Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой (I хэсэг)
Зургаан мянга гаруй жил хийгдсэн бүхий л ажил эрин үе өнгөрөхийн хэрээр аажмаар өөрчлөгджээ. Энэхүү ажлын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн ерөнхий нөхцөл байдал болон нийт хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад үндэслэсээр ирсэн юм; тийнхүү удирдлагын ажил гагцхүү аажмаар өөрчлөгдсөн билээ. Үүнийг бүтээлийн эхэн үед төлөвлөөгүй. Дэлхий ертөнц бүтээгдэхээс өмнө, эсвэл бүтээгдсэний дараахан Ехова, ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат, эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалтын үе шат байна, үүнийг эхлээд Моабын үр удмын зарим хүнээс эхлүүлж, үүгээр дамжуулан бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэж төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгийг огт хэлээгүй, Моабын дараа ч ингэж хэлээгүй; үнэндээ Лотоос өмнө ч Тэр ингэж огт айлдаагүй юм. Бурханы бүх ажил аяндаа хийгддэг. Яг ийм маягаар л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Тэрээр “Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт” гэх мэтийн төлөвлөгөө зохиогоогүй. Өөрийнхөө ажлаар Бурхан Өөрийнхөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиох гэж тархиа гашилгадаггүй. Мэдээж, нэлээд олон эш үзүүлэгч асар олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил үргэлж нарийн нягт төлөвлөгдсөөр ирсэн гэж хэлж мөн л болохгүй; тэдгээр зөгнөл нь тухайн үеийн Бурханы ажлын дагуу хэлэгдсэн. Түүний хийдэг бүх ажил нь хамгийн бодитой ажил юм. Тэрээр эрин үе бүрийн хөгжилд нийцүүлэн, аливаа зүйлсийн өөрчлөлтөд үндэслэн ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх гэдэг нь өвчнийг эмчлэх эм бичиж өгөхтэй адил; Тэрээр ажлаа хийх зуураа ажигладаг ба ажиглалтынхаа дагуу ажлаа үргэлжлүүлдэг. Ажлынхаа үе шат болгонд Бурхан Өөрийн асар их мэргэн ухаан, чадварыг илэрхийлэх чадвартай; Тэрээр тодорхой нэг эрин үеийн ажлын дагуу Өөрийн үлэмж арвин мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг ба тухайн эрин үеийн турш Өөрийн буцаан авчирсан бүх хүнд бүхий л зан чанараа харуулдаг. Тэрээр эрин үе болгонд хийгдэх хэрэгтэй ажлын дагуу хүмүүсийн хэрэгцээг хангаж, хийх ёстой ажлаа хийдэг. Мөн Сатаны завхруулсан түвшинд үндэслэн хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгосон ба ингэснээр тэд бүтээлийн дунд Бурханд гэрчлэл хийж чадах байв. Гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдэж, Адам ч мөн адил зүйл хийсэн; тэд цэцэрлэг дэх сайн, мууг мэдүүлэгч модны жимсийг хоёулаа идсэн. Тиймээс, Ехова тэдэн дээр нэмэлт ажил явуулах хэрэгтэй болсон юм. Тэдний нүцгэн байгааг хараад Тэр амьтны арьсаар хийсэн хувцсаар биеийг нь халхалсан. Дараа нь Тэрээр Адамд: “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамайг газар шороонд буцтал … чамаас болж газар хараагдлаа; учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Эмэгтэйд хандан Тэрээр: “Жирэмсний чинь зовлон зүдүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Еден цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дэлхий дээр амьдардагтай адилаар цэцэрлэгийн гадна амьдруулах болсон юм. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээгдсэнийх нь дараа хүнийг могойгоор уруу татуулаад, дараа нь хүн, могой хоёрыг хараана гэж төлөвлөөгүй байв. Түүнд үнэндээ тийм төлөвлөгөө байгаагүй; ердөө аливаа зүйлийн өрнөл л Түүнд бүтээлүүдийнхээ дунд хийх шинэ ажлыг өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш үргэлжлүүлэн хөгжсөн ба “Ехова, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав… Гэвч Ноа Еховагийн мэлмийд тааллыг олжээ.” Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон учраас энэ үед Еховагийн хийх илүү их шинэ ажил гарч ирсэн юм. Энэ нөхцөл байдлаас болоод Ехова бүх хүн төрөлхтний дундаас Ноагийн гэр бүлийг өршөөхөөр сонгож, дараа нь дэлхийг үерээр устгах ажлаа хэрэгжүүлжээ. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам бүр завхарсан ба хүний хөгжил оргилдоо хүрэх цаг ирэхэд энэ нь хүн төрөлхтний төгсгөл байх болно. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл Түүний ажлын дотоод үнэн үргэлж ийм байсаар ирсэн бөгөөд үргэлж ийм байна. Энэ нь хүмүүс төрлийнхөө дагуу ангилагдахтай адилхан байх болно; хүн нэг бүр тодорхой ангилалд харьяалагдахаар бүр анхнаасаа урьдчилан тогтоогддог юм огт биш; харин ч хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л хүн болгон аажмаар ангилагддаг. Эцэст нь, бүрэн аврал хүртэж чадахгүй хэн боловч “өвөг дээдсүүд” рүүгээ буцан очно. Хүн төрөлхтний дундах Бурханы ажлын аль нь ч дэлхий бүтээгдэх үед хэдийнээ бэлтгэгдсэн байгаагүй; харин энэ бол хүн төрөлхтний дундах ажлаа алхам алхмаар илүү бодитой, жинхэнэ байдлаар хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон зүйлсийн хөгжил юм. Жишээ нь, Ехова Бурхан эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүй; тэр нь Түүний тусгай төлөвлөгөө байгаагүй, Түүний зориуд урьдчилан төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Энэ нь гэнэтийн тохиолдол байсан гэж хэлж болно. Тиймээс, үүнээс болоод Ехова, Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж, дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг олж мэддэг. Урьд нь Миний хэлсэнчлэн: “Би Сатаны явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг.” Хүн төрөлхтөн хэчнээн завхарсан ч бай, эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан ч бай, Еховад мэргэн ухаан нь байсаар байдаг; тийм болохоор Тэр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан тасралтгүй явуулга хийж, хүн төрөлхтнийг байнга завхруулсаар ирсэн ба Ехова Бурхан Өөрийн ухаалаг ажлыг зогсолтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй, мөн дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ажиллахаа хэзээ ч болиогүй. Хүмүүсийг Сатан завхруулсны дараа Тэрээр хүн төрөлхтний завхралын эх сурвалж болсон дайсныг ялахын тулд хүмүүсийн дунд ажилласаар байсан юм. Энэхүү тулаан дэлхийн үүслээс эхлэн өрнөсөн ба дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Тиймээс Бурхан тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захирагдуулаад зогсохгүй, бас газар дээрх бүх зүйлийг хөлийнхөө гишгүүр дор амраадаг, ялангуяа хүн төрөлхтөн рүү дайран довтолж, зовоодог хорон муу хүмүүсийг Өөрийн гэсгээлтэд унагадаг. Энэ бүх ажлын үр дүн нь Түүний мэргэн ухаанаас үүдэн гардаг. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газар дээр ч, эсвэл бүх орчлон ертөнцийн хаана ч ямар ч дайсан байгаагүй бөгөөд байгаль дээрх ямар нэг зүйлд халдан довтолсон харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа Тэрээр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн ба хүн төрөлхтнөөс болоод Тэр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа—ээлж дараалсан үе шат бүрд улам эрчимждэг дайныг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний төгс хүчин болон мэргэн ухаан энэ үе шат болгонд байсан. Тэр үед л тэнгэр, газар дахь бүх зүйл Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, ялангуяа Бурханы бодит байдлыг харсан юм. Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг. Тэрээр та нарт ажлын үе шат бүрийн дотоод үнэнийг харуулж, Бурханы төгс хүчийг яг яаж тайлбарлахыг харуулахын сацуу Бурханы бодит байдлын тодорхой тайлбарыг харуулдаг.
Иудас Есүсээс урвасан тухайд, энэ нь дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө урьдчилан тодорхойлогдсон байсан бус уу гэж зарим хүн гайхдаг. Үнэндээ тухайн үеийн бодит байдалд үндэслэн Ариун Сүнс эдгээр төлөвлөгөөг гаргасан юм. Харин үргэлж мөнгө хөрөнгө завшиж байсан Иудас гэдэг нэртэй хүн тэнд байж таарсан тул уг хүн энэ дүрд тоглож, ийм маягаар үйлчлэхээр сонгогдсон. Энэ нь тухайн үеийн эх сурвалжийг ашигласан жинхэнэ жишээ байлаа. Есүс эхэндээ энэ талаар мэдээгүй; Тэрээр сүүлд нь Иудасыг илчлэгдсэний дараа л энэ тухай мэдсэн. Хэрвээ өөр хэн нэгэн энэ дүрд тоглож чадах байсан бол Иудасын оронд тэр хүн үүнийг хийх байв. Урьдчилан тогтоогдсон зүйл нь үнэндээ тухайн хоромд Ариун Сүнсний хийсэн зүйл байсан юм. Ариун Сүнсний ажил үргэлж аяндаа хийгддэг; Тэр Өөрийн ажлыг хэдийд ч төлөвлөж, хэдийд ч биелүүлж чадна. Ариун Сүнсний ажил бодитой, үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж хамгийн шинэхэн байдаг гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Дэлхий ертөнц бүтээгдэх үед Түүний ажил аль хэдийн төлөвлөгдсөн байгаагүй; ийм зүйл огт болоогүй! Ажлын алхам бүр нь тус тусын цаг хугацаандаа зүй зохистой үр дүндээ хүрдэг ба алхмууд нь нэг нэгэндээ саад болдоггүй. Маш олон удаа, чиний оюун санаан дахь төлөвлөгөө Ариун Сүнсний хамгийн сүүлийн үеийн ажилтай ердөө дүйцдэггүй. Түүний ажил хүний бодол шиг тийм энгийн байдаггүй, хүний төсөөлөл шиг төвөгтэй ч байдаггүй—энэ нь хүмүүсийн одоогийн хэрэгцээнд нийцүүлэн хэдийд ч, хаана ч хүмүүсийг хангахаас бүрдэнэ. Хүмүүсийн мөн чанарыг Түүн шиг тодорхой мэддэг хэн ч байхгүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүмүүсийн бодит хэрэгцээнд Түүний ажил шиг тохирч чадах зүйл юу ч үгүй. Тиймээс хүний үзэл бодлоор бол Түүний ажил хэдэн мянган жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдсөн мэт санагддаг. Одоо та нарын дунд ажиллаж, та нарын байгаа байдлыг ажиглангаа ажиллаж, үг хэлж байх зуураа Тэр янз бүрийн байр байдалтай тулгараад яг оносон үг хэлдэг ба хүмүүст яг хэрэгтэй байгаа үгийг хэлдэг. Түүний ажлын эхний алхам буюу гэсгээлтийн цаг үеийг аваад үз. Гэсгээлтийн цаг үеийн дараа хүмүүс элдэв янзын зан авир гаргаж, тодорхой арга замаар тэрслүү авирласан; янз бүрийн эерэг байдал гарч ирсэн, зарим нэг сөрөг байдал ч бас гарч ирсэн. Тэд сөрөг байдалдаа нэг цэгт хүрч, өөрсдийн унах хамгийн доод хязгаарыг харуулсан. Бурхан энэ бүх зүйлд үндэслэн Өөрийн ажлыг явуулж, улмаар Өөрийнхөө ажлаар илүү дээр үр дүнд хүрэхийн тулд эдгээрийг ашигласан. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн нэг хугацаан дахь хүмүүсийн байгаа байдалд үндэслэн хүмүүсийг хангах ажлаа хийдэг; Тэрээр Өөрийн ажлын алхам бүрийг хүмүүсийн бодит байр байдлын дагуу хэрэгжүүлдэг. Бүх бүтээл Түүний гарт байдаг; Тэр яаж тэднийг мэдэхгүй байж болох юм бэ? Бурхан хүмүүсийн байр байдалд нийцүүлэн, хийгдэх ёстой ажлын дараагийн алхмыг хэдийд ч, хаана ч хэрэгжүүлдэг. Энэ ажил яавч олон мянган жилийн өмнөөс төлөвлөгдөөгүй; энэ нь хүний үзэл юм! Тэрээр Өөрийн ажлын үр нөлөөг ажиглангаа ажилладаг ба Түүний ажил тасралтгүй гүнзгийрч, хөгжиж байдаг; Өөрийн ажлын үр дүнг ажигласныхаа дараа Тэрээр тухай бүрд нь ажлынхаа дараагийн алхмыг хэрэгжүүлдэг. Тэр аажмаар шилжихийн тулд олон зүйлийг ашигладаг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Өөрийн шинэ ажлыг хүмүүст илэрхий болгодог. Ийм байдлаар ажиллах нь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна, учир нь Бурхан хүмүүсийг дэндүү сайн мэддэг билээ. Ийнхүү Тэр Өөрийн ажлыг тэнгэрээс хэрэгжүүлдэг. Үүний адилаар, бие махбодтой болсон Бурхан ийм маягаар ажлаа хийж, бодит нөхцөл байдлын дагуу зохицуулалт хийж, хүмүүсийн дунд ажилладаг. Дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө Түүний ажлын аль нь ч зохицуулагдсан байгаагүй, мөн урьдчилан нарийн нямбай төлөвлөгдсөн ч байгаагүй. Дэлхий бүтээгдсэнээс хойш хоёр мянган жилийн дараа хүн төрөлхтөн маш их завхарсныг Ехова харсан болохоор эш үзүүлэгч Исаиагийн амыг ашиглан, Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үед Ехова хүн төрөлхтнийг золин аврах ажлаа явуулна хэмээн зөгнөсөн. Энэ нь Еховагийн төлөвлөгөө байсан, мэдээж энэхүү төлөвлөгөө ч бас тухайн үед Түүний ажигласан нөхцөл байдлын дагуу хийгдсэн; Тэрээр Адамыг бүтээснийхээ яг дараахан энэ тухай бодоогүй нь лавтай. Исаиа ердөө л зөгнөл хэлсэн, харин Ехова Хуулийн эрин үед үүнд зориулаад урьдчилан бэлтгээгүй; харин ч Тэр үүнийг Нигүүлслийн эрин үеийн эхэнд хийж эхэлсэн ба Иосефийн зүүдэнд элч харагдаж, Бурхан махбод болно гэх мэдээгээр түүнийг гэгээрүүлэх үед л Түүний бие махбодтой болох ажил нь эхэлсэн. Хүмүүсийн төсөөлдөг шигээр Бурхан энэ дэлхийг бүтээснийхээ яг дараа бие махбодтой болох ажилдаа бэлтгээгүй; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хэмжээ болон Сатантай хийсэн Түүний дайны төлөв байдлын дагуу л шийдэгдсэн юм.
Бурхан махбод болох үед Түүний Сүнс хүн дээр бууж ирдэг; өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс бие махбодоор хувцасладаг. Тэрээр зарим тодорхой хязгаарлагдмал алхмуудыг авчралгүйгээр Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирдэг; Түүний ажил ямар ч хязгааргүй байдаг. Ариун Сүнсний махбодоор хийдэг ажил мөн л Түүний ажлын үр дүнгээр тодорхойлогддог ба Тэрээр махбодод байхдаа ажлаа хэр удаан хугацаанд хийхээ тодорхойлохын тулд ийм зүйлсийг ашигладаг. Ариун Сүнс ажлынхаа алхам бүрийг шууд илчилдэг ба явахынхаа хэрээр Өөрийн ажлыг шинжилж шалгадаг; энэхүү ажил хүний төсөөллийн хязгаараас даван гарахуйц тийм ч ер бусын биш. Энэ нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Еховагийн ажилтай адилхан; Тэр нэгэн зэрэг төлөвлөж, ажилласан. Тэр гэрлийг харанхуйгаас салгаад, өглөө, орой бий болсон—үүнд нэг өдрийг зарцуулжээ. Хоёр дахь өдөр нь Тэрээр тэнгэрийг бүтээсэн ба үүнд мөн нэг өдрийг зарцуулсан; дараа нь газар дэлхий, далай тэнгис, болон тэдгээрт суурьших бүх бүтээлийг бүтээхэд мөн л нэг өдөр шаардагдсан юм. Энэ нь зургаа дахь өдрийг хүртэл үргэлжилсэн ба тэр үед Бурхан хүнийг бүтээгээд газар дээрх бүх зүйлийг түүгээр удирдуулжээ. Тэгээд долоо дахь өдөр нь Тэр бүх зүйлийг бүтээж дуусаад амарсан юм. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, үүнийг ариун өдөр болгон тогтоосон. Тэрээр бүх зүйлийг бүтээхээсээ өмнө биш, харин аль хэдийн бүтээснийхээ дараа энэхүү ариун өдрийг тогтоохоор шийдсэн билээ. Энэ ажил ч бас аяндаа хийгдсэн; бүх зүйлийг бүтээхээсээ өмнө Тэр дэлхийг зургаан өдөрт бүтээгээд долоо дахь өдөр нь амарна гэж шийдээгүй байсан; энэ нь бодит баримттай огтхон ч нийцдэггүй. Тэр ийм зүйл хэлээгүй, ингэж ч төлөвлөөгүй. Бүх зүйлийн бүтээл нь зургаа дахь өдөр дуусаад, долоо дахь өдөр нь амарна гэж Тэр яавч хэлээгүй; харин тухайн үед Өөрт нь юу сайн санагдаж байсны дагуу л бүтээсэн. Тэр бүх зүйлийг бүтээж дуусмагц аль хэдийн зургаа дахь өдөр болсон байв. Хэрвээ бүх зүйлийг бүтээж дуусахад тав дахь өдөр байсан бол Тэрээр зургаа дахь өдрийг ариун өдөр болгон тогтоох байлаа. Гэхдээ Тэр үнэндээ бүх зүйлийг зургаа дахь өдөр бүтээж дууссан ба тийнхүү долоо дахь өдөр нь ариун өдөр болж, өнөөдрийг хүртэл уламжлагдан иржээ. Тиймээс, Түүний одоогийн ажил үүнтэй адилаар хийгдэж байгаа. Тэр та нарын нөхцөл байдлын дагуу хэрэгцээг чинь хангаж, үгээ хэлдэг. Өөрөөр хэлбэл, Сүнс хүмүүсийн нөхцөл байдлын дагуу үг хэлж, ажилладаг; Тэр бүхнийг ажиглан харж, хэдийд ч хаана ч ажилладаг. Миний хийдэг, хэлдэг, та нарт үүрүүлж, та нарт олгож байгаа зүйл бүгд ялгаагүй та нарт хэрэгтэй зүйлс юм. Тиймээс Миний ажлын аль нь ч бодит байдлаас салангид байдаггүй; бүгд бодитой байдаг, учир нь “Бурханы Сүнс бүгдийг ажиглан харж байдаг” гэдгийг та нар бүгд мэднэ. Хэрвээ энэ нь бүгд цагаасаа өмнө шийдэгдсэн байсан бол хэтэрхий төлөвлөгдсөн байх бус уу? Бурхан бүхэл бүтэн зургаан мянган жилийн төлөвлөгөөг гаргасан, дараа нь хүн төрөлхтнийг тэрслүү, эсэргүү, шударга бус, зальжин байж, махан биеийн завхрал, сатанлаг зан чанар, нүдний шунал тачаал, хувийн дур сонирхолтой байхаар урьдчилан төлөвлөсөн гэж чи бодож байх шиг байна. Эдгээрийн алийг нь ч Бурхан урьдчилан төлөвлөөгүй, харин Сатан завхруулснаас болоод энэ бүхэн тохиолдсон юм. Зарим хүн: “Сатан ч бас Бурханы атганд байсан бус уу? Сатан ийм байдлаар хүнийг завхруулна, дараа нь хүмүүсийн дунд Өөрийн ажлыг явуулна гэж Бурхан урьдчилан төлөвлөсөн” хэмээн хэлж магадгүй. Сатан хүн төрөлхтнийг завхруулна гэдгийг Бурхан үнэхээр урьдчилан төлөвлөх үү? Бурхан хүн төрөлхтнийг хэвийн амьдруулахыг л хүсэн эрмэлздэг тул тэдний амьдралд үнэхээр хөндлөнгөөс оролцоно гэж үү? Тэгэх юм бол Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аврах нь хий дэмий хичээл чармайлт болох бус уу? Хүн төрөлхтний тэрслүү байдлыг урьдчилан төлөвлөсөн байж яаж болох юм бэ? Энэ нь Сатаны хөндлөнгийн оролцооноос болж тохиолдсон зүйл юм; үүнийг Бурхан урьдчилан төлөвлөсөн байж яаж болох юм бэ? Та нарын бодож байгаа Бурханы атган дахь Сатан болон Миний ярьж байгаа Бурханы атган дахь Сатан маш өөр. Та нарын “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан түүний гарт байдаг” гэж хэлдгийн дагуу бол Сатан Түүнээс хэзээ ч урваж чадахгүй. Бурхан төгс хүчтэй гэж чи хэлсэн бус уу? Та нарын мэдлэг хэтэрхий хийсвэр ба бодит байдалтай үл тохирдог; хүн Бурханы бодлыг ухан ойлгож хэзээ ч чадахгүй, Бурханы мэргэн ухааныг ойлгож хэзээ ч чадахгүй! Бурхан бол төгс хүчтэй; энэ нь огтхон ч худлаа биш. Бурхан анх түүнд эрх мэдлийн нэг хувийг өгсөн учраас тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан юм. Мэдээж энэ нь Ева могойн уруу таталтад автсантай адил гэнэтийн явдал байсан. Гэвч Сатан урвалтаа яаж явуулах нь хамаагүй, тэр Бурхантай адил төгс хүчтэй биш. Та нарын хэлснээр, Сатан ердөө л хүчирхэг; тэр юу хийх нь хамаагүй, Бурханы эрх мэдэл түүнийг үргэлж ялна. Энэ бол “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан Түүний гарт байдаг” гэсэн үгийн цаана буй жинхэнэ утга билээ. Тиймээс, Сатантай хийх дайн нэг удаад нэг алхмаар явагдах ёстой. Түүнчлэн, Сатаны ов мэхийн хариуд Бурхан Өөрийн ажлыг төлөвлөдөг—өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн эрин үед тохирсон байдлаар хүмүүст аврал авчирч, төгс хүчин, мэргэн ухаанаа илчилдэг. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх ажлыг Нигүүлслийн эрин үеэс өмнө урьдчилан төлөвлөөгүй юм; урьдчилан төлөвлөлт нь: нэгдүгээрт, хүний гадаад зан чанарыг өөрчилнө; хоёрдугаарт, хүнийг гэсгээлт, шалгалтад өртүүлнэ; гуравдугаарт, хүнээр үхлийн шалгалт туулуулна; дөрөвдүгээрт, Бурханыг хайрлах цаг үеийг хүнээр туулуулж, бүтээгдсэн зүйлийн шийдвэрийг илэрхийлүүлнэ; тавдугаарт, Бурханы хүслийг хүнд харуулж, Бурханыг бүрэн мэдүүлнэ; эцэст нь хүнийг бүрэн төгс болгоно гэсэн байдлаар эмх цэгцтэйгээр хийгддэггүй. Тэр энэ бүх зүйлийг Нигүүлслийн эрин үед төлөвлөөгүй; харин Тэрээр өнөө үед эдгээрийг төлөвлөж эхэлсэн юм. Сатан ажиллаж байгаа, Бурхан ч мөн адил. Сатан завхарсан зан чанараа илэрхийлдэг байхад Бурхан шууд ярьж, мөн чанарын зарим зүйлийг илчилдэг. Энэ бол өнөөдөр хийгдэж байгаа ажил бөгөөд үүнтэй адил төрлийн ажиллах зарчим дэлхийг бүтээгдсэний дараа аль эртнээс хэрэглэгдэж байсан юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?