Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (2) (I хэсэг)

Сүүлчийн цуглаан дээр бид үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох талаар нөхөрлөсөн. Эхлээд дүгнэж үзье: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Энэ асуултын хариултыг мэдэх үү? Та нар түрүүчийн нөхөрлөлийн дараа үүнийг тунгаан бодсон уу? Тодорхой сэдвээр нөхөрлөж дууссаны дараа та нар тэдгээрийг тунгаан бодож, дараа нь бодит амьдралдаа бодитоор туулж, мэдрэх хэрэгтэй. Тэр үед л жинхэнэ мэдлэгтэй болж чадна; тэр үед л тунгаан бодож байсан тэр сэдвүүдээ үнэхээр ойлгож, ухаарч чадна; тэр үед л жинхэнэ туршлага, мэдлэгээ ярьж чадна. Тийм биз дээ? (Тийм.) Тэгвэл та нар тэр асуултыг тунгаан бодсон уу? Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Үнэний эрэл хайгуулд ямар элементүүд багтдаг вэ? Үүнд шаардлагатай гол зүйлс юу вэ? Та нар эдгээр зүйлийг нэгтгэн дүгнэсэн үү? (Өнгөрсөн удаа Бурхан үнэний эрэл хайгуулын талаарх хүний янз бүрийн эндүү ташаа санаа, үзэл бодол, хандлагын талаар эхлээд нөхөрлөсөн, дараа нь үнэнийг нөхөрлөх таван алхмыг дэлгэрэнгүй нөхөрлөсөн.) Бидний сүүлийн нөхөрлөл үндсэндээ хоёр үндсэн хэсэгтэй байсан: үнэний эрэл хайгуултай холбоотойгоор хүмүүст байдаг зарим сөрөг байдал юм уу эндүү ташаа үзэл бодол, үнэнийг эрэлхийлэх талаарх хүний буруу ойлголт, түүнчлэн үнэнийг эрэлхийлэхгүй байсныхаа төлөө хүмүүсийн хэлдэг шалтаг, шалтгаан нь эхний үндсэн хэсэг байсан. Хоёр дахь нь үнэнийг хэрхэн эрэлхийлэх тухай нөхөрлөл бөгөөд энэ нь таван алхмаас бүрддэг. Хэдийгээр ердөө хоёр хэсэг байсан ч бид тус бүрийнх нь доторх олон нарийн ширийн, дэлгэрэнгүй зүйлсийг хөндсөн. Би үнэний эрэл хайгуулын талаарх хүний зарим ташаа мэдлэг, ойлголтыг илчилсэн, бас үнэнийг эрэлхийлэхэд нь хүнд тулгардаг хэд хэдэн бэрхшээлийг болон үнэнээс залхсан хүмүүсийн үнэнийг эрэлхийлээгүйнхээ төлөө хэлдэг шалтаг, шалтгаан, арга саамыг илчилсэн. Үнэнийг эрэлхийлэх тухайд хүмүүсийн гаргадаг сөрөг, идэвхгүй хандлага болон танин мэдэхүй нь тэдний бодит амьдралдаа баримталдаг амьдралын хэв маяг, эрэл хайгуул, мөн түүнчлэн үнэнд хандах хандлагатай нийцдэг—тэдгээр нь бүгд хүмүүсийн тодорхой зан авир, тодорхой илрэлтэй холбоотой байдаг. Дараа нь хүний янз бүрийн зан авирт үндэслээд Би үнэнийг эрэлхийлэх замтай холбоотой хэд хэдэн тодорхой хэрэгжүүлэлтийн арга барил, алхмуудыг хэлж өгсөн. Бүгд тодорхой байна уу? (Тийм ээ.) Үнэхээр тийм гэж үү? Тэгвэл яагаад юм хэлэхгүй байгаа юм бэ? Энэ нь та нарт тодорхойгүй хэвээр байх шиг байна; бидэнд нөхөрлөх хэрэгтэй илүү олон зүйл бий.

Бурханд итгэх итгэлийн хамгийн агуу зүйл бол үнэний эрэл хайгуул юм. Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Үнэнийг эрэлхийлэх асуудлын тухайд гэвэл хүмүүсийн бүх илрэл нь тэдний олон зовлон, бэрхшээлийг илчилдэг бөгөөд хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй байх элдэв янзын шалтаг, шалтгаантай—саад бэрхшээл хэтэрхий их байдаг. Янз бүрийн бэрхшээлээс болоод үнэнийг эрэлхийлэх нь хүмүүст туйлын хэцүү, ичгүүртэй байдаг бөгөөд тэдэнд маш хэцүү санагддаг. Үнэндээ “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ?” хэмээх асуулт нь өөрөө хариулахад амархан асуулт байхад хүмүүс яагаад үнэнийг эрэлхийлж чаддаггүй юм бэ? Шалтгаан нь юу вэ? Хүн бүр өөрсдийгөө мөс чанартай, эрүүл ухаантай, Бурханд үнэхээр итгэдэг, үүргээ гүйцэтгэж чаддаг, зовж, төлөөс төлөхөд бэлэн гэж сайрхдаг. Ийм сайн зан авирыг сууриа болгочхоод тэд яахаараа үнэнийг эрэлхийлэх замд хөл тавьж чаддаггүй юм бэ? Тэд ийм сайхан хүн чанар, ёс жудагтай, сайн нэр хүндтэй; эрэл хайгуулдаа хүсэл зориг, эрмэлзэл, тэмүүлэлтэй; субьектив хүчин чармайлт, бэрхшээлийг туулах хүсэл, төлөөс төлөх хандлагатай; үнэнийг хүлээн авахыг хүсэн эрмэлзсэн идэвхтэй, эерэг, дээш тэмүүлсэн хандлагатай байдаг. Эдгээр зүйлийг сууриа болгочхоод тэд яагаад үнэнийг эрэлхийлэх шаардлагыг хангадаггүй юм бэ? Тэд яагаад үнэний эрэл хайгуулд хүрч чаддаггүй юм бэ? Асуудлын уг үндэс нь хаана байна вэ? (Хүн угаасаа үнэнийг хайрладаггүй, үнэнээс залхдаг.) Энэ бол зөв хариулт. Хамгийн гол шалтгаан нь хүмүүс завхарсан зан чанартай байдаг. Хүний завхарсан зан чанар Сатаных бөгөөд Сатаны юм болгон Бурхан болон үнэнд дайсагнадаг. Тиймээс хүмүүсээс үнэнийг эрэлхийл гэж шаардах нь төрөлх амь болон төрөлх шинж чанар, төрөлхийн эрэл хайгуул, амьдралыг үзэх үзэл бодлоо хая гэж шаардахтай адилхан. Эдгээр эндүү ташаа зүйлийг орхиж, махан биеийн дур сонирхлоо хаяж, үүний оронд Бурханы үг болон үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх нь тэдний махан биеийн дургүй зүйл, тэдэнд байдаггүй зүйл, тэдний зэвүүцэж, жигшиж, голдог зүйл юм—энэ нь тэдэнд хэцүү байдаг. Чамаас үнэнийг эрэлхийл гэж шаардах нь төрөлх амиа орхи гэж шаардахтай адилхан. Энэ нь чамаар амийг чинь золиослуулахтай адилхан биш гэж үү? (Тийм ээ.) Чи өөрийнхөө амийг зольж байгаа хэрэг. Хүмүүс аливаа зүйлийн төлөө дуртайяа амиа өгдөг үү? (Үгүй.) Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд “Би хүсэхгүй байна” гэж хэлдэг—зуун удаа, мянган удаа, арван мянган удаа “Би хүсэхгүй байна” гэдэг. Юу ч боллоо гэсэн өөрсдийнхөө төрөлхийн, сатанлаг зүйлсийг орхих нь хүмүүст хэцүү байдаг. Энэ бол баримт, та нарын гүн гүнзгий, үнэхээр туулсан баримт. Зүрх сэтгэлийнхээ гүнд хүмүүс махан биеийг хаяхыг хүсдэггүй; эсвэл Сатаны уг чанар, мөн чанартай өөрсдийнхөө амийг хаяхыг хүсдэггүй; эсвэл үнэнийг эрэлхийлэхийн тулд төрөлхийн, сатанлаг шинж чанар, сатанлаг уг чанараа хаяхыг хүсдэггүй. Тиймээс сатанлаг уг чанартай, сатанлаг зан чанараар амьдардаг хүмүүсийн хувьд үнэнийг хайрлаж, эрэлхийлэх нь өөсдийнх нь хүсэлд харшилдаг, тэд үүнийг хийх дургүй. Үүний уг үндэс юу вэ? Хүний доторх шинж чанар Сатаных бөгөөд тэд төрөлхөөсөө Бурханд дайсагнадаг. Тиймээс хүмүүс үнэнийг сонсож, ойлгосны дараа үнэнийг хайрладаг, үнэний төлөө чармайлт гаргаж, төлөөс төлөхөд бэлэн, ийм хүсэл зориг, эрмэлзэл, тэмүүлэлтэй хүмүүс л үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлж чаддаг. Зөвхөн тэд л үнэнээр амьдарч, үнэний бодит байдлыг амьдран харуулах чадвартай. Үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн олон хүн байдаг боловч сатанлаг уг чанар, зан чанар нь тэдэнд саад болдог; тэд хүссэн ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Үнэндээ бодит амьдрал дээр үнэнийг хэрэгжүүлэх нь хийхэд маш хэцүү зүйл юм. Энэ нь чамаас дуртай хувцас, үнэт эдлэл, таашаадаг зүйл, дуртай ажил, мэргэжил, эсвэл давуу тал, хобби гэх мэт зүйлсээ орхихыг шаардаж буй хэрэг юм. Чи эдгээрийн алийг ч хаях боломжтой; тэдгээрийг орхиход амархан. Гэхдээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахын тулд махан бие, сатанлаг зан чанараа хая гэвэл тэр нь хавьгүй илүү хэцүү байдаг. Бүдүүн тоймоор хэлэх юм бол энэ нь нугасыг өндөрт нисгэж, бухыг модонд авируулахаар албадахтай адилхан—эдгээр зүйл тэдний хувьд хэтэрхий хэцүү. Харин муурыг модонд авируулахад амархан; тэдний хувьд энэ нь байгалиас заяасан зүйл. Харин хүнд махны оронд хадлангийн өвс идүүлэх бараг боломжгүй. Хэрвээ чи нэг хүнээс бага зэрэг зовж, багахан төлөөс төлж, үлдсэн амьдралдаа даруухан амьдрахыг хүсвэл тэр нь хүсэл зоригтой хэн бүхний хийж чадах зүйл юм. Үнэндээ үнэхээр Бурханд итгэж, үнэнийг хүсэн эрмэлздэг хүнд ямар ч бодит бэрхшээл том асуудал учруулдаггүй. Жишээлбэл махан биеийн тав тухад шунахгүй байх; эсвэл өдөр бүр унтах нойроо багасгах; эсвэл арван жилийн турш хүнд хэцүү амьдралаар амьдрах; маш тааруухан хоол хүнс, хувцас хунар, орон байр, унаа хөсгөөр өөрийгөө болгох—ийм хүсэл зоригтой, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн, биеэ бага зэрэг барьж чаддаг хэн ч ийм бэрхшээл, төлөөсийг дааж чадна. Харин чи хэн нэгнээс махан бие болон Сатаныг хаяж, Бурханы шаардлагад бүрэн нийцүүлж, Бурханы үгэнд үндэслэн үйлдэж, үнэний дагуу хэрэгжүүлж, улмаар Бурханд дуулгавартай болохыг шаардах юм бол хэнд ч хэцүү санагдана. Хүний бэрхшээл энд оршдог. Тиймээс үнэнийг эрэлхийлэхдээ хүмүүс зүгээр л нэг шийдвэр гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх юм уу, эсвэл биеэ барьж, дүрэм журмыг дагаад, дараа нь үнэнийг хэрэгжүүлж, үнэнтэй болж чаддаг юм биш. Үнэнийг эрэлхийлэх нь завхарсан хүн төрөлхтний хувьд хийхэд хамгийн хэцүү, хамгийн хүнд бэрх зүйл юм. Энэ асуудлын уг үндэс хаанаас үүдэлтэй вэ? (Энэ нь Сатаны зан чанараас үүдэлтэй.) Тийм ээ. Сатаны зан чанар бол хүний хамгийн том асуудал юм. Хүн хэв чанар муутай, эсвэл ааш, зан муутай, яриад байх ямар ч давуу тал, ур чадвар, билиг авьяасгүй байж болно—эдгээр зүйлийн аль нь ч тэдэнд том асуудал болохгүй. Эцсийн эцэст хүний завхарсан зан чанараас асуудал үүсдэг. Завхарсан зан чанар нь хүмүүсийн гар хөл, оюун ухаан, үзэл санаа, бодол, сэтгэлгээний арга зам, сэтгэлийн гүнийг эрхшээлдээ байлгадаг болохоор үнэнийг эрэлхийлэх замаар ганц ямх алхахад ч хэцүү байдаг. Хүн юу ч олж авалгүйгээр Бурханд гурав юм уу таван жил итгэж болзошгүй; бүр арав, хорь, гучин жил Бурханд итгэсэн ч зарим хүн ердөө өчүүхэн бага юм олж авсан байдаг. Тэдний зарим нь юу ч олж аваагүй—гар хоосон тэр хүмүүс хэчнээн ядуу, өрөвдөлтэй гээч! Тэд гучин жил Бурханд итгэсэн ч ямар ч харуулах юмгүй ядуу зүдүү, харалган сохор хэвээр үлддэг. Тэд сөрөг байдалд автахдаа үүнээс хэрхэн гарахаа мэддэггүй; Бурханы талаарх буруу ойлголтод автах үедээ үүнээс хэрхэн ангижрахаа мэддэггүй; саад бэрхшээл тохиолдох үед үүнтэй хэрхэн нүүр тулахаа мэддэггүй, тийм бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхээ ч мэддэггүй. Субьектив сэтгэлийн тэнхээгээр өөрийгөө хязгаарлаж, эсвэл тэвчээртээ найдан эцэс төгсгөлгүй цөхрөлтгүй оролдох төдийхнөөр асуудлыг шийдвэрлэж чадах уу? Хүмүүс нөхцөл байдлыг даван туулах хүртлээ алхам алхмаар сажилж болох ч завхарсан зан чанар нь хэвээр үлддэг. Тэдгээр нь шийдвэрлэгдээгүй. Хүмүүс хэчнээн удаа сөрөг болж, Бурханыг буруу ойлгосон ч, эсвэл Бурханы талаар үзэл өвөрлөж, бүтэлгүйтэж, унаж, сул дорой болсон ч өнөөг хүртэл өчүүхэн жаахан ч туршлагын гэрчлэлээ ярьж чадаагүй, Бурханы үгийн талаарх мэдлэг, туршлага, дадлынхаа талаар ганц ч юм хэлж чадаагүй. Тэдний зүрх сэтгэл хоосон; сэтгэлийнх нь гүнд хоосон байдаг. Тэдэнд үнэний талаарх туршлагын ойлголт байдаггүй, Бурханы үгийн талаарх жинхэнэ мэдлэг байдаггүй, тэд Бурханы ажил болон Бурханы зан чанарыг бүр ч мэддэггүй. Тэд ядуу зүдүү, харалган сохор, өрөвдөлтэй биш үү? (Тийм.) Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч нэмэргүй. Тэгвэл яагаад хүн ийм байдалд хүрдэг вэ? Шалтгаан нь хаана оршиж байна вэ? Энд ч бас асуудал нь хүний завхарсан зан чанараас үүдэлтэй. Энэ бол обьектив шалтгаан юм.

Хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүйн обьектив шалтгаан юу болохыг бид аль хэдийн тодорхой болгосон. Одоо субьектив шалтгааны талаар бага зэрэг ярилцъя. Субьектив шалтгаан нь хэдийгээр хүмүүс завхарсан зан чанартай гэдгээ Бурханы ажил болон Бурханы бүх үгээс, эсвэл бодит амьдралаасаа олж мэдлээ ч өөрсдийгөө хэзээ ч Бурханы үг болон үнэнтэй харьцуулж үздэггүй, хэзээ ч завхарсан зан чанараа мэдэж авч, завхарсан зан чанараа хаядаггүй, Бурханы үгийн дагуу огт хэрэгжүүлдэггүй. Хэдийгээр хүмүүс Бурханд итгэх итгэлийн замдаа асар ихийг зориулж, зарлагадсан ч, маш шаргуу ажиллаж, асар их зовж, олон төлөөс төлсөн ч эдгээр нь бүгд ердөө гадна талын зан авир юм. Хүн үнэнийг эрэлхийлэх замд хөл тавьсан гэдгийг тэдгээр нь нотолдоггүй. Хамгийн их зовсон хүмүүс бол эхэн үед Бурханыг дагаж, хорь орчим настайдаа үүрэг гүйцэтгэж эхэлсэн хүмүүс билээ. Энэ хүмүүс одоо тавь орчим настай, гэрлээгүй хэвээр байгаа. Тэд залуу насаа Бурханд итгэх итгэлдээ зориулж, гэр бүл, гэрлэлтээ орхисон гэж хэлж болно. Энэ том төлөөс биш үү? (Мөн.) Тэд залуу насаа орхиж, бүх амьдралаа зориулсан, тэгээд үр дүн нь юу вэ? Тэд асар их төлөөс төлсөн ч эцэстээ тэдний олж авсан зүйл зарлагадсан зүйлтэй нь эн тэнцдэггүй, дүйцдэггүй. Энд ямар асуудал байна вэ? Тэдний төлөөс төлсөн хандлага, шийдэмгий байдал, зарлагадсан хугацаа, хэмжээ, түвшинд нь үндэслэвэл тэд үнэнийг ойлгож, хэрэгжүүлж чаддаг байх ёстой мэт санагдана. Тэд гэрчлэлтэй, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх ёстой; Бурханыг мэддэг байх ёстой; Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аль хэдийн алхаж байх ёстой; үнэний бодит байдалд аль хэдийн орсон байх ёстой гэж та нар бодно. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь ердөө л нэг оюун дүгнэлт—энэ хоёр зүйл зөвхөн логик харилцаатай бөгөөд бодит баримтуудтай юм уу энэ хүмүүсийн амьдран харуулдаг зүйлтэй нийцдэггүй. Энд ямар асуудал байна вэ? Бид үүнийг судалж, хэлэлцэх ёстой юу? Энэ нь гүн гүнзгий бодвол зохих асуудал биш гэж үү? (Мөн.) Хоёр гурван жилийн хугацаанд Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авсан хүмүүсийн дунд туршлага, гэрчлэлтэй хүмүүс цөөнгүй бий. Тэд Бурханы үг өөрсдийг нь яаж өөрчилж, үнэнч шударга хүмүүс болгосныг гэрчилдэг; үнэнийг эрэлхийлэх замд Бурханы үг өөрсдөд нь яаж үнэнийг ойлгуулсныг гэрчилдэг; Бурханы үг завхарсан зан чанар, биеэ тоосон зан, ов мэхтэй, тэрслүү байдал, байр суурийг гэх хүсэл эрмэлзэл, амбиц, хүсэл гэх мэтийг нь яаж шийдвэрлэснийг гэрчилдэг. Энэ хүмүүс Бурханд итгээд хоёр, гуравхан жил болсны дараа туршлага, гэрчлэлтэй болж чаддаг; Бурханы үгийг гүн гүнзгий туулж ойлгодог, Бурханы үгийн үнэнийг мэдэрч чаддаг. Тэгвэл зарим хүн Бурханд хорь гучин жил итгэж, маш олон төлөөс төлж, маш их зовж, маш их гүйсэн ч зүрх сэтгэлийнх нь гүн болон оюун санааны ертөнц нь яагаад хоосон, хөндий хэвээр үлддэг юм бэ? Ийм нөхцөл байдалд байгаа олон хүн үргэлж төөрөлддөг. Тэд үргэлж “Би бүр будилчихлаа” гэдэг. “Чи одоо Бурханд хорь гучин жил итгэсэн. Яахаараа будилсан хэвээрээ байдаг юм бэ? Юу ч олж аваагүй чинь илт байна” гэж Би хэлдэг. Өнөөг хүртэл зарим хүн сөрөг, сул дорой хэвээр байж, “Би Бурханд маш олон жил итгэсэн, би юу олж авсан юм бэ?” гэдэг. Ихэнхдээ тэд сөрөг, сул дорой байх үедээ, эсвэл байр суурь, ашиг хонжоогоо алдах үедээ, нэрэлхүү зан нь ханахгүй байх үедээ Бурханыг буруутгаж, ийм олон жил Бурханд итгэсэндээ харамсдаг. Тэд анх Бурханы үгэнд итгэсэндээ харамсдаг, Бурханыг дагахын тулд ажил, гэрлэлт, гэр бүлийнхэн, коллежид орох боломжоо шийдэмгийгээр орхисондоо харамсдаг. Зарим нь бүр чуулганыг орхих талаар боддог. Тэд одоогийн итгэлдээ маш их харамсдаг—тэд яагаад анхнаасаа Бурханд итгэсэн юм бэ? Тэд хорь гучин жил Бурханд итгэж, маш их үнэнийг сонсож, Бурханы ажлыг маш их туулсан хэр нь зүрх сэтгэлийнх нь гүнд хоосон байдаг бөгөөд үргэлж эмх замбараагүй, будилсан, харамссан, дургүйцсэн, бүр ирээдүй нь бүрхэг нөхцөл байдалд ордог—энэ юунаас болдог вэ? Ийм хүмүүсийг өрөвдөх нь зохистой юу? (Үгүй.) Би ийм хүмүүсийг харах бүрдээ, тэдний талаарх мэдээг сонсож, сүүлийн үеийн явдлуудынх нь талаар олж мэдэх бүрдээ тэдний талаар таамагладаг. Тэдний талаарх бодол Надад төрдөг. Тэдний нөхцөл байдал, дотоод ертөнц яахаараа Надад ийм танил санагддаг юм бэ? Тэд одоо ч Бурханы гэрт, үүргээ гүйцэтгэж байгаа—тэд юунд найддаг юм бэ? Нигүүлслээр аврагдах сэтгэлгээ юу? Бурханыг эцсээ хүртэл дагах юм бол энэ нь гарцаагүй авралд хөтөлнө гэсэн сэтгэлгээ юу? Эсвэл аз, завшаанд үндэслэсэн сэтгэлгээ юу? Аль нь ч биш. Тэгвэл юу юм бэ? Яг л Паулын хэлсэнчлэн “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7-8). Энэ эшлэлийг задлан шинжилж, энгийнээр хэлэх юм бол эдгээр үг наймааны шинжтэй, наймаа хийх гэсэн хандлага, санаа, төлөвлөгөө дотроо агуулдаг, мөн хүсэл болон амбицаас гаралтай. Эдгээр үгээс чи ямар баримтыг харж байна вэ? Хүмүүс Бурханд итгэхдээ юу эрэлхийлдэг вэ? (Титэм, ерөөл.) Тийм ээ. Тэд ерөөл, сайхан хүрэх газрыг эрэлхийлдэг. Тэрхүү сайхан хүрэх газар, ерөөлийн төлөө тэд юу наймаалах вэ? Тэд тэдгээрийг юугаар солих вэ? (Өөрсдийн шаргуу хөдөлмөр, золиослол, зарлагадалт, зовлон, төлсөн төлөөсийг.) Паулын үгийг ашиглах юм бол тэд өөрсдийн тэмцлээр тэмцсэн, явах замаа дуусгасан. Тэд хийх ёстой бүхнээ хийсэн, тиймээс хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн сайн хүрэх газар, ерөөлийг хүртэх ёстой гэж боддог. Бурхан үүнийг хийх учиртай—Бурхан хийх ёстой—хэрвээ тэгэхгүй бол Тэр Бурхан биш гэдэг нь ойлгомжтой гэж тэд боддог. Мэдээж энд Бурханд дуулгавартай байдал байхгүй, үнэнийг эрэлхийлэх хандлага байхгүй, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх хандлага, төлөвлөгөө байхгүй. Энэ нь ердөө л өөрсдийн хийж чадах цөөн хэдэн зүйлийг Бурханы хүн төрөлхтөнд амласан ерөөлөөр арилжих хүсэл юм. Тиймээс бидний ярьж байгаа хүмүүст дотоод ертөнц нь хоосорч, зүрх сэтгэлийнхээ гүнд ямар ч түшиг тулгуургүй байгаа мэт үргэлж санагддаг ч тэд үргэлж бахь байдгаараа үргэлжлүүлж, ингэж төлөөс төлж, зовж, цөхрөлтгүйгээр өөрсдийнхөө тэмцлээр тэмцэж, явах замаараа явдаг. Тэд юунд найддаг вэ? Тэд Паулын энэ эшлэлтэй зууралдаж, өөрсдийн “итгэлийн” тэр тулгуурт сохроор итгэдэг. Тэд шагнуулж, титэм зүүх гэсэн амбиц, хүсэлдээ найддаг. Наймаа арилжаа ашиглан агуу ерөөл хүртэх гэсэн мөрөөдөлдөө найддаг. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах явцдаа үнэнийг эрэлхийлснээр олж авсан Бурханы ажлын талаарх ойлголт юм уу туршлага, мэдлэгт найддаггүй. Тэдний найддаг зүйл энэ биш.

Дөнгөж сая нөхөрлөсөн зүйлээ харвал, үнэнийг эрэлхийлэх замд олон бодитой сорилт, түүнчлэн завхарсан зан чанарын дөнгө, хүлээс, асар олон бэрхшээл, саад тотгор байдаг хэдий ч хүн жинхэнэ итгэлтэй байх л юм бол Бурханы үгийн удирдамж болон Ариун Сүнсний ажилд найдсанаар үнэнийг эрэлхийлэх замд орох бүрэн боломжтой гэдэгт итгэх ёстой. Петр бол үүний урьдын үлгэр жишээ юм. Олон хүн Бурханд итгэхдээ гагцхүү Бурханы төлөө ажиллахад л анхаарч, зовж, төлөөс төлөх төдийдөө сэтгэл ханадаг ч үнэнийг огт эрж хайдаггүй. Үүний үр дүнд тэд Бурханд арав, хорь, гучин жил итгэсний дараа ч Бурханы ажлын талаар жинхэнэ мэдлэггүй байдаг, үнэн болон Бурханы үгийн талаарх ямар ч туршлага, мэдлэгийг ярьж чаддаггүй. Тэд цуглааны үеэр туршлагын гэрчлэлийнхээ талаар бага зэрэг ярихыг оролдовч хэлэх юм байдаггүй; тэд аврагдах эсэхээ огт мэддэггүй. Асуудал юунд байна вэ? Үнэнийг эрж хайдаггүй хүмүүс ийм байдаг. Хэдэн жил итгэгч байсан нь хамаагүй, тэд үнэнийг хэрэгжүүлэх нь байтугай, үнэнийг ойлгож чаддаггүй. Үнэнийг огт хүлээж авдаггүй хүн үнэний бодит байдалд яаж орж чадах юм бэ? Энэ асуудлыг нэвт харж чаддаггүй зарим хүн бий. Хоосон сургаалын үгийг тоть шиг давтдаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлбэл үнэний бодит байдалд орж чадна гэж тэд боддог. Энэ зөв үү? Хоосон сургаалын үг, хэллэгийг тоть шиг давтдаг хүмүүс угаас үнэнийг ойлгох чадваргүй юм чинь яаж үнэнийг хэрэгжүүлж чадах юм бэ? Тэдний хэрэгжүүлдэг зүйл үнэнийг зөрчдөггүй мэт, сайн үйл, сайхан зан авир мэт харагддаг ч тийм сайн үйл, сайхан зан авирыг яаж үнэний бодит байдал гэж нэрлэж болох юм бэ? Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үнэний бодит байдал гэж юу болохыг мэддэггүй; тэд хүмүүсийн сайн үйл, сайхан зан авирыг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үздэг. Энэ бол утгагүй хэрэг, тийм биз дээ? Энэ нь шашны хүмүүсийн бодол, үзэл санаанаас ямар ялгаатай юм бэ? Ийм эндүү ташаа ойлголтын асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Бусдыг хараад үнэн төрхийг нь ялган таньж чаддаг, үнэний бодит байдалтай эсэхийг нь хэлж чаддаг байхын тулд хүмүүс эхлээд Бурханы үгээс Бурханы хүслийг ойлгож, үнэнийг ойлгох гэж юу болохыг, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг мэдэх ёстой. Бурханы ажил, хүнийг аврах гэдэг нь хүмүүсийг үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлдэг болгох явдал юм; тэгсэн цагт л хүмүүс завхарсан зан чанараа хаяж, зарчмын дагуу үйлдэж, үнэний бодит байдалд орж чадна. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, үзэл, төсөөллийнхөө дагуу Бурханы төлөө зарлагадаж, зовж, төлөөс төлөх төдийд сэтгэл ханадаг бол хийж байгаа юм бүхэн чинь үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байгааг чинь илтгэх үү? Амь зан чанараа өөрчилсөн гэдгийг чинь энэ нь нотлох уу? Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг чинь төлөөлөх үү? Үгүй. Тэгвэл хийж байгаа юм бүхэн чинь юуг төлөөлдөг вэ? Зөвхөн хувийн дур сонирхол, ойлголт, хоосон мөрөөдлийг чинь л төлөөлж чадна. Энэ нь гагцхүү чиний хийх дуртай зүйл, хийхийг хүсдэг зүйл байх болно; хийж байгаа юм бүхэн чинь өөрийн дур хүсэл, хүсэл эрмэлзэл, туйлын зорилгоо хангаж байгаа төдий. Мэдээж энэ нь үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш. Чиний нэг ч үйлдэл, зан авир үнэнтэй хамаагүй, Бурханы шаардлагатай хамаагүй байдаг. Үйлдэл, зан авир чинь бүгд өөрийнхөө төлөө байдаг; чи туйлын зорилго, нэр хүнд, байр суурийнхаа төлөө л ажиллаж, тэмцэж, гүйж байгаа—ингэх нь шагнуулж, титэм зүүж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд л насан туршдаа шаргуу ажиллаж, хөдөлмөрлөсөн Паулаас ямар ч ялгаагүй—эндээс харахад Паулын замаар алхаж байгаа чинь тодорхой. “Би сайн дураараа хөдөлмөрлөж, ажилладаг. Бурхантай наймаа хийхээр оролдоогүй” гэж зарим хүн хэлдэг. Чи Бурхантай наймаа хийхээр оролдсон эсэх, оюун ухаан юм уу хандлагад чинь Бурхантай наймаацах гэсэн тодорхой санаа зорилго байгаа эсэх—чамд тийм төлөвлөгөө, зорилго байгаа эсэх нь ямар ч хамаагүй—чи шаргуу ажил, хөдөлмөр, бэрхшээл, төлсөн төлөөсөө тэнгэрийн хаанчлалын шагнал, титмээр солихыг оролдож байгаа. Энэ асуудлын мөн чанар гэвэл Бурхантай наймаа хийхээр оролдож байна—зүгээр л чи тэгж байгаагаа мэдэхгүй байгаа юм. Ямартай ч хүн ерөөл хүртэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлж байгаа л бол эрэл хайгуулынх нь мөн чанар Паулынхтай адилхан. Юугаараа адилхан бэ? Аль аль нь сайн зан авираа буюу өөрсдийн хөдөлмөр, туулсан бэрхшээл, төлсөн төлөөс гэх мэтийг Бурханы ерөөлөөр, хүн төрөлхтөнд Бурханы амласан ерөөлөөр наймаацахыг оролддог. Эдгээр зүйл мөн чанартаа адилхан биш үү? (Адилхан.) Тэдгээр нь мөн чанартаа адилхан; ямар ч бодитой ялгаа байхгүй. Хэрвээ чи Паулын замаар алхахыг хүсэхгүй, харин Петрийн замаар алхахыг хүсэж, Бурханы сайшаалыг хүртэхийг хүсэж байгаа бол хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чи ямар ч эргэлзээгүйгээр үнэнийг эрэлхийлж сурах ёстой. Чи үнэнийг болон Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн авч чаддаг байх ёстой; өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөхөд анхаарч, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэхээр эрэлхийлэх ёстой. Үнэнийг эрэлхийлэх замаар алхаж, Петрийн замд орох гэдэг нь энэ юм. Петрийн замаар алхахын тулд чи Бурхан хүнээс юу шаарддагийг, Бурхан хүнд ямар зам зааж өгснийг эхлээд ойлгох ёстой. Чи авралд хөтөлдөг Бурханд итгэх итгэлийн замыг сүйрэл, мөхөлд хөтөлдөг замаас ялган таньж чаддаг байх ёстой. Яагаад Паулын замаар алхаж чаддагаа үнэхээр эргэцүүлж, яг ямар зан чанар чамайг удирдан тэр замаар алхуулсныг магадлах хэрэгтэй. Завхарсан зан чанарт чинь байгаа биеэ тоосон зан, ов мэхтэй байдал, эсвэл ёрын муу гэх мэт хамгийн тодорхой, илэрхий зүйлсийг ялган таних ёстой. Эдгээр завхарсан зан чанараас эхлээд өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилж, мэдэж ав. Хэрвээ чи өөрийгөө үнэхээр мэдэж авч, үзэн ядаж чадах юм бол завхарсан зан чанараас ангижрахад амархан байх бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхэд амархан байх болно. Тэгвэл үүнийг яаж онцгойлон хэрэгжүүлэх вэ? Биеэ тоосон зан чанарыг жишээ болгоод энэ талаар нөхөрлөе. Өдөр тутмын амьдралдаа чи юм ярих, биеэ авч явах, асуудлыг зохицуулах, үүргээ гүйцэтгэх, бусадтай нөхөрлөх гэх мэтийг хийхдээ ямар ч асуудалтай байсан, хаана ч байсан, орчин нөхцөл ямар ч байсан, ямархуу биеэ тоосон зан чанар гаргаж байгаагаа шалгахад цаг ямагт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Биеэ тоосон зан чанараас чинь гардаг, өөрийнхөө мэддэг, ухамсарлаж чадах бүх илрэл, бодол, санааг болон өөрийнхөө санаархал, зорилгыг—ялангуяа өндрөөс бусдад сургамжлахыг үргэлж хүсдэг; хэнд ч дуулгавартай ханддаггүй; өөрийгөө бусдаас илүү дээр гэж хардаг; бусдын хэлсэн зүйл хэчнээн зөв байсан ч хүлээн авдаггүй; буруу байсан ч гэсэн өөрийнхөө хэлснийг бусдаар хүлээн зөвшөөрүүлж, бусдыг үгэндээ оруулдаг; бусдыг удирдах байнгын чиг хандлагатай; удирдагч, ажилчид засаж, харьцах үед үгэнд нь орохгүй, өөрийгөө зөвтгөж, тэднийг хуурамч гэж ялладаг; үргэлж бусдыг яллаж, өөрийгөө өргөмжилдөг; өөрийгөө бусад бүх хүнээс илүү гэж үргэлж боддог; алдар цуутай, нэрд гарсан хүн байхыг үргэлж хүсдэг; бусдад өндрөөр үнэлэгдэж, бусдаар бишрүүлэхийн тулд үргэлж онгирох дуртай зангаа чи ухаж төнхөх ёстой… Завхралын эдгээр илчлэлийг эргэцүүлж, задлан шинжилснээр чи биеэ тоосон зан чанар чинь хэчнээн муухай болохыг мэдэж авч, өөрийгөө жигшиж, зэвүүцэж, биеэ тоосон зан чанараа бүр ч их үзэн ядаж чадна. Тийнхүү чи бүх хэрэг явдал дээр биеэ тоосон зан чанар гаргасан эсэхээ эргэцүүлэхэд бэлэн байх болно. Нэг талаар энэ нь үг яриандаа ямар биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн зан чанар гаргаснаа—ямар бардам, биеэ тоосон, ухаангүй зүйл хэлснээ эргэцүүлэх явдал. Нөгөө талаар энэ нь өөрийнхөө үзэл, төсөөлөл, амбиц, хүслийн дагуу үйлдэх зуураа ямар утгагүй, ухаангүй зүйл хийснээ эргэцүүлэх явдал. Ийм маягаар эргэцүүлснээр л өөрийгөө мэддэг болж чадна. Чи өөрийгөө үнэхээр мэддэг болмогцоо үнэнч шударга хүн байх хэрэгжүүлэлтийн зам болон зарчмыг Бурханы үгээс эрж хайх ёстой, дараа нь Бурханы үгэнд заасан зам болон зарчмуудын дагуу хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэж, бусдад хандаж, бусадтай харилцах ёстой. Хэсэг хугацаанд, магадгүй нэг хоёр сар ийм маягаар хэрэгжүүлэх үедээ чи зүрх сэтгэл чинь цэлмэхийг мэдрэх бөгөөд үүнээс ямар нэг зүйлийг олж авч, амжилтын амтыг амталсан байх болно. Чамд үнэнч шударга, эрүүл ухаантай хүн болох зам байгааг чи мэдэрч, хавьгүй илүү ул суурьтай санагдана. Чи үнэний талаарх тун гүн гүнзгий мэдлэгийг хараахан ярьж чадахгүй байх хэдий ч энэ талаар бага зэрэг ухамсрын мэдлэгтэй, мөн хэрэгжүүлэлтийн замтай болсон байх болно. Чи үүнийг үгээр тодорхой илэрхийлж чадахгүй ч биеэ тоосон зан чанар хүмүүст ямар хохирол учруулж, хүн чанарыг нь яаж гажуудуулдгийг ялган таньдаг болсон байх болно. Жишээлбэл биеэ тоосон, ихэрхүү хүмүүс үргэлж онгироо, цадиггүй зүйл хэлж, бусдыг хуурахын тулд худал ярьдаг; тэд сүртэй сонсогдох үг хэлж, уриа лоозон хашхирч, ихэрхүү юм ярьдаг. Эдгээр нь биеэ тоосон зан чанарын янз бүрийн илрэл биш үү? Ийм биеэ тоосон зан чанар гаргах нь нэлээд эрүүл ухаангүй хэрэг биш үү? Ийм биеэ тоосон зан чанар гаргаж байгаа юм чинь хэвийн хүний эрүүл ухаанаа алдсан байж таарна, биеэ тоосон зан чанартай амьдарна гэдэг нь хүн чанарын оронд чөтгөрлөг байдлыг амьдран харуулж байгаа гэсэн үг гэдгийг үнэхээр ойлгож чадвал чи завхарсан зан чанар нь сатанлаг зан чанар гэдгийг үнэхээр танин мэдсэн байх бөгөөд Сатан болон завхарсан зан чанарыг чин сэтгэлээсээ үзэн ядаж чадна. Хагас жил юм уу нэг жилийн тийм туршлагатай бол чи өөрийгөө үнэхээр мэдэж чадах бөгөөд дахиад биеэ тоосон зан чанар гаргавал үүнийгээ нэн даруй ухамсарлаж, хаяж, орхиж чадна. Чи өөрчлөгдөж эхэлсэн байх болно, биеэ тоосон зан чанараа аажмаар хаяж, бусадтай хэвийн харилцаж чадна. Чин сэтгэлээсээ үнэнч шударгаар ярьж чадна; худлаа ярьж, биеэ тоосон зүйл хэлэхээ болино. Тэгвэл чи бага зэрэг эрүүл ухаантай, үнэнч шударга хүний төрхтэй болох биш үү? Чи тэр оролтыг олж авсан байх бус уу? Энэ үеэс чи ямар нэг зүйлийг олж авч эхэлнэ. Ийм маягаар үнэнч шударга байдлыг хэрэгжүүлэх үедээ чи ямар ч биеэ тоосон зан чанар гаргасан бай үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж чадах бөгөөд хэсэг хугацаанд ийм маягаар үнэнч шударга хүн байж дадсаны дараа үнэнч шударга хүн байх тухай үнэнийг болон Бурханы үгийн холбогдох үгийг өөрийн мэдэлгүй, аажмаар ойлгож авна. Тэгээд тэдгээр үнэнийг ашиглан биеэ тоосон зан чанараа задлан шинжлэх үед зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгийн гэгээрэл, гэрэлтүүлэлттэй болж, зүрх сэтгэл чинь цэлмэж эхэлнэ. Биеэ тоосон зан чанараас үүдэлтэйгээр хүмүүст бий болдог завхрал, хүмүүсийн амьдран харуулдаг муу муухай байдлыг чи тодорхой харж, биеэ тоосон зан чанар гаргах үедээ хүмүүсийн мэдэрдэг завхарсан байдал болгоныг ялган таньж чаддаг болно. Илүү нарийн шинжлээд чи Сатаны муу муухай байдлыг улам тодорхой харж, Сатаныг бүр ч их үзэн ядна. Тийнхүү биеэ тоосон зан чанараасаа ангижрахад илүү амархан байх болно. Мэдлэг чинь ийм хэмжээнд хүрэхэд Бурханы үгийн холбогдох үг болон үнэн чамд илт ойлгомжтой болж, хүнээс Бурханы шаарддаг бүхэн нь хэвийн хүний эзэмшиж, амьдран харуулах ёстой зүйл гэдгийг чи мэднэ. Тэгснээр үнэнийг хэрэгжүүлэх нь хэцүү санагдахаа болино. Харин ч чи үнэнийг хэрэгжүүлэх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгдсөн зүйл, хүн ингэж амьдрах ёстой гэж бодно. Энэ үед Бурханы үг болон үнэний хэрэгжүүлэлт чинь тэр чигтээ аяндаа хийгддэг, эерэг, идэвх санаачилгатай байхын зэрэгцээ чи үнэнийг бүр ч их хайрлана. Чиний зүрх сэтгэл дэх эерэг зүйлийн хэмжээ нэмэгдэж, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг аажмаар тэнд бий болно. Үнэнийг жинхэнээсээ ойлгох гэдэг нь энэ юм. Чи бүх хэрэг явдал дээр зөв үзэл бодол, харах өнцөгтэй байна, энэхүү жинхэнэ мэдлэг, энэ зөв үзэл бодол аажмаар зүрх сэтгэлд чинь үндэслэнэ. Үнэний бодит байдалд орсон гэдэг нь энэ юм—үүнийг хэн ч чамаас салгаж, булааж авч чадахгүй. Эдгээр эерэг зүйлийг бага багаар хуримтлуулсны дараа зүрх сэтгэлийн чинь гүнд асар баялаг санагдана. Бурханд итгээд ямар ч утгагүй гэж санагдахаа болиод, зүрх сэтгэл дэх хоосон мэдрэмж чинь үгүй болно. Үнэнийг ойлгох нь хэчнээн гайхалтайг мэдэрч, хүний амьдралын гэрлийг харах үед чамд жинхэнэ итгэл төрнө. Бурханы ажлыг туулах итгэлтэй байж, үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх нь хэчнээн жинхэнэ, бодитой болохыг харах үедээ чи Бурханы үгийг эергээр, идэвх санаачилгатайгаар хэрэгжүүлж, туулна. Чи өөрийнхөө жинхэнэ туршлага, мэдлэгийн талаар нөхөрлөж, улмаар Бурханыг гэрчилж, Бурханы үгийн хүч чадал болон хүнд үнэний өгдөг ашиг тусыг мэдэхэд нь илүү олон хүнд тусална. Чи үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэх илүү их итгэлтэй болно, тэгснээрээ Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж байх болно. Бодит туршлагын гэрчлэлийнхээ талаар ярих үед зүрх сэтгэл чинь улам гэрэлтэнэ. Чамд үнэнийг хэрэгжүүлэх зам илүү их байгааг мэдрэхийн зэрэгцээ маш олон дутагдалтайгаа, чиний хэрэгжүүлэх ёстой маш олон үнэн байгааг харна. Тийм туршлагын гэрчлэл нь бусдад ашиг тустай байж, бусдыг босгон байгуулдгаар үл барам, чамд ч бас үнэний эрэл хайгуулаасаа ямар нэг зүйл олж авч, Бурханы ерөөлийг үнэхээр хүртсэн мэт санагдана. Хүн Бурханыг гэрчилж чаддаг болох хүртлээ ийм маягаар Бурханы ажлыг туулах үед энэ нь илүү олон хүнийг завхарсан зан чанараа мэдэж, тэдгээр зан чанарын хүлээс, дөнгө, зовлон шаналлаас ангижирч, Сатаны хүчнээс гарах боломжтой болоход хөтөлдөг төдийгүй, мөн тухайн хүнд үнэнийг эрэлхийлж, төгс болгуулах замаар алхах улам их итгэлийг өгдөг. Ийм туршлага нь жинхэнэ гэрчлэл болдог биш үү? Жинхэнэ гэрчлэл гэдэг нь энэ юм. Бурханы төлөө ийм гэрчлэл хийж чаддаг хүнд Бурханд итгэх нь уйтгартай, утгагүй, хий хоосон санагдах уу? Яавч үгүй. Хүн Бурханыг гэрчилж чаддаг, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байвал зүрх сэтгэлийнхээ гүнд амар амгалан, баяр хөөрөөр дүүрч, тэдэнд элбэг дүүрэн, асар тайван санагдана. Хүн ийм нөхцөл байдал, ийм хүрээнд амьдрах үедээ зовж, төлөөс төлж, биеэ барихын тулд өөрийгөө албадахгүй нь мэдээж. Тэд ердөө биеэ сахилгажуулж, махан биеийг хаяхын тулд өөрсдийгөө албадахгүй. Үүнээс ч илүүтэйгээр тэд завхарсан зан чанараа эергээр мэдэж авдаг. Тэд бас Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох тухай мэдлэгийг эрэлхийлж, Бурханыг дуулгавартай дагах, сэтгэл хангалуун байлгахын тулд юу хийх ёстойг ойлгоно. Улмаар тэд өөрсдийнхөө доторх агшин зуурын мэдрэмжид автахын оронд Бурханы үгээс Бурханы хүслийг ухаарч, үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг олно. Жишээлбэл ямар нэг зүйл тохиолдоход биеэ барьж чадахгүй байх, уурлаж уцаарлах, муухай аашлах, тэр өдөртөө дахиад уурлах, тэр өдөртөө тааруухан юм хийх юм уу дахиад онцгүй зүйл хийх гэх мэт тиймэрхүү шалихгүй зүйл. Эдгээр зүйл үнэнийг хэрэгжүүлэхэд чинь саад болохгүй байгаа л бол үүнд санаа зовох шаардлагагүй. Чи завхарсан зан чанараа шийдвэрлэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах, Бурханы хүсэлтэй нийцдэг байдлаар хэрэгжүүлэхээр эрж хайхад төвлөрөх ёстой. Үнэнийг ингэж хэрэгжүүл, тэгвэл амийн чинь өсөлт хурдсаж, чи үнэнийг эрэлхийлж, төгс болгуулах замд орно. Зүрх сэтгэл чинь хоосон байхаа болино; чи Бурханд үнэнчээр итгэж, Бурханы үг болон үнэнийг улам их сонирхож, бүр ч их нандигнана. Чи Бурханы хүсэл болон шаардлагыг улам их ойлгож авна. Хүн ийм түвшинд хүрэх үедээ Бурханы үг болон үнэний бодит байдалд бүрэн орсон байдаг.

Одоо олон хүний хэрэгжүүлж, орж байгаа зүйл бол үнэний бодит байдал биш, харин тэд гаднаа сайн зан авир харуулдаг нэг төрлийн нөхцөл байдалд ордог бөгөөд тэд төлөөс төлөх хүсэлтэй, зовоход бэлэн, бүх юмаа зарлагадахад бэлэн байдаг. Гэхдээ тэдний зүрх сэтгэлийн гүнд хоосон хэвээр үлддэг бөгөөд дотоод ертөнцөд нь тэднийг дэмжих зүйл юу ч байдаггүй. Яагаад тэдэнд ямар ч дэмжлэг байдаггүй вэ? Учир нь өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед тэдэнд зам байдаггүй; тэд хүсэл эрмэлзэлд найддаг, үнэнийг хэрэгжүүлэх зарчимгүй байдаг. Завхарсан зан чанараа гаргах үедээ тэд биеэ барьж л чадна, харин үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадахгүй. Аз болоход хүмүүсийн тэр хуучин махан биед төрөлхийн нэг чадвар байдаг: Энэ нь зовж чадна. Шүтлэггүй хүмүүсийн дунд “Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг” гэх үг байдаг. Хүний махан бие байгалиас заяасан, төрөлхийн чадвартай: Энэ нь дэндүү их ерөөлийг эдэлж чаддаггүй, харин ямар ч зовлонг туулж, тэсвэрлэж, өөрийгөө хязгаарлаж чаддаг. Энэ нь сайн зүйл мөн үү? Энэ нь давуу тал уу, эсвэл сул тал, дутагдал уу? Тэдний энэ үг үнэн үү? (Үгүй.) Энэ нь үнэн биш, хэрвээ ямар нэг зүйл үнэн биш бол тэр нь утгагүй үг юм. Энэ үг бол зүгээр л хоосон үг, чиний ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй, бодитой бэрхшээлийг чинь ч шийдвэрлэж чадахгүй. Нарийн яривал энэ нь завхарсан зан чанарыг чинь шийдвэрлэж чадахгүй. Тиймээс ингэж хэлэх нь дэмий. Чи энэ талаар жаахан мэдлэгтэй, үүнийг мэддэг, гүн гүнзгий туулсан байлаа ч гэсэн мөн л нэмэргүй. Шүтлэггүй хүмүүс “Би үхлээс айдаггүй юм чинь амьдрахаас яалаа гэж айх билээ?”, “Аль хэдийн өвөл болчихсон байхад хавар болтол удна гэж үү?” гэх мэтийн зүйл хэлдэг. Эдгээр нь нэлээд сүрхий үг биш үү? Нэлээд оргилуун, гүн ухааны шинжтэй, тийм биз дээ? Шүтлэггүй хүмүүс эдгээр үгийг “сэтгэл сэргээх үгс” гэж нэрлэдэг. Та нар иймэрхүү үгэнд дуртай юу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Зарим хүн “Бид зүгээр л дургүй. Энэ бол шүтлэггүй хүмүүсийн хэлдэг зүйл; бид Бурханы үгэнд дуртай” гэж хэлж магадгүй. Тэгвэл Бурханы үгийн аль хэсэгт чи дуртай вэ? Ямар хэллэгийг чи үнэн гэж үздэг вэ? Ямар хэллэгийг чи туулж, хэрэгжүүлж, орж, олж авсан бэ? Шүтлэггүй хүмүүсийн эдгээр үгэнд дургүйцлээ гээд ямар ч нэмэргүй; чи дургүй байж болох ч тэдгээрийн мөн чанарыг тодорхой ялган салгаж чадахгүй. Эдгээр үг зөв үү? (Үгүй.) Зөв ч бай, үгүй ч бай шүтлэггүй хүмүүсийн үг үнэнтэй ямар ч хамаагүй. Хүмүүс тэдгээрийг сайн, зөв гэж үзлээ ч гэсэн, үнэнтэй нийцдэггүй, үнэний түвшинд очиж чадахгүй. Тэдгээр нь бүгд үнэнийг зөрчдөг, үнэнд дайсагнадаг. Шүтлэггүй хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй учраас зөв, буруугийн талаар тэдэнтэй маргах шаардлагагүй. Бид тэдний үгийг будилуу утгагүй зүйл гэж үзээд, зүгээр орхиход л болно. “Утгагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүмүүст, хүмүүсийн амьдрал, алхаж буй зам, хүмүүсийн авралд огт сургамжгүй, үнэ цэнгүй үг гэсэн үг юм. Тийм бүх яриа утгагүй; үүнийг бас хоосон үг гэж нэрлэж болно. Энэ нь хүний амьдрал үхэлтэй, эсвэл алхаж буй замтай ямар ч хамаагүй бөгөөд ямар ч эерэг чиг үүрэг гүйцэтгэдэггүй утгагүй үг юм. Хүмүүс ийм үг сонсоод, урьдын адилаар ердийнхөөрөө амьдардаг; тийм үг үнэн биш учраас ямар ч баримтыг өөрчлөхгүй. Үнэн ганцаараа хүнийг босгон байгуулдаг; энэ нь хэмжээлшгүй үнэ цэнтэй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь үнэн хүмүүсийн хувь заяа, бодол санаа, үзэл бодол, дотоод ертөнцийг өөрчилж чадна. Хамгийн чухал нь үнэн хүний завхарсан зан чанарыг арилгаж чадна; энэ нь хүний шинж чанарыг өөрчилж, сатанлаг шинжийг нь үнэний шинж болгон хувиргаж чадна—энэ нь завхарсан зан чанараараа амьдардаг хүнийг үнэн болон Бурханы үгээр амьдардаг нэгэн болгож чадна. Хүн Бурханы үгийг үндсээ болгоод үнэний бодит байдлыг амьдран харуулах үед амь нь өөрчлөгддөг бус уу? Хүний амь өөрчлөгдөнө гэдэг нь бодол санаа, үзэл бодол нь өөрчлөгдсөн гэсэн үг; хүмүүс, зүйлсийн талаарх тэдний харах өнцөг, хандлага, үзэл бодол өөрчлөгдсөн гэсэн үг; үйл явдал, зүйлсийн талаарх тэдний байр суурь, үзэл бодол урьдынхаасаа өөр болсон гэсэн үг. Шүтлэггүй хүмүүсийн эдгээр үг бүгд хоосон үг, утгагүй яриа юм. Тэдгээр нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Дөнгөж сая Миний хэлсэн “Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг” гэх үг утгагүй яриа, хоосон үг биш үү? (Мөн.) Чи зовж чадна—тэгээд юу гэж? Чи үнэнийг олж авахын тулд зовдоггүй; нэр хүнд, байр суурь эдлэхийн тулд зовдог. Чиний зовлон ямар ч үнэ цэн, ач холбогдолгүй. Бодит баримтуудыг хар: Чи маш их зовж, асар их төлөөс төлсөн хэр нь өөрийгөө мөн л мэддэггүй, завхарсан зан чанараас чинь үүдэн гардаг бодол, санааг ухамсарлаж ч чаддаггүй, шийдвэрлэж ч чаддаггүй. Тэгээд чи өөрийгөө амь руу орж чадна гэж бодож байна уу? Зовлон чинь үнэ цэнтэй юу? Ямар ч үнэ цэнгүй. Зарим хүний зовлон үнэ цэнтэй. Жишээлбэл, үнэнийг олж авахын тулд хүмүүсийн туулдаг зовлон үнэ цэнтэй: Хүн үнэнийг олж авах үедээ бусдыг босгон байгуулж, хангаж чадна. Олон хүн сайн мэдээг түгээж, чуулган болон Бурханы гэрийн ажлыг өргөжүүлэхэд тусалж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхийн тулд зовж, төлөөс төлдөг. Үнэнийг олж авч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд зовж, төлөөс төлдөг хэн боловч үүнээс ямар нэг зүйл олж авна гэдгийг бид үүнээс харж болно. Энэ хүмүүс Бурханы сайшаалд нийцнэ. Гэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй зарим хүн байдаг бөгөөд хэдий тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, зовж шаналж, Бурханы сайхан сэтгэлийг хүлээн авч болох ч тэрхүү сайхан сэтгэл нь Бурханы өрөвдөх сэтгэл, хүлээцтэй байдал, хүнд үзүүлдэг тааллынх нь тусгал, мөн хүнд үзүүлдэг Бурханы нигүүлслээс цаашгүй. Ямархуу нигүүлсэл вэ? Хэдхэн материаллаг ерөөлөөс цаашгүй. Энэ чиний хүсдэг зүйл мөн үү? Бурханд итгэх эцсийн зорилго чинь мөн үү? Би үгүй гэж бодож байна. Бурханд итгэдэг болсон өдрөөсөө хойш чи Бурханы сайхан сэтгэл, хамгаалалт, Бурханы хайрладаг хэдхэн материаллаг ерөөлийг л хүссэн үү? Тэдгээр нь чиний хүсдэг зүйл мөн үү? Бурханд итгэхдээ эрэлхийлдэг зүйл чинь мөн үү? (Үгүй.) Эдгээр зүйл авралын чинь асуудлыг шийдвэрлэж чадах уу? (Үгүй.) Та нар нэлээд тодорхой бодож байх шиг байна. Юу эгзэгтэй, юу чухал болохыг ойлгоод, будилахгүй байна. Юу хүнд, юу хөнгөнийг мэдэж байна. Гэхдээ үнэнийг эрэлхийлэх замд орж чадах эсэхийг чинь харах л үлдлээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих