Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ? (II хэсэг)

Бурханд итгэх жинхэнэ итгэл хүнд яаж бий болдог вэ? Туршлагаас бий болдог. Туршлагаас яаж бий болдог вэ? Тааралдсан хүн, үйл явдал, зүйлс бүрээс Бурханы хүслийг эрж хайж, тунгаан бодож, ингэх замаар Бурханыг ойлгож чаддаг бол олон туршлагын дараа аажмаар Бурханыг жинхэнээсээ ойлгодог болно—үг яриагаараа ойлгох биш, зүрх сэтгэлийнхээ гүнд ухамсарлана. Зүрх сэтгэлдээ итгэж, амаараа хүлээн зөвшөөрдөг Бурхан зүрх сэтгэлд чинь амьдардаг бөгөөд хэн ч Түүнийг булаан авч чадахгүй. Яг л Иовыг шалгалт туулж байхад түүний найзууд “Чи нүгэл үйлдэж, Бурханд халдлаа. Өршөөл үзүүлээч гэж Ехова Бурханаас хурдан гуй!” хэмээн хэлсэнтэй адилхан. Нүгэл үйлдэж, Бурханд халдсан гэж Иовт санагдаагүй, гэхдээ яагаад? Хэдэн арван жил амьдарсны дараа Бурханы талаарх түүний ойлголт өөрийнх нь туршлага дээр суурилаагүй учраас тэр юм. “Бурхан хүнийг ерөөж, өршөөж, хэзээ ч гачигдуулдаггүй” гэж тэр хэлээгүй. Түүний туршлагаар бол Бурхан хүнд өгдөг, бас хүнээс авдаг. Бурхан хүнд юм өгдөг, заримдаа бас цээрлүүлж, сахилгажуулж, шийтгэдэг. Бурханы хүмүүст хийдэг зүйлийг хүний оюун санаа, бодол, төсөөлөл тушаадаггүй. Тиймээс Иовын хэдэн арван жилийн амьдралын туршлага нь “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэж дүгнэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Бурханы хийдэг бүх зүйлийг хүн сайн, муу гэж үзэх нь хамаагүй Бурханы зохион байгуулалтын нэг хэсэг юм. Муу зүйл тохиолдлоо ч гэсэн, Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан хүний эсрэг үйлдэж зүрхэлдэггүй. Хүн төрөлхтөн Бурханы гарт байдаг бөгөөд Бурханы дээд эрхийн дор айх зүйл тэдэнд байхгүй. Чи Сатаны гарт орлоо ч гэсэн энэ нь Бурханы дээд эрхэд харьяалагдах бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан чамд гар хүрч зүрхлэхгүй. Иов энэ хэмжээний ойлголттой байсан учраас Бурхан юу ч хийсэн гомдоллоогүй. Зөвхөн Ехова Бурхан бүхнийг захирдаг жинхэнэ Бурхан, тэр бүх тэнгэрэлч, муу сүнс, чөтгөрүүд бол Бурхан биш гэдгийг тэр тодорхой олж харсан. Хэн бүхнийг захирдаг вэ? Хэн хүн төрөлхтөн болон оршин байгаа бүхнийг захирдаг вэ? Бурхан. Түгээмэл хэллэгээр хэлбэл Бурхан бол хамгийн агуу. Хүний гэр бүл, эд хөрөнгийн хэмжээ, өдрийг тав тухтай, эсвэл шаналж өнгөрөөх эсэх, амьдрах хугацаа гээд энэ бүхэн Бурханы гарт байдаг. Энэ тал дээр Иов амьдралдаа нэг, хоёрхон биш, гүнзгий туршлагатай байсан. Ямар нэгэн зүйл тохиолдох болгонд энэ нь Бурханы дээд эрхийн хүрээнд тохиолдсон гэдгийг тэр ойлгож чадвал ой ухаанд нь гүнээ хоногшдог байсан. Ийм зүйл санаандгүй юм уу эсвэл хүний, Сатаны хүслээр болдоггүй, харин Бурханы ажил бөгөөд гомдоллож болохгүй гэдгийг тэр гүнзгий мэдэрч, ухамсарласан. Ийм агуу шалгалтыг туулахдаа Иов юуг ухаарсан бэ? Бурхан бол хамгийн дээд, Бурхан мэргэн ухаантай гэдгийг. Бурхан юу ч хийсэн бай, Бурханыг тэр үргэлж магтаж чаддаг байсан. Чамд иймэрхүү зүйл тохиолдоод харин чи ойлгож чадахгүй байвал шүүж, өөрийн дүгнэлтийг тулгах хэрэггүй. Бурханы сайн хүсэл юу болохыг мэдэхгүй байгаа бол эрж хайж, хүлээ, тэгээд дуулгавартай дага. Энэ бол хэрэгжүүлэх хамгийн сайн арга, хэрэгжүүлэлтийн хамгийн сайн зам, эс бөгөөс чи шившигтэй, ичгүүртэй байдалд орно. Иов ийм зүйлийн талаар маш гүн гүнзгий туршлагын мэдлэгтэй байсан юм. Чи Бурханыг үргэлж буруу ойлгодог бол үнэнийг хэзээ ч олж авахгүй, Бурханы ерөөлийг алдана. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн биш, Бурханд Бурхан шиг ханддаггүй, Бурханы ажлыг ойлгодоггүй, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаггүй учраас чи олон бэрхшээл туулаад ч юу ч олж авахгүй. Үүний улмаас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хэзээ ч олж авахгүй. Бурхан ярьж, ажилладаг бөгөөд Бурхан чиний төлөө хэчнээн уйгагүй хүчин чармайлт гаргаж, чамд зориулан ямар ч орчин нөхцөлийг бий болгосон бай, эцэст нь энэ бүхэн чамайг Бурханыг мэддэг болгохын тулд байдаг. Бурханыг мэдмэгц чи Бурхантай харилцах улам дотно, улам хэвийн харилцаатай болно. Бурхан уйдсандаа хэн нэгэнтэй тоглох нь битгий хэл шалтгаангүйгээр үйлддэггүй бөгөөд хүмүүс Бурхан яаж ажилладгийг ойлгохгүй байх нь хэвийн зүйл. Гэхдээ тэд үнэнийг эрж хайх ёстой, ядаж л Бурханыг хайрцаглах ёсгүй—эрүүл ухаантай хүн байх гэж үүнийг хэлдэг. Петрийн хэлснээр, Бурхан хүмүүсийг тоглоом мэт үздэг ч байсан, хүмүүст яаж ч ханддаг байсан, үргэлж Бурханы зөв билээ. “Бурхан надад тоглоом мэт хандвал бэлэн биш байж, хүсэхгүй байж би яаж чадах юм бэ?” Юу Петрийг ийм үг хэлэхэд хүргэв? (Петрийн туршлага ийм үгэнд хүргэсэн. Бурхан юу ч хийсэн бай, Бурханы санаа зорилго үргэлж сайн болохыг тэр ухаарсан.) Заримдаа чи Бурханы санаа зорилгыг ухамсарлахгүй бол юу хийх ёстой вэ? Чи хүлээж, эрж хайж, таних гэж оролдох ёстой. Иов, Петр хоёр өөр өөр цаг үед амьдарч байсан хэдий ч, өөр өөр нийгмийн гаралтай, өөр өөр зүйл туулсан, өөр өөр үгээр ярьдаг байсан хэдий ч тэдний хэрэгжүүлэлтийн зам, арга барил нь ижилхэн, аливаа юм тохиолдоход Бурханд хандах хандлага нь ижилхэн байсан. Ердөө л тэд энэ санааг өөр өөр хэлээр илэрхийлсэн. Гэхдээ хүмүүс үүнээс юуг ойлгодог вэ? Чи Бурханы хүслийг эрж хайж, хүлээхдээ дуулгавартай дагахыг хэрэгжүүлэх ёстой гэдгийг. Бүү сэтгэл түгш. Гагцхүү эхлээд ийм хандлагатай байх нь зөв. Аливаа юм тохиолдоход хэтэрхий түгшиж, үнэнийг эрж хайхаа мэддэггүй, харин Бурханы талаар гомдоллосоор байдаг бол асуудал гарна. Зарим хүн “Би ердөө ойлгохгүй юм! Бурхан яагаад бидэнд ингэж ханддаг юм бэ? Биднийг диавол болон Сатанууд мэт үзвэл би дуулгавартай дагаж чадахгүй. Ингэх нь үндэслэлгүй, зөвтгөхийн аргагүй!” гэж хэлдэг. Хүний оюун санаа, үзэл, төсөөлөл, тэрслүү, дуулгаваргүй байдал чинь эх захаа алдсан үед чи Бурханы удирдамжийг хүртэх эрхтэй гэж үү? Дуулгавартай дагана гэдэг нь зүгээр нэг дуулгавартай дагана гэж хэлэх, эсвэл хоосон сургаал номлож, бага зэрэг шийдэмгий зан харуулж, биеэ бага зэрэг бариад болчихдог энгийн зүйл биш. Тийм энгийн биш. Чи Бурханыг дуулгавартай дагавал эцсийн шагнал чинь Бурханы талаар мэдлэгтэй болж, Бурханы чамд зориулж бэлддэг орчин нөхцөлийг ойлгож, бодит туршлагын мэдлэгтэй болох явдал юм. Өөрөөр хэлбэл, чи Бурханы зүрх сэтгэл, Бурханы чин санаа зорилгыг ойлгож, ган болдоггүй өө сэвтэй төмөрт Бурхан урам хугардаг болохыг ойлгоно. Завхарсан зан чанаруудтай амьдрахыг чинь Бурхан харахыг хүсдэггүй, харин чамайг тэдгээрээс зугтаасай гэж хүсдэг. Тиймээс Тэр чамайг шүүж, гэсгээх, чамайг засах, зэмлэх, сахилгажуулах арга барилыг хэрэглэхээс өөр аргагүй байдаг, тэр ч байтугай яг л Бурхан чиний мэдрэмжид хайхрамжгүй хандаж байгаа мэт, Тэр чамайг яллаж, шийтгэж, чамаар даажигнаж байгаа мэт санагддаг. Тэр үед чи яах вэ? Бурхан ийм маягаар үйлдсэн ч гэсэн чи Түүний чин санаа зорилгыг ойлгож чадвал хангалттай—чи үнэхээр дуулгавартай байх болно. Иов сорилт туулж байхдаа “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн. Уг явдлын талаарх түүний ойлголт ямар байсан бэ? “Надад байгаа бүхнийг Ехова Бурхан өгсөн, хэрвээ хүсвэл Тэр буцаагаад авч чадна, учир нь Тэр бол Бурхан, Түүнд ийм эрх мэдэл байгаа. Надад байгаа бүхэн Түүнээс ирсэн болохоор татгалзах эрх надад байхгүй.” Иовын ойлгож, туулж мэдэрсэн зүйл нь энэ. Тухайн үед түүний шийдэмгий байдал ямар байсан бэ? “Би Бурханыг ойлгож, ухаалаг зүйл хийж, эрүүл ухаантай хүн байх ёстой. Энэ бүхнийг надад Бурхан өгсөн, Тэр үүнийг хэзээ ч авч чадна. Энэ талаар би Бурханд учирлах гэж оролдож болохгүй, тэгэх нь Түүний эсрэг тэрсэлж байгаа хэрэг. Бурханы үйлдлийг голбол Түүний зүрх сэтгэлийг шархлуулна, тэгсэн бол би жинхэнээсээ сайн хүн, жинхэнэ бүтээгдсэн зүйл болохгүй.” Тухайн үедээ тэр ингэж хэрэгжүүлсэн бөгөөд ийм хэрэгжүүлэлт нь түүнд ямар үр дүнг авчирсан бэ? Үнэн хэрэгтээ бодит үр дүн нь тэр урьдынхаасаа илүү баян болж, илүү олон малтай, хоньтой болсонд, эсвэл урьдынхаасаа илүү хөөрхөн хүүхдүүдтэй болсонд биш байсан. Эдгээр нь ердөө л Бурханы нигүүлслээр өгсөн зүйлс юм. Энэ туршлагаар дамжуулан үнэндээ Бурханы түүнд өгсөн зүйл нь Бурханыг илүү сайн ойлгож, дуулгавартай болж, Бурхантай дотно харилцаатай болж, Бурханы зүрх сэтгэлд үлэмж ойртсон явдал байсан. Бурханы хийсэн бүхнийг Иов ойлгож чаддаг болж, утгагүй, давилуун үг хэлэхээ больж, Бурханы зүрх сэтгэлийг гомдоох үг ч бас хэлэхээ больсон. Завхарсан зан чанараас ангижрах гэж үүнийг хэлэх бус уу? Сатан чамайг удирдаж чадахаа болино. Чи Сатаны удирдлага дор байхаа больж, харин Бурханы удирдлага дор очно. Чи Бурханы хийдэг ямар ч зүйлийг дуулгавартай дагаж чаддаг болж, Бурханд харьяалагддаг. Тэр үед Иовын байсан байдал, гаргасан хандлага нь энэ байв. Мөн түүнчлэн, тэр ийм маягаар үйлдэж, ийм бодит байдалд орсон учраас эцэст нь Бурхан түүнд илэрсэн. Бурханы илрэлт ямар ч хэлбэрээр илэрсэн бай, Бурханы талаарх түүний ойлголтыг гүнзгийрүүлсэн үү? (Тэгсэн.) Тийм ээ, гарцаагүй түүний ойлголтыг гүнзгийрүүлсэн. Бурханы талаар анх домгоос сонссоноос эхлээд Бурхан байдгийг баталгаажуулж, Бурханыг харах хүртэлх, Бурханы өгдөг нигүүлсэлтэй харьцуулахад эдгээрээс алийг нь та нар хүн төрөлхтөнд зориулсан асар их ерөөл гэж хэлэх вэ? (Бурханыг харна гэдэг асар их ерөөл.) Гарцаагүй тийм. Хүмүүс Бурханд итгэдэг ч үнэнийг ойлгодоггүй үедээ Бурхан өөрсдийг нь хамгаалж, өөрсдөд нь нигүүлсэл хайрлаж, бусдаас дээр өргөж, бүх гэр бүлийнхнийг нь аюулгүй байдал, аз жаргалаар ерөөгөөч гэж гуйдаг. Тэд хаа явсан газраа номлож, бусдын атаархал, бишрэлийг төрүүлж чаддаг байхыг гуйдаг. Хүмүүс ийм зүйлийг хүсдэг боловч Бурханы өгөхийг хүсдэг хамгийн агуу ерөөлийг мэддэггүй. Тэд зөвхөн гадаад материаллаг нигүүлслийг л гуйдаг ч тэр бүх хүсэлт нь тэднийг гагцхүү Бурханы зүрх сэтгэлээс улам л холдуулдаг. Тэд хамгийн агуу хувь ерөөлөө алдаж, Бурханы ерөөлийг алддаг. Бурханы талаарх мэдлэгийг олж авч чадахгүй, үнэнийг олж авч чадахгүй бол чи Бурханы өмнө амьдарч чадах уу? Чи Бурханы бүх зохицуулалтыг үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Тэгэх ямар ч боломжгүй.

Үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орох үйл явц нь үнэндээ өөрийгөө ойлгож, завхарсан зан чанараа таягдан хаях үйл явц юм. Энэ нь мөн Бурхантай нүүр тулан харилцаж, Бурханыг мэдэж авах үйл явц юм. Чи үнэнийг хэрэгжүүлдэг гэж хэлдэг ч Бурханыг яагаад мэддэггүй юм бэ? Бурхантай харилцах харилцаа чинь яагаад улам дотно болоогүй юм бэ? Чи өдөр бүр залбирч, зүрх сэтгэлээ Түүнд дэлгэдэг гэж хэлдэг, тэгэхээр энэ мөчид Түүнд ойртсон юм шиг чамд санагдаж байна уу? Бурханд итгэх итгэл чинь нэмэгдсэн юм шиг санагддаг уу? Энэ үед Бурханы талаар илүү сайн ойлголттой болж, Түүний талаар гомдоллох нь багасаж, Түүнийг буруу ойлгож, Түүнд тэрслэх нь багассан юм шиг санагддаг уу? Үүнээс алийг нь ч өөрөөсөө олж хардаггүй бөгөөд яг л урьдын адил байгаа бол чи үнэнийг хэрэгжүүлээгүй, цаг гарздаж, хүч тэнхээ зарсан төдий л болжээ. Хэн ч чамайг хөдөлмөрлө, эсвэл хүч чадлаа зориул гэж албадаагүй, үүний адил үнэнийг хэрэгжүүлэхэд хэн ч чамд саад болоогүй. Энэ бол чиний сонголт, чи хөдөлмөрлөх замаар алхдаг. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлдэггүй бол өөрийн эрхгүй хөдөлмөрчин болно. Хүмүүст үнэнийг хэрэгжүүлэх маш хэцүү байдаг. Тэд Бурханыг хэрхэн дуулгавартай дагахаа мэддэггүй, зүгээр л махран зүтгэж, хөдөлмөрлөх төдийдөө үргэлж сэтгэл ханадаг. Эцэст нь цөөн хэдэн хоосон сургаал ойлгож чадах үедээ үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй. Харин зүгээр л дахин хөдөлмөрлөдөг ч үүнийгээ ч ухаардаггүй. Тиймээс чи үе үе цаг гаргаж өөрийгөө эргэцүүлж, шалгаж, энэ хугацаанд олж авсан зүйлийнхээ талаар ах эгч нартайгаа нөхөрлөх ёстой. “Би Бурханы талаар олон буруу ойлголт өвөрлөсөөр байгаа бөгөөд олонхыг нь хараахан шийдвэрлээгүй байгаа” гэж чи хэлнэ. Өөр хэн нэгэн “Сүүлийн үед би Бурханы зүрх сэтгэлийн талаар жаахан ойлголттой болсон юм шиг санагддаг. Бурхан хүн төрөлхтнийг зовоож байгаа нь сайн хэрэг. Би зовж зүдрэхээс айж, зовлон зүдүүртэй нүүр тулаад нуугдаж, зугтаахыг хүсдэг байсан. Хүмүүс бага зэрэг зовж зүдэрснийхээ дараа л Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, гадаад асуудалд анхаарлаа чиглүүлэхээс сэргийлж чадна гэж одоо надад санагдаж байна. Зовж зүдрэх сайн учраас Бурхан хүмүүсийг сорьж, цэвэршүүлэхдээ хэцүү бэрх орчин нөхцөлийг үргэлж бий болгодог. Бурханы зорилго, чин санаа зорилгын заримыг нь би ойлгож, мэдэрч байх шиг надад санагддаг. Бурханы хийдэг бүхэн сайн!” гэж хэлнэ. Чи ингэж нөхөрлөх ёстой. Чи нөхөрлөлөөр ашиг тус хүртэнэ. Цөөн хэдэн хүн чөлөөт цагаараа цугларч хов ярьж, шүүж, маргаан үүсгэх магадлалтай бусад зүйлийг хэлдэг бол, Бурханд итгэх итгэл болон амийн туршлагынхаа талаар ярьж байгаа юм шиг харагдаж магадгүй ч зүрх сэтгэл нь амгалан биш бол, үнэнийг хэрхэн эрж хайж, үнэнд шамдахыг хэрэгжүүлж, Бурханы шаардлагад нийцүүлэхээр чармайх учиртай. Чи үргэлж ийм маягаар үнэнийг эрэлхийлбэл Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамайг гэгээрүүлнэ. Үнэн чамд байхгүй байгааг эрэлхийлэх ачаа гэж бодоод, хэрэгжүүлж, туршлагажиж, үнэнд шамд. Үүнийг чи хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чи үнэнийг ойлгодог хэн нэгнээс ойлгодоггүй, ухан ойлгож чаддаггүй зүйлийнхээ талаар зааж чиглүүлэхийг эрж хайж, асуух ёстой. Чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол, илүү их үнэнийг ойлгож, ихийг олж авч чадна. Та нар ихэнхдээ үнэний талаар хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, ажил ярихад л анхаарч, зарчмын талаар биш, арга барилын талаар үргэлж ярьдаг. Энэ бол гажуудал, үнэндээ чи ажлын талаар ярихдаа үнэн-зарчимтай холбоотой асуудлын талаар нөхөрлөх ёстой; ингэх нь амь-оролтод чинь ашиг тустай. Үнэн-зарчимтай холбоотой асуудлын талаар тодорхой нөхөрлөмөгц амь-оролтын замтай болно. Энэ нь ажил хийж, үүргээ гүйцэтгэхэд, мөн түүнчлэн амь-оролтод чинь ашиг тустай. Энэ нь аль аль талаараа ашигтай биш гэж үү? Чи үр дүнд хүрч, амь-оролттой болохын тулд Бурханд итгэх туршлагынхаа талаар гэнэн цайлганаар, илэн далангүй нөхөрлөх ёстой. Үргэлж хов ярьж, шүүх нь амь-оролтод ямар ч ашиг тусгүй бөгөөд Бурханд итгэснээр аврагдах боломжоо алдахад хүргэдэг. Бурханд итгэх гэдэг нь үнэнийг хэрэгжүүлэхэд үргэлж анхаарна гэсэн үг юм. Хэрэгжүүлэх тусам аврагдах боломж чинь улам их болно. Үнэнийг дэндүү бага ойлгодог бол бүр их эрж хайх ёстой. Зөвхөн үнэний талаар ойлголттой болж, хэрэгжүүлж байж л жинхэнээсээ өөрчлөгдөж, аврагдах улам их, улам баттай найдварыг олж авч чадна.

2017 оны 7 сарын 16

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих