Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт (I хэсэг)

Яг одоо та нар бүгдээрээ амь-оролтынхоо хувьд замтай, ахиц дэвшилтэй байна уу? Амь-оролтын ахиц дэвшлийн шинж тэмдгүүд юу болохыг та нар мэдэх үү? Сүнслэг байдлын чинь ямар өөрчлөлтүүд, эсвэл урьд нь чамд байснаас өөр ямар илрэлүүд амийн хувьд өссөн гэдгийг чинь чамд мэдрүүлж, ах эгч нарт чамайг өсөж, зан чанар чинь өөрчлөгдөж эхэлсэн гэдгийг харуулдаг вэ? Сүнслэг байдлыг харвал хүн амь-оролтдоо өсөлт гаргах үедээ Бурханд итгэх талаар төөрөлдөж, эргэлздэгээ больж, дагах замтай болдог; Бурханд итгэх итгэл нь авралын төлөө байдаг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л авралд хүрч чадна гэдгийг тэд мэддэг. Энэ замыг тодорхой харж, энэ замд хөл тавих нь юун түрүүнд хүмүүсийн зүрх сэтгэлд амар амгалан, тайтгарлыг авчирдаг. Одоо та нарын зүрх сэтгэлд ийм амар амгалан, тайтгарал байгаа юу? (Байгаа. Бид хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгараад Бурханы хүслийг ойлгож чаддаг болж, эдгээр нөхцөл байдал нь бидэнд дутагдаж байгаа зүйлд зориулан тусгайлан зохион байгуулагдсан—бидэнд хэрэгтэй зүйл гэдгийг харах үед бидний сэтгэл санаа амар амгалан байдаг. Гэхдээ бэрхшээлтэй тулгараад, хэрхэн даван туулахаа мэдэхгүй үед түгшдэг.) Бэрхшээл тулгарах үед та нар дотроо ерөнхийдөө ямар ч байдалтай байсан, эхлээд нөхцөл байдлыг нийтэд нь хар: Зүрх сэтгэлдээ та нар Бурханд итгэх итгэлийн замыг сонгох нь зөв, энэ нь тун жам ёсны, үндэслэлтэй гэж бодохгүй байна уу? Энэ нь насан туршийн зөв зам гэдгийг аль хэдийн тогтоогоогүй гэж үү? Та нарт сэтгэл хоёрдохгүйгээр үргэлжлүүлэх шийдвэр, хүсэл байхгүй гэж үү? Энэ та нарын байдал биш гэж үү? (Мөн.) Энэ бол өөрчлөгдөж байгаа нэг тал бөгөөд амь чинь өсөж буйн эхний үзүүлэлт юм. Түүнчлэн хүмүүс, дэлхий ертөнц, энэ нийгэм, амьдралын зам, амьдралын зорилго, чиглэл, амьдралын утга учир, үнэт зүйл зэрэг олон зүйлийн тухайд бодол санаа, үзэл бодолд чинь ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу? (Зарим нэг өөрчлөлт гарсан.) Хүмүүс байнга номлол сонсох үед үүргээ гүйцэтгэж, биеэ авч явах байдал, зан авир, бодол санаанд нь зарим нэг өөрчлөлт гардаг; гэхдээ хүмүүс, асуудал, амьдралын зорилго, чиглэлийн талаарх үзэл бодолд нь үнэхээр өөрчлөлт гардаг уу? Хэрвээ тэд энэ талаар өөрчлөлт гаргасан бол энэ нь амь-оролттой хамаатай байна. Чиний өөрчлөлтийн түвшин хэр их амь-оролттойг чинь баталдаг. Олон хүн энэ талаар төөрөлдсөөр байна. Тэд хүмүүс, асуудлыг хэрхэн харахаа мэддэггүй, өөрт тохиолдсон зүйл, нөхцөл байдлыг хэрхэн туулахаа ч мэддэггүй. Бурханд итгэхээс өмнөх үетэй нь харьцуулахад тэд гаднаа үнэнтэй нийцсэн зарим зөв үзэл бодлыг хүлээн авсан мэт харагддаг ч асуудал тулгарах үед тэрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй, асуудалтай холбож чаддаггүй. Энэ жинхэнэ өөрчлөлт мөн үү? (Биш.) Энэ бол жинхэнэ өөрчлөлт биш. Хүн амь-оролтын хувьд өссөн эсэхийг харах хэдэн үзүүлэлтийг дурдав? (Хоёр.) Эдгээр нь үзэгдлийн үнэн болон онолтой холбоотой эхний хоёр үзүүлэлт юм.

Хүн амь-оролтдоо өсөлт гаргасан эсэхийг дүгнэхэд хэрэгжүүлэлттэй холбоотой өөр хэдэн үзүүлэлт бий. Юуны өмнө, хамгийн урьдчилсан, хамгийн суурь үзүүлэлт бол чи өдөр бүр ямар ч завгүй байж, ямар ч үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамааран зүрх сэтгэл чинь Бурханы өмнө хэр их хугацаанд тайван байж, Бурханы өмнө амьдардаг вэ гэдэг юм. Энэ харьцаа маш чухал. Хэрвээ чи Бурханы үгийг унших, Бурханд залбирах цаг гаргалгүй, үнэнийг тунгаан бодоход ухаан бодлоо зориулалгүй, бараг бүхэл өдрийг гадуур ажил хэрэгт завгүй өнгөрөөж, амин зуулгынхаа төлөө ажилладаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус байна; зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх орон зай байхгүй бөгөөд чи Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй. Хэрвээ зүрх сэтгэл чинь үргэлж ийм байдалд байдаг бол чи Бурханаас улам холдож, Бурханд итгэх итгэл чинь улам бүр багасаж, чамд ямар нэгэн зүйл тохиолдоход сөрөг, сул дорой болно. Ийм зүйл тохиолдоход дотоод байдал чинь улам хэвийн бус болдог. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх нөхцөл байдалд байгаа эсэхээс үл хамааран, Бурханд итгэгчийн байх ёстой хэвийн байдалд байгаа эсэхээс үл хамааран, ийм хэвийн байдалд хэр хугацаанд амьдардаг вэ, зүрх сэтгэлийг чинь эзэмддэг махан биеийн амьдралын олон асуудлаас гадна Бурханы өмнө хэр их цаг хугацааг зарцуулдаг вэ—энэ бол хэрэгжүүлэлттэй холбоотой анхны үзүүлэлт юм. Зарим хүн махан биеийн амьдралаас гадна Бурханы үгийг унших юм уу үнэний талаар нөхөрлөхөд маш бага цаг зарцуулдаг. Ихэнхдээ тэд амьдралаа гадна талын зүйлд зарцуулж, бие махбодын таашаал эдлэхийн төлөө амьдардаг. Энэ нь завхарсан зан чанараар амьдарч байгаа хэрэг бус уу? Хэрвээ хүн үргэлж завхарсан зан чанараар амьдардаг бол Бурханыг эсэргүүцэх, тэрслэх нь нэмэгдэж, Бурхантай хэвийн бус харилцаа үүсгэхэд хүрдэг бөгөөд энэ нь Бурхантай ямар ч харилцаагүй байхтай адилхан. Тэгвэл Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж, хамгаалах нь чухал уу, үгүй юу? (Чухал.) Хэр чухал вэ? Хаана чухал вэ? (Хүн үүргээ гүйцэтгэж байхад зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байхгүй бол өөртөө найддаг бөгөөд энэ нь үнэнийг огт хэрэгжүүлдэггүй гэсэн үг юм. Ийм маягаар тэр амь-оролттой болж чадахгүй.) Магадгүй та нар үүнийг онолын түвшинд ойлгож чадаж байгаа ч бодит талын тухайд тодорхой ярьж чаддаггүй; үүгээр Би хүмүүсийн дийлэнх нь үнэний энэ талыг төдийлөн тодорхой, сайн ойлгодоггүй, харин бага зэрэг ухамсрын мэдлэгтэй л байгаа гэж хэлж байгаа юм, тийм биз дээ? (Тийм ээ.) Тэгвэл Би та бүхнээс асууя, хэрвээ Бурханд итгэгч үйлдэл, үг хэллэг, биеэ авч явах байдлаараа, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ Бурханд итгэх итгэлтэй юм уу Бурхантай Өөртэй нь ямар ч холбоогүй байдаг бол түүний хийдэг зүйл бүгд үнэнтэй холбоотой байх уу? (Үгүй.) Тэр хэний төлөө энэ бүхнийг хийж байгаа юм бэ? Энэ нь юунд суурилсан бэ? Түүний эхлэлийн цэг, сэдэл, зорилго, зарчим хаанаас ирдэг вэ? Хэрвээ хүн Бурхантай хэвийн харилцаатай байж чаддаггүй бөгөөд хийдэг зүйл нь Бурхантай ямар ч холбоогүй бол тэр юунд найдаж үйлддэг вэ? Үйлдлийнх нь эх үндэс юу вэ? (Сатанлаг гүн ухаан.) Тэд үйлдэхдээ сатанлаг гүн ухаанд тулгуурладаг нь илэрхий байна. Хүн юм хийж, үүргээ гүйцэтгэх үед үйлдэж, амьдран харуулж байгаа зүйл нь Бурхантай ямар ч холбоогүй бол тэрээр үнэнтэй ямар ч холбоогүй гэсэн үг—тэгвэл тэр өдөр бүр завгүй байхдаа юунд найддаг юм бэ? Тэрээр Сатаны хор болон сатанлаг, завхарсан зан чанартаа түшиглэн үйлдэж, үүргээ гүйцэтгэж, амьдарч, биеэ авч явдаг. Энэ бол тухайн хүний амь-оролт өссөн эсэхийг—товчхондоо, тухайн хүн Бурхантай хэвийн харилцаатай эсэхийг хэмжих гурав дахь үзүүлэлт юм.

Тухайн хүний амь-оролтод өсөлт, өөрчлөлт гарсан эсэхийг дүгнэхэд ашиглаж болох хэрэгжүүлэлтийн өөр нэг үзүүлэлт бий. Та нар үүнийг юу гэж бодож байна? (Ямар нэг зүйл тохиолдоход үүнийг Бурхан зохион байгуулж, зохицуулсан гэдэгт итгэж, дуулгавартай зүрх сэтгэлтэй байх явдал биш үү?) Зөв, энэ бол дуулгавартай зүрх сэтгэлтэй байх явдал; тухайн хүн өөрт тохиолдсон хүмүүс, үйл явдал, зүйлсэд хэр дуулгавартай хандаж байгаа, ямар хэмжээнд дуулгавартай байж чадаж байгааг нь харж үүнийг дүгнэдэг. Хүн өөрт нь ямар нэг зүйл тохиолдоход дуулгавартай байж чадах эсэх, хэр зэрэг дуулгавартай байж чаддаг, мөн Бурханы бүх зохион байгуулалтад захирагдсаны дараа ямар үнэнийг олж авч чаддаг—энэ нь хүний амь-оролтын ямар талыг шалгадаг вэ? (Тэд жинхэнэ итгэлтэй эсэхийг шалгадаг.) Энэ нь тэд Бурханд үнэхээр итгэдэг эсэх, Бурханд итгэх итгэл нь хэр агуу болохыг шалгадаг; энэ бол нэг хэсэг нь. Өөр юм байна уу? (Бурханаас эмээх.) Хүмүүс Бурханаас эмээдэг сэтгэлтэй эсэхийг шалгадаг, энэ бол бас нэг хэсэг нь. Өөр? (Тэд үнэнийг хайрладаг эсэх.) Зөв, энэ нь бас тэд үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхийг шалгадаг. Нийтдээ гурван тал бий. Дуулгавартай байж чадах эсэх чинь ямар нэг зүйл тохиолдоход ямар хандлагатай байхаас, эсэргүүцэж байна уу, хүлээн авч байна уу гэдгээс чинь хамаарна; энэ бол хамгийн наад захын зүйл. Заримдаа ямар нэг зүйл тохиолдоход чи дуулгавартай хандлагатай байж болох ч тухайн зүйл үзэлтэй чинь нийцэхгүй бол дуулгавартай байхад бага зэрэг хүчин чармайлт шаардагддаг; таашаалд чинь нийцэж, ашиг тусыг нь хүртэж чадахаар бол чиний хувьд дуулгавартай байхад илүү амархан байдаг. Ийм дуулгавартай байдал хангалтгүй бус уу? Хааяа юм уу түр зуурын дуулгавартай байдал нь Бурханд жинхэнээсээ дуулгавартай байгааг илэрхийлэх үү? Бурханаас ирдэг зүйл болон Бурханы зохицуулалтын тухайд чи зарим зүйлийг хүлээн авч чаддаг, заримыг нь хүлээн авч чаддаггүй. Энэ нь асуудал юм. Энэ нь Бурханы эсрэг илт тэрсэлж буй хэрэг бус уу? Жишээ нь, Бурхан чамайг мунхаг гэж дуудсан гэе, чи ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Чи тэрхэн зуур “Бурханы үг лавтайяа буруу биш” гэж бодоод, зүрх сэтгэлдээ хүлээн авч, Бурханы үгэнд амен гэж хэлнэ. Ийм маягаар чи үндсэндээ ная, ерэн хувь дуулгавартай байх боловч үүнийг туулах явцдаа заримдаа өөрийгөө нэлээд ухаантай, мунхаг биш гэж бодож магадгүй—энэ бол арван хувийн хөнгөлөлт бөгөөд энэ нь бүрэн дуулгавартай байхад чинь саад болдог. Иймэрхүү байдал бол хэвийн юм. Ямар туршлагаар чи энэ үгийг бүрэн ойлгох вэ? (Нэг өдөр бид илчлэгдэж, мунхаг гэдгээ ухаарч, өөрсдийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй болно.) Зөв. Чи өөрийнхөө уг чанар, зан чанар, үйлдлийн зарчим, түүнчлэн хүн чанар, хэв чанар зэргийнхээ талаар тодорхой мэдлэгтэй болох үедээ “Би мунхаг юм аа! Миний бодол ерөөсөө тодорхой биш, бас би тодорхой ярьдаггүй; асуудал шийдвэрлэхдээ тааруухан, өөрт тохиолдсон зүйлийг мунхаг байдлаар туулдаг; би юуг ч нухацтай авч үздэггүй, авч үзсэн ч ойлгодоггүй—мунхаг хүн л ийм байдаг!” хэмээн ухаарна. Чи туршлагажих тусмаа Бурханы үг зөв гэдгийг, Бурхан чиний тухай ярьж байгааг төдий чинээ мэдэрнэ; чи эдгээр үгийг улам бүр дуулгавартай дагана. Хүмүүст эдгээр үгийг хүлээн авах үйл явц байдаг ч Бурхан эн түрүүнд юу хүсдэг вэ? Бурхан чамайг мунхаг гэж хэлэх үедээ чамаас эсэргүүцсэн, хааш яаш хандлагыг хүсдэг үү, эсвэл хүлээн авах хандлага хүсдэг үү? (Хүлээн авах хандлага.) Бурхан хүмүүсийг хүлээн авах хандлагатай байгаасай гэж хүсдэг. Хүмүүс хэчнээн ихийг мэддэг ч эхлээд хүлээн авч, дуулгавартай байж сурах тийм байдалтай байх ёстой. Хэдийгээр чи өөрийгөө Бурханы хэлсэн шиг мунхаг биш, ердөө жаахан л мунхаг гэж бодож байж болох ч үүнийг хүлээн авах ёстой. Туршлагын явцад, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх явцад чи өөрийнхөө хүн чанар, завхарсан зан чанарын илчлэл, үйлдлийнхээ хандлага, үр дүн, үүргээ гүйцэтгэх үеийн бүхий л байдлын талаар аажмаар мэдэж авна. Чи өөрийгөө жаахан мунхаг биш, харин үнэндээ нэлээд мунхаг гэдгийг ойлгох болно. Энэ үед чи Бурханы илчилсэн мунхаг хүний талаар бодохгүй, эсэргүүцэхгүй, ямар ч үзэл тээхгүй бөгөөд үүнийг хүлээн авч чадна. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Чи Бурханы ил болгохыг бодит баримт гэж хүлээн авдаг уу, эсвэл чамайг яллаж байна гэж хүлээн авдаг уу? (Бодит баримт гэж.) Тэгвэл чи үүнийг үнэн гэж хүлээн авдаг уу? Үнэн хэрэгтээ Бурхан хүнийг ил болгодог нь бүгд бодит баримттай нийцдэг, үнэн бөгөөд хүмүүс тэгж хүлээн авах ёстой. Зарим хүн: “‘Мунхаг’ гэдэг үг үнэн гэж үү?” гэдэг. Үүнийг яаж тайлбарлах вэ? Үнэн хэрэгтээ энэ үг нь үнэн биш, харин энэ үгийн мөн чанар—ийм зан чанарын талаарх Бурханы тодорхойлолт, үнэлгээ нь үнэн юм. Хэрэг явдлын үнэн мөн ийм л байна. Та нарыг мунхаг гэж хэлэхэд үндсэндээ та нар одоогийн биеийн хэмжээндээ үндэслэн үүнийг хүлээн авч чадна. “Мунхаг” гэдэг үг доромжлол уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Яагаад гэвэл, энэ нь бодит баримт.) Зарим хүн зүрх сэтгэлдээ тэгж бодохгүй байж магадгүй бөгөөд “Мунхаг гэдэг үг бараг гоё, соёлтой үг, хараал биш байхад бид яагаад үүнийг хүлээж авахгүй гэж? Бид үүнээс хамаагүй илүү хатуу үг сонсож байсан—бид тэрийг хүлээн авч чаддаг, тэгэхээр ийм гоё үгийг бүр ч их хүлээж авах ёстой биз дээ?” гэж хэлдэг. Та нар хэнэггүй учраас ийм гоё, соёлтой үг өргөс шиг санагдахгүй байна гэсэн үг үү? Тийм гэж үү? Үнэндээ тийм биш. Үг гоё ч бай, хатуу ч бай, хэрэв чи өөрийгөө тийм хүн биш гэж бодож байгаа бол, үнэлгээний үг зөв эсэхийг, тэр нь чиний мөн чанар мөн эсэхийг мэддэггүй бол тухайн үг аятайхан, гоё байсан ч гэсэн хүлээн авч чадахгүй. Энэ нь хүн үнэнийг хүлээн авч чадах эсэх, уг чанар-мөн чанараа жинхэнээсээ мэддэг эсэхтэй холбоотой асуудал юм. Та нар өмнө нь илүү хатуу үг сонсож байсан бөгөөд илүү хатуу үгийг хүлээн авч, тэвчиж, хүлээн зөвшөөрч байсан учраас “мунхаг” гэх хатуу биш үг та нарыг зовоодоггүй ч үнэндээ та нар энэ үгийг үнэхээр өөрсдөдөө хэрэглэж байгаа юм биш. Энэ бол жинхэнэ дуулгавартай байх, хүлээн авах хандлага биш. Хэрвээ чи энэ үгийг үнэхээр үнэн гэж хүлээн авч, өөртөө хэрэглэж чадсан бол өөрийгөө танин мэдэх чинь улам гүнзгийрэх байсан. Бурхан чамайг мунхаг гэж хэлэхдээ ямар нэгэн хэллэг, үг, тодорхойлолтыг хүлээн авахыг чамаас шаардаагүй—Тэр чамаас энэ үгэн доторх үнэнийг ойлгохыг шаардаж байгаа юм. Тэгэхээр Бурхан хэн нэгнийг мунхаг гэж хэлбэл энэ үгийн дотор ямар үнэн агуулагддаг вэ? “Мунхаг” гэдэг үгийн өнгөц утгыг бүгд ойлгодог. Харин мунхгийн илрэл, зан чанар юу болох, хүмүүсийн хийдэг зүйлсийн аль нь тэнэг, аль нь мунхаг биш, Бурхан яагаад хүмүүсийг ингэж илчилдэг, мунхгууд Бурханы өмнө ирж болох эсэх, мунхаг хүмүүс зарчмын дагуу үйлдэж чадах эсэх, тэд юу зөв, юу буруу болохыг ойлгож чадах эсэх, Бурхан юуг хайрлаж, юуг жигшдэгийг ялган таньж чадах эсэхийн тухайд—ихэнх тохиолдолд хүмүүс эдгээр зүйлийн талаар сайн мэддэггүй; тэдний хувьд эдгээр нь хоёрдмол утгатай, тодорхойгүй, огт ойлгомжгүй байдаг. Жишээлбэл: ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг зүйлийг тодорхой байдлаар хийх нь зүгээр л дүрэм журмыг дагаж байгаа хэрэг үү, эсвэл үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг үү гэдгийг мэддэггүй—энэ нь тэдэнд ойлгомжгүй байдаг. Аливаа нэг зүйлийг Бурхан хайрладаг, эсвэл жигшдэг эсэхийг ч тэд мэддэггүй—энэ нь ч бас тэдэнд тодорхойгүй байдаг. Тэд тодорхой нэг арга замаар хэрэгжүүлэх нь хүмүүсийг хязгаарлах уу, эсвэл хэвийн байдлаар үнэнийг нөхөрлөж, хүмүүст туслах уу гэдгийг мэддэггүй. Тэд хүмүүстэй харилцах арга барилынх нь цаад зарчим зөв эсэхийг, холбоотнууд бий болгохоор оролдож байна уу, эсвэл хүмүүст туслахаар оролдож байна уу гэдгээ мэддэггүй. Тэд тодорхой нэг байдлаар үйлдэх нь зарчмыг баримталж, байр сууриндаа бат зогсож байгаа хэрэг үү, эсвэл биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, гайхуулж байгаа хэрэг үү гэдгийг мэддэггүй. Хийх юмгүй үедээ зарим хүн толь ширтэх дуртай байдаг; энэ нь өөрөөрөө бахархах үзэл, нэрэлхүү зан уу, эсвэл хэвийн зүйл үү гэдгийг тэд мэддэггүй. Зарим хүн ааштай, жаахан хачин байдаг; энэ нь муу зан чанартай нь холбоотой эсэхийг тэд ялган хэлж чадах уу? Нийтлэг харагддаг, нийтлэг тулгардаг эдгээр зүйлийг хүмүүс ялгаж салгаж чаддаггүй мөртөө Бурханд итгэснээрээ маш их зүйлийг олж авсан гэж ярьдаг. Энэ мунхаг биш үү? Тэгэхээр та нар мунхаг гэж хэлүүлэхийг хүлээн авч чадах уу? (Чадна.) Яг одоо ихэнх хүн үүнийг хүлээн авч чадах юм шиг байна. Үүнийг хүлээн авсны дараа юу хийх ёстой вэ? Чи үүнийг өөрийнхөө байдалтай харьцуулж, ямар асуудал дээр мунхаглаж, ямар асуудалд ухаалаг хандаж байгаагаа онцгойлон шинжлэх ёстой. Үүнийг өөрийнхөө байдалтай харьцуулж, өөрийнхөө завхралыг ухан гаргаж, дараа нь эдгээр асуудал дээр өөрийгөө танин мэдэж, мунхгуудын эгнээнд орохоор чармай. Ийм хэрэгжүүлэлтийн талаар чи юу гэж бодож байна? Энэ бүрэн мэдлэг мөн үү? (Үгүй. Бид үнэнийг эрэлхийлж, энэ тал дээр өөрчлөлт гаргах ёстой.) Зөв. Та нар бүх насаараа мунхаг байхыг хүсэж байна уу? (Үгүй.) Хэн ч мунхаг байхыг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ ийм байдлаар нөхөрлөж, задлан шинжлэх нь чамаар өөрийг чинь мунхаг гэж ангилуулах гэсэн оролдлого биш юм; Бурхан чамайг яаж ч тодорхойлсон, чиний талаар юуг ч ил болгосон, чамайг яаж ч шүүж, гэсгээж, зассан хамаагүй, эцсийн зорилго нь эдгээр байдлаас зайлсхийж, үнэнийг ойлгож, үнэнийг олж авч, мунхаг гэж хэлүүлэхгүй байхыг хичээх боломжийг чамд олгох явдал юм. Тэгэхээр чи мунхаг биш байхыг хүсэж байвал яах ёстой вэ? Үнэнийг эрэлхийлэх ёстой. Юуны өмнө чи ямар зүйл дээр мунхаг байгаагаа, ямар асуудал дээр үргэлж хоосон сургаал номлож, онол, хоосон сургаалын үгээр бөөрөнхийлж, баримттай нүүр тулах үедээ хий гөлөрч байгаагаа мэдэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэж, үнэний тал бүрийг тодорхой мэдэх үед мунхаг байх үе чинь багасна. Чи үнэн бүрийн талаар тодорхой ойлголттой байж, хийж байгаа бүх зүйлдээ гар, хөлөө хүлүүлэхгүй, хазаарлагдаж, хязгаарлагдахгүй байх үед—чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханд залбирч, үнэнийг эрж хайсныхаа дараа, эсвэл нөхөрлөх хэн нэгнийг олсныхоо дараа хэрэгжүүлэлтийн зөв зарчмыг олж, үнэхээр зарчмын дагуу үйлдэж чаддаг бол чи мунхаг байхаа болино. Хэрэв чамд ямар нэг зүйл тодорхой байгаа бөгөөд чи үнэнийг зөв хэрэгжүүлж чаддаг бол тэр зүйлийн тухайд чи мунхаглахгүй. Хүмүүс үнэнийг ойлгож байж зүрх сэтгэл нь аяндаа гэгээрнэ.

Бурхан зарим хүнийг мунхаг гэж хэлдэг бөгөөд эхэндээ тэд үүнийг хүлээн авч чадахгүй байж болох ч хэсэг хугацааны дараа үнэхээр юуг ч тодорхой ойлгодоггүй гэдгээ ухаардаг; тэд хуурамч удирдагчид болон антихристүүдийг хэрхэн ялган танихаа мэддэггүй; тэд нэлээд мунхаг бөгөөд тэдний хэв чанар дорд гэдгээ мэдэрдэг учраас үүнийг хүлээн авч, дуулгавартай дагадаг. “Мунхаг” гэдэг нь харьцангуй аятайхан сонсогддог, гоё үг бөгөөд хүмүүс тодорхой хугацааг туулж байж үүнийг хүлээн авч чадна; харин төдийлөн таатай бус, гоё биш үгсийг хүлээн авахад хүмүүст илүү хэцүү байж магадгүй. Бурханы үгийн зарим нь хүмүүсийг ил болгож, шүүхдээ яг голыг нь олж хэлдэг; илүү хатуу байдаг. Дийлэнх хүмүүсийн хувьд үүнийг хүлээн авахад биеийн хэмжээ нь хэтэрхий жаахан байдаг. Сонссоныхоо дараа тэд зовж шаналж, гунигладаг; нэр төр нь сэвтэж, төлөвшөөгүй зүрх сэтгэл нь цочирч, шархалсан мэт санагддаг. Ямар үгийг сонсоод та нар маш их тавгүйтэж, Бурхан үүнийг хэлэх ёсгүй гэж бодоод, хүлээн авч чаддаггүй вэ? Жишээ нь, хог шаар, өт хорхой, бузар чөтгөр, гахай, нохойноос дор, араатан гэх мэт. Ихэнх хүний хувьд эдгээр үгийг хүлээн авахад амаргүй сонсогддог. Соёлтой хүмүүс ийм үгийг ихэнхдээ хэлдэг үү? Та нар бүгд боловсрол сайтай. Үг яриа чинь боловсон, даруу байхад анхаарч, мөн ярианы хэв маягтаа анхаарал хандуулдаг: Та нар эв дүйтэй, мөн бусдын нэр төр, бахархлыг сэвтээхгүй байж сурсан байдаг. Үг, үйлдэлдээ хүмүүст бултах зай үлдээдэг. Хүмүүсийг тайвшруулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний сэтгэлийн шарх, дутагдлыг илчилдэггүй, мөн тэднийг шархлуулж, ичээх гэдэггүй. Энэ бол ихэнх хүний үйлддэг хүн хоорондын зарчим юм. Тэгвэл энэ ямар төрлийн зарчим бэ? (Энэ нь бялдууч хүн байх явдал; ов мэхтэй, зальжин хэрэг.) Энэ нь овжин, зальхай, арга мэхтэй, дотуур тамиртай байдаг. Хүмүүсийн инээмсэглэсэн царайны цаана хорлонт, дотуур тамиртай, жигшмээр маш олон зүйл нуугдаатай байдаг. Жишээлбэл, зарим хүн бусадтай харилцаж байгаад нөгөө хүнээ бага зэрэг байр суурьтай гэдгийг олж хармагцаа “Түүнтэй ярилцахдаа би аятайхан үг сонгох хэрэгтэй, эс тэгвээс түүний нэр хүндийг сэвтээж магадгүй—тэр намайг шийтгэвэл яах вэ?” гэж зүрх сэтгэлдээ боддог. Тэд зүгээр л юу ч ярьдаггүй, ярих юм бол эелдэг, аятайхан, зусардсан байдлаар ярьдаг. Тэд уулзахдаа “Өө! Би чам шиг царайлаг хүнийг хэзээ ч харж байгаагүй. Чи үлгэрийн дагина юм уу? Чи ийм үзэсгэлэнтэй болохоор нүүрээ будах ч хэрэггүй; нүүрээ будах юм бол бүр ч зүйрлэшгүй болох байх. Биеийн галбираа хар л даа, өмссөн бүхэн чинь сайхан харагдаж байна! Ийм гоё, хөөрхөн хувцаснууд нь чам шиг хүмүүст л зориулан хийгдсэн байж таарна!” гэж хэлдэг. Тэд маш сайхан ярьдаг учраас сонссон хэн бүхэн тайвширдаг ч тэд зүрх сэтгэлдээ үнэхээр тэгж боддог уу? (Үгүй.) Тэд үнэндээ юу бодож байгаа вэ? Тэд мэдээж ичгэвтэр санаа зорилго, далд сэдэл агуулдаг; тэд маш зэвүүн, хорлонтой, эсвэл жигшүүртэй байж болно, энэ нь бусдын зэвүүг хүргэнэ. Тэд салаад явсныхаа дараа нөгөө хүний талаар бусдад муу хэлж, түүний талаар доромжилж, үзэн ядсан зүйл хэлдэг. Тэдний үгэнд дайралт, хор агуулагддаг! Дөнгөж ярьж дууссан зусар үгс нь тэднийг бухимдуулж, хүсэлгүй болгодог; бусдыг ар хударгаар нь дорд үзэж, гүжирдэх нь тэднийг тэнцвэрт байдалд оруулдаг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэл хар бараан байдаг; тэд аминч, жигшүүртэй. Ийм зан авир нь жигшиж, зэвүүцмээр байдаг. Энэ ямар хүн бэ? Энэ бол ов мэхтэй хүн. Шүтлэггүй хүмүүсийн дунд ийм хүмүүс дэндүү олон, бүр Бурханы гэрт ч бий. Тэд сайхан сонсогдох ийм үг хэлэхдээ ичгүүртэй, жигшүүртэй санаа зорилго, далд сэдэл тээдэг; тэд зорилгодоо хүрэхэд нь туслах юуг ч хэлдэг. Тэд бодит баримтад нийцүүлэн огт ярьдаггүй, дэгсдүүлдэг; сайхан сонсогддог үгсийнх нь ард санаархал, зорилго байдаг. Тэд доромжилсон байдлаар ярих үедээ үзэн ядсан ямар ч зүйлийг хэлдэг бөгөөд элдэв янзын хортой үгийг хэлж чаддаг. Энэ ямар төрлийн хүн бэ? Хоёр нүүртэй, зальжин, ов мэхтэй зан чанарын өнгөц илчлэлээс гадна уг чанарт нь өөр юу байдаг вэ? Тэд хортой—хэтэрхий хортой! Бусад хүн гуйсан болохоор тэд бусдыг магтдаг уу? (Үгүй.) Тэд яагаад бусдыг магтдаг вэ? (Тэд зорилготой байдаг.) Зөв. Тэд санаархал, зорилгодоо хүрэхийн тулд шударга юм уу бохир аргаар хүмүүсээр тоглодог; хэчнээн ой гутмаар байсан ч тэд юуг ч хэлнэ. Энэ хортой биш гэж үү? Тэгээд зүрх сэтгэлийнхээ тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхийн тулд хүмүүсийг ар нуруу руу нь хутгалж, харааж, гүтгэдэг бөгөөд чадахаараа доромжилсон, үзэн ядсан зүйл хэлдэг. Энэ хортой биш гэж үү? Энэ маш хортой! Энэ асуудлаас чи хүний уг чанарыг харж болно. Хүмүүсийн өмнө юм уу ар хударгаар нь тэдний хийдэг ямар ч зүйл жинхэнэ, эсвэл чин сэтгэлийнх байдаггүй, мөн аль нь ч үнэнтэй, хүн чанартай нийцдэггүй; энэ бүхэн ёрын муу, хортой. Завхарсан хүн төрөлхтний хэлдэг бүх зүйлд хортой элементүүд байдаггүй гэж үү? (Тийм.) Тэгэхээр хүмүүсийн үг найдвартай юу? Тэдний үгэнд итгэж болох уу? Хүмүүс маш найдваргүй, итгэл даахааргүй! Яагаад? Учир нь амьдрах явцдаа үйл хөдлөл, үг яриандаа тэдний илчлэн харуулдаг зүйлс, тэдний үйл хэрэг, үйлдэл, бодол, санаа нь бүгд сатанлаг зан чанарынх, сатанлаг уг чанар-мөн чанарын бүрэн төлөөлөл юм.

Хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханы үг үнэн гэдэгт яагаад итгэдэггүй вэ? Учир нь тэдний нүд сохор, үнэн гэж юу болохыг ойлгодоггүй, Бурханы тухай мэддэггүй. Олон хүн Бурханы үгийг уншиж, Бурханы үг үнэн гэж хүлээн зөвшөөрч чаддаг ч Бурханы “өт хорхой”, “хог шаар”, “чөтгөр”, “араатан”-ы талаар хэлсэн зүйлд үзэл тээж, эсэргүүцдэг, бүр эдгээр зүйлийг огт хүлээн авч чаддаггүй. Учир нь тэд өөрсдийнхөө уг чанарыг мэддэггүй. Хүмүүс хүний уг чанар-мөн чанарыг яаж хардаг вэ? (Тэд өөрсдийнхөө сатанлаг зан чанарыг хүлээн зөвшөөрдөг ч өөрсдийгөө сайн талтай гэж бодож, амьд Сатанууд гэдгээ хардаггүй.) Хүмүүс өөрсдийнхөө уг чанар-мөн чанарыг Бурхан шиг үнэн зөв, тодорхой, үнэнээр ойлгодог уу? (Үгүй.) Үнэн хэрэгтээ хүний уг чанар-мөн чанар нь Бурхантай бүрмөсөн дайсагнадаг. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг хардаг. Тэр хүмүүсийн гаднаа юу хэлж, юу хийж байгааг хардаггүй, харин зүрх сэтгэл, уг чанар, мөн чанарыг нь хардаг. Хүмүүсийн талаарх Бурханы тэдгээр тодорхойлолт, нэрийдэх арга хаанаас гарч ирдэг вэ? Эдгээр нь хүний уг чанар-мөн чанар, түүнчлэн хүний илчлэн харуулдаг завхарсан зан чанарт үндэслэн тодорхойлогддог. Үүнийг ярихаар та нар “Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг” гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Хүмүүс үргэлж “Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг” гэж хэлдэг, тэгвэл та нарт эдгээр үгтэй холбоотой ямар туршлага байгаа вэ? Үүнийг үнэхээр туулж мэдэрч байсан уу? Та нарт эдгээр үгийн ямар мэдлэг, ойлголт байгаа вэ? Зарим хүн будилж, энэ нь Бурхан өөрсдөөс нь гардаг бодол, санаа, үнэнтэй нийцэхгүй тэдний хийдэг зүйлс, тэдний зүрх сэтгэлийн бузар, завхрал, хэт их хүслийг мэддэг гэсэн үг гэж боддог; муу зүйлийг ярихгүйгээр хийсэн ч Бурхан мэддэг. Бурхан хүмүүсийг шинжихдээ зөвхөн өнгөн түвшинд, хүмүүсийн мэддэг зүйлийг л шинждэг үү? Үүнийг Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг гэж хэлж болох уу? (Үгүй.) Хүний зүрх сэтгэлийн хамгийн гүн хэсэг юу вэ? (Тэдний уг чанар-мөн чанар.) Хүмүүс өөрсдийнхөө уг чанар-мөн чанарыг мэдэх чадвартай юу? Үүнийг мэдэрч чадах уу? Үүнийг танин мэдэж чадах уу? (Чадахгүй.) Хэрэв хүмүүс үүнийг мэдэрч чадахгүй бол яаж өөрсдийгөө үнэхээр таньж мэдэх вэ? (Тэд зөвхөн Бурханы үгийн ил болголт, илчлэлээр дамжуулан өөрсдийгөө таньж мэдэж чадна.) Бурхан хүмүүсийн мэдэрч, таньж мэдэж чаддаггүй уг чанар-мөн чанарыг шинждэг; Бурхан хүмүүсийн уг чанар-мөн чанарыг ил болгох үед, бодит баримт үүнийг илчлэх үед тэд үнэн сэтгэлээсээ итгэж үнэмшдэг. Хүмүүсийн бодол санаа, санаа бодол, үзэл бодол нь бүгд өнгөн түвшинд байдаг. Заримдаа тэдгээрийг ил ярьдаг, заримдаа тэдгээр нь хоромхон зуурын санаа, зүрх сэтгэлээс гарсан бодол эсвэл түр зуурын идэвхтэй бодол боловч бүгд өнгөц түвшний зүйлс юм. Энэ идэвхтэй бодлууд чиний үйлдэлд түр зуур нөлөөлж, чиглүүлж болох ч амьдралын чинь чиглэл, зорилгод нөлөөлж чадах уу? Чадахгүй. Тэгэхээр чиний үйлдэлд юу нөлөөлж, чиглүүлж, амьдралын чинь чиглэл, зорилгыг чиглүүлж чадах вэ? Чи энэ асуудлыг тодорхой харж чадаж байна уу? Энэ бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд, оюун санаанд нь нуугдаж байдаг зүйл юм. Энэ бол хүмүүсийн бодол санаа, үйлдлийг хянадаг, тэдний үзэл бодлыг бий болгодог зүйл юм. Зарим хүн “Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг” гэсэн үгийн утгыг ойлгодоггүй. “Хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн” гэж юуг хэлээд байна вэ? Хүний зүрх сэтгэлийн гүнд ямар зүйлүүд бий болдог вэ? Хамгийн гүн дотоод бодол уу? Өнгөн дээрээ тийм юм шиг боловч үнэн хэрэгтээ энэ нь юу вэ? Энэ бол хэн ч байрнаас нь хөдөлгөж чадахгүй хүний уг чанар-мөн чанарын зүйлс, хүмүүсийн хэнтэй ч хэзээ ч ярьдаггүй хамгийн үнэн бодол; заримдаа тэд өөрсдөө ч үүний юу болохыг нь мэддэггүй. Хүмүүс эдгээр зүйлээр амьдардаг. Хэрэв тэд эдгээр зүйлийг, эдгээр зүйлийн өөрсдөд нь өгдөг урам зоригийг алдвал Бурханд итгэхээ больж ч магадгүй гэж боддог. Тэгэхээр та нар хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд юу байдгийг мэдэх үү? (Ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх итгэл; энэ бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байдаг зүйл.) Зөв, хүмүүс ерөөгдөж, шагнагдаж, титэм зүүхийн тулд Бурханд итгэдэг. Энэ нь бүх хүний зүрх сэтгэлд байдаг бус уу? Ийм байдаг гэдэг нь баримт юм. Хэдийгээр хүмүүс энэ талаар ихэвчлэн ярьдаггүй, тэр ч бүү хэл ерөөл хүртэх сэдэл, хүслээ нуун далдалдаг ч хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх энэ хүсэл, сэдэл үргэлж ганхашгүй байсаар ирсэн. Хүмүүс хэр их сүнслэг онол ойлгодог, ямар туршлага, мэдлэгтэй, ямар үүрэг гүйцэтгэж чадах, хэр их зовлон туулдаг, хэчнээн их төлөөс төлдөг байлаа ч зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдсан ерөөл хүртэх сэдлээ хэзээ ч орхидоггүй, ямагт үүнийхээ төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөдөг. Хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд булаатай байдаг зүйл энэ биш үү? Ерөөл хүртэх ийм сэдэлгүй бол та нарт ямар санагдах вэ? Ямар хандлагаар үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагах вэ? Хүмүүс зүрх сэтгэлд нь нуугдсан ерөөл хүртэх энэ сэдлээсээ ангижирсан бол яах байсан бэ? Олон хүн сөрөг болж, харин зарим нь үүрэг гүйцэтгэх урам зоригоо алдах боломжтой. Тэд сүнс нь алга болсон мэт Бурханд итгэх сонирхолгүй болно. Зүрх сэтгэлээ булаалгасан мэт харагдана. Ийм учраас Би ерөөл хүртэх сэдэл бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нуугдсан зүйл гэж хэлдэг. Тэд үүргээ гүйцэтгэж, чуулганы амьдралаар амьдрангаа гэр бүлээ орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө дуртайяа зарлагадаж чаддаг, ерөөл хүртэх сэдлээ одоо мэдсэн, энэ сэдлээ хойш тавин, үүнд захирагдаж, хязгаарлагдахаа больсон гэж бодож магадгүй. Тэгээд өөрсдийгөө ерөөгдөх сэдэлтэй байхаа больсон гэж боддог ч Бурхан өөрөөр боддог. Хүмүүс аливаа асуудлыг өнгөцхөн л авч үздэг. Шалгалт байхгүй бол өөрсдийнхөө тухай сайнаар боддог. Чуулганыг орхиж, Бурханы нэрийг үгүйсгэлгүй, Бурханы төлөө цөхрөлтгүй зарлагадаж байгаа цагт өөрсдийгөө өөрчлөгдсөн гэж боддог. Үүргээ биелүүлэхдээ хувийн урам зориг, агшин зуурын дур хүсэлд хөтлөгдөхөө болиод, харин ч завхарсан зан чанараа ариусгаж, жинхэнэ өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлж чадна, үүргээ биелүүлж байхдаа үнэнийг тасралтгүй эрж хайж, хэрэгжүүлж чадна гэж боддог. Гэхдээ хүмүүсийн хүрэх газар, төгсгөлтэй шууд холбоотой зүйл тохиолдох үед тэд яаж авирладаг вэ? Үнэн бүхэлдээ илчлэгдсэн. Тэгэхээр эцсийн эцэст хүмүүсийн хувьд энэ нь аврагдаж, төгс болох нөхцөл байдал уу, эсвэл илчлэгдэж, таягдан хаягдах нөхцөл байдал уу? Энэ сайн зүйл үү, муу зүйл үү? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд энэ нь аврагдах, төгс болох гэсэн утгатай, сайн зүйл; үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн хувьд энэ нь илчлэгдэх, таягдан хаягдах гэсэн утгатай, муу зүйл. Цаг хугацааны явцад хүмүүс бүгд шалгалт, цэвэршүүлэлтийн нөхцөл байдалтай тулгардаггүй гэж үү? Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Энэ нь мэдээж утга учиртай, учир нь Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг; Бурхан хүмүүсийн дотоод сэтгэлийн хэсгүүдийн бодит байдлыг мэддэг, Бурхан хүмүүсийг ойлгодог, Бурхан уг чанар-мөн чанарыг нь тодорхой, бүрэн дүүрэн хардаг. Хэсэг хугацааны дараа хэн нэгэн нь зарим нэг амжилт гаргаж, бага зэрэг сайн зүйл хийж, том алдаа гаргаагүй байж болох бөгөөд засалтыг хүлээн авч магадгүй юм. Ямар нэг зүйл тохиолдоход тэд дуулгавартай хандлагатай байж болох юм. Тэгээд тэд өөрсдийгөө маш сайн, Бурханд итгэх итгэлийн зөв замд орсон, аврагдсан, төгс болгуулсан гэж боддог. Тэднийг хамгийн их ханамжтай, өөртөө сэтгэл хангалуун байх үед нь Бурханы сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт ирдэг. Эдгээр нөхцөл байдал нь хүмүүсийг илчилдэг, мөн тэдний биеийн хэмжээ, завхарсан зан чанар, уг чанар-мөн чанар, Бурханд хандах хандлагыг илчилдэг. Энэ илчлэл нь үнэндээ хүмүүст сайн зүйл. Хэрэв тэд үнэнийг эрэлхийлэх юм бол энэ илчлэл, энэ нөхцөл байдал тэднийг цэвэрлэнэ. Юунаас цэвэрлэх вэ? Энэ нь Бурханаас шаарддаг эрүүл ухаангүй шаардлага, хэт их хүслээс чинь чамайг цэвэрлэж, зөв үзэл бодолтой болгодог; чи цаашид Бурхантай наймаацах гэж оролдохгүй, Бурханаас хэт их хүсэж шаардахгүй; харин ч бүр Бурханыг жинхэнээсээ дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй болно. Чи юу ч хүсэхгүй, зөвхөн үнэнийг эрэлхийлж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахыг эрж хайж, улам бүр цэвэр ариун болж, эцэст нь авралд хүрч чадна. Энэ нь Бурханы ажлын үр дүн биш гэж үү? (Мөн.) Бурхан үүнийг хийж байгаа нь цаанаа утга учиртай биш гэж үү? Энэ нь хүмүүсийг цэвэрлэдэг бус уу? Хүмүүсийг ингэж цэвэрлэх хэрэгтэй бус уу? (Хэрэгтэй.) Хэрэв Бурхан хүмүүсийг ингэж илчилж, цэвэрлэхгүй бол хүмүүс үнэнийг олж авч чадах уу? (Үгүй.) Тэд үнэнийг олж авч чадахгүй. Сатанлаг уг чанартаа тулгуурлаад хүмүүс ямар замаар явж чадах вэ? (Сатаныг дагаж, Бурханыг эсэргүүцэх.) Ийм хүн ерөөгдөж чадах уу? Чадахгүй, зөвхөн таягдан хаягдах боломжтой.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих