Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд 19-р бүлэг
Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгон авч үзэх нь хүний үүрэг юм. Хүн Миний үгийн хэсэг тус бүрд өөрийн хувийг бий болгох ёстой; ингэхгүй бол сүйрлээ хайж, жигшил зэвүүцэл дуудаж байгаа хэрэг. Хүн Намайг мэддэггүй, үүнээсээ болоод солилцоо хийх гэж амиа Надад авчрахын оронд зүгээр л гар дахь хог новшоо Миний өмнө үзүүлэхээр оролдож, үүгээрээ Надад сэтгэл ханамж өгөхөөр хичээдэг. Гэхдээ Би байгаа байдалд сэтгэл огт ханалгүй, хүнд шаардлага тавьсаар байдаг. Би хүний хувь нэмрийг хайрлаж, шаардлагыг нь үзэн яддаг. Бүх хүн шуналаар дүүрэн зүрх сэтгэлтэй; хүний зүрх сэтгэл диаволд олзлогдсон мэт байдаг бөгөөд хэн ч үүнээс чөлөөлөгдөж, зүрх сэтгэлээ Надад өргөн барих чадваргүй байдаг. Намайг үг хэлэх үед хүмүүс Миний дуу хоолойг анхаарлаа төвлөрүүлэн сонсдог; харин Намайг үг хэлэхээ болиход өөрсдийн “ажил хэргийг” дахин эхлүүлж, Миний үгийг ажил хэргийнх нь нэмэлт зүйл мэтээр үзэж, огт хайхрахаа больдог. Би хүнд хэзээ ч хайнга хандаж байгаагүй, харин ч тэвчээртэй, хүлээцтэй хандсаар ирсэн. Иймээс уучлалаас минь үүдэн хүмүүс бүгд өөрсдийгөө хэт өндрөөр үнэлж, өөрийгөө танин мэдэж, өөрийгөө эргэцүүлэх чадваргүй болсон; тэд ердөө хүлээцтэй байдлыг минь далимдуулан Намайг хуурдаг. Тэдний дундаас нэг нь ч Намайг чин сэтгэлээсээ анхааран халамжилдаггүй, нэг нь ч Намайг зүрх сэтгэлийнх нь эрхэм зүйл хэмээн нандигнадаггүй; илүүчлэх цаг завтай үедээ л тэд Надад хааш яаш анхаарал хандуулдаг. Хүнд зарцуулсан Миний хичээл чармайлт хэдийнээ хэмжээлшгүй их. Би урьд өмнө нь байгаагүй ажлыг хүнд хийснээс гадна, Надад юу байгаа, Би юу болохоос хүн мэдлэг олж авч, өөрчлөгдөх байх гэсэндээ Би түүнд нэмэлт ачаа өгсөн юм. Би хүмүүсээс “хэрэглэгч” төдий бай гэж шаарддаггүй, харин Сатанд ялагдал учруулах “үйлдвэрлэгч” бай гэж шаарддаг. Би хүнээс ямар нэг зүйлийг хий гэж шаардахгүй боловч Миний хүнд тавих шаардлагад стандарт гэж бий, учир нь Миний хийдэг зүйлд зорилго бий, түүнчлэн Миний үйлдэлд үндэслэл бий: Би хүний төсөөлдөгчлөн замбараагүй наргиж нааддаггүй, эсвэл тэнгэр, газар болон бүх зүйлийг дур зоргоороо бүтээдэггүй. Миний ажлаас хүн ямар нэгэн зүйлийг харж, олж авч чаддаг байх ёстой. Тэрээр залуу халуун насаа үрэн таран хийж, өөрийн амийг тоос шороо хамаагүй цуглуулдаг хувцас шиг авч үзэх ёсгүй; харин ч өөрийгөө чанд хамгаалж, Миний төлөө Сатан руу эргэж буцахгүй байж, Миний төлөө Сатаны эсрэг дайралт хийдэг болох хүртлээ Миний баялгаас авч эдлэх хэрэгтэй. Хүнээс Миний шаарддаг зүйл ийм энгийн биш гэж үү?
Зүүн зүгт бүдэгхэн сүүмэлзэх гэрэл харагдаж эхлэх үед, түүнээс болж орчлон ертөнц дээрх бүх хүн Зүүн зүг дэх гэрэлд бага зэрэг анхаарал хандуулдаг. Хүн нойронд умбахаа болиод зүүний гэрлийн эх сурвалжийг ажиглахаар явах боловч хүний хүч чадлын хязгаарын улмаас гэрэл гарч байгаа газрыг хэн ч харж чаддаггүй. Орчлон ертөнц дээрх бүхэн бүрэн гэрэлтүүлэгдэхэд хүн зүүд нойрноос сэрж, Миний өдөр өөрсөд дээр нь аажмаар ирж буйг дөнгөж л ухаарна. Гэрэл ирсэн учир бүх хүн баярлан хөгжилддөг ба бөх нойрсохоо больж, ухаанаа алдахаа больдог. Миний гэрлийн туяан дор бүх хүний ухаан, хараа цэлмэж, амьдрахын баяр баясгаланг гэнэт мэдэрдэг. Манангийн халхавчин дор Би хүний ертөнцийг хардаг. Амьтад бүгд амарч байдаг; бүдэгхэн сүүмэлзэх гэрэл гарснаас болж бүх зүйл шинэ амьдрал ойртож байгааг ухамсарладаг. Энэ шалтгааны улмаас амьтад ч бүгд үүрнээсээ мөлхөн гарч, хоол хүнс хайдаг. Мэдээж ургамал ч гэсэн ялгаагүй бөгөөд гэрлийн туяанд ногоон навчис нь гялтганан гялалзаж, Намайг газар дээр байх хугацаанд өөрсдийн хувийг Надад зориулахаар хүлээдэг. Бүх хүн гэрлийг ирээсэй гэж хүсдэг атлаа халхлах юмгүй нүв нүцгэн учраас гэрэл ирэхээс бүгд айж, муу муухайгаа далдлах юмгүй болох вий хэмээн түгшдэг. Айсуй гэрлээс болж хэчнээн хүн балмагдаж, гэрэл гарч ирснээс болж хэчнээн хүн цочирдсон байдалтай байна вэ? Гэрлийг хараад хэдэн хүн энгүй харууслаар дүүрч, бохир заваан байдлаа үзэн ядсан боловч гүйцэлдсэн баримт нэгэнтээ өөрчлөгдөшгүй болж, зөвхөн ял тулгахыг минь хүлээхээс өөр аргагүй байдаг билээ. Харанхуйд зовлонгоор цэвэршүүлэгдсэн хэчнээн хүн гэрлийг үзээд гүн гүнзгий утга учрыг нь гэнэт мэдэрч, үүнээс хойш гэрлийг энгэртээ чанга тэврэн, дахин алдахаас айдаг вэ? Хэчнээн хүн гэрэл гэнэт гарч ирснээс болж тогтворгүй болохын оронд зүгээр л гар дахь ажлаа хийж, олон жил сохор явсан учраас, гэрэл ирснийг анзаарах ч үгүй, үүнд баярлах ч үгүй байдаг билээ. Хүмүүсийн зүрх сэтгэлд Би агуу дээд ч биш, эгэл дорд ч биш байдаг. Хүмүүсийн хувьд Миний оршдог эсэх нь ямар ч ялгаагүй бөгөөд Намайг оршин байгаагүй ч хүний амьдрал илүү ганцаардмал болохгүй, Намайг оршин байсан ч илүү тааламжтай болохгүй мэт байдаг. Хүмүүс Намайг нандигнадаггүй учраас тэдэнд Миний өгч чадах таашаан эдлэх зүйл цөөхөн. Гэхдээ хүн Надад өчүүхэн төдий л хайр хүндлэл өгмөгц Би ч бас хүнд хандах хандлагадаа өөрчлөлт хийдэг. Иймээс хүн энэ хуулийг ухаарах үедээ л өөрсдийгөө Надад зориулж, гартаа барьж байгаа зүйлсийг минь хүсэх хувьтай болно. Намайг гэх хүний хайр гагцхүү өөрийнх нь сонирхлоор хязгаарлагдана гэж үү? Надад итгэх итгэл нь гагцхүү Миний өгдөг зүйлээр хязгаарлагдана гэж үү? Гэрлийг минь харахгүй л бол хүн итгэлээрээ Намайг үнэхээр хайрлаж чадахгүй юм гэж үү? Хүний эрч хүч үнэхээр өнөөдрийн нөхцөл байдлаар хязгаарлагддаг юм гэж үү? Намайг хайрлахын тулд хүнд эр зориг хэрэгтэй юм гэж үү?
Миний оршин тогтнолоос үүдэн бүх зүйл оршин суугаа газартаа дуулгавартай захирагддаг бөгөөд Миний сахилгажуулалт байхгүй байхад эрээ цээргүй авирладаггүй. Тиймээс, уулс хуурай газар дээрх улс үндэстнүүдийн хооронд хил хязгаар болж, ус хуурай газруудын хооронд хүмүүсийг тусгаарлах хаалт болж, агаар нь газар дэлхий дээрх орон зайд хүнээс хүн рүү урсдаг зүйл болдог. Хүн л Миний хүслийн шаардлагыг үнэхээр дуулгавартай дагах чадваргүй; ийм учраас бүх бүтээл дундаас хүн л дуулгаваргүй зүйлийн ангилалд ордог гэж Би хэлдэг. Хүн хэзээ ч Надад үнэхээр захирагдаж байгаагүй, ийм учраас Би хүнийг үргэлж чанд захиралт дор байлгасаар ирсэн. Хүний дунд Миний алдар суу үнэхээр бүхий л орчлон даяар түгэх юм бол Би бүх алдар суугаа хүнд харуулах болно. Хүн бузар булай байж, Миний алдар сууг харахад тохирохгүй учраас хэдэн мянган жилийн турш Би хэзээ ч ил харуулаагүй, харин нуугдмал хэвээр үлдсэн юм; ийм учраас Миний алдар суу хүнд хэзээ ч илчлэгдээгүй бөгөөд хүн нүглийн гүн ангалд үргэлж живээтэй байсан билээ. Би хүний зөв шударга бус байдлыг уучилсан боловч хүмүүс өөрсдийгөө хамгаалахыг мэддэггүй, харин ч өөрсдийгөө үргэлж нүгэлд өртөмхий байлгаж, өөрсдийг нь хохироох боломжийг нүгэлд олгодог. Энэ чинь, хүнд өөрийгөө гэх хүндлэл, хайр дутсан хэрэг бус уу? Хүмүүсийн дунд үнэхээр хайрлаж чаддаг хүн бий юу? Хүний үнэнч зан хэдэн лан жинтэй вэ? Хүний жинхэнэ байдал гэгчид хуурмаг хольц холилдоогүй гэж үү? Хүний үнэнч зан бүхэлдээ холион бантангаас бүрддэг бус уу? Миний шаарддаг зүйл бол хүний хоёргүй хайр юм. Хүмүүс Намайг мэддэггүй бөгөөд Намайг мэдэхээр эрж хайдаг ч жинхэнэ, чин үнэнч сэтгэлээ Надад өгдөггүй. Өгөхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь Би хүмүүсээс хүчээр шаарддаггүй. Хүн Надад үнэнч байдлаа өгвөл Би огтхон ч эрээлэлгүй хүлээн авна. Харин Надад итгэхгүй, мөн өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Надад өргөн барихаас татгалзах юм бол Би ингэлээ гэж илүү их уцаарлахын оронд хүнийг зүгээр л өөр нэг аргаар шийдвэрлэж, тохиромжтой хүрэх газарыг нь зохицуулна. Тэнгэрт аянга нүргэлэн хүмүүсийг ниргэн унагана; өндөр уулс нуран унахдаа тэднийг булшилна; зэрлэг араатнууд өлссөндөө тэднийг залгина; далай тэнгис давлагаалах үедээ толгой дээгүүр нь нөмрөн авна. Хүмүүс хоорондоо хөнөөн тэмцэлдэх үедээ өөрсдөөс нь урган гардаг гамшгаас болж бүгд сүйрлээ эрнэ.
Хаанчлал хүмүүсийн дунд өргөжиж, хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа ардуудаас хэн чинь хүмүүсийн дундах нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс хариуд нь яах вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхий ертөнцөд үүрд амьдрах найдлага өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.
1992 оны 3 дугаар сарын 19
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?