Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 124
Хүний амьдралын зургаан онцгой үе (Сонгосон хэсгүүд)
Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе
Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүмүүс, үйл явдал болон зүйлстэй тулгарч, өөрсдийн хувь заяаны гинжин хэлхээний бүх холбоостой тулгарах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.
1. Бие даасан байдалтай болсныхоо дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг
Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь хүний хувь заяаны тулгын чулууг тавьж, хүний амьдралын замналын “бэлтгэл үе” болдог бол хүний бие даасан байдал нь хүний амьдралын хувь заяаны нээлтийн үг юм. Хэрвээ хүний төрөлт болон өсөлт нь өөрсдийн амьдралын хувь заяаныхаа төлөө тэдний хураасан эд баялаг юм бол, хүний бие даасан байдал нь тэд тэрхүү эд хөрөнгөө үрж, эсвэл нэмэгдүүлж эхэлдэг үе юм. Хүн эцэг эхийнхээ гэрийг орхиж, бие даахад түүнд тулгарах нийгмийн нөхцөл байдал болон түүнд олдох ажил, мэргэжлийн төрөл нь хоёул хувь заяагаар шийдэгдэх бөгөөд хүний эцэг эхтэй ямар ч хамаагүй. Зарим хүмүүс коллежид сайн мэргэжил сонгон сургуулиа төгссөний дараа амьдралынхаа аянд анхныхаа ялгуусан алхмыг хийж, аятайхан ажил олдог. Зарим хүмүүс олон янзын ур чадвар сурч, эзэмшдэг боловч тушаал ахих нь бүү хэл өөртөө тохирох ажил юм уу, байр сууриа хэзээ ч олж чаддаггүй; амьдралынхаа аяны эхэнд алхам бүрдээ бүтэлгүйтэж, хүндрэл бэрхшээлээр хүрээлэгдэж, ирээдүй нь бүрхэг, амьдрал нь тодорхойгүй байдалд ордог. Зарим хүмүүс хичээл номдоо чармайн суралцдаг боловч илүү өндөр боловсрол олж авах бүх боломжоо алдаж, хэзээ ч амжилтад хүрч чадахааргүй тавилантай мэт санагддаг бөгөөд тэдний амьдралын аяны хамгийн анхны хүсэл тэмүүлэл ул мөргүй замхран үгүй болдог. Өмнөх зам нь тэгшхэн, эсвэл бартаатай эсэхийг мэдэхгүйгээр тэд хүний хувь тавилан хэчнээн хувирамтгай болохыг анх удаа мэдэрдэг бөгөөд иймээс амьдралыг итгэл найдвар болон айдас хүйдэстэйгээр авч үздэг. Зарим хүмүүс тийм ч сайн боловсрол эзэмшээгүй байсан ч ном бичиж, тодорхой хэмжээний алдар нэр олдог; зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй ч бизнес хийн мөнгө олж, тэгснээр өөрсдийгөө авч явдаг… Хүн ямар мэргэжил сонгох, хэрхэн амь зуух зэргийн хувьд: сайн сонголт, эсвэл муу сонголт хийх эсэхээ хүн хянаж чадах уу? Тэдгээр нь тэдний хүсэл, шийдвэртэй нийцдэг үү? Ихэнх хүмүүс бага ажиллаж, их цалин хөлс авч, нар, бороонд хүнд хүчир ажил хийхгүй, сайхан хувцаслаж, хаа сайгүй гялалзан гэрэлтэж, бусдаас илүү гарч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахыг хүсдэг. Хүмүүсийн хүсэл тун төгс байдаг боловч амьдралынхаа аянд эхний алхмаа хийх үедээ тэд, хүний хувь тавилан хэчнээн төгс бус болохыг аажмаар ухаардаг бөгөөд хэдийгээр хүн ирээдүйнхээ төлөө зоримог төлөвлөгөө гаргаж болох боловч, хэдийгээр хүн зоригтой зөгнөл өвөрлөж болох боловч өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх хүч, эсвэл чадвар хэнд ч байхгүй, хэн ч өөрийн ирээдүйг хянаж чадахгүй гэдгийг тэд анх удаагаа үнэхээр ойлгодог. Хүний мөрөөдөл болон хүний тулгарах ёстой бодит байдал хоорондоо үргэлж нэлээд зайтай байх болно; аливаа зүйлс хэзээ ч хүний хүссэн шиг байдаггүй бөгөөд ийм бодит байдалтай нүүр тулснаар хүмүүс хэзээ ч сэтгэл ханамжтай, эсвэл тааламжтай болж чадахгүй. Зарим хүн өөрсдийн хувь заяаг өөрчлөх гэж оролдохдоо төсөөлж болох юу хийхээс ч буцахгүй, аж амьдрал, ирээдүйнхээ төлөө ихийг золиослон их хичээл чармайлт гаргана. Гэвч эцэст нь, тэд шаргуу ажиллах замаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж чаддаг ч гэсэн тэд хувь заяагаа хэзээ ч өөрчилж чадахгүй бөгөөд хэчнээн цөхрөлтгүй хичээх нь хамаагүй, хувь тавилангийн тэдэнд оноосон зүйлсээс тэд хэзээ ч илүү гарч чадахгүй. Том, жижиг, өндөр нам, магтагдсан, жигшигдсэнийг хооронд нь огт ялгадаггүй хувь тавилангийн өмнө хүмүүс ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураахыг нь хүний эцэг эх, хүний авьяас, хүний хичээл чармайлт, эсвэл хүний эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тогтоодог юм.
2. Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийнхөө дүрд үнэнээсээ тоглож эхлэх нь
Хүн нас биед хүрэээд эцэг эхээ орхиж, өөрөө толгой даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал, өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүүхдийн амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж, өсгөхөөс гадна зүгээр л түүнийг өсөхөд нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй, эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавилан дунд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замд гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?