Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл
Олон жилийн турш Бурханы ажлыг туулж, номлол сонссон зарим хүн өөрсдийгөө бага зэрэг ойлгож авч, бодитой туршлагаасаа ярьж, өөрсдийн жинхэнэ байдал, хувийн оролт, хувийн ахиц дэвшил, дутагдал болон хэрхэн орохоор төлөвлөж байгаагаа нөхөрлөж чаддаг. Гэхдээ өөрсдийгөө ойлгодоггүй, ямар ч бодит туршлагын талаар ярьж чаддаггүй зарим хүн бий. Тэд бичиг үсэг, хоосон сургаалын үг, гадна талын ажил, одоогийн нөхцөл байдал, сайн мэдээ түгээх ахиц дэвшил гэх мэт гадна талын хэрэг явдлын талаар л ярьж чаддаг ч амийн оролт юм уу хувийн туршлагын тухай ямар ч бодитой зүйл ярьдаггүй. Тэд амийн оролтын зөв замд ороогүй хэвээр байгааг энэ нь харуулдаг. Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш. Эдгээр өөрчлөлт нь хэчнээн сайн байсан ч амь зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй, учир нь эдгээр гадаад өөрчлөлтөд хүний хүчин чармайлтаар хүрч болох ч амь зан чанарын өөрчлөлтөд ганцхан өөрийнхөө хүчин чармайлтаар хүрэх боломжгүй. Үүнд хүрэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулах шаардлагатай, мөн Ариун Сүнсээр төгс болгуулах шаардлагатай. Хэдийгээр Бурханд итгэдэг хүмүүс зарим нэг сайн зан авирыг харуулдаг ч нэг нь ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүй. Яагаад тэр вэ? Учир нь энэ нь амь зан чанарын өөрчлөлтийг шаарддаг бөгөөд зан авирын өөрчлөлт төдийхөн нь огт хангалтгүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг мэдэж, туулж, үнэн чиний амь болж, чиний амьдрал, бүх зүйлийг чиглүүлж, захирч чадна гэсэн үг. Энэ бол амь зан чанарын өөрчлөлт. Үнэнийг амиа болгосон хүмүүс л зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм. Урьд нь чамд ойлгосон хэр нь хэрэгжүүлж чаддаггүй зарим үнэн байсан байж болох ч одоо чи өөрийнхөө ойлгодог үнэний ямар ч талыг саад, бэрхшээлгүйгээр хэрэгжүүлэх боломжтой. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ чи амар амгалан, аз жаргалаар бялхдаг, харин үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол зовж шаналж, мөс чанар чинь түгшдэг. Чи бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч, амьдрах үндэс суурьтай байж чадна. Энэ нь зан чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг. Одоо чи үзэл, төсөөлөл, махан биеийн дур сонирхол, эрэл хайгуул, өмнө нь орхиж чаддаггүй байсан тэдгээр зүйлийг амархан орхиж чадна. Бурханы үг үнэхээр сайн, үнэнийг хэрэгжүүлэх нь хамгийн сайн зүйл болохыг чи мэдэрнэ. Энэ нь чиний зан чанар өөрчлөгдсөн гэсэн үг. Зан чанарын өөрчлөлт маш энгийн сонсогддог ч үнэндээ ихээхэн туршлага агуулдаг үйл явц юм. Энэ хугацаанд хүмүүс олон бэрхшээл туулах хэрэгтэй, биеэ захирч, махан биеэ хаяж, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлт амсах хэрэгтэй, бас олон бүтэлгүйтэл, уналт, дотоод тэмцэл, зүрх сэтгэлийн тарчлааныг мэдрэх хэрэгтэй. Эдгээрийг туулсны дараа л хүмүүс уг чанараа бага зэрэг ойлгож чадах ч зарим ойлголт нь тэр даруй бүрэн өөрчлөлтийг бий болгодоггүй; тэд урт хугацааны туршлагыг туулсны эцэст л завхарсан зан чанараасаа бага багаар ангижирч чадна. Ийм учраас зан чанарын өөрчлөлтөд нэг насны амьдрал шаардагддаг. Жишээ нь хэрэв чи нэг асуудал дээр завхрал харуулбал үүнийг ойлгонгуутаа үнэнийг нэн даруй хэрэгжүүлж чадах уу? Чадахгүй. Ойлголтын энэ үе шатанд бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа чи үүнтэй эвлэрэхгүй, өөртөө “Би ингэж хийх ёстой гэж үү? Би яагаад хүссэнээрээ хийж болохгүй гэж? Яагаад надаас үнэнийг хэрэгжүүлэхийг дандаа шаарддаг юм бэ? Би энийг хиймээргүй байна, залхаж байна!” гэж хэлдэг. Бурханы ажлыг туулахад дараах үйл явцыг дамжих шаардлагатай байдаг: үнэнийг хэрэгжүүлэх дургүй байснаа үнэнийг дуртайяа хэрэгжүүлдэг болох; сөрөг, сул дорой байснаа хүчтэй болж, махан биеийг хаях чадалтай болох. Хүмүүсийн туршлага тодорхой хэмжээнд хүрээд дараа нь шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгож авах үед үнэн-зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чи бага зэрэг ойлгодог, бас үнэнийг жаахан ойлгодог боловч хэзээ Бурханд үнэнч байж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүрийн нүд чамайг харж, чамайг шинжих ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ! Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож авч, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий их хольцтой, хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадвал тэдгээр завхарсан зүйлээс цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина; чи амийн жинхэнэ туршлагатай болж эхлэн, завхарсан зан чанар чинь аажмаар ариусгагдаж эхэлнэ. Чиний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар чинь төдий чинээ өөрчлөгдөнө.
Хэдийгээр одоо олон хүн үүргээ гүйцэтгэж байгаа ч мөн чанартаа хэр олон хүн үүргээ аргацааж байгаа вэ? Хэр олон хүн үнэн-зарчмын дагуу үнэнийг хүлээн авч, үүргээ гүйцэтгэж чаддаг вэ? Зан чанар нь өөрчлөгдсөний дараа хэр олон хүн Бурханы шаардсанаар үүргээ гүйцэтгэдэг вэ? Эдгээр зүйлийг илүү их нягталж шалгаснаар чи үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр стандартад нийцэж байгаа эсэхээ мэдэж чадна, зан чанар чинь өөрчлөгдсөн эсэхийг ч тодорхой харж чадна. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь энгийн хэрэг биш; энэ нь ердөө зан авирын цөөн хэдэн өөрчлөлт гаргаж, үнэний талаар бага зэрэг мэдлэг олж авч, үнэний тал бүрийг туулсан туршлагаа бага зэрэг ярьж чаддаг байж, эсвэл сахилгажуулагдсаныхаа дараа бага зэрэг өөрчлөлт гаргаж, бага зэрэг дуулгавартай болж чаддаг байна гэсэн үг биш. Эдгээр зүйл амь зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи зарим талаар өөрчлөгдсөн байж болох ч үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа. Магадгүй чи түр зуур тохиромжтой орчинд байж, нөхцөл байдал бүрдсэнээс болоод, эсвэл одоогийн орчин нөхцөл чинь чамайг албадсанаас болоод ийм маягаар авирладаг байх. Түүнчлэн, сайхан ааштай, байдал чинь хэвийн, Ариун Сүнсний ажилтай байх үедээ чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Гэтэл чи шалгалт туулж, шалгалтынхаа үеэр Иов шиг зовж, эсвэл үхлийн шалгалттай нүүр туллаа гэж бодъё. Энэ үед чи үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлдээ бат зогсож чадах уу? Петрийн хэлсэн шиг “Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно” гэж хэлж чадах уу? Петр юуг үнэлсэн бэ? Петрийн үнэлж байсан зүйл нь дуулгавартай байдал бөгөөд Бурханыг мэдэх нь хамгийн чухал зүйл гэж үзсэн учраас үхэх хүртлээ дуулгавартай байж чадсан. Зан чанарын өөрчлөлт нь нэг шөнийн дотор тохиолддоггүй; үүнд хүрэхэд насан туршдаа туршлагажих шаардлагатай. Үнэнийг ойлгох нь арай амархан ч янз бүрийн нөхцөлд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх хэцүү. Хүмүүст яагаад үнэнийг хэрэгжүүлэх төвөгтэй байдаг вэ? Үнэндээ эдгээр бэрхшээл нь бүгд хүмүүсийн завхарсан зан чанартай шууд холбоотой бөгөөд бүгд завхарсан зан чанараас үүдэлтэй саад тотгор юм. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг байхын тулд их зовлон амсаж, төлөөс төлөх ёстой. Хэрэв чамд завхарсан зан чанар байгаагүй бол үнэнийг хэрэгжүүлэхийн тулд заавал зовлон амсаж, төлөөс төлөх шаардлагагүй байсан. Энэ мэдээжийн хэрэг бус уу? Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Бурханыг дагахдаа олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг, тиймээс тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч тэд хэзээ ч жинхэнэ туршлагаар мэдэрсэн гэрчлэлээ ярьж чаддаггүй. Энд яг юу болоод байна вэ? Хүний үзлээр тэднийг дүгнэвэл тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагддаг ч Бурхан тэдний хийж байгаа зүйлийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэлтэй, хольцтой байдаг бол чи зарчмаас хазайх магадлалтай бөгөөд үнэнийг хэрэгжүүлж байна гэж хэлж болохгүй; энэ нь ердөө нэг төрлийн зан байдал юм. Хатуухан хэлбэл, чиний ийм зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан тэмдэглэхгүй. Үүний мөн чанар, уг үндсийг цааш нь задлан шинжилбэл чи мууг үйлддэг хүн бөгөөд гадна талын эдгээр зан авир чинь Бурханыг эсэргүүцдэг. Гаднаа чамд юу ч саад болж, чамайг үймүүлээгүй, бодитой хохирол учруулаагүй. Энэ нь логиктой, үндэслэлтэй харагддаг ч дотроо хүний хольц, санаа зорилгыг агуулдаг бөгөөд үүний мөн чанар нь мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх явдал юм. Тиймээс чи Бурханы үгийг ашиглан, үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний бодол санаанд нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэхээс хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэн-бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, зан чанарын өөрчлөлт нь юу болохыг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлттэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд Бурханы гэрт үүргээ биелүүлж, ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чиний дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, тэдгээр нь үнэнд нийцээгүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний арга замаар дүүрэн байсан гэдгийг, зан чанарын өөрчлөлтөд огт хүрч чадаагүй гэдгийг чинь энэ нь нотолдог. Энэ нөхөрлөлөөс та нар зан чанарын өөрчлөлтийг хэрхэн ойлгох ёстойгоо тодорхой мэдэж авсан уу? Та нар зан чанараа өөрчлөх талаар ихэнхдээ ярьдаггүй, мөн хувийн туршлагаа ховорхон нөхөрлөдөг байж магадгүй. Сайндаа л та нар “Би хэсэг хугацааны өмнө идэвхгүй байсан. Тэгээд би Бурханд залбирсан бөгөөд Бурханд итгэгчид туршигдах ёстой гэж Бурхан намайг гэгээрүүлсэн. Би үүнийг хэсэг хугацаанд тунгаан бодоод, тийм юм байна гэдгийг нь ойлгосон. Бас үүргээ биелүүлэхдээ би зарим талаар үнэнч бус байдаг учраас үүнийг зүгээр л хүлээн авсан. Дараа нь миний урам зориг эргэн ирж, би идэвхгүй байхаа больсон” гэж нөхөрлөдөг. Нөхөрлөсний дараа бусад нь бас “Бидний байдал нэлээд төстэй юм, завхарсан зан чанар маань ч гэсэн” гэж хэлдэг. Хэрвээ та нар эдгээр зүйлийн талаар үргэлж нөхөрлөдөг бол энэ нь асуудал болно—чи аливаа зүйлийн мөн чанарыг ухамсарлаж, тодорхой харж чадахгүй. Хэчнээн олон жил итгэсэн чинь хамаагүй, амь зан чанар чинь өөрчлөгдөж чадахгүй.
Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ хүний уг чанарын өөрчлөлтийг хэлдэг. Хүний уг чанарын зүйлсийг гаднах зан авираас нь харах боломжгүй. Тэдгээр нь хүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлтэй шууд холбоотой бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанарыг нь хамардаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн авч чаддаггүй бол эдгээр тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, аливаа зүйлийн талаарх өөрийн үзэл бодлыг Бурханы үгтэй нийцүүлж, Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байж чаддаг болсноор л хүний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Одоо чамайг харахад үүргээ биелүүлж байхдаа бэрхшээлтэй тулгараад жаахан хүчин чармайлт гаргаж, уян хатан байж, Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэж, яв гэсэн газар луу явж чаддаг байж магадгүй. Гаднаасаа чи бага зэрэг дуулгавартай мэт харагдаж болох ч үзэлтэй чинь нийцэхгүй ямар нэг зүйл тохиолдох үед тэрслүү байдал чинь гарч ирдэг. Жишээ нь чи засалт, харьцалтад захирагддаггүй, гамшиг тохиох үед бүр ч дуулгаваргүй байдаг; тэр ч байтугай дотроо Бурханыг буруутгадаг. Тиймээс гадна талын тэр үл ялиг дуулгавартай байдал болон өөрчлөлт бол ердөө л зан авирын жаахан өөрчлөлт юм. Багахан өөрчлөлт гардаг ч үүнийг зан чанарын өөрчлөлт гэж тооцоход хангалтгүй. Чи олон замаар явж, олон бэрхшээл туулж, ихээхэн доромжлолыг тэсвэрлэж чаддаг байж болно; Бурхантай маш ойр мэт чамд санагдаж, Ариун Сүнс чам дээр жаахан ажил хийж болно. Гэсэн хэдий ч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг Бурхан хий хэмээн хүсэх үед чи мөн л захирагдахгүй байж магадгүй, харин ч шалтаг хайж, Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, ноцтой тохиолдолд бүр Бурханд эргэлзэн, Бурханы эсрэг тэмцэж магад. Энэ нь ноцтой асуудал байх болно! Чи одоо ч Бурханыг эсэргүүцдэг уг чанартай, үнэнийг үнэхээр ойлгодоггүй, амь зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг энэ нь харуулна. Өөрсдийг нь халах юм уу цэвэрлэсний дараа зарим хүн дотроо мөн л Бурханыг шүүсээр, Бурхан зөвт биш гэж хэлдэг. Тэд бүр Бурхантай маргалдаж, тэмцэлдэж, хаа явсан газартаа Бурханы талаарх үзэл болон Бурханд сэтгэл дундуур байдлаа тарааж байдаг. Иймэрхүү хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг диаволууд юм. Диаволын уг чанартай хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд тэднийг орхих ёстой. Нөхцөл байдал болгонд үнэнийг эрж хайж, хүлээн авч чаддаг, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүст л үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрэх найдлага бий. Туршлагаараа чи гаднаа хэвийн харагддаг байдлуудыг ялган таньж сурах ёстой. Чи залбирлын үеэр мэгшиж, цурхиран уйлж, эсвэл зүрх сэтгэл чинь Бурханыг маш их хайрладаг, Бурханд маш ойр дотно гэдгийг мэдэрч болох ч эдгээр байдал нь зөвхөн Ариун Сүнсний ажил бөгөөд Бурханыг хайрладаг хүн гэдгийг чинь илтгэдэггүй. Чи Ариун Сүнсийг ажиллаагүй байх үед, Бурханыг үзэлтэй чинь нийцэхгүй зүйл хийх үед ч гэсэн Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж чаддаг хэвээр байх л юм бол Бурханыг үнэхээр хайрладаг хүн мөн. Тэр үед л чи амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн болно. Зөвхөн энэ л үнэн-бодит байдалтай хүн билээ.
Зан чанарын өөрчлөлт хаанаас эхэлдэг вэ? Өөрийнхөө уг чанарыг ойлгохоос эхэлдэг. Энэ л гол түлхүүр нь. Тэгвэл яаж уг чанараа ойлгох вэ? Ямар завхарсан зан чанартайгаа задлан шинжилснээр. Чи эдгээр завхарсан зан чанарыг тодорхой ялган таньсныхаа дараа өөрийнхөө уг чанар-мөн чанарыг ойлгоно. Зарим хүн: “Би завхарсан зан чанараа яаж ойлгох вэ?” гэж асуудаг. Мэдээж чи Бурханы үгийн дагуу ойлгож, үнэнд нийцүүлэн ялган таних ёстой. Тэгвэл үүнийг яаж хэрэгжүүлэх вэ? Өөрийнхөө харуулдаг завхарсан зан чанарыг Бурханы илчилсэн үгтэй харьцуулснаар. Хэдий чинээ тааруулж тохируулж чадна, төдий чинээ ялган таних ёстой. Ихийг тааруулж, ихийг ялган таньж чадвал чи завхарсан зан чанараа ойлгож чадна. Удаан хугацаанд Бурханд итгэж, ийм маягаар олон жил хэрэгжүүлсэн та хэд одоо өөрсдийнхөө уг чанарыг ойлгосон уу? Тэгэх болоогүй байх! Харьцуулалт чинь нэг замыг дагах ёстой; юунд ч үндэслээгүй үг хэлж болохгүй. Чи хүний завхарсан зан чанарыг илчилсэн Бурханы үгийг илүү их унших ёстой. Энэ бүх үгийг хайж олоод, дараа нь үргэлж уншиж, өөрийгөө байнга эргэцүүлж, өөрийнхөө байдлыг тэр үгтэй харьцуулах ёстой. Завхарсан зан чанар чинь бүрэн таарч, мөн Бурханы үг чиний байдлыг яг таг, асар үнэн зөв илчилснийг мэдэрч, энэ нь яагаад ч буруу биш гэдгийг мэдэрснийхээ дараа чи үнэмшихгүй гэж үү? Зарим хүн: “Уг чанараа ойлгосноор үүнийг өөрчилж чадна” гэж хэлдэг. Үүнийг хэн ч амархан хэлж чадна. Гэхдээ үүнийг юу гэж ойлгож байна вэ? Нэг зам байх ёстой. Хэрвээ зам байгаа бол чи хэрхэн туулахаа мэднэ. Зам байхгүй бол чи ердөө “Бид бүгд уг чанараа ойлгох ёстой. Бидний уг чанар сайн биш, Сатанд харьяалагддаг. Бид уг чанар-мөн чанараа ойлгох үедээ зан чанараа өөрчилж чадна” хэмээх уриа лоозонг хашхирч байгаа хэрэг. Хашхирч дууссаныхаа дараа өөр юу ч хийдэггүй, хэн ч юу ч ойлгодоггүй. Энэ нь замгүйгээр хоосон сургаал ярьж буй хэрэг юм. Ийм маягаар ажиллах нь асуудал үүсгэдэг биш үү? Ийм маягаар ажиллахын үр дүн юу байх вэ? Та нар ихэвчлэн “Бид уг чанараа ойлгох ёстой! Бүгдээрээ Бурханыг хайрлах ёстой! Бүгд Бурханыг дуулгавартай дагах ёстой! Бид бүгдээрээ Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөх ёстой! Бүгдээрээ Бурханыг шүтэн мөргөх ёстой! Бурханыг хайрладаггүй хэн боловч хүлээн зөвшөөрөгдөхгүй!” гэх уриа лоозон хашхирдаг. Эдгээр хоосон сургаалын талаар ярих нь ямар ч хэрэггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэдэггүй. Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгох гэдэг нь үнэндээ сэтгэлийнхээ угт орших зүйлс—чиний амийн доторх зүйл, амьдарч ирсэн Сатаны бүх логик, гүн ухаан—өөрийнхөө амьдарч ирсэн Сатаны амийг задлан шинжилнэ гэсэн үг юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил гаргаснаар л чи уг чанараа ойлгож чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон хэрэг явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй. Ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарах юм уу ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Тиймээс олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой. Чи ямар нэг үр дүн үзэхийн тулд Бурханы үгийн дагуу өөрийгөө гүн гүнзгий ухаж төнхөж, задлан шинжлэх ёстой. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар-мөн чанараа аажмаар мэдэж авна.
Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлээр дамжуулан үүнийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш, харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, зүрх сэтгэлдээ биширч, шүтдэг хүмүүсийг чинь хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн маш үзэсгэлэнтэй, тансаг харагддаг, бусдын шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг. Хүмүүсийн дуртай эдгээр зүйл нь Бурханд итгэдэггүй хүмүүст тун сайхан санагддаг бөгөөд тэдгээр нь хүмүүсийн эрэлхийлэхийг онцгойлон хүсдэг бүх зүйл юм. Нэг энгийн жишээ хэлье: Шүтлэггүй хүмүүсийн дунд оддыг шүтэн бишрэгчид байдаг. Тэд жүжигчид, дуучдын араас хөөж, гарын үсэг зуруулж, үг бичүүлж авдаг, эсвэл тэдэнтэй гар барьж, тэвэрдэг. Итгэгчдийн зүрх сэтгэлд эдгээр зүйл байдаг уу? Чи шүтдэг алдартнуудынхаа дууг хааяа дуулдаг уу? Эсвэл хааяа тэднийг дуурайж, хүсэн эрмэлздэг оддынхоо хэв маягаар хувцасладаг уу? Чи эдгээр од болон алдартай хүмүүсийг шүтлэг бишрэлийнхээ бай болгож, шүтлэг бишрэлийнхээ үлгэр загвар болгодог. Эдгээр нь хүмүүсийн дуртай түгээмэл зүйл юм. Шүтлэггүй хүмүүсийн шүтдэг эдгээр зүйлийг итгэгчид үнэхээр шүтэн биширдэггүй гэж үү? Дотроо ихэнх хүн тэдгээрийг бишрэн шүтэх зүрх сэтгэлтэй хэвээр байдаг. Чи Бурханд итгэдэг бөгөөд тэдгээр зүйлийн араас илт хөөцөлдөхөө больсон мэт харагддаг. Гэсэн хэдий ч зүрх сэтгэлдээ чи тэдгээр зүйлд атаархсаар, тэдгээр зүйлд дурласаар байдаг. Хааяа чи: “Би түүний хөгжмийг сонсмоор л байна, тоглосон ТВ нэвтрүүлгүүдийг нь үзмээр л байна. Тэр яаж амьдардаг бол? Яг одоо хаана байгаа бол? Би түүнтэй уулзаж, гар барьж чадах юм бол сайхан аа, үүний төлөө үхсэн ч үнэ цэнтэй” гэж боддог. Хэнийг шүтдэг нь хамаагүй, хүмүүс бүгд ийм зүйлд дуртай. Магадгүй чамд энэ хүмүүс, зүйлс, обьектуудтай уулзах боломж олдохгүй, эсвэл тийм нөхцөл байдал бүрдэхгүй байлаа ч эдгээр зүйл зүрх сэтгэлд чинь байдаг. Хүмүүсийн эрэлхийлж, хүсэн эрмэлздэг зүйлс дэлхийн чиг хандлагад хамаардаг, эдгээр зүйл нь Сатаных, диаволынх, үүнийг Бурхан жигшдэг бөгөөд үүнд ямар ч үнэн байдаггүй. Хүмүүсийн хүсэн эрмэлзэх дуртай зүйлс нь тэдний уг чанар-мөн чанарыг ил гаргадаг. Хүмүүсийн дуртай зүйлийг хувцаслаж байгаа байдлаас нь харж болно. Зарим хүн анхаарал татахаар, тод өнгөтэй, эсвэл этгээд хачин хувцас өмсөхийг хүсдэг. Тэд өмнө нь хэний ч зүүж байгаагүй зүүсгэл чимэглэл зүүхийг хүсдэг бөгөөд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж чадах зүйлд дуртай байдаг. Тэд ийм хувцас, зүүсгэл өмсөж зүүж байгаа нь амь болон зүрх сэтгэлийнхээ гүнд ийм зүйлд дуртай болохыг нь харуулж байгаа юм. Тэдний дуртай зүйл нь эрхэмсэг, аятайхан биш. Тэдгээр нь хэвийн хүний эрэлхийлэх ёстой зүйлс биш юм. Ийм зүйлд дурлаж байгаа нь зөв шударга бус. Тэдний үзэл бодол хорвоогийн хүмүүсийнхтэй яг адилхан бөгөөд үнэнд нийцэх зүйл байдаггүй. Тиймээс чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Хорвоо ертөнцийн эдгээр зүйлд дуртай байх нь чиний уг чанар зөвт бус байдалд дуртай, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг хангалттай нотолдог. Уг чанараа ийм маягаар задлан шинжлэх ёстой: Амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Жишээ нь хань ижлээ олохдоо хүмүүс өөрсөдтэйгөө адилхан хүмүүсийг хайдаг. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн яс, зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дуртай хэвээр байна; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөв шударга бус байдлыг агуулдаг. Зарим нь тийм зүйлсэд илэрхий дурладаг байхад зарим нь үгүй байдаг; зарим нь тэдгээрт ихэд дуртай байдаг байхад бусад нь үгүй байдаг; зарим хүн өөрийгөө хянадаг, харин зарим нь өөрсдийгөө хянаж чаддаггүй. Зарим хүн харанхуй, ёрын муу зүйлсэд живэх магадлалтай байдаг нь тэдэнд амь байдаггүй гэдгийг нотолдог. Зарим хүн махан биеийн уруу таталтыг даван гарч, эдгээр зүйлд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг нь тэд багахан биеийн хэмжээтэй, зан чанар нь бага зэрэг өөрчлөгдсөн гэдгийг нотолдог. Зарим хүн бага зэрэг үнэнийг ойлгодог бөгөөд өөрсдөд нь амь байгаа, өөрсдөө Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг ч үнэндээ энэ нь мөн л хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Хүний уг чанар-мөн чанарыг ойлгох амархан уу? Хүн бага зэрэг ойлгодог ч гэсэн тэр ойлголтод хүрэхийн тулд олон ээдрээ нугачааг туулах ёстой, бага зэрэг ойлголттой байлаа ч гэсэн өөрчлөгдөх амархан биш. Эдгээр нь бүгд хүмүүст тулгардаг бэрхшээл бөгөөд үнэнийг эрэлхийлэх хүсэл байхгүй бол хүмүүс өөрсдийгөө мэдэж чадахгүй. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэхээс үл хамааран, хэрвээ үнэн дотроос чинь замчилдаг бол, хэрвээ үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг чиний амьдрал, дур сонирхол, туршлага, оршин тогтнолыг залж чиглүүлдэг бол тэр үед чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Одоо хүмүүсийн өөрчлөлт гээч зүйл нь ердөө бага зэрэг хамтран ажиллаж, засалт, харьцалтыг дурамжхан хүлээн авч, үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байж чадах явдал боловч үүнийг зан чанарын өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь нотолдоггүй. Энэ нь зүгээр л хүмүүсийн дур сонирхол, дур хүслээс цаашгүй.
Уг чанарын талаарх ойлголтод хүрэхийн тулд хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах хамгийн чухал хэд хэдэн талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралын үнэт зүйлс, амьдралыг үзэх үзэл, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх бодол санаа, үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтний амьдралыг үзэх үзэл ямар байдаг вэ? Үүнийг ингэж хэлж болно: “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх.” Хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг; шуудхан хэлэх юм бол тэд махан биеийн төлөө амьдарч байгаа. Ердөө амандаа хоол хийхийн төлөө л амьдарч байгаа. Энэ оршин тогтнол амьтныхаас ямар ялгаатай юм бэ? Ингэж амьдрахад ямар ч үнэ цэн байдаггүй, тэр ч бүү хэл ямар ч утга учир байдаггүй. Амьдралыг үзэх үзэл чинь дэлхий ертөнцөд амьдрахдаа юунд түшиглэдэг, юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдардаг вэ гэдгийг агуулдаг—энэ нь хүний уг чанарын мөн чанартай холбоотой бүх зүйл юм. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр чи хүмүүс бүгд Бурханыг эсэргүүцдэгийг харна. Тэд бүгд диавол бөгөөд үнэхээр сайн хүн гэж байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг задлан шинжилснээр л хүний завхрал, мөн чанарыг мэдэж, хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, тэдэнд үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, яаж хүний төрхийг амьдран харуулах ёстойг ойлгож болно. Хүний уг чанарыг үнэхээр задлан шинжлэх нь амаргүй бөгөөд Бурханы үгийг туулж, жинхэнэ туршлагатай болохгүйгээр үүнийг хийж чадахгүй.
1999 оны хавар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?