Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 430
Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм. Хүний ухамсарладаг бодит байдал хэт өнгөц, ямар ч үнэ цэнгүй, Бурханы хүслийг гүйцэлдүүлж чадахгүй, хэтэрхий дорд, бүр дурдахын ч хэрэггүй, дэндүү дутуу дулимаг бөгөөд Бурханы шаардлагын стандартаас хэтэрхий доогуур юм. Та нарын дундаас хэн нь ойлголтынхоо талаар ярихаа л мэддэг боловч замыг зааж чаддаггүй болохыг харж, мөн хэн нь хэрэгцээгүй хог болохыг олж мэдэхийн тулд нэг бүрийг чинь сайтар нягтлан шинжлэх болно. Үүнийг цаашдаа санаж яв! Хоосон мэдлэгийн талаар бүү ярь—хэрэгжүүлэх зам, бодит байдлын тухай л ярь. Бодит мэдлэгээс бодит хэрэгжүүлэлт рүү, дараа нь хэрэгжүүлэлтээс бодитоор амьдран харуулахад шилж. Бусдад бүү сургаал айлд, бодит мэдлэгийн тухай бүү ярь. Ойлголт чинь зам бол энэ талаар чөлөөтэй ярьж болно; хэрвээ тийм биш бол амаа хамхиад, ярихаа боль! Чиний ярьдаг зүйл ямар ч хэрэггүй. Бурханыг хууран мэхэлж, бусдыг өөртөө атаархуулахын тулд чи ойлголтын талаар ярьдаг. Санаархал чинь энэ биш гэж үү? Чи зориуд бусдаар даажигнаж байгаа бус уу? Үүнд ямар нэгэн үнэ цэн байна уу? Ойлголтын тухай туулж мэдэрснийхээ дараа яривал, сайрхаж байгаа мэт санагдахгүй. Эс бөгөөс чи ихэрхүү үг чалчдаг нэгэн юм. Чамд бодит туршлагаараа даван туулж чаддаггүй олон зүйл байдаг бөгөөд чи махан биеэ эсэргүүцэж чаддаггүй, ямагт хүссэнээ хийж, Бурханы хүслийг үл хангадаг атлаа онолын ойлголтын талаар ичих нүүргүйгээр ярьсаар байдаг, чи ичгүүргүй амьтан! Бурханы үгийн тухай ойлголтоо ярих тал дээр ийм бөх зүрх гаргасаар байдаг, чи ямар эрээ цээргүй юм бэ! Уран ярьж, сайрхах нь чиний уг чанар болж, үүнийгээ хийгээд чи бүр гаршчихсан. Чи ярихыг хүсэх болгондоо төвөггүй ярьдаг боловч хэрэгжүүлэх болохоороо нэмж хачирлах дуртай. Энэ чинь бусдыг хуурч байгаа хэрэг бус уу? Чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Хүмүүс юм мэдэхгүй, ялган таних чадвар ч байхгүй, харин Бурхан ийм хэрэг явдалд ноцтой ханддаг, Тэр чамайг өршөөхгүй. Ах, эгч нар чинь чамайг дэмжиж, чиний ойлголтыг магтаж, чамайг биширч магадгүй ч бодит байдал чамд байхгүй бол Ариун Сүнс чамайг өршөөхгүй. Бодитой Бурхан өө сэвийг чинь ухаж төнхөхгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамайг үл ойшоох бөгөөд үүнийг тэсвэрлэхэд чамд хангалттай хэцүү байх болно. Чи үүнд итгэж байна уу? Хэрэгжүүлэлтийн бодит байдлын тухай илүү их ярихаа чи аль хэдийн мартчихсан уу? Бодитой замуудын тухай илүү их ярихаа аль хэдийн мартчихсан уу? “Сүртэй онол, ямар ч хэрэггүй гоё чамин үг бага ярьж, одоогоос хэрэгжүүлж эхэлсэн нь хавьгүй дээр.” Эдгээр үгийг чи мартчихсан уу? Чи огт ойлгохгүй байна уу? Бурханы хүслийн талаарх ямар ч ойлголт чамд байхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?