Бурхан, хүн хоёрын харилцааг залруулах нь чухал (I хэсэг)

Бурхантай хэвийн харилцаа тогтооход хамгийн чухал зүйл бол Бурханы үгэнд хэрхэн хандах тухай асуудал юм. Бурхан ямар ч хэлбэрээр, ямар ч сэдвээр, ямар ч хэмжээгээр ярьж байгаа нь хамаагүй, үнэндээ Түүний хэлдэг бүхэн хүнд хамгийн их хэрэгтэй зүйл, хүний ойлгох ёстой зүйл бөгөөд хүмүүс үүгээр зэвсэглэх ёстой. Түүнээс гадна, Бурханы хэлсэн үг хүний оюун ухаан, хүний бодол санаа, өөрөөр хэлбэл хүний төрөлх чадвараар бүрэн хүрэх боломжтой. Бурханы үг хүнд тодорхой, ойлгомжтой байдаг. Бурхан юу ч хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, Ариун Сүнс хүн дээр ажилласан, эсвэл Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс, орчныг зохицуулсан ч бай, энэ нь хүний төрөлх чадварын цар хүрээ юм уу бодлын хүрээнээс хэтэрдэггүй; харин ч тодорхой, жинхэнэ, бодит байдаг. Хэрвээ хүн үүнийг ойлгохгүй аваас түүнд ямар нэгэн асуудал байна. Энэ нь тэр хүн дэндүү муу хэв чанартай гэсэн үг юм. Ямар ч тохиолдолд Бурханы ярих арга барил, өнгө аяс, ярианых нь сэдэл болон хүнд өгдөг бүх үг нь Бурханд итгэгчдийн ойлгох ёстой бүх зүйл бөгөөд бүгдээрээ хүнд ойлгомжтой байдаг. Учир нь Бурхан хүнтэй ярьдаг, хүний хэлээр ярьдаг бөгөөд Өөрийн эдгээр үгийг илэрхийлэхдээ аль болох хүмүүст хүртээмжтэй, дөхөмтэй олон янзын ярианы хэл, үгийн санг ашиглан тэдгээрийг дамжуулж, хүмүүсийг хангадаг, ингэснээр өөр өөр бодол санаа, харах өнцөгтэй, янз бүрийн түвшинд бичиг үсэгт тайлагдсан, өөр өөр боловсрол, гэр бүлийн суурьтай хүмүүс бүгд тэдгээрийг ухамсарлаж, ойлгож чадна. Бурханы хэлдэг энэ бүх үгэнд чиний ойлгох ёстой нэг зүйл бий: Түүний үгэнд хэт нарийн төвөгтэй юм уу хийсвэр зүйл байхгүй, хүний ойлгож чадахгүй үг нэг ч байхгүй. Хүн тодорхой хэв чанартай бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлэх, туулахад анхаарлаа төвлөрүүлдэг л бол үнэний тухай ойлголтод хүрч, Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы илэрхийлдэг үнэн Бурханаас ирдэг боловч тэдгээрийг илэрхийлэхдээ ашигладаг хэлний хэлбэрүүд, тодорхой үг хэллэг нь хүртэл бүгд хүний хэл юм. Тэдгээр нь хүний хэлний хил хязгаараас хальдаггүй. Бурхан ямар хэлбэрээр үгээ хэлдэг, эсвэл ярихдаа ямар арга барил, өнгө аяс ашигладаг, үг хэллэг нь Өрнө эсвэл Дорноос гаралтай эсэх, эртний эсвэл орчин үеийн хүний хэлээр ярьдаг эсэхээс үл хамааран Бурханы ярианд хүн төрөлхтөнд ойлгомжгүй юм уу хүний бус ямар нэгэн хэл байдаг уу? (Байдаггүй.) Өнөөг хүртэл хэн ч олоогүй. Зарим хүн: “Тийм биш; би ‘зөвт байдал’ ба ‘сүр жавхлан’ гэх хоёр тийм үг олсон” гэж хэлдэг. “Зөвт байдал”, “сүр жавхлан” гэдэг нь бурханлаг мөн чанарын нэг талын тухай хоёр тодорхойлолт буюу илэрхийлэл боловч энэ үгс хүмүүсийн дунд ч бас байдаг биш үү? (Тийм ээ, байдаг.) Энэ хоёр үгийг хэчнээн ойлгодог байлаа ч чи ядаж л тэдгээрийн хамгийн үндсэн, анхны тодорхойлолтыг толь бичгээс олж, тэдгээр хамгийн анхны тодорхойлолтыг Бурханы мөн чанар, зан чанар, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харьцуулж болно, ийн хослуулснаар тэдгээр үг хүмүүст илүү бодитой болж, хийсвэр байхаа больдог. Бурханы үгэн дэх эдгээр үгийн баримт, тайлал, тайлбарын урт дүрслэлтэй үүнийг хослуулснаар тэдгээр үг бүх хүнд илүү бодитой, дүрслэлийн хувьд илүү тод, илүү жинхэнэ болж, хүмүүсийн мэдэх учиртай Бурханы мөн чанар, эзэмшил, оршихуйд улам ойр болдог. Иймээс, Бурханы зан чанар гэх мэт зүйлтэй холбоотой нэр томьёо, үг хэллэг нь та нарт хийсвэр, эсвэл нууцлаг биш юм шиг санагддаг. Тэгвэл Надад хэл дээ: Хүний ердийн хэрэгжүүлэлт, алхаж буй зам, үнэн-зарчмыг хөнддөг тэдгээр үнэнд ямар нэг хийсвэр зүйл бий юу? (Байхгүй.) Дахин хэлэхэд үүнд ямар ч хийсвэр зүйл байхгүй.

Би үгээ илэрхийлж, номлол айлдаж эхэлснээсээ хойш та нарыг үнэнийг илүү сайн ойлгоосой гэсэндээ номлож, үнэний талаар нөхөрлөж, үнэн-зарчмыг хэлэлцэхийн тулд хүний хэлийг буюу хүмүүсийн ойлгож, харилцаж, ухамсарлаж чадах хэлийг ашиглахын тулд асар их хүчин чармайлт гаргасан. Энэ нь хүн чанарт илүү ойр биш үү? Та нарт ямар давуу талтай вэ? Энэ нь та нарт илүү их үнэнийг илүү сайн ойлгуулж чаддаг. Ингэж ярьж байгаа Миний зорилго юу вэ? Та нарт илүү баялаг, илүү олон янзын хэлийг сонсох боломж олгож, дараа нь тэр олон янзын хэлийг ашиглан хүмүүст үнэнийг ойлгоход илүү хялбар болгох зорилготой бөгөөд ингэснээр хүмүүст нэгэн хэвийн санагдахгүй. Библи, Хуучин болон Шинэ Гэрээний олон янзын хэл нь ялгаагүй, бүгд нэг төрлийн өвөрмөц хэллэгт багтдаг, ингэснээр хүмүүс зарим үг нь Библийнх, Библиэс гаралтай гэдгийг ганц хараад л таньж чадна. Эдгээр үгэнд ямар нэгэн шинж тэмдэг, эсвэл бэлгэдэл байдаг. Миний хийдэг зүйл бол өнөөгийн хэлний хэв маяг, үг хэллэгийг бэлгэ тэмдгийн шинж чанаргүй болгохоор чармайх явдал, тэгж байж л хүмүүс энэ хэл нь библийн өвөрмөц хэллэгээс давж гарсныг харж чадна. Хэдий хүмүүс Бурханы хэлсэн үгийн агуулга, өнгө аясаас харахад үүний эх сурвалж болон Библи дэх Бурханы хэлсэн үг нэг юм шиг санагдаж болох ч энэ нь Библи, Хуучин Гэрээ, Шинэ Гэрээнээс давж, олон мянган жилийн туршид бүх сүнслэг хүмүүсийн хэрэглэж байсан сүнслэг нэр томьёоноос ч илүү өндөр түвшинд хүрсэн гэдгийг үг хэллэгээс нь харж болно. Тэгвэл Бурханы одоо ярьж байгаа үг хэллэг дунд ямар нэр томьёо байдаг вэ? Тэдгээрийн зарим нь хүмүүсийн байнга хэрэглэдэг эерэг, сайшаасан хэл байдаг бол өөр зарим үг, хэл нь хүний завхарсан зан чанарыг илчилж, илэрхийлэхэд илүү тохиромжтой байдаг. Мөн уран зохиол, хөгжим, бүжиг, орчуулга гэх мэт зүйлтэй хамааралтай мэргэжлийн зүйлс ч бий. Энэ нь Миний хэлдэг үнэн бодит амьдрал, хүмүүсийн гүйцэтгэдэг үүрэгтэй нягт холбоотой бөгөөд үнэн аль ч талаараа хүмүүсийн бодит амьдрал, гүйцэтгэдэг үүрэгтэй салшгүй холбоотой гэдгийг, үүргийн цар хүрээ, эсвэл мэргэжлийн ноу-хаунаас нь үл хамааран, хэн бүхэнд мэдрүүлэх зорилготой юм. Иймээс эдгээр үнэн та нарт асар их тус болдог биш үү? (Тийм.) Хэрвээ Би ийм зүйлд санаа тавьдаггүй, орчуулга, кино, урлаг, зохиол, хөгжмийн сэдэвтэй холбоотой ямар ч зүйлээс эрс зайлсхийж, ийм үгсийг хэзээ ч ашиглалгүй, тэдгээрээс зориуд зайлсхийдэг байсан бол Өөрийн ажлыг сайн хийж чадах байсан уу? Хэрвээ тийм байсан бол Би ажлынхаа нэг хэсгийг хийж чадах байсан ч та нартай харилцахад хэцүү байх байлаа. Тиймээс Би ийм хэлийг судалж, эзэмшихийн тулд маш шаргуу ажилладаг. Нэг талаар, энэ нь та нарын мэргэжлийн ажлын онол, зарчмуудад тусалж чадна; нөгөө талаар, эдгээр чиглэлээр үүргээ гүйцэтгэх үедээ, үүрэгтэй чинь холбоотой мэргэжлийн ажил үнэнээс салшгүй гэдгийг мэдрэхэд чинь тусалдаг. Мэргэшил чинь юу ч бай, ямар ч давуу талтай бай, ямар ч мэргэжлээр суралцдаг бай, чи эдгээр үгийг уншиж, ойлгож чадах бөгөөд үүргээ гүйцэтгэх зуураа үнэнд орох зорилгод хүрэх боломжийг энэхүү үнэн чамд олгодог. Энэ сайн зүйл биш үү? (Мөн.) Энэ бол сайн зүйл. Тэгвэл яаж ийм сайн үр дүнд хүрч болох вэ? Энэ нь Бурханаас хүн чанартаа зарим зүйлийг эзэмшихийг шаарддаг. Тэдгээр нь юу вэ? Бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанар янз бүрийн мэргэжлийн салбарын талаар бага зэрэг ойлгох ёстой, гэхдээ Би үүнийг эзэмшихийн тулд шаргуу ажиллаж, эдгээр зүйлийг судлах шаардлагагүй. Зүгээр л Би үнэний талаар нөхөрлөж, Бурханыг гэрчлэх үедээ бүх салбарын мэдлэгийг ашиглаж чаддаг байх ёстой. Энэ нь аль ч салбарын хүмүүст Бурханы гэрийн гэрчлэл, түүнчлэн Бурханы гэрийн олон янзын дэлгэцийн бүтээлүүдийг ойлгож, үнэлэх боломжийг олгодог болохоор сайн мэдээг түгээх ажилд маш их ашиг тустай байдаг. Хэрвээ Би үнэний тухай нөхөрлөхдөө зөвхөн Бурханы гэрийн хэлийг ашиглаад, нийгмийн янз бүрийн, тусгай салбаруудын хэл болон мэдлэгийг ашиглаагүй бол үр дүн тун муу байх байлаа. Иймээс энэ ажлыг сайн хийхийн тулд Би юунд хүрэх ёстой вэ? Би тодорхой хэмжээний мэргэжлийн мэдлэгтэй байх ёстой, тиймээс Би заримдаа дуу сонсож, мэдээ үзэж, сэтгүүл уншиж, хааяа сонин уншдаг. Заримдаа Би бас шүтлэггүй хүмүүсийн зарим хэрэг явдалд анхаарал хандуулдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэрэг явдал нь олон янзын зүйлийг хамардаг бөгөөд тэдний зарим хэл Бурханы гэрт байдаггүй—гэхдээ энэ хэлийг номлолын хэл болгон ашиглавал заримдаа маш үр дүнтэй байж, та нарт тусалж, Бурханд итгэх итгэлийн зам өргөн, нэгэн хэвийн биш, сонирхолгүй бус гэдгийг та нарт мэдрүүлнэ. Энэ нь та нарт асар их тус болох бөгөөд та нар үүнээс зарим хэрэгтэй зүйлийг сурах ёстой. Хэдийгээр та нарын ихэнх нь амжилттай сурч чадахгүй ч хангалттай хэв чанартай хүмүүс зарим хэрэгцээтэй зүйлийг сурч чадах бөгөөд тэгэх нь үүргээ гүйцэтгэхэд нь тус болно. Хийх юмгүй үедээ Би мэдээ үзэж, хөгжим сонссоноор санаандгүйгээр зарим зүйлийг сурдаг. Энэ нь онцгой хүчин чармайлт шаарддаггүй; Би чөлөөт цагаараа зүгээр л юм сурч, үзэж, сонсож, заримыг нь өөрийн мэдэлгүй эзэмшдэг. Эдгээр зүйлийг эзэмшсэн минь ажилд нөлөөлөх үү? Өчүүхэн ч нөлөөлөхгүй—үнэндээ Би тэгэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь Бурханы гэрийн ажилд болон сайн мэдээг түгээхэд тустай. Би эдгээр асуудлыг та нарт хэлж байгаа нь ямар утгатай вэ? Бурханы хэлдэг эдгээр үг та нарт ойр дөхөм байх ёстой, тэдгээр нь бүгд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар байх ёстой. Ядаж л эдгээр нь хүн чанарт байх ёстой зүйл юм. Эдгээрийг хүн чанарт байх ёстой зүйл гэж хэлэхдээ Би Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг илэрхийлэх үед тэдгээр нь Түүний хүн чанараар дамжин аль хэдийн боловсруулагдсан гэж хэлж байгаа юм. “Боловсруулагдсан” гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээ татвал, цайруулсан улаан буудайг тээрэмдэж, нунтаглаад гурил болгон талх, бялуу, гоймон хийдэгтэй адилхан. Боловсруулсны дараа эдгээр зүйлийг та нарт өгдөг бөгөөд эцэстээ та нарын идэж уух зүйл бол эцсийн бүтээгдэхүүн, бэлэн хоол юм. Үүнд та нарын оролцоо юу вэ? Та нарын оролцоо бол өнөөдөр Бурханы хэлж буй үгийг бүгдийг нь аль болох хурдан идэж уух явдал. Илүү ихийг идэж ууж, илүү ихийг хүлээн авч, бага багаар туулж, боловсруулж, шингээж ав. Тэдгээрийг өөрсдийн амь, өөрсдийн биеийн хэмжээ болгон хувирга, Бурханы үг өдөр тутмын амьдралыг чинь болон гүйцэтгэдэг үүргийг чинь захираг. Бурханы хэлдэг бүх үг хүн чанарын хэл дээр байдаг бөгөөд ойлгоход амархан хэдий ч доторх үнэнийг нь ойлгох, ороход маш амаргүй; хэлийг нь ойлгоход хялбар ч үнэн рүү орох нь олон үе шаттай үйл явц юм. Бурхан маш олон үг хэлж, хүнийг өдий хүргэсэн бөгөөд Түүний хэлсэн үг бүр та нарын дотор бага багаар биеллээ олж байна, мөн Түүний илэрхийлдэг үнэн, түүнчлэн хүмүүсийг үнэнд орж, авралын замд хөл тавих үед нь залж чиглүүлдэг үйл явц та нарын дотор нэлээд тодорхой, ойлгомжтойгоор бага багаар бодит болж, биеллээ олж байна. Ийм үр дүн та нараас бага багаар харагддаг. Үүнд ямар ч хийсвэр зүйл байхгүй. Одоо, Бурханы үгс хүн чанараар нь дамжин хэрхэн боловсруулагддагийг бодохоо больцгооё. Энэ үйл явцыг судлах шаардлагагүй—хүний судалгаа нэвтэрч чадахгүй нууцлаг зүйл үүнд бий. Үнэнийг хүлээн авахаа л бод. Энэ бол хамгийн мэргэн сонголт, хамгийн зөв хандлага юм. Үргэлж юмыг судлахыг хүсэх нь нь ямар ч ашиггүй. Энэ бол цаг хугацаа, хүчин чармайлтын гарз. Үнэн бол шинжлэх ухаанаар нээж илрүүлэх нь бүү хэл, судалж байж олж авдаг зүйл биш. Үүнийг Бурхан шууд илэрхийлдэг бөгөөд зөвхөн туршлагаар л ойлгож, мэдэх боломжтой. Хүн Бурханы ажлыг туулснаар л үнэнийг олж авч чадна. Хэрвээ хүн аливаа зүйлийг судлахын тулд оюун санааны үйл явцыг л ашигладаг боловч хэрэгжүүлдэггүй, туршлагагүй бол үнэнийг олж авч чадахгүй. Бурханы үгэнд хандах эерэг хандлага нь аливаа зүйлийг судлахгүй байхаас өөр юу байж болох вэ? Хүлээн авах, хамтран ажиллах, тууштай дуулгавартай байх. Үнэхээр судлах шаардлагыг хамгийн их хангасан хүн гэж байдаг бол тэр нь Би, гэхдээ Би хэзээ ч тэгдэггүй. Би хэзээ ч “Эдгээр үг хаанаас гаралтай вэ? Хэн Надад хэлсэн бэ? Би эдгээрийг яаж мэддэг вэ? Би хэзээ мэддэг болсон бэ? Бусад хүн эдгээрийг мэддэг үү? Намайг энийг хэлсний дараа үр дүн гарах болов уу? Эдгээрээс юу гарах вэ? Би маш олон хүнийг удирддаг—хэрвээ Би эцэст нь хүссэн үр дүндээ хүрэхгүй бол, тэднийг авралын замд хөтлөхгүй бол яах вэ?” гэж хэзээ ч хэлдэггүй. Надад хэл дээ—эдгээр зүйлийг судлах хэрэгтэй юу? (Үгүй ээ, хэрэггүй.) Би эдгээр зүйлийг хэзээ ч судалдаггүй. Би юу ч ярихыг хүссэн, та нарт юу ч хэлэхийг хүссэн шууд л хэлдэг. Би оюун санаагаараа судлах үйл явцыг дамжих шаардлагагүй. Миний бодолцож үзэх ёстой бүхэн бол үүнийг тодорхой нэг байдлаар хэлбэл та нар ойлгож чадах эсэх; Би илүү тодорхой ярих шаардлагатай эсэх; та нар илүү тодорхой мэдээлэл, илүү тодорхой хэрэгжүүлэлтийн замыг олж авахын тулд Би илүү олон жишээ, түүх ярих шаардлагатай эсэх; та нар Миний хэлснийг ойлгосон эсэх; Миний үгийн сонголт, ярианы хэв маяг, өнгө аяс, эсвэл Миний хэл зүй юм уу үг хэллэг дэх ямар нэг зүйл та нарыг буруугаар ойлгоход, эсвэл будилахад хүргэсэн эсэх; эсвэл Миний яриан дахь ямар нэгэн зүйл та нарт хийсвэр, нууцлаг, хоосон мэт санагддаг эсэх юм. Би зөвхөн эдгээр зүйлийг ажиглаж, бодолцож үзэх хэрэгтэй. Би үлдсэнийг нь судалдаггүй. Миний хувьд аливаа зүйлийг судлахгүй байх нь хэвийн зүйл, харин та нарын хувьд хэвийн үү? Та нарын хувьд аливааг судлах нь нэлээд хэвийн; судлахгүй байх нь хэвийн бус байх болно. Энэ нь завхарсан хүн төрөлхтний зөн совин, уг чанарын хүслээс үүдэлтэй. Та нар бүх зүйлийг судалж үзэх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдвэрлэж чадах нэг зүйл бий: Хүн аажмаар Бурхантай харилцдаг болохын хэрээр хүн, Бурхан хоёрын хоорондох харилцаа улам хэвийн болж, хүн өөрийн байрыг зөв тогтоож, Бурханд өөрийн зүрх сэтгэл дэх зөв байр суурийг өгдөг. Энэ нь улам сайжирч, улам хор хөнөөлгүй болохын хэрээр Бурханы хийдэг зүйлийн талаарх хүний ухамсар, мэдлэг, итгэлтэй байдал, хүлээн авах байдал нь тодорхой хэмжээнд гүнзгийрэх бөгөөд ингэхийн хэрээр бие махбодтой болсон Бурханы талаарх хүний итгэлтэй байдал, ухамсар, мэдлэг, хүлээн зөвшөөрөх байдал ч бас гүнзгийрнэ. Эдгээр зүйл гүнзгийрэх тусам Бурханыг судалж, эргэлзэх чинь улам багасаж, буурна.

Хүн яагаад Бурханыг судалдаг вэ? Учир нь хүмүүст Бурханы талаарх дэндүү олон үзэл, төсөөлөл, хэтэрхий олон тодорхойгүй хүчин зүйл, эргэлзээ, үл ойлгогдох зүйл, ухааршгүй зүйл, нууцлаг зүйл байдаг тул тэд судалж учрыг нь олохыг хүсдэг. Гадаад үзэгдэл, тусгай мэдлэг, оюуны дүгнэлтийг ашиглан хийсэн аливаа судалгаа чинь ойлголтод хөтлөхгүй; чи ихээхэн хүчин чармайлтаа дэмий үрж, Бурхан болон үнэн юу болохыг ойлгохгүй хэвээр байх болно. Харин үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд үр дүнд хүрч, Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч, эмээсэн, дуулгавартай зүрх сэтгэлтэй хэдхэн жил л шаардагддаг. Зарим хүн Бурханы үг бодитой эсвэл баримттай гэдэгт итгэдэггүй, тиймээс тэд үргэлж Бурханыг, Бурханы үгийг, тэр ч байтугай бие махбодтой болсон Бурханыг судлахыг хүсдэг. Амийн болон сүнсний хэрэг явдлыг судлах боломжгүй. Чи эдгээр үнэнийг туулж, бүх оюун ухаан, төлдөг бүх төлөөс, бүх анхаарлаа үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэхэд зориулах өдөр ирэхэд чи авралын замд орсон байх бөгөөд бие махбодтой болсон Бурханыг судлахаа болино. Өөрөөр хэлбэл, Тэр хүн үү, Бурхан уу гэдэг асуултын хариулт тэр үед олдоно. Түүний хүн чанар хэчнээн хэвийн байсан ч, Тэрээр жирийн хүмүүстэй хэчнээн адилхан байсан ч энэ нь чухал байхаа болино. Хамгийн гол нь чи эцэст нь Түүний бурханлаг мөн чанарыг олж мэдэж, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн зөвшөөрнө, тэр үед л чи энэ хүн бол Бурханы махбод болсон бие гэдгийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн авна. Цөөн хэдэн баримт, цөөн хэдэн үйл явц, цөөхөн туршлага, бүдэрч, бүтэлгүйтсэнээс сурсан цөөн хэдэн сургамжаасаа үүдэн чи сэтгэлийнхээ гүнд үнэнийг жаахан ойлгож, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч чаддаг болно. Чи энэ хүнд эргэлзэж, судлахаа больж, харин Тэр бол бодит Бурхан гэдгийг, энэ нь маргашгүй баримт болон шийдэгдсэн гэдгийг мэдэрнэ. Дараа нь чи Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр зөнгөөрөө хүлээн авна. Түүний хүн чанар хэчнээн хэвийн байсан ч, Тэр жирийн хүн шиг ярьж, үйлддэг, өчүүхэн ч ер бусын, агуу биш ч гэсэн чи Түүнд эргэлзэхгүй, Түүнийг басамжлахгүй. Урьд нь чи бие махбодтой болсон Бурханыг үзэлтэй чинь нийцдэггүй гэж боддог, Түүнийг судалж, басамжилж, дооглож, зүрх сэтгэлдээ тоодоггүй байсан—харин өнөөдөр бүх зүйл өөр. Өнөөдөр чи Түүний үгийг таашаан, анхааралтай сонсонгоо Түүний илэрхийлсэн бүхнийг өөр үзэл бодлоор хүлээн авдаг. Тэгвэл тэр чинь ямар үзэл бодол вэ? “Би бол бүтээгдсэн зүйл. Христ өндөр биш, дуу хоолой нь чанга биш, мөн Тэр огт онцгой харагдахгүй байж болох ч Түүний ялгамж чанар минийхээс өөр. Тэр бол завхарсан хүн төрөлхтний гишүүн биш; Тэр бидний нэг биш. Бид Түүнтэй эн тэнцүү биш, адилхан түвшнийх ч биш.” Энэ нь урьдын үзэл бодлоос чинь ялгаатай. Энэ ялгаа яаж үүсдэг вэ? Чи дотоод сэтгэлийнхээ гүнд, анх хүлээн авахгүй, өөрийн эрхгүй судалдаг байснаа Түүний үгийг амь, хэрэгжүүлэлтийн зам болгон хүлээн авах, Түүнд үнэн байгаа гэдгийг мэдрэх; Тэр бол үнэн, зам, амь мөн гэдгийг мэдрэх; Түүнд Бурханы сүүдэр, Бурханы зан чанарын илчлэл байгааг мэдрэх; мөн Бурханы даалгавар, ажил нь Түүний биед байгаа мэт санагдах байдал руу шилждэг. Тэр үед чи Түүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хүлээн авсан байх болно. Түүнд үзүүлэх аливаа хариу үйлдэл болон хандлага чинь бүтээгдсэн зүйлд байх учиртай зөн совин, зөв хариу үйлдэл болох үед чи махбод дахь энэ хүний Хүүд Бурхан мэт хандаж чаддаг болох бөгөөд яагаад ээж, аавынхаа хүүхэд болон төрсөн, яагаад тэдэнтэй адилхан харагддагаа судалдаггүйн адилаар чамд Түүнийг судал гэж хэлсэн ч гэсэн Түүнийг цаашид судлахаа болино. Чи энэ цэгт хүрмэгцээ зөнгөөрөө ийм зүйлийг судлахаа болино. Эдгээр нь чиний өдөр тутмын амьдралын цар хүрээтэй холбоотой сэдэв биш бөгөөд цаашид асуудал байхаа болино. Эдгээр зүйлд хандах хандлага чинь анхны, судалгааны болзолт рефлексээс зөнгөөрөө судлахгүй байх явдал болж хувирсан бөгөөд зөн совин чинь ийн өөрчлөгдсөнөөр бие махбодтой болсон Бурханы байр суурь болон хэмжээ ямар ч хүнээр орлуулшгүй улам өндөрт очиж, зүрх сэтгэлийн чинь доторх Бурхан Өөрөө болж, Бурханы байр суурьтай болно. Тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүрэн хэвийн болно. Яагаад? Учир нь чи сүнслэг ертөнцийг харж чадахгүй бөгөөд ямар ч хүний хувьд сүнслэг ертөнцийн Бурхан харьцангуй хийсвэр байдаг. Тэр хаана байдаг, Тэр ямархуу байдаг, хүнд хандах Түүний хандлага ямар байдаг, хүнтэй ярилцахдаа Түүний илэрхийлэл ямар байдаг—хүмүүс эдгээрийн алийг нь ч мэдэхгүй. Өнөөдөр чиний өмнө зогсож байгаа Нэгэн бол хэлбэр, төрхөөрөө хүн, Тэрээр Бурхан гэж нэрлэгддэг. Эхэндээ чи Түүнийг ойлголгүй, эсэргүүцэж, эргэлзэж, таамаглаж, үл ойлгож, тэр ч байтугай басамжилдаг; дараа нь чи Түүний үгийг туулж, улмаар тэдгээрийг амь, үнэн, хэрэгжүүлэлтийн зарчим, явах замынхаа зорилго, чиглэл болгон хүлээн авдаг; тэгээд дараа нь энэ бодитой хүнийг яг л чиний зүрх сэтгэл дэх үл үзэгдэх Бурханы биеллээ олсон дүр мэтээр, хүлээн авдаг. Үүнийг мэдрэх үед Бурхантай харилцах харилцаа чинь хоосон байх уу? (Үгүй.) Үгүй, тэгэхгүй. Чи Бурханыг тодорхой бус, үл үзэгдэх дүр төрх гэж үздэг байснаа Түүнийг хүмүүсийн дундах хэн ч тоож харахгүй хүн буюу махбод болох хүртэл бодитой болгоод, Түүнтэй бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн харилцаагаа хадгалж чаддаг хэвээр байвал Бурхантай харилцах харилцаа чинь тун хэвийн байх болно. Тэгвэл чи Түүнд юу ч хийсэн, энэ нь үндсэндээ бүтээгдсэн зүйлээс зөнгөөрөө гарах ёстой хариу үйлдэл байх болно. Чамаас шаардсан ч чи Түүнд эргэлзэж чадахгүй, Түүнийг судалж ч чадахгүй; “Бурхан яагаад тэгж ярьдаг юм бэ? Түүний илэрхийлэл яагаад тийм байдаг вэ? Тэр яагаад тэгж инээмсэглэж, тийн авирладаг вэ?” гэж хэлээд, Түүнийг судлах гэж оролдохгүй. Эдгээр нь чиний хувьд туйлын хэвийн зүйл байх болно. Чи өөртөө “Бурхан ийм байдаг, ийм байх ёстой—тийм ээ! Тэр юу ч хийсэн миний Түүнтэй харилцах харилцаа хэвийн байх бөгөөд өөрчлөгдөхгүй” гэж хэлнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих