Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 55
Долоон аянга сэнтийгээс гарч, орчлонг чичрүүлж, тэнгэр газрыг орвонгоор нь эргүүлж, тэнгэрээр цуурайтна! Дуу нь чихэнд хадаж, хүмүүс үүнээс зугтаж ч, нуугдаж ч чадахгүй. Аянга, цахилгаан гялбаж, тэнгэр газар хоёр хоёулаа тэр даруй өөрчлөгдөж, хүмүүс үхлийн ирмэг дээр ирдэг. Дараа нь, догшин шуургатай аадар бороо гэрлийн хурдаар бүхэл сансар огторгуйг хамран тэнгэрээс бууна! Дэлхийн хамгийн алсын өнцөг буланд бүгдийг толгойноос хөл хүртэл шүршүүр шиг шалба цохиж ганц ч толбо үлдээхгүй; юу ч үүнээс нуугдаж, хэн ч үүнээс хоргодож чадахгүй. Аянгын нижигнээн, цахилгааны гялбаа шиг жихүүн цацраг хүмүүсийг айн чичрэхэд хүргэдэг! Хурц илд тэрслүү хөвгүүдийг цавчиж, орогнох газаргүй дайсан гамшигтай нүүр тулдаг; салхи, бороо дайрахад тэд балмагдаж, хүчинд нь өнхөрч, урсах усанд тэр дороо үхэтхийн унаж хөвөн одно. Зөвхөн үхэл байна, амьд үлдэх ямар ч арга тэдэнд байхгүй. Долоон аянга Надаас гардаг ба Египетийн ууган хөвгүүдийг устгаж, хорон мууг шийтгэж, Өөрийн чуулгануудыг цэвэрлэх санаа зорилгыг минь дамжуулдаг, ингэснээр бүгд өөр хоорондоо ойртож, байдгаараа байж, Надтай нэг зүрх сэтгэлтэй байж болох ба ингэснээр орчлон ертөнцийн бүх чуулган нэг болон барьж байгуулагдаж болно. Энэ бол Миний зорилго юм.
Аянга дуугарахад орилж уйлах дуу яг араас нь гардаг. Зарим нь нойрноосоо сэрж, ихэд түгшин, сүнсэндээ гүнзгий хайж, сэнтийн өмнө яаран буцдаг. Тэд эрээгүй заль мэх, балмад үйлдлээ зогсоодог; ийм хүмүүсийн хувьд сэрэхэд нэг их оройтоогүй. Би сэнтийгээс хардаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг. Намайг чин сэтгэлээсээ, гал цогтойгоор хүсдэг хүмүүсийг Би аварч, тэднийг өрөвддөг. Зүрх сэтгэлдээ өөр юунаас ч илүүгээр Намайг хайрладаг, Миний хүслийг ойлгодог, Намайг замын эцэс хүртэл дагадаг хүмүүсийг Би мөнхөд аварна. Миний гар тэднийг найдвартай барина, тэгснээр тэд энэ дүр зурагтай тулгарахгүй бөгөөд тэдэнд аюул учрахгүй. Зарим нь, цахилгааны энэ гялбааг хараад зүрх сэтгэлдээ хэлэхийн аргагүй зовж, жигтэйхэн их харамсдаг. Хэрвээ тэд ийм маягаар авирласан хэвээр байвал тэдний хувьд хэтэрхий оройтно. Ай, бүгд, бүх зүйл! Энэ бүгд дуусгавар болно. Энэ бас Миний авралын арга барилын нэг юм. Намайг хайрладаг хүмүүсийг Би аварч, өөдгүй мууг устгадаг, Өөрийн хаанчлалыг газар дээр бат, тогтвортой байлгаж, бүх улс үндэстэн, ард түмэн, бүх орчлон, дэлхийн зах хязгаарын бүгдэд Би бол сүр жавхлан, Би бол дүрэлзэх гал, Би бол хүн бүрийн зүрх сэтгэлийн гүнийг хайдаг Бурхан гэдгийг мэдүүлэх болно. Энэ цагаас эхлэн, агуу цагаан сэнтийн шүүлт олон нийтэд ил тод илчлэгдсэн ба шүүлт эхэлчихсэнийг бүх хүнд зарласан! Үг нь чин сэтгэлийн бус, эргэлздэг, итгэж зүрхэлдэггүй, Миний хүслийг ойлгодог ч хэрэгжүүлэх дургүй цаг дэмий үрэгсэд—бүгдээрээ шүүгдэх ёстой гэдэг нь эргэлзээгүй юм. Та нар өөрсдийн санаа зорилго, сэдлийг нарийвчлан шалгаж, зохих байр сууриа эзлэх ёстой; Миний үгийг буурьтай хэрэгжүүл, амийн туршлагадаа ач холбогдол өг, өнгөцхөн урам зоригтой бүү үйлд, харин өөрсдийн амийг өсгөж, боловсруулж, баттай, туршлагатай болго—тэгсэн цагт л та нар Миний зүрх сэтгэлийн дагуу байх болно.
Сатаны зарц нарт болон Миний байгуулж байгааг үймүүлж, устгадаг муу ёрын сүнснүүдэд аливааг завших боломж бүү олго. Тэднийг чанд хязгаарлаж, хориглох ёстой; тэдэнтэй зөвхөн хурц сэлэм ашиглан харьцаж болно. Ирээдүйд төвөг учруулахыг нь урьдчилан хаахын тулд хамгийн муу хүмүүсээс даруйхан ангижрах ёстой. Мөн чуулган төгс болж, бүх гаж байдал үгүй болох бөгөөд эрүүл саруул, эрч хүч, энергиэр дүүрэн болно. Гялбасан цахилгааны дараа, аянгын дуу нижигнэдэг. Чи хайнга байх ёсгүй, чи бууж өгөх ёсгүй, харин хөл нийлүүлэхийн тулд чадах бүхнээ хий, тэгээд Миний гар юу хийдгийг, Би юу олж авах гэдгийг, Би юу хаях гэдгийг, Би юу төгс болгох гэдгийг, Би юунаас ангижрах гэдгийг, Би юу устгана гэдгийг чи харж гарцаагүй чадна—энэ бүхэн та нарын нүдний өмнө дэлгэгдэн Миний бүхнийг чадагч хүчийг та нарт тодорхой харуулах юм.
Сэнтийгээс эхлээд орчлон ба дэлхийн зах хязгаарыг хүртэл долоон аянга цуурайтдаг. Бөөн хүн аврагдаж, Миний сэнтийн өмнө захирагдах болно. Амийн энэ гэрлийг дагаад хүмүүс амьд гарах зам эрж хайх бөгөөд Миний өмнө ирж, шүтэн мөргөхөөр сөгдөж, ам нь төгс хүчит жинхэнэ Бурханы нэрийг дуудаж, царайчлан гуйхаас өөр яаж ч чаддаггүй. Харин Намайг эсэргүүцдэг, хатуу сэтгэлтэй хүмүүсийн чихэнд аянга нүргэлэх ба тэд мөхөх ёстой нь эргэлзээгүй. Тэднийг ердөө л ийм эцсийн үр дүн хүлээдэг юм. Миний ялгуусан хайрт хөвгүүд Сионд үлдэж, тэдний юу олж авахыг бүх хүн харах бөгөөд энгүй их алдар суу та нарын өмнө гарч ирнэ. Энэ бол жаргалыг нь зүйрлэхүйеэ бэрх, үнэхээр агуу ерөөл билээ.
Долоон аянгын нүргээн гарах нь Намайг хайрладаг, Намайг үнэн зүрх сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийн аврал юм. Надад харьяалагддаг, Миний урьдаас тогтоосон болон сонгосон хүмүүс бүгд Миний нэрийн дор ирж чадна. Тэд Миний дуу хоолойг буюу Бурхан тэднийг дуудаж байгааг сонсож чадна. Би бол зөвт, Би бол итгэмжит, Би бол хайр, Би бол энэрэл, Би бол сүр жавхлан, Би бол дүрэлзэх гал, эцэст нь Би бол өршөөлгүй шүүлт гэдгийг газрын зах хязгаарынхан хараг.
Би бол жинхэнэ, бүрэн төгс Бурхан Өөрөө гэдгийг дэлхийд байгаа бүхэн хараг. Бүх хүн чин сэтгэлээсээ үнэмшиж, хэн ч Намайг дахин эсэргүүцэж, Намайг шүүж, Намайг гүтгэж зүрхлэхгүй. Тэгэх юм бол тэдэнд хараал тусаж, гамшиг тохиолдоно. Тэд өөрсдийнхөө сүйрлийг авчирч, мэгшин уйлж, шүдээ хавирч л чадна.
Төгс Хүчит Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан гэдгийг бүх хүн мэдэг, орчлон даяар, газрын зах хязгаарт, айл бүрд, хүн бүхэнд мэдэгдүүл. Бүх хүн ар араасаа өвдөг сөгдөн Намайг шүтэн мөргөх ба дөнгөж хэлд орсон хүүхдүүд хүртэл “Төгс Хүчит Бурхан” хэмээн дуудах болно! Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өмнө нь жинхэнэ Бурхан гарч ирэхийг нүдээрээ харах бөгөөд тэд ч мөн шүтэн мөргөж, түрүүлгээ харан унаад өршөөл, уучлал гуйх боловч үхэх цаг нь ирсэн учир хэтэрхий оройтсон байна. Тэдэнд ёроолгүй ангалд хаягдахаар яллагдаж, дуусах л үлдэх юм. Би бүхэл бүтэн эрин үеийг төгсгөлд нь аваачиж, Өөрийн хаанчлалыг улам бэхжүүлнэ. Бүх улс үндэстэн, хүмүүс Надад мөнх захирагдана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 35-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?