Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 9-р бүлэг
Хүмүүсийн төсөөллөөр Бурхан бол Бурхан, хүмүүс бол хүмүүс. Бурхан хүмүүсийн хэлээр ярьдаггүй, мөн хүмүүс Бурханы хэлээр ярьж чадахгүй. Бурханы хувьд Өөрт нь тавьсан хүний шаардлагад хүрэхэд хялбархан байдаг байхад хүнд тавих Бурханы шаардлагууд нь хүмүүсийн хувьд хүрэхийн аргагүй, төсөөлөхийн аргагүй байдаг. Гэхдээ, үнэн яг эсрэгээрээ байдаг: Бурхан хүмүүсээс ердөө “0.1 хувийг” л шаарддаг. Энэ нь хүмүүст хачирхалтай байдгаар зогсохгүй, бас мэл гайхаж, будилахад тэднийг хүргэдэг. Бурханы гэгээрэл, нигүүлслийн ачаар л хүмүүс Бурханы хүслийн талаар бага зэрэг мэддэг болсон. Гэхдээ 3 дугаар сарын 1-нд бүх хүн дахин нэгэнтээ мэгдэж сандран, толгойгоо маажин үлдсэн юм; Бурхан Өөрийнхөө ардуудаас хөвөгч үүл биш, харин гялтганах цас байхыг шаардсан. Тэгвэл энэхүү “цас” юуг хэлдэг вэ? Мөн “хөвөгч үүл” нь юуг илтгэдэг вэ? Энэ мөчид, Бурхан эдгээр үгийн дотоод утга учрын талаар зориуд юу ч илчлээгүй. Энэ нь хүмүүсийг төөрөгдөлд умбуулж, улмаар эрж хайх итгэлийг нь нэмэгдүүлдэг—учир нь энэ бол Бурханы ардуудад тавьсан онцгой шаардлага бөгөөд өөр юу ч биш; тиймээс хүмүүс эдгээр ойлгохын аргагүй үгийг тунгаан бодоход өөрийн эрхгүй илүү их цаг зарцуулж байдаг. Үүний үр дүнд тэдний уураг тархинд янз бүрийн санаа төрж, хөвж буй цасан ширхэг нүднийх нь өмнүүр гялтганаж, тэнгэрт хөвөгч үүл нэн даруй оюун ухаанд нь харагддаг. Бурхан яагаад Өөрийнхөө ардуудаас хөвөгч үүл биш, харин цас байхыг шаарддаг вэ? Энд байгаа жинхэнэ утга учир юу вэ? Эдгээр үг яг юуг онцгойлон хэлдэг вэ? “Цас” нь байгалийг үзэсгэлэнтэй сайхан харагдуулаад зогсохгүй, бас хөдөө аж ахуйн бүс нутагт ч хэрэгтэй; энэ нь бактери устгахдаа сайн. Их цас орсны дараа бүх бактерийг гялтганах цас бүрхэж, бүхий л орон зай нэн даруй амьдралаар бялхдаг. Түүнчлэн, Бурханы ардууд бие махбодтой болсон Бурханыг мэдэх ёстойгоор үл барам, мөн Бурхан бие махбодтой болсон баримтын үндсэн дээр өөрсдийгөө захирдаг; ингэснээрээ тэд хэвийн хүн чанарыг амьдран харуулна. Цас ийнхүү байгалийг үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг; эцсийн эцэст Бурханы ардуудын төлөвшил нь агуу улаан лууд төгсгөл авчирч, газар дээр Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы ариун нэрийг түгээж, алдаршуулна, ингэснээр газар дээрх хаанчлал бүхэлдээ Бурханы зөвт байдлаар дүүрч, Бурханы гялбаагаар гэрэлтэж, Түүний алдраар очтон гялалзана. Хаа сайгүй амар тайван, сэтгэл хангалуун байдал, аз жаргал болон сэтгэл ханамж, тасралтгүй шинэчлэгдсэн гоо үзэсгэлэнгийн дүр зураг байх болно. Одоо оршин байгаа янз бүрийн тахал—зөв шударга бус байдал, гажууд, зальжин байдал, ёрын муу хүсэл гэх мэтийн завхарсан сатанлаг зан чанар—бүгд устгагдаж, улмаар тэнгэр, газар хоёулаа шинэчлэгдэнэ. Энэ бол “их цас орсны дараа” гэдгийн жинхэнэ утга учир юм. Хөвөгч үүл шиг хүмүүс нь Бурханы дурдсанаар бусдыг даган дуурайдаг төрлийн хүмүүс юм; хэрвээ Сатаны уруу таталт, эсвэл Бурханы шалгалт байвал тэд нэн даруй урсгал даган хөвж, оршин тогтнохоо болино. Тэдний аль хэдийн үгүй болсон мөн чанар ч гэсэн үлдэхгүй. Хэрвээ хүмүүс хөвөгч үүл шиг бол Бурханы дүрийг амьдран харуулах чадваргүйгээр үл барам, мөн Бурханы нэрд ичгүүр авчирдаг, учир нь тийм хүмүүс хэдийд ч, хаана ч булаагдан одох аюултай байдаг; тэд бол Сатаны иддэг хоол хүнс бөгөөд Сатан тэднийг олзлох үед Бурханаас урваж, Сатанд үйлчилнэ. Энэ нь Бурханы нэрд ичгүүр авчирдаг нь тодорхой бөгөөд Бурханы хамгийн их дургүйцдэг зүйл юм; ийм хүмүүс Бурханы дайснууд мөн. Тиймээс тэдэнд хэвийн хүмүүсийн мөн чанар, ямар нэг бодит үнэ цэнийн аль аль нь байдаггүй. Үүний улмаас Бурхан Өөрийн ардуудад тийм шаардлага тавьдаг. Гэвч эдгээр үгээс зарим нэг зүйлийг ойлгосныхоо дараа хүмүүс яахаа мэддэггүй, учир нь Бурханы үгийн сэдэв Бурхан руу Өөр лүү нь эргэсэн ба энэ нь тэднийг хэцүү байр сууринд тавьдаг: “Би ариун газраас ирсэн учраас нэр төдий, мөн чанаргүй бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь тэр ариун газраас биш, харин намаг балчгаас гардаг билээ.” Өөрийн ардуудад тавих шаардлагынхаа талаар ярьсныхаа дараа Бурхан яагаад Өөрийнхөө төрөлтийг дүрсэлдэг вэ? Энэ хоёрын хооронд холбоо байдаг юм гэж үү? Үнэндээ тэдгээрийн хооронд төрөлхийн холбоо байдаг; эс бөгөөс Бурхан хүмүүст тэгж хэлэхгүй байх байсан юм. Ногоон навчсын дундах бадамлянхуа цэцэг зөөлөн салхины аясаар үргэлж нааш цааш ганхаж байдаг. Энэ нь нүдэнд тааламжтай агаад асар ихээр нандигнан хайрлагддаг. Хүмүүс зүгээр л үүнийг харж ханадаггүй бөгөөд ишнээс нь тасдан авч, ойроос харахын тулд усанд шумбахыг тэсэн ядан хүсэж байдаг. Гэсэн ч Бурхан, бадамлянхуа цэцэг намаг балчгаас гардаг ба мөн чанаргүй, зөвхөн нэр төдий гэж хэлдэг; Бурхан бадамлянхуа цэцгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй нь харагддаг бөгөөд үүнийг бага зэрэг үзэн яддаг гэдэг нь Түүний үгээс илэрхий байдаг. Бадамлянхуа цэцэг бохир заваан газраас өө сэвгүй гарч ирдэг болохоор эрин үеүдийн туршид олон хүн магтаал урсгаж, бүр үүнийг юутай ч харьцуулахын аргагүй, үгээр хэлэхийн аргагүй гайхалтай гэж хэлж байх шиг санагддаг. Гэхдээ Бурханы нүдээр бадамлянхуа цэцэг бол үнэ цэнгүй—энэ нь чухамдаа Бурхан, хүн хоёрын хоорондох ялгаа юм. Тиймээс Бурхан болон хүмүүсийн хоорондох ялгаа нь тэнгэр, газар шиг хол зөрүүтэй гэдгийг харж болно. Бадамлянхуа цэцэг намаг балчгаас ургадаг учраас үүнд шаардлагатай шим тэжээл ч бас бүгд тэндээс гардаг. Зүгээр л бадамлянхуа цэцэг зүсээ хувиргаж, улмаар нүд хужирладаг. Олон хүн бадамлянхуа цэцгийн үзэсгэлэнтэй сайхан гадаад талыг л хардаг боловч үүн дотор нуугдсан амь бузар, бохир гэдгийг хэн ч хардаггүй. Тиймээс Бурхан, үүнийг нэр төдий, мөн чанаргүй гэж хэлдэг—энэ нь бүхэлдээ үнэн, зөв юм. Бурханы ардууд өнөөдөр яг ийм байгаа биш гэж үү? Тэд зөвхөн гаднаа л Бурханд дуулгавартай байж, итгэдэг. Бурхан өөрсдөд нь сэтгэл ханамжтай байг гэсэндээ тэд Бурханы өмнө ая тал засаж, өөрсдийгөө харуулдаг; гэсэн ч дотроо тэд завхарсан сатанлаг зан чанараар дүүрэн, ходоод нь бохироор дүүрэн байдаг. Тийм учраас Бурхан хүмүүст асуулт тавьж, Бурханд хандах үнэнч зан нь хольцтой эсэхийг, мөн энэ нь ариун, чин үнэнч эсэхийг асуудаг. Үйлчлэл үзүүлэгчид байх үедээ олон хүн Бурханыг амаараа магтсан боловч зүрх сэтгэлдээ Түүнийг хараасан. Амаараа тэд Бурханд дуулгавартай байсан боловч зүрх сэтгэлдээ Түүнд дуулгаваргүй хандсан. Тэдний ам сөрөг үг хэлж, зүрх сэтгэлдээ тэд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл өвөрлөсөн. Үйлдлүүд нь хоорондоо авцалдаатай хүмүүс ч байсан: Тэд амаараа бүдүүлэг хараал урсгаж, гараараа дохиж занган, туйлын садар самуун байж, агуу улаан лууны жинхэнэ төрхийг тод томруун, бодитоор илэрхийлсэн. Тийм хүмүүсийг агуу улаан лууны үр сад гэж нэрлэх нь үнэхээр зохистой. Гэхдээ өнөөдөр тэд үнэнч үйлчлэл үзүүлэгчдийн байранд зогсож, Бурханы үнэнч ардууд шиг авирладаг—хэчнээн ичгүүр сонжуургүй вэ! Гэвч гайхах юмгүй; тэд намаг балчгаас гарсан тул өөрийн эрхгүй жинхэнэ нүүр царайгаа харуулдаг. Бурхан ариун агаад цэвэр, бодит агаад жинхэнэ учраас Түүний махбод Сүнснээс ирдэг. Энэ нь лавтай агаад маргаангүй. Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддагаар үл барам, Бурханы хүслийг биелүүлэхэд Өөрийгөө бүрэн зориулж чаддаг: эдгээр нь Бурханы мөн чанарын нэг талыг төлөөлдөг. Дүр төрхтэй Сүнснээс махбод ирдэг гэдэг нь, Сүнсний Өөрийгөө хувцасласан махбод бол хүний махан биеэс мөн чанартаа өөр гэсэн үг бөгөөд энэхүү ялгаа нь үндсэндээ тэдний сүнсэнд оршдог. “Дүр төрхтэй Сүнс” гэдэг нь, хэвийн хүн чанараар халхлагдсаны үр дүнд бурханлаг чанар нь дотроо хэвийн ажиллаж чаддаг гэдгийг хэлдэг. Энэ нь өчүүхэн ч ер бусын биш бөгөөд хүн чанараар хязгаарлагддаггүй. “Сүнсний дүр төрх” гэдэг нь бүрэн бурханлаг чанарыг хэлдэг ба хүн чанараар хязгаарлагддаггүй. Тийм болохоор Бурханы төрөлх зан чанар болон жинхэнэ дүр төрхийг, зөвхөн хэвийн, тууштай төдийгүй сүр жавхлан, уур хилэнтэй Бурханы махбод болсон бие л бүрэн амьдран харуулж чадна. Бурханы махбод болсон эхний бие нь хүмүүсийн үзлийн Бурханыг л харуулж байсан; өөрөөр хэлбэл, Тэрээр тэмдэг, гайхамшиг үзүүлж, зөгнөл хэлж л чаддаг байсан юм. Тиймээс Тэр Бурханы бодит байдлыг бүрэн амьдран харуулаагүй, иймд дүр төрхтэй Сүнсний биелэл байгаагүй юм; Тэр ердөө бурханлаг чанарын шууд илрэл байлаа. Түүнчлэн хэвийн хүн чанарыг даван гарсан учраас Түүнийг бүрэн бодитой Бурхан Өөрөө гэж нэрлээгүй, харин Түүнд тэнгэр дэх тодорхойгүй Бурханы зүйл бага зэрэг байсан; Тэр бол хүмүүсийн үзлийн Бурхан байсан юм. Энэ нь Бурханы махбод болсон хоёр биеийн мөн чанарын ялгаа билээ.
Бурхан орчлон ертөнцийн хамгийн өндөр цэгээс хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг, хүмүүсийн хэлж, хийж байгаа бүхнийг хардаг. Тэрээр тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бодлыг ч орхигдуулахгүйгээр, туйлын тодорхой ажиглаж байдаг; иймээс Түүний үг хүмүүсийн зүрхийг зүсэж, бодол болгонд нь цохилт өгдөг бөгөөд Бурханы үг сүйхээтэй, алдаа мадаггүй байдаг. “Хүмүүс Миний Сүнсийг ‘мэддэг’ боловч Миний Сүнсэнд халдсаар байдаг. Миний үг бүх хүний муухай царайг ил гаргаж, бүх хүний зүрх сэтгэлийн хамгийн гүний бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх хүн бүхэн Миний шинжилтийн дунд нуран унадаг.” Хүнд тавих Бурханы шаардлага хэдийгээр өндөр биш боловч хүмүүс Бурханы Сүнсний шинжилтийг тэвчиж чаддаггүй гэдэг нь эндээс илэрхий байна. “Гэхдээ унаж, бүтэлгүйтсэн хэр нь тэдний зүрх сэтгэл Надаас холдон явж зүрхэлдэггүй. Бүтээгдсэн зүйлсийн дунд Миний үйл хэргээс болоод Намайг хайрладаггүй хэн байна?” Энэ нь Бурханы бүх мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг бүр ч их илтгэж, улмаар үйлчлэл үзүүлэгчдийн байр сууринд байх үедээ Бурханы ардуудын бодсон бүхнийг илчилдэг: Бүтэлгүйтсэн “арилжааг” дагаад тэдний уураг тархин дахь “хэдэн зуун мянга”, эсвэл “хэдэн сая” нь юу ч биш болсон. Гэхдээ Бурханы захиргааны зарлигаас болж, мөн Бурханы сүр жавхлан, уур хилэнгээс болж хэдий тэд уй гашуутайгаар толгойгоо унжуулсан ч сөрөг сэтгэхүйгээр Бурханд үйлчилсээр байсан бөгөөд урьдын бүх хэрэгжүүлэлт нь хоосон яриа болж, бүрмөсөн мартагдсан. Харин тэд өөрсдийгөө зугаацуулахын тулд, цаг өнгөрөөж, нөхцөөхийн төлөө өөрсдийг нь болон хүн бүрийг баярлуулах зүйлсийг хүссэнээрээ хийсэн… Хүмүүсийн дунд яг ийм зүйл болж байсан юм. Тиймээс Бурхан хүнд хандан, ийнхүү хэлсэн: “Миний үгийн үр дүнд Намайг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Миний хайраас болоод сэтгэл татагддаггүй хэн байна вэ?” Үнэнийг хэлэхэд хүмүүс бүгд Бурханы үгийг хүлээн авахад бэлэн байгаа ба Бурханы үгийг унших дургүй нэг ч хүн тэдний дунд үгүй; өөрсдийнх нь уг чанар саад болдог учраас тэд Бурханы үгийг хэрэгжүүлж ер чаддаггүй. Бурханы үгийг уншсаныхаа дараа олон хүн Бурханы үгээс салж тэвчдэггүй бөгөөд Бурханыг гэх хайр тэдний дотор ундардаг. Тиймээс Бурхан дахин нэгэнтээ Сатаныг харааж, үзэшгүй муухай царайг нь дахин нэгэнтээ илчилдэг. “Сатан цадиггүй аашлан галзуу мэт эзэрхэг байдаг эрин” гэдэг нь бас Бурхан газар дээрх албан ёсны, агуу ажлаа эхэлдэг яг тэр эрин үе юм. Дараа нь Тэр дэлхий ертөнцийг үндсээр нь устгах ажлаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Сатан хэдий чинээ их улангасан гүйнэ, Бурханы өдөр төдий чинээ хурдан ирнэ. Тиймээс Бурхан Сатаны дэггүй байдлын талаар ярих тусам, Бурхан дэлхий ертөнцийг үндсээр нь устгах өдөр улам ойртоно. Энэ нь Сатанд өгөх Бурханы тунхаглал юм.
Яагаад Бурхан: “Tүүнчлэн Миний ар хударгаар тэд тэдгээр ‘магтууштай’ бохир ажлыг эрхэлдэг. Өөрийгөө хувцасласан бие махбод минь чиний үйлдэл, зан авир, үг хэлний талаар юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу?” хэмээн ахин дахин хэлдэг юм бэ? Тэр ийм үгийг ганц, хоёрхон удаа хэлээгүй. Яагаад тэр вэ? Хүмүүс Бурханаар тайвшруулагдаж, хүнийг гэх Бурханы уй гашууг мэддэг болмогцоо урагш тэмцээд өнгөрснөө мартах нь амархан болдог. Гэхдээ Бурхан хүмүүст өчүүхэн төдий ч өршөөнгүй ханддаггүй: Тэрээр хүмүүсийн бодлыг мөшгөсөөр байдаг. Тиймээс Тэр хүмүүст өөрсдийгөө мэдэж, завхайрлаа зогсоож, тийм магтууштай бохир ажил хэрэгт оролцохоо больж, махбод дахь Бурханыг дахин хэзээ ч мэхлэхгүй бай гэж ахин дахин хэлдэг. Хэдийгээр хүмүүсийн уг чанар өөрчлөгддөггүй боловч тэдэнд хэдэн удаа сануулах нь ач тустай байдаг. Үүний дараа Бурхан доторх нууцуудыг нь илчлэхийн тулд хүний өнцгөөс ярьдаг: “Олон жил Би салхи, бороог тэсвэрлэж, хүний ертөнцийн гашууныг ч мөн амссан; гэхдээ сайн эргэцүүлэн бодвол ямар ч их зовлон шаналал махан биетэй хүнийг Надад итгэж найдахаа болиход хүргэхгүй, ямар ч сайхан байдал махан биетэй хүнийг Надад хүйтэн хөндий, сэтгэлээр унаж, үл ойшоосон байдлаар хандахад хүргэж бүр ч чадахгүй. Намайг гэх хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй юм уу сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?” “Нарны доорх бүхэн хий хоосон”—эдгээр үгэнд үнэндээ дотоод утга учир бий. Тиймээс Бурхан, юу ч хүнийг Түүнд итгэж найдахаа болиход хүргэж, эсвэл Түүнд хүйтэн хөндий хандахад хүргэж чадахгүй гэж хэлж байна. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрладаггүй бол тэд бараг үхсэн нь дээр; хэрвээ тэд Бурханыг хайрладаггүй бол тэдний зовлон хий дэмий, ерөөл нь хоосон бөгөөд нүгэл дээр нь нэмэгдэнэ. Бурханыг үнэхээр хайрладаг ганц ч хүн байдаггүй учраас Тэр: “Намайг гэх хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй юм уу сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?” гэж хэлсэн. Хүний ертөнцөд зовлон шаналал юм уу сайхан байдалгүйгээр хүн яаж оршин тогтнож чадах юм бэ? Бурхан: “Нэг ч хүн Миний царайг үнэхээр хэзээ ч хараагүй, Миний дуу хоолойг ч хэзээ ч үнэхээр сонсоогүй, учир нь хүмүүс Намайг үнэхээр мэддэггүй” гэж ахин дахин хэлдэг. Хүмүүс Өөрийг нь үнэхээр мэддэггүй гэж Бурхан хэлдэг ч яагаад хүмүүсээс Өөрийг нь мэдэхийг шаарддаг юм бэ? Энэ нь зөрчилдөөн биш гэж үү? Бурханы үг бүр тодорхой зорилготой байдаг. Хүмүүс мэдрэмжгүй болсон учраас Бурхан эцэстээ хүн бүрийн зүрх сэтгэлийн 0.1 хувийг эзэмшихийн тулд хүмүүсээр дамжуулан Өөрийн ажлыг 100% хийх зарчмыг ашигладаг. Энэ нь Бурханы ажилладаг арга бөгөөд Бурхан Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд ийнхүү ажиллах ёстой. Энэ нь бас чухамдаа Бурханы үгийн мэргэн ухаан билээ. Та нар үүнийг ухаарав уу?
Бурхан: “Би махбодоор Өөрийн нууцыг шууд илчилж, Өөрийн хүслийг ил болгох үед та нар анзаардаггүй; та нар дуу авиа сонсдог боловч утга учрыг нь ойлгодоггүй. Би уйтгар гунигт автдаг. Хэдийгээр Би махбодод байгаа боловч махбодын үйлчлэлийн ажлыг хийж чаддаггүй” гэж хэлдэг. Нэг талаар эдгээр үг, мэдрэмжгүй байдлаасаа болоод Бурхантай хамтран ажиллах санаачилга гаргахад хүмүүсийг хүргэдэг; нөгөө талаар Бурхан махбод дахь бурханлаг чанарынхаа жинхэнэ төрхийг илчилдэг. Хүмүүсийн биеийн хэмжээ хэтэрхий жаахан учраас Бурханыг махбодод байх үеийн бурханлаг чанарын илчлэл нь хүмүүсийн хүлээн авах чадварын л дагуу байдаг. Ажлын энэ үе шатанд ихэнх хүмүүс бүрэн хүлээн авах чадваргүй хэвээр үлддэг ба тэдний хүлээн авах чадвар хэчнээн ядмаг болохыг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс энэ ажлын үеэр бурханлаг чанар анхдагч чиг үүргээ бүрэн биелүүлдэггүй; харин багахан хэсгийг нь л биелүүлдэг. Хожмын ажилд, хүний сэргэлтийн байр байдлын дагуу бурханлаг чанар аажмаар илчлэгдэнэ гэдгийг энэ нь харуулдаг. Гэсэн ч бурханлаг чанар аажмаар өсдөггүй; харин бие махбодтой болсон Бурханы мөн чанарт байдаг бөгөөд хүний биеийн хэмжээтэй адилгүй.
Бурхан хүмүүсийг бүтээсэн нь зорилготой, утга учиртай байсан, тиймээс Бурхан: “Хэрвээ хүмүүс бүгд Миний уур хилэнд устгагдах байсан бол тэнгэр газрыг бүтээсний минь утга учир юу байх вэ?” гэж хэлсэн юм. Хүмүүсийг завхруулагдсаны дараа Бурхан Өөрийнхөө таашаалын төлөө тэдний нэг хэсгийг олж авахаар төлөвлөсөн; Түүний санаа зорилго бүх хүнийг устгахын төлөө байгаагүй, мөн Бурханы захиргааны зарлигийг өчүүхэн төдий зөрчмөгц тэднийг үндсээр нь устгахын төлөө ч байгаагүй. Энэ нь Бурханы хүсэл биш юм; Бурханы хэлсэнчлэн, тэгэх нь утга учиргүй байх болно. Яг энэ “утгагүй байдлын” улмаас Бурханы мэргэн ухаан ил болдог. Бүх хүнийг гэсгээж, шүүж, цохихын тулд Бурхан олон арга замаар ярьж, ажиллаж, эцэстээ Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг сонгодог нь бүр ч их ач холбогдолтой бус уу? Яг ийм байдлаар Бурханы үйл хэрэг илчлэгддэг тул хүмүүсийг бүтээсэн явдал бүр ч их утга учиртай болдог. Тиймээс Бурханы үгийн ихэнх нь тэдний хажуугаар өнгөрөн оддог гэж хэлдэг; энэ нь зорилгодоо хүрэхийн төлөө байдаг бөгөөд яг энэ нь л Түүний зарим үгийн бодит байдал билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?