Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 299
Бурханы удирдлагын төлөвлөгөө нь зургаан мянган жилийг туулсан бөгөөд Түүний ажлын ялгаан дээр суурилж гурван эрин үед хуваагддаг: Эхний эрин үе нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үе; хоёр дахь нь Нигүүлслийн эрин үе; гурав дахь нь эцсийн өдрүүдэд хамаарах Хаанчлалын эрин үе билээ. Эрин үе болгонд өөр ялгамж чанарыг төлөөлдөг. Энэ нь зөвхөн ажлын ялгаанаас, өөрөөр хэлбэл ажлын шаардлагаас болдог. Ажлын эхний үе шат нь Израильд хэрэгжсэн ба золин аврах ажлыг төгсгөсөн хоёр дахь үе шат нь Иудейд хийгдсэн. Золин аврах ажлын төлөө Есүс Ариун Сүнсээр олдож, цорын ганц Хүү болон төрсөн. Энэ бүхэн нь ажлын шаардлагын улмаас болсон юм. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж, тэнд байгаа хүмүүсийг байлдан дагуулахыг хүсдэг, ингэснээр Түүний нэр тэдний дунд агуу болох юм. Тэр, хүний амьдралын бүх зөв замыг, түүнчлэн бүх үнэнийг болон амийн замыг ойлгоход нь хүнийг хөтлөн чиглүүлэхийг хүсдэг. Энэ бүх ажил нь нэг Сүнсээр хийгддэг. Хэдий Тэр өөр өөр байр сууринаас ингэж хийж болох ч, ажлын шинж чанар болоод зарчим хэвээр үлддэг. Тэдний хэрэгжүүлсэн ажлын зарчим болоод шинж чанарыг чи ажиглах юм бол, энэ бүхэн нь ганц Сүнсний гараар хийгдсэн гэдгийг чи мэдэх болно. Гэсэн ч зарим хүмүүс одоо хүртэл: Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болох болно хэмээн хэлж болох юм. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Хэрхэн Эцэг, Ариун Сүнс хоёр нэг болж чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй Тэдгээр нь хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгоно гэж хэлэх үед, энэ нь бүтэн болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлэх явдал биш гэж үү? Гэхдээ бүтэн болгуулахаасаа өмнө Тэдгээр нь хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол бодис биш бөгөөд материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үзэж байгаагаар, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр сүнс, мөн Ариун Сүнс бас нэг сүнс, тэгээд нэг бүтэн болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нь нэг болохгүй гэж үү? Энэ бол алдаатай тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа биш гэж үү? Хэрхэн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр өөр угийн чанартай гурван хэсэг биш гэж үү? Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү? хэмээн хэлэх хүмүүс одоо ч байдаг. “Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог” гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгээгүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр мөн өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбод болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байсан. Гэхдээ тэр үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж дурдаагүй. Энэ нь зүгээр л тохиолдоогүй. Бурхан хэрхэн ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болохгүй байсан гэж үү? Тэр бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы хайртай Хүү гэж дуудагдсан бөгөөд үүнээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтын улмаас байсан. Есүс махан биеийн өнцгөөс залбирсан. Тэр тийм энгийн хүн чанартай махан биетэй байсан учраас, махан биеийн өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Энэ дэлхий дээр ирэхийн тулд махан биетэй болсон учраас Би одоо тэнгэрээс холын холд байна” гэж хэлсэн. Энэ учир шалтгааны улмаас Тэр зөвхөн махан биеийн өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махан биеийн өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Тэр Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол Сүнс бие махбодтой болсон бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм. Хүн үүнийг хараад, хэрвээ Тэр Бурхан Өөрөө байсан юм бол яагаад залбирч байсныг тэд гайхдаг. Энэ нь, Тэр бол бие махбод болсон Бурхан, махан бие дотор амьдарч байгаа Бурхан бөгөөд тэнгэр дэх Сүнс биш учраас юм. Хүний харж байгаагаар, Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд Бурхан. Зөвхөн энэ гурвыг нэг болгосон үед л ганц жинхэнэ Бурхан гэж үзэж болох ба ингэснээр Түүний хүч чадал ер бусын агуу юм. Зөвхөн ийм байдлаар л Тэр бол долоо дахин эрчимжсэн Сүнс гэж хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Ирснийхээ дараа Хүү залбирах үед Түүний залбирсан зүйл нь тэрхүү Сүнс байсан. Үнэндээ Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс л залбирч байсан. Махан бие бүхэл бүтэн биш учраас, Тэр бүхэл бүтэн байгаагүй бөгөөд махан биед ирэх үед Тэр олон сул талуудтай байсан. Тиймээс махан бие дэх Өөрийн ажлыг хэрэгжүүлэхэд Түүнд ихээхэн төвөг учирсан. Тийм учраас Тэр Өөрийн цовдлолын өмнө Эцэг Бурханд гурвантаа залбирсан, түүнчлэн тэрнээс өмнө ч олон удаа залбирсан. Тэр Өөрийн дагалдагчдын дунд залбирсан; Тэр уулан дээр ганцаараа залбирсан; Тэр загасчны завин дээр залбирсан; Тэр үй олон хүмүүсийн дунд залбирсан; Тэр талх хувааж байхдаа залбирсан; мөн Тэр бусдыг ерөөхдөө залбирсан билээ. Тэр яагаад тэгсэн бэ? Тэр Сүнсэнд хандаж залбирсан; Тэр махан биеийн өнцгөөс Сүнсэнд, тэнгэр дэх Бурханд залбирч байсан. Тиймээс хүний үзэл бодлоор, ажлын тэрхүү үе шатанд Есүс Хүү болсон. Гэхдээ энэ үе шатанд Тэр залбирдаггүй. Яагаад ийм байна вэ? Түүний авчирсан зүйл нь үгний ажил бөгөөд үгний шүүлт, гэсгээлт учраас энэ юм. Тэр залбирах хэрэггүй, учир нь Түүний үйлчлэл бол ярих юм. Тэр загалмайд цовдлогдохгүй бөгөөд хүн Түүнийг, эрх мэдэлтэй хүмүүст барьж өгөхгүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба тэгээд л тэр. Есүс залбирч байх үедээ, тэнгэрийн хаанчлал бууж ирэхийн төлөө, Эцгийн хүсэл биелэгдэхийн төлөө болон хийгдэх ажлын төлөө Бурхан Эцэгт залбирсан. Энэ үе шатанд тэнгэрийн хаанчлал аль хэдийн бууж ирсэн, иймд залбирах хэрэг Түүнд байгаа гэж үү? Түүний ажил бол эрин үеийг төгсгөх бөгөөд цаашид шинэ эрин үе гэж байхгүй, иймд дараагийн үе шатны төлөө залбирах хэрэг байгаа юу? Үгүй байх аа!
Хүний тайлбарт олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл; цааш нь нарийвчлан судлалгүйгээр та нар бүгд тэдгээрийг зөв хэмээн итгэдэг. Бурханыг Гурвал гэж үздэг энэ санаа нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн дүүрэн, нарийн нягт биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүнд хэтэрхий олон санаа байдаг; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж чадахгүй гэдгийг л энэ нь харуулдаг. Хүний сэтгэлд хэтэрхий их зүйл байдаг, бүгд логик болон бодлоос үүсдэг ба энэ нь үнэнтэй зөрчилддөг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юу, эсвэл мөнхөөс мөнхөд харах чадвартай нэгэн нь Бурхан Өөрөө юу? Эртний мөнхөөс ирээдүйн мөнхийг хүртэл харж чадах нь чи юу, эсвэл ингэж чадах нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Чи яаж Бурханыг тайлбарлах эрхтэй байх юм бэ? Чиний тайлбар юун дээр үндэслэсэн бэ? Чи Бурхан уу? Тэнгэр газар болоод үүн дэх бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад дур зоргоороо тайлбарлаж байгаа юм бэ? Одоо чи Гурвалд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий төвөгтэй гэж чи бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хавьгүй дээр байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь “Эзэний ачаа хөнгөн” билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?