Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 182

Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдэнд хил хязгаар тогтоосон; тэдний дунд Тэрээр бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх төрлийн амьтай зүйлийг тэжээж байх зуураа Тэр бас хүмүүст зориулан амьдрах өөр өөр арга замыг бэлдсэн, иймээс л хүмүүст амьд орших цор ганц арга зам байдаггүй, мөн амьд орших цор ганц төрлийн орчин байдаггүй гэдгийг чи харж болно. Бид өмнө нь, Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнс болон усны нөөцийг бэлддэг тухай ярьсан, энэ нь хүн төрөлхтний махан биеийн амь үргэлжлэн орших боломжийг олгодог шийдвэрлэх чухал зүйл юм. Гэхдээ, энэ хүн төрөлхтний дундаас бүх хүн үр тариагаар амь зуудаг юм биш. Хүмүүс газарзүйн орчин болон газарзүйн тогтцын ялгаанаас хамааран өөр өөр амьдрах арга барилтай байдаг. Бурхан энэ бүх амьдрах аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ бүх хүн газар тариалан эрхлээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маяг байдаг вэ? Өөр өөр хоол хүнсний эх үүсвэрийн тухайд гэвэл, өөр ямар хүмүүс байдаг вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий.

Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг. Хүн бүр энэ тухай мэддэг, тийм үү? Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ойн шувууд, араатан амьтдыг иддэг. “Ангийн” мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй; тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын хоол тэжээл гэж боддог. Жишээ нь, тэд буга агналаа. Тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг ба тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, сэтгэл нь хангалуун болдог. Анчин ч бас хийсэн ангаа харахдаа санаа амарч, сэтгэл хангалуун болдог, учир нь тэр дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болдог. Дараагийн хоолондоо идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болдог. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ан хийж амь зуудаг хүмүүсийн ихэнх нь уулын ой модонд амьдардаг. Тэд газар тариалан эрхэлдэггүй. Тэнд тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол ердийн хүмүүсийнхээс өөр амьдралын эхний хэв маяг юм.

Хоёр дахь төрөл нь мал маллах хэв маяг. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийдэг вэ? Хэрвээ энд Монгол угсаатан хүн байгаа бол өөрсдийн нүүдэлчин хэв маягийн талаар бага зэрэг ярьж болно шүү. (Ихэвчлэн бид амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, тариа ногоо тарьдаггүй. Өвлийн улиралд бид малаа нядалж, иддэг. Бидний хоол хүнс үндсэндээ үхэр, хонины махаас бүрддэг, бид сүүтэй цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч сайн хооллодог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар дутдаггүй.) Монголчууд гол төлөв үхэр, хонины мах идэж, хонь болон үнээний сүү уудаг бөгөөд бух, морь унаж, малаа хариулан, нүүрэнд нь нар тусаж, үсээ салхинд намируулан хээр талаар явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын дарамт байхгүй. Бүхэл өдөржингөө өргөн уудам хөх тэнгэр, ногоон талыг л хардаг. Амь зуухын тулд мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүлэг ногоон тал дээр амьдарч, нүүдэлчин хэв маягаа үеэс үед үргэлжлүүлж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн ганцаардмал байж болох ч энэ нь бас маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!

Гурав дахь төрөл нь загасчлах хэв маяг. Далай тэнгисийн ойролцоо юм уу жижиг арал дээр амьдардаг цөөн тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгддэг. Энэ хүмүүс амь зуухын тулд загасчилдаг. Амин зуулгынхаа төлөө загасчилдаг хүмүүсийн хоол хүнсний эх үүсвэр юу вэ? Энэ нь бүх төрлийн загас, далайн хоол, далайн бүтээгдэхүүн, тийм биз? Хонконг загас агнуурын жижигхэн тосгон төдий байх үед тэнд амьдардаг хүмүүс амин зуулгынхаа төлөө загасчилдаг байсан. Тэд газар тариалан эрхлээгүй—өдөр бүр загасчлахаар явдаг байсан. Тэдний гол хоол хүнс нь янз бүрийн загас, далайн бүтээгдэхүүн байлаа. Тэд заримдаа эдгээр зүйлийг будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр сольж арилжаалдаг байв. Энэ бол усны ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг юм. Усны ойр амьдардаг хүмүүс өөрсдийн хоол хүнсний төлөө үүнд түшиглэдэг бөгөөд загасчлах нь тэдний амин зуулга билээ. Энэ бол тэдний амин зуулгын, мөн түүнчлэн хоол хүнсний эх сурвалж юм.

Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүсээс гадна үндсэн гурван төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдлаа. Мал аж ахуй, загасчлах болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Тэд хэдэн үеэрээ тариа буудай ургуулж амь зуудаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан бай, тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.

Хүний энэ өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэдэнд өөр өөр амьдрах орчны баталгаа байх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ ан хийж амьдардаг хүмүүс уулын ой мод, жигүүртэн шувууд, араатан амьтдаа алдах юм бол амин зуулгынх нь эх сурвалж байхгүй болно. Тэгээд энэ угсаатан, ийм төрлийн хүмүүсийн явах зүг чиг тодорхойгүй болж, тэд бүр устан үгүй болж ч магад юм. Амин зуулгынхаа төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс юунд найддаг вэ? Тэдний үнэхээр найддаг зүйл нь мал биш, харин мал сүргийн амьдрах орчин буюу бэлчээрийн тал газар юм. Хэрэв бэлчээр байгаагүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх байсан бэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол тийм хүмүүс хаашаа явах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, ирээдүй нь үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загас оршин тогтнох боломжгүй болно. Амин зуулгынхаа төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрвээ тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн орших боломжгүй болдог бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдаж, юм тарьж ургуулж чадахгүй болж, янз бүрийн ургамлаас хоол хүнсээ авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхнэ биз дээ? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тийм төрлийн хүмүүс устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг өсгөж, газарзүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг өсгөн үржүүлэх ганц зорилготой.

Хэрвээ бүтээлийн бүх зүйл өөрсдийн хуулийг алдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн хууль алдагдвал энэ бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн ч бас оршин амьдардаг амьдрах орчноо алдана. Хэрвээ хүн төрөлхтөн энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд бүтээлийн бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьдарч, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтсон амьдрах орчин байгаа болохоор дэлхий дээрх бүх хүн, бүх үндэстэн тогтсон цар хүрээндээ амьдарч чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг хуваарилсан юм. Яагаад Бурхан тэднийг ийм байдлаар хуваарилсан бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал—үнэхээр чухал!

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX”-ѳѳс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих