Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (2) (II хэсэг)

Бурханд итгэх нь нигүүлсэл юм уу Бурханы хүлээцтэй байдал, өрөвдөх сэтгэлийг олж авахын төлөө биш. Тэгвэл энэ нь юуны төлөө байдаг вэ? Аврагдахын төлөө байдаг. Тэгвэл авралын тэмдэг юу вэ? Бурханы шаарддаг стандарт юу вэ? Аврагдахад юу хэрэгтэй вэ? Завхарсан зан чанараа шийдвэрлэх. Энэ бол асуудлын гол цөм юм. Тиймээс эцсийн эцэст, энэ бүхнийг харгалзан үзвэл чи хэчнээн их зовж, хэчнээн том төлөөс төлсөн ч бай, эсвэл өөрийгөө жинхэнэ итгэгч гэж хэчнээн их хэлсэн ч бай—эцэстээ завхарсан зан чанар чинь огт шийдвэрлэгдээгүй бол үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэсэн үг. Эсвэл чи үнэнийг эрэлхийлдэггүй учраас завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй гэж хэлж болно. Энэ нь чи авралын замд огт ороогүй гэсэн үг; хүнийг аврахын тулд Бурханы хэлдэг бүхэн, Бурханы хийдэг бүх ажил чиний дотор юунд ч хүрээгүй, чамаас ямар ч гэрчлэл гаргаагүй, чиний дотор ямар ч үр дүн авчраагүй гэсэн үг юм. “Чи зовж, төлөөс төлсөн учраас Би энэ амьдралд, энэ ертөнцөд чиний хүртэх ёстой нигүүлсэл, ерөөл, халамж, хамгаалалтыг чамд өгсөн. Гэвч аврагдсаныхаа дараа хүний хүртэх ёстой зүйл чамд хамаагүй. Яагаад тэр вэ? Учир нь Би энэ амьдралд, энэ ертөнцөд чиний хүртэх ёстой зүйлийг аль хэдийн чамд хайрласан; авралын дараа хүний хүртэх ёстой зүйлийн тухайд гэвэл чамд юу ч оногдохгүй, учир нь чи үнэнийг эрэлхийлэх замд ороогүй” гэж Бурхан хэлнэ. Чи аврагдах хүмүүсийн дунд байхгүй, жинхэнэ бүтээл болоогүй, Бурхан чамайг хүсдэггүй. Зүгээр л Өөрийнх нь төлөө ажиллаж, ийш тийш гүйж, зовж, төлөөс төлдөг, үл ялиг үнэхээр итгэдэг, багахан итгэлтэй, тэрнээс хэтэрдэггүй хүмүүсийг Бурхан хүсдэггүй. Тийм хүмүүсийг Бурханд итгэгчдийн бүлгийнхэн дундаас хаанаас ч олох боломжтой. Өөрөөр хэлбэл, Бурханы төлөө ажиллаж, үйлчлэл үзүүлдэг хүмүүс тоолж баршгүй олон байдаг. Хэрвээ тэд Бурханы урьдчилан тогтоож, сонгосон, Бурханаар замчлуулж Бурханы гэрт буцаж ирсэн хүн мөн бол Бурханы төлөө ажиллаж, үйлчлэл үзүүлэхийг хүсэхгүй гэж хэлэх хүн байхгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, үүнийг хийхэд маш амархан. Ийм учраас Бурханы төлөө үйлчлэл үзүүлж, хөдөлмөрлөдөг хүмүүс маш олон байдаг. Паулын адилаар үүнийг хийж чадах антихристүүд, ёрын муу хүмүүс ч бас бий. Паул шиг хүмүүс хэтэрхий олон байдаг биш үү? (Тийм.) Хэрвээ чи сүмд очоод, “Бурханы төлөө гүйж, зовж, төлөөс төлөхөд бэлэн байгаа цагт зөвт байдлын титэм чамайг хүлээж байх болно” гэж номловол чиний дуудлагад олон хүн хариу өгнө гэж бодож байна уу? Маш олон. Гэхдээ харамсалтай нь эцсийн эцэст тэд бол Бурханы аврах хүмүүс буюу аврагдаж чадах хүмүүс биш. Тийм хүмүүс ердөө л үйлчлэл үзүүлэх үе шатанд үлддэг; тэд Бурханд үйлчлэл үзүүлэхэд л бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс зүгээр л өөрсдийн хөдөлмөрийг Бурханы сайн зол завшаан, Бурханы нигүүлсэл, ерөөлөөр арилжихыг хүсдэг. Тэд өөрсдийн оршин тогтнох арга барил, амьдрах арга зам, амьд үлдэхийн тулд найддаг үндэс сууриа өөрчлөхийг хүсдэггүй; тэд завхарсан зан чанараа өөрчлөхийн тулд, эсвэл аврал хүртэхээр үнэнийг эрэлхийлэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахыг хүсдэггүй. Мэдээж, энэ хүмүүс зөвхөн зовж, төлөөс төлөхөд бэлэн, өөрсдөдөө байгаа бүхнийг орхиж, өргөн барихад бэлэн, төлөөс нь хэчнээн их байлаа ч чадах бүхнээ зарлагаддаг, боломжтой ямар ч аргаар хөдөлмөрлөхөд бэлэн гэж хэлж болно—гэхдээ чи тэднээс өөрсдийгөө мэдэж, үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа шийдвэрлэж, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж, Ниневе хотынхны адилаар ёрын муугаа хаяад, Бурхан руу буцан эргэж, Бурханы үгийг анхаарч, Бурханы үгээр амьдрахыг шаардвал тэдний хувьд туйлын хэцүү байх болно. Тийм биз дээ? (Тийм.) Энэ нь нэлээд төвөгтэй биш үү? Бурхан маш их ажил хийж, маш олон үг хэлсэн байхад үнэнийг эрэлхийлэх нь хүмүүст яагаад ийм хэцүү санагддаг юм бэ? Тэд яагаад үргэлж хайхрамжгүй ханддаг юм бэ? Олон жил номлол сонссоныхоо дараа ч гэсэн тэд өөрчлөгдөх санаагүй хэвээр байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ гэмшээгүй, завхарсан зан чанартай гэдэг баримтаа хэзээ ч үнэхээр хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл хүлээн аваагүй. Аливаа зүйлийн талаарх үзэл бодол, үйлдлийнхээ аль алинд өөрсдийн харах өнцгийг хэзээ ч орхиогүй, үнэнийг огт эрж хайгаагүй; үзэл бодлоо өөрчилж, Бурханд гэмшсэн хандлагаар бүх асуудалд ханддаггүй. Тиймээс олон хүн ихийг туулж, ихээхэн ажил хийж, үүргээ нэлээд удаан гүйцэтгэсэн ч ямар ч гэрчлэл хийж чадахгүй хэвээр байдаг. Тэдэнд Бурханы үгийн талаарх мэдлэг, туршлага байдаггүй, Бурханы үгийн туршлага, мэдлэгээ ярих үедээ тэд маш их ичиж, аргаа бардаг бөгөөд туйлын эв дүйгүй харагддаг. Үүний шалтгаан нь тэд үнэнийг мэддэггүй, сонирхдоггүй. Нөгөө талаар, хөдөлмөрлөх нь маш энгийн, маш амархан байдаг. Тиймээс хүн бүр Бурханы төлөө үйлчлэл үзүүлэхэд бэлэн байдаг, харин үнэнийг эрэлхийлэхээр сонгодоггүй.

Одоо ингээд ярих юм бол үнэнийг эрэлхийлэх нь яг юу гэсэн үг вэ? Бид маш их ярьсан болохоор үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг тодорхойлох ёстой биш үү? Та нар тодорхойлж чадах уу? Энэ нь нэлээд энгийн тодорхойлолт байж таарна, тийм биз дээ? Та нар эдгээр үгийг зүгээр л тунгааж, эргэцүүлж, цэгнэн бодвол санаанд чинь орох уу? “Үнэнийг эрэлхийлэх нь том сэдэв. Үүнийг цөөн хэдэн өгүүлбэрээр тодорхой илэрхийлэх боломжгүй. Би энэ талаар юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямар үг үүнийг дүрсэлж чадах юм бэ? Үнэнийг эрэлхийлэх нь том асуудал, үүнийг дүрсэлж, тодорхойлоход хамгийн өндөр дээд үг л тохиромжтой—энэ нь хүн бүрд сэтгэгдэл төрүүлэх цорын ганц арга зам!” гэж зарим хүн хэлж магадгүй. Ингэх шаардлагатай гэж та нар бодож байна уу? (Үгүй.) За тэгвэл өдөр тутмын хэлээр үнэнийг тодорхойл. (Үнэнийг эрэлхийлэх гэдэг нь үнэнийг ашиглан завхарсан зан чанараа шийдвэрлэнэ гэсэн үг.) Энэ нь тодорхойлолт мөн үү? Ийм дүгнэлт хийж байна уу? Үнэнийг эрэлхийлэх гэдгийг тодорхойлоход амархан уу? Үүнийг тодорхойлох нь амар ажил биш; үүнийг тунгаан бодоход жаахан хичээл чармайлт гаргах шаардлагатай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Үүнийг тодорхойлох гээд оролдъё, тэгэх үү? Хүний бүх хэлээс хамгийн сайн нь энгийн, хар ярианы, амьдралд ойр хэл юм. Бид харийн хэлээр, эсвэл өндөр дээд үгээр ярихгүй. Бид эгэл жирийн хүмүүсийн өдөр тутмын хэлээр, чөлөөтэй, ярианы үгээр, ойлгоход амархан байдлаар ярина, ингэснээр хүмүүс бидний хэлсэн зүйлийг тэр даруй ойлгож чадна. Насанд хүрээгүй хүүхдүүд юм уу үүнийг ойлгохооргүй ухаан муутай, сэтгэцийн өвчтэй хүмүүсээс бусад хэвийн бодож сэтгэдэг ямар ч насанд хүрэгч бидний хэрэглэсэн хэлийг сонсмогцоо ойлгож чадна. Үүнийг ярианы хэл гэж нэрлэдэг; өдөр тутмын хэл гэж нэрлэдэг. Тэгвэл үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Бурханы үгэнд үндэслэн, тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх—үнэнийг эрэлхийлэх гэдэг нь энэ юм. Үнэнийг эрэлхийлэх гэдгийн үнэн зөв тодорхойлолт ийм байдаг. Асуулт: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Хариулт: Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх. Үнэнийг эрэлхийлэхийн тодорхойлолт энэ юм. Энгийн байгаа биз дээ? Та нарын зарим нь “Та энэ бүх хугацаанд үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болох талаар нөхөрлөсөн ч тодорхойлолт нь ганцхан энэ өгүүлбэр юм байна. Ийм энгийн юм уу?” гэж асууж магадгүй. Тийм ээ, ийм энгийн. Энэ нь маш энгийн тодорхойлолт мөртөө маш олон холбоотой сэдвийг хөнддөг—эдгээр холбоотой сэдэв нь бүгд үнэнийг эрэлхийлэх сэдвийг хөнддөг. Эдгээр сэдэв нь хүний бэрхшээл, хүний бодол, үзэл санаа, түүнчлэн үнэнийг эрэлхийлэх талаарх үй олон шалтаг, шалтгаан, арга барил, хандлагыг багтаадаг. Түүнчлэн хүний завхарсан зан чанараас үүдэн гардаг үнэний эрэл хайгуулыг эсэргүүцэх, үнэнийг эрэлхийлэхээс татгалзах тухай сэдэв бий. Мэдээж Миний хэлсэн зүйлс буюу үнэнийг эрэлхийлэх хэд хэдэн зам, алхам, үнэнийг эрэлхийлэх арга зам, үнэнийг эрэлхийлснээр хүрдэг үр дүн, үнэнийг амьдран харуулж буй хүмүүсээс харж болох үнэний бодит байдал зэрэг нь ч бас үнэнийг эрэлхийлэх сэдвийг хөнддөг. Үүний эцсийн үр дүн гэвэл хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар Бурханы үг болон хүнийг аврах Бурханы ажлын тухай туршлагын гэрчлэлтэй болдог. Энэ бол хамгийн том үр дүн юм. Тийм гэрчлэл нь нэг талаар Бурханы ажлын үр дүнг гэрчилдэг; нөгөө талаар, үнэнийг эрэлхийлсэн буюу тодорхой хэмжээнд завхарсан зан чанараа шийдвэрлэсэн хүмүүсээс харж болох эерэг үр нөлөөг гэрчилдэг. Жишээлбэл маш биеэ тоосон зантай, дур зоргоороо, цадиггүй, хүссэнээрээ авирладаг байсан хүн Бурханы үгийг уншаад, энэ нь завхарсан зан чанар гэдгийг мэдэж авч, дараа нь үүнийг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөг. Аажмаар тэр хүн энэхүү завхарсан зан чанар нь бусдад болон өөрт нь хохирол учруулдгийг мэдэж авдаг: Жижиг өнцгөөс харвал энэ нь хүмүүст хор хөнөөлтэй бөгөөд том өнцгөөс харвал энэ нь чуулганы ажлыг үймүүлж, саад болж, хохироодог. Энэ бол үр дүнгийн нэг тал; энэ нь Бурханы үгийг ойлгох үедээ хүний мэдэж авдаг зүйл юм. Үүнээс гадна, Бурханы үгийн илчлэлийн үндсэн дээр тэд завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрч, дараа нь Бурханы зохицуулсан нөхцөл байдалд аажмаар гэмшиж, нэгэнтээ баримталж байсан амьдралын хэв маяг, биеэ авч явах, аливаа зүйлийг хийх талаарх үзэл бодлоо орхидог. Тэд Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн зарчим болон замыг олж, өөрсдөд нь Бурханы өгсөн хэрэгжүүлэлтийн зарчмын дагуу асуудлыг зохицуулдаг. Энэ бол жинхэнэ гэмшил, өөрийгөө үнэхээр өөрчилж буй хэрэг. Тэд Бурханы үгэнд үндэслэн биеэ авч явж, юм хийж чаддаг, эцэст нь аливаа зүйлийг хийх бүрдээ үнэний зарчмыг эрж хайж, Бурханы үгийг үндсээ болгон авч үзэх бодит байдлын нэг хэсгийг амьдран харуулдаг. Энэ нь биеэ тоосон зан чанарыг шийдвэрлэж буй жишээ юм. Үүний эцсийн үр дүнд энэ хүн биеэ тоосон занг амьдран харуулахаа больдог; оронд нь мөс чанартай, эрүүл ухаантай болж, үнэний зарчмыг эрж хайж чаддаг болж, үнэнийг үнэхээр дуулгавартай дагадаг; хэрэгжүүлж, амьдран харуулдаг зүйлд нь завхарсан зан чанар давамгайлахаа больж, оронд нь үнэнийг шалгуураа болгон, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулдаг—энэ бол үр дүн. Үнэнийг эрэлхийлснээр хүрдэг үр дүн энэ биш гэж үү? (Мөн.) Энэ нь үнэнийг эрэлхийлснээр хүнд бий болдог үр дүн юм. Бурханы хувьд ийм маягаар амьдрах нь Бурхан болон Бурханы ажлын жинхэнэ гэрчлэл; энэ нь бүтээгдсэн зүйл Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, илчлэлтийг туулах үед гардаг үр дүн юм. Энэ бол жинхэнэ гэрчлэл, Бурханы хувьд алдар суутай зүйл. Мэдээж энэ нь хүний хувьд алдар суутай зүйл биш; үүнийг нэр хүндтэй, бахархмаар зүйл гэж л нэрлэж болно, энэ нь Бурханы ажлыг туулсны дараа бүтээгдсэн зүйлийн эзэмшиж, амьдран харуулах учиртай гэрчлэл, үнэнийг эрэлхийлдэг хүнд гардаг эерэг үр нөлөө билээ. Ийм туршлага, мэдлэг болон энэ хүмүүсийн амьдран харуулдаг зүйлийг Бурхан ч бас Өөрийн ажлаар хүрсэн үр дүн гэж үздэг. Бурханы хувьд энэ нь асар их хүчээр Сатанд хариу цохилт хийдэг гэрчлэл юм. Энэ бол Бурханы хайрлаж, нандигнадаг зүйл.

Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг болохыг бид дөнгөж сая тодорхойлсон. Энэ тодорхойлолтоор дамжуулан үнэнийг эрэлхийлэх гэж юу болох талаарх та нарын үзэл бодол бодит байдалд дөхөж очив уу? (Тэгсэн.) Одоо бид үнэнийг эрэлхийлэх гэдгийг та нарт ойлгомжтойгоор тодорхойлсон болохоор урьдын эрэл хайгуулаа та нар хэрхэн авч үзэх ёстой вэ? Та нарын дийлэнх нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш байх боломжтой юу? Үүнийг сонсоход та нарт жаахан эвгүй байж магадгүй, тийм үү? Тэр тодорхойлолтыг дахиад нэг унш. (Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Хариулт: Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх.) Одоо та нар зөв хэлж чадаж байна. Цааш нь бодоод үзвэл энэ нь зөв үү? (Зөв.) Хэрвээ та нар урьдын эрэл хайгуул, хэрэгжүүлэлтээ энэхүү тодорхойлолтын дагуу дүгнэвэл үр дүн нь ямар байх вэ? Та нар одоо үнэний бодит байдалтай эсэхээ мэдэж авч чадна, бас одоогийн үйлдэл чинь үнэнийг эрэлхийлж байгаа эсэхийг баталгаажуулж чадна. Энэ нь хийсвэр байдлаар хэлж байгаа хэрэг биш, тийм үү? Энэ нь ерөнхийдөө ярианы хэл, тийм биз дээ? (Тийм.) Энэ бол ямар ч эгэл жирийн хүний ойлгож чадах энгийн хэл юм. Хэдийгээр үүнийг ойлгоход нэлээд амархан юм шиг санагдаж болох ч хүмүүст нэг асуудал байдаг. Ямар асуудал вэ? Тэд тодорхойлолтыг ойлгомогцоо тавгүйтэж, бухимддаг. Тэд яагаад бухимддаг вэ? Өөрсдийнх нь урьдын зовлон, төлсөн төлөөс нь яллагдсан, хий дэмий байсан гэж санагддаг учраас тэд сэтгэлээр унадаг. Зарим хүн үүнийг сонсоод, “Өө, тэгвэл энэ нь үнэнийг эрэлхийлэхийн тодорхойлолт юм байна. Тэр тодорхойлолтын дагуу бол бидний төлсөн бүх төлөөс, урьд нь зарлагадаж байсан маань бүгд хий дэмий байсан биш үү? Хэрвээ Та үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг тодорхойлоогүй бол бид өөрсдийгөө сайн эрэлхийлж байгаа гэж бодсоор байх байлаа; одоо Та ингэж тодорхойлсон болохоор бидний эрэл хайгуул, төлсөн төлөөс бүгд дэмий үрэгдсэн биш үү? Титэм зүүж, шагнуулах гэсэн мөрөөдөл маань бүгд нурсан биш үү? Үнэнийг ойлгох үедээ ерөөгдөж, мөрөөдөл маань биелэх ёстой байхад бид үнэнийг ойлгочхоод яагаад шүүгдэж байгаа юм бэ? Бид яагаад ямар ч найдлагагүйгээр харанхуйд амьдарч байгаа юм бэ? Бидний өнгөрсөн, одоо үе яллагдсан, ирээдүй ямар байхыг хэлэх аргагүй. Бид ерөөгдөх найдваргүй юм шиг байна” гэж хэлнэ. Ийм байдаг биш үү? Хүмүүс ингэж бодох нь зөв үү? (Үгүй.) Тэгвэл хүмүүс ингэж бодох ёстой юу? (Үгүй.) Тэгэх ёсгүй. Гэхдээ үүнд нэг сайн зүйл бий: Чи үнэнийг эрэлхийлэх гэдгийн энэ тодорхойлолтыг ахин дахин залбиран уншиж, дараа нь өнгөрсөн үеэ харж, одоо үеэ хараад, ирээдүйдээ найдах ёстой. Чи бухимдаж болох ч тийм мэдрэмж төрлөө гээд чи хөшүүн гэсэн үг биш. Чи өөрийнхөө ирээдүй, одоо, өнгөрснийг бодолцон үзэхээ мэднэ, хэтийн ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө гаргаж, тэдгээрийн талаар бодож, санаа зовж, түгшихээ мэднэ. Энэ бол сайн зүйл. Чи амьд хэвээр байна, чи бол амьд хүн, зүрх сэтгэл чинь үхээгүй гэдгийг энэ нь нотолдог. Өөрт нь юу ч хэлж, үнэнийг эрэлхийлэх замыг хэчнээн тодорхой нөхөрлөсөн ч бай, хүн хайхрамжгүй хэвээр үлдэх л санаа зовмоор зүйл. Тэд “Би ийм л хүн; ерөөгдөх эсвэл гамшигтай нүүр тулах эсэхийг минь хэн тоох билээ? Намайг шүү, ялла—Та хүссэнээ л хий!” гэж боддог. Тэдэнд юу ч хэлсэн, тэд хөшүүн байдаг. Тэр нь асуудал уддаг. Би асуудал гэж юуг хэлж байна вэ? Чамайг үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, тэд ойлгохгүй; тэд бол ямар ч сүнсгүй үхсэн хүн гэсэн үг юм. Тэд Бурханд итгэх, үнэнийг эрэлхийлэх, аврагдах, эсвэл хүнийг аврах Бурханы ажлын талаар мэддэггүй, тийм зүйлсийг ойлгодоггүй. Энэ нь хөгжмийн сонсгол муутай хүнийг дуулуулж сургах юм уу өнгө ялгадаггүй хүнд өнгө хоршуулахыг заахаар оролдохтой адилхан: Ингэх нь ер боломжгүй. Эдгээр зүйлийн талаар нөхөрлөх нь тэдний хувьд ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй, учир нь чи юу ч хэллээ гэсэн, гүн гүнзгий ч бай, эсвэл өнгөц ч бай, тодорхой ч бай, эсвэл ерөнхий ч бай энэ нь ямар ч ялгаагүй—аль ч тохиолдолд тэд юу ч мэдрэхгүй. Яг л нүдний шил зүүсэн сохор хүнтэй адилхан, нүдний шилээ зүүсэн ч, зүүгээгүй ч тэдний хараанд ямар ч нөлөөгүй. Зарим хүн үргэлж “Аль хэдийн өвөл болчихсон байхад хавар болтол удна гэж үү?”, “Би үхлээс айдаггүй юм чинь амьдрахаас яалаа гэж айх билээ?”, “Гараа би далласан ч хөвсийх үүлнээс аваад явж чадахгүй” гэж хэлдэг. Эдгээр нь бүгд өөрсдийгөө маш ухаантай гэж боддог сүнсгүй, үхсэн хүмүүсийн үг юм. Сүнслэг нэр томьёогоор хэлэх юм бол тэдэнд сүнслэг ойлголт байхгүй. Сүнслэг ойлголтгүй хүмүүс бол амьд байлаа ч гэсэн үхсэн хүмүүс юм. Үхсэн хүмүүс амьд хүмүүсийн үгийг ойлгож чадах уу? Тэд “Үнэнийг эрэлхийлэх тухай энэ бүх яриа, хүмүүс, юмсын талаарх хүний үзэл бодол, хүний биеэ авч явах байдал, үйл хөдлөл надад ямар хамаатай юм бэ? Би үхлээс айдаггүй юм чинь амьдрахаас яалаа гэж айх билээ?” гэж боддог. Ингэж боддог хэн боловч дуусчээ. Тэд бол үхэгсдийн нэг юм. Үнэнийг эрэлхийлэх гэдгийн тодорхойлолт ийм байдаг. Энэ тодорхойлолтыг уншаад ирээдүйн замдаа ямар санаа зорилго, төлөвлөгөөтэй байх чинь, эсвэл хэрхэн өөрчлөгдөх чинь хамаагүй, бүгд чиний хувийн эрэл хайгуулаас шалтгаална. Энэ бол Миний хэлэх хэрэгтэй үг, хийх хэрэгтэй ажил юм. Би хэрэгтэй бүхнээ хэлсэн, хэлэх ёстой бүхнээ хэлсэн. Хэрвээ та нар үнэнийг үнэхээр хайрладаг, үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй бол үнэнийг эрэлхийлэх тухай Миний өгсөн тодорхойлолтыг хүмүүс, юмсыг үзэх үзэл, биеэ авч явах байдал, үйл хөдлөлдөө эрэл хайгуулынхаа зорилго, чиглэл болгон хэрэглэж, эсвэл лавлагаа болгон ашиглах нь зүйтэй, ингэснээр та нар Бурханы үг болон үнэний бодит байдалд аажмаар орж чадна. Тэгэх юм бол ойрын ирээдүйд чи үнэнийг эрэлхийлэх замаас ямар нэг зүйлийг олж авах нь гарцаагүй. Зарим хүн “Үнэнийг эрэлхийлэхэд хэзээ ч оройтдоггүй” гэж хэлж магадгүй. Энэ нь буруу—Бурханы ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлэхэд үнэндээ хэтэрхий оройтсон байх болно. Тэр санааг хэрхэн тайлбарлаж болох вэ? Үнэний эрэл хайгуул нь Бурханы ажил дуусахаас өмнө хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнх нь ажил дууссан гэдгийг харуулахаар хонх цохихоос өмнө энэ үг үнэн байдаг. Гэхдээ Бурханы ажил дуусаж, “Би хүнийг аврах ажлыг цаашид хийхгүй, аврал хүртэхэд нь хүмүүст туслах, хүний авралтай холбоотой үгийг хэлэхээ болино. Би тиймэрхүү зүйл цаашид ярихгүй” гэж Бурханыг хэлэх үед Бурханы ажил үнэхээр дууссан байх болно. Хэрвээ чи тэр болтол үнэнийг эрэлхийлэхээ хүлээвэл үнэхээр хэтэрхий оройтсон байх болно. Юутай ч одоо үнэнийг эрэлхийлж эхэлбэл чамд цаг байсаар байна—аврал хүртэх боломж байсаар байна. Одоогоос эхлээд аажмаар Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, юмсыг харж, биеэ зөв авч явж, үйлдэхийн тулд чадах бүхнээ хий. Хүний завхарсан зан чанарыг илчилсэн Бурханы бүх үгийг богинохон хугацааны дотор уншиж, ойлгохоор чармайж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах дадлага хий. Ингэх нь амийн оролтод чинь асар ашиг тустай. Жишээлбэл хүн төрөлхтний завхарсан зан чанарыг илчилсэн Бурханы үгэн дотроос антихристүүдийн зан чанарыг хөндсөн үгийг аваад үз. Тэдгээр нь хамгийн үндсэн гол үг биш үү? (Мөн.) Эдгээр үгийг үндэс болгоод чи юу хийх ёстой вэ? Өөрийгөө яллах уу? Өөрийгөө хараах уу? Ирээдүй, хувь заяанаасаа салах уу? Үгүй, чи тэдгээрийг ашиглан завхарсан зан чанараа танин мэдэх ёстой. Үүнээс зугтах гэж бүү оролд. Энэ бол хүн бүрийн туулж өнгөрөх ёстой чухал үе. Хүн бүр үүнийг туулж өнгөрөх ёстой гэж юу гэсэн үг вэ? Хүн бүр ээж аавдаа төрөөд, дараа нь өсөж том болж, хөгширч, насан эцэслэдэгтэй энэ нь яг адилхан. Эдгээр нь хүн бүрийн нэг нэгээр нь туулж өнгөрөх ёстой чухал үеүд юм. Үнэнийг эрэлхийлэх нь хэр чухал вэ? Хүний өдөр тутмын хоол унд шиг л чухал. Хэрвээ чи өдөр бүр идэж, уухаа больчихвол махан бие чинь амьд үлдэж чадахгүй; амь чинь үргэлжлэх боломжгүй. “Бурханы үгийн дагуу” гэдэг нь чи тэр чигтээ Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёстой гэсэн үг, энэ нь эргээд үзэл бодол, арга барил, хэрэгжүүлэлтийг чинь бий болгоно. Мэдээж “Бурханы үгийн дагуу” гэдэг нь “үнэнийг шалгуураа болгох”-той адилхан. Тиймээс үнэнийг эрэлхийлэх гэдгийн тодорхойлолт дээр “Бурханы үгийн дагуу” гэдэг нь дангаараа хангалттай. Яагаад “үнэнийг шалгуураа болгох” гэдгийг нэмэх ёстой вэ? Учир нь Бурханы үгэнд дурдаагүй зарим тодорхой асуудал байдаг. Тэр тохиолдолд чи үнэний зарчмыг эрж хайж, тэдгээр зарчмын дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёстой. Ингэснээрээ чи туйлын үнэн зөв байдалд гарцаагүй хүрнэ. Туйлын үнэн зөв байдалд хүрэхээсээ өмнө хүн завхарсан зан чанараа мэдэж, завхарсан илчлэл, завхарсан мөн чанараа хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь чин сэтгэлээсээ гэмшиж, улмаар үнэхээр эргэж буцах ёстой. Энэ цуврал үйл явдал тус бүрдээ зайлшгүй шаардлагатай, яг л хүн хоол иддэгтэй адил: Хоол аманд нь ороод, улаан хоолойгоор нь дамжин ходоодонд нь хүрч, дараа нь боловсруулагдаж шингэдэг. Дараа нь аажмаар хүний цусанд орж, биед нь шаардлагатай шим тэжээл болдог. Хүмүүс үнэнийг эрэлхийлж, шалгуураа болгон аваад, дараа нь үнэнийг хэрэгжүүлж, амьдран харуулж, үнэний бодит байдалд орж чадна. Ийм дараалсан хэвийн үйл явц тус бүрдээ зайлшгүй шаардлагатай; тэдгээр нь үнэнийг эрэлхийлдэг хүн бүрийн үнэний аливаа элементийг эрэлхийлэхэд зайлшгүй шаардлагатай алхмууд юм. Зарим хүн: “Үнэнийг эрэлхийлэхэд ийм алхам, үйл явц надад хэрэггүй. Би зүгээр л шууд үнэнийг эрж хайж, дараа нь хэрэгжүүлээд, бодит байдлаа болгоно” гэж хэлж магадгүй. Энэ нь хялбарчилсан ойлголт боловч хэрвээ үр дүнд хүрч чадах юм бол мэдээж илүү дээр арга зам юм. Энэ нь завхарсан зан чанараа тогтмол мэдэж авах зуураа аль хэдийн тодорхой хэмжээний мэдлэг, амжилт хуримтлуулсан гэдгийг харуулах учраас чи шалгах, мэдэх, хүлээн авах, гэмших гэх мэт үйл явцыг орхиод, шууд үнэний зарчмыг эрж хайх боломжтой. Хүн үнэний зарчмыг шууд эрж хайхын тулд тодорхой биеийн хэмжээтэй байх ёстой. Тийм биеийн хэмжээтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд завхарсан зан чанараа үнэхээр мэддэг бөгөөд өөрсдөд нь тохиолдсон зүйлийн үнэнийг ойлгохгүй байх үедээ өөрсдийгөө мэдэж, гэмшиж, эсвэл замаа өөрчлөх шаардлагагүй болно гэсэн үг юм. Тэд ердөө үнэний зарчмыг шууд ойлгож авч, дараа нь тэдгээрийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. Тэр нь л хангалттай. Энэ бол эгэл жирийн хүний биеийн хэмжээ биш. Ийм биеийн хэмжээтэй хүн Бурханы хатуу шүүлт, гэсгээлт, сахилгажуулалт, шалгалтыг туулах явцдаа ядаж л туршлагатай болсон байдаг. Тэд Бурханыг дуулгавартай дагадаг, мөн төгс болгуулах замаар аль хэдийн орсон байдаг. Тийм хүмүүст завхралаа мэдэх, дараа нь хүлээн зөвшөөрөх, гэмших, эргэх гэх мэт үйл явц шаардлагагүй. Тэгвэл та нар яах вэ? Та нарын ихэнх нь өөрсдийгөө таньж мэдэхээс эхлэх хэрэгтэй юу? Хэрвээ чи өөрийгөө мэдэхгүй бол үнэмшихгүй, үнэнийг хүлээн авахад амаргүй байх болно, мөн жинхэнээсээ гэмших ч боломжгүй. Хэрвээ чи жинхэнээсээ гэмшдэггүй бол үнэнд захирагдаж чадах уу? Бурханд дуулгавартай байж чадах уу? Мэдээж үгүй, тэр тохиолдолд бол чи аврагдах хүн биш юм.

Энэ нөхөрлөлийн дараа та нар одоо үнэнийг эрэлхийлэх багахан замтай болов уу? Үнэнийг эрэлхийлэх итгэл та нарт байна уу? (Тийм.) Сайн байна; байгаагүй бол санаа зовох байлаа. Номлолын дараа зарим чинь сөрөг болж, “Өө яана аа, би хэв чанар муутай. Би номлол сонссон ч юу ч ойлгож чадахгүй байна; би зүгээр л жаахан хоосон сургаал ойлгосон. Надад тийм ч их сүнслэг ойлголт байхгүй бололтой. Надад үнэнийг эрэлхийлэх сонирхолгүй санагддаг. Үүргээ гүйцэтгэхдээ би бага зэрэг хөдөлмөрлөж л чадна. Би дэндүү олон дутагдалтай, завхарсан зан чанараар дүүрэн. Үүнийг өөрчлөх боломжгүй гэж бодож байна. Энэ нь ийм л байх болно. Зүгээр л үйлчлэл үзүүлэгч байх нь надад хангалттай” гэж магадгүй. Ийм сөрөг бодолтой хүн үнэнийг эрэлхийлэх замд орж чадах уу? Эдгээр сөрөг бодол нь хүний үнэний эрэл хайгуулд асар их саад болдог учраас энэ нь бага зэрэг аюултай санагддаг. Хэрвээ хүн эдгээрийг шийдвэрлэхгүй бол хэчнээн сайн ч гэлээ энэ замаар явж чадахгүй. Зарим хүн үнэнийг эрэлхийлэх замд олон удаа унаж, бүтэлгүйтсэн бөгөөд тэд эцэст нь “Болъё, би цаашид үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй. Ерөөгдөх нь миний хувь заяа биш. ‘Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу?’ гэж Бурхан Өөрөө хэлсэн биз дээ? Толинд харахад би дундаж царай төрхтэй, цог золбоогүй нүдтэй, зүс царай муутай, өчүүхэн төдий ч чамин хээнцэр биш. Яаж ч харсан би ерөөгдөх хүн шиг харагддаггүй. Хэрвээ Бурхан урьдчилан тогтоогоогүй бол хүмүүс хүссэнээрээ эрэлхийлээд ч энэ нь ямар ч хэрэггүй!” гэж шантарсан. Энэ хүмүүсийн сэтгэлгээг хар даа: Зүрх сэтгэлд нь хараахан шийдвэрлэгдээгүй ийм олон бузар зүйл байхад тэд яаж үнэнийг эрэлхийлэх замаар явж чадах юм бэ? Үнэнийг эрэлхийлэх нь амьдралын хамгийн том хэрэг явдал бөгөөд хамгийн хориотой зүйл бол үүнийг ерөөл хүртэхтэй үргэлж холбох явдал юм. Хүн ерөөл хүртэх санаархлаа эхлээд шийдвэрлэх ёстой, тэгвэл үнэнийг эрэлхийлэхэд арай төвөггүй байх болно. Үнэний эрэл хайгуулын тухайд бол, энэ замаар олон хүн явж байгаа эсэхийг харж, олонхын сонголтыг дагах биш, харин Бурханы шаардлагад нийцэхээр чармайж, Петрийг дуурайхад анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал. Хамгийн чухал зүйл бол одоо үеийг тодорхой харж, одоо цагт амьдарч, одоогийн байдлаар ямар завхарсан зан чанар чамаас гарч байгааг мэдэж, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг нэн даруй, бушуухан эрж хайж, эхлээд үүнийг нэгд нэггүй задлан шинжилж, танин мэдэж, дараа нь Бурханд гэмших явдал юм. Гэмших үедээ үнэнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал—энэ бол бодит үр дүнд хүрэх цорын ганц зам билээ. Хэрвээ чи Бурханд зүгээр л “Бурхан минь, би гэмшихэд бэлэн байна. Намайг уучлаарай, миний буруу байжээ. Намайг уучлаач дээ!” гэж хэлээд, Бурханы сайшаалыг хүртэхийн тулд үүнийг л хийх хэрэгтэй гэж бодвол энэ нь боломжтой юу? (Үгүй.) Хэрвээ чи Бурханд үргэлж “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж хэлэхэд бэлэн байж, ингэвэл Бурхан “Зүгээр ээ, цааш нь үргэлжлүүл” гэж хэлнэ гэж найддаг бол—үргэлж ийм нөхцөл байдалд амьдардаг бол үнэн рүү орж чадахгүй. Тэгвэл чи яаж Бурханд залбирч, гэмших ёстой вэ? Зам байгаа юу? Ийм туршлагатай хэн боловч энэ талаар бага зэрэг ярьж болно. Хэн ч байхгүй юу? Ерөнхийдөө та нар хэзээ ч гэмшлийн залбирал хийдэггүй, Бурханд нүглээ улайж, гэмшдэг ч үгүй юм шиг байна. Тэгвэл та нар яаж өөрсдийн хүсэл, санаархлыг орхих ёстой вэ? Завхралаа яаж шийдвэрлэх ёстой вэ? Чамд хэрэгжүүлэлтийн зам байгаа юу? Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх замгүй бол Бурханд ингэж залбирах ёстой: “Бурхан минь, би биеэ тоосон зан чанартай. Би өөрийгөө бусдаас илүү сайн, илүү дээр, илүү ухаалаг гэж боддог, бусдыг үгэндээ оруулахыг хүсдэг. Энэ бол үнэхээр эрүүл ухаангүй хэрэг. Энэ нь биеэ тоосон зан гэдгийг мэдэж байгаа хэр нь би яагаад үүнийг орхиж чадахгүй байна вэ? Та намайг сахилгажуулж, зэмлээч гэж би гуйя. Би Таны хүслийг оронд нь эрж хайхын тулд биеэ тоосон зан, хүсэл эрмэлзлээ орхиход бэлэн байна. Би Таны үгийг сонсож, өөрийнхөө амь, үйлдлийн зарчим болгон хүлээн авахад бэлэн байна. Таны үгийг амьдран харуулахад бэлэн байна. Намайг залж чиглүүлээч гэж Танаас гуйя, надад тусалж, намайг удирдаач гэж Танаас гуйя.” Эдгээр үгэнд дуулгавартай хандлага байна уу? Дуулгавартай дагах хүсэл байна уу? (Байна.) Зарим хүн: “Нэг удаа залбирлаа гээд нэмэргүй. Надад ямар нэг зүйл тохиолдох үед би завхарсан зан чанараараа амьдарсаар, аливааг удирдахыг хүссээр байна” гэж хэлж магадгүй. Тэр тохиолдолд үргэлжлүүлэн ингэж залбир: “Бурхан минь, би маш их биеэ тоосон, маш тэрслүү юм! Намайг сахилгажуулж, мууг үйлдэхийг минь болиулж, биеэ тоосон зан чанарыг минь хязгаарлаач гэж Танаас гуйж байна. Намайг залж чиглүүлж, удирдаач гэж Танаас гуйя, тэгснээр би Таны үгийг амьдран харуулж, Таны үг болон Таны шаардлагын дагуу үйлдэж, хэрэгжүүлнэ.” Бурханы өмнө илүү их залбирч, гуйж, Бурханыг ажиллуул. Үг чинь чин сэтгэлийн байх тусам зүрх сэтгэл чинь улам чин үнэнч байна, махан биеэ болон өөрийгөө хаях хүсэл чинь улам ихэснэ. Хүссэнээрээ үйлдэх хүслийг чинь энэ нь дарах үед зүрх сэтгэл чинь аажмаар эргэнэ—зүрх сэтгэл чинь эргэх үед үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмын дагуу үйлдэх найдвар төрнө. Чамайг залбирах үед Бурхан чамд юу ч хэлэхгүй, чамд юуг ч зааварлахгүй, эсвэл юу ч амлахгүй, харин зүрх сэтгэлийг чинь болон үгийн чинь цаад санаархлыг шалгана; чиний хэлсэн зүйл чин сэтгэлийн, жинхэнэ эсэхийг ажиглаж, чин үнэнч зүрх сэтгэлээр Бурханд залбирч, юм гуйж байгаа эсэхийг чинь ажиглана. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга гэдгийг Бурхан харах үедээ чиний шаардаж, залбирсан ёсоор чамайг залж чиглүүлж, удирдана, мэдээж бас чамайг зэмлэж, сахилгажуулна. Бурхан гуйсан юмыг чинь биелүүлэх үед зүрх сэтгэл чинь гэгээрч, бага зэрэг өөрчлөгдөнө. Эсрэгээрээ хэрэв Бурханд хандсан залбирал, гуйлт чинь чин сэтгэлээсээ биш, гэмших чин хүсэлгүй, харин зүгээр л үгээрээ Бурханыг аргадаж, хуурах гэж хааш яаш оролдож байгаа бол Бурхан зүрх сэтгэлийг чинь шалгах үедээ чиний төлөө юу ч хийхгүй, чамайг жигшиж, голно. Ийм нөхцөл байдалд Бурхан чамд юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй, ямар ч арга хэмжээ авахгүй гэдгийг чи ч бас мэдрэх боловч зүрх сэтгэл чинь чин үнэнч биш учраас Бурхан чамд ямар ч ажил хийхгүй. Бурхан ямар ч ажил хийхгүй байх үед юу тохиолдох вэ? Яг л чиний санаснаар зүрх сэтгэл чинь гэмших хүсэлгүй байх бөгөөд огтхон ч эргээгүй байх болно. Иймээс тийм орчинд, чамд тийм үйл явдал тохиолдох үед чиний хийх зүйл үнэний зарчимд үндэслэхийн оронд хүний хүсэл, завхарсан зан чанарт захирагдсан хэвээр байх болно. Чи өөрийнхөө хүсэл, тэмүүллийн дагуу үйлдэж, хэрэгжүүлсээр байна. Бурханд залбирсан залбирлын чинь үр дүн залбирлын өмнөхтэй адилхан; ямар ч өөрчлөлт гарахгүй. Чи өөрийгөө огт эргүүлэхгүйгээр хүссэн бүхнээ хийсээр байх болно. Үнэнийг эрэлхийлэх явцад хүмүүсийн субьектив хүчин чармайлт чухал, үнэнийг ойлгодог эсэх нь ч бас чухал гэсэн үг. Үүний зэрэгцээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэхийг хүслээ ч үүнийг хийхэд хэцүү санагдах үедээ Бурханд найдаж, зүрх сэтгэл болон чин сэтгэлийн залбирлаа өргөн барих ёстой. Энэ нь ч бас маш чухал; эдгээр зүйл бүгд зайлшгүй хэрэгтэй. Хэрвээ чи хайнга, өнгөцхөн байдлаар Бурханд залбирч, “Бурхан минь, миний буруу байжээ. Намайг уучлаарай” гэж л хэлдэг бол, мөн залбирлын үгээрээ ч, зүрх сэтгэлдээ ч Бурханд хааш яаш ханддаг бол Бурхан ямар ч ажил хийхгүй, чамд анхаарал ч тавихгүй. Чамайг “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж хэлбэл Бурхан “Зүгээр ээ” гэж хэлэхгүй нь лавтай. Өөрт нь чиний хэлсэн ухвар мөчид, өнгөц үгээс болоод Бурхан чамаас “Чи юугаараа буруутай байв? Чи юу хийхээр төлөвлөж байна? Гэмших үү? Ёрын муугаа хаяад, эргэх үү? Өөрийнхөө хүсэл, санаа зорилго, сонирхлыг орхиод, яаравчлан эргэх үү? Эргэх шийдвэр гаргаж чадах уу?” гэж асууна. Ийм зүйл тохиолдож байх үед Бурхан чамаас ямар нэг зүйл асуухыг чи сонсохгүй байж болох ч “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж Бурханд хэлбэл Бурханы өнцгөөс, Бурханы хандлага яг л Миний хэлсэн шиг байна: Бурхан чамаас эдгээр үгийг асууна. Тэр чамайг яаж байцаах вэ? Тэрээр “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж хэлснийхээ дараа юу хийж, хэрхэн сонгохыг чинь үргэлжлүүлэн ажиглана. Завхралаа үнэхээр хүлээн зөвшөөрч, үзэн ядсанаас үүдсэн жинхэнэ гэмшил чамд байгаа эсэхийг харна. Өөрт нь хандах хандлага чинь ямар болохыг, үнэнд хандах хандлага чинь ямар болохыг, завхарсан зан чанараа хэрхэн авч үздэг, ямар үзэл бодолтойг чинь, эндүү ташаа үзэл бодол, алдаатай арга замаа орхих санаатай байгаа эсэхийг чинь Бурхан харна; чиний сонголтуудыг, үнэнийг эрэлхийлэх замаар алхахаар сонгох эсэхийг чинь, цаашид хэрхэн үйлдэх ёстой, ямар зарчим баримтлах учиртайг чинь, үнэнийг хэрэгжүүлж, Өөрт нь дуулгавартай байж чадах эсэхийг чинь Бурхан харна. Бурхан чиний үйл хөдлөл бүрийг, санаа зорилго, сонголт болгоныг ажиглаж, ингэх зуураа, тэдгээр сонголтыг хийсний дараа чиний хийдэг зүйлс үнэхээр гэмшлийн үйлдэл мөн үү гэдгийг, эргэж буцсан уу гэдгийг чинь харна. Тэр нь хамгийн чухал асуудал юм.

Хүмүүс гэмших сонголт хиймэгцээ яаж эргэлт хийж эхэлдэг вэ? Үнэнийг хэрэгжүүлж, үнэхээр өөрчлөгдөхийн тулд хүсэл, бодол санаа, үзэл бодол, аливааг хийдэг хуучин арга замаа орхисноор. Үнэхээр эргэх гэдэг нь энэ юм. Хэрвээ чи зүгээр л эргэлт хийхэд бэлэн байна гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ өөрийнхөө хүсэлтэй зууралдаж, үнэнийг орхиж, хуучин арга замаа үргэлжлүүлсээр байдаг бол өөрийгөө үнэхээр эргүүлээгүй байна. Бурханд залбирах үедээ чи “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж л хэлдэг ч дараа нь авирлахдаа өөрийнхөө хүссэнээр сонголт хийж, үйлдэж, хэрэгжүүлж, амьдарсаар, энэ бүх зүйлийг хийхдээ үнэний эсрэг явдаг бол Бурханы өнцгөөс чамайг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Чи эргэлт хийгээгүй. Наад зах нь Бурхан чамайг эргэх санаагүй гэж хэлнэ. Чи Бурханд “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж хэлж болох ч эдгээр нь ердөө хуумгай үг бөгөөд чин сэтгэлийн чинь гүнээс гардаг гэмшил, наманчлал биш юм. Тэдгээр нь буруугаа хүлээж, гэмшиж байгаа хандлагыг илтгэдэггүй; зүгээр л дэмий хоосон үг. Бурхан чиний хэлж буй үгийг сонсдоггүй—юу бодож, төлөвлөж, хуйвалдаж байгааг чинь хардаг. Үйлдлийн чинь үндэс болон зарчим үнэнд харшилсаар байгааг харах үедээ Бурхан чиний талаар жинхэнэ, бодитой, үнэн зөв дүгнэлт гаргана. Тэрээр “Чи эргээгүй, эргэхгүй байна” гэж хэлнэ. Бурхан ингэж хэлэх үедээ, чиний талаар ийм дүгнэлт гаргах үедээ чамайг анхаарахаа болино. Бурхан чамайг анхаарахаа болих үед ирэх өдрүүдэд зүрх сэтгэл чинь харанхуйлж, хийж байгаа бүхэндээ гэгээрэл, гэрэлтүүлэлтгүй байх бөгөөд завхарсан зан чанар гаргах үедээ огт мэдэхгүй, үүнийхээ төлөө сахилгажуулагдахгүй. Чи хөшүүн, мулгуу хэвээр цааш үргэлжлүүлэх ба чамд хий хоосон, түшиглэж найдах юу ч үгүй мэт санагдана. Үүнээс ч долоон дор нь чи дур зоргоороо, цадиггүй зан авираа өөгшүүлсээр, завхарсан зан чанараа хяналтгүй орхиж, улам дэвэргэсээр байх болно. Тийм л юм тохиолдоно. Ийм маягаар авирлаж байгаа хүний эцсийн үр дагавар юу байх вэ? Хүн үнэнийг хаях үедээ өөртөө авчирдаг үр дагавар нь Бурхан өөрийг нь анхаарахгүй байх явдал юм. Хэдийгээр Бурхан чамд юу ч хэлээгүй, тодорхой зааварлаагүй байж болох ч чи үүнийг мэдэрч чадна. Чиний бодол, санаа, жинхэнэ байдал, үнэнд хандах хандлагад тулгуурлавал ерөнхий нөхцөл байдал чинь хөшүүн, мулгуу, гөжүүд, тиймэрхүү бусад илрэлтэй байх нь тодорхой. Эдгээр зүйл хүмүүст тусгалаа олдог. Тиймээс өөрсдийнхөө бодит амьдрал, хэрэгжүүлдэг зүйлээ үүнтэй харьцуулаад та нар дараах зүйлийг судалж, шинжлэхийг хүсэж болзошгүй: Чи Бурхан руу огт эргээгүй байх үедээ чихэнд чимэгтэй, гоё сайхан үг асар ихийг Бурханд хэлж болох ч тэгэх үедээ ямар төрлийн байдал, нөхцөл байдалтай байдаг вэ? Өөрийгөө үнэхээр эргүүлэх үедээ чи гоё сайхан, чихэнд чимэгтэй үгээр Бурханд залбирдаггүй хэдий ч зүгээр л чин сэтгэлээсээ бага зэрэг ярьдаг бол тэр үедээ ямар байдал, нөхцөл байдалтай байдаг вэ? Энэ хоёр байдал шал өөр. Бурхан хүмүүсийн өдөр тутмын амьдралд юу ч тодорхой зааварладаггүй, илэрхий үгээр тэдэнтэй ярьдаггүй байж болох ч хүмүүс өдөр тутмын амьдралдаа Ариун Сүнсний ажлыг, Ариун Сүнсний хийдэг бүхнийг, илэрхийлэхийг хүсдэг хүсэл бүрийг нь мэдэрч чаддаг байх ёстой. Мэдээж хөндлөнгийн ажиглагчид ч бас эдгээр зүйлийг анзаарч чадна. Хөшүүн, маанаг байсан хүн гэнэтхэн ухаалаг болох юм уу ерөнхийдөө ухаалаг байсан хүн гэнэтхэн хөшүүн, маанаг, хэрэггүй болж болзошгүй. Энэ хоёр нөхцөл байдал юм уу байр байдал нэг хүнд, эсвэл өөр хүмүүст нэгэн зэрэг тохиолдож болно—энэ нь нэлээд их тохиолддог зүйл юм. Олон тохиолдолд хүн ухаалаг юм уу мунхаг байх нь уураг тархи, бодол, хэв чанарын асуудал биш; харин энэ нь Бурханаар тодорхойлогддог гэдгийг үүнээс харж болно. Ойлгомжтой юу? (Тийм ээ.) Чи эдгээр зүйлийг туулах хүртлээ хэзээ ч ойлгохгүй. Тэдгээрийг туулж мэдэрмэгцээ мэднэ—туршлага чинь гүнзгий байх тусам, тэдгээрийг чи улам нэгд нэггүй ойлгож, улам гүн гүнзгий танин мэднэ. Бурханы хүсэл үйлдэлд нь байдаг; Бурхан чамд илэрхий заавар өгөхгүй, энэ талаар ойлгомжтой хэлэх юм уу ярьж өгөхгүй, гэхдээ энэ нь Бурхан чиний талаар санал бодолгүй гэсэн үг биш. Бурхан чиний ямар ч бодол, санаа, байдал, хандлагын талаар үзэл бодолгүй гэсэн үг биш. Ямар нэг зүйл өөрт нь тохиолдоход хүн хувийн санаа зорилго, төлөвлөгөө өвөрлөх үе, мөн илт завхарсан зан чанар гаргах үе бол өөрсдийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайх хэрэгтэй яг тэр үе бөгөөд энэ нь бас Бурхан тухайн хүнийг шалгах эгзэгтэй цаг мөч юм. Тиймээс үнэнийг эрж хайж, үнэнийг хүлээн авч, үнэхээр гэмшиж чадах эсэх—эдгээр нь хүнийг хамгийн их илчилдэг мөч билээ. Ийм цаг үеүдэд чи завхарсан зан чанартайгаа хүлээн зөвшөөрч, үнэхээр гэмшихэд бэлэн байх ёстой. Чи Бурханд хайхрамжгүй хандаж, “Бурхан минь, намайг уучлаарай, миний буруу байжээ” гэж хэлэхийн оронд чин сэтгэлээ илэрхийлэх ёстой. Бурханд чиний хайхрамжгүй байдал биш, харин чин сэтгэлээсээ гэмшсэн хандлага хэрэгтэй. Хэрвээ чамд бэрхшээл тулгарвал Бурхан чамд тусалж, чамайг залж чиглүүлж, өөрийгөө эргүүлэхэд чинь хөтөлж, үнэнийг хүлээн авах, эрэлхийлэх зам руу алхам алхмаар хөтөлнө. Мэдээж чиний гэмшил ердөө үг төдий байвал, эсвэл чи гэмшихээр төлөвлөж, өөрийнхөө санаа зорилго, хүслийг орхихыг хүссэн ч тийм чин сэтгэл, хүсэл эрмэлзэл байхгүй бол Бурхан чамайг албадахгүй. Бурханы тухайд гэвэл хүнд хандах хандлагад нь “заавал” гэж байдаггүй; Бурхан чамд эрх чөлөө, сонголт өгөөд, хүлээж байгаа. Тэр юу хүлээж байгаа вэ? Эцэст нь ямар сонголт хийхийг чинь, гэмшихээр зорьж байгаа эсэхийг чинь харахаар хүлээж байгаа. Хэрвээ чи гэмшихээр төлөвлөж байгаа бол хэзээ гэмших гэж байна вэ? Гэмшил чинь яаж илрэх вэ? Хэрвээ чи гэмших бодолтой, гэмшихэд бэлэн байгаа ч үйлдэх үедээ ашиг сонирхлоо хамгаалахаар оролдож, байр сууриа алдахыг хүсэхгүй хэвээр байгаа бол жинхэнээсээ гэмшээгүй, чин сэтгэлээсээ хандаагүй чинь харваас илт байна. Чи гэмшихийг бага зэрэг хүссэн ч үнэхээр гэмшээгүй. Чи ердөө л гэмшихээр төлөвлөж байгаа ч жинхэнээсээ гэмшихгүй бол Бурхан чам дээр ажиллах уу? Ажиллахгүй. Бурхан: “Тэгвэл чи хэзээ гэмших гэж байгаа юм бэ?” гэнэ. Чи мэдэхгүй. Бурхан чамаас дахиад асуух уу? Үгүй, Бурхан: “Тэгэхээр чи жинхэнээсээ гэмшээгүй юм байна. Тэгвэл Би зүгээр л хүлээе дээ” гэж хэлнэ. Чи гэмшихээр төлөвлөөгүй байж болно, гэмшихэд бэлэн биш, эсвэл байр суурь, ашиг сонирхлоо орхиход бэлэн биш байж болно. Тэгвэл зүгээр ээ. Бурхан чамд эрх чөлөө өгсөн, чи хүссэн сонголтоо хийж болно. Бурхан чамайг албадахгүй. Гэхдээ чиний бодолцон үзэх ёстой нэг баримт гэвэл, Ниневе хотынхны адилаар өөрийгөө эргүүлж, гэмшихгүй бол юу болох вэ? Чи устгагдана. Хэрвээ чи одоо зүгээр л гэмшихээр төлөвлөж байгаа ч гэмших ямар нэг бодитой үйлдэл хийгээгүй бол Бурхан чамайг анхаарахгүй. Бурхан яагаад чамайг анхаарахгүй вэ? “Чи чин сэтгэлгүй, үзэл бодлоо илэрхийлдэггүй, сэтгэл хоёрдсоор байгаа” гэж Бурхан хэлнэ. Агшин зуур бодсоны дараа чи гэмшихэд бэлэн гэж хэлдэг ч тэр нь зүгээр л чиний бодол, ямар ч үйлдэлгүй, тодорхой төлөвлөгөөгүй хоосон үг юм. Тийм учраас Бурхан: “Би чам шиг хүмүүсийг зүгээр л хойш тавина. Чамайг Би анхаарахгүй. Хүссэнээ л хий!” гэдэг. Нэг л өдөр чи “Өө яана аа, би гэмших хэрэгтэй юм байна” гэж ухаарвал яаж гэмших ёстой вэ? Бурхан чиний тэр үгэнд хууртаад, сохроор ажиллахгүй, “Тэр гэмшихээр төлөвлөж байгаа юм чинь одоо Би түүнийг ерөөх ёстой, тийм биз дээ?” гэж хэлэхгүй. Бурхан тэгэхгүй. Бурхан юу хийх вэ? Чамайг шалгана. Чи гэмшихээр төлөвлөж, гэмшихийг хүсэж, гэмших шаардлага чинь өмнөхөөсөө арай илүү хүчтэй байсан ч хэр удаж байж үнэхээр гэмшихийг чинь хэн мэдэх билээ. Хэрвээ чи гэмших бодитой алхам хийгээгүй, ямар ч бодитой төлөвлөгөөгүй бол тэр нь жинхэнэ гэмшил биш. Чи бодит үйлдэл хийх ёстой. Чамайг бодит үйлдэл хиймэгц Бурханы ажил дагалдана. Бурханы ажил болон хүмүүст хандах хандлага зарчимтай байдаг биш үү? Бурханыг ажиллах үед хүн гэгээрэл хүртэж, нүд нь гэрэлтэж, үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орж чаддаг бөгөөд олж авсан зүйл нь зуу дахин, мянга дахин үржигддэг. Ийм зүйл болмогц чи үнэхээр ерөөгддөг. Тэгвэл эдгээр зүйлд хүрэхийн тулд хүмүүс ямар суурь тавих ёстой вэ? (Үнэхээр гэмших чадвар.) Зөв. Хүмүүс өөрсдийн ашиг сонирхол, хүслийг үнэхээр орхих үедээ, Бурханд жинхэнээсээ гэмших үедээ—өөрөөр хэлбэл, мууг үйлдэхээ больж; ёрын муугаа, хүсэл, санаа зорилгоо орхиж; Бурханд улайж, Бурханы шаардлага болон Бурханы үгийг хүлээн авах үедээ—өөрсдийгөө өөрчлөх бодит байдалд орж эхэлнэ. Зөвхөн энэ л жинхэнэ гэмшил юм.

Бид хүний эрэл хайгуулын явцад ихэвчлэн тохиолддог асуудал болон үнэнийг эрэлхийлж буй хүмүүсийн таньж, мэдэж авч болох асуудлуудын талаар сая нөхөрлөлөө. Тэдгээр нь шийдвэрлэх учиртай яг тэр асуудлууд юм. Бид урьд нь эдгээр асуудлыг тайлбарлаагүй, задлан шинжлээгүй, тэр ч байтугай, тэдгээрийн талаар ямар ч тодорхой дүгнэлтэд хүрээгүй байж болох ч үнэнийг эрэлхийлэх явцад хүний туулдаг алхам бүр, энэ үйл явцад гардаг өөр өөр зан авир, байдлын талаарх холбогдох үг, ажил Бурханд байдаг, тэдгээрт хандаж, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой арга зам, арга барил Бурханд байдаг. Хүмүүс энэ бүх зүйлийн заримыг туулж, ойлгож чадна; тэд Бурханыг буруугаар ойлгох ёсгүй, эсвэл Бурханы талаар бодит байдалд нийцэхгүй аливаа үзэл, төсөөлөл өвөрлөх ёсгүй. Түүнчлэн үнэний эрэл хайгуултай холбоотой алхам бүрд, үйлдэл бүрд, хэрэгжүүлэлт болгонд Бурхан хүмүүст хангалттай эрх чөлөө, сонголт хийх хангалттай дэмжлэг өгдөг—Тэр хүмүүсийг албаддаггүй. Хэдий эдгээр үг, шаардлагыг бичгээр хэвлэж, тодорхой, нягт нямбай хэлээр хэлсэн боловч эдгээр үгэнд хэрхэн хандахаа хүн бүр чөлөөтэй сонгож болно. Бурхан хүмүүсийг хүчилдэггүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байгаа бол аврагдах найдвар чамд байна. Чи үнэнийг эрэлхийлэх хүсэлгүй бол, эдгээр үнэнийг тоолгүй, үл хайхардаг бол, үнэний эрэл хайгуулыг хэрэгжүүлэх энэ арга замуудыг огтхон ч сонирхдоггүй бол тэр нь ч бас зүгээр. Бурхан чамайг хүчлэхгүй. Чи зүгээр л Бурханы төлөө хөдөлмөрлөхийг хүсдэг бол тэр нь ч бас зүгээр. Зарчмыг зөрчихгүй л байвал Бурханы гэр чамд сонголт хийх боломж олгоно. Үнэний эрэл хайгуул нь хэдийгээр аврал хүртэхтэй салшгүй холбогдож, нягт холбоотой байдаг ч үнэнийг эрэлхийлэх сонирхолгүй, үнэнийг эрэлхийлэх бодол, санаа, төлөвлөгөөгүй хүмүүс цөөнгүй хэвээр байна. Тэгвэл энэ хүмүүс яллагддаг уу? Яг ч тийм биш. Хэрвээ энэ хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ Бурханы гэрийн шаардлагыг хангаж байвал тэнд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж болно. Үнэнийг эрэлхийлэхгүй байгаагаас чинь болоод Бурханы гэр үүрэг гүйцэтгэх эрхийг чинь хасахгүй. Гэхдээ ийм маягаар үүргээ гүйцэтгэхийг өнөөг хүртэл “хөдөлмөрлөх” гэж ангилсаар ирсэн. “Хөдөлмөрлөх” гэдэг нь үүнийг аятайхнаар хэлсэн хэрэг, энэ бол Бурханы гэрийн ашигладаг нэр томьёо, харин үнэн хэрэгтээ үүнийг зүгээр л “ажил хийх” гэж нэрлэж ч болно. “Ажил хийх үед цалин авдаг шүү дээ” гэж зарим чинь хэлнэ. Тийм ээ, ажил хийснийхээ төлөө цалин авч болно. Тэгвэл чиний цалин юу вэ? Чамд Бурханы өгсөн бүх нигүүлсэл бол чиний цалин юм. Үнэний эрэл хайгуулын тухайд бол чи юу хийхээр зорьж байгаа, юу хийхээр төлөвлөж байгаа, юу хийхээр хүсэж байгаа нь хамаагүй, одоо чөлөөтэй гэдгийг чинь Би тодорхой хэлж өгч чадна. Чи үнэнийг эрэлхийлж болно, тэр нь зүгээр; эрэлхийлэхгүй бол тэр нь ч бас зүгээр. Гэхдээ та нарт Миний хэлэх сүүлчийн зүйл бол хүн үнэнийг эрэлхийлснээр л аврагдаж чадна. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй бол аврагдах найдвар чинь тэг болно. Миний хэлэх баримт бол энэ. Зүрх сэтгэлд чинь энэ баримтыг тодорхой, ойлгомжтой, яг таг, тод томруун шингээхийн тулд—авралын найдвар ямар суурин дээр тулгуурладгийг зүрх сэтгэлд чинь тодорхой мэдүүлэхийн тулд та нарт энэ баримтыг хэлэх ёстой. Хэрвээ чи хөдөлмөрлөөд л сэтгэл ханаж, “Би зүгээр л үүргээ биелүүлж, Бурханы гэрээс хөөгдөхгүй байхад л болно: үнэнийг эрэлхийлэх мэтийн хэцүү зүйлээр өөртөө төвөг удах шаардлагагүй” гэж боддог бол чиний энэ үзэл бодол үндэслэлтэй юу? Хэдийгээр чи одоо Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэсээр байгаа ч эцсээ хүртэл Бурханыг дагаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Ямартай ч үнэнийг эрэлхийлэх нь амьдралын томоохон асуудал бөгөөд гэрлэж, үр хүүхэдтэй болж, хөвгүүд охидоо өсгөхөөс, амьдралаа авч явж, эд хөрөнгөтэй болохоос илүү чухал. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж, ирээдүйгээ эрэлхийлэхээс ч илүү чухал. Эцсийн эцэст үнэнийг эрэлхийлэх нь хүний амьдралын замд хамгийн чухал зүйл юм. Хэрвээ та нар хараахан үнэнийг эрэлхийлэх сонирхолтой болоогүй бол хэн ч та нарын талаар дүгнэлт гаргахгүй, та нар ирээдүйд үнэнийг эрэлхийлэхгүй гэж хэлэхгүй. Би ч бас та нарын талаар дүгнэлт гаргаж, одоо үнэнийг эрэлхийлэхгүй бол ирээдүйд хэзээ ч үнэнийг эрэлхийлэхгүй гэж хэлэхгүй. Тийм зүйл болохгүй. Тийм логик харилцаа байхгүй; энэ бол бодит баримт биш. Ямартай ч ойрын ирээдүйд, эсвэл яг одоо энэ мөчид та нар үнэнийг эрэлхийлэх замд орж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс болж, аврагдах найдвартай хүмүүсийн дунд тоологдоно гэж Би найдаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих