Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 137
Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм
Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох ёстой үнэн юм; яагаад гэвэл эдгээр үнэн нь хүн бүрийн амьдралд, хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд, хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд, Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа түүний баримтлавал зохих хандлагад, тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүчийг зарцуулдаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэх үедээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл үнэхээр оршин байдгийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэхгүй, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий чи Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй байх бөгөөд хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаарх чиний мэдлэг гарцаагүй хоосон байх болно. Энэ нь тун гунигтай зүйл биш гэж үү? Иймээс амьдралдаа хэр хол явсан чинь хамаагүй, одоо хэдэн настай байх чинь хамаагүй, аяны чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, үүнийг нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэсэн бодит баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, нарийн зөв мэдлэг болон ойлголтыг олж авах нь хүн бүхний заавал биелүүлэх даалгавар, хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр, хүн бүрийн өмнө тулгардаг Бурханыг мэдэх өдөр тутмын амьдрал, үндсэн сургамж бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй ээ гэдгийг Би чамд хэлье! Хэрвээ та нарын зарим нь Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний ганцхан Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны ганцхан Эзэн бөгөөд иймээс хүн өөрийн хувь заяаг захирах нь боломжгүй, мөн үүнийг даван гарах боломж ч хүнд байхгүй юм. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс зөвхөн Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын зарим нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр алдар, эд баялгийг олох гэж оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна шүү гэдгийг Би чамд хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, чиний хичээл чармайлт талаар өнгөрснийг олж мэдэх болно. Чиний эрмэлзэл, хувь заяаны эсрэг тэмцэлдэх хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр яг одоо чи уг үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн чи Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, үнэлэнгээ Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний бодит утга санааг аажмаар ухаарч эхлэх болно. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх нь, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Тэгээд аяндаа энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын уршгаар чи үнэхээр үнэ цэнэгүй байх ба чи Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ ойлгодог хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн харьяат болох болно. Зөвхөн ийм хүмүүс л үнэхээр аврагдах болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдчихсэн учраас, тэд үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг үнэлж, түүнийг дагах тэдний байдал бодитой, нарийн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголтгүйгээр, ямар ч хувийн хүсэлгүйгээр бүх зүйл дэх Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, сэтгэлдээ үхлийн айдаст автахгүй байж чадна. Зөвхөн ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн хажууд буцан очиж чадна.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?