Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Түүнийг сэтгэл хангалуун байлгаснаар, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлснээр Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байгаа тохиолдолд Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, ашиглах үед энэ нь түүнийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Энэ хүнд сул талууд байдаг хэдий ч тэдгээр сул талд үндэслэн амьдрахаас зайлсхийж чаддаг. Тэрээр өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас зайлсхийж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсээр байж чадна. Энэ бол стандарт мөн. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь хангалттай нотолдог. Хэрвээ хүн үргэлж сөрөг байвал, мөн хэрвээ гэгээрэл хүлээн авч, өөрийгөө мэдэж авсны дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр үлдээд, өндийн босож, Бурхантай хамт үйлдэж чадахгүй бол ийм төрлийн хүн ердөө Бурханы нигүүлслийг хүлээн авдаг боловч Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Хүн сөрөг байх үед энэ нь, түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүгд ойлгох ёстой.

Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх л юм бол үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул чинь үр дүнгээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирдэг учраас, маш олон талаар дутуу дулимаг гэдгээ үргэлж мэдэрч, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байдаг, мөн Бурханы хүсэлд бүх анхаарал халамжаа өгөх ёстой гэдгээ үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Тэдгээр нь чамайг амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хүнд оргидог (гэхдээ чи идэвхгүй байдалд байдаггүй). Ийм хүмүүс л Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авч, Бурханы Сүнсээр хөдөлгөгдөх эрхтэй. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно. Учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг боловч бас хүмүүст дур зоргоороо, эсвэл болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу хараахан бүрэн эргээгүй, тиймээс амь зан чанарт нь мөн л ямар ч томоохон өөрчлөлт гараагүй. Яагаад гэвэл, тэд зөвхөн Бурханы нигүүлсэл дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурханаар ашиглуулахын тулд хүмүүсийн хүрэх ёстой шалгуур энэ: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэж, тэд Бурханы үгийн ачаа үүрч, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрж хайх шийдвэртэй байдаг. Ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг удаа дараа олж авч чаддаг. Бурханы ашигладаг хүмүүс гаднаа бодлогогүй мэт, бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг боловч тэд ёс зүйтэй ярьдаг, хайхрамжгүй ярьдаггүй бөгөөд зүрх сэтгэлээ Бурханы өмнө үргэлж тайван байлгаж чаддаг. Яг ийм хүн л Ариун Сүнсээр ашиглагдахад тохирдог. Бурханы ярьдаг энэ “бодлогогүй” хүн бусадтай хэвийн харилцаагүй мэт харагддаг бөгөөд тэдэнд гадаад талын хайр эсвэл гаднах дадал байдаггүй боловч сүнслэг хэрэг явдлын талаар ярилцах үедээ зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнөх бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханыг гэх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангалуун болгодог. Бусад хүмүүс бүгд тэднийг дооглож, гүтгэж байхад тэд гаднын хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлст хянагдахаас зайлсхийж чаддаг бөгөөд Бурханы өмнө тайван байж бас л чаддаг. Ийм хүн өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусад хүн юу хийхээс үл хамааран тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад нь элдвийг ярьж, инээлдэн хөгжилдөж байхад тэдний зүрх сэтгэл мөн л Бурханы өмнө үлдэж, Бурханы үгийг эргэцүүлж, эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхэн Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайдаг. Тэд бусадтай хэвийн харилцаатай байхад хэзээ ч ач холбогдол өгдөггүй. Ийм хүн амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Гаднаа энэ хүн цовоо сэргэлэн, дур булаам, гэнэн байдаг ч бас аядуу тайван мэдрэмжтэй байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний төрх билээ. Амьдралын гүн ухаан, эсвэл “хэвийн эрүүл ухаан” гэх мэтийн зүйлс ийм хүнд ердөө нэмэргүй; энэ нь бүх зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулсан хүн бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан л байгаа мэт байдаг. Энэ бол “эрүүл ухаангүй” гэж Бурханы хэлдэг төрлийн хүн бөгөөд яг ийм хүнийг Бурхан ашигладаг. Бурханаар ашиглагдаж байгаа хүний шинж тэмдэг бол: Хэзээ, эсвэл хаана байх нь хамаагүй түүний зүрх сэтгэл үргэлж Бурханы өмнө байдаг бөгөөд бусад хүмүүс хэр садар самуун байж, шунал тачаал, махан биеэ хэр их өөгшүүлэх нь хамаагүй, энэ хүний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй хэвээр бөгөөд олон нийтийг дагадаггүй. Ийм төрлийн хүн л Бурханаар ашиглагдахад тохирдог бөгөөд энэ төрлийн хүнийг л Ариун Сүнс төгс болгодог. Хэрвээ чи эдгээр зүйлд хүрч чадахгүй бол Бурханаар авхуулж, Ариун Сүнсээр төгс болгуулах эрхгүй.

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу? Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь мулгуу, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй; ийм хүний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн сөрөг талуудаа мэдсэний дараа тэдгээрээс салах боломжийг хүнд олгодог. Бурханд зүрх сэтгэлээ өгөх хэмжээнд хүрэх үедээ чи сүнснийхээ доторх нарийн хөдөлгөөн бүрийг ухамсарлаж чадах бөгөөд Бурханаас хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлт бүрийг мэдэх болно. Үүнээс зуураад чи Ариун Сүнсээр төгс болгуулах зам руу аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүр улам хэвийн болно. Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм. Хэрвээ чи сүнс чинь хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй л нөхөрлөл хийхийг үргэлж хүсдэг бол, хэрвээ өөр хүн эрэлхийлж байгаа ч чамд таалагддаггүй, чи түүнийг ялгаварлаж, түүнтэй харилцдаггүй бол чи сэтгэл хөдлөлдөө автдаг бөгөөд чамд Бурхантай харилцах хэвийн харилцаа огт байхгүй гэдгийг энэ нь илүү их нотолдог. Чи Бурханыг мэхэлж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг ч гэсэн буруу санаа зорилго өвөрлөдөг бол хийдэг бүхэн чинь хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус, махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй хэвийн харилцаатай байж чаддаг бол тэр үед л Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, бусадтай яаж харилцаж байгаа чинь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу биш, харин Бурханы өмнө, Бурханы ачааг хайхардаг байдлаар амьдрах явдал байх болно. Та нарын дунд ийм хүн хэчнээн байдаг вэ? Бусадтай харилцах харилцаа чинь үнэхээр хэвийн үү? Энэ нь юун дээр үндэслэдэг вэ? Чиний дотор амьдралын гүн ухаан хэр их байдаг вэ? Тэдгээрийг хаясан уу? Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэж чадахгүй бол чи Бурханых биш—чи Сатанаас ирсэн бөгөөд эцэстээ мөн л Сатан руу буцаж очно. Чи Бурханы ардуудын нэг байхад тохирохгүй. Чи энэ бүгдийг анхааралтай авч үзэх шаардлагатай.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих