Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм
Бодит байдлын тухай мэдлэгтэй болох, Бурханы ажлыг нэгд нэггүй ойлгох—энэ хоёр нь Түүний үгээс харагддаг бөгөөд эдгээр айлдвараар л дамжуулан чи гэгээрэл олж авч чадна. Тиймээс чи Бурханы үгээр илүү их зэвсэглэх ёстой. Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөлөөр ярилц, ийм маягаар чи бусдыг гэгээрүүлж, тэдэнд гарах гарц өгч чадна—энэ бол бодитой зам юм. Бурхан чамд зориулж орчныг зохицуулахаас өмнө та нар дор бүрнээ Түүний үгээр зэвсэглэх ёстой. Энэ бол хүн бүрийн хийх ёстой зүйл; хойшлуулшгүй эн тэргүүний зүйл мөн. Эхлээд, Бурханы үгийг хэрхэн ууж, идэхээ мэддэг байх хэмжээнд хүр. Хийж чаддаггүй зүйлсийнхээ хувьд Түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж, ойлгодоггүй аливаа асуудал, эсвэл өөрт чинь байж болох аливаа бэрхшээлийг эдгээр айлдвараас хай. Бурханы үгийг өөрийн хангалт болгож, бодит бэрхшээл болон асуудлаа шийдвэрлэхэд чинь туслах боломжийг тэдгээрт олго; бас Түүний үгийг амьдралынхаа туслагч болго. Эдгээр зүйл хичээл чармайлт гаргахыг чамаас шаарддаг. Бурханы үгийг идэж, уухдаа үр дүнд хүрэх ёстой; чи Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, ямар нэг асуудалтай тулгарах болгондоо Түүний айлдваруудын дагуу хэрэгжүүлэх ёстой. Асуудалтай тулгараагүй байх үедээ чи зүгээр л Бурханы үгийг идэж, уухад анхаарах учиртай. Заримдаа чи залбирч, Бурханы хайрыг тунгаан бодож, Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөж, дотроо мэдэрсэн гэгээрэл, гэрэлтүүлэлт болон эдгээр айлдварыг унших үедээ гаргасан хариу үйлдлийнхээ талаар ярилцаж болох юм. Түүнчлэн, чи хүмүүст гарах гарц өгч чадна. Зөвхөн энэ л бодитой. Үүнийг хийхийн зорилго нь Бурханы үгийг өөрийн бодитой хангалт болгох явдал билээ.
Нэг өдрийн хугацаанд хэдэн цагийг чи үнэхээр Бурханы өмнө өнгөрүүлдэг вэ? Өдөр хоногийнхоо хэр ихийг Бурханд үнэхээр өгдөг вэ? Хэр ихийг махан биед өгдөг вэ? Зүрх сэтгэлээ үргэлж Бурхан руу хандуулж байх нь Бурханаар төгс болгуулах зөв зам дээр байх эхний алхам юм. Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Хэрвээ чиний хийдэг зүйл аминд чинь ашиг тустай бөгөөд Түүний үгийг идэж, ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ, дутагдлыг хангаж, улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол, мөн махан биеийг хангахын оронд Түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно. Бурханы үгийн бодит байдалд илүү бодитоор орох тухай ярих үед энэ нь, чи үүргээ биелүүлж, Бурханы шаардлагыг хангаж чадна гэсэн үг юм. Иймэрхүү бодитой үйлдлүүдийг л Түүний үгийн бодит байдалд орох гэж нэрлэж болно. Хэрвээ чи энэ бодит байдалд орж чаддаг бол чамд үнэн байна. Энэ нь бодит байдалд орохын эхлэл юм; чи эхлээд энэ сургуулилтыг хийх ёстой ба тэр үед л бүр илүү гүн гүнзгий бодит байдалд орж чадна. Тушаалуудыг хэрхэн мөрдөх, Бурханы өмнө хэрхэн үнэнч байх талаар бод; хэзээ хаанчлалд орж чадах талаараа байнга бүү бод. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй бол боддог юм чинь хэрэггүй байх болно! Бурханы үгийн бодит байдалд орохын тулд чи эхлээд өөрийн санаа бодлыг бүгдийг нь Бурханы төлөө болгох ёстой—энэ бол хамгийн наад захын шаардлага юм.
Одоогоор олон хүн шалгалтуудын дунд байгаа ба тэд Бурханы ажлыг ойлгодоггүй. гэхдээ Би чамд хэлье: Хэрвээ чи үүнийг ойлгохгүй бол энэ талаар шүүлт хийхгүй байсан чинь дээр. Магадгүй үнэн бүхэлдээ ил болох өдөр ирэх бөгөөд тэр үед чи ойлгоно. Шүүлт хийхгүй байх нь чамд тустай ч чи зүгээр л идэвхгүйгээр хүлээж болохгүй. Чи идэвхтэйгээр орохын тулд эрж хайх ёстой; тэр үед л чи үнэхээр ордог хүн байх болно. Тэрслүү байдлынхаа улмаас хүмүүс үргэлж бодитой Бурханы талаар үзэл бий болгож байдаг. Иймээс бүх хүн дуулгавартай байж сурах шаардлагатай, учир нь бодитой Бурхан бол хүн төрөлхтний хувьд үлэмж их шалгалт билээ. Хэрвээ чи бат зогсож чадахгүй бол бүх зүйл дуусна; бодитой Бурханы жинхэнэ бодит байдлын талаар ойлгодоггүй бол чи Бурханаар төгс болгуулж чадахгүй. Хүмүүс төгс болгуулж чадах эсэхийг шийдвэрлэх чухал алхам нь Бурханы бодит байдлын тухай ойлгох явдал юм. Бие махбодтой болсон Бурхан газар дээр ирсэн бодит байдал нь хүн нэг бүрийн хувьд шалгалт мөн; хэрвээ чи энэ тал дээр бат зогсож чаддаг бол Бурханыг мэддэг, Түүнийг үнэхээр хайрладаг хүн байна. Хэрвээ чи энэ тал дээр бат зогсож чаддаггүй бол, мөн Сүнсэнд л итгээд, Бурханы бодит байдалд итгэж чаддаггүй бол Бурханд итгэх итгэл чинь хэчнээн их байлаа ч, энэ нь нэмэргүй. Хэрвээ чи нүдэнд үзэгдэх Бурханд итгэж чаддаггүй бол Бурханы Сүнсэнд итгэж чадна гэж үү? Чи ердөө Бурханыг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Чи нүдэнд үзэгдэж, гарт баригдах Бурханы өмнө дуулгавартай байдаггүй, тэгвэл чи Сүнсний өмнө дуулгавартай байж чадах уу? Сүнс бол үзэгдэж, баригддаггүй, иймд чи Бурханы Сүнсэнд захирагддаг гэж хэлэх үедээ утгагүй юм ярьж байгаа бус уу? Тушаалуудыг мөрдөх гол түлхүүр нь бодитой Бурханы талаар ойлголттой байх явдал юм. Бодитой Бурханы талаар ойлголттой болмогцоо чи тушаалуудыг мөрдөж чадна. Тушаалуудыг мөрдөх нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй: Нэг нь Түүний Сүнсний мөн чанарыг хадгалж, Сүнсний өмнө Сүнсний шинжилгээг хүлээн зөвшөөрч чаддаг байх; нөгөө нь Бурханы махбод болсон биеийг үнэхээр ойлгож чаддаг байж, жинхэнэ дуулгавартай байдалд хүрэх. Махан биеийн өмнө ч бай, эсвэл Сүнсний өмнө ч бай, хүн Бурханд захирагдаж, Бурханыг хүндлэх сэтгэлийг үргэлж өвөрлөх ёстой. Зөвхөн ийм хүн л төгс болгуулах эрхтэй. Хэрвээ чамд бодитой Бурханы бодит байдлын талаарх ойлголт байгаа бол—өөрөөр хэлбэл, энэхүү шалгалтад чи бат зогссон бол—чиний хувьд юу ч хэцүү байхгүй.
“Тушаалуудыг мөрдөхөд амархан; чи зүгээр л Бурханы өмнө байхдаа дохиж зангалгүйгээр илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярих хэрэгтэй; энэ нь тушаалуудыг мөрдөж байгаа хэрэг” гэж зарим хүн хэлдэг. Тэр нь зөв үү? Тэгвэл, Бурханы ар хударгаар Түүнийг эсэргүүцэх хэдэн юм хийвэл үүнийг тушаалуудыг мөрдөж байна гэж тооцох уу? Тушаалуудыг мөрдөх гэдэг нь юуг агуулдгийг чи нэгд нэггүй ойлгох ёстой. Энэ нь Бурханы бодит байдлыг үнэхээр ойлгодог уу, үгүй юү гэдэгтэй чинь холбоотой; хэрвээ чи бодит байдлын тухай ойлгодог ба энэхүү шалгалтын үеэр бүдэрч, унадаггүй бол чамайг хүчтэй гэрчлэлтэй гэж тооцож болно. Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.
Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн болон бодитой хүн чанараар ажилладаг. Ийм маягаар Түүний хэвийн болон бодитой хүн чанарын хоёулангийнх нь гадаад бүрхүүл хүмүүсийн хувьд үлэмж их шалгалт болдог; энэ нь тэдний хамгийн том хүндрэл бэрхшээл болдог. Гэсэн хэдий ч Бурханы хэвийн болон бодит байдлаас зайлсхийх аргагүй. Бурхан шийдэл олохын тулд бүхнийг оролдож үзсэн боловч эцэст нь Өөрийгөө хэвийн хүн чанарынхаа гадаад бүрхүүлээс салгаж чадаагүй. Учир нь эцсийн эцэст нь Тэр бол тэнгэр дэх Сүнсний Бурхан биш, харин махбод болсон Бурхан билээ. Тэр бол хүмүүсийн харж чаддаггүй Бурхан биш, харин бүтээлийн нэг гишүүний бүрхүүлийг өмссөн Бурхан юм. Иймд Өөрийгөө хэвийн хүн чанарын бүрхүүлээс салгах нь яавч амархан байхгүй. Тиймээс ямар ч байсан Тэрээр хийхийг хүссэн ажлаа махан биеийн өнцгөөс хийсээр байдаг. Энэ ажил нь хэвийн болон бодитой Бурханы илэрхийлэл тул хүмүүс захирагдахгүй байвал яалаа гэж зүгээр байх юм бэ? Хүмүүс Бурханы үйлдлийн талаар яг юу хийж чадах юм бэ? Тэрээр хийхийг хүссэн юм болгоноо хийдэг; Тэр юунд ч баярладаг бай, тийм л байдаг. Хэрвээ хүмүүс дуулгавартай байхгүй юм бол тэдэнд өөр ямар эрүүл саруул төлөвлөгөө байх юм бэ? Одоог хүртэл дуулгавартай байдал л хүмүүсийг аварч байсан; хэнд ч, ямар ч мэргэн санаа байгаагүй. Хэрвээ Бурхан хүмүүсийг туршихыг хүсвэл тэд юу хийж чадах юм бэ? Гэхдээ энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы бодол санаа биш; энэ бол бие махбодтой болсон Бурханы санаа юм. Тэр үүнийг хийхийг хүсдэг тул нэг ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Тэнгэр дэх Бурхан бие махбодтой болсон Түүний хийдэг зүйлд хөндлөнгөөс оролцдоггүй, тэгвэл хүмүүс Түүнд бүр ч дуулгавартай байх ёстой бус уу? Хэдийгээр Тэр бодитой агаад хэвийн боловч тэр чигтээ махбод болсон Бурхан юм. Өөрийнхөө санаан дээр үндэслээд Тэр хүссэн болгоноо хийдэг. Тэнгэр дэх Бурхан бүх үүрэг даалгаврыг Түүнд шилжүүлэн өгсөн; чи Түүний хийдэг бүхэнд дуулгавартай байх ёстой. Хэдийгээр Тэр хүн чанартай бөгөөд тун хэвийн боловч энэ бүхэн нь Түүний зориуд зохицуулсан зүйл юм, иймээс хүмүүс Түүнийг яаж үл зөвшөөрсөн, гайхсан нүдээр ширтэн харж болох юм бэ? Тэр хэвийн байхыг хүсдэг, иймээс Тэр хэвийн байдаг. Тэрээр хүн чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс хүн чанарын дотор амьдардаг. Тэр бурханлаг чанарын дотор амьдрахыг хүсдэг, иймээс бурханлаг чанарын дотор амьдардаг. Хүмүүс үүнийг хүссэнээрээ харж болох боловч Бурхан үргэлж Бурхан, хүмүүс үргэлж хүмүүс байх болно. Зарим нэг ялимгүй зүйлээс болж Түүний мөн чанарыг үгүйсгэж болохгүй, мөн ганц жаахан зүйлээс болоод Түүнийг Бурханы “үнэн биеэс” түлхэн гаргаж ч болохгүй. Хүмүүст хүмүүний эрх чөлөө байдаг ба Бурханд Бурханы эрхэм чанар байдаг; эдгээр нь нэг нэгэндээ саад болдоггүй. Хүмүүс Бурханд бага зэрэг эрх чөлөө олгож чадахгүй гэж үү? Бурхан арай илүү хайхрамжгүй байхыг тэд тэвчиж чадахгүй гэж үү? Бурханд маш хатуу чанд бүү ханд! Дор бүрнээ нэг нэгнээ хүлцэх ёстой; тэгвэл бүх зүйл шийдэгдэхгүй гэж үү? Ямар нэгэн хөндий байдал байсаар байна гэж үү? Хэрвээ хүн тийм ялихгүй зүйлийг тэвчиж чадахгүй бол уужим сэтгэлтэй хүн, эсвэл жинхэнэ хүн байх талаар бодоод ч яах юм бэ? Бурхан хүн төрөлхтөнд бэрхшээл учруулдаг юм биш, харин хүн төрөлхтөн л Бурханд бэрхшээл учруулдаг. Тэд үргэлж туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгосноор аливааг зохицуулдаг. Тэд үнэхээр сүржигнэн дэгсдүүлдэг ба ингэх нь ямар ч хэрэггүй! Бурхан хэвийн болон бодитой хүн чанар дотор ажиллах үед Түүний хийдэг зүйл нь хүн төрөлхтний ажил биш, харин Бурханы ажил юм. Гэсэн ч хүмүүс Түүний ажлын мөн чанарыг хардаггүй; тэд үргэлж Түүний хүн чанарын гадаад бүрхүүлийг л хардаг. Тэд ийм агуу ажлыг хараагүй мөртөө Бурханы эгэл жирийн, хэвийн хүн чанарыг харахаар зүтгэдэг ба үүнийг тавьж явуулдаггүй. Үүнийг яаж Бурханд дуулгавартай байна гэж хэлж болох юм бэ? Тэнгэр дэх Бурхан одоо газар дээрх Бурхан “болж хувирсан” бөгөөд газар дээрх Бурхан бол одоо тэнгэр дэх Бурхан юм. Тэдний гадаад илрэлт адилхан эсэх нь, эсвэл Тэд яг яаж ажилладаг нь хамаагүй. Эцсийн эцэст Бурханы ажлыг хийдэг Нэгэн бол Бурхан Өөрөө юм. Чи хүссэн ч, хүсээгүй ч дуулгавартай байх ёстой—энэ нь чиний сонгох зүйл биш! Бурханд хүмүүс дуулгавартай байх ёстой ба өчүүхэн төдий ч дүр үзүүлэлгүйгээр Бурханыг туйлын дуулгавартай дагах ёстой.
Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн Түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, махбод дахь Бурханд бэрхшээл учруулахаа болих хэрэгтэй. Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бол Түүний үгийг заавал сонсож, Түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс тэнгэр дэх Бурхан үнэндээ яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхон ч анхаардаггүй; харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй, бие махбодтой болсон Бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээ ч төвөг уддаггүй. Махбод дахь Бурханд захирагддаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш, харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй; энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол ер бусын мэргэн ухаантай агуу агаад гайхалтай атлаа огтхон ч оршин байдаггүй; газар дээрх Бурхан тун жирийн агаад шалихгүй; бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу газар донсолгом үйл үйлддэггүй; Тэр зүгээр л тун хэвийн, бодитой байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан үнэхээр мөн. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж дөвийлгөөд, харин өөрсдийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн хүмүүсийн тэрслүү байдлаас урган гардаг; энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний эсэргүүцлийн бүх эх сурвалж юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?