарагдаж тайвшрах”, “орхин явах”, “‘Сэтгэл хөдлөл’-гүй байх” гэх мэт доогтой үг нь хүмүүсийг “тарчлааж”, ичсэндээ тэнэг болгодог. Тэдний биеийн ямар ч хэсэг—толгойноосоо хөл хүртэл, дотроосоо гадагшаа—Бурханы сайшаалд нийцдэггүй мэт байдаг. Бурхан яагаад үгээрээ хүмүүсийн амьдралыг маш ил болгодог вэ? Бурхан юмыг санаатайгаар хүмүүст хэцүү болгож байгаа юу? Бүх хүний нүүрэн дээр угаагаад арилахааргүй шавар нялсан мэт байдаг. Тэд луйварчин шиг, толгой бөхийж, өдөр бүр нүглээ тайлагнадаг. Хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ байдлыг бүрэн мэдэхээргүй болтлоо Сатанаар завхруулагдсан. Гэвч Бурханы хувьд, Сатаны хор тэдний биеийн бүх хэсэгт, чөмгөнд нь хүртэл байдаг; үүний улмаас Бурханы илчлэл гүн гүнзгий байх тусмаа, хүмүүс улам айдастай болдог учраас бүх хүнд Сатаныг мэдүүлж, хүний дотор байгаа Сатаныг харуулдаг, учир нь тэд Сатаныг энгийн нүдээр харах чадваргүй байж ирсэн билээ. Ингээд бүгд бодит байдалд орсон тул, Бурхан хүний уг чанарыг ил болгодог—өөрөөр хэлбэл, Тэр Сатаны дүр төрхийг ил болгодог—тэгснээрээ бодит, биет Сатаныг харах боломжийг хүнд олгож, бодитой Бурханыг мэдэхэд тэдэнд хавьгүй дээр болдог. Бурхан махбод дахь Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгож, Сатанд хэлбэр дүрс өгснөөрөө бүх хүний махан бие дэх бодит, биет Сатаныг мэдэх боломжийг хүнд олгодог. Яригдсан янз бүрийн байдал нь Сатаны үйлсийн илэрхийлэл юм. Иймээс махан биетэй бүх хүн, Сатаны дүр төрхийн биелэл гэж хэлж болно. Бурхан дайснуудтайгаа таардаггүй, тэд бие биедээ дайсагнадаг, хоёр өөр хүч учраас чөтгөр бол үүрд чөтгөр, Бурхан бол үүрд Бурхан байдаг; тэд гал ус шиг зохицолгүй, тэнгэр газар шиг үүрд салангид байдаг. Бурхан хүнийг бүтээх үед нэг төрлийн хүмүүст нь тэнгэрэлчүүдийн сүнснүүд байхад нөгөө төрөл нь сүнсгүй байсан, тиймээс сүүлийн төрөл нь чөтгөрүүдийн сүнсэнд эзэмдүүлсэн учраас чөтгөрүүд гэж нэрлэгджээ. Эцсийн эцэст тэнгэрэлч бол тэнгэрэлч, чөтгөр бол чөтгөр—Бурхан бол Бурхан юм. Энэ нь бүгд төрлийнхөө дагуу ангилагдах гэсэн үг, иймээс тэнгэрэлчүүд газар дээр хаанчилж, ерөөл эдлэх үед Бурхан Өөрийн амьдардаг газар луугаа эргэн очиж, бусад нь—Бурханы дайснууд—үнс нурам болдог. Үнэндээ, бүх хүн гаднаа Бурханыг хайрладаг мэт байдаг боловч, үндэс нь тэдний мөн чанарт оршдог—тэнгэрэлчийн уг чанартай хүмүүс яаж Бурханы гараас зугтаж, ёроолгүй нүхэнд унах юм бэ? Мөн чөтгөрийн уг чанартай хүмүүс яаж Бурханыг үнэхээр хайрлаж чадах юм бэ? Энэ хүмүүсийн мөн чанар нь Бурханыг гэх жинхэнэ хайрынх биш учраас тэд хэзээ нэгэн цагт хаанчлалд орох боломжтой болж яаж чадах юм бэ? “Салхи бороон дунд Би урагшилж, жил бүрийг хүмүүсийн дунд өнгөрөөж, өнөө үед ирлээ. Эдгээр нь чухамдаа Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд биш гэж үү? Миний төлөвлөгөөнд хэн ер нь нэмэрлэсэн билээ? Миний төлөвлөгөөний алхмуудаас хэн зугтаж чадах билээ?” хэмээн Бурханы хэлсэнчлэн, Бурхан дэлхийг бүтээхдээ бүгдийг зохицуулсан. Махбод болсон болохоор Бурхан, хүний амьдралыг туулах ёстой, энэ нь бодитой Бурханы бодит тал бус уу? Бурхан хүний сул талаас болж, хүнээс юуг ч нуудаггүй; харин ч яг л Бурханы “Би жил бүрийг хүмүүсийн дунд өнгөрөөж” хэмээн хэлсэнчлэн Тэр үнэнийг хүнд илчилж байдаг. Чухамхүү Бурхан бол махбод болсон Бурхан учраас л Тэр жил бүрийг газар дээр өнгөрүүлсэн; ийм болохоор, бүхий л төрлийн үйл явцыг туулсны дараа л Түүнийг, махбод болсон Бурхан гэж тооцож болно, зөвхөн үүний дараа л Тэр махбод дотор бурханлаг чанараар ажиллаж чаддаг. Тэгээд бүх нууцыг илчилснийхээ дараа л Тэр Өөрийн хэлбэрийг өөрчлөх эрх чөлөөтэй болно. Энэ нь ер бусын биш байх гэдгийн тайлбарын нөгөө тал нь бөгөөд үүнийг Бурхан шууд илтгэдэг.
Хааш яаш байхгүйгээр Бурханы үг н эг бүрийн шалгалтыг давах шаардлагатай—энэ бол Бурханы даалгавар билээ!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?