Бурхан Еваг бүтээсэн нь
Эхлэл 2:18–20 Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн огторгуйн бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв. Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, огторгуйн жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.
Эхлэл 2:22–23 Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм, түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй хүн гэж нэрлэх болно” гэжээ.
Библийн энэ хэсэгт нэг чухал мөр бий: “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ.” Тэгэхээр, бүх амьд амьтанд хэн нэр өгсөн бэ? Бурхан биш, харин Адам. Энэхүү мөр нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээхдээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ бол мадаггүй юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтан бүтээсний дараа Адам тэр бүх амьтныг таньж байсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж, Бурхан түүнд эдгээр амьтныг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол жинхэнэ баримт! Тэгвэл тэр эдгээр амьтанд яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн бэ? Энэ нь Адамыг бүтээхдээ Бурхан түүнд юу нэмсэн бэ гэдэг асуултад хамаарах юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг уг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм, тиймээс анхааралтай сонс. Энд та бүхний ойлгох ёстой бас нэг чухал зүйл байна: Адам эдгээр амьтанд нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд байршсан. Би яагаад үүнийг дурдаж байна вэ? Яагаад гэвэл, энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба үүнийг Би цааш нь дэлгэрэнгүй тайлбарлах ёстой.
Бурхан хүнийг бүтээж, түүнд амийн амьсгал үлээж оруулаад, Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо заримыг нь өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг юм хийж, өөрөө бодож сэтгэж чаддаг болсон. Хэрвээ хүний бодож, хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан зүгээр орхидог. Иймээс “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ” гэсэн өгүүлбэр юуг илтгэдэг вэ? Энэ нь, төрөл бүрийн амьтанд өгсөн нэрээс алийг нь ч өөрчлөх хэрэггүй гэж үзсэнийг илтгэж байна. Адам амьтныг ямраар нэрлэхэд нь Бурхан тухайн амьтны нэрийг батлан “Тийм болог” гэж хэлж байжээ. Тэр хэрэг дээр Бурхан ямар нэг санал бодол илэрхийлсэн үү? Үгүй, Тэр мэдээж тэгээгүй. Та нар эндээс юу олж мэдэв? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн юм хийхдээ Бурханаас заяасан оюун ухаанаа ашигласан. Хэрвээ хүний хийдэг зүйл Бурханы нүдэнд эерэг бол Бурхан ямар ч шүүлт, шүүмжлэлгүйгээр баталж, зөвшөөрч, хүлээн авдаг. Энэ нь ямар ч хүн, ямар ч муу ёрын сүнс юм уу, Сатаны хийж чадахгүй зүйл юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илэрхийллийг харж байна уу? Хүн төрөлтөн, нэг ялзарсан этгээд, эсвэл Сатан өөрийнх нь өмнөөс яг хамар дор нь юм хийхийг бусдад зөвшөөрөх байсан уу? Мэдээж, үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр хүн юм уу, өөр хүчтэй энэ байр суурийн төлөө тэмцэх байсан уу? Мэдээж, тэгэх байсан! Хэрвээ тухайн мөчид нэг ялзарсан этгээд юм уу, Сатан Адамтай хамт байсан бол Адамын хийж байсан зүйлийг лав зөвшөөрөхгүй байх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрийн онцлог ухвар байгаа гэдгийг батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг ор тас үгүйсгэн, “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би энийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Харри гэж нэрлэнэ. Би хэчнээн ухаалаг гэдгээ үзүүлэх хэрэгтэй” гэх байлаа. Энэ ямархуу уг чанар вэ? Энэ нь учиргүй биеэ тоосон зан биш гэж үү? Харин Бурхан ямар вэ? Түүнд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийж байсан зүйлийг хачин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь маргаангүй “Үгүй”! Бурханы илчилдэг зан чанарт маргаанч, биеэ тоосон, эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан өчүүхэн төдий ч байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Хэдийгээр энэ нь ялимгүй зүйл мэт боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ухаарах гэж хичээхгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй та нар санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан “Сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна!” гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг сайшааж, үнэлж, магтаж байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байв. Энэ бол Бурханы оронд, Бурханы нэрийн өмнөөс хүний хийсэн зүйл байлаа. Бурханы нүдэнд бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн оюун ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы оюун ухааны анхны илрэл байсан юм. Бурханы үзэл бодлоор бол энэ нь сайн илрэл байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Өөрийн оюун ухаанаас Бурхан хүнд бага сага шингээсэн нь хүнийг Өөрийг нь илэрхийлэн харуулж чадах амьд бүтээл болгох зорилготой байсан юм гэдгийг Би энд та нарт хэлэхийг хүсэж байна. Учир нь, ийм амьд биет Өөрийнх нь нэрийн өмнөөс юм хийх нь Бурханы хүсэн хүлээсэн яг тэр зүйл байлаа.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?