Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (1) (III хэсэг)
Өөрийгөө мэдэх нь энгийн хэрэг биш. Үнэнийг хүлээн авснаар, мөн Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар үүнд хүрдэг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар л өөрийгөө үнэхээр мэдэж авч чадна. Шүүлт, гэсгээлт туулаагүй хүмүүс хамгийн сайндаа л гаргасан алдаа, хийсэн буруу зүйлсээ хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдний хувьд уг чанар, мөн чанараа тодорхой харахад маш хэцүү байх болно. Нигүүлслийн эрин үеийн итгэгчид зарим нүглийг үйлдэхээ больж, зан авираа сайжруулж өөрчилсөн хэдий ч яагаад амь зан чанарын өөрчлөлтөд хэзээ ч хүрээгүй юм бэ? Тэд Бурханд итгэдэг байсан ч яагаад Бурханыг эсэргүүцэж, бүр Бурханаас урвасан юм бэ? Завхарсан хүн төрөлхтний хувьд энэ асуудлын эх сурвалжийг танихад хэцүү байдаг. Яагаад бүх хүн сатанлаг зан чанартай байдаг юм бэ? Учир нь Сатан хүн төрөлхтнийг завхруулж, хүмүүс Сатаны худал үг, гүн ухааныг хүлээн авсан. Завхарсан зан чанар үүнээс үүдэн бий болсон бөгөөд ийнхүү Сатаны зан чанар хүн Бурханыг эсэргүүцдэгийн эх сурвалж болсон юм. Энэ бол хүмүүс ойлгоход хамгийн хэцүү зүйл билээ. Бурхан хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс аварч, хүн төрөлхтний нүгэл, Бурханы эсрэг эсэргүүцлийн эх сурвалжийг шийдвэрлэхийн тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийж байгаа. Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш завхруулж, Сатаны уг чанар хүний зүрх сэтгэлд үндэслэсэн. Тиймээс өөрийгөө эргэцүүлж, танин мэдэх гэсэн ганц хоёрхон удаагийн оролдлогоор ямар ч завхарсан зан чанарыг шийдвэрлэх, арилгах боломжгүй. Завхарсан зан чанар байнга, тасралтгүй илрэн гарч байдаг учраас хүмүүс үнэнийг хүлээн авч, Сатаныг ялан дийлэх хүртлээ сатанлаг зан чанартайгаа удаан хугацаанд тэмцэх шаардлагатай. Тэгж байж л тэд завхарсан зан чанараа бүрмөсөн арилгаж чадна. Тиймээс хүмүүс өөрсдөөс нь завхрал гарахаа больж, амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханд дуулгавартай болох хүртлээ байнга Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Тэр үед л тэд Бурханы сайшаалыг хүртэж чадна. Тулаан бүрийн үр дүн тэр даруй ил болохгүй, чи дараа нь завхарсан зан чанар харуулсаар байж ч магадгүй. Чи бага зэрэг сөрөг болж, сэтгэлээр унаж болох ч бууж өгөхийг хүсэхгүй, шаргуу оролдсоор, Бурханд хандаж, Бурханд найдаж чадна. Хэрвээ чи ийм маягаар хоёр, гурван жил тууштай байвал үнэнийг үнэхээр хэрэгжүүлж чадах бөгөөд зүрх сэтгэл чинь амар амгалан, баяр хөөртэй байна. Тэгээд бүтэлгүйтэл, хүчин чармайлт, ололт бүр чинь зан чанараа өөрчлөхөөр урагшилж, өөрийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчилж буй сайны тэмдэг гэдгийг чи тодорхой харна. Хэдийгээр өөрчлөлт бүр нь хүний ухамсарт мэдэгдэхгүй ч эргэлт бүрээс үүддэг зан чанарын өөрчлөлтөд өөр ямар ч үйлдэл, зүйлээр хүрэх боломжгүй. Энэ нь зан чанараа өөрчилж, амь руу орохын тулд хүний явах ёстой зам юм. Ийм маягаар зан чанарын өөрчлөлтийн эрэл хайгуулыг хэрэгжүүлэх ёстой. Мэдээж хүмүүс зан чанарын өөрчлөлт хэрхэн явагддаг талаар үнэн зөв ойлголттой байх ёстой: Энэ нь тэдний төсөөлдөг шиг гайхшируулж, догдлуулдаг гэнэтийн, газар доргиом өөрчлөлт биш. Ийм байдаггүй. Энэ нь өөрийн мэдэлгүй, аажмаар, бага багаар өөрчлөгдөх явдал юм. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг болох үедээ хөдөлмөрийнхөө үр шимийг харна. Энэ замаар гурав, тав, арван жил алхсаныхаа дараа эргээд харах үедээ чи тэр арван жилд зан чанар чинь асар их өөрчлөгдөж, тэс өөр хүн болсноо олж мэдээд гайхна. Чиний зан төлөв, ааш араншин өөрчлөгдөөгүй, эсвэл амьдралын хэв маяг гэх мэт чинь өөрчлөгдөөгүй байж болох ч гаргадаг зан чанар, байдал, зан авир чинь өмнөхөөсөө шал өөр, үнэхээр өөр хүн болсон мэт байх болно. Яагаад тийм өөрчлөлт гарна гэж? Учир нь тэр арван жилийн хугацаанд чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлтийг олон удаа туулж, олон үнэнийг ойлгосон байх болно. Энэ нь аливаа зүйлийн талаарх үзэл бодлын өөрчлөлт, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн чинь өөрчлөлтөөс эхэлж, дараа нь амь зан чанар, оршин тогтнох үндэс суурь чинь өөрчлөгдөнө—ийм өөрчлөлтүүд гарахын хэрээр чи аажмаар өөр хүн буюу шинэ хүн болно. Чиний зан төлөв, зан ааш, амьдралын хэв маяг, бүр үг яриа, биеэ авч явах байдал чинь өөрчлөгдөхгүй байж болох ч амь зан чанар чинь өөрчлөгдсөн байх бөгөөд энэ нь дангаараа үндсэн, мөн чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн шинж тэмдэг юу вэ? Энэ нь яг яаж илэрдэг вэ? Энэ нь аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодлын өөрчлөлтөөс эхэлдэг—тухайн хүн үнэнийг ойлгож авахын хэрээр аливаа зүйлийн талаарх шүтлэггүй хүмүүсийн үй олон үзэл бодол нь өөрчлөгддөг бөгөөд тэдгээр үзэл бодол нь Бурханы үгийн үнэнтэй улам ойртдог. Энэ нь зан чанарын өөрчлөлтийн эхний үе шат юм. Үүнээс гадна, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авснаар хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж чадна. Зүрх сэтгэлд нь бий болдог янз бүрийн санаархал, сэдэл, бодол, санаа, үзэл, үзэл бодол, хандлагыг эргэцүүлснээр асуудлаа олж тогтоож, харамсаж эхлэх боломжтой. Дараа нь тэд махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадна. Ингэх явцдаа Бурханы үг болон үнэнийг улам их нандигнадаг болж, Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэд Христийг дагаж, Христэд дуулгавартай байхыг улам хүсэх бөгөөд Бурхан хүнийг илчилж, шүүж, гэсгээж, завхарсан зан чанарыг нь өөрчлөхийн тулд үнэнийг илэрхийлдэг, ингэснээрээ үнэхээр бодитой байдлаар хүнийг аварч, төгс болгодог гэдгийг мэдэрнэ. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр, эсвэл Бурханы үгийн хангалт, удирдамжгүйгээр хүмүүс авралд хүрэх аргагүй, тийм шагнал хүртэж ч чадахгүй гэдгийг тэд мэдэрнэ. Тэгээд Бурханы үгийг хайрлаж эхлэх ба Бурханы үг бодит амьдралаас нь салшгүй гэдгийг, тэтгэж, залж чиглүүлж, зам нээж өгөх Бурханы үг өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэрнэ. Тэдний зүрх сэтгэл амар тайвнаар бялхаж, ямар нэг зүйл тохиолдох үед Бурханы үгийг үндэс сууриа болгохоор өөрийн эрхгүй эрэлхийлж, Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн зарчим болон замыг хайна. Энэ нь өөрийгөө мэдсэнээр хүрдэг нэг үр дүн юм. Өөр нэг нь гэвэл, хүмүүс завхарсан зан чанар гаргахдаа урьдынх шигээ гөжүүд хандлагаар хандахаа болино. Оронд нь тэд зүрх сэтгэлээ тайван байлгаж, үнэнч шударга хандлагаар Бурханы үгийг сонсож чадах бөгөөд үнэн болон эерэг зүйлсийг хүлээн авч чадна. Энэ нь тэд завхарсан зан чанар гаргах үедээ урьдынх шигээ гөжүүд, номхоршгүй, ойворгон түрэмгий, биеэ тоосон, эрээ цээргүй, харгис байхаа больж, харин ч идэвх санаачилгатайгаар өөрсдийгөө эргэцүүлж, бодит асуудлуудаа мэдэж авна гэсэн үг юм. Тэд завхарсан зан чанарынх нь мөн чанар юу болохыг мэдэхгүй байж болох ч өөрсдийгөө тайван байлгаж, Бурханд залбирч, үнэнийг эрж хайж чадах бөгөөд дараа нь асуудал болон завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрч, Бурханд гэмшиж, ирээдүйд биеэ өөрөөр авч явах шийдвэр гаргана. Тэр нь тэр чигтээ дуулгавартай хандлага юм. Ийм маягаар тэд Бурханд дуулгавартай зүрх сэтгэлтэй болно. Бурхан юу ч хэлсэн, өөрсдөөс нь юу ч шаардсан, ямар ч ажил хийж, өөрсдөд нь зориулж ямар ч орчин бүрдүүлж өгсөн бай, хүмүүсийн хувьд дуулгавартай байхад амархан байх болно. Завхарсан зан чанар нь тэдэнд төдийлөн их саад болохгүй, тэдний хувьд шийдвэрлэж, даван туулахад амархан байна. Энэ үед тэд үнэнийг хялбархан хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чадна. Эдгээр нь зан чанарын өөрчлөлтийн шинж тэмдэг мөн. Хүн үнэнийг хэрэгжүүлж, Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байж чадах үед тэдний амь зан чанар аль хэдийн өөрчлөгдсөн гэж хэлж болох бөгөөд энэ нь тэр чигтээ үнэний эрэл хайгуулаар хүрсэн жинхэнэ өөрчлөлт юм. Эерэг зан авир ч бай, хэвийн сөрөг байдал, сул тал ч бай энэ явцад хүмүүсийн гаргадаг бүх зан авир салшгүй, мөн зайлшгүй. Эерэг зан авир байгаа юм чинь сөрөг, сул талтай зан авир ч бас байж таарна—гэхдээ сөрөг байдал, сул тал бол түр зуурынх. Хүн тодорхой биеийн хэмжээтэй болмогц сөрөг, сул байдал нь улам цөөрч, эерэг зан авир, оролт нь улам бүр нэмэгдэж, үйлдэл нь улам зарчимтай болно. Тийм хүн бол Бурханд дуулгавартай хүн, завхарсан зан чанар нь цэвэрлэгдсэний дараа амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн юм. Эдгээр нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, ахин дахин засалт, харьцалт амсаж, шалгагдаж, цэвэрлэгдсэнээр, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хүрдэг үр дүн юм гэж хэлж болно.
Одоо хүмүүс бүгдээрээ үнэнийг эрэлхийлэх тодорхой, хэвийн үйл явцыг сонсож, ойлгосон болохоор яагаад үнэнээс залхаж, үнэнийг эсэргүүцэж, эрэлхийлэхгүй байгаа талаараа янз бүрийн шалтаг, шалтгаан зохиох ёсгүй. Эдгээр үнэнийг ойлгож, энэ асуудлыг тодорхой харчхаад, үнэнийг эрэлхийлэхгүй байгаагийнхаа төлөө хүмүүсийн хэлдэг шалтаг, шалтгаануудыг одоо та нар ялган таньж байна уу? Хөгшин хүн: “Би хөгширсөн, залуу хүн шиг эрч хүчтэй, урам зоригтой биш. Нас ахихын хэрээр залуугийн түрэмгий байдал, идэвхээ алдаж, биеэ тоохоо больсон. Тиймээс намайг биеэ тоосон гэж хэлж байгаа чинь утгагүй үг—би тийм биш!” гэж хэлбэл түүний зөв үү? (Үгүй.) Мэдээж үгүй. Та нар бүгд одоо ийм үгийг ялган таньж, тэр хүнийг илчилж, “Та хөгшин ч гэлээ биеэ тоосон зан чанартай хэвээр байгаа. Та бүх насаараа биеэ тоосон зантай байсан, үүнийгээ бүр шийдвэрлээ ч үгүй. Та биеэ тоосон хэвээр байхыг хүсэж байна уу?” гэж хэлж чадна. Зарим залуухан хүн: “Би маш залуухан, нийгмийн эмх замбараагүй хэсгийг туулаагүй, өөр өөр бүлэг дотор тэмцэж, урсгал даган яваагүй. Энэ дэлхийд удаан амьдарсан хүмүүсийнх шиг туршлага надад байхгүй, үүнээс ч чухал нь мэдээж би тэр хөгшин үнэгнүүд шиг овжин, зальхай биш. Залуу хүний хувиар бага зэрэг биеэ тоосон зан чанартай байх нь хэвийн зүйл; ядаж л би хөгшин хүн шиг тооцоотой, ов мэхтэй, ёрын муу биш” гэдэг. Ингэж хэлэх нь зохистой юу? (Үгүй.) Хүн бүр завхарсан зан чанартай. Энэ нь нас, хүйстэй ямар ч хамаагүй. Бусдад байдаг зүйл чамд бий, чамд байдаг зүйл бусдад бий. Хэн нь ч хэнийгээ буруутгах шаардлагагүй. Мэдээж, хүн бүр завхарсан зан чанартай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй. Завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой—үнэнийг олж авч, зан чанараа өөрчилсөн цагт л бид зорилгодоо хүрсэн байх болно. Завхарсан зан чанараа шийдвэрлэх нь эцсийн эцэст үнэнийг хүлээн авч, шалтаг, шалтгаанаа орхиж, завхарсан зан чанартайгаа зөв нүүр тулж чаддаг эсэхээс чинь хамаарна. Чи шалтаг тоочин үүнээс зайлсхийж, бултах ёсгүй, мэдээж үүнээс татгалзах ч ёсгүй. Эдгээрийг хийхэд амархан. Хийхэд хамгийн хэцүү зүйл юу вэ? Би нэг юм бодлоо. “Намайг үнэнийг эрэлхийлдэг гэсэн ч, эрэлхийлдэггүй гэсэн ч, үнэнийг хайрладаггүй, үнэнээс залхдаг гэсэн ч, завхарсан зан чанартайг минь илчилсэн ч би Таныг зүгээр л үл тооно. Би Бурханы гэрийн шаардсан юм болгоныг, эсвэл хийх хэрэгтэй ямар ч ажлыг хийдэг. Номлол, цуглааны үеэр сонсож, хүн бүр Бурханы үгийг идэж, уух үед би хамт уншиж, та нартай хамт сууж, туршлагын гэрчлэлийн видео үзэж, та нарыг хооллох үед хооллодог. Би та нартай хөл нийлүүлэн алхдаг. Та нараас хэн чинь намайг үнэнийг эрэлхийлдэггүй гэж хэлж чадах юм бэ? Би ингэж л итгэдэг, тиймээс хүссэнээ хийж, ярьж болно, надад хамаагүй!” гэж хэлдэг хүмүүс бий. Иймэрхүү хүн шалтаг, шалтгаан тоочихгүй байгаа мэт дүр эсгэдэг ч үнэнийг эрэлхийлэх санаа зорилгогүй, Бурханы авралын ажил өөртэй нь ямар ч хамаагүй мэт, өөрт нь огт хэрэггүй мэт байдаг. Ийм төрлийн хүмүүс: “Би хүн чанар сайтай, Бурханд үнэхээр итгэдэг, аливаа зүйлийг орхиход бэлэн, зовж, төлөөс төлж чаддаг. Үүнээс гадна би Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах шаардлагатай гэж үү?” хэмээн илэн далангүй хэлдэггүй. Тэд ингэж ил тод ярьдаггүй, үнэний талаар тодорхой хандлага баримталдаггүй, гаднаа Бурханы ажлыг ялладаггүй. Гэхдээ Бурхан тийм хүмүүст хэрхэн ханддаг вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэггүй бол, Бурханы үгэнд тун хайхрамжгүй хандаж, үл тоомсорлодог бол тэдэнд хандах Бурханы хандлага маш тодорхой. Энэ нь “Гэвч чи халуун ч биш, хүйтэн ч биш бүлээн учраас Би чамайг амнаасаа нулимж гаргах болно” (Илчлэл 3:16) хэмээх Библийн энэ мөртэй яг адилхан. Бурхан тэднийг хүсдэггүй бөгөөд энэ нь асуудал юм. Чуулганд тийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Тэгвэл тэд яаж ангилагдах вэ? Тэднийг хааш нь ангилах ёстой вэ? Тэднийг ангилах шаардлагагүй. Товчхондоо тийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд үнэнийг хүлээн авдаггүй, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авдаггүй, гэмших зүрх сэтгэлгүй, харин ч мунгинуу, будилсан итгэлээр Бурханд итгэдэг. Тэд ямар ч саад тотгор, үймээн самуун учруулалгүйгээр, өөрсдөөс нь Бурханы гэрийн шаардсан бүхнийг хийдэг. Тэднээс ингэж асуу: “Чи үзэлтэй юу?” “Үгүй.” “Завхарсан зан чанартай юу?” “Үгүй.” “Аврал хүртэхийг хүсдэг үү?” “Мэдэхгүй.” “Бурханы үг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу?” “Мэдэхгүй.” Тэднээс юу ч асуусан, тэд мэдэхгүй гэж хариулна. Ийм хүмүүст ямар нэгэн асуудал байна уу? (Байна.) Асуудал байгаа ч тэд, энэ нь асуудал биш, үүнийг шийдвэрлэх шаардлагагүй гэж боддог. Библид “Гэвч чи халуун ч биш, хүйтэн ч биш бүлээн учраас Би чамайг амнаасаа нулимж гаргах болно” гэж хэлсэн байдаг. “Би чамайг амнаасаа нулимж гаргах болно” гэсэн энэ үг бол тийм хүмүүсийг зохицуулах зарчим юм; энэ нь тэдний үр дүн билээ. Хүйтэн ч биш, халуун ч биш байх гэдэг нь энэ хүмүүс ямар ч үзэл бодолгүй гэсэн үг; зан чанарын өөрчлөлт юм уу авралын асуудлыг чи тэдэнтэй хэчнээн их нөхөрлөсөн ч тэд хайхрамжгүй хэвээр үлдэнэ гэсэн үг. Энд буй “хайхрамжгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд иймэрхүү хэрэг явдлыг сонирхдоггүй, тэр талаар сонсохыг хүсдэггүй гэсэн үг юм. Зарим хүн: “Ямар ч үзэл бодолгүй байх, эсвэл завхрал харуулахгүй байхын юу нь буруу юм бэ?” гэж хэлж магадгүй. Ямар дэмий балай үг вэ! Тэд бол сүнсгүй, үхсэн хүмүүс, хүйтэн ч биш, халуун ч биш бөгөөд Бурхан тэдэн дээр ажиллах ямар ч аргагүй. Аврагдаж чадахгүй хүмүүсийн тухайд бол Бурхан тэднийг зүгээр л нулимаад хаячихна. Бурхан тэдэн дээр ажиллахгүй, бид тийм хүмүүсийн талаар ямар ч үнэлгээ хийхгүй, зүгээр л үл тооно. Чуулганд тийм хүмүүс байвал үймээн учруулахгүй байгаа цагт тэд үлдэж болно—үймээн таривал тэднийг арилгана. Энэ нь шийдвэрлэхэд амархан зүйл. Үнэнийг хүлээн авч чаддаг, үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг, үүнд тодорхой хандлагаар ханддаг, завхарсан зан чанартайгаа хүлээн зөвшөөрдөг, аврагдаж чадах хүмүүст Миний үг чиглэдэг; Бурханы үгийг ойлгож, дуу хоолойг нь сонсож чадах хүмүүст, мөн Бурханы хоньдод Миний үг чиглэдэг—энэ хүмүүст Бурханы үг чиглэдэг. Бурханд хүйтэн ч биш, халуун ч биш ханддаг хүмүүст Бурханы үг чиглэдэггүй. Тийм хүмүүс үнэнийг сонирхдоггүй, Бурханы үг болон ажилд хүйтэн ч биш, халуун ч биш ханддаг. Тийм хүмүүсийг зохицуулах арга зам бол “Яв. Байгаа байдал чинь Надтай ямар ч хамаагүй” гэж хэлээд, тэднийг үл тоож, тэдэнд хичээл чармайлтаа дэмий үрэхгүй байх явдал юм.
Бид сая үнэнийг эрэлхийлэх сэдэвтэй холбоотой зарим сөрөг жишээг нөхөрлөлөө. Хүмүүс завхарсан зан чанарын илчлэлээ үгүйсгэх янз бүрийн шалтгаан, шалтаг, арга саамыг өөрийн эрхгүй үргэлж бодож олдог—мэдээж тэд бас завхарсан зан чанарынхаа оршин тогтнолыг үргэлж нууж, өөрсдийгөө болон бусдыг хууран мэхэлдэг. Эдгээр нь хүний мунхаг, мулгуу арга зам юм. Нэг талаар хүнийг шүүдэг Бурханы бүх үг үнэн гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг; нөгөө талаар тэд өөрсдөд нь завхарсан зан чанар, мөн түүнчлэн үнэнийг зөрчдөг эндүү ташаа зан авир байдгийг үгүйсгэдэг. Энэ бол тэд үнэнийг хүлээн авдаггүйн тодорхой илрэл юм. Чи завхарсан зан чанартайгаа үгүйсгэсэн ч, хүлээн зөвшөөрсөн ч, эсвэл завхарсан зан авир гаргасныхаа төлөө шалтаг, шалтгаан, хуурамч аргумент тоочсон ч бай хамаагүй—товчхондоо, хэрвээ үнэнийг хүлээн авдаггүй бол Бурханы авралыг хүртэж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үнэнийг огт эрэлхийлдэггүй хэн ч бай хэдэн жил итгэсэн нь хамаагүй, эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдана. Энэ үр дүн аймшигтай. Тун удалгүй гамшиг буун ирж, чи илчлэгдэх бөгөөд гамшиг ирэх үед чи айна. Чамд олон шалтаг, шалтгаан байж болох ч, эсвэл чи сайтар дүр эсгэж, чанд нуун далдалж болох ч үгүйсгэж болохгүй нэг баримт бий: Завхарсан зан чанар чинь бүрэн бүтэн, огт өөрчлөгдөөгүй байгаа. Чи өөрийгөө үнэхээр мэдэж чаддаггүй, жинхэнээсээ гэмших чадваргүй, эцэст нь өөрийгөө үнэхээр эргүүлж, Бурханд дуулгавартай байж чадахгүй бөгөөд Бурхан чиний талаарх бодлоо өөрчлөхгүй. Тэгвэл чи том асуудалд орох биш үү? Чи таягдан хаягдах аюулд орно. Тийм учраас ухаантай хүн бол эдгээр ухаангүй шалтаг, тэнэг шалтгаанаа орхиод, дүр эсгэж, нуун далдалдгаа болино. Тэд өөрсдийнхөө харуулдаг завхарсан зан чанартай зөв нүүр тулж, тэдгээрийг зохицуулж, шийдвэрлэх зөв арга барил ашиглаж, өөрсдийнхөө хийдэг, үйлддэг бүхнийг сайн үйл болгохоор чармайж, улмаар Бурхан тэдний талаарх бодлоо өөрчилнө. Хэрвээ Бурхан чиний талаарх бодлоо өөрчилбөл урьдын тэрслүү байдал, эсэргүүцлийг чинь үнэхээр цагаатгасан гэдгийг энэ нь нотолдог. Тэгээд чи амар амгалан, баяр хөөрийг мэдэрч, дарамттай санагдахаа больж, хүнд ачаанаас салсан мэт санагдана. Энэ мэдрэмж бол сүнсний чинь баталгаажуулалт юм; одоо чамд аврагдах найдлага бий. Энэ найдвар бол үнэний эрэл хайгуулдаа төлсөн төлөөс болон сайн үйлээрээ сольсон зүйл чинь юм. Энэ бол үнэнийг эрэлхийлж, сайн үйл бэлдсэнээр чиний хүрсэн үр дүн билээ. Эсрэгээрээ чи өөрийгөө хэдийнээ хангалттай ухаантай гэж бодоод, завхрал гаргах болгондоо өөрийгөө хамгаалж, зөвтгөх мундахгүй олон шалтгаан олж чаддаг. Завхарсан зан чанараа халхалж, нуун дарагдуулж, улмаар ямар ч завхрал харуулаагүй мэт үүнийгээ эргэцүүлж, мэдэхээс овжноор зайлсхийж чаддаг. Чи өөрийгөө нэлээд ухаантай гэж бодоод, Бурханы зохицуулсан янз бүрийн орчинд илчлэгдэхээс ахин дахин зайлсхийсэн. Чи өөрийгөө эргэцүүлээгүй, мэдэж аваагүй, үнэнийг олж аваагүй, Бурханаар төгс болгуулах олон боломжоо алдсан байх болно. Үүний үр дагавар юу байх вэ? Гэмшиж, аврал хүртэж чадах эсэхийг чинь одоохондоо хойш тавиад, хэрвээ Бурхан чамд ахин дахин гэмших боломж олгосон ч аль нь ч чамайг бодлоо өөрчлөхөд хүргэхгүй байлаа гэе, тэгвэл чи маш том асуудалд орно. Өөрийгөө хэр сайн хамгаалдаг чинь, хэр сайн харуулдаг чинь, хэчнээн сайн дүр эсгэдэг чинь, хэр сайн шалтаг тоочиж, өөрийгөө зөвтгөдөг чинь ямар хамаатай юм бэ? Бурхан чамд удаа дараа боломж олгоод ч бодлоо өөрчлөөгүй бол чи аюулд оржээ. Тэр нь ямар аюул болохыг чи мэдэх үү? Чи гөжүүдлэн завхарсан зан чанартаа шалтаг тоочсоор, үнэнийг эрэлхийлэхгүй байгаадаа шалтаг, шалтгаан хэлж, Бурханы шүүлт, Бурханы ажлыг эсэргүүцэж, голж байгаа мөртөө өөрийгөө тун дажгүй гэж бодож, мөс чанараа цэвэрхэн гэж үзэж байна. Чи Бурханы гэрийн хяналт, засалт, харьцалтыг хүлээн авахаас татгалзаж, Бурханы эсрэг тэрсэлсэн зүрх сэтгэлээр Бурханы шүүлт, гэсгээлт, авралаас дахин нэгэнтээ зайлсхийдэг—Бурхан аль хэдийн чамайг жигшиж, аль хэдийн чамайг орхисон атал чи өөрийгөө аврагдана гэж боддог. Чи аль хэдийн буруу замаар улам хол алхсан, аврагдах аргагүй болсон гэдгээ мэддэггүй гэж үү? Бурханы гэрт Бурхан хаанчилдаг. Чи Бурханыг эсэргүүцэж, элдэв янзын ёрын мууг үйлдэх үедээ Бурханы эрх мэдлийн гадна байдаг гэж бодож байна уу? Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаггүй, үнэн болон амийг олж аваагүй, чамд туршлагын гэрчлэл огт байхгүй. Үүний чинь төлөө Бурхан чамайг ялладаг. Чи өөртөө гай дуудаж байна. Энэ нь ердөө ч ухаалаг биш—харин мунхаглал, туйлын мунхаг хэрэг! Энэ бол сүйрэл! Бид үүнийг энд дэлгэлээ—хэрвээ чи итгэхгүй бол зүгээр л хүлээгээд хар. Чамд үнэнийг эрэлхийлэхгүй байх баахан шалтгаан байгаа бол, уран цэцэн үг, арга саам байгаа бол, хэн ч чамтай маргаад дийлэхгүй, ах эгч нар чамайг илчилж чадахгүй бол, чамайг зайлуулах үндэслэл чуулганд байхгүй бол Бурханы гэр чамд юу ч хийж чадахгүй гэж бодоогүй чинь дээр. Чи буруу бодож байна. Чи Бурхантай өрсөлдсөөр байгаа; хэр удаан Бурхантай өрсөлдөж чадахыг чинь Би харъя л даа! Өөрийнх нь ажил дууссаны дараа Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх тэр өдрийг хүртэл чи Бурхантай өрсөлдсөөр байж чадах уу? Гамшгийн үеэр үхэхгүй, амьд үлдэнэ гэдэг баталгаа өгч чадах уу? Чи үнэхээр өөрийнхөө хувь заяаг захирдаг уу? Шалтаг, шалтгаан чинь чамд Бурханы гэрийн хяналт шалгалтаас хэсэг зуур зугтах боломж олгож магадгүй; хэсэг хугацаанд дөнгөн данган амь зуух боломж олгож магадгүй. Чи түр зуур хүмүүсийг хуурч, чуулганд дүр эсгэж, бусдыг мэхэлж, тэнд сандал бөглөх боломжтой ч Бурханы хяналт, шинжилтээс мултарч чадахгүй. Хүн үнэнтэй эсэхэд үндэслэн Бурхан хүний төгсгөлийг шийддэг; Тэр Өөрөө ажиллаж, шигшдэг. Чи ямар төрлийн хүн, эсвэл ямар диавол байх нь хамаагүй Бурханы шүүлт, яллалтаас зайлсхийж чадахгүй. Бурханы сонгосон хүмүүс үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болмогц хэн ч зугтаж чадахгүй бөгөөд тэр үед чамайг чуулганаас зайлуулна. Зарим хүн үүнд үнэмшихгүй, “Би Бурханы төлөө маш их гүйж, Бурханы төлөө маш их ажил хийж, их төлөөс төлсөн. Гэр бүл, гэрлэлтээ орхисон; залуу насаа Бурхан болон Бурханы ажлын төлөө зориулсан. Ажил мэргэжлээ орхиж, амьдралынхаа хагас эрч хүчийг зарцуулж, Бурханы хайрлах ерөөлийг гарцаагүй авна гэж бодсон. Үнэнийг эрэлхийлээгүй, огт хэрэгжүүлээгүйнхээ төлөө таягдан хаягдана гэж хэзээ ч төсөөлж байсангүй!” гэж дургүйцэн үглэнэ. Бурханы гэрт үнэн ноёрхдогийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хэнийг шагнаж, хэнийг ерөөдөг нь тодорхой биш байна уу? Татгалзаж, зарлагадаж байгаа чинь жинхэнэ туршлагын гэрчлэлд хүргэсэн бол, мөн Бурханы ажлыг гэрчилдэг бол Бурхан чамайг шагнаж, ерөөнө. Татгалзаж, зарлагаддаг чинь жинхэнэ туршлагын гэрчлэл биш, Бурханы ажлын гэрчлэл бүр ч биш, харин өөрийгөө гэрчлэх гэрчлэл, ололт амжилтаа Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүсэлт бол чи Паулынхтай адилхан замаар алхаж байна. Чи мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаа бөгөөд Бурхан чамд “Мууг үйлдэгч чи Надаас холд!” гэж хэлнэ. Энэ нь юу гэсэн утгатай байх вэ? Чи сүйрч, гамшигт унаж, шийтгэгдэнэ гэдгийн нотолгоо байх болно. Чамд гай зовлон тулгарна. Паул байр суурь, хийсэн ажил, чадвар, билиг авьяасаараа тухайн үеийнхээ дундаж хүнээс илүү дээр байсан, гэхдээ юу болсон бэ? Паул Бурханд итгэхдээ эхнээсээ дуустал Бурхантай наймаа хийж, болзол тавихаар оролдож байсан; тэрээр Бурханаас шагнал, титэм нэхсэн. Эцэст нь үнэнээсээ гэмшээгүй, олон сайн үйл бэлдээгүй—мэдээж жинхэнэ туршлагын гэрчлэлтэй ч болоогүй. Жинхэнээсээ гэмшихгүйгээр Паул Бурханы өршөөлийг хүртэж чадах байсан уу? Өөрийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчилж чадах байсан уу? Тэгэх боломжгүй. Паул Эзэний төлөө бүх амьдралаа зориулсан ч антихристийн замаар алхаж, гэмшихээс бүрмөсөн татгалзсан учраас шагнуулаагүй төдийгүй, Бурханд шийтгүүлсэн. Түүнд тулгарсан үр дагавар сүйрэлд хүргэхүйц байсныг дурдахын ч хэрэггүй. Тиймээс хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг хүн биш бол ядаж л бага зэрэг эрүүл ухаантай байж, Бурхантай маргахгүй байж, мөрийтэй тоглож байгаа мэт төгсгөл, хүрэх газраараа дэнчин тавихгүй байх ёстой гэдгийг Би одоо чамд тодорхой хэлье. Тэр нь Бурхантай наймаа хийхээр оролдож байгаа хэрэг бөгөөд энэ нь Бурханыг эсэргүүцэх арга зам юм. Бурханд итгэдэг ч Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийн төгсгөл яаж сайн байх юм бэ? Хүмүүс үхлийн өмнө хүмүүжилтэй болдог; учир зүй ойлгодоггүй хүмүүс үхлийн ирмэгт очих хүртлээ арга замаа орхихгүй. Аврагдах хамгийн шилдэг, хамгийн энгийн, ухаалаг арга барил бол хамаг шалтаг, шалтгаан, болзол нөхцөлөө орхиод, хөлөө газарт бат тавиад үнэнийг хүлээн авч, эрэлхийлж, улмаар өөрийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчлөх явдал юм. Бурхан чиний талаарх бодлоо өөрчлөх үед чамд аврагдах найдвар бий болно. Хүний аврагдах найдварыг Бурхан өгдөг бөгөөд Бурхан чамд энэ найдварыг өгөхийн урьдач нөхцөл нь чи Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлэхийн тулд өөрийнхөө нандигнадаг бүхнийг орхиж, бүхнийг хаяад, Бурхантай наймаа хийх гэж оролдохгүй байх явдал билээ. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, боловсролтой боловсролгүй байх чинь хамаагүй, хаана төрсөн чинь ч хамаагүй. Бурхан эдгээр зүйлийн алийг ч хардаггүй. “Би сайхан ааштай, тэвчээртэй, хүлээцтэй, хайр энэрэлтэй. Хэрвээ би эцсээ хүртэл тэвчээртэй байх юм бол тэр нь миний талаарх Бурханы бодлыг өөрчилнө” гэж чи хэлж магадгүй. Эдгээр зүйл нэмэргүй. Бурхан чиний ааш араншин, зан төлөв, боловсрол, эсвэл насыг хардаггүй, хэчнээн их зовж, хэчнээн их ажил хийсэн чинь ч хамаагүй. Бурхан чамаас “Энэ олон жил Бурханд итгэхдээ зан чанар чинь өөрчлөгдсөн үү? Чи юуны дагуу амьдардаг юм бэ? Чи үнэнийг эрэлхийлсэн үү? Бурханы үгийг хүлээн авсан уу?” гэж асууна. “Би тэрийг сонссон, хүлээн авсан” гэж чи хэлэх байх. Дараа нь Бурхан чамаас “Чи сонсож, хүлээн авсан юм бол завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдсэн үү? Чи үнэхээр гэмшсэн үү? Бурханы үгийг үнэхээр дуулгавартай дагаж, хүлээн авсан уу?” гэж асууна. Чи: “Би зовж, төлөөс төлсөн; өөрийгөө зарлагадаж, аливаа зүйлийг орхисон, тахил өргөсөн—хүүхдүүдээ ч Бурханд өргөн барьсан” гэж хариулна. Чиний бүх тахил нэмэргүй. Тийм зүйлсийг тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр арилжих юм уу өөрийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчлөхөд ашиглаж болохгүй. Өөрийнхөө талаарх Бурханы бодлыг өөрчилж болох цорын ганц арга зам бол үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал юм. Өөр сонголт байхгүй. Авралын тухайд бол хүн завшааныг ашиглаж, ов мэхтэй байж болохгүй, арын хаалга гэж үгүй. Ойлгов уу? Чи үүнийг тодорхой ойлгох ёстой. Энэ талаар бүү будил—чи будиллаа ч Бурхан будилахгүй. Тэгвэл одоогоос эхлээд юу хийх ёстой вэ? Хандлагаа өөрчил, үзэл бодлоо өөрчил, юу ч хийж байсан, Бурханы үгийг үндэс сууриа болго. Хүний бүтээсэн “сайн сайхан”, хүний шалтаг, хүний гүн ухаан, мэдлэг, ёс суртахуун, ёс зүй, бүр мөс чанар ч, хүний ёс жудаг, нэр төр гэгч нь ч үнэнийг орлож чадахгүй. Эдгээр зүйлийг хойш тавиад, зүрх сэтгэлээ тайвшруулж, биеэ авч явах байдал, үйлдлийнхээ үндэс суурийг Бурханы үгээс ол. Ингэх явцдаа хүний завхарсан зан чанарын янз бүрийн талыг илчилсэн Бурханы илчлэлийг Бурханы үгээс олж, өөрийгөө тэдгээртэй харьцуулаад, завхарсан зан чанараа шийдвэрлэ. Өөрийгөө аль болох хурдан мэдэж авч, завхралаас ангижрахаар чармай, гэмшиж, өөрийгөө эргүүлэхээр яаравчил. Ёрын муугаа орхиж, биеэ авч явах байдал, үйлдэлдээ үнэний зарчмыг эрж хай, бүгдийг нь Бурханы үгэнд тулгуурла—чи эдгээр зүйлийг хүний үзэл, төсөөлөлд тулгуурлаж яасан ч болохгүй. Чи яавч Бурхантай наймаа хийхээр оролдох ёсгүй; шалихгүй зовлон, золиослолоо Бурханы шагнал, ерөөлөөр арилжихаар оролдох ёсгүй. Тийм тэнэг юм хийхээ боль, Бурхан чамд уурлаж, чамайг харааж, чамайг устгах вий. Ойлгомжтой юу? Та нар үүнийг ойлгов уу? (Ойлголоо.) За тэгвэл цаашдаа үүнийг сайтар тунгаан бодооорой.
Дөнгөж сая бидний нөхөрлөсөн бүх юм үнэний эрэл хайгуултай холбоотой байсан ба хэдий бид үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ гэсэн ухагдахууны асуултад тодорхой хариулт өгөөгүй ч үнэний эрэл хайгуулын талаарх хүний янз бүрийн буруу ойлголт, эндүү ташаа мэдлэг, түүнчлэн үнэнийг эрэлхийлэхэд тулгардаг янз бүрийн бэрхшээл, асуудлын талаар бага зэрэг нөхөрлөлөө. Эцэст нь Би үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг, мөн үнэний эрэл хайгуулын илрэл юу болохыг, үнэнийг эрэлхийлэх хэрэгжүүлэлтийн зам яг юу болохыг нэгтгэн дүгнэмээр байна. Тэгвэл үнэнийг эрэлхийлэх гэж яг юу гэсэн үг вэ? Үнэнийг эрэлхийлэх нь эхлээд Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, дараа нь Бурханы үгийг туулах үйл явцаар дамжуулан үнэний талаарх ойлголтод хүрч, үнэний бодит байдалд орж, Бурханыг үнэхээр мэддэг, дуулгавартай дагадаг хүн болох явдал юм. Тэр нь үнэнийг эрэлхийлснээр хүрэх эцсийн үр дүн билээ. Мэдээж үнэний эрэл хайгуул нь алхамтай үйл явц бөгөөд хэд хэдэн үе шатанд хуваагддаг. Чи Бурханы үгийг уншиж, тэдгээр нь үнэн болон бодит байдал гэдгийг олж мэдэх үедээ Бурханы үгээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө танин мэдэж эхэлнэ. Чи маш тэрслүү гэдгээ, маш их завхрал гаргадаг гэдгээ харна. Чи үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чаддаг болохыг хүсэн эрмэлзэж, үнэний төлөө чармайж эхэлнэ. Тэр нь чухамдаа өөрийгөө эргэцүүлж, мэдэж авснаас үүдэн гардаг үр дүн юм. Тэр цагаас хойш чиний амийн туршлага эхэлдэг. Чи өөрийнхөө завхарсан зан чанараас үүдэн гардаг байр байдал, асуудлуудыг судалж, шинжилж эхлэх нь үнэнийг эрэлхийлж эхэлсэн гэдгийг чинь нотолдог. Чи тулгарсан аливаа асуудал, харуулсан аливаа завхралаа идэвх санаачилгатайгаар эргэцүүлж, шинжилж чадна. Эдгээр нь үнэхээр завхралын илрэл, завхарсан зан чанар гэдгийг ухаарах үедээ чи аяндаа үнэнийг эрэлхийлж, тэр асуудлуудыг шийдвэрлэж эхэлнэ. Амийн оролт өөрийгөө эргэцүүлэхээс эхэлдэг; энэ нь үнэнийг эрэлхийлэхийн эхний алхам юм. Үүний яг дараа өөрийгөө эргэцүүлж, мэдэж авснаар дамжуулан чи Бурханы илчлэлтийн бүх үг бодит баримттай нийцдэгийг харна. Тэгээд чин сэтгэлээсээ тэдгээрт захирагдаж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадна. Тэр нь үнэнийг эрэлхийлэхийн хоёр дахь алхам юм. Хүний завхарсан зан авирыг илчилсэн Бурханы үгийг ихэнх хүн хүлээн авч чаддаг боловч хүний завхарсан мөн чанарыг илчилсэн Бурханы үгийг тийм ч амархан хүлээн авч чадахгүй. Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд өөрсдийнх нь завхрал асар гүн гүнзгий гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй; харин хүний завхарсан зан авирыг илчилсэн Бурханы үгийг л хүлээн зөвшөөрдөг. Үүнээс болоод тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг чин сэтгэлээсээ хүлээн авч чаддаггүй. Харин ч тэдгээрийг үл тоомсорлодог. Зарим хүн: “Би цөөн хэдэн завхарсан зан авиртай ч зарим нэг сайн зүйл хийж чадна. Би бол сайн хүн, Сатанд харьяалагддаггүй. Би Бурханд итгэдэг учраас Бурханых байх ёстой” гэдэг. Энэ дэмий үг биш үү? Чи хүний ертөнцөд төрж, Сатаны нөлөөлөл дор амьдарч, уламжлалт соёлын боловсролыг хүлээн авсан. Чиний төрөлхийн өв уламжлал болон сурсан мэдлэг Сатанаас үүдэлтэй. Чиний дээдлэн хүндэлдэг агуу, алдартай хүмүүс бүгд Сатанд харьяалагддаг. Сатанд харьяалагддаггүй гэж хэлснээрээ чи Сатаны завхралаас мултрах уу? Энэ нь жаахан хүүхдүүд ам нээх цагаасаа л худал хэлж, бусдыг доромжилдогтой яг адилхан. Хэн тэдэнд ингэж зааж өгсөн бэ? Хэн ч заагаагүй. Энэ нь Сатаны завхралын үр дагавраас өөр юу байх юм бэ? Эдгээр нь бодит баримт. Хүмүүс сүнсний ертөнцийн Сатан болон муу ёрын сүнснүүдийг харж чадахгүй, харин амьд чөтгөрууд болон диаволын хаад хүний ертөнцийн хаа сайгүй байдаг. Тэд бүгдээрээ Сатаны биелэл. Энэ бол бүх хүний хүлээн зөвшөөрөх ёстой баримт юм. Үнэнийг ойлгодог хүмүүс эдгээрийг нэвт харж чадна, Бурханы илчлэлтийн бүх үг бодит баримт гэдгийг хүлээн зөвшөөрч чадна. Зарим хүн өөрийгөө мэдэх талаар ярьж болох ч Бурханы үгэнд илчлэгдсэн завхрал нь бодит баримт гэдгийг, эсвэл Бурханы үг үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь үнэнийг хүлээн авч чадахгүй байгаатай адилхан. Хэрвээ хүн завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол чин сэтгэлээсээ гэмшиж чадахгүй. Мэдээж бүх хүн завхарсан зан чанартай гэдэг баримтыг хүлээн зөвшөөрч, хүлээн авахын тулд хүн Бурханы ажлыг хэсэг хугацаанд туулах ёстой. Олон завхарсан зан чанар харуулсныхаа дараа тэд аяндаа тэрхүү баримтын өмнө дуулгавартайгаар толгой гудайлгана. Тэд хүнийг илчилж, шүүж, ялладаг Бурханы бүх үг бодит баримт, үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг бүрэн хүлээн авахаас өөр сонголтгүй байх болно. Бурханы үгээр байлдан дагуулагдах гэдэг нь энэ юм. Хүмүүс Бурханы үгийн үндсэн дээр завхарсан зан чанар, завхарсан мөн чанараа мэдэж авч, сатанлаг зан чанартай гэдгээ, мөн завхрал нь гүн гүнзгий гэдгийг хүлээн зөвшөөрч чадвал Бурханы шүүлт, гэсгээлтийг бүрэн дүүрэн хүлээн авч, дуулгавартай дагаж чадна. Тэд хүн төрөлхтнийг илчилж, шүүдэг Бурханы үг хэчнээн хатуу, сэтгэл шархлуулам байсан ч дуулгавартай дагахад бэлэн байх болно. Чи Бурханы үг завхарсан хүн төрөлхтнийг хэрхэн тодорхойлж, ангилж, ялладгийг, түүнчлэн завхарсан хүн төрөлхтнийг хэрхэн шүүж, илчилдгийг бага зэрэг ойлгож, мэдэх үедээ, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн авч, завхарсан зан чанар болон завхарсан мөн чанараа танин мэдэж эхлэх үедээ, өөрийнхөө завхарсан зан чанар, Сатан, махан биеэ үзэн ядаж эхлэх үедээ—үнэнийг олж авч, хүн шиг амьдарч, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн болохыг хүсэн хүлээх үедээ—зан чанартаа өөрчлөлт гаргахаар эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлнэ. Энэ нь үнэнийг эрэлхийлэх гурав дахь алхам юм.
Өөрийгөө үнэхээр мэдэх гэдэг нь Бурханы үгэнд үндэслэн завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж авч, улмаар завхарсан мөн чанар болон завхралынхаа үнэн мөнийг мэддэг болох явдал юм. Ингэх үедээ хүмүүс хүн төрөлхтний завхрал асар гүн гүнзгий болохыг тов тодорхой харна—хүн төрөлхтөн хүний төрхтэй амьдардаггүй, зөвхөн завхарсан зан чанарыг л амьдран харуулдаг, хүн төрөлхтөнд бүр өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаан байхгүй гэдгийг тэд харна. Аливаа зүйлийн талаарх хүмүүсийн үзэл бодол бүгд Сатаных, нэг нь ч зөв биш, эсвэл үнэнтэй нийцдэггүй, хүмүүсийн дур сонирхол, эрэл хайгуул, сонгосон зам нь бүгд Сатаны хортой холилдсон байдаг, эдгээр нь бүгд хүний хэрээс хэтэрсэн хүсэл, ерөөл хүртэх санаархлыг агуулдаг гэдгийг тэд харна. Хүний гаргадаг зан чанар нь яг нарийндаа Сатаны зан чанар, уг чанар, мөн чанар гэдгийг харна. Ийм хэмжээнд өөрийгөө мэдэх нь энгийн хэрэг биш; Бурханы үгийн үндсэн дээр л үүнд хүрч болно. Хэрвээ хүн үүнийг уламжлалт соёлын ёс суртахууны онол, үг хэллэг, бодол санаанд үндэслэн хийвэл өөрийгөө үнэхээр мэддэг болж чадах уу? Яавч үгүй. Завхарсан зан чанар чинь эдгээр сатанлаг гүн ухаан болон онолоос үүдэлтэй. Сатанд харьяалагддаг эдгээр зүйлд үндэслэн өөрийгөө мэдэж авах нь утгагүй хэрэг биш үү? Энэ нь шал дэмий байх биш үү? Тиймээс өөрийгөө мэдэх нь Бурханы үгэнд үндэслэх ёстой. Бурханы үг л үнэн, Бурханы үг л бүх хүн, хэрэг явдал, зүйлийг хэмжих шалгуур юм. Хэрвээ чи Бурханы үг бол үнэн, тэдгээр нь бүх хүн, хэрэг явдал, зүйлийг хэмжих цорын ганц зөв үндэс суурь гэдгийг үнэхээр харах юм бол урагшлах замтай байна. Тэгээд чи гэрэлд амьдарч чадна, өөрөөр хэлбэл энэ нь Бурханы өмнө амьдрах явдал юм. Хүмүүс Бурханы үгээс өөрсдийнхөө завхарсан мөн чанарыг үнэхээр мэдэж авах үедээ дараа нь хэрхэн авирлаж, хэрэгжүүлэх вэ? (Тэд гэмшинэ.) Зөв. Хүн уг чанар, мөн чанараа мэдэж авах үед зүрх сэтгэлд нь аяндаа харуусал төрж, гэмшиж эхэлнэ. Энэ нь тэд завхарсан зан чанараасаа ангижрахаар эрэлхийлж, сатанлаг зан чанараар амьдрахаа болино гэсэн үг юм. Харин тэд Бурханы үгийн дагуу амьдарч, биеэ авч явж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна. Энэ нь жинхэнэ гэмшил юм. Энэ бол үнэний эрэл хайгуулын дөрөв дэх алхам билээ. Та нар жинхэнэ гэмшил гэж юу болохыг одоо бүгд тодорхой ойлгосон болохоор үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Эргэлт хийж хэрэгжүүл. Энэ нь сатанлаг зан чанараар амьдралгүй, өөрийнхөө зууралддаг, зөв гэж боддог зүйлсийг хаяж, Бурханы үгийн дагуу үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэсэн үг юм. Эргэх гэдэг нь ийм утгатай. Тодруулж хэлбэл, чи эхлээд өөрийгөө үгүйсгэж, бодол, санаа, үйлдэл, үйл хэрэг чинь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг, хэрхэн бий болсныг Бурханы үгэнд үндэслэн тодорхойлох ёстой. Эдгээр зүйл завхарсан зан чанарт харьяалагддаг, сатанлаг гүн ухаанаас гаралтай гэж тодорхойлбол чи тэдгээрийг яллаж, хараасан хандлага баримтлах ёстой. Ингэх нь махан бие болон Сатаныг хаяхад тус дөхөм болдог. Энэ ямархуу зан авир вэ? Энэ нь завхарсан зан чанараа үгүйсгэж, орхиж, татгалзаж, хаяж байгаа хэрэг биш үү? Өөрийнхөө зөв гэж боддог зүйлийг үгүйсгэж, ашиг сонирхлоо орхиж, буруу санаа зорилгоо хаяж, улмаар замаа эргүүлэх нь тийм ч энгийн биш, үүнд олон нарийн ширийн зүйл байгаа. Хэрвээ чи гэмшихэд бэлэн байгаа ч зүгээр л ингэж хэлээд, завхарсан зан чанараа үгүйсгэж, орхиж, татгалзаж, хаядаггүй бол энэ нь гэмшлийн илрэл биш бөгөөд гэмшилд хараахан бодитоор ороогүй байна. Жинхэнэ гэмшил яаж харагддаг вэ? Нэгдүгээрт, өөрийнхөө зөв гэж боддог зүйлсийг, жишээлбэл өөрийнхөө үзэл, Бурханд тавих шаардлага, түүнчлэн аливааг үзэх үзэл бодол, асуудлыг шийдвэрлэх арга барил, арга зам, хүний туршлага гэх мэт зүйлсийг үгүйсгэ. Энэ бүх зүйлийг үгүйсгэх нь чин сэтгэлээсээ гэмшиж, Бурхан руу эргэх тодорхой хэрэгжүүлэлт юм. Чи эндүү ташаа зүйлсийг нэвт харж, үгүйсгэж байж л орхиж чадна. Чи эдгээр зүйлийг үгүйсгэдэггүй, сайн, зөв зүйл гэж бодсоор байдаг бол бусад хүн орхи гэж хэлсэн ч тэдгээрийг орхиж чадахгүй. Чи: “Би өндөр боловсролтой, баялаг туршлагатай. Эдгээр зүйл зөв гэж боддог, яахаараа тэрийг орхих ёстой юм бэ?” гэж хэлнэ. Хэрвээ чи өөрийнхөө арга замтай зууралдаж, тууштай байвал үнэнийг хүлээн авч чадах уу? Энэ нь огтхон ч амархан байхгүй. Хэрвээ чи үнэнийг олж авахыг хүсдэг бол эхлээд өөрийнхөө зөв, эерэг гэж боддог зүйлсийг үгүйсгэж, дараа нь тэдгээр нь мөн чанартаа сөрөг, Сатанаас гаралтай, бүгд өнгөн дээрээ үнэмшилтэй төөрөгдөл—сатанлаг зүйлстэй зууралдах нь чамайг ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцээд, эцэст нь шийтгүүлж, устгагдахад л хүргэнэ гэдгийг тодорхой харах ёстой. Сатан хүнийг завхруулдаг бодол санаа, хор нь хүнийг сүйрэлд хөтлөх чадвартай гэдгийг тодорхой харж чадвал чи тэдгээрийг бүрэн орхиж чадна. Мэдээж үгүйсгэх, орхих, татгалзах, хаях гэх мэт нь Сатаны хүчин болон уг чанарын эсрэг, түүнчлэн хүмүүсийг төөрөлдүүлэхдээ Сатаны ашигладаг гүн ухаан, логик, бодол санаа, үзэл бодлын эсрэг хүний ашигладаг бүх хандлага, арга барил юм. Жишээлбэл: махан биеийн ашиг сонирхлоо орхих; махан биеийн дур сонирхол, эрэл хайгуулыг орхих, Сатаны гүн ухаан, бодол, тэрс үзэл, төөрөгдлөөс татгалзах; Сатаны нөлөөлөл, ёрын муу хүчнийг хаях. Энэ цуврал хэрэгжүүлэлт нь бүгд хүмүүс гэмшлийг хэрэгжүүлж болох арга барил, зам билээ. Жинхэнэ гэмшилд орохын тулд хүн асар олон үнэнийг ойлгох ёстой, тэгж байж л өөрсдийгөө бүрэн үгүйсгэж, махан биеэ хаяж чадна. Тухайлбал чи өөрийгөө мэдлэгтэй, арвин туршлагатай, мөн Бурханы гэрийн авьяастан, тэнд асар хэрэгтэй байх учиртай гэж боддог байлаа гэе. Гэхдээ хэдэн жил үнэний тухай номлол сонсож, зарим үнэнийг ойлгосныхоо дараа чи мэдлэг, эрдэм чинь үнэ цэнгүй, Бурханы гэрт өчүүхэн төдий ч нэмэргүй гэдгийг мэдэрнэ. Мөн үнэн болон Бурханы үг л хүмүүсийг аварч чадна, үнэн л хүний амь байж чадна гэдгийг мэдэрнэ. Хүн хэчнээн мэдлэг, туршлагатай байх нь хамаагүй, үнэнтэй гэсэн үг биш, хүний зүйлс хүний үзэлтэй хэчнээн нийцэх нь хамаагүй, тэр нь үнэн биш гэдгийг чи мэдэрдэг болно. Тэдгээр нь бүгд Сатанаас гаралтай, бүгд үнэнтэй ямар ч хамаагүй сөрөг зүйл гэдгийг ухаарна. Чи хэчнээн боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай ч бай, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй, үнэнийг ойлгож чаддаггүй бол энэ нь нэмэргүй. Чамайг удирдагчаар ажиллуулбал чи үнэний бодит байдалгүй байна, бас асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Туршлагын гэрчлэлийн нийтлэл бичүүлбэл чи үгээр илэрхийлж чадахгүй. Бурханыг гэрчлүүлбэл чи Бурханы талаар мэдэхгүй. Чамаар сайн мэдээ түгээлгэвэл чи хүмүүсийн үзлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чадахгүй. Хэрвээ шинээр ирэгсдийг услуулбал чи үзэгдлийн үнэнийг тодорхой мэдэхгүй, ердөө хоосон сургаалын үг, хэллэгийг номлож л чадна. Чи өөрийнхөө үзлийг шийдвэрлэж чадахгүй бол яаж шинээр ирэгсдийн үзлийг шийдвэрлэж чадах юм бэ? Чи ийм ажлын алийг нь ч хийж чадахгүй—тэгвэл чи юу хийж чадах вэ? Чамаас хөдөлмөрлөхийг хүсэх юм бол авьяасыг чинь дэмий үрлээ гэж чи бодно. Чи өөрийгөө авьяастай гэж хэлдэг мөртөө ямар ч ажлыг зохицуулж чаддаггүй, ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чаддаггүй—тэгээд чиний хийж чадах зүйл яг юу юм бэ? Бурханы гэр чамайг ашиглахыг хүсэхгүй байгаа юм биш, харин чи л гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүй. Үүнийхээ төлөө чуулганыг буруутгаж болохгүй. Гэхдээ чи одоо ч гэсэн “Бурхан хүнээс дэндүү ихийг хүлээж байгаа биш үү? Эдгээр шаардлага надаас давсан юм байна. Яагаад надаас ийм ихийг шаарддаг юм бэ?” гэж бодож байж магадгүй. Хэрвээ хүн Бурханы талаар ийм том буруу ойлголт тээдэг бол тэрээр Бурханыг мэддэггүй, үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй гэдгийг энэ нь нотолдог. Чи өөрийнхөө үзэл бодлыг зөв, өөрчлөх шаардлагагүй гэж боддог, Бурханы үг үнэн гэдгийг онолын хувьд л хүлээн зөвшөөрдөг ч зууралдаж буй хог новшоо хаяж чаддаггүй бол үнэнийг хараахан ойлгоогүйг чинь энэ нь харуулдаг. Чи Бурханы өмнө очиж, үнэнийг илүү их эрж хайх ёстой, Бурханы үгийг илүү их уншиж, илүү олон номлол, нөхөрлөл сонсох ёстой, тэгвэл чи Бурханы үг бол үнэн гэдгийг аажмаар ойлгож авна. Хүний хувьд, үнэн болон Бурханд хандахдаа эхлээд дуулгавартай байх ёстой. Энэ бол хүний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чаддаг бол замаа эргүүлж байна гэсэн үг юм. Замаа эргүүлэх нь гэмшлийг хэрэгжүүлэх зам; нэгэнтээ зөв гэж бодож байсан, Сатанаас үүдэлтэй зүйлсийг бүрэн орхиод, өөрийнхөө явах шинэ замыг сонгох явдал билээ. Энэ бол Бурханы шаардлага болон үнэний зарчмын дагуу Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал. Замаа эргүүлэх гэдгийн утга учир энэ юм. Энэ нь үнэхээр Бурханы өмнө очиж, гэмшлийн бодит байдалд орох явдал мөн. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол тэрээр үнэний бодит байдалд орж эхэлсэн, үнэхээр гэмшсэн нь дамжиггүй. Хүнийг үнэхээр гэмших үед л авралын замд хөл тавьсан гэж хэлж болно. Энэ нь үнэнийг эрэлхийлэх дөрөв дэх алхам юм.
Хүн үнэхээр гэмших үедээ үнэнийг эрэлхийлэх замд орчихсон, Бурханы ажлын талаар үндсэндээ ямар ч үзэл, буруу ойлголт өвөрлөхгүй, Бурханы шүүлт, гэсгээлтэд захирагдахад бэлэн байх бөгөөд Бурханы ажлыг албан ёсоор туулж эхэлнэ. Хүн анх Бурханд итгэдэг болохоос эхлээд Бурханы шүүлт, гэсгээлтийг албан ёсоор туулах хүртэл урт хугацааны шилжилтийн үе байдаг. Энэхүү шилжилтийн үе нь хүн Бурханд итгэж эхлэхээс үнэхээр гэмших хүртэл явагддаг. Хэрвээ хүн үнэнийг хайрладаггүй бол Бурханы шүүлт, гэсгээлтийг ч, үнэнийг ч огт хүлээн авахгүй бөгөөд өөрсдийгөө мэдэж хэзээ ч чадахгүй. Тийм хүмүүс таягдан хаягдана. Хэрвээ хүн үнэнийг хайрладаг бол Бурханы үгийг уншсан ч, номлол сонссон ч үнэхээр ямар нэг зүйл олж авч, Бурханы ажил бол хүнийг аврах ажил гэдгийг мэдэж, өөрсдийнхөө ойлгодог үнэнд тулгуурлан өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж чадна; тэд завхарсан зан чанараа улам их үзэн ядаж, үнэнийг улам бүр сонирхох ба өөрийн мэдэлгүй өөрсдийгөө үнэхээр мэдэж авч, жинхэнээсээ харамсаж, гэмшинэ. Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы үгийг уншиж, номлол сонсохдоо аяндаа ийм үр дүнд хүрдэг. Тэд аажмаар өөрсдийгөө мэдэж авч, жинхэнэ гэмшилд хүрдэг. Хүн жинхэнээсээ гэмшмэгцээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бүх зүйлээс үнэнийг эрж хайх ёстой; өөрт нь юу ч тохиолдсон, Бурханы үгэнд үндэслэн хэрэгжүүлэлтийн зарчим болон замыг олж, дараа нь үргэлжлүүлэн үнэнийг хэрэгжүүлж эхэлж чаддаг байх ёстой. Энэ бол үнэнийг эрэлхийлэх тав дахь алхам юм. Үнэнийг эрж хайхын зорилго юу вэ? Үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай болох. Гэхдээ үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хүн үүнийг зарчмын дагуу хийх ёстой. Тэр нь дангаараа үнэний үнэн зөв хэрэгжүүлэлт юм; гагцхүү тэр нь л хүнд Бурханы сайшаалыг хүртэх боломж олгоно. Тиймээс үнэний зарчмын дагуу үйлдэж чаддаг байна гэдэг нь үнэнийг эрэлхийлээд хүрэх учиртай үр дүн юм. Энэ алхамд хүрэх нь хүн үнэнийг хэрэгжүүлэх бодит байдалд орсон гэсэн үг. Үнэнийг эрж хайх нь хүний завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн төлөө байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг болох үед завхарсан зан чанар нь аяндаа арилж, үнэний хэрэгжүүлэлт нь Бурханы шаардсан үр дүнд хүрдэг. Тэр нь жинхэнэ гэмшлээс үнэнийг эрэлхийлэх хүртэлх үйл явц юм. Урьд нь завхарсан зан чанар дотор амьдарч байсан нь Сатаны эрх мэдэл дор амьдарч байсан хэрэг бөгөөд бүх үйлдэл, зан авир нь Бурханд яллагдаж, жигшигдэж байсан; одоо үнэнийг хүлээн авч чаддаг болж, үнэхээр гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж чаддаг болж, Бурханы үгээр амьдарч байгаа нь мэдээж Бурханы сайшаалд нийцдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үргэлж өөрсдийгөө эргэцүүлэх ёстой. Тэд завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой, завхарсан мөн чанараа үнэхээр мэдэж авч, харамссан зүрх сэтгэлтэй болох ёстой; гэмшсэнийхээ дараа эхлээд бүх зүйлээс үнэнийг эрж хайж, үнэний зарчмын дагуу хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай болох ёстой. Үнэнийг эрэлхийлж, амийн оролтоо аажмаар гүнзгийрүүлснээр үүнд хүрч болно. Хэрвээ хүн өөрийгөө үнэхээр мэддэггүй бол Бурханы шүүлт, гэсгээлтэд захирагдаж, жинхэнээсээ гэмших боломжгүй. Хэрвээ хүн үнэхээр гэмшдэггүй бол сатанлаг зан чанараар үргэлжлүүлэн амьдарна. Хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч түүнд жинхэнэ өөрчлөлт гарахгүй. Зан авир нь бага зэрэг өөрчлөгдөнө; тэгээд л тэр. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнийг амиа болгон хүлээн авах боломжгүй учраас тэдний үйлдэл, зан авир завхарсан зан чанарын илчлэл хэвээр байж, эдгээр зүйл үнэнтэй нийцэлгүй, Бурханыг эсэргүүцдэг байх нь тодорхой. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үнэнийг амиа болгон хүлээн авч чадна, завхарсан зан чанараа хаяж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд үнэхээр дуулгавартай болж чадна. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдөд нь ойлгомжгүй зүйл тохиолдох үед үнэнийг эрж хайна. Тэд өөрсдийнхөө төлөө явуулга хийхээ больж, Бурхантай нийцэлтэй зүрх сэтгэлээр бүх ёрын муугаас зайлна. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханд улам дуулгавартай болж, Бурханаас эмээж, муугаас зайлж, улам л хүн шиг амьдардаг болж чадна. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс тэгж өөрчлөгдөх боломжгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс юуг эрэлхийлдэг вэ? Тэд нэр алдар, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлдэг; ерөөл, шагнал эрэлхийлдэг. Тэдний амбиц, хүсэл нь улам ихэсдэг, амьдрал нь зөв зорилгогүй байдаг. Тэд юу эрэлхийлэх дуртай нь хамаагүй, зорилгодоо хүрч чадахгүй бол бодлоо өөрчлөх нь бүү хэл, бууж өгөхгүй. Нөхцөл байдал нь бүрдэж, орчин нь тохиромжтой болмогц тэд мууг үйлдэж чадна, Бурханыг эсэргүүцэж, бие даасан хаанчлал байгуулахаар оролдож чадна. Учир нь тэд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүй, Бурханд дуулгавартай байдаггүй бөгөөд эцэст нь төрөл бүрийн мууг үйлдэж, Бурханаас урвасныхаа төлөө Бурханаар устгуулж л чадна. Үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн бол үнэнээс залхдаг хүмүүс бөгөөд үнэнээс залхдаг хүмүүс нь бүгд ёрын мууг хайрладаг хүмүүс юм. Сэтгэл, цус, ясандаа тэд нэр хүнд, ашиг хонжоо, байр суурь, эрх мэдлийг л хүндэлдэг; тэд сатанлаг зан чанараар амьдарч, зорилгодоо хүрэхийн тулд Тэнгэр, газар болон хүний эсрэг тэмцэхдээ баяртай байдаг. Тийм амьдрал жаргалтай гэж тэд боддог; тэд гоц гойд хүн шиг амьдарч, баатар хүн шиг үхэхийг хүсдэг. Мэдээж тэд сатаны сүйрлийн замаар алхаж байна. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үнэнийг ойлгох тусмаа Бурханыг улам хайрлаж, үнэн хэчнээн эрхэм нандин болохыг мэдэрдэг. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг дуртайяа хүлээн авдаг бөгөөд хэчнээн их бэрхшээл зовлон туулсан ч үнэнийг эрэлхийлж, олж авахаар шийдсэн байдаг. Энэ нь тэд авруулж, төгс болгуулах замд орсон, Бурхантай нийцэлтэй байж чадна гэсэн үг юм. Хамгийн чухал нь тэд Бурханд дуулгавартай байж чаддаг, бүтээгдсэн зүйлийн анхдагч байрандаа буцаж очсон, мөн Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй. Тэд Бурханы удирдлага, удирдамж, ерөөлийг зүй ёсоор хүртэж чадна, Бурхан тэднийг жигшиж, голохоо болино. Хэчнээн гайхалтай вэ! Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс завхарсан зан чанараасаа ангижирч чадахгүй тул зүрх сэтгэл нь Бурханаас улам холддог, мөн тэд үнэнээс залхаж, үнэнийг голдог. Үр дүнд нь тэд Бурхантай улам сөргөлддөг болж, Бурханыг эсэргүүцэх замд ордог. Тэд яг л Паул шиг Бурханаас шагналаа ил тод нэхдэг. Хэрвээ тэд шагнал авахгүй бол Бурхантай маргалдахаар оролдож, Бурханыг эсэргүүцнэ, эцэст нь антихристүүд болж, Сатаны үзэшгүй муухай төрхийг бүрэн харуулах бөгөөд үүний дараа Бурхан тэднийг харааж, устгана. Нөгөө талаар, үнэнийг эрэлхийлэх замаар алхдаг хүмүүс үнэнийг хүлээн авч, захирагдаж чаддаг. Тэд Сатаны завхарсан зан чанарыг хаяж чадна, мөн үүргээ сайн биелүүлж, Бурханы хайрыг хариулахын тулд бүхнийг орхиход бэлэн байж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болж чаддаг. Бурханд дуртайяа, туйлын дуулгавартай байдаг хүн бүтээгдсэн зүйлийн анхдагч байрандаа бүрэн эргэж ирсэн бөгөөд бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаг. Энэ нь тэд үндсэндээ хүний төрхтэй байдаг гэсэн үг юм. Жинхэнэ хүний төрх гэдэг нь юуг хэлдэг вэ? Хүн яг л Иов, Петр хоёр шиг Бүтээгчийг дуулгавартай дагаж, хүндэлнэ гэсэн үг. Тэд бол Бурханы үнэхээр ерөөдөг хүмүүс билээ.
Өнөөдөр бидний нөхөрлөсөн, үнэнийг эрэлхийлэх үндсэн алхмууд ийм л энгийн. Тэр алхмуудыг Надад давтаад хэл дээ. (Нэгдүгээрт, Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлэх; хоёрдугаарт, Бурханы үгийн илчилдэг баримтуудыг хүлээн зөвшөөрч, хүлээн авах; гуравдугаарт, завхарсан зан чанар, мөн чанараа мэдэж авч, өөрийнхөө завхарсан зан чанар болон Сатаныг үзэн ядаж эхлэх; дөрөвдүгээрт, гэмшлийг хэрэгжүүлж, бүх ёрын муу үйлээ орхих; тавдугаарт, үнэний зарчмыг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэх.) Ингээд таван алхам. Тэр алхам бүрийг хэрэгжүүлэх нь завхарсан зан чанар дунд амьдардаг хүмүүсийн хувьд маш хэцүү, тус бүрд нь олон саад тотгор, бэрхшээл байдаг бөгөөд хэрэгжүүлж, хүрэхийн тулд уйгагүй хичээл чармайлт гаргах шаардлагатай, мэдээж тэгэх явцдаа зарим нэг бүтэлгүйтэл, ухралт туулах нь гарцаагүй—гэхдээ Миний хэлэх зүйл бол энэ: Битгий шантар. Бусад хүн чамайг яллаж, “Чи дуусчээ”, “Чи ямар ч нэмэргүй юм”, “Чи ийм л хүн, үүнийг өөрчилж чадахгүй” гэж хэлсэн ч—тэдний үг хэчнээн онцгүй байсан ч чи тодорхой ялган таних ёстой. Битгий шантар, битгий бууж өг, учир нь зөвхөн үнэнийг эрэлхийлэх зам, зөвхөн эдгээр алхмын оролт, хэрэгжүүлэлт л чамд гай зовлонгоос зайлсхийх боломж олгоно. Ухаалаг хүмүүс бүх бэрхшээлээ хойш тавих сонголт хийнэ; тэд бүтэлгүйтэл, ухралтаас зайлсхийхгүй, хэчнээн хэцүү бэрх байсан ч үргэлжлүүлнэ. Чи гурав юм уу таван жил өөрийгөө шинжилж, мэдэх алхам дээр байсан ч гэсэн, эсвэл найм юм уу арван жилийн дараа ердөө ямар завхарсан зан чанартайгаа л мэдсэн ч үнэнийг ойлгож чадахгүй, завхарсан зан чанараа хаяж чадахгүй хэвээр байвал Би чамд адилхан л зүйл хэлнэ: Битгий зүрхшээ. Хэдий чи жинхэнэ эргэлтэд хараахан хүрч чадахгүй байгаа ч эхний гурван алхамд аль хэдийн орсон юм чинь үлдсэн хоёрт нь орж чадахгүй байх вий гэж юунд санаа зовно вэ? Битгий санаа зов; илүү шаргуу ажилла, арай илүү зүтгэ, чи тэнд хүрнэ. Бас дөрөв дэх алхам буюу гэмшилд хүрсэн ч үнэний зарчмыг эрж хайж дөнгөөгүй, энэ алхамд орж чадаагүй зарим хүн байж магад. Тэгвэл юу хийх ёстой вэ? Та нар ч бас шантрах ёсгүй. Хийх хүсэл зориг байгаа л бол бүх зүйл дээр үнэнийг эрж хайх эрэл хайгуулдаа тууштай байж, Бурханд илүү их залбирах ёстой—ингэх нь ихэвчлэн үр дүнд хүрдэг. Хэв чанар, нөхцөл байдалдаа тулгуурлан чадлынхаа хэрээр эрэлхийл, чадах зүйлдээ хүрэхийн тулд шаргуу ажилла. Чадах бүхнээ хийж байгаа цагт мөс чанар чинь цэвэр байж, чи илүү ихийг олж авч чадах нь лавтай. Дахиад нэг үнэнийг ойлгосон ч тэр нь сайн зүйл—амьдрал чинь арай илүү аз жаргалтай, арай илүү баяр хөөртэй болно. Товчхондоо үнэний эрэл хайгуул бол хий хоосон зүйл биш; алхам бүрд нь хэрэгжүүлэлтийн тодорхой зам байдаг бөгөөд бага зэрэг зовж, тодорхой төлөөс төлөхийг шаарддаг. Үнэн бол эрдэм шинжилгээний талбар, онол, уриа лоозон, эсвэл аргумент биш; хий хоосон биш. Хүмүүс үнэн бүрийг ойлгож, мэдэхээсээ өмнө хэдэн жил туулж, хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Гэхдээ ямар төлөөс төлсөн, эсвэл ямар хичээл чармайлт гаргасан чинь хамаагүй, арга зам, арга барил, зам, зүг чиг чинь зөв л бол эрт орой хэзээ нэгэн цагт арвин их ургац хурааж, үнэнийг олж авч, Бурханыг мэдэж, дуулгавартай дагаж чаддаг болох өдөр ирнэ—тэгээд чи туйлын сэтгэл хангалуун байх болно.
2022 оны 1 дүгээр сарын 8
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?