Бурханд дуулгавартай байх нь үнэнийг олж авах үндсэн хичээл юм (III хэсэг)
Ямар ч асуудалгүй байх үед дуулгавартай дагахад хүмүүст амархан байдаг. Харин асуудал гарч ирэхэд тэд дуулгавартай дагаж чаддаггүй. Энэ тохиолдолд юу хийж болох вэ? Энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд залбирч, үнэнийг эрж хайх шаардлагатай. Өөрийгөө Бурханаар өргөмжлөгдсөн эрхэм хүн гэж боддог байснаа Бурханы нүдэнд гавьяагүй, үнэгүй тоглоом, юу ч биш, үнэ цэнгүй амьтан болсон хэр нь Бурханыг баяртайяа дуулгавартай дагадаг, Бурханд огт шаардлага тавьдаггүй хүн болох хүртэл—тийм түвшний туршлагатай болох хүртэл хэр их хугацаа шаардлагатай вэ? (Петр сүүлийнхээ долоон жилийн хугацаанд хэдэн зуун шалгалт туулсан. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол хэчнээн удаан итгэсэн ч гэсэн үүнд хүрэхгүй.) Хэдэн жил итгэсэн нь хамаагүй—харин ч хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, үнэнийг ашиглан завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чаддаг эсэхээс энэ нь хамаардаг. Энэ бүхэн нь чиний эрэл хайгуул юу вэ гэдгээс шалтгаалдаг. Зарим хүн зөвхөн нэр хүнд, байр суурь эрэлхийлж, үргэлж өөрсдийгөө гайхуулж, олноос онцгойрохыг хүсэж байдаг. Тэд өчүүхэн төдий ухралт, бүтэлгүйтэлтэй тулгараад нуран унаж, сөрөг болж, сааждаг. Зарим хүн шударга бус далим гаргахдаа гаргууд боловч үнэнийг хайрладаггүй; тэд бусдыг хохироогоод ашиг тусыг нь хүртэх үедээ баярладаг, үнэнийг олж аваагүй бол гунигладаггүй, санаа зовдоггүй. Зарим нь ямар нэг байр суурьгүй бол Бурханд итгэхдээ эрч хүчгүй байдаг бөгөөд байр суурьтай болмогцоо өөр хэнээс ч илүү эрч хүчтэй байдаг; тэгээд хэзээ ч сөрөг болдоггүй, харин ядарч үхтлээ баяртайгаар ажиллана. Тэд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл аливаа зүйлийг зарчмын дагуу хийхэд ямар ч анхаарал хандуулдаггүй, үүний үр дүнд, олон жил Бурханд итгэснийхээ дараа ч туршлагын гэрчлэлгүй байдаг. Цөөхөн жил Бурханд итгэчхээд, сайхан туршлагын гэрчлэлтэй байдаг хүмүүсийг харах үедээ тэд атаархаж, харамсдаг ч тэрхүү мэдрэмж нь арилсны дараа мөн л үнэнийг эрэлхийлдэггүй. Хэрвээ хүн үнэний төлөө чармайхад анхаарлаа төвлөрүүлдэггүй, асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашигладаггүй бол хэчнээн олон жил итгэлээ ч нэмэргүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэзээ ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Петр олон зуун шалгалт туулснаар төгс болгуулсан—та нар ч бас олон зуун шалгалт туулах ёстой биш үү? Та нар одоо хэр олон шалгалт туулсан бэ? Олон зуу биш юм гэхэд ядаж ганц зуу хүрсэн үү? (Үгүй, хараахан үгүй.) Петр олон зуун шалгалт туулснаар төгс болгуулсан тул хэрвээ та нар ганцыг ч туулаагүй бол, эсвэл зууг л туулсан бол туршлага чинь Петрийнхэд ер дөхөж очихгүй. Чиний биеийн хэмжээ дулимаг. Чи үнэнийг эрэлхийлэхэд хичээл чармайлт гаргах хэрэгтэй биш үү? Яах ёстой вэ? Чи үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд хичээл чармайлт гаргах ёстой. Хайхрамжгүй, мунгинуу байж, юуг ч нухацтай бодолгүй, хэнэггүй амьдралаар амьдарч, бүхэл өдөржингөө юм хийгээд завгүй байж болохгүй. Завгүй байх нь асуудал гэж хэлж байгаа юм биш—хийх юм ихтэй бол завгүй байх ёстой болно; дандаа завтай байна гэж үгүй. Гэхдээ юм болгоныг зохицуулаад завгүй байхдаа ч гэсэн чи үнэн болон зарчимд шимтэх ёстой; чи аливааг ойлгохоор оролдож, өөрт дутагдаж байгаа зүйлээ Бурханаас асуух ёстой. Бурханаас яаж асуух вэ? Өдөр бүр зүрх сэтгэлдээ тэр зүйлийнхээ төлөө Бурханд чимээгүйхэн залбир. Энэ нь зүрх сэтгэлдээ үнэнийг хүсэн хүлээдэг гэдгийг чинь, хүсэл эрмэлзлээ Бурханаар биелүүлэхийг хүсдэгийг чинь харуулдаг. Хэрвээ зүрх сэтгэл чинь чин үнэнч бол Бурхан залбирлыг чинь сонсоно; Тэрээр чамд сургамж авахад тохиромжтой нөхцөл байдлыг зохицуулж, бэлдэж өгнө. Чи: “Миний биеийн хэмжээ үнэхээр дулимаг. Бурхан намайг няц дарах том шалгалт надад өгөх болов уу?” гэж магадгүй. Үгүй, тэгэх боломжгүй. Бурхан тийм юм яавч хийхгүй. Хүний итгэл хэчнээн их болохыг, жинхэнэ биеийн хэмжээ нь ямар болохыг Бурхан хамгийн сайн мэддэг. Чи үүнд итгэлтэй байх ёстой. Бурхан гурван настай хүүхдэд насанд хүрсэн хүний ачаа хэзээ ч үүрүүлэхгүй—хэзээ ч тэгэхгүй! Чи зүрх сэтгэлдээ үүнд итгэлтэй байх ёстой. Гэхдээ чи Бурханаас гуйх хэрэгтэй. Чамд тийм хүсэл, тийм шийдвэр байх ёстой, тэр үед л Бурхан чиний хүсэлтийг биелүүлнэ. Чи үргэлж айж, нуугдаж, соригдохоос айдаг бол, амар тайван, зовох юмгүй амьдрахыг үргэлж хүсдэг бол Бурхан чам дээр ажиллахгүй. Тиймээс чи чөлөөтэй, зоригтойгоор Бурханаас гуйж, өөрийгөө үнэхээр өргөн барьж, бүхнээ Бурханд даатгах хэрэгтэй, тэгсэн цагт л Бурхан чам дээр ажиллана. Бурхан мэдээж хүмүүсийг дураараа тарчлаахын тулд ажилладаггүй, харин үр дүн, зорилгодоо хүрэхийн төлөө ажилладаг. Бурхан дэмий ажил хийхгүй, эсвэл дааж чадахгүй ачааг чинь чамд үүрүүлэхгүй—чи үүнд итгэх ёстой. Төгс болохоор эрж хайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, боломжийн бүтээгдсэн зүйл байхаар чармайхын тулд хүн шийдвэртэй байх ёстой. Тэр нь ямар шийдвэр вэ? Төгс болгуулахаар эрж хайж, үнэнтэй, хүн чанартай хүн болох, Бурханыг хайрлаж, гэрчилдэг хүн болохоор эрж хайх шийдвэр. Бурхан үүнд хамгийн их баярладаг. Хэрвээ чи тийм шийдвэргүй, харин зүгээр л “Би үүргээ гүйцэтгээд завгүй байна. Би ачаа үүрч, үйлчлэл үзүүлж, номлол сонсож байна. Би өөр хэнээс ч дутахгүй” гэж хэлээд сэтгэл ханадаг бол чамд ямар ч хэтийн ирээдүй байхгүй. Сайндаа л чи үйлчлэл үзүүлэгч болно, гэхдээ Бурханы ардуудын нэг болохгүй. Чи ахиц дэвшил гаргахыг огт хүсэхгүйгээр байгаа байдалдаа л сэтгэл ханаж байгаа биш үү? Чи үнэнийг эрэлхийлдэггүй, цуглаан дээр үнэний талаар нөхөрлөдөггүй, номлол сонсмогцоо зүүрмэглэдэг. Харин дэлхий ертөнцийн хэрэг явдлыг ярилцах үедээ тасралтгүй чалчиж, нүд чинь гэрэлтдэг—энэ нь үйлчлэл үзүүлэгчийн зан авир юм. Үнэнийг дурдмагц нүд нь гэрэлтдэг зарим хүн бий; тэд хэтэрхий дутуу дулимаг гэдгээ мэдэрдэг бөгөөд ямар нэгэн сайн, бодитой зүйл сонсох үедээ яаран тэмдэглэж авдаг. Тэд Бурханы шаардлагаас хэт хол байгаагаа, зүрх сэтгэлд нь хангалттай эерэг зүйл байхгүй, Сатаны хор дэндүү их байгааг, Бурханы эсрэг хэтэрхий их тэрсэлдгээ мэдэрдэг. Тэд дотроо “Бурхан надад сэтгэл ханамжгүй байгаад гайхах зүйл алга. Би Бурханы хүслээс маш хол, Бурхантай ямар ч нийцэлгүй, Бурханыг хэтэрхий их буруугаар ойлгодог. Би хэзээ Бурханы хүслийг хангаж чадах юм бэ?” гэж боддог. Үүргээ гүйцэтгэхдээ тэд эдгээр зүйлийг олж мэдэхээр алгуурлалгүй оролдож, үргэлж Бурханы өмнө очин “Бурхан минь, намайг сориоч. Намайг илчилж, надад үнэнийг ойлгох, үнэн-бодит байдлыг олж авах, Таныг мэдэж авах боломж олгохыг би Танаас гуйж байна. Намайг сахилгажуулж, шүүж, гэсгээгээч” гэж чимээгүйхэн залбирдаг. Тэд ачаа үүрэх үедээ үүнийгээ үргэлж оюун ухаандаа санадаг. Тэд үргэлж үнэнээр цангаж, улмаар Бурхан тэдэн дээр ажиллаж эхэлдэг. Бурхан зарим хүн, үйл явдал, зүйл, элдэв янзын нөхцөл байдлыг зохицуулж, ингэснээр тэд өдөр бүр үүнээс ямар нэг зүйлийг сурч чаддаг. Тэд тэгээд ивээгддэг биш үү? Яагаад Петрт олон зуун шалгалт ирсэн бэ? Учир нь тэрээр үнэнийг эрэлхийлсэн, Бурханы шалгалтаас айгаагүй, Бурханы шалгалтууд нь хүмүүсийг ариусгахын төлөө байдаг гэдэгт итгэсэн. Энэ зам нь хүмүүсийг төгс болгож чадна, энэ бол цорын ганц үнэн зам гэдэгт итгэсэн. Тэрээр үүний төлөө залбирч, үүний төлөө өөрийгөө зарлагадаж, зориулсан; тийм учраас Бурхан түүн дээр ажилласан юм. Энэ нь Бурхан Петрийг сонгосон, Петрийг сорьж, төгс болгохоор шийдсэн гэсэн үг байж болох уу? Яг тийм. Бурхан нэг хүнийг сонгохдоо оюун ухаандаа зорилготой, зарчимтай байдаг—энэ бол гарцаагүй. Яагаад ихэнх хүн Бурханаас ийм төрлийн ажлыг олж авч чаддаггүй вэ? Учир нь тэд үнэнийг эрэлхийлдэггүй, ийм шийдвэр тэдэнд байдаггүй, тийм учраас Бурхан тэдэн дээр ажилладаггүй. Бурхан хэнийг ч хүчилдэггүй. Бурхан хүнийг төгс болгохыг хүсэх нь гайхалтай зүйл бөгөөд хэчнээн их зовлон зүдүүр туулсан ч энэ нь үнэ цэнтэй. Гэхдээ ихэнх хүнд ийм шийдвэр байдаггүй, тэд шалгалт, бэрхшээлтэй тулгарах үедээ зүгээр л яаран зугтаж, нуугддаг. Бурхан тийм хүнийг албадах уу? Зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй, Христтэй нүүр тулан уулзах зориг ч байдаггүй. Тэд “Христтэй уулзах үедээ би юу хэлэхээ мэдэхгүй. Би ямар ч үнэнийг мэдэхгүй, яаж нөхөрлөхөө мэдэхгүй. Христ миний асуудлыг харвал ичмээр байх биш үү? Намайг засвал би тэвчиж чадахгүй. Би Бурханаас зайлсхийж, боломжийн зай барих ёстой. Хэрвээ би үргэлж Бурхантай холбоотой байж, Бурханы өмнө амьдарвал Бурхан намайг нэвт харж, намайг зэвүүцнэ. Би таягдан хаягдаж, сайхан хүрэх газартай болохоо болино” гэж хэлдэг. Тийм байдаг гэж үү? (Үгүй.) Зарим хүн иймэрхүү санаа бодол өвөрлөж байгаа. Бурхан тийм хүнээс ямар нэг юм шаардах уу? (Үгүй, шаардахгүй.) Тиймээс чи юу эрэлхийлнэ, хэр их шийдвэртэй байна, Бурхан тэр хэмжээнд л чамайг төгс болгоно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, харин үргэлж Бурханаас нуугдаж, зай барьдаг бол, мөн өөрийнхөө бодлыг үргэлж Бурханаас нуудаг бол чам шиг хүмүүсийн талаар Бурхан юу хэлэх вэ? (“Ариун зүйлийг нохдод бүү өг, сувдаа гахайн урд бүү хая” (Матай 7:6).) Чи үнэнийг хайрладаггүй, Бурханаас нуугддаг мөртөө Бурхан чамайг сорьж, төгс болгохоор зүтгэнэ гэж бодож байна уу? Чи эндүүрч байна. Хэрвээ чи зөв хүн биш бол хэчнээн их гуйж, залбираад нэмэргүй. Бурхан үүнийг хийхгүй; Бурхан хүмүүсийг албаддаггүй. Тэр нь Бурханы зан чанарын нэг тал юм. Гэхдээ үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бол тэд Петр шиг, Иов шиг, эсвэл Абрахам шиг байж чадах; Бурханы шаардсан амьдралын зөв замд орох; Бурханаас эмээж, муугаас зайлах замд орж, эцэст нь үнэнийг олж авч, төгс болгуулах явдал. Бурхан ийм төрлийн хүнийг олж авна гэж найддаг ч хэрвээ чи өөрөө эрж хайхгүй бол Бурхан чамайг албадах уу? Үгүй. Бурхан хэзээ ч, хэнийг ч албадаж байгаагүй. Ариун Сүнс чамайг тууштай хөдөлгөж, чамайг барьж аваад, тавьж явуулахгүй, чамайг төгс болгохоор зорьж, төгс болгох хүртлээ болихгүй байна гэж үгүй. Үнэнийг хэлэхэд Бурхан тиймэрхүү юм яасан ч хийхгүй. Тэр нь Бурханы хандлага юм. Эцэст нь Өөрийнх нь ажил гүйцэлдэх үед Иов, Петр, Абрахам шиг илүү олон хүнийг олж авна гэж л Бурхан найддаг. Гэхдээ эцэст нь хэдэн хүн үнэхээр үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулах вэ гэдэг нь Бурханы хүчилж албадахгүй зүйл юм. Бурхан юмыг жам ёсоор нь л явуулна—энэ бол Бурханы бодитой ажлын нэг тал мөн. Бурхан энэ нь 10, 20, 1000, 2000, эсвэл бүр 10000 хүн байх ёстой гэсэн тодорхой тоо хэмжээг тогтоогоогүй. Бурхан энэ талаар ямар ч болзол тавиагүй. Бурхан зүгээр л ийм маягаар үргэлжлүүлж, бодитой ажил хийж, үнэхээр хүмүүсийн дунд алхаж байгаа. Бурхан ингэж ажиллаж, үг хэлж, үнэнтэй холбоотой ажил буюу хүн төрөлхтөнд ашиг тустай ажлын тал бүрийг гүйцэтгэдэг. Энэ нь зөв хүмүүсийн дотор, үнэнийг хүсэн мөрөөсдөг хүмүүсийн дотор Бурханы үргэлжлүүлэн хийдэг ажил юм. Эцэст нь шийдэмгий бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс төгс болгуулна. Тэд хамгийн их ерөөгдсөн, мөнх амийг олж авах хүмүүс билээ. Бурхан хүн бүрд зөвт байдлаар ханддаг, хэнийг ч онцгойлж үздэггүй гэдгийг энэ нь нотолдог. Өнөөдөр та бүхэн Бурханыг дагаж чадаж байгаа нь тохиолдлын хэрэг биш—үүнийг Бурхан аль эрт урьдчилан тодорхойлсон юм. Бурхан хүмүүсийн гэр бүл, төрөх газар, өсөж том болох орчин, хэв чанар, авьяас билиг, ур чадвар, эргэн тойрныхон—энэ бүх зүйлийг урьдчилан тогтоодог. Эцэст нь Бурханы зөвт байдал ямар байхыг хүмүүс харах вэ? Эцэстээ амьд үлдэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авч чадах нь хүмүүсийн өөрсдийнх нь эрэл хайгуул, төлсөн төлөөснөөс хамаарна. Бурхан эдгээр зүйлийг урьдчилан тогтоох нь нэг тал боловч хүмүүсийн хамтын ажиллагаа ч бас шаардлагатай. Бурхан хүмүүсийн явж буй замд, мөн үнэнтэй эсэхэд нь үндэслэн үр дүнг нь тодорхойлдог. Энэ бол Бурханы зөвт байдал юм.
Бие махбодтой болсон Бурханы бодитой талыг хүн бүр харсан. Бурхан хүн нэг бүрд шударга, үндэслэлтэй ханддаг. Чи тэрийг харсан; бусад хүн ч харсан; та нар бүгдээрээ харсан. Бие махбодтой болсон Бурхан бол жирийн хүн. Зарим хүн Христийг хараад үзэлтэй болж, “Тэр маш хэвийн, үнэхээр үл анзаарагдам юм. Энэ үнэхээр бие махбодтой болсон Бурхан байж таарах уу? Би Түүнд итгэхгүй байна, би Түүнд яагаад ч итгэж чадахгүй” гэж боддог. Эсвэл зүгээр л Түүнийг дурамжхан дагаж, Түүнд эргэлзсэн байдлаар итгэж, үзлээ тээсээр байдаг. Бусад хүмүүс Христийг хараад жаахан эрүүл ухаантай хандаж, “Бие махбодтой болсон Бурхан жирийн хүн боловч үнэнийг илэрхийлж, хүмүүсийг амиар хангаж чаддаг учраас би Түүнд Бурхан шиг хандах ёстой. Би Түүний үгийг үнэн, Бүтээгчийн үг гэж хүлээн авч, хэрэгжүүлнэ. Би Түүнийг дагана” гэж боддог. Энэ хүмүүс эцэст нь төгс болгуулж, үнэнийг олж авдаг. Ямар хүмүүс эцэст нь үнэнийг олж авдаг вэ? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс. Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг өдөр бүр усалж, хангаж, хариулж, тэдэн дээр ажилладаг. Би номлож, нөхөрлөж, Ариун Сүнс Бурханы сонгосон хүмүүс дээр ажиллаж, хүн бүр усалгаа, хангалт хүлээн авдаг. Хэнд ч тусгайлан ханддаггүй бөгөөд чуулганы амьдралд оролцдог, үүргээ гүйцэтгэдэг хүн бүр ийм маягаар өдөр тутам Бурханы ажлыг эдэлдэг. Би хүн нэг бүрд адилхан ханддаг. Би хэнийг ч асуулт асуусан хариулдаг бөгөөд хэнийг ч онцгойлон халамжилдаггүй, хэнд ч тусгай нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөггүй, эсвэл хэнийг ч яаруулж, зоригжуулахаар оролддоггүй, Ариун Сүнсний нэмэлт гэгээрэл, гэрэлтүүлэлт өгдөггүй, эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Бурхан тиймэрхүү юм хийдэггүй. Бурхан хүмүүсийн нүглийг уучилж, гэмшлийн замд оруулж, тэднийг Бурханд итгэдэг, Бурханд эргэлздэггүй болгохын тулд Нигүүлслийн эрин үед олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн. Ажлын одоогийн алхам нь тэр чигтээ үнэнээр хангахаас бүрддэг, ингэснээр хүмүүс үнэнийг ойлгож, жинхэнэ итгэлтэй болж чадна. Чи хэчнээн их зовсон ч эцэстээ үнэнийг олж авсан бол төгс болгуулсан хүн бөгөөд амьд үлдэнэ. Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол ямар ч шалтаг тоочоод нэмэргүй. Чи: “Бурхан ямар ч гайхамшиг үзүүлээгүй учраас би итгэж чадаагүй”, “Бурхан үргэлж миний ойлгохооргүй үнэнийг илэрхийлж байсан болохоор би итгэж чадаагүй”, эсвэл “Бурхан дэндүү бодит, хэтэрхий хэвийн учраас би итгэж чадаагүй” гэж хэлж болох юм. Эдгээр нь бүгд чиний асуудал. Чамд яг л бусадтай адил үнэнийг өгсөн—тэгвэл тэд яагаад төгс болгуулж, харин чи таягдан хаягдаж байгаа юм бэ? Чи яагаад үнэнийг олж аваагүй юм бэ? Энэ бол чиний шүүлт: Учир нь чи үнэнийг эрэлхийлээгүй. Эцсийн энэ үе шатанд Бурхан үгийн ажил л хийдэг. Тэрээр хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэндээ үг ашигладаг; тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Хэрвээ чи Бурханы гайхамшгийг харахыг хүсвэл тэртээ 2,000 жилийн өмнө очиж, тухайн үеийн Эзэн Есүсийн гайхамшгийг хар. Энэ эрин үеийн итгэгч бүү бай. Чи Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авсан тул гайхамшгийг бүү хай. Бурхан гайхамшиг үзүүлдэггүй. Энэ нь үндэслэлтэй юу? (Тийм.) Энэ нь шударга, үндэслэлтэй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол Бурхан чамайг онцгойлж үзэхгүй. Чи үнэнийг эрэлхийлдэггүй, харин зүгээр л үйлчлэл үзүүлэхээр эрэлхийлж, эцсээ хүртэл үргэлж үнэнчээр үйлчлэл үзүүлдэг бол Бурхан чамайг үлдээж, нигүүлслээ хайрлана. Харин чи эцсээ хүртэл үйлчилж чадахгүй бол таягдан хаягдана. Таягдан хаягдах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь сүйрэл гэсэн үг! Энэ нь шударга, үндэслэлтэй бөгөөд хэнийг ч онцгойлон үздэггүй. Энэ нь бүгд Бурханы үг, үнэнд үндэслэдэг. Энэ бүхнийг харгалзан үзвэл хүмүүсийн явж буй зам хамгийн чухал биш үү? Чи ямар зам эрэлхийлдэг, ямархуу хүн болохоор эрмэлздэг, юу эрж хайдаг, юунд найддаг, Бурханаас юу гуйдаг, Бурханы өмнө байхдаа Бурханд хандах хандлага чинь ямар байдаг, Бурханы үгэнд хандах хандлага чинь ямар байдаг: энэ бүх зүйл маш чухал. Та нар Надад хэл дээ—тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь хүмүүсийг төгс болгож чадах уу? Жишээ нь, чи автын осолд ороод, Бурхан чамайг аварвал тэр нь чамайг төгс болгож чадах уу? Хэрвээ чи нэгэнтээ үхээд, дахин амилсан бол тэр нь чамайг төгс болгож чадах уу? Эсвэл чи зүүдэндээ тэнгэрийн хаанчлалд очоод, Бурханыг харсан бол тэр нь чамайг төгс болгож чадах уу? (Үгүй.) Эдгээр зүйл үнэнийг орлож чадахгүй. Тиймээс Бурханы удирдлага төгсгөлдөө очдог, ажлын энэ сүүлийн үе шатанд Бурхан хүмүүсийг төгс болгож, илчлэхийн тулд үг ашигладаг. Энэ бол Бурханы зөвт байдал юм. Хэрвээ чи Бурханы үгээр төгс болгуулсан бол Бурхан чамайг үлдээлээ гэж хэн ч гомдоллож чадахгүй, үлдсэний чинь төлөө Сатан ч чамайг буруутгаж чадахгүй. Бурхан ийм төрлийн хүнийг хүсдэг. Бурхан маш олон үг өгсөн тул хэрвээ чи эцэст нь юу ч олж авахгүй бол хэний буруу байх вэ? (Бидний.) Буруу замыг сонгосон нь өөрийн чинь буруу. Хүмүүс ямар замаар явах нь үнэхээр чухал. Яагаад тэр вэ? Учир нь энэ нь тэдний хүрэх газрыг тодорхойлдог. Тийм учраас чи зөгнөлүүд биелсэн эсэхийг, Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсэн эсэхийг, Бурхан үнэндээ хэзээ газар дэлхийгээс явахыг, Бурханыг газар дэлхийг орхин явах үед нүдээрээ харж чадах эсэхээ олж мэдэхээр байнга оролдох ёсгүй. Тэрийг мэдлээ гээд чамд ямар ч сайн юм болохгүй; энэ нь чиний хүрэх газарт, эсвэл төгс болгуулахад чинь нөлөөлөхгүй. Тэгвэл чамд юу хамаатай вэ? (Бурханд итгэхдээ миний явдаг зам.) Чиний явдаг зам төгс болгуулж чадах эсэхэд чинь нөлөөлдөг. Төгс болгуулах эрэл хайгуулдаа хамгийн их орох ёстой үнэн юу вэ? Бурханыг дуулгавартай дагах үнэн. Бурханыг дуулгавартай дагах нь хамгийн өндөр, хамгийн чухал үнэн бөгөөд мөн чанартаа үнэнийг эрэлхийлэх нь Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэхтэй адилхан. Чи насан туршдаа Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх хэрэгтэй, Бурханыг дуулгавартай дагах энэ зам нь үнэнийг эрэлхийлэх зам юм. Яагаад насан туршдаа Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх хэрэгтэй вэ? Учир нь Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх үйл явц нь завхарсан зан чанарыг шийдвэрлэх үйл явц юм. Яагаад завхарсан зан чанарыг шийдвэрлэх хэрэгтэй вэ? Учир нь завхарсан зан чанар Бурхантай зөрчилддөг. Хэрвээ чи сатанлаг зан чанараар амьдардаг бол Сатаны, диаволуудын мөн чанартай бөгөөд Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх нь завхарсан зан чанарын асуудлаа шийдвэрлэхийг чамаас шаарддаг. Энэ нь маш чухал! Чи завхарсан зан чанартай байх л юм бол, шийдвэрлэгдээгүй жаахан хэсэг үлдсэн л бол Бурхантай зөрчилдөж, Бурханы дайсан болно, Бурханд дуулгавартай байж чадахгүй. Завхарсан зан чанарын чинь шийдвэрлэгдсэн түвшин бол Бурханд дуулгавартай байдаг түвшин чинь; завхарсан зан чанарын чинь шийдвэрлэгдсэн хувь хэмжээ бол Бурханд дуулгавартай байдаг хувь хэмжээ чинь юм.
Энэ цуглаан дээр бид Бурханыг мэдэх тухай яриагүй. Бурханыг дуулгавартай дагахын тулд завхарсан зан чанараа шийдвэрлэж, төгс болгуулахаар эрэлхийлэх үйл явцаар дамжин аажмаар Бурханыг мэдэж авдаг. Бурханыг мэдэх эрэл хайгуул нь өөрөө маш гүн гүнзгий хичээл, тийм учраас бид энэ талаар хараахан яриагүй. Яг одоо бид хүмүүсийн хэрэгжүүлэлт, амьдрал, эрэл хайгуул, явж буй замтай нягт холбоотой сэдвүүдийн талаар ярьж байгаа. Завхарсан зан чанараа шийдвэрлэхээр эрж хайх явцдаа чи аажмаар Бурханыг ойлгож, Бурханы хүслийг мэдэж авдаг. Чи Бурханы хүслийг ойлгож чадах үедээ Бурханы талаар илүү их мэдлэгтэй болдог биш үү? (Тийм ээ.) Тэгээд чи Бурханы талаар бага зэрэг бодитой мэдлэгтэй болдог. Яагаад чи Бурханыг дагах явцдаа Бурханд дуулгавартай болж чаддаг вэ? Учир нь чи Бурханы зүрх сэтгэлийг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог; Бурхан чамаас ямар стандарт, зарчим шаарддагийг, Бурханы зорилго юу болохыг ойлгодог. Энэхүү ойлголт нь Бурханы талаарх зарим мэдлэгийг агуулдаггүй гэж үү? (Агуулдаг.) Үүнд аажмаар хүрдэг, энэ бүхэн нь хоорондоо уялдаа холбоотой. Хэрвээ чи зөвхөн Бурханы талаарх мэдлэгийг л эрэлхийлэх юм бол хэцүүднэ. Чи: “Би өдөр болгон Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлэхээс өөр юу ч хийхгүй. Цэцэг хаанаас ургадгийг би харна, хурга эхийгээ хөхөхдөө хоёр хөлөө нугалдаг байхад яагаад тугал тэгдэггүйг харна. Би энэ бүхнийг судалж, тийм маягаар Бурханыг мэдэж авна” гэж хэлж магадгүй. Зүгээр л энэ бүхнийг судалснаар чи Бурханы тухай мэдлэгт хүрч чадах уу? Яавч үгүй. Үнэн судалгаанаас үүдэн гардаггүй, харин үнэнийг туршлагаараа л үнэхээр мэдэж авдаг. Судалгаа ямар ч нэмэргүй. Чи Бурханы бүтээсэн бүх зүйлийг мэддэг, тэр нь гайхалтай бөгөөд тиймээс чи Бурханы талаар аль хэдийн бага зэрэг мэддэг. Гэхдээ чи юунд анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ? Чи үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэж, Бурханд дуулгавартай болох ёстой. Энэ эрэл хайгуулын явцад чи аар саар олон асуултын хариуг бага багаар олж, хэрэгжүүлж, орох замаа олно. Завхарсан зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай болоход төдий чинээ амархан байх болно. Хүмүүс завхарсан зан чанартаа хязгаарлагдахаа больмогцоо эрх чөлөө, чөлөөлөлтийг үнэхээр олж авдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх нь хүнд бэрх биш, харин маш амархан байдаг. Тэгэх нь үнэн хүмүүсийн амь болж байгаа хэрэг биш үү?
2017 оны 10 дугаар сарын 01
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?