Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд 9-р бүлэг
Чи Миний гэрийн хүмүүсийн дунд байдаг учраас, чи Миний хаанчлалд үнэнч учраас хийдэг бүхэндээ Миний шаарддаг стандартыг мөрдөх ёстой. Би чамайг хөвөгч үүл болгоод зогсохгүй, харин гялтганах цас болгож, мөн чанарыг нь, үүнээс ч илүүтэйгээр үнэ цэнийг нь эзэмшүүлдэг. Би ариун газраас ирсэн учраас нэр төдий, мөн чанаргүй бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь тэр ариун газраас биш, харин намаг балчгаас гардаг билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе бол Би албан ёсоор хүмүүсийн дунд ажилладаг яг тэр үе юм. Хүмүүсийн дундаас хэн Намайг мэдэх вэ? Миний ирэх мөчийг хэн харсан бэ? Би нэртэй байгаад зогсохгүй, бас мөн чанартай гэдгийг хэн харсан бэ? Би цагаан үүлсийг Өөрийн гараар арчин холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг; Миний гараар зохицуулагддаггүй зүйл огторгуйд огт үгүй ба огторгуйн дор, Миний агуу үйл хэргийн хэрэгжилтэд өчүүхэн хувь нэмрээ оруулдаггүй ямар ч хүн байхгүй. Би газар дээрх хүмүүст яршигтай шаардлага тавьдаггүй, учир нь Би үргэлж бодитой Бурхан байсаар ирсэн ба Би бол хүмүүсийг бүтээсэн Төгс Хүчит бөгөөд тэднийг сайн мэддэг билээ. Бүх хүн Төгс Хүчитийн нүдний өмнө байдаг. Газар дэлхийн хамгийн буйдхан өнцөг буланд байдаг хүмүүс хүртэл Миний Сүнсний шинжилтээс зайлсхийж яахан чадах билээ? Хүмүүс Миний Сүнсийг “мэддэг” боловч Миний Сүнсэнд халдсаар байдаг. Миний үг бүх хүний муухай царайг ил гаргаж, бүх хүний зүрх сэтгэлийн хамгийн гүний бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх хүн бүхэн Миний гэрэлд ил болж, Миний шинжилтийн дунд нуран унадаг. Гэхдээ унаж, бүтэлгүйтсэн хэр нь тэдний зүрх сэтгэл Надаас холдон явж зүрхэлдэггүй. Бүтээгдсэн зүйлсийн дунд Миний үйл хэргээс болоод Намайг хайрладаггүй хэн байна? Миний үгийн үр дүнд Намайг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Миний хайраас болоод сэтгэл татагддаггүй хэн байна вэ? Сатан завхруулснаас болоод хүмүүс Миний шаардсан байдалд хүрч чадаагүй. Сатан цадиггүй аашлан галзуу мэт эзэрхэг байдаг эрин буюу Сатан хүний хамаг биеийг бохир заваанд хутгалдтал нь дэвсэлсэн цаг үе болох өнөөдөр битгий хэл, Миний шаарддаг хамгийн доод стандарт ч хүний санааг зовоодог. Хүмүүс доройтлынхоо уршгаар Миний зүрх сэтгэлийг анхаарч чадаагүй нь Надад уй гашуу авчраагүй гэж үү? Би Сатаныг өрөвддөг юм гэж үү? Миний хайр андуурсан юм гэж үү? Хүмүүс Надад дуулгаваргүй байхад Миний зүрх сэтгэл нууцхан уйлдаг; Намайг эсэргүүцэхэд нь Би тэднийг гэсгээдэг; тэд Надаар авруулж, үхлээс дахин амилахад Би тэднийг дээд зэргээр халамжлан тэжээдэг; тэднийг Надад захирагдахад Миний зүрх сэтгэл амарч, тэнгэр, газар, бүх зүйлд асар их өөрчлөлт гарч байгааг тэр даруй мэдэрдэг. Хүмүүс Намайг магтахад Би баярлахгүй байж яаж чадах билээ? Тэд Намайг гэрчилж, Надаар авхуулахад Би алдаршихгүй байж яаж болох юм бэ? Хүмүүсийн хийдэг бүхнийг Би захирч, хангадаггүй гэж үү? Намайг чиглэл заавар өгөөгүй үед хүмүүс хойрго, хөдөлгөөнгүй болдог; түүнчлэн, Миний ар хударгаар тэд тэдгээр “магтууштай” бохир ажлыг эрхэлдэг. Өөрийгөө хувцасласан бие махбод минь чиний үйлдэл, зан авир, үг хэлний талаар юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Олон жил Би салхи, бороог тэсвэрлэж, хүний ертөнцийн гашууныг ч мөн амссан; гэхдээ сайн эргэцүүлэн бодвол ямар ч их зовлон шаналал махан биетэй хүнийг Надад итгэж найдахаа болиход хүргэхгүй, ямар ч сайхан байдал махан биетэй хүнийг Надад хүйтэн хөндий, сэтгэлээр унаж, үл ойшоосон байдлаар хандахад хүргэж бүр ч чадахгүй. Намайг гэх хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй юм уу сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?
Өнөөдөр Би махан биед оршдог ба Өөрийн хийх ёстой ажлыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ хүмүүс Миний Сүнсний дуу хоолойноос айдаг хэдий ч Миний Сүнсний мөн чанарын эсрэг явдаг. Бие махбодтой Намайг Миний үгээс мэдэх нь хүний хувьд хэчнээн хэцүү гэдгийг Би цааш нарийвчлан ярих хэрэггүй. Урьд нь хэлсэнчлэн Би хатуу шаардлага тавьдаггүй ба та нар Миний тухай бүрэн мэдлэг олж авах албагүй (учир нь хүмүүс дутуу дулимаг; энэ нь төрөлхийн нөхцөл байдал бөгөөд олдмол нөхцөлүүд нь үүнийг нөхөж чадахгүй) юм. Та нар бие махбодтой Миний хийсэн, хэлсэн бүхнийг л мэдэх хэрэгтэй. Миний шаардлагууд хатуу биш тул та нар бүгдээрээ эдгээр үйл хэрэг, үгийг мэдэж авч, мөн биелүүлж чадна гэж Би найддаг. Та нар энэ бохир дэлхийд өөрсдийн хольцоос салах ёстой, энэ хоцрогдсон “хаадын гэр бүлд” ахиц дэвшил гаргахаар тэмүүлэх ёстой ба алгуурлах ёсгүй. Та нар өөрсдөдөө өчүүхэн төдий ч зөөлөн хандах ёсгүй. Ганц өдөрт юу айлдсаныг минь мэдэхийн тулд чи асар их цаг хугацаа, хичээл чармайлт зориулах ёстой бөгөөд Миний хэлсэн ганц ч гэсэн өгүүлбэрийг мэдэх нь насан туршийн туршлагатай тэнцэхүйц билээ. Миний хэлдэг үг бүдэг бадаг, хийсвэр биш; мөн хоосон яриа биш. Олон хүн Миний үгийг олж авахыг хүсдэг, гэвч Би тэднийг тоодоггүй; олон хүн Миний тос нүнжгээр ангаж цангадаг, гэвч Би тэдэнд жаахныг ч өгдөггүй; олон хүн Миний царайг харахыг хүсдэг, гэхдээ Би үүнийг үргэлж нуусан; олон хүн Миний дуу хоолойг анхааралтай сонсдог, гэвч Би нүдээ анин, толгойгоо гэдийлгээд, тэдний “хүсэл тэмүүлэлд” уярдаггүй; олон хүн Миний дуу хоолойн чимээнээс айдаг, гэхдээ Миний үг үргэлж дайрч довтолдог; олон хүн Миний царайг харахаас эмээдэг, гэвч тэднийг цохин унагахын тулд Би зориуд гарч ирдэг. Хүмүүс Миний царайг үнэхээр хэзээ ч хараагүй, Миний дуу хоолойг ч хэзээ ч үнэхээр сонсоогүй; учир нь тэд Намайг үнэхээр мэддэггүй билээ. Тэд Надад цохиулан унаж болох ч, Намайг орхиж магад хэдий ч, Миний гарт гэсгээгдэж магадгүй ч өөрсдийнх нь хийдэг бүхэн үнэхээр Миний зүрх сэтгэлийн дагуу юу гэдгийг бас л мэддэггүй ба Би яг хэнд зүрх сэтгэлээ илчилдгийг ч мэддэггүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл хэн ч Намайг үнэхээр мэдээгүй, эсвэл Намайг үнэхээр хараагүй ба хэдийгээр Би өнөөдөр махбод болсон ч та нар Намайг бас л мэддэггүй. Энэ нь бодит баримт биш гэж үү? Махбод дахь Миний үйлдлүүд болон зан чанараас багахныг ч гэсэн чи ер нь харсан уу?
Тэнгэрт Би налан суудаг ба тэнгэрийн доор Би амардаг. Надад оршин суудаг газар бий, мөн Өөрийн хүч чадлыг харуулдаг цаг Надад бий. Хэрвээ Би газар дээр байгаагүй бол, хэрвээ Би Өөрийгөө махбод дотор далдлаагүй бол, хэрвээ Би даруухан, нуугдмал байгаагүй бол тэнгэр, газар аль эрт өөрчлөгдчихсөн байх бус уу? Миний ардууд та нарыг Би аль хэдийн ашигласан байх бус уу? Гэсэн ч Миний үйлдэлд мэргэн ухаан байдаг ба Би хүмүүсийн худал хуурмаг байдлыг бүрэн мэддэг боловч тэдний үлгэр жишээг дагадаггүй, харин оронд нь тэдэнтэй солилцоо хийдэг. Сүнсний ертөнцөд Миний мэргэн ухаан шавхагдашгүй, махбод дахь Миний мэргэн ухаан мөнхийн. Миний үйл хэрэг ил болох яг тэр цаг энэ биш гэж үү? Өнөөгийн Хаанчлалын эрин үед хүртэл Би хүмүүсийг олон удаа уучилж, өршөөсөн. Би Өөрийн цагийг цаашид хойшлуулсаар байж үнэхээр болно гэж үү? Би хэврэг хүмүүст ямар нэг хэмжээгээр арай өршөөнгүй хандаж байсан хэдий боловч Миний ажил дуусчихвал хуучин ажлаа хийж Өөртөө бас төвөг удна гэж үү? Сатан буруутгахыг Би мэдсээр байж зөвшөөрнө гэж үү? Хүмүүс Миний үгийн бодит байдал болон Миний үгийн анхдагч утгыг хүлээн авахаас өөрийг хийх хэрэггүй. Миний үг энгийн ч гэсэн мөн чанартаа ярвигтай, учир нь та нар хэтэрхий өчүүхэн бөгөөд хэтэрхий хөшүүн болсон. Би махбодоор Өөрийн нууцыг шууд илчилж, Өөрийн хүслийг ил болгох үед та нар анзаардаггүй; та нар дуу авиа сонсдог боловч утга учрыг нь ойлгодоггүй. Би уйтгар гунигт автдаг. Хэдийгээр Би махбодод байгаа боловч махбодын үйлчлэлийн ажлыг хийж чаддаггүй.
Махбод дахь Миний үйл хэргийг Миний үг, үйлдлүүдээс хэн мэдэж авсан бэ? Би Өөрийн нууцыг бичгээр илчилж, эсвэл чангаар ярихад хүмүүс бүгд мэл гайхдаг; тэд нам гүм болж, нүдээ аньдаг. Миний хэлж байгаа зүйл яагаад хүмүүст ойлгомжгүй байдаг юм бэ? Миний үг яагаад ийм ухан ойлгохын аргагүй байдаг юм бэ? Тэр Миний үйл хэрэгт яагаад нүдэн балай ханддаг юм бэ? Хэн Намайг харж, бас хэзээ ч мартахгүй байж чадах вэ? Хэн Миний дуу хоолойг сонсож, хажуугаараа өнгөрөөхгүй байж чадах вэ? Хэн Миний хүслийг мэдэрч, Миний зүрх сэтгэлд нийцэж чадах вэ? Би хүмүүсийн дунд амьдарч, явдаг; Би тэдний амьдралыг туулах гэж ирсэн—хэдийгээр бүх зүйлийг хүний төлөө бүтээснийхээ дараа тэдгээр нь сайн болсныг Би мэдэрсэн боловч хүмүүсийн дунд амьдраад Надад ямар ч баяр хөөр төрдөггүй, хүмүүсийн аз жаргалд Би баярладаггүй. Би тэднийг жигшиж, голоогүй, тэдэнд уян сэтгэлээр ч ханддаггүй—хүмүүс Намайг мэддэггүй учраас харанхуйд Миний царайг олж харахад хэцүү байдаг; мөн орилоон шуугиан дундаас Миний дуу хоолойг сонсоход бэрхшээлтэй байдаг бөгөөд Миний үгийг ялган таньж чаддаггүй. Тиймээс та нарын хийдэг бүхэн чинь өнгөн дээрээ Надад дуулгавартай байдаг ч зүрх сэтгэлдээ та нар Надад дуулгаваргүй хэвээр байдаг. Бүх хүн төрөлхтний хуучин уг чанар ийм байдаг гэж хэлж болно. Үүнээс ангид хэн байна вэ? Хэн Миний гэсгээлтийн бай биш вэ? Гэхдээ Миний хүлээцтэй байдал дор амьдардаггүй хэн байна? Хэрвээ хүмүүс бүгд Миний уур хилэнд устгагдах байсан бол тэнгэр газрыг бүтээсний минь утга учир юу байх вэ? Би нэгэнтээ олон хүнд анхааруулж, олон хүнд сануулсан, мөн олон хүнийг ил тод шүүсэн—энэ нь хүнийг шууд устгаснаас хамаагүй дээр биш гэж үү? Миний зорилго бол хүмүүсийг үхүүлэх биш, харин Өөрийнхөө шүүлтийн дунд бүх үйл хэргээ тэдэнд мэдэгдэх явдал юм. Та нар ёроолгүй нүхнээсээ дээш гарах үед, өөрөөр хэлбэл, өөрсдийгөө Миний шүүлтээс чөлөөлөх үед хувийн бодол, төлөвлөгөө чинь бүгд алга болж, бүх хүн Намайг сэтгэл хангалуун байлгахаар эрмэлзэнэ. Ингэвэл Би Өөрийн зорилгод хүрсэн байх бус уу?
1992 оны 3 дугаар сарын 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?