Цор ганц Бурхан Өөрөө V
Бурханы ариун байдал (II) (I хэсэг)
Өнөөдөр магтан дуу дуулцгаая, ах эгч нар аа. Та нар өөрсдийн дуртай, байнга дуулдаг дуугаа ол. (Бид, “Сэвгүй ариун хайр” хэмээх Бурханы үгийн магтан дууг дуулмаар байна.)
1. Хайр бол цэвэр сэтгэл хөдлөл, сэвгүй ариун. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад зүрхээ зориул. Хайр ямар ч нөхцөл, хориг эсвэл зай байдаггүй. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад. Хэрэв чи хайрлабал хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй, хариуд нь юм авахаар хичээдэггүй. Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч Бурхантай үүрд нэгдэнэ.
2. Хайр бол хардаж сэжиглэдэггүй, хуурч, залилдаггүй. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад зүрхээ зориул. Хайранд зай байдаггүй, ариун бус юу ч үгүй. Зүрхээ зориул, хайрлаж, мэдэрч, халамжлахад. Хэрэв чи хайрлабал хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй, хариуд нь юм авахаар хичээдэггүй. Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч Бурхантай үүрд нэгдэнэ.
3. Гэр бүл, залуу нас, ирээдүйгээ өгнө, гэрлэлтээ ч чи Бурханы төлөө орхино, өөрт байгаа нандин бүхнээ Түүнд өгнө. Эс бөгөөс чиний хайр Бурханыг хуурч, урваснаас өөр юу ч биш. Хэрэв чи хайрлабал хуурч, гомдоллож, нүүр буруулдаггүй, хариуд нь юм авахаар хичээдэггүй. Хэрэв чи хайрлабал золиос гарган зовлонг хүлээн авч Бурхантай үүрд нэгдэнэ.
Энэ дуу нүдээ олсон сонголт болжээ. Ийм дуу дуулах сайхан байна уу? (Сайхан байна.) Энэ дууг дуулсны дараа юу мэдэрч байна? Та нарын сэтгэлд ийм хайр мэдрэгдэж байна уу? (Хараахан мэдрэгдэхгүй байна.) Энэ дууны аль үгэнд сэтгэл чинь хамгийн их хөдөлж байна вэ? (Хайранд болзол, хил хязгаар болон орон зай байдаггүй. Хайранд сэжиг таамаг, хууран мэхлэлт болон заль мэх байдаггүй. Хайранд ямар ч зай болон ариун бус зүйл байхгүй. Гэхдээ миний дотор олон ариун бус зүйл, Бурхантай наймаацахаар оролддог олон тал, дутуу дулимаг олон хэсэг харагдсаар байна. Өнөөдөр өөрийнхөө тухай бодохоор, ийм сэвгүй ариун хайрыг үнэхээр олж аваагүй гэдгээ харж байна.) Хэрэв чи сэвгүй ариун хайр олж аваагүй юм бол ямар хайр олж авсан юм бэ? Чиний хайр ямар түвшинд байна? (Би ердөө л эрж хайхад бэлэн үе шатанд байгаа, тэндээ хүсэн мөрөөсөж байгаа.) Чи биеийн хэмжээндээ үндэслээд өөрийн туршлагаас яривал ямар түвшинд хүрсэн байна вэ? Чи ов мэх гаргаж байна уу? Гомдоллож байна уу? (Тийм.) Зүрх сэтгэлд чинь шаардлага байна уу? Бурханаас хүсэж, эрмэлздэг зүйл байна уу? (Тийм ээ, миний дотор эдгээр бохир зүйл бий.) Ямар нөхцөлд тэр чинь гарч ирдэг вэ? (Надад зориулж Бурханы зохицуулсан нөхцөл үзэлтэй минь нийцэхгүй байх үед, эсвэл хүсэл минь биелэхгүй байх үед гарч ирдэг: ийм мөчүүдэд би иймэрхүү завхарсан зан чанараа илчилдэг.) Тайваниас ирсэн ах эгч та нар ч энэ магтан дууг байнга дуулдаг уу? “Сэвгүй ариун хайр”-ыг та нар хэрхэн ойлгодог тухайгаа жаахан ярьж болох уу? Бурхан хайрыг яагаад ийм маягаар тодорхойлдог вэ? (Би энэ магтан дуунд маш дуртай, учир нь энэ хайр бол бүрэн дүүрэн хайр гэдэг нь эндээс харагддаг. Гэхдээ би одоо ч тэр стандартаас нэлээд хол, бас үнэн хайрыг олж авахад маш хол байгаагаа мэдэрч байна. Зарим зүйл дээр би ахиц гаргаж, хамтран ажиллаж чадсан, бас Бурханы үгийн өгдөг хүч чадал болон залбирлаар дамжуулан Бурхантай хамтран ажиллаж чаддаг. Гэхдээ тодорхой орчинтой тулгарч, илчлэгдэх үедээ би ирээдүй, хувь заяагүй мэт, мөн хүрэх газаргүй мэт мэдрэмж төрдөг. Тийм мөчүүдэд би маш сул дорой болдог. Хэсэг хугацаанд туулж, залбиралд түшиглэснээр би энэ байр байдлаа тодорхой хэмжээнд өөрчилж чаддаг ч энэ асуудалд сэтгэл минь байнга үймэрсээр байгаа.) “Ирээдүй, хувь заяа” гэж чи эцсийн эцэст яг юуг хэлж байна вэ? Тодорхой нэг зүйлийг хэлж байна уу? Энэ чинь дүр зураг уу, эсвэл чиний төсөөлсөн зүйл үү, эсвэл ирээдүй, хувь заяа чинь үнэндээ нүдэнд харагддаг зүйл үү? Бодитой зүйл үү? Та нар дор бүрнээ зүрх сэтгэлдээ мэдрэх гээд үз: Ирээдүй, хувь заяаны талаар сэтгэл дэх зовнил чинь яг юун тухай байна вэ? (Аврагдаж, амьд үлдэх тухай байна.) Бусад ах эгч та бүхэн ч бас “Сэвгүй ариун хайр”-ын талаарх ойлголтоосоо товчхон яриач. (Ийм хайр бүхий хувь хүнээс ямар ч ариун бус зүйл гарахгүй, мөн тэр хүн ирээдүй, хувь заяаны эрхшээлд автахгүй. Бурхан яаж ч харьцлаа гэсэн Бурханы ажил, зохион байгуулалтыг тэд бүрэн дуулгавартай дагаж, эцсээ хүртэл Түүнийг дагаж чаддаг. Бурханыг хайрлах ийм хайр л сэвгүй ариун хайр юм. Өөрийгөө үүнтэй жишиж үзэхэд, өнгөрсөн хэдэн жилд би Бурханд итгэхдээ өөрийгөө зарлагадаж, зарим зүйлийг хөсөр хаясан мэт байвч Бурханд зүрх сэтгэлээ өгч үнэндээ чадаагүй гэдгээ олж мэдсэн. Бурханд илчлэгдэх юм бол надад аврагдах аргагүй хүн гэж тодорхойлуулсан мэт мэдрэмж төрж, энэхүү сөрөг байдалдаа гүн бодолд дарагддаг. Би үүргээ биелүүлж байгаа харагддаг ч үүнийхээ зэрэгцээ Бурхантай наймаацахаар оролддог бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, бас хүрэх газар, ирээдүй, хувь заяа минь санаанаас ер гардаггүй.)
Та нар энэ дууг байнга дуулдаг байсан бололтой; үүнийг жаахан ойлгодог юм байна, мөн энэ дуу бодит туршлагатай чинь зарим нэг холбоотой юм. Гэвч “Сэвгүй ариун хайр” хэмээх магтан дууны үг хэллэг болгоныг бараг бүх хүн өөр өөр хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Зарим хүн үүнийг бэлэн байх тухай гэж бодож байна, зарим нь ирээдүйгээ хөсөр хаяхаар эрэлхийлж байна, зарим нь гэр бүлээ орхихоор хичээж байна, зарим нь юм хүлээн авахын төлөө эрж хайхгүй байна. Мөн зарим нь ов мэх гаргахгүй, гомдоллохгүй, Бурханы эсрэг тэрслэхгүй байх шаардлага өөрсдөдөө тавьж байна. Бурхан яагаад ийм хайр санал болгохыг хүсэж, Өөрийг нь ингэж хайрлахыг хүмүүсээс шаардах юм бэ? Хүмүүс ийм төрлийн хайрыг эзэмшиж чадах уу? Өөрөөр хэлбэл, хүмүүс ингэж хайрлах чадвартай юу? Хүмүүс ийм хайрын ямар ч шинжгүй тул ингэж хайрлаж чадахгүй гэдгээ ойлгож магад. Хүмүүс ийм хайргүй, мөн хайрын талаар үндсэндээ мэдэхгүй байх үед Бурхан эдгээр үгийг хэлдэг бөгөөд энэ үгс хүмүүст танил бус байдаг. Хүмүүс энэ ертөнцөд завхарсан зан чанартайгаар амьдардаг тул ийм маягаар хайрладаг байсан бол, ямар ч хүсэлт, шаардлага тавьдаггүй, өөрсдийгөө зориулж, зовлон туулж, өөрийн гэсэн бүхнээ орхиход бэлэн ийм хайрыг эзэмшиж чадсан бол ингэж хайрладаг хүнийг бусад нь юу гэж бодох вэ? Ийм хүн төгс байх биш үү? (Тийм ээ.) Үүн шиг төгс хүн энэ ертөнцөд байдаг уу? Үгүй, байдаггүй биз дээ? Нийгмээс тусгаарлагдмал амьдрахгүй л юм бол ийм хүн энэ ертөнцөд огт байхгүй. Тийм биз дээ? Иймээс зарим хүн өөрсдийн туршлагаар энэ үгийн дайд хүрэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Өөрсөдтэйгөө харьцаж, өөрсдийгөө хорьж, тэр ч бүү хэл өөрсдийгөө цаг ямагт хаядаг: зовлонг тэвчиж, үзлээ орхидог. Өөрсдийн тэрслүү зан, хүсэл, хэрэгцээг хаядаг. Гэвч эцэст нь мөн л өнөөх үгийн дайд хүрдэггүй. Яагаад ийм зүйл болдог вэ? Бурхан хүмүүст дагах стандарт өгч, улмаар шаардсан стандартаа хүмүүст мэдэгдэхийн тулд ийм үг хэлдэг. Гэвч Бурхан хүмүүсийг шууд ийм болох ёстой гэж ер нь хэлдэг үү? Ийм болоход хүмүүст хэр их цаг байгааг хэлдэг үү? (Үгүй.) Бурханыг хүмүүс ингэж хайрлах ёстой гэж ер нь хэлдэг үү? Бичвэрийн энэ хэсэгт ингэж хэлж байна уу? Үгүй, ингэж хэлдэггүй. Бурхан дурдсан хайрынхаа талаар л хүмүүст ярьж өгч байгаа юм. Харин хүмүүс Бурханыг ийм байдлаар хайрлаж, Бурханд ийм байдлаар хандаж чадах эсэх тухайд бол Бурхан хүнд ямар шаардлага тавьдаг вэ? Тэдгээр шаардлагыг даруй биелүүлэх шаардлагагүй, учир нь хүний чадамж үүнд хүрэхгүй. Ийм маягаар хайрлахын тулд хүмүүс ямар нөхцөлийг хангах хэрэгтэй талаар та нар бодож үзсэн үү? Хэрэв хүмүүс эдгээр үгийг тогтмол уншвал аажмаар ингэж хайрладаг болох уу? (Үгүй.) Тэгвэл ямар нөхцөлүүд байдаг юм бэ? Нэгдүгээрт, хүмүүс Бурханы талаарх хардлага сэрдлэгээс яаж ангижирч болох вэ? (Үнэнч хүмүүс л тэгж чадна.) Тэгвэл яаж ов мэхгүй байх вэ? (Бас л үнэнч хүн болох ёстой.) Тэгвэл яаж Бурхантай наймаацдаггүй хүн байх вэ? Энэ ч бас үнэнч хүн байхын нэг хэсэг. Заль мэхгүй байхыг яах вэ? Хайранд сонголт гэж үгүй хэмээдэг нь ямар утга учиртай вэ? Энэ бүх зүйл эргээд үнэнч хүн байхтай холбогддог уу? Энд маш их нарийн ширийн зүйл бий. Бурхан ийм төрлийн хайрын талаар ийнхүү ярьж, тодорхойлох чадвартай нь юуг нотолдог вэ? Бурхан ийм хайрыг эзэмшсэн гэж хэлж болох уу? (Болно.) Та нар үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? (Хүнийг хайрлах Бурханы хайраас мэддэг.) Хүнийг гэх Бурханы хайр болзолтой юу? (Үгүй.) Бурхан, хүн хоёрын хооронд хил хязгаар, зай завсар бий юу? (Байхгүй.) Бурхан хүнийг хардаж сэрддэг үү? (Үгүй.) Бурхан хүнийг шинжиж, ойлгодог; Бурхан хүнийг үнэхээр ойлгодог. Бурхан хүнийг мэхэлдэг үү? (Үгүй.) Бурхан энэ хайрын талаар ингэтлээ төгс төгөлдөр ярьж байгаа хойно Түүний зүрх сэтгэл, мөн чанар ч бас төгс байж болох уу? (Болно.) Хүмүүс хайрыг ер нь ингэж тодорхойлж байсан уу? Хүн хайрыг ямар нөхцөлд тодорхойлсон бэ? Хайрын талаар хүн хэрхэн ярьдаг вэ? Өгөө авааны хүрээнд ярьдаг биш үү? (Тийм ээ.) Хайрын энэ тодорхойлолт өнгөцхөн; мөн чанараар дулимаг байдаг.
Хайрын талаарх Бурханы тодорхойлолт, хайрыг ярьж буй байдал нь Түүний мөн чанарын нэг талтай холбоотой, харин энэ нь ямар тал вэ? Урьд нь хүмүүсийн байнга хэлэлцдэг байсан маш чухал сэдвээр бид өнгөрсөн удаад нөхөрлөсөн. Энэ сэдэв нь Бурханд итгэх явцад байнга яригддаг атлаа хүн бүрийн мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг нэг үгээс бүрддэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Энэ нь хүний хэл ярианаас гарсан үг боловч хүмүүс энэ үгийг тодорхой атлаа бүдэг бадаг байдлаар тодорхойлдог. Энэ ямар үг вэ? (Ариун байдал.) Ариун байдал: өнгөрсөн удаад бид энэ сэдвээр нөхөрлөсөн. Бид энэ сэдвийн нэг хэсгийн тухай нөхөрлөсөн шүү дээ. Өнгөрсөн удаад энэ сэдвийн хэсэгчилсэн хэлэлцүүлгээр дамжуулж Бурханы ариун байдлын мөн чанарын талаар хүн бүр шинэ ойлголт олж авсан уу? Энэ ойлголтын аль тал нь цоо шинэ гэж та нар үзэж байна вэ? Өөрөөр хэлбэл, Бурханы ариун байдлын талаарх ойлголт чинь нөхөрлөлийн үеэр Миний ярьсан Бурханы ариун байдлаас өөр, зөрүүтэй байгааг та нар энэ ойлголт, эдгээр үг доторх юунаас мэдэрсэн бэ? Энэ талаар ямарваа сэтгэгдэл төрсөн үү? (Бурхан зүрх сэтгэлдээ мэдэрч буй зүйлээ хэлдэг; Түүний үг сэвтээгүй байдаг. Энэ нь ариун байдлын нэг талын илрэл юм.) (Бурхан хүн төрөлхтөнд хилэгнэх нь бас ариун байдаг; Түүний уур хилэн сэвгүй юм.) (Бурханы ариун байдлын хувьд Бурханы уур хилэн, өршөөл хоёрын аль аль нь Түүний зөвт зан чанарт багтдаг гэж би ойлгож байна. Энэ нь надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн. Өнгөрсөн удаагийн нөхөрлөлөөр бас Бурханы зөвт зан чанарыг цорын ганц гэж дурдсан—үүнийг би өмнө нь ойлгодоггүй байж. Бурханы уур хилэн бол хүний уураас ялгаатай, ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл гэж Та хэлсэн. Бурханы уур хилэн бол эерэг зүйл бөгөөд зарчимтай байдаг; Бурханы төрөлх мөн чанараас үүдэн энэ уур хилэн гардаг. Бурхан сөрөг зүйлийг хараад уурлан хилэгнэдэг. Бурханы өршөөл ч бас бүтээгдсэн ямар ч зүйлд байдаггүйг би ойлгож байгаа.) Өнөөдрийн сэдэв маань Бурханы ариун байдал. Хүмүүс бүгд Бурханы зөвт зан чанарын талаар зарим нэг зүйл сонсож, мэдсэн байдаг. Түүнчлэн олон хүн Бурханы ариун байдал, Бурханы зөвт зан чанарыг нэг түвшинд авч үздэг; тэгээд Бурханы зөвт зан чанарыг ариун гэцгээдэг. “Ариун” гэх үгийг бүгд мэдэж байгаа нь лавтай—энэ бол өргөн хэрэглэгддэг үг. Гэхдээ энэ үгийн цаад утга учрын тухайд Бурханы ариун байдлын ямар илэрхийллийг хүмүүс харж чаддаг вэ? Бурханы илчилсэн ямар зүйл хүмүүст танигдахуйц байдаг бэ? Харамсалтай нь үүнийг хэн ч мэддэггүй. Бурханы зан чанар зөвт байдаг хэдий ч Бурханы зөвт зан чанарыг ариун гэж хэлэх юм бол жаахан тодорхойгүй, учир нь олдохгүй болдог; яагаад тэр вэ? Бурханы зан чанарыг чи зөвт гэдэг, эсвэл зөвт зан чанарыг нь ариун гэж хэлдэг, тэгвэл Бурханы ариун байдлыг та нар зүрх сэтгэлдээ хэрхэн тодорхойлж, хэрхэн ойлгодог вэ? Өөрөөр хэлбэл Бурхан юу илчилсэн юм бэ? Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнээс юуг нь хүмүүс ариун гэж хүлээн зөвшөөрдөг юм бэ? Энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Миний харснаар хүмүүс нийтлэг хэрэглэгддэг үг, олонтоо яригдсан хэллэгийг ихэвчлэн хэлдэг хэдий ч өөрсдөө юу гэж хэлээд байгаагаа ч мэддэггүй. Хүн болгон яг ингэж хэлдэг бөгөөд дадсан зангаар ингэдэг тул энэ нь тэдний хувьд хэвшсэн нэр томьёо болдог. Гэвч судалж, нарийн ширийнийг нь үнэхээр шинжилсэн бол үүний бодит утга юу болох, энэ нь юуг хэлээд байгааг мэдэхгүй гэдгээ ухаарна. “Ариун” гэдэг үгийн яг адилаар өөрсдийнх нь ярьдаг Бурханы ариун байдал нь Бурханы мөн чанарын яг аль талыг хэлээд байгааг хэн ч мэддэггүй, мөн “ариун” гэх үгийг Бурханд хэрхэн тааруулахаа хэн ч мэддэггүй. Хүмүүс зүрх сэтгэлдээ төөрөлдсөн байдаг бөгөөд Бурханы ариун байдлыг тодорхойгүй, бүдэг бадаг байдлаар хүлээн зөвшөөрдөг. Бурхан хэрхэн ариун байдгийг хэн ч сайн мэддэггүй. Өнөөдөр бид “ариун” гэх үгийг Бурханд тааруулж, улмаар Бурханы ариун байдлын мөн чанарын бодит агуулгыг хүмүүст харуулахын тулд энэ сэдвээр нөхөрлөх болно. Ингэснээр зарим хүн энэ үгийг дадсан зангаар болгоомжгүй хэрэглэх, юу гэж хэлж байгаагаа мэдэхгүй, өөрсдийнх нь зөв, зүйтэй эсэхийг мэдэхгүй байж хаа хамаагүй зүйл хэлэхээс сэргийлнэ. Хүмүүс ямагт ийнхүү ярьсаар ирсэн; чи ч ярьсан, тэр ч ярьсан, тэгээд энэ нь ярианд дадал болсон байна. Энэ нь тус нэр томьёог санамсаргүй сэвтүүлдэг юм.
Гаднаа “ариун” гэх үг маш ойлгомжтой юм шиг санагддаг, тийм биз? Хүмүүс наад зах нь “ариун” гэх үгийг цэвэр, бузартаагүй, ариун, гэгээн гэсэн утгатай хэмээн итгэдэг. Мөн “ариун байдлыг” бидний дөнгөж сая дуулсан “Сэвгүй ариун хайр” хэмээх магтан дуун дахь “хайртай” холбодог хүмүүс бий. Энэ нь ч зөв; энэ бол ариун байдлын нэг тал юм. Бурханы хайр бол мөн чанарынх нь нэг хэсэг болохоос мөн чанар нь бүхэлдээ биш. Гэвч хүмүүс үзэлдээ энэ үгийг хараад өөрсдийн цэвэр ариун гэж үздэг зүйлстэй холбож, эсвэл бузартаагүй, өө сэвгүй гэж боддог зүйлстэйгээ холбох хандлагатай байдаг. Жишээ нь, бадамлянхуа цэцэг ариун байдаг, бохир шалбаагаас өө сэвгүйгээр дэлбээлдэг гэж зарим хүн хэлсэн. Иймээс хүмүүс “ариун” гэх үгийг бадамлянхуа цэцэгт хэрэглэж эхэлсэн юм. Зарим хүн хуурамч хайрын түүхийг ариун гэж үздэг, эсвэл зохиомол, биширмээр дүрийг ариун гэж үзэж магад. Түүнчлэн зарим нь Библид гардаг хүмүүс, сүнслэг номуудад тэмдэглэгдсэн байдаг ариун хүмүүс, элч нар, Бурханыг ажлаа хийж байхад нь дагаж явсан бусад хүн гэх зэрэг бас бус хүнийг ариун сүнслэг туршлагатай байсан гэж үздэг. Эдгээр нь бүгд хүмүүсийн бодож олсон зүйл, хүмүүсийн баримталдаг үзэл юм. Хүмүүс яагаад ийм үзэл баримталдаг вэ? Шалтгаан нь маш энгийн: Учир нь хүмүүс завхарсан зан чанар дунд амьдарч, ёрын муу, бузар булай ертөнцөд амьдран суудаг. Тэдний харж, хүрч, туулдаг бүх зүйл нь Сатаны ёрын муу байдал, завхрал болоод Сатаны нөлөөгөөр хүмүүсийн дунд өрнөдөг явуулга, дотоодын тэмцэл, дайн дажин байдаг. Иймээс Бурхан хүмүүст ажлаа хийж, бүр үг хэлж, зан чанар, мөн чанараа илчилсэн ч Бурханы ариун байдал, мөн чанарыг хүмүүс олж харж, мэдэж чаддаггүй. Бурхан ариун гэж хүмүүс байнга хэлдэг ч жинхэнэ ойлголтгүй бөгөөд зүгээр л хий хоосон үг хэлж байдаг. Учир нь хүмүүс бузар булай байдал, завхрал дунд амьдарч, Сатаны эзэмшил дор байдаг бөгөөд гэрлийг хардаггүй, эерэг асуудлын талаар юу ч мэддэггүйн зэрэгцээ үнэнийг мэддэггүй, “ариун” гэж юу гэсэн үг болохыг хэн ч үнэндээ мэддэггүй. Тэгвэл завхарсан энэ хүн төрөлхтний дунд ариун зүйл, ариун хүн бий юу? Үгүй, байхгүй гэж бид баттай хэлж чадна, учир нь Бурханы мөн чанар л ариун байдаг билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?