Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 147
Зургаан мянга гаруй жил хийгдсэн бүхий л ажил эрин үе өнгөрөхийн хэрээр аажмаар өөрчлөгджээ. Энэхүү ажлын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн ерөнхий нөхцөл байдал болон нийт хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад үндэслэсээр ирсэн юм; тийнхүү удирдлагын ажил гагцхүү аажмаар өөрчлөгдсөн билээ. Үүнийг бүтээлийн эхэн үед төлөвлөөгүй. Дэлхий ертөнц бүтээгдэхээс өмнө, эсвэл бүтээгдсэний дараахан Ехова, ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат, эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалтын үе шат байна, үүнийг эхлээд Моабын үр удмын зарим хүнээс эхлүүлж, үүгээр дамжуулан бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэж төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгийг огт хэлээгүй, Моабын дараа ч ингэж хэлээгүй; үнэндээ Лотоос өмнө ч Тэр ингэж огт айлдаагүй юм. Бурханы бүх ажил аяндаа хийгддэг. Яг ийм маягаар л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Тэрээр “Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт” гэх мэтийн төлөвлөгөө зохиогоогүй. Өөрийнхөө ажлаар Бурхан Өөрийнхөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиох гэж тархиа гашилгадаггүй. Мэдээж, нэлээд олон эш үзүүлэгч асар олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил үргэлж нарийн нягт төлөвлөгдсөөр ирсэн гэж хэлж мөн л болохгүй; тэдгээр зөгнөл нь тухайн үеийн Бурханы ажлын дагуу хэлэгдсэн. Түүний хийдэг бүх ажил нь хамгийн бодитой ажил юм. Тэрээр эрин үе бүрийн хөгжилд нийцүүлэн, аливаа зүйлсийн өөрчлөлтөд үндэслэн ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх гэдэг нь өвчнийг эмчлэх эм бичиж өгөхтэй адил; Тэрээр ажлаа хийх зуураа ажигладаг ба ажиглалтынхаа дагуу ажлаа үргэлжлүүлдэг. Ажлынхаа үе шат болгонд Бурхан Өөрийн асар их мэргэн ухаан, чадварыг илэрхийлэх чадвартай; Тэрээр тодорхой нэг эрин үеийн ажлын дагуу Өөрийн үлэмж арвин мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг ба тухайн эрин үеийн турш Өөрийн буцаан авчирсан бүх хүнд бүхий л зан чанараа харуулдаг. Тэрээр эрин үе болгонд хийгдэх хэрэгтэй ажлын дагуу хүмүүсийн хэрэгцээг хангаж, хийх ёстой ажлаа хийдэг. Мөн Сатаны завхруулсан түвшинд үндэслэн хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгосон ба ингэснээр тэд бүтээлийн дунд Бурханд гэрчлэл хийж чадах байв. Гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдэж, Адам ч мөн адил зүйл хийсэн; тэд цэцэрлэг дэх сайн, мууг мэдүүлэгч модны жимсийг хоёулаа идсэн. Тиймээс, Ехова тэдэн дээр нэмэлт ажил явуулах хэрэгтэй болсон юм. Тэдний нүцгэн байгааг хараад Тэр амьтны арьсаар хийсэн хувцсаар биеийг нь халхалсан. Дараа нь Тэрээр Адамд: “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамайг газар шороонд буцтал … чамаас болж газар хараагдлаа; учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Эмэгтэйд хандан Тэрээр: “Жирэмсний чинь зовлон зүдүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Еден цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дэлхий дээр амьдардагтай адилаар цэцэрлэгийн гадна амьдруулах болсон юм. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээгдсэнийх нь дараа хүнийг могойгоор уруу татуулаад, дараа нь хүн, могой хоёрыг хараана гэж төлөвлөөгүй байв. Түүнд үнэндээ тийм төлөвлөгөө байгаагүй; ердөө аливаа зүйлийн өрнөл л Түүнд бүтээлүүдийнхээ дунд хийх шинэ ажлыг өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш үргэлжлүүлэн хөгжсөн ба “Ехова, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав… Гэвч Ноа Еховагийн мэлмийд тааллыг олжээ.” Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон учраас энэ үед Еховагийн хийх илүү их шинэ ажил гарч ирсэн юм. Энэ нөхцөл байдлаас болоод Ехова бүх хүн төрөлхтний дундаас Ноагийн гэр бүлийг өршөөхөөр сонгож, дараа нь дэлхийг үерээр устгах ажлаа хэрэгжүүлжээ. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам бүр завхарсан ба хүний хөгжил оргилдоо хүрэх цаг ирэхэд энэ нь хүн төрөлхтний төгсгөл байх болно. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл Түүний ажлын дотоод үнэн үргэлж ийм байсаар ирсэн бөгөөд үргэлж ийм байна. Энэ нь хүмүүс төрлийнхөө дагуу ангилагдахтай адилхан байх болно; хүн нэг бүр тодорхой ангилалд харьяалагдахаар бүр анхнаасаа урьдчилан тогтоогддог юм огт биш; харин ч хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л хүн болгон аажмаар ангилагддаг. Эцэст нь, бүрэн аврал хүртэж чадахгүй хэн боловч “өвөг дээдсүүд” рүүгээ буцан очно. Хүн төрөлхтний дундах Бурханы ажлын аль нь ч дэлхий бүтээгдэх үед хэдийнээ бэлтгэгдсэн байгаагүй; харин энэ бол хүн төрөлхтний дундах ажлаа алхам алхмаар илүү бодитой, жинхэнэ байдлаар хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон зүйлсийн хөгжил юм. Жишээ нь, Ехова Бурхан эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүй; тэр нь Түүний тусгай төлөвлөгөө байгаагүй, Түүний зориуд урьдчилан төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Энэ нь гэнэтийн тохиолдол байсан гэж хэлж болно. Тиймээс, үүнээс болоод Ехова, Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж, дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг олж мэддэг. Урьд нь Миний хэлсэнчлэн: “Би Сатаны явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг.” Хүн төрөлхтөн хэчнээн завхарсан ч бай, эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан ч бай, Еховад мэргэн ухаан нь байсаар байдаг; тийм болохоор Тэр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан тасралтгүй явуулга хийж, хүн төрөлхтнийг байнга завхруулсаар ирсэн ба Ехова Бурхан Өөрийн ухаалаг ажлыг зогсолтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй, мөн дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ажиллахаа хэзээ ч болиогүй. Хүмүүсийг Сатан завхруулсны дараа Тэрээр хүн төрөлхтний завхралын эх сурвалж болсон дайсныг ялахын тулд хүмүүсийн дунд ажилласаар байсан юм. Энэхүү тулаан дэлхийн үүслээс эхлэн өрнөсөн ба дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Тиймээс Бурхан тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захирагдуулаад зогсохгүй, бас газар дээрх бүх зүйлийг хөлийнхөө гишгүүр дор амраадаг, ялангуяа хүн төрөлхтөн рүү дайран довтолж, зовоодог хорон муу хүмүүсийг Өөрийн гэсгээлтэд унагадаг. Энэ бүх ажлын үр дүн нь Түүний мэргэн ухаанаас үүдэн гардаг. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газар дээр ч, эсвэл бүх орчлон ертөнцийн хаана ч ямар ч дайсан байгаагүй бөгөөд байгаль дээрх ямар нэг зүйлд халдан довтолсон харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа Тэрээр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн ба хүн төрөлхтнөөс болоод Тэр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа—ээлж дараалсан үе шат бүрд улам эрчимждэг дайныг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний төгс хүчин болон мэргэн ухаан энэ үе шат болгонд байсан. Тэр үед л тэнгэр, газар дахь бүх зүйл Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, ялангуяа Бурханы бодит байдлыг харсан юм. Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг. Тэрээр та нарт ажлын үе шат бүрийн дотоод үнэнийг харуулж, Бурханы төгс хүчийг яг яаж тайлбарлахыг харуулахын сацуу Бурханы бодит байдлын тодорхой тайлбарыг харуулдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?