Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд 16-р бүлэг
Хүнд Миний хэлэхийг хүсдэг зүйл маш их бөгөөд түүнд хэлэх ёстой зүйл маш олон бий. Гэвч хүний хүлээн авах чадвар хэтэрхий дутуу дулимаг; хүн Миний үгийг Миний өгсний дагуу бүрэн ухаарах чадваргүй ба зөвхөн нэг талыг нь л ойлгохын сацуу нөгөөг нь мэдэхгүй хэвээр үлддэг. Гэсэн ч Би хүчин мөхөс байдлаас нь болж хүнийг үхүүлдэггүй, мөн сул доройгоос нь болж гонсойдоггүй. Хүн Миний хүслийг ойлгодоггүй ч гэсэн Би ердөө л Өөрийн ажлыг хийж, урьдын адилаар үгээ хэлдэг; цаг нь ирэхэд хүмүүс Намайг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж, бодолдоо Намайг дурсан санана. Би энэ дэлхийгээс явах үе бол Би хүний зүрх сэтгэл дэх сэнтийд залрах яг тэр үе байх болно, өөрөөр хэлбэл, энэ нь бүх хүн Намайг мэдэх үе байх болно. Тиймээс энэ нь бас Миний хөвгүүд болон ардууд албан ёсоор газар дээр засаглах үе байх болно. Намайг мэддэг хүмүүс гарцаагүй Миний хаанчлалын багана болох ба зөвхөн тэд л Миний хаанчлалд засаглаж, эрх мэдэл эзэмшихэд тохирно. Намайг мэддэг хүмүүс бүгд Миний оршихуйг эзэмшдэг бөгөөд бүх хүний дунд Намайг амьдран харуулж чаддаг. Хүн Намайг хэр зэрэг мэддэгийг Би тоодоггүй: Ямар ч байсан хэн ч Миний ажилд саад хийж чадахгүй ба хүн Надад ямар ч тусламж үзүүлж, юу ч хийж өгч чадахгүй. Хүн Миний гэрэлд Миний удирдамжийг дагаж, энэ гэрэлд Миний хүслийг эрж хайж л чадна. Өнөөдөр хүмүүс чадвартай болсон ба Миний өмнүүр маадайн алхаж, Надтай огтхон ч эрээ цээргүй инээж, марзганан, Надтай ижил зиндааных мэт харилцаж болно гэж боддог. Хүн Намайг бас л мэддэггүй, бид мөн чанартаа адилхан, бид хоёулаа мах, цуснаас бүтсэн, хоёулаа хүний ертөнцөд оршдог гэж бодсоор байдаг. Намайг хүндлэх түүний хүндлэл хэтэрхий хомс; Миний өмнө байхдаа Намайг хүндэлдэг боловч Сүнсний өмнө Надад үйлчлэх чадваргүй. Хүний хувьд Сүнс огт оршдоггүй юм шиг л байдаг. Үр дүнд нь хэн ч, хэзээ ч Сүнсийг мэдээгүй; бие махбодтой болсон Надаас хүмүүс мах, цуснаас бүрдсэн биеийг л хардаг боловч Бурханы Сүнсийг хардаггүй. Ийм маягаар Миний хүслийг биелүүлж үнэхээр чадах уу? Хүмүүс Намайг мэхлэхдээ гарамгай; Намайг хуурахын тулд Сатан тэднийг тусгайлан сургасан мэт санагддаг. Гэсэн ч Би Сатаны үймээнд автдаггүй. Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулахын тулд Би мэргэн ухаанаа ашиглан бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг завхруулагчийг ялна.
Хүмүүсийн дунд, оддын хэмжээг, эсвэл орон зайн царааг магадлан мэдэх гэж оролдсон хүмүүс бий. Гэсэн ч тэдний судалгаа хэзээ ч үр дүнтэй байгаагүй, тэд урам хугаран толгойгоо гудайлгаж, бүтэлгүйтлээ зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг. Бүх хүнийг харж, хүний бүтэлгүйтлийн хөдөлгөөнийг ажиглаад хэн нь ч Надад бүрэн үнэмшдэггүй, хэн нь ч Надад дуулгавартай байж, Надад захирагддаггүй гэдгийг Би хардаг. Хүний санаархал хэчнээн цадиггүй вэ! Оёоргүй гүний гадаргуу бүхэлдээ булингартсан байхад хүмүүсийн дунд Би дэлхий ертөнцийн гашуун зовлонг амсаж эхэлсэн. Миний Сүнс дэлхий даяар аялж, бүх хүний зүрх сэтгэлийг шинждэг, гэхдээ Би бас Өөрийн махбод болсон биеэр хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг. Хүн сохор учраас Намайг хардаггүй; хөшүүн болсон учраас Намайг мэддэггүй; дуулгаваргүй учраас Намайг эсэргүүцдэг; Надаар байлдан дагуулагдсан учраас Миний өмнө ирж сөгддөг; Би угаасаа хүний хайрыг хүртвэл зохих учраас хүн Намайг хайрлаж эхэлдэг; Миний хүч чадал болон мэргэн ухаан хүнийг Миний зүрх сэтгэлийн дагуу болгодог учраас тэрээр Намайг амьдран харуулж, Намайг илэрхийлдэг. Би хүний зүрх сэтгэлд зай эзэлдэг боловч сүнсэнд нь буй Намайг гэсэн хайрыг хэзээ ч хүлээн авч байгаагүй. Хүний сүнсэнд бүхнээс дээдлэн хайрладаг зүйлс үнэхээр байдаг боловч Би тэдгээрийн нэг нь биш тул хүний хайр савангийн хөөстэй адил: Салхи үлээхэд хагараад, хэзээ ч дахин үзэгдэхгүйгээр алга болдог. Би хүнд хандахдаа үргэлж тууштай, хувиршгүй байсаар ирсэн. Хүн төрөлхтний дунд ингэж чадсан хүн бий юу? Хүний нүдэнд Би агаар мэт мэдрэгдэшгүй, харагдашгүй байдаг ба ийм учраас дийлэнх хүмүүс хязгааргүй тэнгэр, давлагаалах далай тэнгис, дөлгөөн нуур, аль эсвэл хоосон бичиг үсэг, номлол дундаас л эрж хайдаг. Хүн төрөлхтний мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй, Миний доторх нууцын талаар ямар нэгэн зүйл хэлж чадах хүн бүр ч байхгүй тул, иймээс Би хүний төсөөлдөг шигээр хамгийн өндөр стандартад хүрэхийг түүнээс шаарддаггүй.
Миний үгийн дунд уулс нуран унаж, ус сөрөн урсаж, хүн дуулгавартай болж, нуур зогсолтгүй урсаж эхэлдэг. Хэдийгээр давлагаалах далайн давлагаа тэнгэр өөд ууртай тэмүүлдэг ч Миний үгийн дунд тийм далай нуурын гадаргуу мэт тогтуун болдог. Миний гар ялимгүй дохих төдийд догшин шуурга төдхөн замхарч, Надаас холддог ба хүний ертөнц нам гүм байдалдаа даруйхан эргэж ордог. Гэвч Миний уур хилэн бадрахад уулс тэр даруй хагаран хуваагдаж, газар тэр даруй доргин чичирч, ус нэн даруй ширгэж, хүнийг гай гамшиг даруй хүрээлдэг. Өөрийн уур хилэнгээс болж Би хүний хашхирааныг ойшоодоггүй, Миний уур ихсэж байгаа учир хүнийг уйлж хашхирахад нь тусламж үзүүлдэггүй. Намайг тэнгэрүүдийн дунд байхад Миний байгаагаас болж одод хэзээ ч сандарч байгаагүй. Харин тэд зүрх сэтгэлээ Миний төлөөх ажилдаа зориулдаг, тиймээс Би тэдэнд илүү их гэрэл хайрлаж, илүү тод гялалзуулдаг, ингэснээр тэд Миний төлөө илүү их алдрыг олж авдаг. Тэнгэрүүд гэрэлтэй байх тусам доорх газар дэлхий төдий чинээ харанхуй байдаг; маш олон хүн Миний зохицуулалтыг тохиромжгүй хэмээн гомдоллосон, маш олон хүн Надаас урвахдаа хэрэглэх өөрсдийн хаанчлалыг байгуулж, харанхуй байдлыг өөрчлөх гээд Намайг орхисон. Гэхдээ өөрсдийн шийдвэрээр үүнийг хийж чадсан хэн байна вэ? Хэн өөрийнхөө шийдвэрт амжилт олсон бэ? Хэн Миний гараар зохицуулсан зүйлийг өөрчилж чадах вэ? Газар нутаг даяар хавар ирэхэд Би дэлхий рүү нууцаар, чимээгүйхнээр гэрэл илгээдэг, ингэснээр газар дэлхий дээр хүн цэнгэг агаарыг гэнэт мэдэрдэг. Гэсэн ч яг тэр мөчид Би хүний нүдийг халхалдаг, ингэснээр тэр зөвхөн хаа сайгүй бүрхсэн мананг хардаг бөгөөд бүх хүн, юмс бүдэг бадаг үзэгддэг. Хүмүүс гагцхүү шүүрс алдан, “Гэрэл яагаад ганцхан хором үргэлжлэв ээ? Бурхан яагаад хүнд зөвхөн манан, будан өгдөг юм бэ?” хэмээн боддог. Хүмүүсийг цөхөрч байхад манан тэр дороо арилдаг боловч гэрэл сүүмэлзэхийг анзаарах үед нь Би тэдэн дээр аадар бороо оруулдаг бөгөөд тэднийг унтаж байхад аянгын дуу чихнийх нь хэнгэргийг хагалдаг. Айж мэгдсэндээ болоод тэд хоргодох газар олж амжилгүй, аадар бороонд шалба нордог. Агшин зуур тэнгэрийн доорх бүх зүйл Миний уур хилэн дунд угаагдан цэвэрлэгддэг. Хүмүүс ширүүн борооны талаар гомдоллохоо больж, тэдний дотор хүндлэл төрдөг. Энэхүү гэнэтийн ширүүн борооноос болж хүмүүсийн дийлэнх олонх нь тэнгэрээс буусан усанд живж, усан дотор цогцос болдог. Би дэлхийг бүхэлд нь ажиглан, олон хүн сэрж байгааг, олон хүн гэмшиж, олон хүн жижиг завиндаа суугаад усны эх сурвалж хайж байгааг, олон хүн Надаас уучлал гуйн Надад мэхийж байгааг, олон хүн гэрэл харсныг, олон хүн Миний царайг харсныг, олон хүн амьдрах зоригтой болж, дэлхий тэр аяараа өөрчлөгдсөнийг хардаг. Энэхүү аадар борооны дараа бүх зүйл Миний оюун санаанд байсан байдалдаа эргэн орж, дуулгаваргүй байхаа больдог. Төд удалгүй бүхий л газар нутаг инээд хөөрөөр дүүрч, газар сайгүй магтаалын уур амьсгал өрнөж, тэр чигтээ Миний алдраар дүүрнэ. Миний мэргэн ухаан газар дэлхий дээр, мөн сансар огторгуй даяар бий. Бүх зүйлийн дунд Миний мэргэн ухааны үр жимс байдаг, бүх хүний дунд Миний мэргэн ухааны охь бүтээлүүд элбэг арвин байдаг; бүх юм Миний хаанчлал дахь бүх зүйлтэй адил бөгөөд бүх хүн Миний бэлчээр дэх хонь мэт Миний тэнгэрүүдийн дор амралтад оршин суудаг. Би бүх хүний дээгүүр явж, хаа сайгүй харж байна. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн урьдынх шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийн дээр налан, бүрэн сэтгэл хангалуун байдаг, учир нь бүх зүйл ариун байдлаа буцаан авч, Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч, газар дээрх хүмүүс Миний удирдамж дор амар жимэр, сэтгэл хангалуун амьдарч чадна. Бүх хүн Миний гарт бүхнийг эрхэлж байгаа ба бүх хүн урьдын оюун ухаан болон анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа болиод, харин Миний хаанчлалд, хаш мэт ариун агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ.
1992 оны 3 дугаар сарын 14
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?