Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)

Та нар хаад мэт хаанчлахыг хичээдэг байсан бөгөөд өнөөдөр ч үүнийгээ хараахан орхиогүй; хаан болон хаанчилж, тэнгэрийг өргөж, газрыг тулахыг хүссээр байдаг. Одоо энэ асуултыг бодоод үз: Чамд тийм чадвар байгаа юу? Чи ямар ч эрүүл ухаангүй байгаа бус уу? Та нарын эрж хайж, анхаарлаа хандуулдаг зүйл бодитой юу? Та нарт хэвийн хүн чанар ч байдаггүй—энэ нь өрөвдмөөр биш гэж үү? Тиймээс өнөөдөр Би зөвхөн байлдан дагуулагдах, гэрчлэл хийх, хэв чанараа сайжруулах, төгс болгуулах замд орох тухай л яриад, өөр юуны ч талаар ярьдаггүй. Зарим хүн хольцгүй үнэнээс залхдаг ба хэвийн хүн чанар болон хүмүүсийн хэв чанарыг сайжруулах тухай энэ бүх яриаг харах үедээ дурамжхан байдаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийг төгс болгох амаргүй. Та нар өнөөдөр орж, Бурханы хүслийн дагуу алхам алхмаар үйлдэж байгаа цагт таягдан хаягдаж болно гэж үү? Бурхан Хятадын эх газарт ийм их далайцтай, маш их ажил хийж, маш олон үг хэлснийхээ дараа замын хагасаас больж чадна гэж үү? Тэрээр хүмүүсийг ёроолгүй нүх рүү доош хөтөлж чадна гэж үү? Өнөөдөр, гол зүйл нь та нар хүний мөн чанарыг мэдэж, юу руу орох ёстойгоо мэдэх ёстой; мөн амийн оролт, зан чанарын өөрчлөлт, хэрхэн үнэхээр байлдан дагуулагдах, хэрхэн Бурханд бүрэн дуулгавартай байж, Бурханд сүүлчийн гэрчлэл хийж, үхэлд хүртэл дуулгавартай байх талаар ярих ёстой. Чи эдгээр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, бодит бус, эсвэл чухал бус зүйлсийг юун түрүүнд хойш тавьж, үл тоомсорлох ёстой. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах талаар болон байлдан дагуулагдсаныхаа дараа хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар мэддэг байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой бөгөөд орчин ямар ч байлаа гэсэн, Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэх дээд зэргийн хайр. Нэг талаар чи Иов шиг байх ёстой: Тэр бүх материаллаг хөрөнгөө алдаж, махан биеийн өвчин шаналалд нэрвэгдсэн атлаа Еховагийн нэрийг хаяагүй. Энэ нь Иовын гэрчлэл байв. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлаж чадсан. Тэрээр загалмайд цовдлогдож, үхэлтэйгээ нүүр тулах үедээ Бурханыг хайрласаар байсан; тэр хэтийн ирээдүйгээ бодоогүй, эсвэл сайхан найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо эрэлхийлээгүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон билээ. Энэ бол чиний хүрэх ёстой стандарт, ингэвэл чамайг гэрчлэлтэй гэж үзэх бөгөөд чи байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болно. Өнөөдөр хүмүүс мөн чанар, байр сууриа үнэхээр мэддэг байсан бол хэтийн ирээдүй, эсвэл итгэл найдварыг эрж хайсаар байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл бол энэ: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийдэг бүхэн сайн бөгөөд миний төлөө хийгддэг, ингэснээр зан чанар маань өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салган, бузар газар нутагт төрсөн ч бохир хольцоос өөрсдийгөө салгаж, бузар булай болон Сатаны нөлөөнөөс ангижирч, үүнийг орхих боломжтой болж чадна. Мэдээж, чамаас шаарддаг зүйл энэ боловч Бурханы хувьд энэ нь ердөө л байлдан дагуулалт бөгөөд ингэснээр хүмүүс дуулгавартай дагах шийдвэртэй байж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдаж чадна. Ийм маягаар аливаа зүйл гүйцэлдэнэ. Өнөөдөр ихэнх хүмүүс аль хэдийн байлдан дагуулагдсан боловч тэдний дотор тэрслүү, дуулгаваргүй байдал ихээхэн байсаар байдаг. Хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ мөн л хэтэрхий жаахан бөгөөд итгэл найдвар, хэтийн ирээдүй байх л юм бол тэд эрч хүчээр дүүрдэг; итгэл найдвар, хэтийн ирээдүй байхгүй бол тэд сөрөг болж, бүр Бурханыг орхин явах тухай ч боддог. Түүнчлэн, хэвийн хүн чанарыг амьдран харуулахаар чармайх хүсэл хүмүүст тийм ч их байдаггүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс Би байлдан дагуулалтын тухай мөн л ярих ёстой. Үнэн хэрэгтээ төгс төгөлдөржилт нь байлдан дагуулалттай нэгэн зэрэг явагддаг: Чамайг байлдан дагуулагдахад төгс болгуулахын эхний үр нөлөө ч бас гардаг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах хоёрын хоорондох ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн түвшний дагуу байдаг. Байлдан дагуулагдах нь төгс болгуулахын эхний алхам бөгөөд тэд бүрэн төгс болгуулчихсан гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн олж авсан гэдгийг ч нотолдоггүй. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гардаг боловч ийм өөрчлөлт нь Бурханаар бүрэн авхуулсан хүмүүсийнхээс хавьгүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг байлдан дагуулах явдал бөгөөд хэрвээ чи байлдан дагуулагдаж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авхуулах ямар ч аргагүй байх болно. Чи ердөө гэсгээлт, шүүлтийн цөөн хэдэн үгийг олж авах боловч тэдгээр нь зүрх сэтгэлийг чинь бүрмөсөн өөрчилж чадахгүй. Тиймээс чи таягдан хаягдах хүмүүсийн нэг нь болно; энэ нь ширээн дээрх тансаг зоогийг харсан ч идэхгүй байгаагаас өөрцгүй. Энэ нь эмгэнэлт дүр зураг биш гэж үү? Иймээс чи өөрчлөлтийг эрж хайх ёстой: Байлдан дагуулагдаж, эсвэл төгс болгуулж байсан ч бай, энэ хоёр нь чамд өөрчлөлт байгаа эсэхтэй болон дуулгавартай юу, үгүй юу гэдэгтэй чинь холбоотой бөгөөд Бурхан чамайг авах эсэхийг тодорхойлдог. “Байлдан дагуулагдах”, “төгс болгуулах” нь зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг гэх хайр чинь хэр цэвэр ариун бэ гэдэгт суурилдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр шаарддаг зүйл бол чи бүрэн төгс болгуулах явдал, гэхдээ эхлээд чи байлдан дагуулагдах ёстой—чи Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй, дагах итгэлтэй байж, өөрчлөлтийг эрж хайдаг, Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Тэр үед л чи төгс болгуулахаар эрж хайдаг хүн болно. Төгс болгуулах явцдаа байлдан дагуулагдана, мөн байлдан дагуулагдах явцдаа төгс болгуулна гэдгээ та нар ойлгох ёстой. Өнөөдөр чи төгс болгуулахаар эрж хайж, эсвэл гаднах хүн чанараа өөрчилж, хэв чанараа сайжруулахаар эрж хайж болох боловч өнөөдөр Бурханы хийдэг бүхэн утга учиртай, ашиг тустай гэдгийг ойлгож чаддаг байх нь хамгийн чухал юм: Энэ нь, бузар газарт төрсөн чамд бузар булайгаас зугтаж, үүнээс ангижрах боломж олгодог, мөн Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломж олгодог. Эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр чи энэхүү бузар газарт хамгаалагддаг. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсдэг вэ? Чи бузар газарт төрсөн ч бохир заваанаар дахин хэзээ ч сэвтэхгүйгээр ариун болж чаддаг, Сатаны эзэмшил дор амьдардаг ч Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлдэг ч үгүй, дарлуулдаг ч үгүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаяж чаддаг бөгөөд амьдран харуулдаг зүйлдээ сатанлаг зан чанарыг илчлэхээ болиод, харин хүнийг бүтээхдээ Бурханы хүнээс шаардсан зүйл буюу хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хэвийн гүн ойлголт, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр, Бурханд үнэнч байдлыг амьдран харуулдаг. Энэ нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл билээ. “Бид бузар газарт төрсөн боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний удирдлагын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр дуулгавартай байж чадаж байгаа маань ч бас Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд бидний сайнаас, эсвэл бид аяндаа Бурханыг хайрласнаас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан тогтоосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдсан ба Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; бас Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид аврагдаж, Сатаны эзэмшлээс ангижирсан ба бузар завааныг орхиж, агуу улаан лууны үндэстэн дотор ариусгагдаж чаддаг” гэж чи хэлдэг. Түүнчлэн, гаднаа амьдран харуулдаг зүйл чинь, чи хэвийн хүн чанартай, хэлдэг зүйл чинь эрүүл ухаантай бөгөөд хэвийн хүний төрхийг амьдран харуулдаг гэдгийг чинь харуулна. Бусад хүмүүс чамайг харах үедээ “Энэ агуу улаан лууны дүр төрх биш гэж үү?” гэж хэлэх ёсгүй. Эгч нарын биеэ авч явах байдал эгч нарт тохирдоггүй, ах нарын биеэ авч явах байдал ах нарт тохирдоггүй ба ариун хүмүүсийн ёс зүй огт байдаггүй. Тэгэхээр хүмүүс “Бурхан тэднийг Моабын удам гэж хэлсэнд гайхах зүйл алга, Түүний түмэн зөв!” хэмээн хэлнэ. Хүмүүс та нарыг хараад, “Бурхан та нарыг Моабын удам гэж хэлсэн хэдий ч амьдран харуулдаг зүйл чинь Сатаны нөлөөг орхисон гэдгийг чинь нотоллоо; хэдий тэдгээр зүйл та нарын дотор байсаар байгаа ч та нар тэдгээрээс нүүр буруулж чаддаг ба бүрэн байлдан дагуулагдсан гэдгийг чинь энэ нь харуулдаг” гэж хэлбэл байлдан дагуулагдаж, аврагдсан та нар: “Моабын удам гэдэг нь үнэн боловч бид Бурханаар авруулсан ба хэдийгээр Моабын удам урьд нь хаягдаж, хараагдаж, Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн ч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүнээс хамгийн завхарсан нь гэдэг үнэн—үүнийг Бурхан зарлигдсан, энэ бол баримт, хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугтсан. Бид өвөг дээдсээ үзэн яддаг, мөн өвөг дээдсээсээ нүүр буруулж, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, бидэнд тавьдаг Түүний шаардлагыг биелүүлж, Бурханы хүслийг хангалуун байлгахыг хүсэж байна. Моаб Бурханаас урвасан, Бурханы хүслийн дагуу үйлдээгүй бөгөөд Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг анхаарах ёстой ба өнөөдөр Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, харин хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлнэ. Урьд нь Би агуу улаан луунаас татгалзах тухай ярьсан бөгөөд өнөөдөр хүмүүсийн хуучин өвөг дээдсээс татгалзах тухай голчлон ярилаа. Энэ бол хүмүүсийн байлдан дагуулалтын тухай нэг гэрчлэл бөгөөд өнөөдөр хэрхэн ордгоос чинь үл хамааран, энэ хэсэг дэх чиний гэрчлэл дутуу дулимаг байх ёсгүй.

Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд, хэвийн хүн чанараар дэндүү дутмаг, хариу үйлдэл нь хэтэрхий удаан, дэндүү хойрго, Сатаны завхрал тэднийг хөшүүн, маанаг болгож орхисон бөгөөд тэд ганц, хоёр жилийн дотор бүрэн өөрчлөгдөж чадахгүй хэдий ч хамтран ажиллах шийдвэртэй байх ёстой. Энэ нь бас Сатаны өмнөх гэрчлэл юм гэж хэлж болно. Өнөөдрийн гэрчлэл бол одоогийн байлдан дагуулалтын ажлаар хүрсэн үр нөлөө, түүнчлэн ирээдүйн дагагчдад зориулсан үлгэр дуурайл, загвар юм. Ирээдүйд энэ нь бүх үндэстэнд түгнэ; Хятадад хийгддэг ажил бүх үндэстэнд түгнэ. Моабын удам дэлхийн бүх хүнээс хамгийн дорд нь юм. “Хамын үр удам л хамгийн дорд биш үү?” гэж зарим хүн асуудаг. Агуу улаан лууны үр сад болон Хамын үр удам нь өөр өөр бэлгэдлийн ач холбогдолтой бөгөөд Хамын үр удам бол өөр асуудал юм: Тэд яаж ч хараагдсан бай, Ноагийн үр удам хэвээр; харин тэгэхэд Моабын гарал үүсэл цэвэр ариун биш байсан бөгөөд Моаб садар самуун явдлаас гарсан, ялгаа нь үүнд оршдог. Хоёулаа хараагдсан хэдий ч тэдний байр суурь адил байгаагүй, иймээс Моабын үр удам бүх хүнээс хамгийн дорд нь юм—бүх хүнээс хамгийн дорд хүмүүсийг байлдан дагуулахаас илүү үнэмшилтэй баримт гэж үгүй. Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба чи хараагдсан ч бай, эсвэл шийтгүүлсэн ч бай хамаагүй, Миний ажилд туслан, өнөөдрийн байлдан дагуулалтын ажилд тус болсоор байгаа цагт, мөн Моабын үр удам, эсвэл агуу улаан лууны үр сад эсэхээсээ үл хамааран, ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Чи бол агуу улаан лууны үр сад, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл, мах, цустай хүн бүхэн Бурханы бүтээл бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Чи бол Бурханы бүтээл, чамд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь чиний үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил бүхий л ертөнц рүү чиглэдэг. Хэний үр удам байхаас үл хамааран, юун түрүүнд чи бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, цорын ганц ялгаа нь та нар зүгээр л арай дорд үнэ цэнтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлийн дунд хийгдэж, бүхий л орчлон ертөнц рүү чиглэдэг тул Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч ямар ч хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлсийг сонгож болно. Тэрээр хэний үр удам болохыг чинь анхаардаггүй; чи Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу байлдан дагуулалт, гэрчлэлийн ажилд тус болсоор байгаа цагт Тэр Өөрийн ажлыг чам дээр ямар ч эргэлзээгүйгээр гүйцэтгэнэ. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан, дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний ирээдүйн бүх үр удам хэзээ ч аврагдах боломжгүйгээр, үүрд хараагдана; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бузар газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ хэмээх хүмүүсийн уламжлалт үзлийг нураадаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энэ бүх үзлийг нураасаан. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, тэнгэр, газар, бүх зүйлийг ноёрхдог бөгөөд зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил дээд зэргийн ач холбогдолтой бөгөөд бүх үндэстний дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан та нарыг л байлдан дагуулсан бол чөтгөрүүдийг итгүүлж чадах байсан уу? Тэд байлдан дагуулагдахыг, эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодоггүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харах үед л бүх бүтээл байлдан дагуулагдана. Моабын үр удмаас илүү хоцрогдсон, завхарсан хэн ч үгүй. Хамгийн их завхарсан, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй энэ хүмүүс байлдан дагуулагдаж, өөрсдийн амаар Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чаддаг болох үед л энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл байх болно. Хэдий та нар Петр биш ч гэлээ Петрийн төрхийг амьдран харуулж, Петр болон Иовын гэрчлэлийг эзэмшиж чаддаг ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Эцэстээ чи: “Бид израильчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, түүнийх шиг хэв чанартай байх чадваргүй, бас Иов ч биш бөгөөд Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон, тиймээс Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр биднийг мөн л дээш өргөсөн; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хангалтгүй хэв чанартай, чадвартай хэдий ч бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна—бидэнд ийм шийдвэр байгаа. Бид бол Моабын үр удам бөгөөд хараагдсан. Үүнийг Бурхан зарлигдсан ба бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдран харуулж байгаа зүйл болон мэдлэг өөрчлөгдөж болно, бас бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн” гэж хэлнэ. Чамд ийм шийдвэр байх үед, байлдан дагуулагдах тухай гэрчлэлтэй гэдгийг чинь энэ нь нотолно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих