Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг
Бурханы үгээс болж бүх хүн цэвэршүүлэлтийг туулах ёстой болсон. Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй байсан бол хүн төрөлхтөнд мэдээж энэ цэвэршүүлэлтээр дамжуулан зовох ерөөл тохиохгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Хүмүүсийн төрөлх хэв чанар, зан авир болон Бурханд хандах хандлагаар бол хүмүүс ийм цэвэршүүлэлтийг хүлээн авахад тохирохгүй. Бурхан тэднийг өргөсөн учраас тэд энэ ерөөлийг эдэлсэн юм. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харж, Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөлөөс болж л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авсан билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүн нэг бүрийн ерөөл юм—та нар үүнийг биеэрээ туулсан уу? Хүмүүс аль талаараа зовлон зүдүүр, бүтэлгүйтлийг туулах вэ гэдгийг Бурхан урьдаас шийддэг ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагаас шалтгаалдаггүй юм. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгийн шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний үгээр зовох чадвартай байх ёстой. Энэ та нарт ойлгомжтой байна уу? Иймээс туулсан зовлонгийнхоо хариуд чи өнөөдрийн ерөөлийг хүртсэн; хэрвээ чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Урьд нь чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэчнээн их гомдоллосон ч гэсэн, Бурхан тэр гомдлыг чинь санадаггүй. Өнөөдөр, нэгэнт ирсэн бөгөөд өчигдрийн хэрэг явдлыг судалж шинжлэх хэрэггүй.
Зарим хүн Бурханыг хайрлахыг хичээдэг боловч чадахгүй юм гэж хэлдэг. Харин Бурхан явах гэж байгааг сонсохоороо гэнэтхэн Түүнийг хайрлаж эхэлдэг. Зарим хүн үнэнийг ерөнхийдөө хэрэгжүүлдэггүй бөгөөд Бурхан уурсан явах гэж байгааг сонсоод Түүний өмнө очиж ийнхүү залбирдаг: “Өө Бурхан минь! Битгий яваач. Надад боломж олгооч! Бурхан минь! Би өмнө нь Таныг сэтгэл хангалуун байлгаагүй; би Танд өртэй, би Таныг эсэргүүцсээр ирсэн. Өнөөдөр би, бие сэтгэлээ бүрэн дүүрэн өргөхөд бэлэн байна, ингэж байж л сая нэг юм Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таныг хайрлана. Надад ийм боломж дахин ирэхгүй”. Чи ингэж залбирч байсан уу? Хүний мөс чанарыг Бурханы үг өдөөснөөр хүн ингэж залбирдаг. Хүмүүс бүгд хөшүүн, мулгуу байдаг. Тэд гэсгээлт, цэвэршүүлэлтийг туулах ёстой байдаг ч Бурхан үүгээр юуг гүйцэлдүүлэх гэж хичээж байгааг мэддэггүй. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүмүүс мунгинасан хэвээр байх байсан; хүмүүсийн зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг хэн ч өдөөж чадахгүй. Хүмүүсийг шүүж, илчилдэг Бурханы үг л ийм үр дүнг авчирдаг. Иймээс Бурханы үгээс болж бүх зүйл хэрэгжиж, биелдэг бөгөөд Түүний үгээс болж л Бурханыг гэх хүн төрөлхтний хайр өдөөгддөг. Дан ганц хүний мөс чанарт тулгуурласан Бурханыг хайрлах хайр хүссэн үр дүнг авчрахгүй. Урьд нь хүмүүс мөн чанар дээрээ тулгуурлан Бурханыг хайрладаг байгаагүй гэж үү? Өөрийн санаачилгаар Бурханыг хайрласан нэг ч атугай хүн байсан уу? Хүмүүс Бурханы үгээр урамшсандаа л Бурханыг хайрласан. “Би Бурханыг маш олон жил дагаж, Түүний нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн. Би Түүний үгээс цэвэршүүлэлт, шүүлтийг туулах ёстой болсон. Тэгээд Би ихийг ойлгож авч, Бурханы хайрыг харсан. Би Түүнд талархах ёстой, Түүний нигүүлслийг хариулах ёстой. Би үхлээр Бурханыг сэтгэл хангалуун болгох болно, мөн Түүнийг гэсэн хайраа мөс чанартаа тулгуурлах болно” гэж зарим хүн хэлдэг. Хэрвээ хүмүүс мөс чанарынхаа мэдрэмжид л найддаг бол Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй. Зөвхөн мөс чанартаа найддаг бол Бурханыг гэх тэдний хайр мөхөсхөн байх болно. Хэрвээ чи Бурханы нигүүлсэл, хайрыг хариулах талаар л ярьдаг бол Түүнийг гэх хайр чинь ямар ч урам зориггүй байх болно; мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандлага юм. Яагаад Би үүнийг идэвхгүй хандлага гэж хэлж байна вэ? Энэ бол бодит асуудал. Бурханыг гэх хайр чинь ямар хайр вэ? Ердөө л Бурханыг хуурч, Түүний төлөө хэлбэр төдий үйлдэж байдаг бус уу? Ихэнх хүн, Бурханыг хайрласны төлөө ямар ч шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд хүн яг л ижилхэн гэсгээгдэх болохоор ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлаж, Түүний хайрыг хариулах нь идэвхгүй хандлага бөгөөд хүний зүрх сэтгэлээс аяндаа гардаг Бурханыг гэх хайр энэ биш юм. Бурханыг гэх хайр бол хүний зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ мэдрэмж байх ёстой. “Би өөрөө Бурханыг эрж хайж, Түүнийг дагахад бэлэн байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагасаар байх болно. Тэр намайг хүсдэг ч бай, үгүй ч бай би Түүнийг хайрласаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу ч хийсэн бай, би Түүнийг насан туршдаа дагана. Юу ч болсон бай хамаагүй, би Бурханыг хайрлаж, Түүнийг олж авах ёстой; Түүнийг олж авах хүртлээ би амрахгүй” гэж зарим хүн хэлдэг. Чамд ийм шийдэмгий зан байгаа юу?
Бурханд итгэх зам болон Түүнийг хайрлах зам хоёр нь нэг л зүйл юм. Хэрвээ чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрлах ёстой; гэхдээ Түүнийг хайрлах гэдэг нь зөвхөн Түүний хайрыг хариулахыг, эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлдэггүй – энэ бол Бурханыг гэх цэвэр ариун хайр юм. Зарим үед хүмүүс дан ганц мөс чанартаа тулгуурлаад Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Би яагаад үргэлж “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж хэлдэг вэ? Бурханыг хайрлахын тулд хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх тухай Би яагаад яриагүй вэ? Яагаад гэвэл хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Хэрвээ чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол мөс чанараа ашиглан Түүний хайрыг мэдрэх гээд үзээрэй. Чамд тухайн үедээ урам зориг орж магадгүй боловч удалгүй алга болно. Хэрвээ чи зөвхөн мөс чанараараа Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг бол залбирах үедээ урам зориг авах боловч удалгүй урам зориг чинь бөхөж, алга болно. Яагаад тэр вэ? Хэрвээ чи мөс чанараа л ашиглавал Бурханыг гэх хайраа өдөөж чадахгүй; чи зүрх сэтгэлээрээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнсийг чинь Тэр хөдөлгөх бөгөөд тэр үед л мөс чанар чинь анхдагч үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний сүнсийг хөдөлгөх үед, хүн мэдлэгтэй, зүрх сэтгэлдээ урам зоригтой байх үед, нэг үгээр хэлбэл хүн туршлага олж авсан үедээ л мөс чанараараа Бурханыг амжилттай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу зүйл биш – энэ бол Бурханыг хайрлах хамгийн доод шат юм. “Бурханы нигүүлслийг зүй ёсоор хариулах төдий л” хайрлах нь хүнд идэвхтэйгээр орох түлхэц ердөө өгөхгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг олж авах үед, өөрөөр хэлбэл, бодит туршлагаараа Бурханы хайрыг харж, мэдрэх үед, Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй болж, хүн төрөлхтөн үнэхээр Бурханыг хайрлууштай, Тэр хэчнээн хайр татам болохыг жинхэнээсээ харах үедээ л Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.
Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдож, зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн эргүүлж чаддаг болох үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх тэр үе юм. Зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн гэдгийг чинь энэ харуулдаг. Зүрх сэтгэлд чинь Бурхан болон Түүний үгээс өөр бараг юу ч (гэр бүл, эд хөрөнгө, эхнэр, нөхөр, үр хүүхэд гэх мэт) байхгүй. Байлаа ч гэсэн тийм зүйлс зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи хэтийн ирээдүйгээ бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тийм л үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно. Чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар л, үргэлж өөрийн хувийн ашиг хонжоог хөөж: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ чинээлэг болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ? …” хэмээн үргэлж боддог гэж үзье. Хэрвээ чи ийм байдалд амьдарч байгаа бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы үгийг тээж, яг л Бурхан чамд маш ойр байгаа мэт, яг л Тэр чиний дотор, чи Түүний дотор байгаа мэт хэзээд ч Бурханд залбирч, ойр байдаг болсон бол, хэрэв чи ийм төлөв байдалд байгаа бол зүрх сэтгэл чинь Бурханы өмнө байна гэсэн үг юм. Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог, Бурханы хүсэлд анхаарал тавьж, Түүнийг жинхэнээсээ, сэтгэлээсээ хайрлаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Хэрвээ зүрх сэтгэлийг чинь өөр олон зүйл эзэмддэг бол Сатанд эзэмдүүлсэн хэвээр л байгаа бөгөөд Бурхан руу үнэхээр эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэхээр эргэсэн бол Бурханыг чин сэтгэлээсээ, аяндаа хайрлаж, Түүний ажлыг анхаарч чаддаг болдог. Тэдэнд мунхаглаж, эрүүл ухаангүй загнах үе гарсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөд анхаарал тавьдаг бөгөөд сайхан сэтгэл өвөрлөж явдаг юм. Зарим хүн юм болгоныг чуулганы төлөө хийдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажиллаж байдаг. Ийм хүмүүс буруу санаа зорилготой юм. Тэд бол шударга бус, ов мэхтэй бөгөөд хийдэг ихэнх зүйл нь хувийн ашиг хонжооны төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдсан хэвээр байж, Бурхан руу эргэж чаддаггүй. Тиймээс Бурхан ийм хүнийг олж авах ямар ч аргагүй.
Бурханыг үнэхээр хайрлаж, Түүгээр авхуулахыг хүсдэг бол эхний алхам нь зүрх сэтгэлээ Бурханы руу бүрмөсөн эргүүлэх юм. Хийдэг юм бүхэн дээрээ өөрийгөө шинжилж, ингэж асуу: “Би үүнийг Бурханыг хайрлах сэтгэлээр хийж байна уу? Үүний ард ямар нэгэн хувийн санаа зорилго байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ захирч, хувийн бүх санаа зорилгоо орхиж, тэр чигээрээ Бурханы төлөө байх байдалд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгч дадах зам юм. Зүрх сэтгэлээ захирна гэж юуг хэлдэг вэ? Энэ бол махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ орхиж, байр суурийн ерөөл, тав тухад шунахгүй байж, Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнийг хийж, зүрх сэтгэлээ өөрийнхөө төлөө биш, бүрмөсөн Түүний төлөө болгох юм. Энэ л хангалттай.
Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гардаг; энэ бол Бурханы талаарх хүний мэдлэгийн үндсэн дээр л оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх үед тэд Бурханыг хайрладаг болдог ч тэрхүү хайр нь заавал цэвэр ариун, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгож, жинхэнээсээ бишрэн шүтэхийн хооронд бас л тодорхой зай байсаар байдаг. Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж, Бурханы зан чанарыг мэдэж авах зам бол Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлэх явдал юм. Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгснийхөө дараа хүн амийн туршлага руу орж эхлэх ба ийм маягаар түүний зан чанар өөрчлөгдөж эхлэн, Бурханыг гэх хайр нь аажмаар өсөж, Бурханы талаарх мэдлэг нь ч бас аажмаар нэмэгддэг. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь амийн туршлагын зөв замд орох зөвхөн урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавихдаа зүрх сэтгэлдээ Түүнийг хүсэмжилж байдаг болохоос биш, хайрлаж байдаггүй, учир нь тэд Түүнийг ойлгодоггүй. Ийм нөхцөлд Түүнийг гэх тодорхой хэмжээний хайр тэдэнд байдаг ч энэ нь аяндаа төрдөггүй, бас жинхэнэ бус юм. Яагаад гэвэл хүний махан биеэс гардаг бүхэн сэтгэл хөдлөлийн үр дагавар бөгөөд жинхэнэ ойлголтоос гардаггүй. Энэ бол ердөө л түр зуурын сэтгэл хөдлөл бөгөөд удаан хугацааны хүндлэл бишрэл болж чаддаггүй. Хүмүүс Бурханы талаар ойлголтгүй байх үедээ эрхэмлэдэг зүйл болон хувийн үзэлдээ л тулгуурлан Түүнийг хайрлаж чаддаг; тийм хайрыг аяндаа төрдөг хайр гэж хэлж болохгүй, жинхэнэ хайр ч гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл үнэхээр Бурхан руу эргэж, бүх зүйл дээр Бурханы ашиг сонирхлыг бодож чаддаг боллоо ч гэсэн Бурханы талаар ямар ч ойлголтгүй байх юм бол чин сэтгэлээсээ аяндаа хайрлах чадваргүй байх болно. Түүний хийж чадах зүйл нь чуулганы төлөө зарим нэг чиг үүрэг биелүүлж, үүргээ багахан гүйцэтгэх л байх боловч үүнийгээ ямар ч суурьгүйгээр хийнэ. Ийм хүний зан чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг; ийм хүмүүс нэг бол үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ойлгодоггүй. Хүн зүрх сэтгэлээ Бурхан руу бүрмөсөн эргүүлсэн ч гэсэн, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл нь цэвэр ариухан гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд зүрх сэтгэлд нь Бурханыг гэх хайр байх заавал албагүй. Энэ нь Бурханыг ойлгохоор эрэлхийлдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондох ялгаатай холбоотой. Хүн Бурханы талаар ойлголттой болсон бол тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд Бурханыг гэсэн жинхэнэ хайр зүрх сэтгэлд нь аяндаа төрдөг гэдгийг энэ нь харуулж байна. Ийм хүмүүсийн л зүрх сэтгэлд Бурхан байдаг. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөв замд орж, Бурханыг ойлгож, Бурханыг хайрладаг болохын урьдчилсан нөхцөл юм. Энэ бол Бурханыг хайрлах үүргээ биелүүлсний тэмдэг биш, Түүнийг жинхэнээсээ хайрладгийн тэмдэг ч биш. Хүн Бурханыг жинхэнээсээ хайрладаг болох цорын ганц арга зам нь зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх явдал бөгөөд энэ нь бас Түүний бүтээлүүдийн нэг болохынхоо хувьд хийх учиртай эхний зүйл нь мөн. Бурханыг хайрладаг хүмүүс бол бүгдээрээ амийг эрэлхийлдэг хүн юм, өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэд бүгдээрээ Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэн байдаг бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд бүгд Бурханаар замчлуулж чаддаг.
Хүн Бурханд өртэй гэдгээ мэдрэх чадвартай болно гэдэг нь тэдний сэтгэлийг Сүнс хөдөлгөснөөс тэр юм; ингэж мэдэрдэг хүмүүс ер нь л зүрх сэтгэлдээ эрмэлзэлтэй байдаг бөгөөд амийн оролтыг эрэлхийлж чадна. Харин чи тодорхой алхам дээр зогсвол илүү гүн орж чадахгүй; Сатаны торонд гацах аюул байсаар байгаа ба хэзээ нэгэн цагт Сатан чамайг олзолно. Бурханы гэрэлтүүлэлт хүмүүст өөрсдийг нь мэдүүлж, дараа нь Бурханд өртэйг нь мэдрүүлдэг; тэд Түүнтэй хамтран ажиллаж, Түүний таалалд нийцэхгүй зүйлсийг хөсөр хаяхад бэлэн болдог. Энэ бол Бурханы ажлын зарчим юм. Та нар бүгд амиа өсгөж, Бурханыг хайрлахаар эрэлхийлэх хүсэлтэй байгаа, тэгвэл чи өнгөц дадлуудаасаа салсан уу? Чи зөвхөн өнгөц дадлуудаасаа салж, саад учруулдаг, сайрхуу зан авирыг тэвчдэг бол энэ нь амийн өсөлтийг эрэлхийлж байгаа хэрэг мөн гэж үү? Хэрэв чи гадаад өнгөц зан авираас салсан боловч Бурханы үг рүү ордоггүй бол ахиц дэвшил идэвхтэй гаргахгүй байгааг чинь энэ нь харуулдаг. Гадаад өнгөц зан авирын уг үндэс юу вэ? Үйлдэл чинь амиа өсгөхийн төлөө байдаг уу? Чи Бурханы ардуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдөхөөр эрж хайдаг уу? Анхаарлаа төвлөрүүлдэг бүхэн чинь чиний амьдран харуулдаг зүйл юм; хэрвээ чи өнгөц зан авирт анхаарлаа төвлөрүүлдэг бол зүрх сэтгэл чинь байнга гадагш чиглэж, амийн өсөлтийг эрэлхийлэх аргагүй болно. Бурхан зан чанарын өөрчлөлтийг шаарддаг боловч чи үргэлж гадаад зүйлсийг эрэлхийлж байдаг; ийм хүн зан чанараа өөрчлөх чадваргүй байдаг! Амийн төлөвшилд хүрэх явцад хүн бүр нэг замыг дагах ёстой байдаг бөгөөд тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, төгс болголтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Чамд Бурханы үг байдаггүй боловч зөвхөн өөртөө итгэх итгэл болон хүсэл эрмэлзэлдээ найддаг бол хийж байгаа юм бүхэн чинь зөвхөн хичээл зүтгэлд л тулгуурлаж байдаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи амийн өсөлтийг хүсдэг бол Бурханы үгийг илүү ихээр идэж ууж, ойлгох ёстой. Түүний үгээр төгс болгуулдаг хэн бүхэн тэдгээрийг амьдран харуулж чаддаг; Түүний үгийн цэвэршүүлэлтийг туулдаггүй, Түүний үгийн шүүлтийг туулдаггүй хүмүүс Түүнд ашиглагдахад тэнцэж чадахгүй. Тэгэхээр та нар Түүний үгийг ямар хэмжээнд амьдран харуулдаг вэ? Та нар Бурханы үгийг идэж уун, түүнийгээ өөрийн амийн байдалтай харьцуулж чаддаг бөгөөд Миний хөндсөн асуудлууд дээр хэрэгжүүлэлтийн замыг олдог байх юм бол л хэрэгжүүлэлт чинь зөв болж, Бурханы хүсэлд нийцэх болно. Ийм хэрэгжүүлэлттэй хүн л Бурханыг хайрлах хүсэлтэй байдаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?