Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 8-р бүлэг
Бурханыг Сүнсний өнцгөөс ярих үед Түүний ярианы өнгө бүх хүн төрөлхтөн рүү чиглэдэг. Бурханыг хүний өнцгөөс ярих үед Түүний ярианы өнгө Түүний Сүнсний удирдамжийг дагадаг бүх хүн рүү чиглэдэг. Бурхан гуравдагч хүний өнцгөөс (хүмүүсийн хэлдгээр бол ажиглагчийн үзэл бодлын үүднээс) ярих үедээ Өөрийн үгийг хүмүүст шууд харуулдаг, ингэснээр тэд Түүнийг тайлбарлагч гэж үзэх бөгөөд хүмүүсийн мэддэггүй, ухан ойлгож чаддаггүй энгүй их зүйл Түүний амнаас гардаг мэт санагддаг. Тийм биш гэж үү? Бурхан Өөрийн үгийг Сүнсний өнцгөөс ярих үед бүх хүн гайхширдаг. “Намайг гэсэн хүмүүсийн хайр өчүүхэн бөгөөд Надад итгэх итгэл нь ч бас өрөвдмөөр жаахан. Хэрвээ Би Өөрийн үгийн гол цохилтыг хүмүүсийн сул тал руу чиглүүлээгүй бол тэд бардамнаж, дэгсдүүлэн, газар дэлхийн хэрэг явдлын талаар анддаггүй, бүгдийг мэддэг мэтээр номчирхож, хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох байлаа.” Эдгээр үг хүний байгаа байдлыг болон хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг илчлээд зогсохгүй, бас хүн төрөлхтний бүхий л амьдралыг ил болгодог. Хүн бүр өөрсдийгөө ер бусын хэмээн боддог мөртөө “Бурхан” гэдэг үг байдаг гэдгийг ч мэддэггүй. Тиймээс тэд хэрээс хэтэрсэн онолуудыг зохиодог. Гэхдээ, ингэж “хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох” нь хүмүүс ойлгохуйц байдлаар “ярих” явдал биш. Харин хүмүүсийг Сатан завхруулсан гэсэн үг юм. Тэдний хийдэг бүхэн, үйлдэл болгон Бурханы эсрэг байж, Түүнийг шууд эсэргүүцдэг ба тэдний үйлдлийн мөн чанар Сатанаас ирдэг, Бурханы эсрэг байдаг, бие даах зорилготой бөгөөд Бурханы хүслийг сөрдөг. Ийм учраас Бурхан, хүмүүс бүгдээрээ хэрээс хэтэрсэн онолуудыг зохиодог гэж хэлдэг. Өөрийнх нь үгийн гол цохилт хүний сул тал руу чиглэдэг гэж Бурхан яагаад хэлдэг вэ? Учир нь Бурханы санаа зорилгын дагуу, хэрвээ Тэр хүний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан зүйлсийг илчлээгүй бол ямар ч хүн захирагдахгүй байх байсан; тиймээс хүмүүс өөрсдийгөө ойлгохгүй, Бурханыг хүндлэн үзэхгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүсийн санаа зорилгыг ил болгохгүй бол тэд юу ч хийж зүрхэлнэ—магадгүй бүр Тэнгэр лүү, эсвэл Бурхан руу ч хараалаа чиглүүлнэ. Эдгээр нь хүний сул тал. Тиймээс Бурхан: “Миний санаа зорилготой нийцдэг, Надаар ашиглуулахад тохирдог хүмүүсийг зогсолтгүй хайхдаа Би орчлон ертөнцийн бүх булан тохойгоор аялдаг” гэж хэлсэн юм. Энэхүү мэдэгдэл нь хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор цангинах тухай сүүлд хэлсэн зүйлийн хамтаар Бурханы Сүнс газар дээр шинэ ажил эрхэлдэг гэдгийг харуулдаг; зүгээр л хүмүүс үүнийг нүдээрээ харж чадахгүй байгаа юм. Сүнс газар дээр шинэ ажил хийж байгаа гэж хэлсэн тул бүхий л орчлон ертөнцөд ч бас томоохон өөрчлөлт гардаг: Бурханы хөвгүүд, ардууд бие махбодтой болсон Бурханы гэрчлэлийг хүлээн авч эхэлдгээр үл барам, шашин, урсгал болгон, нийгмийн давхарга, газар нутаг болгон янз бүрийн түвшинд үүнийг бас хүлээн авдаг. Энэ нь сүнсний ертөнц дэх орчлон ертөнцийн асар их хөгжил хөдөлгөөн юм. Энэ нь бүхий л шашны ертөнцийг үндсээр нь ганхуулдаг бөгөөд өмнө нь дурдаж байсан “газар хөдлөлтийн” утга учрын нэгээхэн хэсэг билээ. Дараа нь тэнгэрэлчүүд албан ёсоор ажлаа эхлүүлж, Израилийн ард түмэн дахин хэзээ ч тэнүүчлэхгүйгээр төрөлх нутагтаа буцан очсон ба энд багтсан бүх хүн хариулгыг хүлээн авдаг. Үүнтэй харьцуулахад, египетчүүд Миний авралын цар хүрээнээс салж эхэлдэг; өөрөөр хэлбэл, тэд Миний гэсгээлтийг хүлээн авч эхэлдэг (гэхдээ энэ нь хараахан албан ёсоор эхлээгүй байгаа). Иймээс дэлхий ертөнцөд ийм хэдэн томоохон өөрчлөлт нэгэн зэрэг гарч байгаа энэ үе нь бас хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор тасхийдэг үе, хүмүүсийн “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” хэмээн нэрлэдэг үе юм. Бурхан сэргээлтийн ажил хийх болгонд, эдгээр үе шатанд (эсвэл эдгээр шилжилтийн үед) хэн ч Ариун Сүнсний ажлыг мэдэрч чаддаггүй. Тиймээс “хүмүүс итгэл найдвараа алдах үед” хэмээх Бурханы үг үнэн байдаг. Түүнчлэн эдгээр шилжилтийн үе шат болгонд хүмүүс итгэл найдвараа алдах үед, эсвэл энэ урсгал буруу гэж тэдэнд санагдах үед Бурхан шинээр эхэлж, Өөрийн ажлын дараагийн алхмыг хийдэг. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн ажлыг сэргээж, ийм маягаар Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилсөн. Хэдийгээр ихэнх хүмүүс янз бүрийн түвшинд энэ ажлын зарим нэг талыг ухаарч чаддаг ч биеийн хэмжээ нь хэтэрхий жаахан учраас эцэстээ тэд ямартай ч усны ширүүн урсгалаар угаагдан арилдаг; тэд Бурханы ажлын алхмуудыг ухаарч чаддаггүй тул таягдан хаягддаг. Гэхдээ Бурхан бас хүмүүсийг ингэж ариусгадаг бөгөөд энэ нь хүмүүсийн хуучин үзэлд хандах Бурханы шүүлт билээ. Хүмүүст хэдий чинээ их суурь байна, Бурханы талаарх шашны үзэл нь төдий чинээ их байдаг ба тэдний хувьд үүнийг хойш тавихад хэцүү байдаг; тэд хуучин зүйлстэй үргэлж зууралддаг бөгөөд тэдний хувьд шинэ гэрлийг хүлээн авахад хэцүү байдаг. Нөгөө талаар хэрвээ хүн зогсож байгаа л бол зогсох зарим нэг суурь түүнд байх ёстой, гэхдээ ихэнх хүмүүс өөрсдийн үзлийг хойш тавихдаа асуудалтай байдаг. Ялангуяа өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы талаарх тэдний үзэл ийм байдаг бөгөөд харваас илэрхий юм.
Өнөөдрийн үгэнд Бурхан үзэгдлийн талаар ихээхэн ярьсан ба дэлгэрүүлж ярих шаардлагагүй. Бурхан үндсэндээ, чуулганыг байгуулах явдал хэрхэн хаанчлалыг байгуулах суурь болдог тухай ярьсан. Илүү тодорхой хэлэх юм бол, чуулганыг байгуулж байх үеийн гол зорилго нь, хүмүүс бие махбодтой болсон Бурханыг нүдээрээ хараагүй байсан ч зүрх сэтгэлээр нь, үгээр нь тэднийг үнэмшүүлэхийн төлөө байсан юм. Хэдий тэд зүрх сэтгэлдээ итгэл өвөрлөж байсан ч бие махбодтой болсон Бурханыг мэдээгүй, учир нь тухайн үе шатанд Тэрээр хүнээс ялгагдах юмгүй байлаа. Хаанчлалын эрин үед бүх хүн зүрх сэтгэл, үг яриа, нүдээрээ итгэл үнэмшлээ харуулах ёстой. Бүх хүн зүрх сэтгэл, үг яриа, нүдээрээ итгэл үнэмшлээ харуулахын тулд албан шахалтаар биш, ердийн нэг итгэл бишрэлээр ч биш, харин өөрсдийнх нь зүрх сэтгэл, амнаас гардаг мэдлэгтэйгээр, махбодод амьдарч байгаа Бурханыг нүдээрээ харж мэдэх ёстой гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс бүтээн байгуулалтын энэ үе шатанд ямар ч тулаан, ямар ч аллага байдаггүй. Харин Бурханы үгээр хүмүүсийг гэгээрүүлдэг бөгөөд үүгээр дамжуулан тэд эрэлхийлж, судлан шинжилж, улмаар бие махбодтой болсон Бурханыг дотоод ухамсраараа мэдэж авч чадна. Иймээс Бурханы хувьд ажлын энэ үе шат хавьгүй илүү амархан, бүхнийг жамаар нь явуулдаг ба хүмүүсийн эсрэг явдаггүй. Эцэстээ энэ нь, Бурханыг аяндаа мэдэж авахад хүмүүсийг хүргэнэ, тиймээс бүү санаа зов, бүү түгш. Бурханы хэлсэн “Сүнсний ертөнцийн тулаан Миний бүх ардын дунд шууд ил болдог” гэдэг нь хүмүүс зөв замд орж, Бурханыг мэдэж эхлэх үед хүн бүр дотроо Сатанд уруу татагддагаар зогсохгүй, чуулганд ч гэсэн Сатанд уруу татагдах болно гэсэн үг юм. Гэхдээ энэ нь хүн бүрийн явах ёстой зам болохоор хэн ч айж түгших хэрэггүй. Сатаны уруу таталт хэд хэдэн хэлбэрээр ирж болно. Хэн нэгэн хүн Бурханы хэлдэг зүйлийг үл тоомсорлож, эсвэл орхиж магадгүй, мөн бусад хүмүүсийн эерэг байдлыг мохоохын тулд сөрөг зүйл хэлж ч магадгүй; гэхдээ ийм хүн ихэнхдээ бусад хүмүүсийг өөртөө татахгүй. Үүнийг ялган салгахад хэцүү байдаг. Үүний гол шалтгаан нь энэ: Тийм хүн цуглаанд оролцохдоо идэвх санаачилгатай байж болох боловч үзэгдлүүдийн талаар тодорхой мэддэггүй. Хэрвээ чуулган түүнээс сэрэмжлэхгүй бол чуулган бүхэлдээ түүний сөрөг байдалд автан Бурханд хүйтэн хөндий хандаж, улмаар Бурханы үгэнд анхаарал хандуулахгүй байж болох юм—энэ нь Сатаны уруу таталтад автаж байгаа хэрэг юм. Тийм хүн Бурханы эсрэг шууд тэрслэхгүй байж болох ч Бурханы үгийг ойлгоогүй, Бурханыг мэдэхгүй учраас гомдоллож, эсвэл зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл тээж магадгүй. Тэгээд Бурхан өөрийг нь орхисон болохоор гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах чадваргүй гэж хэлж болох юм. Тэрээр явахыг хүсэх ч бага зэрэг айх ба Бурханы ажил Бурханаас ирдэггүй, харин муу ёрын сүнсний ажил юм гэж хэлнэ.
Яагаад Бурхан Петрийг байн байн дурддаг вэ? Яагаад Тэр, Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй гэж хэлдэг вэ? Ингэж хэлэх нь хүмүүсийг Петрийн үйл хэргийг анхаарахад хүргээд зогсохгүй, мөн зүрх сэтгэлдээ байгаа бүх үлгэр жишээг, хамгийн их итгэлтэй байсан Иовын үлгэр жишээг ч хойш тавихад хүргэдэг. Ийм маягаар л илүү дээр үр дүнд хүрч болох ба хүмүүс Петрийг дуурайхаар чармайн бүхнээ хойш тавьж, тэгснээрээ Бурханыг мэдэхэд нэг алхам ойртож чадна. Бурханыг мэдэхийн тулд Петрийн сонгосон хэрэгжүүлэлтийн замыг Бурхан хүмүүст харуулсан бөгөөд ингэхийн зорилго нь хүмүүст лавлагаа өгөхийн төлөө байдаг. Бурхан дараа нь “Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт” хэмээн хэлэх үедээ хүмүүсийг уруу татах Сатаны арга замуудын нэгийг зөгнөсөн юм. Эдгээр үгэнд Бурхан Сатаны ашиглахаар оролдох зальжин явуулгыг зөгнөсөн; тэдгээр нь сэрэмжлүүлэг болдог. Хүн бүр Бурханы үгэнд хайхрамжгүй ханддаг байх боломжгүй ч зарим хүн энэ уруу таталтад автана. Тиймээс эцэст нь Бурхан: “Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!” хэмээн дахин онцлон хэлсэн билээ. Энэ бол хүмүүст өгөх Бурханы зөвлөгөө, гэхдээ Бурханы зөгнөсөнчлөн эцэст нь хэсэг хүмүүс Сатаны хохирогчид болох нь лавтай.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?