Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт (III хэсэг)

Та нар Бурханы ажлыг туулах үедээ эхлээд хүний уг чанар-мөн чанарыг ил болгодог Бурханы үгийг хүлээн авах ёстой. Хэрэв та нар хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний завхралын үнэнийг тодорхой харж чаддаг, өөрийгөө үнэхээр мэддэг бол энэ нь авралд хүрэх зам биш гэж үү? Хүнийг шүүж, ил гаргадаг Бурханы үгэнд хэрхэн хандах нь маш чухал. Юун түрүүнд та нар хүний уг чанарыг ил болгодог Бурханы үгийг тунгаан бодож, ойлгох ёстой; хэрэв чи Бурханы үгийн ил болгосон зүйл бодит байдалтай чинь бүрэн нийцэж байгааг тодорхой харж чадвал ямар нэг зүйл олж авах болно. Зарим хүн Бурханы үгийг уншиж дуусаад бусдыг дандаа үүнтэй харьцуулдаг; тэр үг бусдад чиглэсэн, Бурханы хэлсэн үг хэчнээн хатуу байсан ч өөрсөдтэй нь ямар ч хамаагүй гэж боддог. Энэ бол ярвигтай зүйл—ийм хүн үнэнийг хүлээн авдаггүй. Тэгвэл чи Бурханы үгэнд хэрхэн хандах ёстой вэ? Бурханы аль нэг үгийг унших бүрдээ чи өөртэйгөө харьцуулж, өөрийнхөө байдал, өөрийнхөө бодол, үзэл бодолтой харьцуулж, өөрийнхөө зан авиртай харьцуулах ёстой. Хэрэв чи үнэхээр харьцуулж болохоор бөгөөд асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг бол ийм маягаар чи юм олж авах болно. Дараа нь чи өөрийнхөө ойлгож байгаа үнэний бодит байдлыг ашиглан бусдад туслах ёстой; тэдэнд үнэнийг ойлгож, асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж, Бурханы өмнө ирж, Түүний үг болон үнэнийг хүлээн авахад нь туслах ёстой. Энэ нь бусдыг хайрлах хайр бөгөөд чи үүнээс юм олж авч чадна; энэ нь чамд болон бусдад давхар ашиг тустай юм. Ингэж үйлдэх нь чамайг Бурханы гэрт хэрэгтэй хүн болгодог; хэрэв чи ийм үнэн-бодит байдалтай бол Бурханыг гэрчилж чадна. Тэгвэл чи Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж үү? Чи хүмүүсийг илчилсэн Бурханы үгийн үлдсэн хэсгийг хүлээн авч, дуулгавартай байхын тулд адилхан аргыг ашиглаж, дараа нь өөрийгөө задлан шинжилж, өөрийгөө таньж мэдэх ёстой. Та нар ийм маягаар өөрсдийгөө яаж харьцуулахыг мэдэх үү? (Бага зэрэг.) Хэрэв Бурхан чамайг Сатан, диавол, завхарсан зан чанартай, Бурханыг эсэргүүцдэг гэж хэлсэн бол чи энэ том зүйлсийг өөртэйгөө харьцуулж чадах байх. Гэвч Түүний үг чамайг ямар хүн болохыг магадлахын тулд тодорхой өөр байдал, илчлэлийг хөндөх үед чи тэрийг өөртэйгөө харьцуулж, тэдгээрийг хүлээн авч чаддаггүй—энэ бол маш ярвигтай зүйл. Энэ юу гэсэн үг вэ? (Үнэндээ бид өөрсдийгөө мэддэггүй гэсэн үг.) Чи өөрийгөө үнэндээ мэддэггүй, үнэнийг хүлээн авдаггүй, тийм биш гэж үү? (Тийм.) Хүмүүс Бурханы хүмүүсийг илчлэхдээ ашигладаг “өт”, “бохир чөтгөр”, “сохор зоосны ч үнэ цэнгүй”, “хог шаар”, “ямар ч хэрэггүй” гэх мэт үгсийг аажмаар ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүсийг илчлэхдээ тэднийг яллах зорилготой байдаг уу? (Үгүй.) Тэгээд юу вэ? (Хүмүүсийг өөрсдийгөө мэдэж, завхралаасаа салаасай гэсэндээ.) Тийм. Эдгээр зүйлийг илчлэх Бурханы зорилго бол чамд өөрийгөө таньж мэдэх, үйл явцын дунд үнэнийг олж авах, Түүний хүслийг ойлгох боломжийг олгох явдал юм. Хэрэв Бурхан чамайг өт, дорд хүн, ямар ч хэрэггүй амьтан гэж илчилбэл чи яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Чи “Бурхан намайг өт гэж хэлсэн учраас би өт болно. Бурхан намайг ямар ч хэрэггүй амьтан гэж хэлдэг учраас би ямар ч хэрэггүй амьтан болно. Бурхан намайг сохор зоосны ч үнэ цэнгүй гэж хэлдэг учраас би ямар ч үнэ цэнгүй хог болно. Бурхан намайг бузар чөтгөр, Сатан гэж хэлдэг учраас би бузар чөтгөр, Сатан болно” гэж хэлж болох юм. Энэ нь үнэнийг олж авах арга зам мөн үү? (Үгүй.) Эдгээр үгийг хэлэх Бурханы зорилго, Түүний бүх шүүлт, гэсгээлт, илчлэлтийн эцсийн зорилго нь хүмүүст Түүний хүслийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах зам руу орох боломжийг олгох явдал юм. Хэрэв хүмүүс энэ замаар явахдаа Бурханыг үргэлж буруугаар ойлгодог бол, Бурханы шүүлт, гэсгээлтийг ихэнхдээ бүрэн хүлээн авч чаддаггүй, тэрслүү байдал нь хэтэрхий их бол тэд юу хийж чадах вэ? Чи Бурханы өмнө байнга ирж, Түүний шинжилтийг хүлээн авч, удаа дараагийн шалгалт, цэвэршүүлэлтээр чамайг удирдахыг Бурханд зөвшөөрч, чамайг ариусгах нөхцөл байдлыг зохицуулахыг зөвшөөрөх ёстой. Хүмүүсийн завхрал маш гүн бөгөөд тэднийг ариусгахад Бурхан хэрэгтэй! Хэрэв хүмүүс үүнийг хийх хүсэлгүй бол, үргэлж тайтгаралд шунаж, үргэлж мунгинаж, үнэнийг огт эрж хайдаггүй бол үнэнийг олж авах найдвар нь маш бага байдаг. Хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурханы олон бодит илрэл байдаг бөгөөд үүнийг Бурханы илчилсэн хүмүүсийн завхарсан зан чанарын олон зүйлээс харж болно. Бурхан л хүний уг чанар-мөн чанар доторх зүйлсийг харж чадна. Тиймээс хэрвээ чи Бурханы үгийг сонсдоггүй, Бурханы чамд хэлсэн маягаар амьдардаггүй, Бурханд итгэдэггүй эсвэл Бурханы хэлсэн маягаар үүргээ гүйцэтгэдэггүй бол чи Бурханы хүслийг хангах замд орохгүй; Бурханд итгэх зөв замд орохгүй бөгөөд авралд хүрэх чамд маш хэцүү байна. Миний хэлж байгаа зүйл зөв үү? (Зөв.) Хүмүүс өөрсдийнхөө арга барилаар Бурханд итгэснээр Бурханыг хангаж чадах уу? (Чадахгүй.) Хүмүүсийн арга барил, төсөөлөл, хүрэх арга зам, арга хэрэгсэл нь үнэнд нийцдэггүй учраас Бурханд итгэх ийм итгэл нь Бурханы сэтгэлийг хэзээ ч хангаж чаддаггүй.

Хүний амь-оролт өссөн эсэхийг хэмжих дөрөв дэх үзүүлэлт буюу өөрт тохиолдох хүмүүс, үйл явдал, зүйлд тухайн хүн Бурханыг хэр зэрэг дуулгавартай дагаж чаддаг тухай би сая ярилаа. Бурханд хэр зэрэг дуулгавартай байгааг юугаар тодорхойлох вэ? Хэрэв чи Бурханы үгийг ухамсарлаж, ойлгож чаддаггүй бол, Бурханы хэлж, шаарддаг зүйлийг огт ойлгож чаддаггүй бол Бурханд дуулгавартай байж чадах уу? (Чадахгүй.) Энэ маш хэцүү. Эцэст нь хэлэхэд дуулгавартай байхын тулд хүнд юу хэрэгтэй вэ? (Үнэнийг ойлгох хэрэгтэй.) Хэрэв хүн үнэнийг ойлгодог бол энэ нь Бурханы хүслийг ойлгохтой дүйцэхүйц биш гэж үү? (Тийм.) Бурханы хүслийг ойлгосон цагт л тэд аажмаар Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг хангаж чадна.

Хүний амь-оролт өссөн эсэхийг дүгнэх өөр нэг гол үзүүлэлт байдаг нь чи Бурханы хүслийг ойлгож, өөрт тохиолдсон зүйлсээс үнэнийг олж авч чадаж байна уу, үгүй юу гэдэг юм. Одоо та нарын ихэнх нь ямар нэг явдал, нөхцөл байдалтай тулгарах үедээ үүнээс хэр их үнэнийг ойлгож чадах вэ? Та нар үүнээс үнэнийг олж авч чаддаг уу? Та нар ихэнх асуудалд үнэнийг олж авдаг уу, эсвэл ихэнхдээ үнэнийг олж авч чадахгүй, үргэлж мунгинаж, дутуу орхигдуулдаг уу? (Ихэнх тохиолдолд бид дутуу орхидог.) Энэ бол та нарын үнэн байдал: Ихэнх тохиолдолд та нар үнэнийг олж авч чаддаггүй. Энэ юу харуулж байна вэ? Энэ нь та нарын биеийн хэмжээ маш жижиг, олон асуудалтай тулгарах үед асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай биеийн хэмжээ, үнэн-бодит байдал байхгүйг харуулж байна. Чи шалгалт, уруу таталттай тулгарсан ч гэсэн гэрчлэлдээ бат зогсдоггүй учраас чамд үнэн-бодит байдал байдаггүй. Хэрэв чи өөрийнхөө асуудлыг харж чадахгүй, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж эрж хайхаа мэддэггүй бол чи тэр чигтээ бүтэлгүйтсэн гэсэн үг. Хэрэв чи дахин ижил төрлийн шалгалттай тулгарвал мунгинуу байх бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд ижил арга барил, түүнд хандах хандлагадаа ижил хандлагыг ашиглах болно. Энэ нь өсөлтгүй байгааг харуулж байгаа биш үү? (Тийм.) Та нарын биеийн хэмжээ яг одоо хэр зэрэг байна вэ? Чамд ямар нэг зүйл тохиолдоход чи төөрөлдөж, Бурханы үг, магтан дуу, номлол, нөхөрлөл, өөрийнхөө байнга ашигладаг янз бүрийн зарчим, эсвэл нөхөрлөх хүмүүсийг хайдаг—энэ одоо байгаа биеийн хэмжээ чинь мөн үү? (Тийм.) Тэгэхээр та нарын биеийн хэмжээ том байна уу, жижиг байна уу? (Жижиг.) Та нар ийм биеийн хэмжээтэй бие дааж амьдарч чадах уу? Асуудлаа бие даан шийдэж чадах уу? (Үгүй.) Хэрэв та нар яг одоо ийм биеийн хэмжээтэй байгаа бол чуулганы амьдралаас гарч, ах эгч нараа орхин, үүргээ гүйцэтгэж буй нөхцөл байдал, газраа орхимогц Бурханыг дагасан хэвээр байж чадах уу? Чи үнэхээр Бурханыг эцсээ хүртэл дагаж чадах уу? Үүнийг одоохондоо мэдэхгүй. Гурав юм уу таван жилийн дараа ч та нар Бурханыг дагасан хэвээр байж болох ч та нарын зан авир, биеэ авч явах байдал, зорьж буй зорилго, амьдралын чиг хандлага, аливаа зүйлийн талаарх үзэл бодол, бусадтай харилцах арга барил, асуудалд хандах хандлага, эдгээр зүйлийн аль нь ч өөрчлөгдөхгүй бөгөөд та нар шүтлэггүй хүнээс ялгаагүй байх болно. Цорын ганц ялгаа нь чи өөрийгөө итгэгч гэж нэрлэж, зөвхөн Бурханы нэрэнд итгэж, өөрийгөө Бурханы дагалдагчдын нэг гэж хэлсэн хэвээр байх болно. Гэвч мөн чанартаа Бурхан чиний зүрх сэтгэлд байхаа больж, зүрх сэтгэлдээ чи Бурханы арга замыг баримтлахаа больж, Бурхантай ямар ч хамаагүй байдаг. Чи Бурханы өмнө залбирахдаа ихэнхдээ юу хэлэх, юу эрж хайхаа мэдэхгүй, зүрх сэтгэлдээ Бурханд хэлэх зүйлгүй байдаг учраас Бурханаас улам бүр холдож эхэлдэг. Чамд ямар нэг зүйл тохиолдоход Бурханы үг чамайг чиглүүлэхгүй, мөн чи үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй бөгөөд өөрийнхөө төсөөллийн дагуу үйлддэг. Тэгээд чи тэр чигтээ шүтлэггүй хүн болсон байх бус уу? Энэ үгээр би юу хэлэх гээд байна вэ? Хүн үнэнийг олж авахаасаа өмнө өөрт нь ямар нэг зүйл тохиолдоход үргэлж төөрөлдөж, үнэнийг яаж хэрэгжүүлэхээ мэддэггүй, Бурханы хүслийн дагуу аливаа зүйлд яаж хандахаа мэддэггүй. Чи сайхан эсвэл муухай нөхцөл байдалд байсан ч, уруу татагдаж эсвэл шалгагдаж байсан ч үргэлж яахаа мэддэггүй; зүгээр л идэвхгүй байдлаар үүнийг туулдаг, аливаа зүйлийг шийдвэрлэхийн тулд эерэг хандлага юм уу үнэнийг ашиглаж чаддаггүй. Чи ямар ч орчин нөхцөлтэй тулгарсан бай, тэсвэрлэж огт чаддаггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах идэвх санаачилга гаргаж чаддаггүй. Хэдийгээр яг тэр мөчид үнэнийг эрж хайж, энэ асуудалд Бурханы хүслийг хангахыг хичээсэн ч чи үүнийг хийж чадахгүй. Тэгэхээр зан байдал, амьдрал чинь Бурхантай, итгэгч хүнд байх ёстой зан байдал, амьдралтай хэр их холбоотой байдаг вэ? Хэрэв зүрх сэтгэлийн чинь ёс журам, бодит хүслийн зөвхөн нэг хувь нь Бурхантай холбоотой, ерэн есөн хувь нь үнэнтэй холбоогүй бол “Та нар үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийсэн” гэж Бурханы хэлсэнтэй адил юм. Энэ нь аймшигтай, аюултай биш гэж үү? (Тийм.) Энэ бол маш аймшигтай бөгөөд маш аюултай. Тэгвэл хүмүүст ямар асуудал тулгардаг вэ? Хэрэв хүмүүс Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг орхих юм бол Бурханаар төгс болгуулах боломжоо алдаж, Бурханы чин санаа зорилгыг хүртэхээргүй болж, өөрсдөд нь зориулж Бурханы зориуд зохицуулсан сургамжаас татгалздаг. Энэ бол Бурханыг хамгийн их гуниглуулдаг зүйл юм. Бурхан хүмүүст үнэнийг эрэлхийлэхэд тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Хэрэв хүмүүс үүргээ орхиж, үнэнийг эрэлхийлэхээ орхиж, Бурханы үгийг уншдаггүй бөгөөд хэзээ, хаана ч Бурханаас холдож чаддаг бол Бурханыг чин сэтгэлээсээ дагагч мөн үү? Мэдээж үгүй. Та нар үүнийг тодорхой харж байгаа байх—энэ бол та нарын одоогийн бодитой биеийн хэмжээ. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс Бурханы хүслийг огт ойлгодоггүй. Хэрвээ хүмүүс өөрт нь зориулан Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдлыг огт ойлгодоггүй, мөн Бурханд хэрхэн залбирах, Бурхантай хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй бол энэ хүмүүс ямар биеийн хэмжээтэй вэ? Тэдний биеийн хэмжээ хэтэрхий жижиг, үнэнийг яаж эрэлхийлэхээ мэддэггүй бус уу? Хэрэв тэд үнэнийг яаж эрэлхийлэхээ мэддэггүй бол яаж үүнийг олж авах вэ? Субьектив өнцгөөс харвал чи бүх зүйлээ хаясан бөгөөд Бурханд итгэх итгэл чинь үнэн гэж бодож болох ч үнэн хэрэгтээ чи үнэнийг хүлээн авдаггүй, Бурхан зүрх сэтгэлийг чинь олж аваагүй байгаа биз дээ? (Тийм.) Бурхан чиний зүрх сэтгэлийг олж аваагүй байгаа нь чи олон асуудалд Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж, Бурханаас холдож, тэр байтугай Бурханы оршихуйг үгүйсгэж чадах хэвээр байгаа гэсэн үг. Чи зөвхөн Бурханд дуулгаваргүй, Бурханд үнэнч бус, Бурханаас эмээдэггүй байгаад зогсохгүй мөн хэзээ ч, хаана ч Бурханыг эсэргүүцэж, урваж чадна. Хүмүүс үнэнийг олж авахаас өмнө ийм нөхцөлд байдаг. Энэ бүхнийг та нарт хэлж байгаа зорилго минь юу вэ? Би яагаад эдгээр үгийг хэлж байна вэ? Та нар луу хүйтэн ус цацах гэж үү? (Үгүй, бидэнд өөрсдийн маань жинхэнэ биеийн хэмжээг мэдэгдэх гэж.) Эдгээр үг та нарыг сэрээх дуудлага бөгөөд та нарт ашиг тустай байх болно. Итгэгч хүний хувьд хэрэв чи үнэнийг олж авахгүй бол хэзээ ч Бурханыг олж авахгүй бөгөөд Бурхан чамайг олж авч чадахгүй. Тиймээс Бурханд итгэх итгэлд үнэнийг эрэлхийлэх нь чамд хамгийн чухал зүйл юм.

Үнэнийг эрэлхийлэхийн тулд хүн үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой, гэхдээ үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хаанаас эхлэх ёстой вэ? Үүнд ямар ч дүрэм журам байхгүй. Өөрийнхөө ойлгож байгаа үнэний талыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв чи үүрэг гүйцэтгэж эхэлсэн бол үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлж эхлэх ёстой. Үүргээ гүйцэтгэх явцад хэрэгжүүлэх үнэний олон тал байдаг бөгөөд чи ойлгож байгаа үнэний талаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, чи эхлээд үнэнч шударга хүн байж, үнэнээ хэлж, зүрх сэтгэлээ нээж болно. Ах эгч нартайгаа ярихад хэтэрхий ичмээр зүйл байвал өвдөг сөгдөөд, үүнийгээ залбирлаар дамжуулан Бурханд хэлэх хэрэгтэй. Чи Бурханд юу хэлэх ёстой вэ? Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэл; хий дэмий бүү тал зас, Түүнийг хуурах гэж бүү оролд. Үнэнч шударга байхаас эхэл. Хэрэв чи сул дорой байсан бол сул дорой байснаа хэл; хорон муу байсан бол хорон муу байснаа хэл; ов мэхтэй байсан бол ов мэхтэй байснаа хэл; хэрцгий, муу санаатай байсан бол үүнийхээ тухай Бурханд хэл. Хэрвээ чи байр суурийн төлөө үргэлж тэмцэж байгаа бол үүнийгээ ч Бурханд хэл. Бурхан чамайг сахилгажуулаг; чамд зориулсан орчныг зохицуулаг. Бүх бэрхшээлээ туулж, бүх асуудлаа шийдвэрлэхдээ Бурханаар туслуул. Чи зүрх сэтгэлээ Бурханд нээх ёстой; хаалттай бүү байлга. Чи Бурханд зүрх сэтгэлээ хаалаа ч гэсэн, Тэр чамайг шинжиж мөн л чадна. Гэхдээ чи Бурханд зүрх сэтгэлээ нээвэл үнэнийг олж авч чадна. Тэгвэл чи аль замыг сонгох ёстой вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд чи худал хэлж, дүр эсгэж болохгүй. Үнэнч шударга хүн байхаас эхлэх ёстой. Олон жил бид үнэнч шударга хүн байх тухай үнэний талаар нөхөрлөж ирсэн хэр нь өнөөдөр хайхрамжгүй хэвээр байж, зөвхөн өөрийн санаархал, хүсэл, зорилгын дагуу л ярьж, үйлддэг, гэмших тухай хэзээ ч бодож байгаагүй олон хүн байсаар байна. Үнэнч шударга хүмүүсийн хандлага энэ биш. Бурхан яагаад хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг вэ? Хүмүүсийг ойлгоход амархан болгохын тулд уу? Мэдээж үгүй. Бурхан үнэнч шударга хүмүүсийг хайрлаж, ерөөдөг учраас Бурхан хүмүүсээс шударга байхыг шаарддаг. Шударга хүн байна гэдэг нь мөс чанартай, эрүүл ухаантай хүн байна гэсэн үг. Энэ нь итгэж болохуйц, Бурханы хайрладаг, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг хайрладаг хүн байх гэсэн үг юм. Үнэнч шударга хүн байх нь хэвийн хүн чанар, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах хамгийн суурь илэрхийлэл юм. Хэрэв хүн хэзээ ч үнэнч шударга байгаагүй эсвэл үнэнч шударга гэж тооцогдож байгаагүй бол үнэнийг ойлгож чадахгүй, үнэнийг олж авч бүр чадахгүй. Хэрэв чи Надад итгэхгүй байгаа бол өөрөө шалга, эсвэл өөрөө туулаад үз. Үнэнч шударга хүн байснаар л чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байж, үнэн чиний амь болж, чи үнэнийг хүлээн авч, үнэнийг ойлгож, олж авч чадна. Хэрэв чиний зүрх сэтгэл үргэлж хаалттай, зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ хэнд ч нээхгүй, хэлэхгүй, улмаар хэн ч чамайг ойлгож чадахгүй байгаа бол хана чинь хэтэрхий зузаан бөгөөд чи хүмүүсийг маш ихээр мэхэлж байна. Хэрэв чи Бурханд итгэсэн хэрнээ өөрийгөө Бурханд бүрэн нээж чаддаггүй, Бурханыг хууран мэхлэхийн тулд Бурханд худал хэлэх юм уу хэтрүүлэн ярьж, Бурханд зүрх сэтгэлээ нээж чаддаггүй, тойруугаар ярьж, санаа зорилгоо нууж чаддаг бол чи зөвхөн өөртөө хор хөнөөл учруулах бөгөөд Бурхан чамайг үл хайхарч, чиний дотор ажиллахгүй. Чи ямар ч үнэнийг ойлгохгүй, ямар ч үнэнийг олж авахгүй. Одоо та нар үнэнийг эрэлхийлж, олж авахын чухлыг ойлгож байна уу? Үнэнийг эрэлхийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Чи үнэнч шударга хүн байх ёстой. Хүмүүс үнэнч шударга байхаар эрэлхийлж байж л хэр гүн гүнзгий завхарснаа, мөн үнэхээр хүний төрхтэй эсэхээ мэдэж, өөрсдийгөө сайтар хэмжиж, дутагдлаа харж чадна. Тэд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үедээ л хэр олон худал үг хэлдэг, ов мэх, булхайгаа хэчнээн гүн нуудгаа мэддэг болж чадна. Үнэнч байхаар хэрэгжүүлэх туршлагатай болж байхдаа л хүмүүс завхралынхаа тухай үнэнийг аажмаар мэдэж авч, уг чанар-мөн чанараа мэдэж авч чаддаг бөгөөд тэгсэн цагт л тэдний завхарсан зан чанар тасралтгүй ариусгагдана. Завхарсан зан чанар нь тасралтгүй ариусах явцад л хүмүүс үнэнийг олж авч чадна. Эдгээр үгийг яаралгүй туул. Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно. Хэрэв чи Бурханыг олж авахгүй бол энэ нь юу гэсэн үг вэ? Чи Бурханыг олж аваагүй, үнэнийг ойлгоогүй бол Бурханыг мэдэхгүй тул Бурхантай нийцэлтэй байж яавч чадахгүй бөгөөд тэр тохиолдолд чи Бурханы дайсан байна. Хэрвээ чи Бурхантай нийцэлтэй биш бол Бурхан чиний Бурхан биш; Бурхан чиний Бурхан биш бол чи аврагдаж чадахгүй. Аврал хүртэхээр эрэлхийлдэггүй бол чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно. Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүс нэг тэмдгээр тэмдэглэгддэг. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? “Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:5) гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. “Тэд” гэж хэн бэ? Тэд бол Бурханы аварч, төгс болгож, олж авсан хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний биеэ авч явах байдлын шинж чанар, илэрхийлэл юу вэ? Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй. Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарч чадах байх: Энэ нь үнэнч шударга байна гэсэн үг. “Гэм зэмгүй байх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь мууг үйлдэхгүй гэсэн үг. Мууг үйлдэхгүй байх нь ямар суурин дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханаас эмээх суурин дээр үндэслэдэг нь эргэлзээгүй. Тиймээс гэм зэмгүй байх гэдэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах гэсэн үг юм. Гэм зэмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Бурханы нүдэнд, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс л төгс байдаг; тиймээс гэм зэмгүй хүмүүс нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс бөгөөд төгс хүмүүс л гэм зэмгүй. Энэ нь тун зөв юм. Хэрэв хүн өдөр бүр худал ярьдаг бол энэ нь өө сэв биш гэж үү? Хэрэв тэд өөрсдийнхөө хүслээр ярьж, үйлддэг бол энэ нь өө сэв биш гэж үү? Хэрэв тэд үйлдэхдээ үргэлж сайшаагдахыг хүсэж, үргэлж Бурханаас шагнал нэхдэг бол энэ нь өө сэв биш гэж үү? Хэрэв тэд Бурханыг хэзээ ч өргөмжилж байгаагүй, үргэлж өөрсдийгөө гэрчилж байсан бол энэ нь өө сэв биш гэж үү? Хэрэв тэд үүргээ хааш яаш гүйцэтгэж, боломж харан үйлдэл хийж, муу санаагаа нууж, хойрголдог бол энэ нь өө сэв биш гэж үү? Энэ бүх завхарсан зан чанарын илчлэл нь өө сэв юм. Хүмүүс үнэнийг ойлгохоосоо өмнө үүнийг зүгээр л мэддэггүй. Эдгээр завхралын илчлэл нь өө сэв, бузар гэдгийг яг одоо та нар бүгд мэдлээ; үнэнийг бага зэрэг ойлгосон цагт л та нар ийм ялган таних чадвартай болно. Завхралын илчлэлд хамаарагддаг бүхэн худал хуурмагтай холбоотой байдаг; Библийн “худал хуурмаггүй” гэсэн үг нь чиний өө сэвтэй эсэхээ эргэцүүлэх гол элемент юм. Тэгэхээр тухайн хүний амь өссөн эсэхийг дүгнэх өөр нэг үзүүлэлт бий. Тэр нь чи үнэнч шударга хүн байх явдалд орсон эсэх, хэлсэн зүйлд чинь хэр их худал хуурмаг байж болох, чиний худал хуурмаг аажмаар багасаж байгаа эсэх, эсвэл өмнөх шигээ байгаа эсэх юм. Хэрэв чиний худал хуурмаг байдал, түүний дотор дүр эсгэлт, хуурч мэхэлсэн үгс чинь аажмаар буурч байгаа бол энэ нь чи бодит байдалд орж эхэлсэн бөгөөд амь чинь өсөж байгааг харуулж байна. Энэ бол аливаа зүйлийг бодитоор харах арга зам биш гэж үү? (Мөн.) Өөрт чинь өссөн мэт санагдаж байгаа ч худал хуурмаг чинь огт багасаагүй, чи үндсэндээ шүтлэггүй хүнтэй адилхан байгаа бол энэ нь үнэн-бодит байдалд орсны хэвийн илрэл мөн үү? (Биш.) Хүн үнэн-бодит байдалд ороход тэд ядаж л маш бага худал ярина; үндсэндээ үнэнч шударга хүн байх болно. Хэрэв чи хэтэрхий их худал ярьдаг, үг чинь хэтэрхий хуурамч байдаг бол энэ нь чамайг огт өөрчлөгдөөгүй, үнэнч шударга хүн болоогүй гэдгийг нотолж байна. Хэрэв чи үнэнч шударга хүн биш бол чамд амь-оролт байхгүй, тэгэхээр чи яаж өсөж чадах юм бэ? Завхарсан зан чанар чинь хэвээрээ байгаа бөгөөд чи бол шүтлэггүй хүн, диавол юм. Үнэнч шударга хүн байх нь тухайн хүний амь өссөн эсэхийг дүгнэх үзүүлэлт юм; хүмүүс эдгээр зүйлийг өөрсөдтэйгөө харьцуулж, өөрийгөө хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой.

Тухайн хүний амь-оролт өссөн эсэхийг дүгнэх нийт хэдэн үзүүлэлтийг бид нөхөрлөсөн бэ? (Зургаа.) Энэ зургаан зүйл юу болохыг нэгтгээд хэл дээ. (Нэгдүгээрт, хүн Бурханд итгэх замыг сонгох нь зөв, тун жам ёсны, үндэслэлтэй гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэг эсэх, энэ зам нь амьдралын зөв зам гэж аль хэдийн тодорхойлсон эсэх, мөн хоёрдмол сэтгэлгүйгээр Бурханыг дагах шийдвэртэй, хүсэлтэй эсэх. Хоёрдугаарт, тэд хүмүүс, дэлхий ертөнц, энэ нийгэм, амьдралын замнал, зорилго, зүг чиг, амьдралын утга учир, үнэ цэнийн талаарх үзэл бодлоо өөрчилсөн эсэх. Гуравдугаарт, хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай эсэх. Дөрөвдүгээрт, тэд өөрт тохиолдсон хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөл байдалд Бурханд дуулгавартай байж чаддаг эсэх, хэр зэрэг дуулгавартай байж чаддаг. Тавдугаарт, хүмүүс өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдоход Бурханы хүслийг ойлгож, үнэнийг олж авч чаддаг эсэх. Зургаадугаарт, тэд үнэнч шударга хүн болох явдалд орсон эсэх.) Та нарт эдгээр зүйлд орсон эсэхээ байнга шалгаж, цуглаан дээр тэдгээрийг нөхөрлөж байх ёстой. Хэрэв чи эдгээр зүйлийг байнга анхаарч үзэхгүй бол амь чинь өсөх ямар ч боломжгүй бөгөөд зан чанар чинь өөрчлөгдөх ямар ч боломжгүй. Хүн анхаарал хандуулж, хичээж зүтгэсэн ямар ч зүйлд үр дүнд хүрдэг. Хэрэв чи үргэлж хоосон сургаал дээр төвлөрдөг бол хоосон сургаалыг л олж авна; хэрэв чи байр суурь, эрх мэдэл олж авахад анхаардаг бол байр суурь, эрх мэдэл чинь тогтвортой байж болох ч чи үнэнийг олж авахгүй бөгөөд таягдан хаягдана. Гүйцэтгэдэг үүргээс чинь үл хамааран амь-оролт бол чухал зүйл. Энэ тал дээр чи тайвширч болохгүй, мөн хайхрамжгүй хандаж болохгүй.

2017 оны 1 дүгээр сарын 31

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих