Бие махбодтой болохын нууц (2)
Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил гадна байгаа хүмүүст хаалттай. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил хэтэрхий их нуугдмал! Тэдний хувьд, махбод болсон Бурхан нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч Түүнд итгэдэг хүмүүсийн хувьд л ийм байдаг; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч мэдэгддэггүй. Та нарын дунд болон Хятадад одоогоор хийгдэж байгаа ажлыг тэдэнд мэдэгдэхгүйн тулд чанд битүүмжилдэг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол үүнийг яллаж, хавчлага тулгахаас өөрийг хийхгүй. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гарган тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт явуулж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг ил тод гүйцэтгэсэн бол үүнийг тэд яаж зөвшөөрч чадах юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулах бус уу? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүс гайхамшигтай байдлаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан цаг үеийнхтэй адилаар явуулсан бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд синагогт орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажил яаж үргэлжлэн явагдаж чадах юм бэ? Тэмдэг, гайхамшгийг ил тод харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй, эсвэл олдохгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд энэ маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэхүү үе шат ил тод болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэднэ; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэднэ. Зөвхөн тэр үед л, Хятад улс яагаад хараахан уруудан доройтож, нуран унахгүй байна вэ? гэдэг нь хүнд ойлгомжтой болно. Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.
Махбод болсон Бурхан ажлаа биечлэн хийж байх энэ хугацаандаа бүх бүтээлд бус, Өөрийг нь дагадаг зарим хүнд л Өөрийгөө харуулдаг. Тэрээр хүнд Өөрийн дүрийг харуулахын төлөө бус, ажлынхаа нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон юм. Гэхдээ, ажлаа Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар үлдэж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийнх нь дүр биш юм, учир нь Бурханы дүрийг зан чанараар нь л дамжуулан харж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүрээр орлуулж болохгүй. Түүний махбодын дүр нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь, Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн иудейчүүдэд л харуулаад, бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүйтэй адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэрээр үлдэлгүй, хүний ертөнцөөс даруй явсан; дараа нь, Түүний энэ дүр Өөрийгөө хүнд харуулсан юм биш, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн юм. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин одох бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахин хэзээ ч хийхгүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ хугацаанд хүн Түүний махбодын дүрийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч харуулдаггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг бөгөөд эрин үедээ онцлогтой байдаг; энэ нь Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр бүх хүнд харагдахгүй. Олон түмэнд харагддаг зүйл нь Бурханы зөвт байдал, зан чанар бүхэлдээ болохоос биш, хоёр удаа махбод болох үеийн Бурханы дүр биш юм. Ганц дүр нь ч хүнд харагддаггүй, хоёр дүр нь хамтдаа ч харагддаггүй. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх учиртай ажлаа дуусгамагцаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэрээр Өөрийн хийх учиртай ажлыг л хийхээр ирдгээс биш Өөрийн дүрийг хүмүүст харуулах гэж ирдэггүй. Бурхан хоёр удаа махбод болсноор бие махбодтой болохын ач холбогдлыг аль хэдийн гүйцээсэн боловч Өөрийг нь өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Өөрийгөө ил тод харуулахгүй. Есүс зөвт байдлын Нар болж Өөрийгөө иудейчүүдэд дахин хэзээ ч харуулахгүй, мөн Чидун уулан дээр гарч, бүх хүнд ч үзэгдэхгүй; иудейчүүд Иудейд байх үеийн Есүсийн хөрөг зургийг л харсан. Учир нь, бие махбодтой болсон Есүсийн ажил хоёр мянган жилийн өмнө дууссан; Тэр дахин хэзээ ч иудей хүний дүрээр Иудейд эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл Иудейд байх үеийн дүрээрээ Харь үндэстнүүдийн алинд ч Өөрийгөө харуулахгүй, учир нь махбод болсон Есүсийн дүр ердөө л иудей хүний дүр бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр биш билээ. Есүс дахин ирнэ гэж дагалдагчдадаа амласан хэдий ч Харь үндэстнүүд дэх бүх хүнд иудей хүний дүрээр ердөө харагдахгүй. Махбод болсон Бурханы ажил бол шинэ эрин үеийг нээх явдал гэдгийг та нар мэдэх учиртай. Энэхүү ажил хэдхэн жилээр хязгаарлагддаг ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцэлдүүлж чадахгүй. Үүний адилаар, иудей хүн болох Есүсийн дүр нь Иудейд ажиллаж байх үеийн Бурханы дүрийг л төлөөлж чадах бөгөөд Тэр цовдлолын ажил л хийж чадсан. Есүс махбодод байх хугацаандаа эрин үеийг төгсгөх, эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Тиймээс цовдлогдож, ажлаа дуусгасныхаа дараа Тэр дээш өндөрт гараад, хүнээс Өөрийгөө үүрд нуусан юм. Тэр цагаас эхлээд Харь үндэстнүүдийн үнэнч итгэгчид Эзэн Есүсийн илрэлийг харж чадалгүй, хананд наасан хөрөг зургийг нь л харах болсон. Энэ хөрөг зураг нь хүний зурсан зураг болохоос биш, Бурхан Өөрөө хүнд харуулсан дүр биш юм. Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүрээрээ олон түмэнд Өөрийгөө ил харуулахгүй. Хүн төрөлхтний дунд Бурханы хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг ойлгуулахын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон хийсэн ажлаар дамжуулан үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх, хэлбэр галбир бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр хүнд илчлэгддэг; ажлаар нь дамжуулан Түүний дүр харагдаж, зан чанар нь ил болдог. Энэ бол махбодоор хийхийг хүсдэг ажлынх нь ач холбогдол юм.
Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажил дуусмагц Тэр зөвт зан чанараа Харь үндэстнүүд даяар үзүүлж, Өөрийн дүрийг олон түмэнд харуулж эхэлнэ. Тэрээр зан чанараа харуулж, үүгээрээ өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, улмаар хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөнө. Махбод дахь Түүний ажил асар өргөн хүрээнд өргөждөггүйн шалтгаан нь (Есүс зөвхөн Иудейд ажиллаж байсан шиг өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажилладаг) махбод дахь Түүний ажил зааг, хязгаартай байдаг. Тэр ердөө богино хугацааны ажлыг эгэл жирийн, хэвийн махбодын дүрээр гүйцэтгэж байгаа; Тэр үүрдийн ажил хийж, эсвэл Харь үндэстнүүдийн ард түмэнд харагдах ажлыг хийхийн тулд Бурханы махбод болсон энэ биеийг ашиглаагүй. Махбод дахь ажил нь цар хүрээгээрээ л хязгаарлагдмал байж болох (зөвхөн Иудейд, эсвэл зөвхөн та нарын дунд ажиллах гэх мэт) бөгөөд дараа нь эдгээр хил хязгаар дотор хийгддэг ажлаар дамжин цар хүрээ нь өргөжиж болно. Мэдээж өргөжилтийн ажлыг Түүний Сүнс шууд гүйцэтгэдэг бөгөөд тэр үед Түүний махбод болсон биеийн ажил байхаа болино. Учир нь махбод дахь ажил хил хязгаартай байдаг ба орчлон ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй—үүнийг энэ нь биелүүлж чадахгүй. Махбод дахь ажлаар дамжуулан Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Тиймээс махбодоор хийдэг ажил нь тодорхой хил хязгаар дотор гүйцэлддэг, эхлэлийн чанартай байдаг; үүний дараа Түүний Сүнс уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, түүнчлэн өргөжүүлсэн цар хүрээнд үүнийг хийдэг.
Энэ газар дэлхий дээр Бурханы хийхээр ирдэг ажил нь зөвхөн эрин үеийг залж чиглүүлж, шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал юм. Тэрээр хүний амьдралын замналыг газар дээр амьдран харуулж, хүний ертөнц дэх амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, тодорхой нэг хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж, эсвэл хэн нэгний өсөж байгааг биечлэн харах гэж ирээгүй. Энэ бол Түүний ажил биш; Түүний ажил бол ердөө шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгох явдал. Өөрөөр хэлбэл, Тэр биечлэн шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь биечлэн төгсгөл болгоод, Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр Сатаныг ялна. Өөрийн ажлыг биечлэн хийх болгондоо Тэр тулааны талбарт хөл тавьж байгаа мэт байдаг. Эхлээд Тэр махбодод байхдаа дэлхий ертөнцийг ялан дийлж, Сатаныг ялдаг; Тэр бүх алдрыг эзэмшиж, бүхэл бүтэн хоёр мянган жилийн ажлын оршлыг эхлүүлж, тэгснээрээ газар дээрх бүх хүнийг алхах зөв замтай, амар амгалан, баяр хөөртэй амьдрах амьдралтай болгодог. Гэхдээ Бурхан газар дээр хүнтэй хамт удаан амьдарч чадахгүй, учир нь Бурхан бол Бурхан бөгөөд эцсийн эцэст хүнтэй адилгүй юм. Тэр насан туршдаа хэвийн хүний амьдралаар амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл, Тэр туйлын эгэл жирийн хүний байдлаар газар дээр оршин сууж чадахгүй, учир нь Түүний амьдралыг хангах эгэл жирийн хүний хэвийн хүн чанар Түүнд тун бага байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болж, үр хүүхдээ өсгөж чадах билээ? Энэ нь Түүний хувьд шившигтэй хэрэг болох биш үү? Түүнд байдаг хэвийн хүн чанар нь, жирийн хүний адилаар гэр бүл, ажил мэргэжилтэй болох боломжийг Түүнд олгохын тулд биш, хэвийн байдлаар ажиллах зорилготой байдаг. Түүний эрүүл ухаан, хэвийн оюун санаа, Түүний махбодын хэвийн хооллолт болон хувцаслалт нь хэвийн хүн чанартай гэдгийг нь батлахад хангалттай; хэвийн хүн чанартай гэдгээ нотлохын тулд Тэр гэр бүлтэй, эсвэл ажил мэргэжилтэй байх хэрэггүй. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд үгээ ойлгуулж, үгээ харуулж байгаа, өөрөөр хэлбэл, махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа юм. Хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах бус, харин эцсээ хүртэл дуулгавартай байх буюу Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах нь Түүний санаа зорилго билээ. Тэр зүгээр л махбодод ажиллаж байгаа; Тэрээр Өөрийнх нь махбодын агуу, ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд шаардаж байгаа юм биш, харин Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд харуулж байгаа юм. Тиймээс хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэр огт зарладаггүй, хийх ёстой ажилдаа л анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан махбод болсон ч Өөрийн хэвийн хүн чанарыг олон нийтэд зарлах юм уу гэрчлэхийн оронд яагаад зүгээр л хийхийг хүссэн ажлаа гүйцэтгэдэг болохыг та нар мэдэх ёстой. Тиймээс, бие махбодтой болсон Бурханаас та нар бурханлаг чанар нь юу болохыг л харж чадна; яагаад гэвэл, Өөрийнх нь хүн чанар бол хүний дуурайх зүйл гэж Тэр хэзээ ч зарладаггүй. Хүн бусдыг удирдах үедээ л тэдний бахдал бишрэл, дуулгавартай байдлыг илүү их олж авч, тэгснээрээ бусдыг манлайлахын тулд өөрөө хүн чанарын хувьд ямар вэ гэдэг тухайгаа ярьдаг. Гэтэл Бурхан гагцхүү Өөрийн ажлаар (өөрөөр хэлбэл, хүний хүршгүй ажил) дамжуулан хүнийг байлдан дагуулдаг; Тэр хүнээр гайхан бахдуулж, эсвэл хүнээр Өөрийгөө бишрүүлнэ гэж байхгүй. Харин Өөрийг нь хүндэтгэх сэтгэлийг, эсвэл Өөрийнх нь ойлгогдошгүй байдлыг мэдрэх мэдрэмжийг л хүнд шингээдэг. Бурханд хүнээр бишрүүлэх шаардлага байхгүй; зан чанарыг нь хармагцаа чи Түүнийг хүндэтгэх нь л Түүнд хэрэгтэй. Бурханы хийдэг ажил бол Түүний Өөрийнх нь; хүн Түүнийг орлон хийж чадахгүй, мөн үүнд хүрч ч чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж, хүнийг шинэ амьдрал руу хөтлөхийн тулд шинэ эрин үеийг эхлүүлж чадна. Бурханы хийдэг ажил нь хүнийг шинэ амьдралтай болгож, шинэ эрин үе рүү оруулахын төлөө байдаг. Үлдсэн ажлыг нь хэвийн хүн чанартай, бусдаар шагшигдан гайхагдсан хүмүүст хүлээлгэн өгдөг. Тиймээс, Нигүүлслийн эрин үед Тэрээр махбодод байсан гучин гурван жилийнхээ ердөө гурван жил хагасын хугацаанд л хоёр мянган жилийн ажлыг гүйцэлдүүлсэн юм. Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхээр газар дээр ирэх үедээ хоёр мянган жилийн ажлыг буюу бүхий л эрин үеийн ажлыг ердөө хэдхэн жилийн дотор үргэлж дуусгадаг. Тэрээр хойшлуулдаггүй ба сунжруулдаггүй; цөөн хэдхэн жилийн дотор хийж дуусгах гэсэндээ л олон жилийн ажлыг товчилдог. Яагаад гэвэл, Түүний биечлэн хийдэг ажил бүхэлдээ, шинэ замыг нээж, шинэ эрин үеийг удирдахын төлөө байдаг билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?